Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэнд үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй өнөөдөр утсаар ярив.

Ярианы эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан Монгол Улсад болж өнгөрсөн АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнөд Суданд алба хааж буй Монголын энхийг сахиулагчид маш их ачаалалтай ажиллаж байгаа” гээд Энхийг сахиулагчдыг хугацаанд нь шинэ ээлжээр сольж байх боломжийг хамтарч хэрэгжүүлэхийг онцоллоо. Мөн энхийг сахиулагчдын байрлаж буй газрын болон үйл ажиллагааны аюулгүй байдал, нөхөн хангамж дээр онцгой анхаарахыг хүслээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “НҮБ-ын ажилтнууд, түүний дотор энхийг сахиулагчдын аюулгүй байдал бол НҮБ-ын хамгийн чухал асуудал. Бид үүн дээр үргэлж анхаарч ажиллана. Таны ярьж хэлж байгаа зүйлийг бид эндээ авч үзнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ асуудлаар хийх хуралд таны хэлсэн саналыг танилцуулна. Цаашдаа үр бүтээлтэй хамтарч ажиллая, танд амжилт хүсье” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад цаг гарган чухал асуудлаар ярилцсанд нь талархал илэрхийлж, ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлын үеэр уулзахаар тохиров.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ

Өнөөдөр Ардчилсан намын ЕНБД-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын төв байрандаа 11 цагт хэвлэлийнхэнтэй уулзаж зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдсан. Энэ хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдэлд судалгаа хийж дүгнэлт гаргах онцгой комиссыг байгууллаа. Уг комиссыг АН гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс байгуулсан ба даргаар нь Санжамятав, дэд даргаар С.Эрдэнэ болоод долоон хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан байна. Комисс байгууллах зорилго нь штаб байгуульж сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүдэд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн байгууллагуудад хандах, олон нийтэд хандах үйл ажиллагааг зохион байгуулж явууллахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар сонгуулийн олон тойргуудад дээр, нэг өрхөд өөрийн гэр бүлд байдаггүй олон хүмүүсийг бичиж бүртгэсэн тохиолдол 10 гаруй тойрог дээр албан ёсоор тогтоогдоод байгаа.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нэг өрх дээр 51 сонгогчыг бүртгэсэн байгаан нотлогдсон. Мөн 21 дүгээр хороон дээр найман сонгогч гэх мэтээр зөвхөн энэ тойрог дээр гэхэд 2 мянга гаруй сонгогч давхардсан тоогоор айл, өрхүүд дээр бүртэгдсэн нь тогтоогсон. Ийм учраас энэ асуудлаар хууль, хянахын байгууллагууддаар тогтоолгох ёстой. Энэ бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зохион байгуулалтай гэмт хэрэг гэж АН үзэж байна. Дараагийн асуудал бол Монгол Ардын нам дангаараа олонхи болж мөрийн хөтөлбөрөө зуун хувь бүрэн шийдэх боломжийг ард түмнээсээ авсан. Ардчилсан намын хувьд МАН-ыг засгаа хэрхэн байгууллах талаар анхааралтай ажиглаж байгаа. АН сөрөг хүчнийхээ үүргээ гүйцэтгэж ажиллах болно. Өнөөдрийн байдлаар яам, агентлагийн бүтцээ батлахдаа МАН-ын мөрийн хөтөлбөрийн “4.2-ын нэгт зааснаар яам, агентлаг, төсвийн байгууллагын тоог цөөлж, оновчтой бүтэц бий болгоно” гэсэн.

Харамсалтай нь өнөөдрийн байдлаар яамны тоог 13-аар баталж, сайд, засгийн газрын гишүүний тоог 17-оор батлах гэж байна. Энэ бол МАН-ын хэлж ярьсан зүйлтэй зөрж байна. Давхар дээлийн тухай маш олон удаа ярьж ирсэн. Энэ асуудлаа шийдэх ёстой гэж Ардчилсан намын зүгээс үзэж байна. Мөн дэд сайдын орон тоог бий болгох гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ үнэхээр үнэн бол их харамсалтай байна. Ийм буруу бодлого битгий гаргаасай хэмээн МАН-д хүсэж байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ази, номхон далайн хамгийн том ЭШ хурал болно

“ICOTA” буюу оновчлол, оновчтой удирдлагын онолын чиглэлээрх Ази, номхон далайн бүс нутгийн гурван жил тутам зохиогддог хамгийн том эрдэм шинжилгээний цуврал хурал болох гэж байна.10 дахь удаагийн “ICOTA” хурлыг МУИС-ийн Математикийн хүрээлэн, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Монгол-Герман ашигт малтмал, технологийн их сургууль хамтран энэ сарын 23-26 өдрүүдэд эх орондоо зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хуралд дэлхийн 25 орны 120 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож дөрвөн салбар хуралдаанаар 118 илтгэл хэлэлцүүлэх юм. Өмнө нь МУИС дээр 2002, 2007, 2010, 2013 онуудад “Оновчлол, симуляц ба оновчлол удирдлагын онол” олон улсын хурлууд зохион байгуулагдаж байсан туршилагатай.

Categories
мэдээ улс-төр

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд УИХ-ын дарга М.Энхболд түүхт ойн мэндчилгээ дэвшүүлэв

Цагдаагийн байгууллагын комиссар, эрхэм генералууд, офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд болон тэдний гэр бүлийнхэнд Монголын цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл төр, засаг, түмэн олныхоо амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн гэмт хэргийн гаралт өсч, үйлдлийн арга хэлбэр нарийсаж, илрүүлж, нотлоход саад бэрхшээл багагүй байгаа тул цагдаагийн алба хаагч Та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй байж, орчин үеийн шинэ техник, технологи, арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах нь чухал юм.

Шинээр бүрэлдсэн Улсын Их Хурлаас хууль сахиулах байгууллагууд түүний дотроос цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх болно.

Цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтнууд хуулийг чанд баримталж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, чанартай хүргэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол төрийн түшиг болсон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Миеэгомбын ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 1-нээс микро автобуснуудыг шугаманд явуулахгүй

Наймдугаар сарын 1-нээс стандартын
шаардлагад нийцээгүй 171 микро автобусыг үйлчилгээнээс хасах юм байна.

Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ эрхэлж байгаа микро автобуснаас
12-оос дээш жил ашигласан, насжилт нь дууссан микро автобусыг нийтийн тээврийн
үйлчилгээнд явуулахгүй болохыг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн
стандартад нийцсэн 45 микро автобус нийтийн тээвэрт үйлчлэх гэнэ. Эдгээр 45
микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах
боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар
хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам 11:00 цагт хэвлэлийн хурал хийнэ

Ардчилсан нам сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг өнөөдөр 11:00 цагт Ардчилсан намын төв байранд хийх юм байна. Энэ долоо хоногт АН-ын ҮЗХ болоод Гүйцэтгэх зөвлөл хуралдсан. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын эхлүүлсэн зарим шинэчлэлийн бодлого МАН-ын шинэ засгийн газрын үед алдагдахад хүрээд байгаа билээ. Одоогоор АН-ын удирдлагууд ямар асуудлаар мэдээлэл хийх нь тодорхойгүй байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АСЕМ”-ын алсдаа ирэх үр шим гэж бий

Сүүлийн хоёр жил бидний ярьсан АСЕМ-ын хурал амжилттай болж өндөрлөлөө. АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг авлаа гэсэн эхний мэдээлэл жаахан гэгээтэй байсан байх түүнээс хойших бүхий л мэдээлэл эдийн засаг хэцүү байхад хурал хийх гэлээ, хурлаа зохион байгуулаад дампуурлаа зарлах уу, гаднаас татваргүй машин оруулж ирээд хэн хожих гээд байна, утга учиргүй зардал гаргасан энэ хурлаа өөрсдөө л хариуцаж хийгээрэй, хурлын үеэр иргэдээ хотоос хөөж гаргах нь гэхчилэн дандаа бүүдгэр, сөрөг мэдээлэл явж эхэлсэн дээ. Хар, сөрөг мэдээлэл нь давамгайлаад эхлэхээр АСЕМ-ын хурлыг зохион байгуулна гэдэг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ажлын хэсгийн ахлагч Ерөнхий сайд, Гадаад хэргийн яамныхан, за тэгээд албаны цөөхөн хэдэн хүний ажил мэт болж үлдсэн гэхэд болно. Дэмжлэг гэхээсээ дандаа эсэргүүцэл дунд зохион байгуулагдсан энэ ажил үнэндээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар сайн зохион байгуулагдаж, дэлхийн төр засгийн тэргүүнүүд сэтгэл хангалуун буцаж байгааг хараад хүмүүсийн ч сэтгэл санаа өөрчлөгдлөө. Энэ хурлыг эх орондоо авчрах эхний алхмыг хийсэн Ерөнхийлөгч, амжилттай ард нь гарч зохион байгуулсан ажлын албаныхан, сайн дурынхан, салбар салбарын албаны хүмүүст талархлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Энэ үйл ажиллагаа бидэнд нэг бодол санаатай, эв нэгдэлтэй, зангидсан гар шиг байхын чухлыг эргээд нэг сануулж чадлаа. Монголчууд бид аливаад хүлээцтэй, ухаантай найрсаг улсууд юм. Уурлаж байснаараа бол сүйд болж байхаар байсан. Гэтэл тулаад ирэхээр хэрэндээ л хичээцгээлээ. Хотоос гаргах гэлээ гэж уцаарлаж байсан нөхөд бүгд шахуу урт амралтын өдрүүдээ тааруулаад хөдөө гараад яваад өгчихсөн байх жишээтэй. Сэтгэгдлүүд нь ч эерэг, санаа бодол нь ч таатай харагдана.

АСЕМ-ын хурлыг том зургаар нь авч үзвэл яавчиг Монгол Улсад ашигтай байсан. Хөрөнгө санхүү амаргүй үе таарсан ч Ази, Европын орнуудыг нэгтгэдэг энэ хурлын ач холбогдол өндөр. Дэлхийн хүн амын 60 хувь, дэлхийн худалдааны болон ДНБ-ий 60 хувь АСЕМ-ын гишүүн орнуудад хамаарагддаг. Европын 30 улс, Ази тивийн 21 улс, AСЕАН, Европын холбоог гишүүндээ нэгтгэдэг гэж байгаа. 2008 онд манайх элсч орсон атлаа найман жилийн дараа хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Энэ нь Монгол Улсыг үнэлж байгаа хэрэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр дундаа байгуулагдсаны 20 жилийн ойн хурал тохиож байна. Гишүүн орнууддаа хоёр жил тутам зохион байгуулагдана гэж үзвэл дараагийн зуунаас нааш бид дахин АСЕМ-ыг зохион байгуулахгүй. АСЕМ-ыг тааруулан төр засгийн тэргүүнүүд төрийн болоод албан, ажлын айлчлалуудыг хийлээ. Хоёр талын уулзалтууд олноор хийгдсэн. Энэ өдрүүдэд Ерөнхийлөгчийн уулзалт гэхэд өглөөний 07:00 цагаас эхэлж дараагийн өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн хэмээж байсан. Шинэдэж, залуудаж, жулдаж байгаа нь анзаарагдсан ч Ерөнхий сайд маань ч завгүй хөлд дарагдав. Монгол Улс АСЕМ-ыг даргалж, хурлыг зохион байгуулж буй улс учраас анхаарлын төвд яах аргагүй байлаа. Тийм ч болохоор жилд авдаг албан болоод төрийн айлчлалуудыг энэ хэдхэн өдөрт хийж, албан уулзалтууд олноороо боллоо. Уулзаж байна гэдэг харилцаа нэг шатаар өгсч, нэг алхмаар хоорондоо ойртож байгаа хэрэг юм. АСЕМ-ын хуралд оролцохоор ирсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян албан айлчлалын үеэрээ тавь, жар мөн ерээд оны зээлийн үлдэгдэл болох 38 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн гэдгээ мэдэгдэв. Мөн 350 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг бүрэн барьж, тохижилттой нь гардуулан өгөхөөр болов. Монгол, Хятад хоёр улсын хувьд хүслээ гээд нэгнээсээ салаад явахын аргагүй мөнхийн хөршүүд. Хятадуудын хувьд хөршүүд нэг нь хожиж бус хамтдаа хожиж хөгжинө гэдгийг байнга онцлох болсон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хөрш маань билээ. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалаар хоёр тал харилцан визгүй 14 хоног зорчдог байсан нь 30 хоног болж, Мальта улсад дипломат, албан паспорттой иргэд визгүй зорчдог болсныг мэдэгдэв. Вьетнамууд Богд хаан, Чойжин ламын музейг засварлахаа мэдэгдэж, арьс ширний үйлдвэрүүд байгуулах болсноо илэрхийлэв. Польшийн Ерөнхий сайд уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжтой нэг сая еврогийн зээл олгохоо мэдэгдэж, хаачихсан байсан ЭСЯ-аа нээх болсноо мэдэгдлээ. Мөн энэ айлчлалуудаас анхаарал татсан нэгэн айлчлал нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал байлаа. Японы Ерөнхий сайд нэг улсад гурван удаа айлчлан очиж байсан тохиолдол анхных болж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад ирж байгаа гэдэг нь анхаарал эрхгүй татна. Угтан авах ёслолын үеэр дотно гэгч нь тэврэлдэн уулзсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Шинзо Абэ нар нийтдээ ес дэх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Албан уулзалтынхаа үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсыг бие даасан хөгжилтэй улс болгохын төлөө Япон улс чадах бүхнээ хийнэ хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Мөн Монголын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр нам хүчин засгийн эрхийг авсан ч хоёр улсын харилцаа урьдын адилаар үргэлжилнэ гэсэн нь манай нөхцөл байдлыг сайн мэддэг түнш гэдгээ баталж байгаа хэрэг. Түүнээс гадна стратегийн иж бүрэн түншлэлийг тогтоосон гүрний хувьд манайд эдийн засгийн амаргүй нөхцөл байдлыг хэрхэн даван туулбал зүгээр гэж харж байгаа талаараа нэгдүгээрт, хоёрдугаарт гэж байгаад зөвлөгөө өгсөн дуулдсан. Өөрийн улс орны онцлогт тохируулсан эдийн засгийн зөв бодлогыг гаргаж, абэномикс гэж нэршил гаргахад хүргэсэн улстөрчийн хувьд Монгол Улс эхлээд ОУБС зэрэг мэргэжлийн санхүүгийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, мөн олон улсад алдагдсан үнэлэмж, итгэл үнэмшлээ эргүүлэн авахад анхааран ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа юм билээ. Өчигдрөөс БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн төрийн айлчлал эхэллээ. Энэ үеэр улс төр, эдийн засгийн арав гаруй гэрээнд үзэглэхээр төлөвлөгджээ.

