Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА: Мянган хүчтэний манлай болж монгол бөхийн дээд цолонд хүрсэндээ баяртай байна

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай ярилцлаа. Тэрээр “Бөхбилэгт” дэвжээ, Эрдэнэтийн “Хангарьд” клуб, “Ажнай” кропорацийн бөх юм.

-Юуны өмнө Монгол Улсын аварга цол хүртсэнд баяр хүргэе. Наадамчин олноо баясгаж, аатай одтой, эрэмгий барилдлаа. Сүүлийн арваад жилийн наадамд өөрийг тань түрүүлнэ хэмээн бөхөд хайртай монгол түмэн хүлээсэн. Энэ жил тэрхүү хүлээлт биелж, хүн бүхний баяр бахдал төрлөө, сайхан байна?

-Монголчуудын төрт ёсны их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Олон тэгш ой давхацсан үндэсний их баярт 1024 бөх зодоглож, ид хаваа гайхуулан хүчийг сорилоо. Мянган хүчтэний манлай болж, монгол үндэсний бөхийн эрхэм дээд цол, улсын аварга цолонд хүрсэндээ баяртай байна. Төрийн наадамд арав давж түрүүлнэ гэдэг их том хүндэтгэл байдаг юм байна шүү. Миний бие аварга цолонд хүрэхсэн, төрийн наадмын түрүү бөх болохсон гэж хүсч мөрөөдөж, тэрхүү зорилгынхоо төлөө бэлтгэл сургуулилтаас аваад хамаг л бүхнээ дайчлан зориулж ирсэн. Хүнд чинь хүсэл биелэх өдөр гэж ирдэг юм байна. Надаас дутуугүй баярлаж байгаа ард түмэндээ, төрүүлж өсгөсөн ижий аав, хань ижил, гэр бүл, ойр дотнынхоо бүх хүнд баярлаж байна. Унах, давах бүрийд минь үргэлж хамт байж ирсэн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний хүчит бөхчүүддээ, намайг бөхийн зам мөрд хөтөлсөн ачит багш, эрхэм сайхан ах нартаа, төрийн наадмын түрүү бөх болтол минь зааж сургаж, дасгалжуулж ирсэн Зэвэгийн Дүвчин багшдаа их баярлаж байна.

2002 онд Өсөхөө аваргыг ес давж түрүүлэхэд цэнгэлдэх дүүрэн цугласан олон шагшин баярлаж байсныг санаж байна. Наадмын дараа уулзсан бүхэн Өсөхөө аваргад “баярласан шүү” гэж хэлж байсан гэдэг. Энэ удаа ард түмнээ хөөрч баярлаж байгааг харах бахтай байсан. Ард түмний итгэл, хайр хүндэтгэлийг алдалгүй төрийн наадамдаа олон жил сайхан барилдахыг хичээн зүтгэх болно. Энэ их итгэл, сэтгэлийг уран дайчин барилдаан, бөхийн жудаг ёс, хичээл зүтгэлээр хариулахаас өөр том хүндэтгэл юу байх билээ. Монгол Улсын аварга хэмээх алдар цолонд эзэн байхыг хичээх болно.

-Монгол бөхийн дэвжээн дээр бүтэн арван жилийн хугацаанд зогсож байж оргил цолонд хүрлээ. 2006 онд анх улсын наадамд зодоглосон санагдана?

-Тийм ээ, бүтэн арван жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр ард түмнийхээ хамт хүртэж байна. 2006 оны улсын наадамд анх зодоглосон. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор 1024 бөх барилдаж билээ. Тэрхүү наадамд мянган бөхийн тоосонд орж барилдаад нэг давж хоёрын даваанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат улсын начин Базарбидэрнаагийн Бадам-Очирт өвдөг шороодсон. Нэг сонин түүх хэлэхэд, Жигжидийн Мөнхбат аварга зүүний магнайд гарч гурвын даваанд цолоо дуудуулаад миний тахимаа өгсөн Бадам-Очир начинг амлаж өвдөг шороодож байсан. Үндсэндээ тэр жил Мөөеө аварга зодгоо тайлж байсан. Бадам-Очир начин бол Мөөеө аваргын удмын бөх. Миний бие 2002 онд Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. 2006 онд Дорноговь аймгийн наадамд Ховдын И.Мөнхбаатар начингаар тав давж аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр жилээ аймгийн начин цолтой улсын наадамд зодоглож байсан. 2007 онд Зэвэгийн Дүвчин багшаараа гурав даваад дөрвийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад өвдөг шороодсон. Улсын наадамд 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргад тахим өгсөндөө бэлгэшээдэг. Тухайн үедээ аваргыг хаяж чадсангүй дээ гэж сэтгэл гонсойж л байлаа. Одоо эргээд бодоход бэлгэшээлтэй санагддаг юм.

-“Цэргийн арслан Санжаадамба” гэж зарлуулаад бөхийн өргөөнд болсон барилдаануудад түрүүлээд л, Монгол туургатны ой, цагаан сарын гээд томоохон барилдаан манлайлаад, шуугиулаад л байсан. Гэвч наадмаар гурав даваад л унана. Ямар сайндаа Баянаа аварга “Энэ хүүг тав давуулчих юмсан. Тэгвэл ч дийлдэхгүй дээ” гэж байсан?

