Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Шинэ монголын “Шинэ Монгол”” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Бразилийн нийслэл Рио- де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын таванд Олимпийн наадам эхэлнэ. Риогийн олимпод оролцох тамирчдаа үдэн гаргах ёслол өчигдөр Чингисийн талбайд болсон билээ. Энэхүү ёслолоос хийсэн “Риогийн олимпод оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол боллоо” хэмээх сурвалжлагыг өнөөдрийн дугаартаа онцоллоо.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийсэн талаар, уншиж сонирхоорой. Мөн МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Мөнхбаттай энэ асуудлаар хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрбээр “Аль нам Засгийн эрх барьж буйгаас үл хамаарч монгол төрийн залгамж чанар хадгалагдаж байх ёстой” гэсэн юм.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Шинэ монголын “Шинэ Монгол”” нийтлэл та бүхэнд хүрч байна.
Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд “Нярайн амь эрсэдсэн хэрэгт Ч.Хүрэлбаатар холбогдсон нь түүнд эрх зүйн ухамсар суугаагүйг харуулж байна” гэсэн гарчигтай Өмгөөлөгч Г.Батбаяртай хийсэн ярилцлагыг сонирхоорой.
13 дугаар нүүрний “Хүмүүс” буланд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч яруу найрагч Ай.Төмөр-Очиртай өнөө жилийн баяр наадмын тухай бодол сэтгэлийг нь хуваалцсан шимтэй ярилцлагыг хүлээн авч уншаарай.
Мөн 15 дугаар нүүрний “Соёл урлаг” булангаас “Алдрын Од” одонгоор “Харанга” хамтлагийг шагнахаар боллоо” гэсэн дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэсэн талаар уншиж сонирхоорой.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Ерөнхий сайд өнөөдөр өөрийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаарх төлсөө УИХ-д өргөн барьсан.

Мөн чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг чөлөөлж, Н.Баяртсайханыг томилох, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг чөлөөлж, оронд нь Ц.Цолмонг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчид дэмжжээ

Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай төслөө өргөн барьсантай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байгаа. Хуралдааны эхэнд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, оронд нь Ц.Цолмонг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Ц.Цолмонг дэмжсэн байна. Мөн энэ өдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөн оронд нь Надмидын Баяртсайханыг томилохыг дэмжжээ. Н.Баяртсайхан өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг завсарлага авчээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг зарласан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг завсарлага хүссэн юм. Харин засгаа бүрдүүлэх хуулийн 14 хоногийн хугацаа ирэх баасан гаригт дуусгавар болох юм. Тиймээс одоо хугацаа байхгүй гэдэг үүднээс АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өглөө.

Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Цолмонг томилохыг дэмжлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өнөөдөр үдээс хойш өргөн мэдүүлсэн юм. Харин үдээс өмнө энэхүү бүтцийн тухай төслийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч, Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Энэ талаар бүлэг хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Бүлгийн хурал дууссан бөгөөд одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Түүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах чиглэл барьж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг өргөн мэдүүлэхдээ 13 яам, 16 сайдтай байхаар тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс зарим яамыг татан буулгаж, өөр яаманд хавсарга болгосон нь эдийн засгийн хараат байдлаас ангид байх бодлоготой зөрчилдөж буйн зэрэгцээ үндсэн чиглэлийн яамдын тоог нэмсэн нь давхар дээлтэй сайд нэмэх боломжийг бий болгож байна гэж үзсэн.
Иймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дахин зөвшилцөх хариуг өгсөн ч МАН-ынхны хувьд төслөө батлахаар шийдэв бололтой.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Штефан Дуппелийг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголд ажиллахаар томилогдон ирж байгаад нь Элчин сайдад баяр хүргээд саяхан АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалт Улаанбаатарт үр дүнтэй болж өндөрлөснийг дурдаж, түүнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцсоныг тэмдэглэлээ.

Монгол Улс ардчилсан, нээлттэй орон тул Элчин сайдын хоёр орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх үйл ажиллагаа амжилттай байх болно гэдгийг мөн дурдав. Элчин сайд Штефан Дуппел Монголд ажиллахаар ирсэндээ баяртай байна гээд хоёр орын харилцааг өргөжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ бол Европын холбоон дахь Монголын гол түнш орны нэг гэдгийг онцолж, хоёр орон эртнээс ойр дотно харилцаатай явж, ардчиллыг гүнзгийрүүлэх чиглэлд хамран ажиллаж ирснийг дурдав. Мөн Монголд саяхан УИХ-ын сонгууль болж шинэ парламентаа бүрдүүлэн, УИХ-ын даргыг шинээр сонгож, шинэ Ерөнхий сайд томилж, одоо Засгийн газрын шинэ танхим бүрдүүлэх ажил эхэлж байгааг Элчин сайдад танилцуулаад ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүн цагдаагийн хурандаа боллоо

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг угтсан арга хэмжээ долдугаар сарын 21-22-ны өдрүүдэд болох аж. Ойн босгон дээр өнөөдөр цагдаагийн алба хаагчдад Төрийн дээд одон медаль болон Цагдаагийн газрын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.

Улаанбаатар хотын Хяналт шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн хэсгийн дарга Б.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн дарга Б.Цогтбаяр, Үнэлгээ хяналт шинжилгээ шалгалтын хэлтсийн дарга Д.Долгорсүрэн, Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Манлайбаяр нар цагдаагийн хурандаа цолоо гардаж авлаа.

Мөн цагдаагийн 108 албан хаагч цол нэмж, цагдаагийн гавьяа тэмдгээр 44, хүндэт жуух 67, баярын бичгээр 44 алба хаагч шагнагдлаа.

