Categories
мэдээ нийгэм

Дадлагажигчаар ажиллах залууст зориулсан япон хэлний сургалт эхлэв

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сайн дадлагажигч” хөтөлбөрийн хүрээнд Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах залуучуудын япон хэлний эхний ээлжийн сургалт өнөөдрөөс эхлэв. Энэхүү сургалтын талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал хэлэхдээ “Японд дадлагажигчаар ажиллах хүсэлтэй залуусыг япон хэлний сургалтад бүртгэсэн. 18-39 насны, их, дээд сургууль, политехник коллеж, МСҮТ төгссөн хүмүүсийг сургалтад хамруулж байгаа” гэлээ.

Мөн эхний ээлжийн сургалт Хөдөлмөрийн яамны харьяа, гурван политехник коллеж дээр эхэлсэн байна. Ажлын өдрүүдэд өглөө 9:00 цагаас өдөр 13:00 цаг хүртэл үргэлжлэх хуваариар гурван сарын хугацаанд явагдах юм.

Уг сургалт нийт 360 цагийн япон хэлний хичээл үзэж, анхан болон ахисан анхан шатны ярианы, сонсголын, бичгийн, дүрмийн чадварыг эзэмших ёстой аж.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Бороо маргааш, нөгөөдөр үргэлжлэн орно

Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын зүүн хэсэг, Зүүн зүгийн ихэнх нутгаар өчигдрөөс эхлэн орсон бороо маргааш, нөгөөдөр ч үргэлжлэн орох юм байна. Төвийн аймгуудын нутгаар 24, 25-нд агаарын температур ерөнхийдөө дулаан байх аж.

Долдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан бол Дэлгэрмөрөн голын хувьд долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 35-70 см буюу нийт 105 см нэмэгдэж үерийн түвшинг давсан байна.

Хангайн нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Урдтамир зэрэг голын усны түвшин хугацааны эхээр хоногт 5-10 см нэмэгдээд аажим буурсан бол Чулуут голын адаг буюу Өндөрдулаан сум орчимд болон Хойд Тамир голын усны түвшин энэ сарын 11, 14-ний өдрүүдэд хоногт 45-65 см нэмэгдэж, Хойд Тамир гол үерийн түвшинг даван үерлэжээ.

Орхон голын усны түвшин 10-40 см-р нэмэгдэж Хэрлэн голын усны түвшин Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэмэгдсэн байдалтай байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост 2000 гаруй хүн жагслаа

Өнөөдөр Өмнөд Солонгосын төрийн далбааг барьсан 2000 гаруй хүн Сөүл хотод жагсжээ. Энэхүү жагсаал нь БНСУ-ын Хойд Солонгосын цөмийн пуужингаас хамгаалж АНУ-тай хамтран суурилуулж байгаа төхөөрөмж ” THAAD”-тай холбоотой юм байна. “ТHAAD нь Солонгосын хойг цаашлаад Хойд Ази болон дэлхийн энх тайвны аюулгүй байдлын эсрэг чиглэсэн маш том асуудал болоод байна” гэж Сөүлд болж байгаа гадаадын сэтгүүлчдийн чуулган дээр Солонгосын Иргэний Энх тайвны форумын удирдах хорооны дарга Чон Вүүк Сик мэдээлжээ. Үүнийг бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн стратегийн бодлоготой зөрчилдсөн зүйл гэж жагсагчид үзэж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

МАН 11 сайдынхаа нэрийг өргөн барьж, дөрвөн сайдын асуудлыг эргэн харахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан төрийн ордон болж байна. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын дарга М.Энхболдод 11 сайдын нэрийг өргөн барьж, дөрвийг нь дахин эргэн харахаар болжээ. Тодруулбал, БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Эрчим хүчний сайд Д.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон нарын нэрийг өргөн бариагүй гэсэн мэдээлэл байна. Хасах болсон шалтгаан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж аварга малын эхэс боловсруулах үйлдвэр нээлээ

Өнөөдөр Мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж малын эхэс боловсруулах үйлдвэр байгуулж, нээлтийг хийлээ. Энэхүү үйлдвэр нь Япон, Монголын хамтарсан хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа юм байна. Малаас гардаг нэг зүйлийг ч гэсэн үнэтэй болгох зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгээ нээлтийн үеэр онцолж байв.