-2008, 2010 оны наадмуудад гурав даваад унасан. Б.Ганбат арсланд хавируулаад унаж байлаа. Дараа нь нутгийн ах Д.Хишигдорж заанаар гурав даваад Д.Лхагвадорж начинд тахимаа өгч байлаа. 2009 онд бүр хоёрын даваанд аймгийн цолтой (аймгийн арслан Б.Суманчулуун) бөхөд унаж байлаа. Нэг л болж өгөхгүй байсан. Харин 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Чимэдийн Гочоосүрэн заанаар гурав, Ж.Амартүвшин харцагаар дөрөв, Ө.Бат-Орших харцагаар тав, Б.Сангисүрэн начнаар тунаж зургаа, Ц.Содномдорж харцагаар тунаж долоо давж шууд заан болсон. Содномдорж харцага бид хоёр шууд шоо хаяад барьц сонгосон юм. Ингээд миний талаар бууж би барьцаа аваад барилдсан. Үндэсний бөхийн дүрмийн дагуу барилдаан болсон. Хүмүүс тэр барилдааныг маргаантай болсон гэж боддог байж мэднэ. Яг л дүрмийнхээ дагуу барилдаан болсон.

Ингэж л начин, харцага цолыг алгасан заан цолонд хүрч байлаа. Заан болсны дараа жилийн наадамд Сүхбаатар аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар дөрөв давж тавын даваанд Пүрэвжав харцагад хоёр хөлдөө давхар гүйлгээд унаж байсан. 2010 оны төмөр бар жилийн сар шинийн барилдаанд одоогийн дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай үлдэж түрүүлж байлаа. Гурвын даваанд одоогийн арслан П.Бүрэнтөгстэй, дөрөвт Ө.Бат-Орших харцагатай гээд шилдэг бөхчүүдтэй тунаж хүч үзэж байлаа. Тэрхүү цагаан сарын барилдааны өмнөх өдөр аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд А.Бямбажавтай үлдэж мөн л түрүүлж байсан. Гэвч жилийн наадмын дөрвийн даваанд Говь-Алтайн Лхагвадорж начинд өвдөг шороодож шуугиан тарьсан даа (инээв).

-2013 оны наадамд тав давж шөвгөрөөд Б.Батмөнх заанд хавируулаад унасан. Бас л түрүүлнэ гэгдэж байсан наадам шүү дээ?

-Болдоггүй юм гэдэг болдоггүй л юм билээ. Аливаа юм цагаа хүлээдэг гэдэг. Би олон түүхт ой давхацсан 1024 бөхийн барилдааныг 10 давж манлайлах хувьтай байжээ. 2013 онд Сэлэнгийн өндөр Баянмөнх начнаар тав давж Төв аймгийн Б.Батмөнх зааныг зургаагийн даваанд амлаж аваад хавирах мэхэнд нь өвдөг шороодсон. Дараа жилийнх нь наадмуудад тус бүр долоо давж шөвгөрөөд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын арслангуудад тахим өгсөн. Эдгээр бөхчүүдтэй чухам ямар барилдаан болсныг наадамчин олон, бөхөө дээдэлдэг түмэн сайн мэдэж байгаа. 2014 онд Найдангийн Түвшинбаяр харцагаар тав, Завханы Бадамсүрэн начнаар зургаа, Б.Гончигдамба гарьдаар тунаж долоо давж Н.Батсуурь арслантай тунасан. Харин өнгөрөгч жил Ховд аймгийн арслан Б.Тайвангаар тав, Увс аймгийн харьяат шинэ начин Д.Энхбаяраар зургаа, шинээр харцага цолны болзол хангаад байсан Сэлэнгийн Б.Одгэрэлээр долоо давж их шөвгийн дөрөвт П.Бүрэнтөгс арсланд амлуулж барилдсан.

Монгол туургатны бөхийн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэндээ ихэд бэлгэшээдэг. Энэ наадам надад өөртөө итгэх итгэлийг, монгол бөхийн дээд цолонд хүрч болох юм гэх бодлыг төрүүлсэн. “Монгол туургатны бөхийн барилдаанаар чи мандчихсан шүү дээ” гэж хүмүүс хэлдэг. Тэрхүү наадам миний бөхийн зам мөрийг зөв сайхан тэгшилж өгсөн. Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх зургаан мянган бөхийн барилдаанд С.Мөнхбат аваргаар 13 давж түрүүлсэндээ баярладаг. Нэгэн том түүхийн эзэн боллоо гэсэн бодол эрхгүй төрж байлаа.

-Өнөө жилийн наадмын тухай эргээд ярилцъя. Долоогийн даваанд Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Пүрэвсайхан нараас Баасанхүүг амласан. Өнгөрөгч жилийн сар шинийн барилдаанд түүнд өвдөг шороодсон. Долоогийн давааны барилдааны тухай дурсахгүй юу?

-Шинээр харцага цолны болзол хангаад байгаа Баасанхүүг амлаад барилдчихъя гэж бодсон. Бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа барилдсан, хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Сар шинийн барилдаанд би унасан. Дараа нь шилдэг 12 бөхийн багийн халз барилдаанд давсан. Баасанхүүгийн барилдааныг хүмүүс сайн мэднэ. Биеэр жижгэвтэр хэрнээ уран дайчин барилдаантай. Миний хувьд золгоод барилдъя гэж бодоод зүтгэсэн. Санасандаа ч хүрсэн.