Categories
гадаад мэдээ

Туркт 50 мянган хүн жагсаж, Ерөнхийлөгч Р.Эрдоганыг хэлмэгдүүлэлт явуулж байна хэмээн эсэргүүцэв

Туркийн Истанбул хотод 50 мянга гаруй хүн жагсаж, бослогын үймээнээс болж эвдэж сүйдсэн бүхний төлөөсийг Засгийн газраасаа нэхэмжлэв. Мөн Ерөнхийлөгч Р.Эрдагоныг хэлмэгдүүлэлт явуулж байна хэмээн үзэн эсэргүүцэж багш, их сургуулийн захирлууд энэхүү жагсаалд нэгджээ.

Хари үүнийг Засгийн газрын зүгээс “Эдгээр хүмүүс АНУ-д нуугдаж байгаа Ф.Гуленийг шууд дэмжиж байна” хэмээн үзэж буй аж. Ерөнхий сайд В.Елдирим “Ф.Гулен бол терроризмыг хөхиүлэн дэмжигч, бид тэднийг үндсээр нь тасдах болно” гэж парламентад хэлсэн үгэндээ дурдсан байна.
Ерөнхийлөгч П.Эрдоган Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай Гуленийг шилжүүлж өгөх тухай утсаар ярьсан бөгөөд энэ асуудлыг хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу шийдэх аж.
О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам маргааш 11 цагт хэвлэлийн хурал зарлалаа

Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр боллоо. Уг мэдээллийг маргааш 11 цагт намынхаа төв байранд хийх юм байна. Энэ долоо хоногийн эхээр Ардчилсан намын ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын эхлүүлсэн зарим шинэчлэлийн бодлого Ардын намын шинэ засгийн газрын үед алдагдахад хүрээд байгаа билээ.

Одоогоор Ардчилсан намын удирдлагууд ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байгаа юм.

Categories
мэдээ спорт

Д.ДӨЛГӨӨН: Ерөнхийлөгчийн өнөөдөр хэлсэн үгийг санаж, хичээж оролцоно

“Рио-2016” олимпийн наадамд манай улсаас 50 тамирчин оролцох эрхээ авсан билээ. Тэднийг үдэн гаргах ёслолын арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд болсон. Арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын зарим гишүүд, олимпод эрхээ авсан тамирчид оролцсон юм. Мөн Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Паралимпийн хороо, Спортын холбоодын удирдлага, Олимпийн медальтнууд, Олимпод оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид,болоод дасгалжуулагч нар оролцлоо. Энэ үеэр “Олимпийн хөгжил” сангаас тамирчдадаа тус бүрт нь сая төгрөг гардуулан өгсөн юм.

Арга хэмжээ өндөрлөсний дараа “Рио-2016” зуны олимпод оролцох “Усанд сэлэлт”-ийн спортын мастер Д.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард болсон “Japan open-2016” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 50 метрийн “өврөөр даллах” сэлэлтээр 24.25 секунд, “далайн гахай” сэлэлтээр 25.79 секундын амжилтаар тус тус 50 метрийн усан бассейны Улсынхаа рекордыг шинэчилсэн билээ. 2008 онд анх улсын аварга болж, түүнээс хойш амжилтаа ахиулсаар байгаа юм.

– Танд юуны өмнө эх орныхоо нэрийг гаргаж олимпийн наадамд оролцох болсонд баяр хүргэе. Өнөөдөр Ерөнхийлөгч “Та бүхэнд ард түмний хүндэтгэл, магтаал багадаагүй. Төрийн хайр халамж багадаагүй. Тамирчдад ялагдах эрх байхгүй” гэж хэллээ. Энэ үгийг юу гэж бодож байна вэ?
-Олимпийн наадамд цагаан хуудсаар оролцох болсон. Улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон учир ийм эрх өгсөн байх. Ерөнхийлөгч маань “Өмнөх олимпуудтай харьцуулахад энэ удаа хоёр дахин илүү тамирчид явж байна. Тийм ч учраас Монголын ард түмэн та бүхнээс хоёр дахин илүү амжилт хүлээж байна” гэж хэлсэн. Энэ үгийг байнга санаж “Рио-2016” олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот тугаа мандуулж, ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө л хичээнэ дээ.
– Хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлдэг энэхүү наадамд орон орны тамирчид оролцохыг хүсдэг. Та усанд сэлэлтийн төрөлд эх орныхоо нэрийг гаргахаар оролцох гэж байна. Сэтгэгдэл өндөр байна уу?
-Тиймээ. Усанд сэлэлтийн спорт манай улсад тийм ч сайн хөгжөөгүй ч эх орныхоо нэрийг гаргах гээд оролцох болсондоо сэтгэл өндөр байна. Тамирчин болгон олимпод оролцохыг мөрөөддөг. Усанд сэлэлт бол монголчуудын хувьд шинэ спорт. Би 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд ерөнхийдөө Европ болон Америкийн тамирчид сайн оролцдог.

-Өмнө нь Барселон, Сингапур, Казань гэх мэт нэлээд олон тэмцээнд явж байжээ. Ер нь хэдэн оноос хичээллэж эхэлсэн бэ?
-Хүүхэд байхдаа л усанд сэлэх сонирхолтой байдаг байсан. Анх 1994 оноос тогтмол бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн дээ. Түүнээс хойш 22 жил тасралтгүй бэлтгэлээ хийсээр олимпод явах болсондоо маш их баяртай байна.
-Таны эхний тэмцээн хэзээ болох вэ, бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
– Эхний тэмцээн маань наймдугаар сарын 11-нд товлогдсон. Бэлтгэлээ “Орчлон” дээд сургуулийн хоёрдугаар байранд базаасан. Бэлтгэл сургуулилт маш сайн байгаа. Ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.
О.ӨНӨР