Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймгийн ОБЕГ-ын дарга нарыг сольжээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар дэд хурандаа С.Пүрэвсамданг, тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар хошууч Б.Анхбаяр нарыг томилсон байна. Тэрбээр ОХУ-ын Иргэний хамгаалалтын академийг Цэргийн удирдлагын магистраар төгсөж ирсэн даруйдаа, ийнхүү Баян-Өлгий аймгийн ОБГ-ын даргаар томилогджээ. Хошууч Б.Анхбаярын хувьд Цагдаагийн академийг Эрхзүйч, галын албаны мэргэжилтнээр төгссөн. Энэ онд ОХУ-ын ГЭАА-ийг Галын инженер мэргэжлээр дүүргэсэн. Хэнтий аймгийн ГТТХ-ийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангид гал сөнөөгч, Хэнтий аймгийн ОБГ-т Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байжээ.

Дэд хурандаа С.Пүрэвсамдан нь БХИС-ийг Инженерийн цэргийн команд тактикийн офицер, зам гүүрний барилгын машин механизмын инженер мэргэжлээр төгссөн.

Төрийн удирдлагын магистр, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салаан захирагч, 122 дугаар ангид салбарын захирагч, Гамшгаас хамгаалах тусгай ангид инженерийн бэлтгэлийн багш, Аврах тусгай ангид штабын орлогч, ахлах мэргэжилтэн, Бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, Говь-Алтай аймгийн ОБХ-ийн дарга хийж байсан ажлын туршлагатай нэгэн аж.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг ирэх сард бүртгэнэ

Энэ жил нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл ирэх сарын 22-28-ны хооронд нэгдүгээр ангид элсэх сурагчдын болон цэцэрлэгийн бүртгэлийг зохион байгуулагдахаар болжээ.

2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

Барилгын цэрэгт хагас зуун жил зүтгэсэн гавьяат барилгачин, хурандаа М.Мөнхбатынх

ЗУРААЧ Ц.БАЙДЫГИЙН БАГЫН НАЙЗЧАПАЕВ МӨНХБАТ НЭРТЭЙ БОЛСОН НЬ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байды, Монгол Улсын гавьяат барилгачин, бэлтгэл хурандаа М.Мөнхбат нарын үерхэл тэртээ 1950-иад оноос эхтэй. 1961 оны зургадугаар сарын 14-нд нэрт зураач Ц.Байды, хурандаа М.Мөнхбат нарын сурагч ахуйдаа авахуулсан гэрэл зураг өөрийн эрхгүй хараа булаана. Эл гэрэл зургийнхаа ар дээр “Алтан дэлхийд нэр чинь цуурайтаж

“Алдарт эрдэмтэн” гэдэг цол чинь мандаж

Хожим хойноо сайн хүн болохыг

Хорвоо ертөнцөд ихийг бүтээхийг

Нандин зүрхнээсээ ерөөн бичье

Найз чамайгаа мартахгүй явъя” Ц.Байды, 1961 он. Баруунтуруун гэсэн үг байх юм. Тэртээ 55 жилийн өмнө ийн бичиж үлдээсэн үгтэй энэ гэрэл зураг Барилгын цэргийн бэлтгэл хурандаа, гавьяат барилгачин М.Мөнхбатын хайртай зурагнуудын нэг.

Бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнө Төрийн тэргүүнээсээ “Монгол Улсын гавьяат барилгачин” хэмээх Төрийн дээд одон хүртсэн, бэлтгэл хурандаа Манкадайн Мөнхбатынхаас бэлтгэлээ.

Монгол Улсын барилгын салбарт хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан энэ эрхэм 1942 онд Увс аймгийн Өндөрхангай сумын “Тахилт” гэдэг газар малчин Ц.Манкадай, Ч.Чулуунхүү нарын 10 хүүхдийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Хурандаагийн гэргийг Баавгайн Цэрэндулам гэдэг. Хоёр буурай нас 70 хэвийсэн ч даанч ануухан, хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Дархан хотынхоо иргэдийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ гэр бүл гэдгийг Улаанбаатараас Дархан руу явах замд таксинд хамт суугчид хэлж байсан юм. Дарханыхан М.Мөнхбат хурандааг “017-гийн Мөөеө хурандаа” гэхээр андахгүй юм билээ. Харин армийнхан “эрэмгий дарга” гэж хүндэтгэнэ. Зарчимч, шударга түүнтэй уулзаад загнуулаад ч болов гарах нь үнэ цэнтэй байдаг талаар идэр үеийнхэн нь ярьцгаах. Харин хурандаа М.Мөнхбат гэртээ бол үр хүүхэд, ач, зээ нараа хараад ёстой л нурж унана. Ажил дээрээ хатуу, зарчимч ч гэлээ амьдрал дээрээ тун зөөлөн хүн ажээ. “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр Дарханы хуучин авто вокзал дээр ирэхэд хүргэн Н.Пүрэвбат нь тосон авлаа. Тэрээр гэргий М.Оюунгэрэл болон хүүхдүүдтэйгээ Өвөрхангай, Архангай, Булганаар амарч яваад дөнгөж аяны дөрөө суллаад байсан гэнэ. М.Мөнхбат гуайн гэрт яваад ортол гэргий Б.Цэрэндулам нь ач, зээ нарынхаа хамт угтан авлаа. Харин гавьяат маань ойрхон гарсан гээд эзгүй байв. Гэрийн эзэгтэй цай цүй болж байх зуур “Айхтар халуун байх чинь вэ” гэсээр М.Мөнхбат хурандаа саарал малгайгаараа сэвсээр орж ирлээ.

Ийнхүү бидний яриа цайны ширээний ард үргэлжилсэн билээ. М.Мөнхбат хурандаагийн эхэлсэн ажлаа заавал дуусгаж санаа нь амардаг зан чанар ааваас нь өвлөгджээ. Энэ эрхэм АИХ-ын депутатаар сонгогдож ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан түүхтэй. Тэрээр Дархан-Уул аймагт АН-аас Д.Нинжийг нэр дэвшихэд нь ялалт байгуулснаар депутатаар сонгогдож байсан аж. Санал хураалт болдог өдрийн шөнө хоёр цаг өнгөрч байхад гэрийн утас нь хангинаж “Мөнхбат хурандаа та АИХ-ын депутатаар сонгогдлоо” гэдэг мэдээг дуулгаж байжээ. Тухайн үед санал хураалт болж байхад гэр бүлээрээ гэртээ хоол унд хийж идсэн шигээ өнгөрүүлсэн байх юм. Энэ тухайгаа М.Мөнхбат хурандаа “Тухайн үед сонгууль гэдэг чинь одоогийнх шиг сүр дуулиантай явдаггүй байлаа. Нэр дэвшиж байгаа гэдгээ л мэдэж байгаагаас өөр зүйл байсангүй” гэхэд гэргий Б.Цэрэндулам нь “Амралтын өдөр бид хоёр чинь аль болох гэр бүлдээ цаг гаргах гээд сонгууль энэ тэрд нэг их ач холбогдол өгч байгаагүй шүү” хэмээн хэлээд тавагтай ааруул ширээн дээрээ тавилаа. 1990 онд Дарханаас АИХ-ын депутатаар М.Мөнхбат хурандаа, НИТХ-ын дарга асан Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, Амарсанаа нарын найман хүн сонгогджээ. АИХ-аар Дархан, Эрдэнэт, Чойрын асуудал хөндөгдөхөд М.Мөнхбат хурандаа цээжээрээ хамгаалсаар байгаад Дархан хотынхоо статусыг аймгийн зэрэглэлтэйгээр авч үлдсэн нь түүний том гавьяа гэлтэй. Дарханчууд одоо ч түүнд талархаж явдаг юм билээ.