-Наймын даваанд Э.Оюунболд арслантай тунаж хүч үзсэн. Оюунболдын хувьд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх. Өнөө жилийн наадамд түрүүлнэ гэж яригдаж байсан хүчтэй арслан даа?

-Ер нь төрийн наадамд амар хялбар даваа гэж байхгүй. Барилдаан бүхэн, даваа бүхэн хэцүү байдаг. Наймын даваанд Э.Оуюунболдтой тунах байх гэсэн бодол надад байсан л даа. Залуу арслан бол үнэхээр ирэн дээрээ байгаа бөх. Арслантай их тайван, санасан бодсоноо хийж чөлөөтэй сайхан барилдсан. Шуудхан хэлэхэд, сэтгэлдээ хүртэл барилдсан гэж хэлж болох юм. Барьц сонгооноос залуу арсланг давсан. Найм давчихаад гарьд цолны болзол хангачихаад их баярласан шүү. Цэнгэлдэхэд цугласан наадамч олон давах бүрт минь нижигнэтэл алга ташиж, урам зоригийг бадрааж байлаа.

-Есийн даваа буюу арслан цолны даваанд Г.Эрхэмбаяр аваргад амлуулж барилдсан. Аваргыг давчихаад зүүн мөрнөөс нь адис авч харагдсан. Тэр тухай “Монгол бөхийн жудаг гэж энэ дээ” хэмээн олон хүн санал сэтгэгдлээ цахим ертөнцөд бичсэн байна лээ?

-Г.Эрхэмбаяр аваргыг би их хүндэтгэдэг. Бөхийн жудаг ёс талаасаа ч, олон жил барилдсан хүч хөдөлмөрийг нь бодсон ч сайхан бөх. Хийморь лундаатай энэ сайхан аваргаар арслан цолны босго алхлаа, аварга цол хүртэхийн ерөөлийг бэлгэдэж мөрнөөс нь адис авъя гэж бодсон.

-Түрүү үзүүрт нутгийнхаа бөхтэй үлдсэн. Өнөө жил Архангай нутгийнхан гойд сайхан наадлаа?

-Г.Өсөхбаяр аварга, Д.Рагчаа гарьдаар ахлуулсан “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд хийморьтой сайхан наадлаа. Начин цолтой дөрвөн бөх төрлөө. Аварга, арслан цолтон тодорлоо, Лу гүний Вандан аварга, буур хэмээх Нацагийн Жамъян аварга, Цэдэндоржийн Чимэд-Очир аварга, энэ цагийн бөхийн манлай дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр гээд монгол бөхийн түүхэнд домог болсон аваргууд энэ нутгаас төрсөн. Улсын наадмын түүхэнд Архангай нутгийн бөхчүүд түрүү үзүүрт шалгарч байсан тохиолдол ч олон байдаг юм билээ. 1920-иод оны эхээр Буур аварга, Төмөрбаатар арслан хоёр үлдэж байсан, дөчин гурван онд Архангайн Хайрхан сумын аат Лувсанжамц арслан, Цэнджавын Содов арслан хоёр үлдэж байж. Жаран хоёр онд Жалбуугийн Чойжилсүрэн, Далайн Жамц гэсэн хоёр хүчит мөн л түрүү үзүүрт шалгарч байсан түүх бий. Ийм л домог түүхтэй хүчтэнүүдийн нутгаас аваргын буухиаг залгуулсандаа баяртай байна. 16 настай байхдаа бөх болно гэж нутгаасаа гарсан. Өнөөдөр бөхийн оргил цолонд хүрлээ. Анх Дүвчин багшийнхаа “Хасар” бөхийн дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Бөх болоход минь улсын хүчит арслан Уламбаярын Мижиддорж их нөлөөлсөн. Манай эмээтэй төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Та нарт ер нь таалагддаг юм гэж байна уу

Сайхан бүсгүй байвал явдалтай гэнэ, нотлоогүй ч шууд тэгж хэлдэг. Үнэн худлыг сонсохыг ч хүсдэггүй. Тийм байх ёстой гэж л боддог. Баян хүн байвал заавал хаа нэгтэйгээс хулгай хийсэн, арга ядахад танил ихтэй, тендер олж авсан байх гэж хардана. Бүгд муулна. Үзэн ядна. Ямар ч гоё сайхан зүйл байлаа гэсэн ямар нэг өө заавал олж харчихна. Мэдээж төгс зүйл ховор ч ямагт муу муухайг нь түрүүлж олж харж, эсвэл заавал муухай болгох гэж яагаад хичээдэг юм бэ. Өөлбөл өндөгнөөс ч өө олдоно гэж ахмад хүмүүс хэлдэг. Саяхан болсон сонгуулиар нэр дэвшигчдийг амтай болгон элдвээр нь хэллээ. Хүн л юм болохоор алдаа оноо байж л таарна. Шулуун дардан замаар өдөр бүр аз жаргалтай амьдарч, нэг ч алдаа гаргалгүй явж ирсэн хүнийг ертөнцөөс хайгаад олох уу. Урт үстэй бол сэгсийсэн юм гэнэ. Эсвэл ухаан нь заавал богино байж таараа гэнэ. Богино үстэй бол эр хүн шиг муухай юм гэнэ. Ер нь ямар байвал энэ хорвоо сайхан харагдах юм. Зарим хүнийг царай муутай гэнэ. Царайгаа ямар захиалж төрөх биш түүний буруу гэж юу байхав. Төрөлхийн гоё сайхан байсан ч заавал нэг засвар орсон байх ёстой гэнэ. Ер яаж ч болохгүй. Сайхан байж болохгүй, муухай байж болохгүй. Сайн явбал түүнийг зулгаагсад олон. Чи ингэж үйлчлэх ёстой гэнэ. Муу явбал арчаагүйг нь дуудаж хохино гэнэ. Хэн нэгнийг магтвал долоогч бялдуучлагч гэнэ. Эцсийн эцэст өөнтөглөгч та ер нь эдгээр ангиллын алинд нь багтах вэ. Та ер нь төгс бүтээл, төгс хүн мөн үү. Үргэлж бусдыг хардаг шигээ өөрийгөө нэг ажин шинжээрэй. Дуугүй явбал донгио, дуутай явбал онгироо, дундуур нь явбал бөөрөнхий гэнэ” гэж хэлсэн найрагчийн үг өөнтөглөгчдийг харахаар санаанд буух юм.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Киров мужийн захирагч өлсгөлөн зарлажээ