Манай орны эрс тэс уур амьсгалд хүмүүс өвдөгнөөсөө их даардаг. Түүнээс болж эрүүл мэндийн хувьд эрсдэлд ордог аж. Тиймээс малын эхэсээр үе мөчний шингэнийг нөхөх бүтээгдэхүүн хийж байгаа юм байна. Мөн уг үйлдвэр хүний нүүрний арьсанд тохиромжтой коллаген эссенциалуудыг бүгдийг нь хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

Шинэ үйлдвэрийг япон стандартаар барьж байгуулсан бөгөөд улсаас нэг ч төгрөгийн зээл авалгүй босгосон гэнэ. Эхэсийн үйлдвэр 22-ын товчоо орчимд байрлаж буй юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Хийморь сүлдээ даатган Монгол түмэн сүслэж байна

Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын ёслол өнөөдөр болж байна. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:

“Хангай Ханы ноён оргил Богд Очирваань уулынхаа төрийн тахилгын ёслолд тал бүрээсээ хүрэлцэн ирсэн Та бүхэндээ өнөөдрийн бэлгэт сайн өдрийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

Домог түүх, дуу шүлэг, ерөөл магтаал, бэлгэдэл туурвилд мөнхөрсөн Отгонтэнгэр хайрханыхаа тэнгэр сахиусанд өнөөдөр төр нь, түмэн олон нь хүндэтгэл үзүүлж байна.

1779 онд анх удаа Цаст Очирваань хайрханыг “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлж, наран саран хоёр бүтэн мандсан цаг дор” буюу зуны дэлгэр цагт тахих болсноос хойш эдүгээ 230 гаруй жил өнгөрч буй.

Бид хайрханыхаа дээд тэнгэрт тахил цацал, хүж, торго, сум тэргүүтнийг өргөж, тэнгэрт хандсан зарлигийн айлтгал дуудан сонсгож ёсолно оо. Хурсан бүхэн хурайлан дэмжиж, журамлан үйлдэж, ёс заншлыг чандлан сахиваас тэнгэр, лус хийгээд дэлхий ээж баясаж, хишиг буяны хур дэлгэрэх нь дамжиггүй ээ.

Хамаг Монголыг даагч шүтээн – Хутагт сахиус

Очир баригч нууцын эзэн – Очирваани бурханы орон,

Хаан төрийн зарлигт Түшээ гүн өргөмжит

Отгон тэнгэр – Этүгэн Хайрхан уулын их тэнгэр тэргүүтэн хийгээд эргэн

тойрны уул, усны эзэд ээ,

Нар хуртай зуны наадам цэнгэлд баяссан найртай сайхан энэ л өдөр товлож тогтсон ёсоор Тэнгэр сахиус, лус савдагаа баясган, тахил өргөлөө дээжлэж, тайллага ёсоо үйлдэхээр туг, сүлдээ залж Монгол төр ёсолж байна. Хийморь сүлдээ даатган Монгол түмэн сүслэж байнаа.

Баялаг Мянган сүмбэр уул, Цэцэрлэг

Баянзүрх, Хөх энгэр тэргүүтэн уулсын

Байгаа мянган шивдаг нь залрагтун.

Бадархундага, Баянбулаг болон

Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур

Баялаг Буянт болон Ширээ, Чулуут

Бас бус ус далайн лусууд Таалан соёрхоно уу.

Тахилын чуулганы эздийнхээ алдар ачлалыг магтан ариун номын дууг сонсгоё оо. Рашаан, цацал, сан, сэржмээ өргөн, арц хүж, агь ганга тэргүүт тансаг үнэртнээ асаан ариусгая. Сонордогтун, баясагтун.

Амтат идээ шүүсээ таваглан, айраг таргаа сөгнөж, арвин баялаг эд зүйлсээсээ дээжлэн өргөе. Болгоохтун, таалахтун.

Тэнгэрт дуут сумаа нисгэж, цөс зоригийг тань бадраая. Тэнхээт хүлэг морин эрдэнээ зүслэж онгольё. Хуурын татлага, уртын дуу, уран биелгээ, хүчтэний дэвэлтээр сонор болоод мэлмийг тань мялаая. Баясагтун, цэнгэгтүн.

