Categories
гадаад мэдээ

Олимпийн тосгон Бразилд үүдээ нээжээ

Бразилын Рио-де-Жанейро хотод болох зуны олимп эхлэхэд 11 хоног үлджээ. Олимпийн наадамд оролцох орон орны тамирчид өчигдрөөс эхлэн Риогийн зүг хүлгийн жолоо залж тамирчид байрлах олимпийн тосгон өчигдөр үүдээ нээжээ. Олимпийн тосгонд 11000 тамирчин, 6000 дасгалжуулагч байрлах боломжтой зохион байгуулагджээ. Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн минут явган алхаад хүрэхээр дөт байрлалтай учир тамирчдад дасгал сургууль, тэмцээндээ хурдан хүрч очих, эргээд өөрсдийн өрөөндөө амрахаар явахад ямар ч түвэггүй аж.

Тамирчдад дээд зэргийн ая тухтай байдлыг хангахын тулд фитнес төв, эрүүл мэнд, соёл урлагийн төв, автомат тоглоомын газар хүртэл байгаа аж.

Түүнчлэн Бразил улсад тархаад буй Зика вирустэй холбогдуулан өрөө болгонд агааржуулагч байрлуулжээ. Наймдугаар сар бол Бразилд өвлийн улирал эхэлчихсэн байх үе. Уг нь энэ үед агааржуулагч хэрэглэх шаардлагагүй байдаг юм байна.

Мөн тамирчдад зориулан 450 мянган бэлгэвч бэлджээ. Тамирчин тус бүрт 42 ширхэг бэлгэвч оногдох аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Энэ оны эхний хагас жилд 249 хүний амь нас хохирчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, ахлах референт Э.Өлзийлхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референт Т.Түмэнцэцэг нар оролцож, “Шүүн таслах ажлын 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ” сэдвийн хүрээнд мэдээлэл хийв.

ШЕЗ-өөс мэдээлж буйгаар энэ оны эхний хагас жилд шүүхэд нийт 2590 гэмт хэргийг хүлээн авнаас 2636 хэргийг хянан шийдвэрлэж, 2971 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсан байна. Энэ оны эхний хагас жилд улс, иргэнд 8 тэрбум 236 сая 309 мянга төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 249 хүний амь хохирч, 1124 иргэний биед хүнд болон хөнгөвтөр гэмтэл учирсан байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 33 мянга 254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21 мянга 242 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь 6 хувиар өссөн байна. Үүнд худалдах-худалдан авах гэрээний маргаан, зээлийн гэрээний маргаан өссөн нь голлон нөлөөлжээ.Шүүхийн үйл ажиллагааг хөнгөвчлөх иргэдийн маргаанаа шуурхай шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зохион байгуулах болсон. Энэ оны эхний хагас жилд эвлэрүүлэн зуучлагчид 5695 маргааныг шийдвэрлэсэн байна. Үүнээс 4023 маргаан буюу 70.6 хувьд нь эвлэрэл амжилттай болсон бол 1672 маргаан буюу 29.4 хувьд нь эвлэрэл амжилтгүй болжээ.

Шүүхэд ирсэн сонгуулийн үеийн маргааны дийлэнх хувийг сурталчилгаатай холбоотой зөрчил эзэлсэн байна. Тухайлбал сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, мөн сурталчилгааны самбар буулгасан зэрэг зөрчил иржээ. Мөн нэрсийн жагсаалттай холбоотой, тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн маргаан ихээр ирсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд сонгуультай холбоотой 159 маргаан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Үүний 90 хувийг буюу 140 хэргийг хянан шийдвэрлэжээ. Харин үлдсэн 10 хувийг хянан шийдвэрлэж байгаа аж. Улсын дээд шүүхэд сонгуультай холбоотой 15 маргаан ирснийг хянан шийдвэрлэж байгаа юм. Эдгээр маргаан нь аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуультай холбоотой юм байна. Ирсэн маргааныг төрлөөр нь ангилбал, захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн өмнө “нэрсийн жагсаалтад бүртгэхийг даалгах, бүртгэлээс хасуулах, тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэл голчлон иржээ.

Сонгуулийн дараа “Түр үнэмлэх олгосон тогтоолыг хүчингүй болгох, тойрогт шилжиж ирсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүчингүйд тооцуулах, санал хураалтыг хүчингүй болгох” зэрэг нэхэмжлэл ирсэн байна. Тэгвэл захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн маргаантай холбоотой 72 нэхэмжлэл иржээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 87 маргаан ирсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат дөрвөн сайдаа зөв сонгож, зангаргаа харуулж чадах уу

МАН-ын Удирдах зөвлөлөөс 15 сайдын нэрсээ тодруулж Ерөнхийлөгчид өргөн барьсан боловч АТГ-ын шийдвэрээр ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дөрвөн сайдын нэрсийг буцаан татсан билээ. Шинээр томилогдсон 11 сайд тамга тэмдгээ гардан авч үүрэгт ажилдаа орсон боловч үлдсэн дөрвөн сайдын нэрсийг МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулж ирээгүй л байна. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөртөө багтаан хуралдаж, дөрвөн сайдаа тодруулахаар цаг товложээ. Гэхдээ одоогоор хуралдаан эхлээгүй байна.