Дэлхийн томоохон улс гүрний төрийн тэргүүн, төрийн өндөр дээд албан тушаалтны түвшинд зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ын үр өгөөжийг цөөн хэдэн албан айлчлалын хүрээнд авч үзэхийн аргагүй. АСЕМ Монголд зохион байгуулагдсаны ач холбогдол улс төр, эдийн засаг, соёлын салбарт тулгын гурван чулуу мэт ирж таарна. Монголын тухай мэдээлэл энэ өдрүүдэд дэлхийн таван тэрбум хүнд очсон гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Францад болсон террорист үйл ажиллагааг буруушаан эмгэнэл илэрхийлснээр эхэлсэн АСЕМ-ын уулзалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд шахам мэдээлсэн. Энэ бол Монголын гадаад сурталчилгааг хийх ихээхэн зардлыг хэмнэж байгаа хэрэг. Ер нь энэ өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Францын хэрэг явдал, Туркт гарсан цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого, Монголд зохиогдсон АСЕМ гэсэн гурван үйл явдалд анхаарлаа хандуулсан.

Улаанбаатарын тунхаглал нэртэй баримт бичгийг АСЕМ 11-ээр баталж, манай нийслэлийн нэртэй албан бичиг дэлхийн баримт бичгийн түүхэнд үлдэж байна. Гадны зочдод сонирхуулсан бэсрэг наадмаараа Монгол гэж чухам ямар үндэстэн гэдгийг харуулж өгч чадлаа. Дэлхий даяаршихын хэрээр үндэстэн онцгойрохын чухлыг нэгэнт ярих болжээ. Үндэсний онцлог маань ийм гэдгийг бид боломжоороо таниулж, тамгалж өгч чадав. Тиймээс ч зочид маань “Монголыг ямар улс гэдгийг бид мэддэг байсан. Харин одоо монгол үндэстэн ямар болохыг ойлголоо” гэж дуу нэг хэлсэн нь үүнийг батална.

Мөн АСЕМ-ыг зохион байгуулсан гэдэг нь бидэнд дараа дараагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах туршлага болж, тэр хэрээрээ ажлууд авах эхлэл болно. Албан аялал жуулчлал гэж том салбарын талаар бид юу ч мэддэггүй. Багагүй мөнгө эргэлдэж байдаг энэ салбарынхны анхаарлыг бид татаж чадвал иргэд нь найрсаг, байгаль нь тансаг, терроризмын аюул заналгүй Монгол Улс таатай сонголт болж таарна. АСЕМ-тай холбогдон ирж байгаа бодит эдийн засгийн ашиг, “бэлэг”-ийн талаар олныг нурших хэрэггүй биз. Улс төрийн талаасаа ач холбогдлыг нь авч үзвэл үлэмж их. Аливаа улс гүрнүүдийн хувьд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, бүс нутагтаа нөлөөллөө бий болгож, хүлээн зөвшөөрүүлнэ гэж томоохон үүрэг байдаг. Хэдийгээр дэлхийн том эзэнт гүрнийг байгуулж явсан гэж бахархдаг ч бодит байдал дээр улс орноо хүлээн зөвшөөрүүлэх том эрмэлзэл бидэнд бий. Энэ эрмэлзэл ямар ч том гүрэнд байж л байдаг зорилго. Тэгвэл АСЕМ байгуулагдсаны 20 жилийн ой давхацсан хурлыг эх орондоо хүлээн авснаар бид тэднээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж омогших эрхтэй. АСЕМ бол тусгаар тогтнолын асар том үйл ажиллагаа байлаа. Цаашлаад Ази, Европыг холбох зангилаан дээр бид сууж байгаа гэдгээ харуулж, хоёр тивийн улсуудыг холбох коридор нь энд гэдгийг сануулж, хүлээн зөвшөөрүүлж байна. АСЕМ-ын улс орнуудын хэлэлцэх асуудлын мөнхийн сэдэв болж байдаг Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван байдал, Хойд Солонгостой ойлголцох асуудал дээр Монголын санаачилсан Улаанбаатарын яриа хэлэлцээр чухал гэдгийг 11 дэх удаагийн энэ хурал давхар баталж, итгүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ мэт АСЕМ-ын үр ашиг, өгөөжийн талаар цөөнгүйг дурдаж болно. Өнөөдөр харагдахгүй ч алсдаа дагуулах үр шим их. АСЕМ-ын үр өгөөж хурал болсон хоёр өдрөөр хязгаарлагдахгүй, алсдаа ирэх үр шимээр хэмжигдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Магван-Эрдэнийн Саруулдалай: Зохиолчдын эвлэлийн байраа засахаас өгсүүлээд аж ахуйн ажил их байна

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Магван-Эрдэнийн Саруулдалайтай уулзаж ярилцлаа. Тэрээр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа юм. М.Саруулдалай нь Улаанбаатар хотноо 1972 онд төрсөн. Хэвлэл мэдээлэл, кино урлагийн “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч-зохиолч мэргэжлээр, “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Тэрээр 2006-2009 онд МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны даргаар ажиллаж, 2013 оноос МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг эрхэлж байсан юм. “Эгээрэхүйн анир”, “Цаг хугацааны ирмэлт”, “Цас навчны шүлгүүд”, “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” зэрэг яруу найргийн түүврээ уншигчдад өргөн барьжээ. “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” номоороо оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын шагналын эзнээр тодорч байв.

-Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлын албыг хаших боллоо гэв үү?

-МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг маань Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрхээ эдлэн нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон. Говь нутгийн ард түмнээ төлөөлж төрийн эрхийг барилцах болсонд баяртай байгаа. Манай Зохиолчдын эвлэлийн гишүүн, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Ж.Мөнхбат бас Архангай аймгаасаа УИХ-д сонгогдлоо. Их Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын бичгийн их мэргэдийн гал голомтыг асаасан МЗЭ-ийн байгууллагаас хоёрын хоёр зохиолч УИХ-д сонгогдлоо. Г.Мөнхцэцэг найрагч УИХ-д сонгогдоод явсан учраас МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдан зуун хувийн саналаар намайг МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Зохиолчдын эвлэлийн гал тогоонд бүтэн долоон жил ажилласан Г.Мөнхцэцэг, яруу найрагч Ж.Мөнхбат нар маань зохиолчдын байгууллагаа анхааралдаа авч ажиллах байх гэж найдаж байгаа.

-Г.Мөнхцэцэг захирлын сонгуульт хугацаа хэзээ дуусах байлаа?

-МЗЭ-ийн ээлжит чуулган хуралдахад ганцхан жилийн хугацаа үлдээд байгаа. Зохиолчдын эвлэлийнхээ гал тогоон дотор ажиллаж байсан хүний хувьд манай байгууллагад ямар асуудал тулгарч байгааг би харьцангуй мэднэ. Гүйцэтгэх захирлын албанд томилсонд баярлахаасаа илүү ямар их хариуцлага нуруун дээр ирж байгааг мэдэрч байна. Үндсэн ажлын маань дал, наян хувь нь аж ахуйн чанартай ажлууд байдаг. Мөнхцэцэг захирлын хийнэ гэж төлөвлөсөн ажлыг хийж гүйцээнэ. Эхний ээлжинд байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд түрээсийн тал дээр анхаарлаа хандуулна.

-Нэн тэргүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Гүйцэтгэх захирлын албан тушаал гэдэг байгууллагын өдөр тутмын ажлыг эрхэлдэг менежер маягийн ажил. МЗЭ-ийн дээд удирдлага нь МЗЭ-ийн Удирдах зөвлөл. Удирдах зөвлөлийн дарга нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа. Удирдах зөвлөлөөр байгууллагын гадаад, дотоод харилцаа, төсөв бүхнийг баталдаг. Манай зохиолчдын эвлэлийн байрны дээвэр бороо ороход дусаал их гоожно. Засвар үйлчилгээ ч их хийх шаардлагатай. Тиймээс аж ахуйн чанартай нэлээд ажил хийгдэх учиртай. Түүнээс гадна ахмад настай зохиолч, уран бүтээлчдээ хүлээж авч уулзах, залуу үеийнхнийхээ санаа бодлыг сонсож ажиллах гэх мэт олон ажил хүлээж байна.

-“Цог” сэтгүүлээ цаашид гаргаад явах уу?

-“Цог” сэтгүүл маань хэдэн жил гарахгүй завсарлаж байгаад саяхан эхний дугаарыг Г.Мөнхцэцэг захирал тэргүүтэй улс хариуцан гаргасан. Энэ сэтгүүлийн хувь заяа надтай холбогдох байх. Ө.Үлэмжтөгс, Ядамсүрэнгийн Баяраа нарын чадвартай залуустайгаа хамтран энэ сэтгүүлээ өнгө зүс сайтайгаар гаргаад явна.

-Зохиолчдын эвлэлийн байр маань нэлээд хуучирсан байх шүү?

-Манай эргэн тойронд өндөр байшингууд нэлээд олширлоо. Энэ байраа учиргүй өндөрлүүлж сүндэрлүүлэх нь ч хаашаа юм бэ. Хамгийн гол нь үүд хаалганаасаа өгсүүлээд өөд нь татаж, түүхийн дурсгалт эд өлгийн жагсаалтад оруулах шаардлага байна. Тэгвэл төр засгаас ч жаахан дэмжлэг өгөх байх. Миний нэг сайхан мөрөөдөл байдаг юм. Зохиолчдын эвлэлийнхээ үүдээр ороод ирэхэд алдар суутай зохиолчдын маань танхим байдаг, цэцэг өргөсөн цээж баримал нь байж байвал сайхан. Хятадын утга зохиолын музей, Хемингуэйн музейг үзэж явахад Монголын зохиолчдынхоо тийм сайхан танхимуудыг бий болгохсон гэж их хорхой хүрсэн.

-Ажил хэр бүтэмжтэй байх бол?

-Миний хувьд уйгагүй бөгөөд чимээгүй ажиллана. Ажлын үр дүн маань л бүхнийг харуулна.

-МЗЭ-ийн гадаад харилцаа гэж нэг чухал зүйл байна даа?

-Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Хүлэг минь, шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэнчлэн гадаад харилцаа нэн чухал байлгүй яахав. 2013 онд МЗЭ-ийн хорин хоёр дахь салбар буюу Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэгийг байгуулаад ирсэн. Тэнд тодорхой хүмүүс ажил эрхэлж байгаа. Зохиолч, орчуулагч Ононгийн Чинбаяр маань ОХУ-ын Москва хотод суралцангаа утга зохиолын тодорхой ажлуудыг эхлүүлж байна. Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман англи хэлнээ гарч, гадаадад овоо амжилттай явж байна. Монголын зохиолчид маань аль болохоор л дэлхийд гарах эрмэлзэлтэй байгаа. Яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо ах маань Монгол төрийн дээд шагнал Чингисийн одонгоор шагнагдаж, Нобелийн шагналд дэвшихээр яригдаж байна. Тиймээс хэл ус сайтай, боловсрол өндөртэй, авьяас билигт зохиолчдоо хөгшин залуу гэхгүйгээр уулзаж учран, хамтарч ажиллая гэж бодож байна даа.

-Өмнөх захирлын төлөвлөсөн зүйлсээс үргэлжлүүлээд хийх ямар ажил байна?

-МЗЭ-ийн Бага чуулган саяхан болж, гурван жилийн ажлын тайланг авч хэлэлцсэн. МЗЭ-ийн дүрмэнд улирал буюу жил жилээр ажлаа тайлагнана гэчихсэн байгаа. Тиймээс сүүлийн нэг жилийн гэрээ хийгдээгүй учраас шинээр төлөвлөгөө гаргаж, Удирдах зөвлөлөөр батлуулаад ажиллах юм.

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр уран бүтээл өндөр үү?

-“Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш” номоосоо хойш нэлээд шүлэг бичсэн. Ном болох хэмжээний юмнууд байгаа ч хэвлүүлэх гэж яарахгүй л байна. Миний хувьд үргэлжилсэн үгээр зохиол бичихгүй. Яруу найргаараа л дагнаж бичнэ. Данзангийн Нямсүрэн ах хүүрнэл зохиол огт бичээгүй юм шүү дээ.

-Богино өгүүллэгийн наадмаа хэзээ хийх гэж байна?