Заллага айлтгалыг хүлээн авч, Бадар хундагат Богд Очирваань хайрханы сүлд тахилгын сүншигт овоонд таацан хурсан тэнгэр лусын эзэддээ улс монгол, зон олныхоо хүсэл айлтгалыг өчье.

Учран золгосон энэ өдрөөс чинагши угтан ирэх 5 жилдээ буман олны эвийг бататган, улс монголын заяаг түшин, байгаль дэлхийг баясгаж, үр тариа арвинтай, мал сүрэг өсөлттэй, хүн зон энх тунх, амьдрал үйл нь тэгш дүүрэн, төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөл даатгалыг айлтгая аа. Соёрхон болгоож, нигүүлсэн ивээгтүн. Хурай Хурай Хурай

Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг ухааруулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

Уулын тэнгэрийг тайх ёс бол монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил, хүн, байгаль амь нэгтэйг өнө эртнээс таньсан өвгөдийн билиг ухааны илэрхийлэл, Монголоор овоглосон оюуны өв соёл билээ.

Түүхийн явцад төр, шашны хос ёсны төгөлдөр утгат зан үйл, заншил уламжлал болж тогтжээ. Өнөө цагт энэ нь хүн төрөлхтөний тогтвортой хөгжлийн үндэс болсон ногоон хөгжлийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн, байгаль хамгааллын төдийгүй үндэстний оюун санаа, үзэл ухамсар, шашин соёл, төр ёсны өргөн дэлгэр агуулгатай болж буйгаараа нэн ач холбогдолтой юм. Түүнчлэн тахилгын ёслол нь өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг ойлгох, монгол ёс заншлаа мэдэх, иргэдийн төрөлх газар шороо, нутаг усаа хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг хөглөн, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг бадраахад чухал билээ. Залуучууд минь үүнийг болгоогоорой.

Үндэстэй бүхэн нь эм, ундрагатай бүхэн нь рашаан болсон “маш баясгалант” энэ сайхан оронд, Очир баригчийн ивээлд хүмүүн төрөл олсон Монголчууд та бид үнэхээр азтай агаад атаархам хувь заяатай хүмүүс ээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Гагцхүү бид одоо эвийг бат сахин, хүчийг нягт нэгтгэн, улам ихийг хийж бүтээх, хөгжин дэвжихийн төлөө илүү ихээр тэмүүлэх, хичээх цаг иржээ. Хүний явдал өөрчлөгдөж, дэлхийн байдал хувьсаж байна. Бид өөрсдөө л хичээхгүй бол, одоо л хичээхгүй бол хожимдоно, хоцрогдоно. Хичээвэл хөгжил дэвшилтэй хөг нийцнэ, хотол даяартай хөл нийлүүлнэ. Хичээл зүтгэлийг тэтгэх ХАРСАН ТЭНГЭРтэй улс билээ монголчууд бид.

Сүрлэг энэ хайрхан уул шигээ ихэмсэг агаад эрхэмсэг оршихуйн тэнгэрлэг заяа бидэнд бий. Та бид саяхан төрийн эрх барих байгууллагаа ардчиллын зарчмаар сонгож байгууллаа. Төр ёсны их баяр наадмаа улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалт үр дүнтэй болсны сацуу, дэлхийн 53 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон Ази, Европ хоёр тивийн буюу ACEM-ийн дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулав. Монгол Улс зууны боломжийг ашиглалаа. Бид дэлхийд нэг шат ахилаа.

Миний эх орон энэ бөмбөрцөг дээр хамгийн олон найз нөхөдтэй байх ёстой. Монгол Улс дэлхийн бүх оронтой сайн харилцаатай байх нь бидний эрх ашиг юм. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан нь дээр гэдэг үг байдаг. Энэ бүхний үр дүн ирэх он жилүүдэд гарнаа.

АСЕМ-ын чуулга уулзалтад Монголчууд нэгдмэл байж, Монгол хүн эх орныхоо нэр төрийг дээдэлдэг гэдгээ харууллаа. Ард түмэндээ их баярлалаа. Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ улам улам сайнаар дуурсах болтугай.