М.Мөнхбат хурандааг уг нь Манкадайн Чапаев гэдэг байж. Баруунтурууны 10 жилээ онц дүнтэй төгссөн тэрээр ЗСБНХУ руу сургуульд явах гэтэл орос нэртэй хүн явуулахгүй гээд нэрээ солих хэрэгтэй болжээ. Түүний 10 жилийн ангийнх нь найз Шура мөн Орос руу сургуульд явахаар хамтдаа бүртгүүлсэн ч бас л орос нэртэй гээд нэрээ өөрчлөх шаардлагатай гэж. Нэг ангийн найзууд хэсэг гайхшран зогсож байтал Шура нь “Би чамд нэр өгье. Одоо чи Мөнхбат шүү” гээд л нэр оноочихож. Тэгэхээр нь зөрүүлээд Шурадаа Очгэрэл гэдэг нэр өгч тэр цагаас хойш энэ нэрээрээ явах болсон тухай ярьсан юм. Нэрээ сольсон ч тэрээр Зөвлөлт холбоот улс руу геодезийн мэргэжлээр сураагүй байна. Учир нь аавынх нь дүү “Монголдоо сур” гэснээр МУИС-ийн математикийн ангид бүртгүүлсэн ч барилга инженерийн ангид орохоор зориг шулуудан 1962-1967 онд суралцан барилгын инженер болжээ. Оюутан ахуйдаа гэргий Б.Цэрэндуламтайгаа танилцан гэр бүл болж анхны охин нь төрсөн байна. Уг нь гэр бүлийн хоёр Баруунтурууны 10 жилд хамт суралцаж байсан ч Б.Цэрэндулам нь долдугаар ангидаа Улаанбаатар руу шилжиж М.Мөнхбат аравдугаар ангиа нутагтаа төгссөн байна. Нэг сургуулийн хоёр хэдий ч бие биенээ таньдаггүй байсан. Харин хотод хамаатныхаараа орж гарч яваад гэргийтэйгээ танилцсан хэмээн хурандаа өгүүлэв. “Бид гурав айлын хажуу өрөө хөлслөн мөн ч олон нүүсэн дээ” хэмээн гэрийн эзэгтэй өгүүлээд залуу цагийн зурагнуудаа үзүүллээ.

ХАТУУ ДАРГА

М.Мөнхбат хурандаа дөнгөж сургуулиа төгсөөд 1967 онд хөдөлмөрийн гараагаа Дархан хотын бүтээн байгуулалтад ажиллахаар шинээр байгуулагдсан Барилгын цэргийн 111 дүгээр ангид хуваарилагдаж байжээ. Үүний дараа Барилгын цэргийн 017, 030, 110 дугаар ангиуд болон Барилгын цэргийн 155 дугаар нэгтгэл, Барилгын цэргийн Ерөнхий газарт ажиллаж байсан юм. Тухайн үед барилгын цэргийн боловсон хүчин хангалттай биш байхад Монгол Улсын төр засгийн бодлогын хүрээнд Д.Бавуу генералын хүчин чармайлтаар 1967 онд Төв хорооны тогтоол гарч МУИС-ийн Барилгын инженерийн ангийг төгссөн 22 залууг бүрэн бүрэлдэхүүнээр нь барилгын цэрэгт ажиллуулахаар болсон тухай хурандаа өгүүлэв.

Дэд хурандаа М.Мөнхбат гэргий Б.Цэрэндулам болон хүүхдүүдийн хамт

Барилгын цэрэг гэдэг бол нэг талаасаа Батлан хамгаалах яаманд харьяалагдан үүрэг гүйцэтгэдэг байсан ч нөгөө талдаа МАХН-ын Төв хорооны Их барилгын хэлтэст харьяалагддаг байсан тул хоёр удирдлагатай явж иржээ. Барилгын цэргийн офицеруудын цол албан тушаалын зэрэглэл хоёр том байгууллагын дунд завсарддаг байсан тухай барилгын цэргийнхэн ярьдаг. Энэ зам М.Мөнхбат хурандааг мөн тойрсонгүй. 1967 онд залуухан дэслэгч болж байсан бол 1983 онд хурандаа цол хүртлээ явсан түүний зам дардан байгаагүй. Барилгын цэрэгт хагас зуун жил зүтгэхдээ Дархан, Эрдэнэт хотуудын бүтээн байгуулалт, Дархан-Сэлэнгийн бүс нутаг, Төв, Дорнод аймгуудын хөдөөгийн барилга байгууламж, улс орны батлан хамгаалах зориулалттай тусгай обьектуудыг М.Мөнхбат хурандаа ангиа удирдан ард нь гарсан байдаг. Хот хоорондын хатуу хучилттай авто замыг хүртэл түүний удирдсан анги, нэгтгэл барьж байсан түүхтэй. Хурандаа М.Мөнхбат Дарханы Мах комбинатын томоохон цогцолбор барилгуудыг бүтээн босгосноор эхэлсэн Дорнод аймагт Мах комбинат, Дорнод, Сүхбаатар аймгийн хил хязгаарын хилийн тусгай хорооны иж бүрэн тосгон, хилийн застав, Дарханы цементийн завод, нэхий эдлэлийн үйлдвэр, силикат тоосго шохойн үйлдвэр, Орхон жимс ногооны САА-н 20 км усжуулалтын систем, жимс, ногоо консервлох комбинат, усны аж ахуйн иж бүрэн байгууламж, “Монгол алт”-ны барилга гээд дурдаад байвал маш их ажлыг зөв чигт нь удирдаж явсан нь энэ хүний бас нэг бахархал. Хүмүүс он солигдох мөчид гэртээ баярлаж байхад М.Мөнхбат хурандаа барьсан барилгаа улсад хүлээлгэн өгөхөөр явж байсан талаар гэргий Б.Цэрэндулам нь өгүүлсэн юм. “Миний хань чинь ид хийж бүтээх насандаа 20 гаруй жил ээлжийн амралт авч үзэлгүй бүтээн байгуулалтын ажилд оролцсон.

АИХ-ын депутатууд. Зүүн гар талаас М.Мөнхбат, С.Амарсанаа, Д.Баттулга

Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр

Томоохон бүтээн байгуулалтын ажил нь урагштай байвал бид болоод л байна гэж боддог байлаа. Манай хүн чинь ямар ч завгүй байсан шөлний хониноос эхлээд бидний хүнсийг бэлдэж өгөөд явдаг байсан. Би чинь зургаан хүүхдээ өсгөхийг хажуугаар ажлаа хийнэ. Эмэгтэйчүүдийн хорооныхоо ажлыг амжуулдаг байлаа” хэмээн М.Мөнхбат хурандааг хөхиүлэн дэмжих нь 50 гаруй жил нэг хүн мэт амьдарч, бүтээж ирсэн гэргийн амнаас л гарах үг мэт. Тэдний гэрт үр хүүхдүүдээс нь аав, ээждээ бэлэглэсэн хатгамалыг ханандаа өлгөжээ. Бидний ийн ярилцах орон сууц бол хоёр дахь гэр нь гэсэн үг. Учир нь тэд өөр байранд амьдардаг ч М.Мөнхбат хурандаагийн ажлын байр хэмээн тодорхойлсон энэ байрандаа байх дуртай гэнэ билээ. Нэг давхарт болохоор хөгшин бид хоёрт орж гарахад амар байдаг юм гэх.

Тухайн үед залуус гурван жил эр цэргийн алба хаадаг байсан цаг. Нэг л мэдэхнээ гурван жил өнгөрч гэр бүлээс нь өөрцгүй ижилдэн дассан залуус нь халагдах тэр мөчид нулимсаа сул асгачихдаг байсан нь хурандаагийн хатуу хэрнээ зөөлөн чанарыг илтгэх мэт. Тэрээр барилгын цэрэгт 50 жил зүтгэхдээ Дорнод, Эрдэнэтэд, Ерөөгийн Бугант гэх мэт газруудад хэдэн жил амьдарсныг эс тооцвол түүний үндсэн харьяалал Дархан-Уул аймаг, Барилгын цэргийн 017 дугаар анги юм. Барилгын цэргийн 017 дугаар анги Дандар баатрын зургадугаар морьт дивизээс салбарлан байгуулагдаж байжээ. Дандар баатрын цустай туг одоо ч 017 дугаар ангид хадгалагддаг хэмээн хурандаа өгүүлэв.