Авлигын хэрэгт буруутгагдан саатуулагдаад байгаа ОХУ-ын Киров мужийн захирагч бөгөөд Кремлийг шүүмжлэгч гэгдэх Никита Белых өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар түүний өмгөөлөгч мэдээлжээ.Өмгөөлөгч Вадим Прохоров “Түүнд төлөвлөөд буй ял, мөн хоёр дахь өмгөөлөгч Ольга Михайлова болон эхнэр, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байгааг эсэргүүцэж Лефортовскийн шоронд Белых өлсгөлөн зарласан. Түүний бие маш муу, ааш тогтворгүй байгаа хэмээн мэдэгдсэн аж.

Белых нь энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр баривчлагдахдаа Москва хотын нэгэн зоогийн газарт байх үеэрээ 400 мянган еврогийн хахууль авч байснаа хүлээн зөвшөөрсөн гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдэгдсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Төмөрхуяг: Монголд хүлэмжийн аж ахуй эрхлэх том зах зээл бий

ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжүүлэлт, зохицуулалтын газрын Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, жимс, жимсгэнийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Төмөрхуягтай ярилцлаа.

-Таны хариуцсан асуудалд хүлэмжийн асуудал хамрагдах уу?

-Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл гэдэг хүлэмжийн аж ахуйг хэлж байгаа юм.

-Өнөөдөр манай улсад хүлэмжийн аж ахуй ямар түвшинд байна?

-Улсын хэмжээнд жилийн дөрвөн улиралд ашигладаг хүлэмжийн талбай 17.5 га-д хүрсэн. Зун ашигладаг хүлэмжийн талбай 50.9 га. Нийтдээ 68.4 га хүлэмж ашиглаж байна. Хүлэмжийн аж ахуйгаас 2015 онд нийт 4538 тонн нарийн ногоо хурааж авсан. Энэ нь манай нийт хурааж авсан ногооны зургаан хувь гэсэн үг.

-Бондоос томоохон хүлэмжийн аж ахуй байгуулснаар иргэд хүлэмжийн аж ахуйг сонирхох нь нэмэгдсэн гэсэн мэдээ байна.

-Засгийн газрын гаргасан Чингис бондоос хүлэмжийн аж ахуйн төсөлд 17.4 сая ам.доллар зарцуулсан.

-Зээлийг ямар замаар олгосон бэ?

-Нийтдээ 120 гаруй төсөл ирсэн. Зээл “Голомт” банкаар олгогдсон болохоор тус банкны шалгуурыг давсан 30 аж ахуйн нэгжид 25.8 тэрбум төгрөгийн зээл олгосон.

-Засгийн газрын бондоор боссон зээлийг олгохдоо заавал арилжааны банкаар олгодог нь ямар учиртай юм бэ?

-Зээл хаанаас гарч байгаа нь нэгдүгээр асуудал биш. Хамгийн гол нь төсөл хэрэгжих боломжтой, зээлдэгч аж ахуйн нэгж төслөө хэрэгжүүлэх чадвартай байх нь чухал үзүүлэлт. Зээлийн эрсдэл гэж ноцтой асуудал бий. Төслөө хэрэгжүүлээд, зээлээ цаг хугацаандаа төлөх нь хамгийн чухал шалгуур. Тухайн аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүй бол татвар төлөгчид эрсдэлийг нуруун дээрээ үүрнэ. Төр зээл олгоод, эрсдэл тооцоод, аж ахуйн нэгжтэй хөөцөлдөөд явдаг туршлага байхгүй. Тиймээс арилжааны банкаар дамжуулдаг.

-Арилжааны банкаар дамжуулах нь эрсдэлгүй гэсэн үг үү?