-Наадам өнгөрөөгөөд Удирдах зөвлөлөөр ажлын төлөвлөгөөгөө батлуулж байж л яг тодорхой хариу хэлье. “Болор цом”-оо хүн олны хардлага сэрдлэг төрүүлээд байхааргүй шинэлэг маягаар зохион байгуулна гэж яруу найргийн зөвлөлийнхөндөө хэлнэ. Хамаг хэл ам “Болор цом”-той холбогдож гардаг шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Тецуро ШимизҮ: Монголд авсан миний зураг Монголд үлдэх ёстой

Монголд 19 дэх жилдээ зураг авч байгаа Японы гэрэл зурагчин Тецуро Шимизү монголчуудын амьдрал, аж байдлыг харуулсан гэрэл зургаараа 2012 онд “Өөрчлөлт”, 2015 онд “Шинэ аялал” фото альбомоо гаргажээ. Японы гэрэл зургийн ертөнцөд Монголын гэрэл зургаар танигдаж, Монголын гэрэл зургийн томоохон төлөөлөл шиг үнэлэгддэг түүний хоёр альбом бүхэлдээ манай хөдөөгийн аж амьдрал, нүүдэлчдийн өвөрмөц ёс заншил, ховор ан амьтны зургаас бүтсэн байна. Эхний альбомд гэрэл зурагчны 15 жилийн аяллын 253 зураг байх агаад эндээс Тецуро Шимизүг хотод биш тал нутгаар явж гэрэл зураг авдаг нэгэн болохыг харуулна. Энэхүү альбомд гэрэл зурагчин “Би 1997 оны зун буюу Ардчилсан хувьсгалаас хэдхэн жилийн дараа анх Монголд очсон. Энэ үед гудамжаар зөрөх автомашины тоо цөөхөн байсан бөгөөд Улаанбаатар хотын булан бүрт социалист үеийн ул мөр нэлээдгүй ажиглагддаг байв. Хотын яг зүрхэнд орших Улсын их дэлгүүрт бараа ч үгүй, үйлчлүүлэгчид ч үгүй хоосон лангуунууд их байлаа. Тэр дэлгүүрээс би “командирский” гэдэг танк тулаан, төрийн далбаа дүрсэлсэн цэргийн цагийг өөртөө дурсгал болгон худалдаж авсан нь одоо ч надад бий. Хэдийгээр өнөөгийн хөгжил олон сайхан зүйлийг авчирч байгаа ч монголчууд үнэт зүйлсээ бага багаар алдсаар байна” гэх мөрүүдийг тэмдэглэжээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Таны 19 жилийн ажил Монголтой холбогдож байна. Яагаад өөрийнхөө амьдралын бараг нэг үеийг Монголын тухай гэрэл зурагт зориулахаар шийдсэн юм бол?

-1997 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ойгоор миний багш Тoshinobu Takeuchi Улаанбаатарт гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Энэ үед би багшийнхаа туслахаар анх удаа Монголд ирсэн. Багшийн танил гэрэл зурагчид, ховор ан амьтны зураг авдаг хүмүүсээс шилүүсний тухай сонсоод дахин ирж энэ ховор амьтны зургийг авна даа гэж бодоод буцсан. Дараа жил нь ирээд ирвэсийнхээ зургийг авахаар говь руу анх удаа явсан. Тэгээд ирвэсээ олж, зураг аваад очиход багш миний хальсыг үзээд “Чи юу ч авч чадаагүй байна” гэж голж билээ. Би маш их хичээгээд гайгүй зураг авлаа гэж бодсон юм. Их холоос авсан ирвэс гэрэл зурагт тун жижигхэн буусан байсан. Тэгээд дахин очиж сайн зураг авна. За за, ирвэс, ховор амьтны зураг ийм хэцүү юм чинь хүмүүсийн зураг, Монголын амьдралын зураг авъя. Монголын тухай нэлээн ойлголттой болъё. Хүмүүст ч Монголын тухай зургаа үзүүлье. Ирвэсийн зургаа дараа сайхан авна гэж бодоод Монголоор тойрч эхэлсэн.

-Таны хальсанд хотын амьдрал, нийслэлийн өөрчлөлт биш дандаа хөдөө орон нутгийн амьдрал буусан байдаг. Очих газраа өөрөө товлож байсан уу?

-Монголд зураг авснаас хойш хангай, говийн маш олон газраар явсан. Анх ирж байхад нэртэй гэрэл зурагчин, талийгаач Ц.Батзориг амьд байсан. Ц.Батзориг болон С.Цацралт ахаас хаана очиж зураг авахад сайхан бэ гэдэг талаар зөвлөгөө авч явах чиглэлээ тодорхойлдог байв. Хөдөө малчин айлд очиход манай энд гоё газар бий, тийшээ очих уу гэж асуудаг. Тэднээс сонсоод сайхан газруудаар явж зургаа авч эхэлсэн. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг байдаг шүү дээ. Энэ үг миний тархинд хадагдсан. Сонсож байхаар очоод үзнэ гэж зорьдог. Тэнд очоод дараагийн газар руу явах. Тэгээд өвөл очвол сайхан зураг гарах уу, зун нь зүгээр үү, эсвэл намар гоё уу гэх зэргээр төлөвлөлтөө хийдэг. Анх хөдөө явахдаа Оросын пургон машинаар, жолоочтойгоо хоёулхнаа, орчуулагчгүй явдаг байсан. Намайг ирж байхад япон-монгол хэлний харилцан ярианы ном гэж байдаггүй байв. Тэгээд хэрэгцээтэй үгээ өөрөө түүж японоор бичээд, монгол хэл мэддэг япон хүнээр эсвэл япон хэл мэддэг монгол хүнээр орчуулж авдаг байсан. Хэдийгээр би Монголын эгэл жирийн хүмүүсийн амьдралын тухай зургийг хальсандаа буулгадаг ч энэ ажлаа Ц.Батзориг агсны ажлын үргэлжлэл гэж боддог. Талийгаач монгол зурагчдаас монголчуудынхаа амьдралыг хамгийн сайхан харуулах хүн байсан. Намайг Монголын ховор амьтны зураг авна гэж мөрөөдөөд явж байхад Ц.Батзориг өөд болсон. Тэгэхэд Японд байсан над дээр энэ хүний бүх хальс нь ирсэн юм. Энэ зургуудыг угаалгаад сайхан зураг болгоод аваад ирээч гэж хүмүүс захисан. Тэр зургуудыг цэгцэлж байхдаа “Ийм сайн зурагчин бурхан болчихлоо. Энэ ажлыг үргэлжлүүлэхгүй бол болохгүй юм байна” гэж бодсон.

-Траншейны хүүхдүүдийн тухай таны авсан цуврал зураг 2005 онд Японы Гэрэл зургийн холбооны ирээдүйтэй гэрэл зурагчны шагналыг хүртсэн байдаг. Амьрал ч хэцүү, хүүхдүүд ч их байсан даа. Зураг авахдаа хэр их цаг зарцуулсан бэ?