Түүнийг ажил нь уруудсан газар бүрт ажил сайжруулахаар томилдог байсан нь төр засаг ямар их итгэл үзүүлж байсныг илтгэнэ. Хурандааг Барилгын хорооны захирагч, үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажиллахаар явсны дараа 017 дугаар ангийн ажил унасан тул ангидаа очиж ажил сайжруул хэмээн буцааж байсан гэдэг. Хурандаа “Би Дархандаа л байя. Өөр газарт идээшихгүй байна” хэмээн хэлээд Барилгын цэргийн 017 дугаар ангидаа он удаан жил ажиллахдаа 10 гаруй жил нь ангийн захирагчаар ажилласан байх юм.

Зүүн гар талаас М.Мөнхбат, Ц.Байды нар 1961 он Баруунтуруун сум.

Түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс нь “хатуу дарга” хэмээн түүнийг тодорхойлжээ. Зарим нь бүр ажлаас халагдах өргөдлөө бариад ирдэг байсан тухай ахмадууд хуучилдаг юм билээ. Гэсэн ч М.Мөнхбат хурандаа нэг ч хүнийг ажлаас халж үзээгүй бөгөөд “Ажлаа хийж сурсан цагт чинь ажлаас чөлөөлнө” гээд тас гүрийчихдэг байж. Ажлаасаа гарна гэж явсан олон хүн ажлаа хийж сураад чөлөөлөгдөнө гэж бодсоор яваад амжилтад хүрсэн цөөнгүй түүх М.Мөнхбат хурандаад хамааралтай. Армийнхан түүнийг Барилгын цэргийн 1960, 1970-аад оны ажил хэрэгч тэнгэрлэг хурандаа нарын залгамж, нэрийг нь өндөрт өргөж яваа цэргийн хүн хэмээн хүндэтгэдэг тухай өмнө нь дуулж байсан минь нэн тодхон байна.

М.Мөнхбат хурандаа ширээнийхээ арын тавиур дээрээс 1962 онд онц дүнтэй төгссөн гэрчилгээгээ гарган ирж үзүүлэв. Хурандаа Их сургууль төгссөнөөс хойш гээд бүхий л зүйлсээ нандигнан хадгалдаг юм билээ. М.Мөнхбат хурандаагийн шагналуудыг үзэж байхад Хөдөлмөрийн баатраас бусдыг нь энгэртээ зүүжээ. Дархан хотын “Хүндэт иргэн”-ээс эхлээд ойн медалиуд бүгд байх юм. Дарханы хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог “Найрамдлын Дархан” медалийг бүр гурван удаа хүртсэн байх жишээтэй.

ӨНӨР БҮЛИЙНХЭН

М.Мөнхбат хурандаа аав, ээжээс 10-уулаа юм байна. Бүгд мэнд тунгалаг, элэг бүтэн амьдарч байгаа хэмээн хурандаа өгүүлсэн юм. Намайг 1993 онд тэтгэвэрт гарсны дараа ар араасаа манайхан тэтгэвэрт сууцгаасан даа хэмээн инээмсэглэн өгүүлнэ. Харин гэрийн эзэгтэй Б.Цэрэндулам аав, ээжээс 11-үүлээ гэлээ. Харин одоо ах дүү 10-уулаа байгаа гэдгийг тодотгож байлаа. Ингээд үзэхээр аль ч талаасаа өнөр бүлийнхэн аж. М.Мөнхбат хурандаа, Б.Цэрэндулам нар 52 жил ханилахдаа зургаан хүүхэд төрүүлжээ. Том охин Оюун нь Дархан-Уул аймгийн Соёмбо даатгалыг хариуцахын зэрэгцээ Даланбулаг трейд компанийн захирлаар ажилладаг байна. Удаахь хүү Батбаатар нь хувиараа бизнес эрхэлдэг аж. Манай гурав дахь хүү чинь хойно сургууль соёл төгссөн мундаг боловсролтой байсан юм. Харамсалтай нь хүүгээ бурхны оронд илгээсэн дээ хэмээн гэрийн эзэгтэй гунигтай өгүүлсэн юм. Биднийг очиход нөхөр Н.Пүрэвбатынхаа хамт угтан авсан Оюунгэрэл дээрээсээ дөрөв дэх нь юм билээ. Уг нь Дархандаа Скайтел, Юнителийн салбарыг хариуцаж байсан ч өдгөө Улаанбаатар хотноо мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг гэлээ. Оюунгэрэлийн дүүг Батболд гэдэг бөгөөд Даланбулаг трейд компанийнхаа үйлдвэрлэл эрхэлсэн менежерээр ажиллаж байгаа бол бага хүү Батзориг нь Дарханы Юнителийн салбарыг хариуцан ажилладаг аж. Батзоригийг уг нь Турк руу сургуульд явуулсан ч нэг жил болоод ирэхэд нь аав, ээж хоёр нь “Турчихсан байна. Ядарчихсан байна” гээд буцаад сургуульд нь явуулалгүй Монголд нь авч үлджээ.

Биднийг ийн ярилцаж байтал Батболд орж ирэн мэнд мэдээд охиноо аван гэр рүүгээ явлаа. Баяр ёслолын үеэр ач, зээ нараас эхлээд М.Мөнхбат хурандаа, Б.Цэрэндулам нарын дүү нар нь гэрт нь ирж ёстой л хөлд дарагддаг гэнэ билээ. Харин хүү Батзориг нь эхнэр хүүхдүүдийнхээ хамт ирж том өрөөнд хүүхдүүдээ тоглуулахаар орсон юм. М.Мөнхбатынх гэдэг гэр бүл 10 гаруй ач зээтэй болсон юм байна. Долдугаар сарын долооны орой 21 цаг өнгөрч байхад М.Мөнхбат хурандаа руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасджээ. Гэргий, хүүхдүүд нь Улаанбаатар явчихсан ганцаараа байсан гэнэ. “Та Монгол Улсын гавьяат барилгачин боллоо. Маргааш өглөө 11 цагт Төрийн ордонд бэлэн байна шүү” гэжээ. М.Мөнхбат гуай хамгийн түрүүнд эхнэр рүүгээ утас цохин “Гавьяат болж байгаа гэнэ. Маргааш өглөө 11 цагт бэлэн бай гэнэ. Одоо яах вэ” гэхэд нь Б.Цэрэндулам “Цэргийнхээ хувцсыг аваад вагонд суугаад ир” гэхээр нь цэргийн хувцсаа цүнхэлж аваад вагонд арай гэж амжин суугаад нийслэл рүү явжээ.

Б.Цэрэндулам гуай Улаанбаатарт эгчийндээ байхдаа энэ мэдээг дуулаад “Эгч ээ, цонхоо онгойлгоорой. Амьсгал давчдаад байна” хэмээн баярын сэтгэлээ уудалсан талаар ярьсан юм. “Би чинь ханийгаа гавьяат болно гэж аль эрт боддог байсан юм. Заримдаа нөхрийнхөө хийж бүтээсэн ажлыг санахаар яагаад энэ шагнал ирдэггүй юм болоо гээд ганцаараа сууж байхдаа бодон хааяа нулимс дуслуулдаг байсан. Энэ бол шагналд дуртайдаа тэгсэн юм биш. Яалт ч үгүй хийсэн ажлыг нь би мэддэг болохоор тэр ажлаа үнэлүүлээсэй л гэж боддог байлаа” гэхэд хурандаа “Энэ жил манайх шагналын хуртай байгаа. Хөгшин маань энэ жил Алтангадас одон хүртсэн” гээд ханиараа бахархан суусан юм.

Гэрийн эзэгтэйг “Та зургаан хүүхэд өсгөхөд хэцүү байв уу” гэхэд “Ёстой амархан ш дээ. Ажил, гэр гэсэн маршрутаар 10 гаруй жил явсан. Том охин сургуульд ороод тусад орсон байсан. Сэтгэл гаргаад явахад хэцүү зүйл байдаггүй юм аа. Ямар сайндаа манай байрныхан “Энэ орцонд зургаан хүүхэдтэй нэг нөхөргүй хүүхэн байна. Шөнө гэртээ ирээд үүрээр ажилдаа явдаг нэг цэргийн дарга бас байна” хэмээн ярьдаг байсан тухай сүүлд нь манайхан хэлж байсан. Цэргийн хүн цаг яс барихгүй бол болохгүй. Энд тэнд очиж ажил хийгээд орой машинаар гэртээ ирсээр байтал манай хүн шөнө дөл болгодог байсан. Өглөө эрт ажилдаа явдаг болохоор байрныхан маань тэгж хардаг байж л дээ” хэмээн инээмсэглэсэн юм.