Бүрэн эрхт улсын омог төгөлдөр Монголчууд аа,

Хэдхэн хоногийн дараа хүн төрөлхтөний спортын их наадам Олимп эхэлнэ ээ. Өнөө жилийн олимпид Монголчууд урьд урьдынхаас илүү олуулаа оролцоно. Энэ бол бахархам амжилт бас баяр баясал, монголын спорт, монгол хүний бие бялдар, оюун ухааны хөгжил дэвшлийн илэрхийлэл мөн.

Монголын анхны олимпын медальтнууд Отгонтэнгэр хайрханы рашаан сувилалд бэлтгэл сургуулилтаа хийж, Очирваань бурханы авшиг ерөөл хүртсэн тамирчид байсан гэдгийг онцолж энэ өдөр Та бүхэндээ сонордуулахад бахтай байна.

Он жил олон өнгөрсөн ч чөлөө учрал бүрдсэн энэ өдөр “Илтэд үзүүлэгч” шидтэй Очир баригчийн рид хувилгаан чанарт бишрэн бахдаж, олон түмнийхээ талархал сэтгэлийг дашлуулан өргөхийн ялдамд олимпод оролцогч тамирчдынхаа онгод хийморийг бадрааж, Алтан соёмбот далбаагаа Риогийн тэнгэрт дахин дахин мандуулахыг хүссэн зон олныхоо эгээрэл хүслийг Этүгэн хайрханыг эрхшээгч тэнгэр Танаа даатгаж өчье, ивгээл соёрхолдоо багтаана уу.

Монголын тамирчдын од гийж, Монгол төрийн дуулал дэлхий дахинаа дахин дахин эгшиглэх болтугай. Хурай хурай хурай

Хурсан олон иргэд ээ, хувь хишигт Завханчууд аа,

Хамаг олон ардын оройн дээд шүтээн хайрханы онгод тэнгэр, нөхөр сэлт хийгээд орон дэлхийн лус савдаг, эзэн сахиус нугуудаа баясган цэнгүүлэх ёслол хүндэтгэлээ жудаг ёсыг сахиж, журамтай сайхан үйлдээд, бие сэтгэлээ ариусгаад, бэлгэтэй үгсийг хэлцэж, буянтай үйлсийг бүтээж, өрх гэр, төр улсаа өнөд оршоож, өөдлөн мандуулахыг Та бүхэндээ хандан уриалъя.

Та бүхэн цагийн хүрдний зогсолтгүй эргэлтээр улиран одсон он жилүүдэд төрсөн нутгийнхаа гал голомтыг мандуулж, аймаг орноо улам хөгжүүлэн, бахархал омогшил үүсгэсэн олон үйл явдлын гэрч болж нутаг усныхаа нэгэн цагийн түүхийг хамтдаа бүтээж буурал түүхийн хуудаснаа баринтаглан үлдээлээ.

Халуун хошуутай адуун болоод хонин сүргүүдээ түм, бумд хүргэн, эрдэнэт мал сүргийнхээ тоог 3 саяас давуулан өсгөжээ. Эрдэмлэг, оюунлаг хүн зоны үйлс өрнүүн, бүтээл туурвил арвин, арга билиг нийлэмжтэй байсанд Монгол Улсын Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.

Өнгөрсөн он жилүүдэд Идэр, Тэсийн голын гүүр, Тосонцэнгэл хүртэлх хар зам, Донойн нисэх буудлын зам, Улиастай хотын гэрэлтүүлэг, эмнэлэг, сургууль, багийн хөгжлийн төв зэрэг хийж бүтээсэн ажил ихтэй байна. Улсын тэргүүний аймаг хэмээх хүндтэй алдарыг хүртжээ.

Хутагтын орны хүмүүн Завханчууд Та бүхэндээ ажил үйлсээ дэгжээж, аймаг орноо улам хөгжүүлж, улсынхаа хөгжилд түрлэг нэмж, уугуул ус нутагтаа өнөржин жаргахын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол хүн бүр онгон сүрлэг Отгонтэнгэр уул шигээ орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, тэнгэрлэг бадрангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.

Монголчууд бид улс орныхоо өмнө тулгарсан амин чухал зорилтуудыг хамтын хүчээр амжилттай шийдвэрлэж чадах аваас хотол олны минь амьдрал ахуй чинээлэг, хүн ардын зүрх сэтгэл амгалан, үр хүүхдүүдийн маань эрдэм ухаан төгс, зориг тэмүүлэл ирмүүн байх болно.