-Тэр үед миний охин мэндэлсэн юм. Нэг удаа охиныхоо зургийг хараад сууж байхад Монголд цөөнгүй таардаг траншейны хүүхдүүд нүдэнд харагдсан. Айлын хүүхдүүд гэртээ тав тухтай байхад энэ хүүхдүүд тийм биш. Хүүхдүүдэд яаж туслах вэ гэж бодохоор надад мөнгө байхгүй. Тийм учраас энэ хүүхдүүдийн амьдралыг зургаараа гаргаж, хүмүүсийн анхааралд оруулж тусалъя гэж бодоод зураг авахаар Монголд дахин ирсэн. 2004 оны есдүгээр сар, 2005 оны нэгдүгээр сард авсан зургууд. Ирээд аппаратгүйгээр, хүүхдүүд хаана ямаршуухан амьдардаг юм бол гэж нэлээд хайсан. Нэг удаа эмнэлгийн хажуугаар явж байхад хэдэн хүүхэд гүйж ирээд “Ах аа, мөнгө байвал өгөөч” гэсэн. Та хэд хаана амьдардаг юм бэ гэсэн чинь энэ хажуугийн траншейнд гэдэг юм байна. Та хэдийн зургийг авч болох уу гэсэн чинь болно гэсэн. Есөн сард бараг зунаараа байсан учраас гадаа авч болсон. Нэгдүгээр сард хүйтэн үед траншейн дотор авсан. Бас өнчин өрөөсөн, асрамжийн газрын хүүхдүүдийн зургийг авсан. Найман настай, 14-15 настай ч хүүхдүүд байсан. Одоо хааяа тэднийг яаж амьдарч байгаа бол гэж би боддог. Сайн л явж байвал болно доо.

-Монгол нутгаар хөндлөн гулд 20 орчим жил аялсан хүнд энэ ард түмний тухай өөрийн гэсэн дүгнэлт байх нь тодорхой. Түүнээсээ хуваалцахгүй юу?

-Монголын хөдөөний хүмүүс сэтгэл татдаг. Анх ирвэсийн зураг авах гэж ирээд говьд очиход зүгээр замд тааралдсан хүн хамт яваад, хоёр, гурван удаа уул тойроод газарчин хийж өгсөн. Тэгэхэд би их гайхсан. Энэ хүн яагаад надад туслаад байгаа юм бол. Би газарчин хийж өгсөн гээд мөнгө өгч чадаагүй. Бэлэг өгөөгүй байхад яагаад тусалж байна вэ гэж бодож билээ. Тэгээд их баярласан. Хөдөөний эрчүүд нэг их юм ярьдаггүй. Харин эмэгтэйчүүд нь өөр. Японд хэн нэгэнд загнуулна гэсэн ойлголтгүй. Монгол эмэгтэйчүүд жинхэнээсээ уурлаад загнадаг. Анх ирээд хөдөө очоод “Жаахан хүүхэд хүртэл хийж чадаж байгаа юмыг чи чадахгүй байхдаа яадаг юм. Чи энэ ажилд тусал л даа” гэж загнуулсан. Өөрийгөө насанд хүрсэн том хүн гэж бодсон ч загнуулсан чинь гоё ч юм шиг. Хөдөө их сайхан. Тэнд очихоор гэртээ очсон юм шиг, нэг гэр бүлийнхэн шиг л сайхан байдаг. Яг тийм байдаг учраас миний зураг зүгээр нэг жуулчин очоод авч чадахгүй, яг монголчуудын амьдралыг гадаад хүний нүдээр харсан тийм зураг болж чаддаг байх.

-Гэрэл зурагчнаас тэр тусмаа гэрэл зургийн аппарат үйлдвэрлэлээр толгой цохидог Японы гэрэл зурагчнаас яг одоо ямар аппарат хэрэглэж байгааг асуухгүй өнгөрч болохгүй. Та аль фирмийн камер барьж байна?

-“Olimpus”-ийн сүүлийн үеийн загварын камер барьдаг. Хөнгөн, авсаархан, авч явахад бас ашиглахад их эвтэй. Камерын хувьд өндөр хурдтай, дүрс чанарын хувьд сайн. Бороо, цастай ямар ч үед зураг авахад дүрсний хувьд бэрхшээлгүй, нэмэлт линз, шүүлтүүртэй. Над шиг хөдөө явдаг хүнд тохирсон эд. Гэрэл зурагчид бол сайн мэднэ.

-Таны хоёр альбомоос Шимизугийн дуранд монголчуудын амьдралын хэв маягт гарсан өөрчлөлтүүд он жилээрээ үлдсэн нь харагддаг. Ийм санаа, шийдлээ яаж олсон бэ?

-Японд 2011 онд цунами болсон. Тэр үед Токиод том цунами орж ирж магадгүй гэцгээж байв. Би бүх хальс, гэрэл зургуудаа гэртээ хадгалж байлаа. Цунами болсон зүүн хойд мужуудад комьпютер хардаас эхлээд бүх юм устсан. Тэгээд Монгол хамгийн аюулгүй, Монголд авсан зураг Монголдоо үлдэх ёстой гэж бодоод Улаанбаатарт “Өөрчлөлт” альбомоо хэвлүүлсэн. Тэнд нэлээн хэдэн жилийн өмнөх зургууд багтсан. Өнөөдрийнх шиг цахим ертөнц, гар утас, хэрэглээний бусад электрон бүтээгдэхүүн зэрэг юмс байхгүй байхад хүмүүс их аз жаргалтай, амьдаръя, зүтгэе гэсэн бодолтой байсныг энэ альбомоос харна. Би 22 настайдаа Монголд ирсэн. Тэр үед би өөрийгөө том болчихсон, хоол хийнэ, гал асаана, бүгдийг чадна гэж бодож байсан ч яг Монголд ирээд чаддаг гэж бодсон бүх юмаа хийж чадахгүй байсан. Тэгэхэд хөдөөний малчин айлын гурван настай хүүхэд өөрөө хувцсаа өмсөөд, бакиалаа тосолж байгааг хараад энэ улсаас сурах юм их байна даа гэж бодож байлаа. Хүмүүс ажлын багаж нь ихсэх тусам юу ч хийж чадахаа больчихдог юм шиг. Орчин үед амьдралын бүх хэрэгцээ нэвтэрсэн байхад хүмүүс их тайван, хүсэх юмгүй болчихсон юм шиг. Түүнийг харуулах гэж хоёр дахь альбомоо гаргасан. Япон жуулчдыг хараад байхад хэлэх ёстой үг юм шиг “Би заавал дараа дахин ирнэ” гэдэг. Тэгээд ирдэггүй. Би ирээд буцахдаа бас “Дараа ирнэ ээ” гэж хэлдэг. Хүмүүс энэ ч ирэхгүй дээ гэж боддог гэсэн. Тэгээд дараа жил нь хүрээд ирэхээр “Хүүе чи хүрээд ирсэн үү” гээд цочдог. Тэгээд бүр сайн найз болдог. Монголын хаа сайгүй ийм найзууд бий. Гаднаас ирсэн зурагчид өөртөө болсон өөртөө хэрэгтэй зургаа аваад явдаг, болчихлоо гэж боддог байх. Би зургаа зураг авахуулсан хүн, тэр айлд хамгийн гоё гэж тооцогдохоор авахыг хичээдэг. Тэр зургуудаа Монголд нь үлдээсэй гэж боддог. Зургаа аль болохоор авчирч өгөхийг хичээдэг. Номоо ч гэсэн Монголд нь үлдээе гэж хийсэн.