Охин Оюунгэрэл нь “Ээжийг эмнэлэгт хэвтлээ гэхэд аав шөл хийж, бин хайраад зогсож байдаг юм. Манай хоёр чинь 70 гарсан ч гэсэн хөдөө байдаг хэдэн мал дээрээ очиж сүү, цагаан идээгээ өөрсдөө бэлдээд ирчихдэг. Хөнгөн шингэн хүмүүс байгаа юм. Заримдаа ч энэ хоёрыгоо хараад ичих шиг болдог шүү” гэхэд нөхөр Н.Пүрэвбат нь “Би ч бин хайраад, шөл хийчихнэ ээ бас” гээд инээмсэглэн суулаа.

Бурхантын хөндийн бүтээн байгуулалтаас эхлээд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр буурайн гэрээс бэлтгэсэн сурвалжлагаа ийн өндөрлөе.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Нартай наадмын бараан сүүдэр

Наадам сайхан боллоо. Нээлтээсээ эхлээд л цаг агаар хүртэл дэндүү сайхан. Хүмүүс баяр жаргалтай, гоё ганган. Тэнгэр хангай монгол наадмыг ивээж байх шиг тогтуун, айхтар халуунгүй, бас хүйтэнгүй. Үндэсний их баяр наадам нартай хуртай, найрагтай, айрагтай, дуутай хууртай. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрх, сэтгэлд мартагдахгүй дурсамжаа үлдээдэг нь жам юм. Монгол хүн дурсамж ярихаа хүрэхээр тэр жилийн наадмаар гэж ярих нь их. Бас тэр бөх түрүүлдэг жил гэлцдэг. Энэ жилийн наадмыг Санжаадамба түрүүлдэг жил гээд л ярих биз.

Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож төв цэнгэлдэхэд 1024 бөх барилдав. Эрийн гурван наадмын хамгийн олон үзэгчтэй, хамгийн ярих юм ихтэй бөхийн барилдааны тухай энд өгүүлье. Бөх сонирхогчид наадмын талбайд зайгүй сууж дэмжиж явдаг бөхөө уухайлан дэмжих аж. Монгол наадам сайхан. Яагаад ч юм өдөр тоолон хүлээдэг, Монголыг монголоор нь харуулдаг, монгол хүн гэдгээ бас илүү их мэдэрдэг баяр. Бүгд л үндэсний дээл хувцсаараа гоёж, хэдэн сар хоногоор бэлддэг, хүлээдэг. Энэ жилийн наадам сайхан болсон. Олон жил үзэгч түмэн наадмын түрүү аваасай гэж хүсч хүлээж байсан Ч.Санжаадамба түрүүлэв. Үнэн хүчээрээ цолонд хүрч олныг баясгасан бөхчүүд цөөнгүй байлаа.

Наадмын сайхныг хэвлэлийнхэн та бүхэнд хангалттай дуулгаж, бас түмэн олон өөрсдөө оролцон, үзэх нь үзэж, дуулах нь дуулчихсан. Тиймээс сайн сайхныг нь дахин дахин давтан өгүүлэхээ түр азная. Сайны хажуугаар саар гэгчээр нартай хуртай сайхан наадмын бараан сүүдэртэй тал бас байна. Жилээс жилд энэ сүүдэр нэмэгдэх нь. Учир нь монгол бөхийн найраа гэдэг юм бүүр ил цагаандаа гарч, газар авчээ.

Наадмын талбайд барилдаж байгаа бөхөд утсан дээр бичсэн юм харуулаад засуул нь зогсч байх жишээтэй. Сонсох нь ээ, нөгөө найрааны нэг хэсэг бололтой. Бөхчүүд нутаг нутгаараа, гал галаараа талцаад хэдэн талд суучих юм. Тэнд нь нэг толгойлогч байх юм. Тэр толгойлогч нь одоо барилдахаа больсон нэг аварга байх жишээтэй. Өнөөх хөгшин аварга маань хэн унах, хэн давах, хэнийг давуулах, хэнийг амлаж авахыг ярьж тохироод сууж байх юм. Бөх сүрхий мэддэггүй хүн ч ойлгохоор юм. Наадмын талбайгаар цүнхтэй мөнгө барьсан нөхөд ам аваад унаж өгөх хүнд харагдахаар эргэлддэг л гэлцэх. Нөгөө хийморь лундаа, хүч бяр, уран мэх энэ тэр нь хэрэг байдаг ч юм уу гэж бодогдохоор. Өндөр цолтой бөхчүүд нь тавын даваанд нэг бөх амлаад авах юм. Тэр том цолтой бөх нь яавч өвдөг шороодохооргүй залууд юу юугүй өнхрөөд унах юм. Худлаа барилдсаныг нь хэнбугай ч мэдэхээр. Цолны ханш гэж айхтар юм байдаг бололтой. Начин цол 150 саяас 300 сая хүрсэн гэв үү. Ямар их мөнгө, яасан үнэтэй цол вэ. Өөрийн нутгийн бөхийг амлаж аваад унаад өгөхийг нь харах хичнээн муухай. Энэ бүх хор найруулгад нутгийн зөвлөл, нөлөө бүхий мөнгөтэй улстөрч, бизнесийнхэн, бөхийн галын ахлагч, том цолтой бөхчүүд л оролцдог юм байна. Тэрийг тийм цолонд хүргэх гэж тэр аймгийнхан тэгсэн гэнэ гэсэн яриа аль эртнээс сонсоод эхэлсэн. Яг л ёсоор болоод нөгөө айхтар аварга арслангууд нь ам авсан бөхдөө тахимаа өгчихнө. Яасан муухай юм. Миний мэдэхээр аль багад л энэ тухай яриа чих дэлсдэг байсан санагдана. Эргэн тойронд минь бөхийн хорхойтон ховор л доо. Тэгсэн атлаа л бөхөд найраа гэдэг юм ил цагаандаа гарсныг би сонсдог байснаа одоо өөрөө шууд мэддэг болчихсон байна шүү дээ. Нэг ёсондоо зодог шуудагтай хоёр хүн золгож, арай том цолтой нь унаж өгдөг жүжгийг бөх барилдана гэж хэлдэг болсон юм уу гэлтэй. Нэг, хоёрын зэрэг бол анзаарахгүй байх биз. Бүр олноороо найрааны начингууд төрлөө. Догдлон үзэж байсан хүмүүс тэсгэл алдан энэ тухай яриад эхэлсэн. Бөх мэддэг, байнга үздэг нь байтугай мэддэггүй хүн ч ойлгохоор байгаа юм чинь.

Манай аймгаас тэдэн начин тэдэн харцага, заан төрнө, энэ жилийн түрүүг манай нутгийн тэр авна гээд бүгдийг маш нарийн тооцож зохион байгуулдаг болж. Хор найруулга, мөнгө сайтай нь тэр жилийн наадмаар олон цолтон түрүүлж түрүү үзүүр, шөвөгт өөрийн нутгийнхнаа үлдээснээр ялагч болдог юм уу даа. Тэгээд л бөх нь түрүүлсэн аймгийнхан “Энэ жилийн наадам манайх боллоо” гэлцэн баахан найр хурим болцгоодог болж. Сар жилээр л ууж иддэг юм байх.

Өрсөлдөөнгүй, худалдаа наймаагаар шийддэг ийм спорт энэ дэлхий дээр Монголд л байдаг байх. Бусад улс оронд спортыг бизнес болгохдоо өөр байдаг. Манайд ялагдвал төдийг өгье гэдэг бол бусад улсад манайх ялах учраас тэдээр бооцоо тавья гэдэг.

Сүүлийн хоёр жил энэ олон жилийн жалгын талцал ил цагаандаа гарч наадмын талбайд увс болон бусад гэх нь холгүй юм боллоо. Увс хүн монгол хүн биш юм уу. Бусад нь бүгд чичилж, Увсын бөх л биш бол хэнийх ч яахав гэх хүн олон болж. Энэ Увс нутгийнхныг ад үзэх үзэгдэл юунаас эхтэйв гэхээр бас эдэнд өөрсдөд нь учир байна. Наадмын талбайд баяр тэмдэглэж, дуу дуулахаараа Увс нуураа дуулцгааж жалгын үзэл гаргах юм. Ингэхээр нь бусад аймгийнхан ундууцаж дараа жил “Халуун элгэн нутаг”-аа дуулцгаадаг. Увсынхан үнэхээр хүчит бөх олонтой, тиймээс хор найруулга нь төдий чинээ их байдаг биз. Үүнд нь бусад аймгийнхан дургүйцдэг. Ингээд л талцдаг.