-Арилжааны банк зээлийн эрсдэлийг хамгийн сайн тооцож чаддаг. Хувийн банкууд бага ч гэсэн ашиг олохын тулд төслөө хэрэгжүүлэх чадвартай аж ахуйн нэгжид зээл өгнө. Тиймээс тэдэнд танил тал, албан тушаалыг үл харгалзан зээлийг шударгаар олгодог. Хэрэв зээл авсан аж ахуйн нэгж, төлбөрийн чадваргүй болбол банк зээлийг Засгийн газарт гаргаж өгнө. Тиймээс арилжааны банкууд барьцаа хөрөнгөөс эхлээд төслийн хэрэгжих чадвар, аж ахуйн нэгжийн бизнесийн туршлага гэх мэт олон зүйлийг хардаг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд үүнээс өөр зам байхгүй. Засгийн газраас хэрэгжүүлсэн төслүүдийг харахад арилжааны банкаар дамжсан зээлийн эргэн төлөлт, төслийн хэрэгжилт сайн байгаа.

-Хүлэмжийн чиглэлээр зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төслийн хэрэгжилт ямар байна?

-Зээл авсан компаниуд 10 гаруй га талбайтай гурван төрлийн хүлэмж байгуулж байна. Ихэнх нь төслөө хэрэгжүүлээд зах зээлд ургацаа гаргачихсан. Тэдний борлуулалтыг дэмжих зорилгоор Чингисийн талбай болон Эрх чөлөөний талбай дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

-Гурван төрлийн хүлэмж ямар ялгаатай вэ?

-Хятад маягийн тоосгон артай нарны илчээр халдаг хүлэмж байдаг. Мөн Голланд загварын шилэн хүлэмж байгуулсан. Хамгийн орчин үеийн загвар нь Японы технологи. Энэ нь хүлэмжийн үйлдвэрлэл гэж хэлж болохоор усан орчинд босоо тавиур дээр ногоо тарьдаг хүлэмж. Энд навчит ургамал тарьж, өдөр бүр шинэ ургац хураах боломжтой.

-Хүлэмжийн аж ахуй эрхлэх боловсон хүчин, туршлага манайд хэр байна вэ?

-Манайд уламжлалт ногоо тарьдаг туршлага бага. 1960-аад оноос Орос, Болгараас мэргэжилтэн ирж анхны хүлэмжүүдийг байгуулж байсан. Тухайн үед “Дэвшил”, Борнуурын гэх цөөхөн хүлэмж байсан. Сүүлийн үед иргэд хүлэмжийн аж ахуйг эрхлэх сонирхол нэмэгдэж, яамнаас явуулсан бодлогын үр дүнд хүлэмжийн аж ахуйн суурь тавигдсан гэж үзэж байгаа. Нийлэг хальсан хүлэмж Солонгосоос 2500 гаруйг оруулж ирж иргэдэд нийлүүлсэн. Энэ хэрээр иргэдийн хүлэмжийн аж ахуй эрхлэх боловсрол, туршлага нэмэгдсэн. Мэргэжилтний хувьд ер нь бол дутагдалтай. Гэхдээ Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо яамтай хамтраад урт, богино хэмжээний сургалт зохион байгуулах, гарын авлага бэлтгэх, иргэдэд тараах зэргээр ажил зохион байгуулж байна.

-Гаднын төслүүд хэрэгжсэн гэдэг?

-2009-2010 онд БНСУ-ын олон улсын Койко байгууллагын шугамаар Дархан, Эрдэнэтэд хүлэмж байгуулж эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглалтад оруулсан. Төв аймагт Солонгосчууд хүлэмж байгуулж өгч, солонгосчууд мэргэжилтнүүдийг сургах ажил зохион байгуулсан.

-Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага нэмэгдээд байна уу?

-Бид жилд нэг удаа задгай талбайд ногоо тариад, түүнийгээ жилийн турш идээд сурчихсан. Үгүйдээ гэхэд өмнөд хөршөөс ногоо авчирч иддэг. Урдаас орж ирж байгаа ногооны гарал үүсэл тодорхой бус, зарим талаар эрсдэл үүсэхэд хариуцах эзэнгүй гэх мэт олон бэрхшээл байдаг. Мөн цаг уураас шалтгаалж зарим урт хугацааны болцтой ногоонд асуудал үүсдэг. Гэтэл өнөөдөр аль орны иргэд эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх, тэр тусмаа хүнсний ногоог хаана, хэн тарьсныг мэдэхээс эхлээд өдөр бүр шинэ ногоо идэх сонирхолтой болсон. Нарийн ногоо хэрэглэх нь нэмэгдэж байна. Иймээс хамгийн найдвартай хүнсэнд хүлэмжийн ногоо тооцогддог. Энэ хэрээр иргэд хүлэмжийн ногоог сонирхох нь нэмэгдэж байна. Жилд бид 13 мянган тонн нарийн ногоог гаднаас авдаг. Энэ бол том зах зээл. Ийм учраас хүлэмжийн аж ахуйн бизнес эрхлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

-Төр хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд ямар нэгэн хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Хүлэмж, хүлэмжийн тоног төхөөрөмж импортоор оруулахад гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Газар тариалангийн салбарт хамрагддаг учраас орлогын албан татвараас 50 хувь чөлөөлнө. Хүлэмжнээс хураасан ургац НӨАТ-аас чөлөөлөгдөнө.

-Өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт сонирхолтой төсөл хэрэгжүүлсэн гэсэн.

-Бондын дэмжлэг, Засгийн газраас гаргасан хөрөнгөөр олон төсөл хэрэгжүүлдэг. Өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт төсвийн хөрөнгөөр нарны энергиэр халдаг хүлэмж, зоорийн цогцолбор байгуулж ашиглалтад өгсөн.

