Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх;
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Шадар сайд асан Ц.Оюунбаатараас ажлаа хүлээн авлаа. Ц.Оюунбаатар “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээ У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгч байна. У.Хүрэлсүх бол Шадар сайдын албанд хоёр дахь удаагаа томилогдож байгаа туршлагатай төрийн зүтгэлтэн” гэдгийг тодотгоод ажилд нь амжилт хүслээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат;
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа С.Баярцогт шинэ сайдад амжилт хүсээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бол өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, Ерөнхий сайд болон Засгийн газрын танхимын тасралтгүй үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй Монгол төрийн “гал тогоо”. Танд маш өндөр хариуцлага оногдож байна гэдгийг тодотгоод, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хариу талархал илэрхийлж, Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, нээлттэй, ил тод зарчмыг баримталж, Монгол төрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ажиллана гэдгээ илэрхийллээ. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байлцав.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн;
Сангийн сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн Сангийн сайд асан Б.Болороос ажлаа хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар Сангийн яаманд хүрэлцэн очиж, ажил хүлээлцэхэд байлцав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нар яамны тамга, тэмдгийг зарим баримт бичгийн хамт хүлээлгэн өглөө.
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны бүтцийг нэгтгэж, Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын яам болгохоор шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан нарт талархал илэрхийлж, цаашдын ажил, хөдөлмөрт амжилт нь хүсэв.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ;
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас яамны тамга, тэмдгээ хүлээн авч, ажилдаа орлоо.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тамга тэмдээ хүлээн авсныхаа дараа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа тус салбартай ойр ажиллаж ирсэн, 1982 онд цэргийн албанд татагдаж байлдагч болсноосоо хойш ахлах тушаалын офицер хүртэл 20 гаруй жил цэрэг, цэргийн хуулийн салбарт ажилласан гэдгээ онцлоод батлан хамгаалах салбарын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтарч, уламжилж ирсэн төрийн бодлогыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.
Батлан хамгаалахын дайчид жагсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон салбарынхаа сайдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол;
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх УИХ-ын тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Оюунхоролыг танилцуулж, сайд асан Н.Батцэрэг шинэ сайдад тамгаа хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд тус салбарын сайдаар хоёр дахь удаагаа томилогдож, өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил;
Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил үүрэгт ажилдаа орж, тамга тэмдгээ хүлээж авлаа.
Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн түүнд тамга тэмдгийг нь хүлээлгэн өгч, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Солонго нар шинэ сайдын ажилд нь амжилт хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт;
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон С.Бямбацогт Хууль зүйн сайд асан Д.Дорлигжаваас ажлаа хүлээн авлаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар ажил хүлээлцэхэд байлцаж, тамга, тэмдгээ хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж;
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нараас нэгтгэн шинээр нэгтгэн байгуулсан яамныхаа тамгыг хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ болон тус яамдын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.
Зам тээврийн сайд Д.Ганбат;
Зам тээврийн сайдаар томилогдсон Д.Ганбат сайд асан М.Зоригтоос үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар байлцаж, яамны тамга, тэмдгээ хүлээн авсан Д.Ганбат сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь;
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Ж.Батсуурьт тус яамны тамгыг гардуулан өгч, амжилт хүслээ.
Ажил хүлээлцэхэд Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ болон яамны хэлтэс, газрын дарга нар байлцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.