Увс улс, Архангай улс, Сэлэнгэ улс, Дорнод улс гэж энэ дэлхийн бөмбөрцөг дээр байхгүй. Монгол Улс гэж байдаг юм. Түүн шиг Архангайн бөх, Увсын бөх гэж байхгүй, Монгол Улсын бөх л гэж бий. Аймгаар нь хамаатуулан цоллож дууддагаа өөрчлөх хэрэгтэй. Ингэж бөх үзэж байгаа нэртэй жил бүр хэдэн хор найруулагчийн тавьсан жүжгийг үзэж, талцаж хэрэлдэхээ байцгаая. Яс юман дээрээ энэ найрааны ач тус нь улстөрч, унаж унагаж байгаа хэдэн бөхөд л байдаг биз. Худлаа барилдсаныг нь мэдэж байгаа ч нутгийнхан нь хөөрцөглөж сэтгэлээ хуурдаг биз. Энэ олон аймаг сумдаа больё. Халх дөрвөд гэлцэн, монгол наадмын дэвжээг талцлын талбар болголоо. Үзэгчид нь хүртэл нутаг хошуугаараа хуваагдаад суучих юм. Хуучин шигээ Түшээт хан, Цэцэн хан, Засагт хан, Сайн ноён хан аймаг гээд хэдхэн аймагтай болъё. Тэр олон сумдаа ч байя. Наадмын байдлыг харвал маргаж байгаа хоёр тал сүүлдээ үзэгчтэй нийлж байлдах нь байна гэж айж суулаа. Энэ талцлын ашиг нь цөөн хүнд, харин хал нь олон жирийн иргэнд тусна. Энэ байдлаараа бөх гэлтгүй энгийн ажил амьдрал дээр ч гаарч мэдэх нь. Монгол бөхийн жудаг энээ тэрээ гэхээр одоо инээд хүрдэг боллоо. Тэдэнд ямар юмны жудаг байхав. Малгай бүсээ дээш нь залж, эмэгтэй хүнийг хийморь лундаа муутгана гэж хачин ёс ярихыг эс тооцвол хамгийн жудаггүй улс бөхчүүд болж. Тийм л жудагтай юм бол үнэнээрээ барилдахгүй яасан юм. Жудагтай юм бол үнэнээр барилдаж байж цолонд хүрнэ хэмээн хичээж өдийг хүрсэн Мөнгөнбаатарыг тавын даваанд амлаж аваад тахимаа өгчихгүй яасан юм. Мөнгө өгөөгүй, өөрийнх нь нутгийнх биш болохоор л хэн ч тоогоогүй. Үзэгч түмэн түүнийг уухайлан дэмжиж байсан ч унасан. Яагаад түүнийг дэмжсэн гэвэл найраа хийгээгүй болохоор л тэгж их хайрлаж, дэмжсэн юм. Одоо яая гэхэв. Түүнийг давсан Анар ч үнэнээр барилдаж цолонд хүрсэн цөөхөн бөхийн нэг учраас дуугүй л баяр хүргэе. Учир нь энэ хоёр бөх тавын даваанд тунаж үлдсэн бөгөөд хэн хэн нь амлаж аваад унаж өгөх нутгийн ахгүй учраас л тэр. Гэхдээ найрааны цол авчихаад найрлаж сууснаас үнэнээр яваад ард олондоо хайрлагдах нь илүү сайхан.

Монгол наадмын дэвжээн дээр аль хүчтэй, уран мэхтэй, хурдтай нь давж, цолонд хүрч, түрүү магнай болж баймаар. Даанч тийм биш юм. Бөхийн хөлийн цэц гэж том дээлтэй хэдэн хүн байдаг юм билээ. Хэрэлдэж зодолдож байхад нь юу ч хэлэхгүй, зөвхөн нутгийн бөхөө л дэмжиж суудаг болов уу. Уг нь тэд чинь бөхийн шүүгчид биз дээ. Шүүж чаддаггүй шүүгчид нь ажлаа хийхгүй болохоор хотын дарга наадмын комисст багтдагийн эрхэнд элдэв талцаан, үймээнээс сэргийлж тэсгэл алдан очиж зохицуулж байгаа харагдана лээ. Юу ч гэхэв. Очихгүй ч байхын аргагүй байсан биз. Тэгж байж л дахин барилдахгүй маргаад байсан, хэн нь унасан, давсныг шийдэж чадахгүй байсныг нэгмөр болгоно билээ.

Тиймээс бөхийн холбоо дүрмээ өөрчилж, Баяр наадмын тухай хуульд ч тодорхой заалтууд нэмж оруулмаар санагдсан. Бөхийн цолыг аймаг, сумаар нь дуудахаа болье. Харьяа байгууллага, компаниар нь дуудаж байя. Эсвэл эцэг, эхийнх нь нэрээр дуудахад л болоо шүү дээ. Овог нэрээрээ дуудуулахаас л ичдэггүй юм бол үүнд дургүйцэх юу байх билээ.

Мөн бөхийн дүрэмдээ амаар барилдахыг хоримоор юм. Амаараа барилдаж хэрүүл хийгээд нүд ам руу нь гар хуруугаараа чичээд элдвээр доромжлоод байгаа бололтой харагдах юм. Спорт гэдэг чинь ярьдаг юм биш. Биеийн хүч чадал, авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлддөг. Гэтэл байнга нэг юм үглээд доромжлоод байгаа юм уу, тохироод байгаа юм уу ам хуурайгүй чалчих юм. Нартай сайхан наадамд бараан сүүдэр бас байсан шүү. Энэ бүхнийг дурдахын ялдамд үнэн хүчээр уран сайхан барилдсан бөхчүүдээр баярлаж бахдаж суулаа. Дараа жилийн наадмаар найгаа алдсан найраа гэдгийг халчихсан байвал мөн ч сайхан аа.

Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэл: Ээж чинь тус болж байсан гээд олон хүн надад ханддаг

“Хүн чулууны
нулимс” киноны галзуу Цэвэл, “Бага тайз”-ын саальчин Хонгорзул, “Мандухай цэцэн
хатан” киноны Шихэр хатан гэх мэт дүрээр олноо танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин
Б.Цэрэнпагма өнөө ч үзэгчдийн сэтгэл зүрхэнд шингэж үлджээ. Б.Цэрэнпагмын охин А.Сарангэрэлтэй
ярилцлаа. Тэрбээр өдгөө “Хувийн компанид ажиллаж байгаа” гэнэ. Бизнесийн удирдлага,
эдийн засагч мэргэжилтэй юм байна. Б.Цэрэнпагма гурван хүүхэдтэй ажээ.

-Таны бага
нас театр, кинотой ойрхон өнгөрсөн байх?

-Драмын театрт
ээжтэйгээ цуг очдог байлаа. Ээжийн өрөөнд тухайн үеийн сайхан жүжигчид суудаг байсан.
Тэдний хувцсыг зөөж өгдөг байлаа.

-Урлагийн
хүмүүс хүүхдүүддээ цаг бага гаргадаг гэдэг. Танай ээжийн хувьд ямар байв?

-Манай ээж
мэдээж цаг наргүй ажилладаг байсан л даа. Гэхдээ хүүхдүүддээ маш их цаг зав гаргадаг
хүн байсан шүү. Тухайн үед даваа гаригт хагас амраад, мягмар гаригт бүтэн амардаг
байсан санагдана. Өглөө драм дээр очиж бэлтгэл хийгээд, гэртээ ирж байж байгаад
орой тоглолтдоо явдаг. Манай ээжийн ээж байсан. Эмээ маань биднийг хардаг. Бид нэлээд
хожуу цэцэрлэгт явсан даа.

-Ээжийгээ
жүжиг, кинонд тоглож байх үед харж байсан уу?