-Одоо яамнаас хэрэгжүүлэх хүлэмжийн чиглэлийн ямар төсөл байна, сонирхсон иргэд яаж хамрагдах вэ?

-Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээл яригдаж, энэ зээлийн хүрээнд хүлэмжийн аж ахуйг хамруулахаар шийдсэн байгаа. Удахгүй хэрэгжиж эхлэхээр олон нийт мэдэх, яамнаас мэдээлэл авах, төсөлд хамрагдах боломжтой.

-Хүлэмжинд бидний мэддэг нарийн ногооноос гадна мөөг гэх мэт монголчууд тарьдаггүй зүйлийг тариалж болно гэдэг.

-Хүлэмжинд бүх төрлийн таримал ургамлыг тарих боломжтой. Гэхдээ ямар хэмжээний ургац хураах, ямар ургамлыг ямар хугацаанд хураах зэргээс шалтгаалж технологио сонгодог. Жишээлбэл, богино хугацаанд бага талбайгаас их хэмжээний ургац авна гэж тооцвол гэрэлтүүлэг нэмэх, ус чийгийг автоматаар тохируулах гээд олон технологи бий. Алийг нь ч сонгох боломжтой.

-Одоо хүлэмж байгуулах иргэд мэргэжлийн зөвлөгөө авахын тулд хаана хандаж болох вэ?

-ХААИС, Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоонд хандаж болно.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

Б.Отгонтүвдэн: Монголынхоо тухай зурж байж л дэлхийд танигдана, манай сэдэв шавхагдашгүй

Урчуудын эвлэлийн хорооны “Арт галерей”-д зураач Б.Отгонтүвдэн “Монголын түүхийн хөлгөн судар” үзэсгэлэнгээ гаргасан юм. Санкт-Петербург хотын Репиний нэрэмжит уран зураг, график, архитектур, баримлын академийг шилдэг дипломтой дүүргээд дэлхийд нэртэй тус сургуульд урилгаар багшилж буй зураачтай ярилцсаныг сонирхуулъя.

-Та хэдэн онд Репиний нэрэмжит академийг төгссөн бэ?

-2004 онд Воронеж хотын Улсын урлагийн академид дөрвөн жил сураад Санкт-Петербургийн Репиний нэрэмжит академийг 2012 онд төгссөн.

-Төгсөөд шууд л багшаар ажилласан уу?

-Миний сурч байсан урлангаас нэг оюутанг шалгаруулж, шилдэг дипломтой төгсгөдөг. Хуучнаар бол алтан медальтай төгссөн гэсэн үг. Түүнд нь шалгарсан. Дипломын хамгаалалт дээр сургуульдаа үлдээж ажиллуулмаар байна гэсэн саналыг манай захирал гаргасан. Диплом хамгаалалт дээр Оросын Урчуудын эвлэлийн хорооны гишүүнээр элсүүлсэн.

-Оросын Урчуудын эвлэлийн хороо гадаадын иргэдийг элсүүлдэг гэсэн үг үү?

-Маш цөөхөн гадаадын иргэн байдаг. Миний үнэмлэх дээр биччихсэн байгаа. Би зургаа дахь гадаадын иргэн, гишүүн нь юм байна лээ. Гэхдээ энэ бол Санкт-Петербург хотод шүү дээ. Москвад бол өөр.

-Таны багшийг хэн гэдэг вэ?

-Би дөрвөн үндсэн багштай байсан. Тэднээс гол багш нь Оросын Ардын зураач В.С.Персиков гэдэг хүн. Персиковын нэрэмжит урлан гэж ч бий. Хоёр дахь багш маань мөн Оросын Ардын зураач Н.Репин. Монголоор бол хоёулаа төрийн соёрхолт, ардын зураач. Манай сургуулийн зураачийн ангийнхан урлангийн системээр суралцдаг.


-Таны төгссөн сургууль бол Орост төдийгүй дэлхийд нэртэй. Түүнийг дүүргэсэн Монгол зураач залууд багшлах санал тавина гэдэг нь таны ямар хэмжээний уран бүтээлч болохыг илтгэж байна. Багаасаа л зураач болохоор шийдсэн үү?

-Би багаасаа л зурдаг байсан. Бага байхдаа лам болно гээд л нэг, хоёр дугаар ангидаа бурхан зурдаг болно гээд л. Наймдугаар ангиа төгсөөд Үйлдвэрлэл урлалын дунд сургуульд ороод төгссөнийхөө дараа нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэг оюутан болоод 2004 онд Орос руу сургуульд явсан юм.

– Та академидаа дөрөв дэх жилдээ багшилж байгаа гэсэн. Шавь нартай биз дээ?

-Би туслах багшаар ажилладаг. Манай сургуулийн багш нар 80,90 нас гарчихсан хүмүүс байдаг. Залуу гэгддэг багш нар нь 50-иад настай. Би бол нэлээд залууд нь ордог, тиймээс ч туслах багш гэж явдаг. 2015 онд Монголын залууг стажер буюу бэлтгэл ангид суралцуулахаар авчирсан. Бэлтгэл ангид ороход бас амаргүй л дээ, шалгуур нэлээд өндөр. Ирэх аравдугаар сард Монголоос бас нэгэн оюутныг бэлтгэл ангид суралцуулахаар болсон. Тэд маань үндсэн ангид орохын тулд нэлээд хүнд шалгалт өгнө.