Олон түмэн та биднийг Очирвааны тэнгэр ямагт тэтгэх болтугай.

Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.

Хурай, Хурай, Хурай” гэлээ.

Categories
мэдээ спорт

Монголын баг тамирчид “Дифлимп” жүдогийн дэлхийн аварга боллоо

Турк улсын Самсун хотноо “Диф” буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд болдог ДАШТ долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд боллоо. Энэ тэмцээнд 20 орны баг тамирчид өрсөлдсөн юм. Манай улсын баг, тамирчид анх удаа оролцохдоо жүдо бөхийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медальтай ирлээ. Мөн багийн амжилтаараа мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, Б.Наваанжамц 81 кг-ын жинд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон бол н.Мөнх-Оргил 73 кг-ын жинд мөнгөн медаль, н.Шижирбаатар 100 кг-ын жинд хүрэл медалийг тус тус хүртэв.

Тэдний хувьд өмнөх Дифлимп болон Азийн наадмаас медаль авч байсан туршлагатай бөгөөд зардлын асуудлын улмаас бусад тамирчид оролцож чадаагүй аж. Гэхдээ манайхаас гурван тамирчин оролцсон ч өндөр амжилтыг үзүүлж чадлаа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийг танилцуулна

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь
удаагийн форум наймдугаар сарын 3-5-ний өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим
хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно. Форумд зориулж наймдугаар сарын 3,
4-ний өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэт
технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулагдах
гэж байна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, ногоон эрчим хүч,
ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд
ээлтэй бүтээгдэхүүнүүдийнхээ шийдлийг танилцуулна. Үзэсгэлэн нь байгаль
орчинг хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээл,
бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлахад чиглэж байгаа юм байна гэж Нийслэлийн
ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Доналд Трамп дэмжигчидтэйгээ баяраа тэмдэглэв

201Доналд Трамп Бүгд найрамдах намын баярын хурал дээр өөрийн гэр бүлийг танилцуулсан байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Би шашны холбоод Евангелийн сүмийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Намайг маш сайн дэмжиж өгсөн. Гэхдээ би одоохондоо бүх ялалтаа авчихаагүй байна” гэж Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа дэвших болсон баярын хүлээн авалтан дээр хэлжээ.

Мөн түүний охин Иванка Трамп “Улстөрчид үргэлж цалин, эрх тэгш байдлын талаар ярьдаг. Гэвч манай аав өөрийнхөө компани дээр үүнийг бодитоор нь хэрэгжүүлсэн” гэж аавынхаа талаар хэлсэн үгэндээ дурджээ. Түүнчлэн “Манай аав хэр их ажиллана түүнтэйгээ ижил хэмжээний үр ашгийг хүртэнэ гэж хэлдэг. Би ч бас аавтайгаа санал нэг байна” гэжээ.

Бүгд найрамдахчуудын баярын шөнө маш олон гэнэтийн бэлэгтэй дурсамжтай сайхан боллоо гэж CNN мэдээлэв.

О.ӨНӨР

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Африкт ДОХ-ын шинэ вакцин туршина

Дархлалын олдмол хомсдол нь хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирүсүүд байдаг. Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ өдий хүртэл гарч ирээгүй байдаг.

Тэгвэл энэ оны сүүлээр Өмнөд Африкт ДОХ-ын хамгийн сүүлийн үеийн вакцин туршихаар төлөвлөжээ. ДОХ-ын тархалтыг зогсооход үр дүнтэй нь батлагдвал даруй туршилтын ажлыг эхлүүлэх талаар ВВС уламжилсан байна. Өнөөдрийн байдлаар ALVAC-HIV/gp120 вакцины туршилтад хамрагдахаар 252 сайн дурынхан бүртгүүлээд байгаа талаар Өмнөд Африкийн Дурбан хотод зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр танилцуулжээ.

2015 оны байдлаар Африкт шинээр ДОХ-ын халдвар авсан хүний тоо 2.1 саяд хүрсэн байна. Дээрх вакциныг Өмнөд Сахарын ДОХ-ын өндөр эрсдэлд байгаа ард иргэдэд турших юм байна. Тодруулбал, туршилтад Өмнөд Африкийн дөрвөн хотын 5400 иргэн хамрагдах бөгөөд 2016 оны арваннэгдүгээр сараас эхлэн гурван жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа аж.