-Драмын театрт
сургуулилт хийж байхад зрительд суугаад харж л байсан. “Газрын үнэр”-ийн зураг авалтын
үеэр бид цуг явж байсан. Аав, ээжийн дүү, бид нар амралт маягаар очиж байлаа. “Газрын
үнэр” кинонд ээж мотоцикль унаад давхидаг хэсэг бий. Ээж тэгэхэд мотоцикль унаж
сурсан.

-“Хүн чулууны
нулимс” гарахад дунд сургуульд байлаа. Кино театрт анх үзэхэд онцгой сэтгэгдэл төрж
билээ. Хорхой иддэг хэсэг дээр нь их л айж байсан?

-Тэр чинь
Өвөрхангайн Элсэн тасархайд авсан зураг. Аягүй их хар хорхойтой сонин газар байсан
юм. Бид ээжийг эргэх гэж очоод хар хорхойноос нь айж давхисан. Ээж өөрөө хар хорхой
идсэн гэж ярьдаг. Уг нь баримлын шавар энэ тэрээр хар хорхойг нь бэлтгээд тавьчихсан
байсан гэсэн. Өглөө оймсоо өмсөхөд юм овойгоод байдаг. Хорхойтой оймс өмсчихөөд
орилоод бөөн юм болоход ээж хорхойг нь суга татаад авч байсан юм.

-Галзуу хүн
шиг дүр төрхтэй явж байгааг нь харахад хэцүү байсан уу?

-“Хүн чулууны
нулимс”-ыг сүүлд л үздэг болсон. Урьд нь айгаад, эвгүйцээд үзэж чаддаггүй байлаа.
Ээж тэр дүрд тоглох гэж их судалгаа хийсэн гэдэг. Галзуугийн эмнэлгээр баахан явсан
гэдэг шүү. “Судалгаа сайн хийдэг” гэж нөхөд нь хэлдэг юм. Батсүмбэрийн асрамжийн
газарт байдаг хүний дүрд тоглох гээд асрамжийн газраар бас баахан явж билээ.

-Ээж тань
спортын зэрэгтэй байсан гэсэн үү?

-Манай ээж
спортлог хүн байсан. Сурагч байхдаа спортын бүх төрлөөр хичээллэж байсан гэдэг.
Гар бөмбөг мундаг тоглодог. Тэшүүрээр сайн гулгадаг байжээ. Ууланд явж цанаар гулгадаг.
Цанын спортын мастер байсан. Өвөө маань ээжийг урлагийн хүн болгох дургүй. Химийн
багш болгоно гэдэг байсан юм билээ. Аравдугаар ангийн хүүхдүүдээс урлагийн ангид
шалгаруулж авч байхад Л.Ванган гуай “Энэ охин урлагийн мэдрэмжтэй юм байна” гэж
хэлээд ээжийг авсан гэдэг. Ээж маань дуулна, бүжиглэнэ, юм юманд авьяастай байлаа.

-Аав тань
ямар хүн байв?

-Манай аав
сайхан дуулж, бүжиглэдэг, хөгжим сайхан тоглодог хүн байсан. Ах ээжтэй цуг хөдөө
явж, тоглолтын дараа хөгжим дараад, бүжиг явуулдаг байсан. Урлагийн хүмүүс хүүхдэдээ
цаг зав гаргадаггүй л гэж ярьдаг. Би бол ээжийгээ маш их цаг гаргадаг байсан гэж
боддог. Орой ирээд хичээл давтуулна. Муухай бичсэн бол эхнээс нь хуулах хэрэгтэй
болно. Шөнөжингөө хуулуулаад суулгачихдаг. “Дэвтэр дээр балласан цохолсон юм байх
ёсгүй” гэж ээж шаардана. Өглөө гарахдаа ээж гал тогоондоо мөнгө үлдээгээд ийм юм
авах ёстой гээд жагсаагаад биччихдэг. Хүүхдүүдээ багаас нь мөнгөтэй харьцаж сургасан.

-Зааснаас
нь өөр юм авчих удаа байсан уу?

-Ёстой тийм
юм байхгүй. Юмаар дутаж өсөөгүй болохоор өөр юм авъя гэж боддоггүй байлаа. Алим
чихэр жимс ховор үе. Ээж дэлгүүрийн дарга таньдаг, танил тал ихтэй байсан шиг байгаа
юм. Хайрцгаар нь авчраад тавьчихдаг. Ээж өглөө гэрт юу хэрэгтэй байгааг бичдэг.
10 кг гурил, таван кг төмс гэх мэтээр авах юмнуудаа бичээд мөнгө тавьчихдаг. Ах
бид хоёр түүгээр нь хэлснийг нь авдаг. Ээж, аав хоёр олсон бүх юм аа л хүүхдүүдийнхээ
ходоодонд хийчихдэг байсан юм болов уу. Амттай шимтэй юм, хувцас хунар бүгдийг эдлүүлж
өсгөсөн.

-Ээж тань
ямар нэг юмыг онцолж захидаг байсан уу?

-“Хүнд тусалж
яваарай” гэж хэлдэг байсан нь санаанд үлджээ. Өөрөө их тусархуу хүн байлаа. “Булгийн
ус ундарч, хүний буян барагддаг гэнэ лээ” гэж ээж нэг удаа хэлж байсан. Тэр үг нь
яагаад ч юм санаанаас гардаггүй юм. Ээж уучлаарай гэдэг үгэнд дургүй. “Битгий чи
уучлаарай гэж бай. Уучлаарай гэж хэлэхгүйн төлөө амьдрах ёстой. Буруу юм хийчихээд
худлаа уучлаарай гэсэн үг хэлэх хэрэггүй” гэж билээ.

-Хүүхдүүдээ
урлагийн хүн болгох гэж хичээдэг байв уу?

-Урлагийн
хүн битгий болоорой л гэсэн дээ. Жүжигчин болно гээд би нэг хэсэг өвчиллөө. Хүүхэлдэйн
театрт шалгалт өгч дагалдан жүжигчнээр орж байсан хүн шүү дээ. Ээжид баригдаад багшийн
сургуульд орж байлаа.

-Тэр сонголтдоо
харамсдаг уу?

-Манай ээж
зөв сонголт хийсэн. “Чамд жүжигчний авьяас байхгүй шүү, Сараа” гэдэг байсан. Одоо
бодоод байхад зөв л юм билээ.

Манай дүүгийн
зургаан настай хүү бий. Тэрийг урлагийн хүн болчих байх гэж хардаг. Тэр ер нь болчихоор
шинжтэй хүүхэд шүү.

-Б.Цэрэнпагма
гэдэг жүжигчний бүтээсэн дүрүүдийг хүмүүс харах дуртай. Үр хүүхдүүдийнх нь хувьд
дурсгалыг нь мөнхлөх ямар нэг юм хийсэн болов уу?

-Бид “Монгол”
телевизтэй хамтраад “Тэр” гээд ээжийн тухай хөрөг нэвтрүүлэг хийсэн. Ээжийнхээ
65 насны ойд зориулаад бид нэг дуу хийлгэсэн юм. Тэр нэвтрүүлгээр анх цацсан. Б.Лхагвасүрэн
гуай үгийг нь бичиж, А.Энхтайван гуай ая хийж, А. Долгор гуай дуулсан. “Ижий сүүтэй
хайр” гэж сайхан дуу болсон.

-Бид бол
бүтээсэн дүрүүдээр нь л мэднэ. Амьдрал дээр харин ямархуу ааш зантай хүн байв?