-Монголын хөдөө талын өвөл япон хүнийг байтугай хотынхноо ч хашраадаг. Өвлийн хүйтнээс халширдаг уу?

-Өвөл ирж зураг авдаг. Зун бол хэн ч гоё зураг авахаар хэтэрхий гоё. Нэг удаа өвөл ирээд 40 градусын хүйтэнд Хөвсгөл нуурт майханд хоносон. Энэ их сайн мешок, -35 градуст яах ч үгүй гэхээр нь шинэ мешок худалдаж аваад ирсэн байлаа. Тэгээд майханд хоносон. Жолооч машиндаа пирмуск асаагаад унтсан. Шөнө дунд машиныг ямар нэг юм самардаад байх шиг болоход жолооч хаалга онгойлгосон гэсэн. Тэгэхэд би хөлдөж үхэх гээд хаалга тогшсон юм. Манай жолооч хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтчихаж. Тэгээд арай гэж оруулж, гэсгээж дулаацуулсан. Монголын өвөл үнэхээр хүйтэн. Тэгэхэд өвлийн хүйтнийг жинхэнэ мэдсэн. Тэрнээс хойш бэлтгэл сайтай ирдэг болсон доо. Одоо хүйтнийг ажрахаа байсан. Би тэр хүйтэнд үхээгүй, тэгээд хүний амь ч бас бөх юм байна. Миний амь ч их бөх болсон байх гэж бодсон шүү. Түүнээс хойш өвөл Монголд ирэх бүр ч дуртай болсон.

-Хөдөөгийн хүмүүсээс та анзаарсан байх. Уул усаа эзэнтэй, савдагтай гэх мэт хэлэлцдэг. Ямар нэг ер бусын тохиолдолтой таарч байв уу?

-Тийм, монголчуудын энергитэй газар, эзэнтэй уул, ус гэдэг үгэнд би шууд итгэдэг. Япончууд Шинто шашин шүтдэг. Энэ шашинд ч уул ус эзэнтэй гэсэн ойлголт байдаг. Би нэг удаа Японд байгальд зураг авах гэж яваад өглөө эрт зурганд гарах ёстой ч нойр хүрээд жаахан унтах гээд зүүрмэглэхдээ “Хүүе чи чинь унтаад байгаа юм уу” гэж хэн нэг хүн хэлэх шиг болоход сэрсэн. Эхлээд зүүдэлж байна уу даа гэж бодсон ч тэр уулын савдаг, эзэн ч юм уу, бурхны ч юм уу дууг би сонссон. Японд ууланд авирч яваад яг унах гэж байхад модонд гогдогдоод үлдчихдэг ч юм уу ийм юм надад таардаг. Японд ч гэсэн тийм юм болдог, Монголд ч тохиолддог болохоор би айж цочирддоггүй.

-Монголын аж амьдрал талаас зургийг нь авч амжаагүй, үлдсэн сэдэв танд бий юу?

-Анх бодож ирсэн ирвэснийхээ зургийг л аваагүй. Ховд, Баян-Өлгий гээд хөдөөгүүр явахдаа ирвэстэй гэсэн уул болгон руу явдаг. Би тааралдаагүй л байгаа. Авна гэж байнга боддог. Тэр бол миний ажил шүү дээ. Одоо болтол таараагүй болохоор миний энд хийх ажил дуусаагүй ч юм бил үү (инээв).

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн ХҮН

МЭӨ 570-490 онд амьдарч байсан алдарт
гүн ухаантан, математикч Пифагорыг мэдэхгүй хүн үгүй. Шашин, гүн ухааны сургуулийг
үндэслэн байгуулагч түүний амьдралыг домог шиг л гэдэг. Тэрээр Самос арал дээр амьдарч
байсан Мнесарх, Партенида нарын хүү болон мэндэлсэн юм. Пифагорын аав Мнесарх нь
Тира хотод арилжаа наймаа эрхэлдэг нэлээд чинээлэг хүн байжээ. Ган болсон жил тэрээр
хүмүүст үнэгүй талх тарааж буян үйлдсэнийхээ төлөө Самосын иргэншил хүртсэн юм.

ифия хэмээх далдыг харагч Мнесарх
хүүтэй болно гэдгийг анх хэлсэн байдаг. Хүүхэд нь хүн төрөлхтний түүхэнд үнэлж барашгүй
агуу үйлс бүтээх бөгөөд түүн шиг хүн дахин төрөхгүй хэмээн хэлсэн гэнэ. Үүнийг сонссон
Мнесарх ихэд баярлаж эхнэрийнхээ нэрийг Пифаид болгон өөрчилжээ. Харин дөнгөж төрсөн
хүүдээ Пифагор хэмээх нэр хайрласан байна. Пифагор гэдэг нь Пифиягийн урьдчилан
хэлсэн хүн гэсэн утгатай юм байна.

Мнесарх хаашаа ч явсан эхнэрээ үргэлж
дагуулж явна. Пифагор ойролцоогоор МЭӨ 570 онд Сидонд төрсөн. Бүр багаасаа л ер
бусын авьяастай болох нь мэдэгдсэн гэдэг. Антикийн үеийн түүхэн баримт бичиг, ном
сударт бичсэнээр Пифагор тухайн үеийн Грек, Перс, Египетийн нэртэй эрдэмтэдтэй бүгдтэй
нь уулзаж, мэдлэгээ улам бүр гүнзгийрүүлэхийг чармайн уйгагүй хөдөлмөрлөж байсан
гэнэ. Пифагорыг Олимпийн боксын тэмцээнд ялалт байгуулсан хэмээн түүхэн барим бичигт
дурдсан байдаг. Үнэндээ бол түүнийг хамаатны залуутай нь андуурсан аж.