-Таныг Монголд нэлээд хэдэн удаа үзэсгэлэн гаргасан гэж сонссон?

-Тийм ээ, “Монголын түүхийн хөлгөн судар” нь миний эх орондоо гаргаж буй тав дахь үзэсгэлэн. Жил бүр үзэсгэлэнгээ гаргадаг. Харин өнгөрсөн жил өнжсөн. Дөлгөөн гээд миний үзэсгэлэнгийн менежментийг хийдэг залуу бий. Орост эдийн засагч мэргэжлээр төгссөн. Түүний санаачилгаар эх түүхээ зургаар харуулсан төсөл хийе гэсэн санал дэвшүүлсэн. Оросын томоохон музей, галерейг үзэхэд зургийг нь хараад тус улсын түүх бараг уншигддаг. Үүнээс санаа аваад 30 зургаас бүрдсэн XIII зууны Монголтой холбоотой музей байгуулъя гэж бодсон. Тиймээс энэ үзэсгэлэн маань цаашдаа хоёр жил үргэлжлэх төсөл юм. “Монголын түүхийн хөлгөн судар”-ын өмнө “Цагаан шөнө”, “Түвэргээн чимээ” гэсэн үзэсгэлэн гаргасан. 2012 онд Улаанбаатар, Москва, Шанхай гурван хотод үзэсгэлэнгээ зэрэг гаргаж байлаа.

-Би таны Монголын түүхэн хөлгөн судар үзэсгэлэнг үзлээ. Таны бүтээлүүд нэлээд хүнд тал руугаа, сонгодог хэлбэртэй юм байна. Энд тавигдсан бүтээлүүдэд бараан өнгө давамгайлсан гэдгийг онцолмоор санагдлаа. Тэр дундаас Эцгийн захиас гэдэг бүтээл их таалагдлаа. Энэ зураг хэрхэн бүтсэн бэ?

-Энэ төслийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө зүүн аймгуудаар түүх судлаачидтай цуг тойрон аялал хийсэн. Дорнодын Халх гол ороод ирэхэд дөрвөн зургийн санаа төрж Орост очсон хойноо зургаа эхлүүлсэн. Зурах тусмаа дараа дараагийн санаа төрж байлаа. Энд тавигдсан Тэмүүжин, Бөртэ хоёрын хүүхэд байхдаа шагай тоглож байгаа зургийн эскизийг гэхэд хэд хэдэн хувилбар гаргасан. Зургандаа түүхийн аль болох энгийн байдлыг, ахуйг нь харуулахыг хичээсэн. Тэгээд ч энэ жил ASEM, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ой тохиож байгаа. Үүнд зориулж энэ үзэсгэлэнгээ гаргасан. Түүхэн сэдэвт зургууд нь том хэмжээтэй байж масс нь харагддаг. Хүндийн хувьд гэвэл жижиг зураг ч хүнд байдаг шүү дээ. Эдгээр бүтээлүүд маань арилжааны бус зориулалттай, музейд зориулагдсан бүтээл учир хүнд санагдсан байх. Өмнө нь хэсэг хугацаанд саатаад ажиглах юм бол аяндаа агуулга нь мэдрэгдэнэ.

Жамухын өчил зургийн зохиомж нь их содон санагдлаа…

-Эхлээд Жамухыг ганцааранг нь зурж байгалиар арын фоныг хийсэн. Тэгээд яваандаа ард нь Тэмүүжинг зогсч байгаагаар дүрсэлсэн.

-Орос бол уран зургийн салбарт маш том байр суурь эзэлдэг, олон алдартай зураачтай. Өнөө үед уран зургийн салбарын хөгжил ямар байна гэж боддог вэ?

-Уран зургийн уламжлалыг хадгалж яваа дэлхийд цорын ганц академи нь манайх. Мөн Оросын эзэн хааны нэрэмжит байсан, 250 гаруй жилийн түүхтэй том сургууль, бааз сууриа ч алдаагүй. Оросын уран зургийн хөгжлийн түвшний талаар ярих юм бол дэлхийд нэлээд дээгүүр ордог хэвээрээ. Сүүлийн үед Европ, АНУ, Ази тэр дундаа Хятадаас маш олон оюутан ирж сурдаг болсон. Яагаад гэхээр сонгодог уран зураг хэзээ ч уналтад орохгүй. Орчин үеийн зургийг зурж болно, гэхдээ түүний суурь нь сонгодог зураг. Импрессионистууд гэгддэг Ван Гог, Пикассо нарын реалист зургуудыг харахад үнэхээр өөр байдаг. Жишээ нь, манайд гэхэд зураач До.Болд ах байна. Монголын уран зурагт асар ихийг хийсэн. Түүний бүтээлүүдийг аваад үзэхэд оюутан үедээ зурсан реалист зургууд нь үнэхээр чадварлаг. Монголын орчин үеийн уран зургийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс эхлээд сонгодог зургаа ойлгож байж дараа нь өөр юм руу орвол илүү амттай бүтээл төрдөг. Маш олон орноос манай академид ирж суралцдаг нь үүнтэй холбоотой.

-Уран бүтээлч хүний хувьд таны хэтийн төлөвлөгөө юу вэ?