-Маш дөлгөөхөн.
Үр хүүхдэдээ хамаг байдгаа зориулчихдаг тийм л хүн байсан. Ээж цаг наргүй ажилтай
учраас амрах өдрөө хүүхдүүдийнхээ хоолыг долоо хоногоор бэлтгэж тавьдаг. Бууз, хуушуур
есөн шидийн юмаа хийгээд чимхээд хөлдөөчихдөг. Мантуу хийсэн ч жигнээд хөлдөөчихдөг.
Арвын хувингаар дүүрэн төмс шараад хөлдөөчихдөг. Хоолны мах хүртэл хэрчээд, уутанд
боогоод тавьчихна. Хоол унд сайхан хийдэг. Их нямбай. Бид өнгө алдсан хувцас өмсч
байгаагүй. “За, баян айлын бандгар Сараагаар юу байна” гэж найзууд маань шоолдог
байлаа. Манай сургуулийн хүүхдүүд одоо ч ярьдаг юм. “Танайд очиж ээжийг чинь харах
гээд чамаас их гуйдаг байж билээ” гэж. Манайд очихоор ээж бууз шарж өгдөг. Одоо
бодоход цаг зав багатай л байж дээ. Түргэн болдог хоол их бэлтгэдэг. Их л ажилтай,
анхиатай хүн байлаа. Юм ховор үед цамц, хувцас их нэхнэ. Манай ангийнхан “Ямар гоё
юм бэ” гэдэг. Ээжийнхээ оёсон хувцсаар их гайхуулдаг байлаа.

-Энэ хүний
хувьд дуусаагүй ажил, биелээгүй мөрөөдөл байсан уу?

-Ээж тэгэх
юмсан, ингэчих юмсан гэж ярьдаггүй байсан. Сүүлийн үед харвасныхаа дараа “Биеэ гайгүй
болохоор нэг тайлан тоглолт хийнэ” л гэдэг байсан. Бие нь тааруу байсан болохоор
тайлан тоглолтоо хийж амжаагүй. Ээж бид хоёр Австрид явж байхдаа театрт нь орж үзсэн
юм. “Ямар гоё юм бэ. Ийм тайзан дээр тогловол мөн сайхан аа” гэсэн. Сүүлдээ хошин
шогийн тоглолт үздэг болсон. Манай хүүд “Эмээдээ нэг сайхан шинэ хошин шог аваад
ирээрэй” гэдэг. Шинэ тоглолт үзчихээд инээж суудаг. Манай залуучууд өсч байна, мундаг
болжээ гэж суудаг сан.

-Ээжийн тань
найзууд гэж олон хүн байдаг уу?

-Хүнд тусархуу
болохоор ч тэр үү, найз нөхөд ихтэй. Өөд болсных нь дараа ч “Ээж чинь тус болж байсан”
гэж олон хүн надад хандсан. “Аягүй их даараад явж байхад гутлаа тайлж өгөөд, өөрөө
пүүз өмсөөд явж байсан” гээд нэг эгч ирж байсан. Нэг жирэмсэн эмэгтэй унаа хүлээгээд
хүйтэнд зогсч байсан юм билээ. Нимгэн хувцас хунартай явжээ. Ээж 69-тэй явж байгаад
дэргэд нь ирж зогсчээ. “Хаа хүрэх гэж байгаа юм бэ” гэж асуусан ч зам нийлэхгүй
болохоор нь “Өө чи яасан нимгэн хувцастай явж байгаа юм бэ, эгчийнхээ гутлыг ав”
гээд гутлаа тайлж өгөөд, өөрөө пүүз өмсөөд гадуур нь дэгтий углаад явчихсан гэдэг.
Тэр хүн ээжтэй уулзах юмсан гэж их бодсон гэдэг. “Уулзаж амжсангүй, баярлаж талархсанаа
тухайн үедээ олигтой ч хэлж чадаагүй” гээд надад өвлийн идэш авчирч өгч байсан.
Тийм тохиолдол олон. Би ээжийгээ олонтой хүн байжээ гэж боддог. Одоо ч холбоотой
байдаг хүмүүс бий. Ээж маань хүний сайн талыг олж хардаг. Бусдын амжилтаар их бахархдаг.
“Тэр ёстой алаад хаячихсан, ёстой мундаг” гэж ярьдаг байж билээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ариунаа: Шүдний өвчтэй эхээс төрсөн хүүхдийн шүд хоёр нас хүрээгүй байхдаа өвчилж эхэлдэг

Хүүхдийн шүдний өвчлөлийн талаар “Ариун дэлбээ” шүдний эмнэлгийн шүдний их эмч Б.Ариунаатай ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн шүдний өвчлөл их байна. Ямар, ямар шалтгаанаас болоод эрүүл шүдтэй хүүхэд ховордоод байна бэ?

-Хүүхдийн шүдний өвчлөл яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна. Хоёр гурван дунд сургуульд үзлэг, оношилгоо хийхэд наймаас 12 насны хүүхдийн 80 гаруй хувийнх нь шүд өвчилсөн байна. 5-6 настай хүүхдийн 94 хувь нь шүд цоорох өвчтэй байна. Шүдний өвчлөл бусад бүх эрхтэн системийг өвчлүүлдэг учраас энэ хэрээр хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд зургаан сар тутам хүүхдийнхээ шүдийг эмчид үзүүлж байх ёстой юм. Улсын эмнэлэг ачааллаа даадаггүй, дугаар дараалал ихтэй зэргээс болоод эцэг эхчүүд тэр бүр хүүхдийнхээ шүдийг үзүүлээд, эмчлүүлээд явж чадахгүй байна. Тэгэхээр энэ асуудлыг мөн хувийн эмнэлгүүдэд даатгах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсаас бодлогоор хувийн эмнэлгүүдийг нийгмийн даатгалд хамруулаад, иргэд улсын эмнэлэгт үзүүлж байгаа юм шиг хямд нөхцөлөөр хүүхдийнхээ шүдийг эмчлүүлдэг болгох хэрэгтэй. Энэ мэт арга хэмжээ авахгүй бол хүүхдийн шүдний өвчлөлөөс үүдсэн бие эрхтний өвчлөл их байна.

-Шүдний өвчин эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Шүдний өвчлөлөөс болоод хамгийн түрүүнд залгиур хоолой өвдөнө. Мөн ходоод, гэдэс элэг цөс гээд хоол боловсруулалтын бүх эрхтэн системийг хямраадаг. Цаашлаад зүрх судасны өөрчлөлт үүсгэж, олон төрлийн өвчин үүсгэнэ. Шүд эрүүл байвал бие эрүүл байх боломжтой. Эсрэгээрээ шүд цооролттой, өвчилсөн бол эрүүл байна гэхэд хэцүү. Тиймээс үндэсний уламжлалт хоол хүнсийг өдөр тутам хэрэглэж, сүү цагаан идээнээс кальци, амин дэм авах хэрэгтэй. Үүнээс гадна амны хөндийн ариун цэврийг маш сайн сахих шаардлагатай байна. Дээрээс нь хүн бүр өөр, өөрийн гэсэн аягатай байх зэрэг наад захын зүйлийг хэвшил болгочих хэрэгтэй. Шүд нь дутуу ургалттай, цооролттой хүүхдүүд эрүүл хүүхдээс жин дутуу байх, тайван бус, өвчнийхөө улмаас зовиуртай байдаг. Мөн шүд нь өвчилсөн ахмад настай хүмүүсийн ой санамж алдагдах, ажлын бүтээмж нь буурах зэрэг сөрөг үр дагавар гардаг.

-Ямар, ямар шалтгааны улмаас хүүхдийн шүдний өвчлөл нэмэгдэх болов?

-Нэгдүгээрт, буруу хооллолт, чихэр, ундаа, чипс, гурилан боов, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүн их хэрэглэж байна. Мөн эцэг эхчүүд, хүүхдийнхээ амыг зайлж, угаалгаж хэвшүүлэхгүй юм. Хоёр цаг тутам шүдээ цэвэр усаар зайлж байх хэрэгтэй. Талх, гурилан бүтээгдэхүүн идчихээд, шүдээ цэвэрлэхгүй унтаж болохгүй. Гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг зэрэг нь хүүхдийн шүдний завсар, пааланд наалдаж, шүд цоорох, өвчлөх шалтгаан болдог. Тэгэхээр юм идсэнийхээ дараа шүдээ тогтмол цэвэрлээд сурчих хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт, кальцийн дутагдал. Мөн агаар салхи, наранд хангалттай гарахгүй, битүү байр сууцанд голдуу байснаас болоод D витамины дутагдалд орсноос хүүхдийн шүд цоорч, өвчилж байна.

-Тэгэхээр D витамин, кальци зэргийг хэрхэн яаж нөхөх вэ?