Пифагор залуудаа Египетийг зорьж
эрдэмд шамдан суралцсан байна. Самос арлыг удирдаж байсан Поликрат нь фараон Амасист
захидал бичиж залууд сурах боломж олгохыг хүсчээ. Ийнхүү Египетэд ангаах ухаан,
математикийн ухааныг заалгажээ. Түүгээр ч барахгүй гадаадын иргэдэд суралцахыг хориглосон
бусад салбарын сургалтад хамрагдаж чадсан. Ийнхүү 18 настайдаа төрсөн Самос арлаасаа
явж юм үзэхийн сацуу ном заалгажээ. 22 жил харийн нутагт амьдарсан түүнийг хүчээр
Вавилонд авчирсан байна. Харин Вавилонд 12 жил амьдрахдаа ер бусын ид шидтэй хүмүүстэй
холбоотой байж, далдын хүчийг судалсан юм. Олон жил хилийн чанадад амьдарч 56 настайдаа
төрсөн нутаг болох Самос арал дээр эргэн ирсэн. Нутгийнхан нь түүнийг агуу эрдэмтэн
гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ. Тэр үед амьдарч байсан эрдэмтэн Ямвлих Пифагорын талаар
нэлээд зүйлийг бичсэн байдаг. Түүндээ “Пифагорын гүн ухааны онол улам бүр түгсээр
Эллада тэр чигээрээ биширч хамгийн ухаалаг, шилдэг хүмүүс түүнтэй уулзаж сургаалыг
нь сонсохоор Самост очдог байлаа. Түүнээс олон нийтийн ажилд идэвхтэй оролцохыг
ч шаардаж байв. Пифагор улс орныхоо хуульд захирагдахын сацуу гүн ухааныг судлах
нь ямар хэцүү болохыг мэдэрсэн. Философчид харийн нутагт амьдралаа өнгөрүүлдэг байсныг
ч анзаарсан юм. Зарим хүмүүсийн ярьснаар энэ бүхнийг сайтар бодолцсоны үндсэн дээр
өөрийг нь төдийлөн сайн үнэлээгүй тул Италийг зорьсон” хэмээн бичсэн байдаг.

Ингээд Италийн өмнөд хэсэгт орших
Кротоне хотод суурьшихад сургаалыг нь дагах хүн маш их байсан гэдэг. Пифагор шавь
нартайгаа хамтран үзэл бодол нэгтнүүдээ эгнээндээ нэгтгэсэн бүлгэм байгуулж түүний
сургаалыг эрхэмлэн дээдэлдэг байсан. Тухайн үеийн хамгийн оюунлаг хүмүүс эрдэмтэд
тэдэнтэй нэгдсэн юм.

Пифагорын сургаалыг үндсэн хоёр
хэсэгт хуваана. Нэгдүгээрт, ертөнцийг таньж мэдэхэд шинжлэх ухааны үүднээс хандах,
хоёрдугаарт, шашны нууцлаг үзэгдэл. Тэрээр хүний сүнс нэг биеэс нөгөөд шилждэг талаар
бичсэн байдаг. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель нь Пифагорыг ихэд дээдлэн
хүндэтгэдэг байв. Платон ч түүнийг шүтэн бишрэгчдийн нэг байв. Пифагоризмын үндсийн
талаар анх гурван ном хэвлүүлэхэд Платон найз нарынхаа зөвлөснөөр нэлээд өндөр үнээр
худалдан авсан түүхтэй.

Пифагорын теоремыг бүгд дунд сургуульд
заалгадаг. Тэгш өнцөгт гурвалжны катетуудын уртын квадратуудын нийлбэр гипотенузын
уртын квадраттай тэнцүү. Өөрөөр хэлбэл, а2+b2=c2. Ер нь Пифагорын
сургуулийнхан математик болон сансар судлалд маш их хувь нэмэр оруулсан. Тэрээр
шашны салбарт ч том шинэчлэл хийсэн. Түүний байгуулсан нууц бүлгэм улс төрийн зорилго
тавиад зогсохгүй нууц сургаалын ачаар хүн хэрхэн сэтгэл санаагаа ариусгахыг сургана.
Пифагор бүлгэмээ 25 жил удирдсан юм.

Агуу эрдэмтэн 60 настайдаа өөрийн
сурагч Феано хэмээх бүсгүйг эхнэрээ болгожээ. Хоёр хүү, охин гээд гурван хүүхэд
нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлсэн. Энэ эрдэмтний тухай ярихад тухайн үеийн улс
төрийн нөхцөл байдлын талаар ярихгүй байхын аргагүй юм. МЭӨ IV зууны сүүлч V зууны
эхээр эрх баригч язгууртнуудын эсрэг ард иргэдийн бослого идэвхжсэн.Пифагорын амьдарч
байсан Италийн Кротон хотод ч байдал тун тогтворгүй болжээ. Тэрээр энэ бүхнээс зугтаж
шавь нарынхаа хамт Тарент руу нүүсэн байна. Гэвч удалгүй Тарен үймээнд автсан. Гэтэл
яг энэ үед Пифагорын тэргүүлдэг нууц бүлгэмийг ард иргэд нэлээд буруутгах болсон
гэдэг. Тэднийг эрх баригчдад нөлөөлсөн хэмээн шүүмжилжээ. Зарим түүхэн баримт бичигт
дурдсанаар нэгэн үймээний үеэр Пифагор амиа алдсан гэдэг. Математикч, гүн ухаантан
80 настайдаа ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Түүнийг хэрхэн амиа алдсан талаар
бас нэгэн хувилбар байдаг. Килон хэмээх чинээлэг эр Пифагор дээр ирж ах дүүгийн
барилдлага тогтоохыг хүссэн боловч татгалзсан хариу авчээ. Килон түүнд өс санаж
гэрийг нь галдсан байна. Нэгэн шавь нь өөрийгөө золиослон байж багшийнхаа амийг
аварчээ. Үүнд Пифагор ихэд харамсаж, сэтгэл санаагаар унасаар эцэстээ амиа хорлосон
ч гэдэг. Гурав дахь хувилбараар түүний эсрэг хуйвалдааныг Килон хэмээх чинээлэг
эр зохион байгуулсан байна. Түүнээс зугтаан Метапон хотод шилжин суурьшсан боловч
хойноос нь ирж амийг бүрэлгэжээ.

Пифагорыг амьд байхад нь түүний
талаар үлгэр домог мэт зүйлс яригддаг байсан гэдэг. Сүнсийг удирддаг, хараалыг зайлуулж,
амьтдын хэлийг ч мэддэг хэмээн ярьдаг байжээ. Түүнээс гадна ургамлыг ашиглан янз
бүрийн өвчнийг хэрхэн анагаах талаар гаргууд мэдлэгтэй хэмээн хүмүүс биширнэ. Эргэн
тойрныхондоо маш их нөлөөлдөг гэнэ. Нэгэн удаа Пифагор шавьдаа ихэд уурласан аж.
Сурагч нь сэтгэл санаагаар унасандаа амиа хорлосон байна. Түүнээс хойш Пифагор хүнд
уурлахаа больсон гэдэг.

Геометрийг шинжлэх ухаан болгосон
нь Пифагорын гавьяа. Тэрээр дэлхий бол бөөрөнхий хэлбэртэй, нар сар, түүнийг тойрон
эргэлдэж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байсан.