-Маш их зорилго байна. Түүхэн сэдвээр монгол ахуйтай зураг зурна гэж боддог. Бид чинь Монголынхоо тухай зурж байж л дэлхийд танигдана. Тэдний хийдэг зүйлийг хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Манай Монголын сэдэв бол шавхагдашгүй.


Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хороо хуралджээ

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 20 цаг 16 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг УИХ-ын гишүүн М.Билэгт даргалжээ. Хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг, Н.Амарзаяа нар үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тус байнгын хороо нь төр, иргэний хооронд гүүр болж ажилладаг, Засгийн газарт чиглэл өгөх эрх бүхий чухал үүрэгтэй байнгын хороо гэдгийг үг хэлсэн гишүүд тодотгоод нэр дэвшигч энэ хариуцлагатай үүргийг чадварлагаар гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар бороо орно

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно.Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол төгрөгийг америк долларт дарлуулахгүй байлгах үүрэг МАН-д ирлээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өчигдөр үдээс хойш болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталсан. Ингэснээр шинэ Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайдтай ажиллахаар болжээ. Энэ талаар дэлгэрэнгүйг нэг болон тавдугаар нүүрнээс унших боломжтой.

Мөн өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Уг мэдээлэлд зуун мянган төрийн албан хаагчийг ажил, амьдралгүй болгож байна хэмээгээд мөн давхар дээлний асуудал зэрэг асуудлуудыг хөндсөн байна. Эдгээр болон улс төрийн орчинд болсон халуун үйл явдлуудыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Өдрийн сонин”-ы гол нэрийн хуудас болсон алдарт гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Монгол төгрөгийг америк долларт дарлуулахгүй байлгах үүрэг МАН-д ирлээ” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрлээ.

Энэ удаагийн “Монгол гэдэг нэгэн гэр” хэмээх буландаа Азидаа тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон залуус болон зураач С.Заяасайханыг онцоллоо.

Баримт үйл явдлын долдугаар нүүрэнд хоёр настай хүүхэд халуун тогоотой хоолонд түлэгдэж нас барсан харамсалтай хэргийн талаар нийтлэн хэвлэлээ. Сүүлийн үед ийм хэрэг ихэсч байгаатай холбоотойгоор энэ төрлийн хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж хайртай бяцхан үрсийнхээ эрүүл мэнд цаашлаад амь насыг нь хамгаалах талаар мэргэжилтний яриаг хүргэж байна.

Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал П.Одгэрэлтэй орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үнэ ханш болон тэдгээрийг худалдан авахдаа юуг анхаарах талаар ярилцлаа. Шинэ байр худалдаж авах гэж байгаа болон худалдах гэж байгаа хүмүүст маш хэрэгтэй мэдээлэл болох энэхүү ярилцлагыг наймдугаар нүүрнээс унших боломжтой.

Мөн Боксын холбооны ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Бандитай удахгүй болох гэж байгаа олимпийн наадамд Монголын баг, тамирчид хэрхэн бэлдсэн болон ямар амжилт үзүүлэхийг зорьж буй талаар нь ярилцсан юм. Сонирхуулахад, тэрээр Риогийн олимпод оролцох баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын дарга нар тодорлоо

Монгол Ардын намын Удирдах зөвлөлөөс сайд нарын нэрсийн тодруулсан бол Бүлгийн хуралдаанаараа УИХ-ын Байнгын хорооны дарга нарынхаа нэрсийг мөн хэлэлцэж, тодруулжээ. Дээрх томилгоонуудыг маргаашийн чуулганаар хэлэлцэх юм. Байнгын хорооны даргыг хоёр жилийн хугацаатай томилдог юм.

Байнгын хорооны дарга нараар:

1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД

2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН

3.Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ

4.Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР

5. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД

6.Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА

7.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР

8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ

Categories
гадаад мэдээ

Туркэд цэргийн эргэлт хийх төлөвлөгөөг илрүүлжээ

turkeyӨнгөрсөн баасан гаригт Туркэд болсон цэргийн эргэлт хийх оролдлогын талаархи мэдээллийг нэгэн баримт бичгээс олсон талаар “Анадолу” уламжилсан байна. Тус баримт бичиг Эгийн тэнгисийн армийн командлалын штабын дарга асан, хошууч генерал Мемдух Хакбиленд байсныг илрүүлжээ. Мемдух Хакбилен нь Измир боомтод цэргийн эргэлт хийхийг завдсан хэргээр баривчлагдаж, түүнд 27 хуудас бүхий “Тусгай үйлчилгээ” нэртэй баримт бичиг байсныг олсон гэж Туркийн Аюулаас хамгаалах хүчний ажилтан мэдэгдсэн байна.

Баримт бичигт дурдсанаар, долдугаар сарын 16-ны бямба гарийн 03:00 цагт бүх нисэх онгоцны буудал, боомт, гаалийн хяналтын цэгийг хяналтдаа оруулж, 06:00 цаг гэхэд улс орон даяар хөл хорио тогтоохоор төлөвлөжээ. Дээрх баримт бичгийг ажиллагаа амжилттай болсон тохиолдолд Туркийн Жанжин штабаас Агаар цэргийн хүчин, Хуурай замын хүчин, Тэнгисийн цэргийн хүчин болон Эргийн хамгаалалтын цэргийн командлал руу илгээх байсан аж.