-Хүүхэд амин дэмийн дутагдалд ороход өсөлт зогсох зэрэг олон сөрөг үр дагавар гарна. Гэхдээ D витамин уулгаж байна гээд ихдүүлж болохгүй. Ихдүүлэх нь эрүүл мэндэд эргээд муугаар нөлөөлдөг хор уршигтай болохоор заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Аль ч насны хүүхдийг өглөө, оройны агаарт сайн гаргаж байх хэрэгтэй. Малын гаралтай эрүүл органик сүү, сүүн бүтээгдэхүүн хүүхдүүддээ тогтмол хэрэглүүл. Үүнээс гадна эмчийн заавраар бусад амин дэм, витаминуудыг хэрэглэж болно. Хамгийн гол нь хүүхдийнхээ шүдийг мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж, цооролт, өвчлөл эхэлж байх үед нь эмнэлэгт хандаж, эмчлүүлбэл дахин өвчлөхгүй, цоорохгүй болох боломжтой. Бага насны хүүхдийн шүдэнд байнгын ургалт явагдаж байдаг болохоор шүдийг аль болох авахуулахаас татгалзаж, эрт үзүүлэх шаардлагатай байдаг юм.

-Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг унахыг хүлээгээд эмчлүүлдэггүй?

-Эцэг эхчүүд сүүн шүдийг нь унаад, байнгын шүдийг нь ургахаар хамгаална гэж ойлгоод байдаг. Тийм биш. Хэдэн ч настай байсан аль болох эрт эмчид хандаж, үзүүлж эмчлүүлэх ёстой. Мөн сүүн шүд унах ёстой хугацаанаасаа өмнө унаж, шүдэнд өөрчлөлт, хөдөлгөөн орсон тохиолдолд байнгын шүд ургахдаа шаймий, орсгой ургах аюултай. Үүнээс үүдэж хүүхдийн шүдний гажиг мөн ихэсч байна. Гэхдээ сүүлийн үед шүдний эмчилгээ, оношилгоо, технологиуд өндөр хөгжсөн байгаа. Дэлхийн жишгийг дагаад, манай улсын эмнэлгүүд ч мөн хамгийн сүүлийн үеийн технологиор эмчилж байна. Мөн шүдний гажиг засах эмчилгээ зэргийг албан ёсны зөвшөөрөлтэй, мэргэжлийн мэргэшсэн эмчээр хийлгэх хэрэгтэй.

-Хөхнөөсөө гараагүй хүүхдийн шүд хүртэл өвчлөх тохиолдол нэлээд гарч байна. Эхийн сүүнээс, эхийн өвчлөл зэргээс шалтгаална гэж байх уу?

-Эхийн сүүнээс болоод өвчлөөд байгаа юм биш. Эхчүүд төрөхөөсөө, жирэмслэхээсээ өмнө шүдээ эмчлүүлж байж жирэмслэх, хүүхэд төрүүлэх хэрэгтэй. Ээж нь шүдний өвчтэй байсан бол хүүхдийнх нь шүд хоёр ой хүрээгүй байхад шахуу өвчилдөг. Тэгэхээр хүүхэд тээж байгаа эхчүүд шүдний өвчлөл, цооролттой байж болохгүй. Мөн чихэртэй ус, ундаа, чихэрлэг сүү зэргээр угжихад шүд өвчлөх магадлал өндөр.

-Ямар төрлийн оо, сойз хэрэглэх нь зүйтэй вэ. Хүүхдийн оо ихэвчлэн жимсний амттай байдаг. Энэ нь шүдийг хангалттай цэвэрлэж чаддаг уу?

-Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэж, эмчээс тогтмол зөвлөгөө авч бай. Хүүхдийнхээ амны хөндийг сайтар цэвэрлэж, насны онцлогт нь тохирсон, оо сойз хэрэглэх хэрэгтэй. Бага насны хүүхдэд тохирсон амттай, зориулалтын оо хэрэглэж болно. Мөн шүдээ зөв угаах нь маш чухал. Зургаан нас хүртэл хүүхдийн гарын булчингийн хөгжил сул байдаг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ тусалж, шүдийг нь угаалгаж байх хэрэгтэй.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр бороо орно.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Ардын нам үнэхээр зуун мянган төрийн албан хаагчийг халах дээр тулсан уу?” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Төрийн тахилгат хоёр ч том хайрханыг Ерөнхийлөгч маань тахиж ард олныхоо заяа буянг тэнгэрт даатгасан сайхан өдрүүд болж өнгөрлөө. Үүнтэй зэрэгцээд өчигдөр “Рио-2016”-д оролцохоор Монголын тамирчдын маань түүчээ болсон боксын тамирчид Бразилыг зорилоо. “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас та эдгээр мэдээллүүдийг унших боломжтой.

Даваа гариг бүр уншигчдадаа барьдаг “Танайд өнжье” булангаар яруу найрагч Д.Ган-Очирынд өнжсөн тэмдэглэлийг хүргэж байна. Шинэ цагийн дууны шүлгийн нэр мастер гэдгийг уншигчид андахгүй болов уу, Ган-Очир найрагчийг. Мөн хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайн Эрдэнэтийн хувьчлалыг тойрсон асуудлаарх байр суурийг хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс шинэ Засгийн газрын сайд нар тамгаа гардаж авсан тухай болон Турк улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Мурат Карагөзийн “Туркийн ард түмэн ардчиллаа хамгаалан үлдэж чадлаа” ярилцлагыг уншаарай. Харин тавдугаар нүүрнээс Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх ёслол хэрхэн болсон талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын “Ардын нам үнэхээр зуун мянган төрийн албан хаагчийг халах дээр тулсан уу?” хэмээх хоёр нам солигдож төрийн эрх барих болсон өнөө үед ажлаасаа зуу зуугаар халагдаж байгаа төрийн албан хаагчдыг хэн өмөөрөх вэ гэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд халагдсан албан хаагчид “Өдрийн сонин”-д хандахыг уриалж байна хэмээсэн мөрүүд багтжээ.

Сонины зургаадугаар нүүрнээс өчигдөр болсон “Их хурд-7” уяачдын наадмын эргэн тойронд болсон сонин сайхныг уншаарай. Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярт зориулсан Д.Долгорсүрэнгийн ярилцлага хэвлэгдлээ.

Нийгмийн 10 дугаар нүүрэнд Японд очиж улаан лооль, өргөст хэмхийг 2-3 хоногт болцыг нь гүйцээдэг технологид суралцсан Б.Тогтохбаяртай хийсэн сонирхолтой ярилцлагыг уншаарай.

Б.Насанбаяр: “Ус үерлээд ирэхэд зугтахаас биш зогсоно гэж байхгүй юм байна лээ” ярилцлага 11 дүгээр нүүрт хэвлэгдлээ. Энэхүү ярилцлагаас та “Мүүнчин” хэмээн цоллуулж, ажлаа өглөө гэж мэдэгдэж байсан түүний хэвлэлд тэр бүр яриагүй чин сэтгэлийн үгсийг унших болно.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харүмафүжи Д.Бямбадорж Хакүхог давж эзэн хааны цом хүртлээ

Мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүллээ. Тэрээр башёгийн сүүлийн өдөр ёкозүна Хакүхог давснаар 13 даваа, 2 унаатайгаар эзэн хааны цомыг 8 дахь удаагаа хүртсэн байна.

Башёгийн сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн озэки Кисэносато 12 даваа, 3 унаатайгаар башёг өндөрлүүллээ. Кисэносато өнөөдөр Гоэйдог давсан ч Харүмафүжи, Хакүхо нарын барилдааныг хүлээлээ. Хэрвээ Харүмафүжи унасан тохиолдолд нэмэлт барилдаанд түүнтэй барилдах байсан юм. Гэвч Харүмафүжи их аваргыг давснаар эзэн хааны цомыг хүртлээ.

Categories
мэдээ спорт

Улаанбаатар хотод 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна

Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэхүү тэмцээн нь МУБИС-ийн хичээлийн “В” байранд болж байгаа бөгөөд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаар явагдаж байна. Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим тамирчид өрсөлдөж байгаа аж. Тэмцээний эхний өдрүүдэд блиц төрлийн тэмцээн явагдсан бол өнөөдрөөс үндсэн төрөл эхэлжээ.

2016 оны тивийн аваргууд энэ сарын 30-ны өдөр тодорно.