Харин одоо дөрвөн сайддаа хэн, хэнийг нэр дэвшүүлэх вэ?. Эндээс Ерөнхий сайдын зангараг, эрх мэдэл илүү тодорно гэж харах улстөрч олон байна. Хэвлэлүүдийн таамгаар Эрүүл мэндийн сайдад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Төмөрбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхэлжээ. Гэхдээ МАН-ын зүгээс өгч буй мэдээллээр дөрвөн сайдыг бүгдийг парламентын гаднаас санал болгоно гэсэн зарчмыг Ерөнхий сайд барьж байгаагаа тодотгожээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Төрийн тахилгат Сутай хайрханд ард түмнийхээ заяа буяныг даатгажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ: “Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн түмэн олон иргэд ээ,

Та бүхэндээ дэлгэр зуны шидийн барилдлагат сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлж, санасан гэгээн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье. Төв Азийн атираат өндөрлөг – Монгол Алтайн нурууны үзэсгэлэн төгс байгалийн үлэмж чанарыг шингээсэн Сутай хайрханыхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг гурав дахь удаагаа хийж, уулынхаа эзэн тэнгэр, лус савдгийг урин залж, аргадан тахиж байна. Бид өнөөдөр хайрхандаа өчлөө өчиж, сацлаа цацаж, хүсэл эгээрлээ бас даатгаж байна.

Монгол түмний эртнээс үйлдэж ирсэн уулын тэнгэр тайх ёслол нь манай ард түмний орчлон ертөнцийн гүнзгий, далд чанадын зүй тогтол, жам ёсыг танин барьж, ухааран ойлгож, улмаар түүнд аж амьдрал, ахуй нөхцөлөө зохицуулж ирсэн гүн ухаан, ёс жудаг, заншил бэлгэдлийн цогц үйлдэл билээ.

Байгалийн жам хатуу гэж бидний өвөг дээдэс ярьдаг, хэлцдэг. Үнэхээрч тийм. Байгалийн шалгалт шүүлт хэцүү. Авахаа авдаг, өгөхөө өгдөг, ивээхээ ивээдэг, шийтгэхээ шийтгэдэг. Байгалийн хууль бас шударгуу. Үүнийг манай ард иргэд, малчин түмэн сайн мэднэ.

Иймээс байгаль бол хамгийн шударга шүүгч мөн гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Уулын тэнгэрт хүндэтгэл үзүүлж буй энэ ёслол бол цаад утгаараа байгаль хэмээх шударга шүүгчид хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм аа. Иймийн учир урин залсан уулын тэнгэр, лусын эзэддээ тахилын дээдийг өргөн барья, тансаг үнэртэнг асаан өргөе, алдрын магтаал, ариун номын дууг сонсгон баясгая, буянт сүргийн манлай халуун хошуутаа зүслэн өргөе. Булт олноороо сүслэн мөргөе.

Тахил өргөлийг таалан болгоож, төр улс, түмэн олны хүсэл айлтгалыг болгоон соёрхоно уу.

Хөх монгол хөвчин дэлхийд хөгжин дэвжихүйн зохилдох нөхцлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хааж, хамаг олныг амаржуулж, эрхт төрийг бататгаж, тэнгэр заяат Монгол түмнийхээ насан хутгийг нэмж, аман хишгийг аривтгаж, золбоо хийморийг бадрааж, зүрх зоригийг чангалж, тив дэлхийд алдаршуулан дуурсгах тэнхээлэг их авьяас ухаан, эрч хүч, эрдэм чадлыг ивээн соёрхож хайрлана уу. Уул, усны молхи жаахан үр сад биднийгээ ханхийх ханиадгүй, тонхийх томуугүй байлгаж, ган гачиг, зуд турхан, гамшиг зовлон бүхнээс ангид байлгахыг эгээрч буйг минь таалалдаа авна уу.

Эрхэм хүндэт иргэдээ,

Сутай хайрханы тахилгын сангийн сударт “Онгон дагшин газрыг ухаж, уул хайрханыг урвуулсан хийгээд ой модыг огтолж, ус мөрнийг булингартуулсан тэргүүтэн ойшоож эс мэдсэний эрхээр тэнгэр, лус савдагтаа омтгой хорлол, осол харшлал алин үйлдсэн бүхнээ илчлэн наманчилму” хэмээжээ. Эртний энэ өчил, наманчлалыг энэ өдөр давтан айлтгая аа. Ингэснээр “Сутай ханы сан”-гийн судар болоод өдгөө үйлдэж буй төрийн тахилгын ёслолын утга санаа нэгэн мөн чанарт нэгдэн нийлж байна.

Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн. Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай. Нэг талаас, энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой болой. Өргөн уудам нутагтаа өнө эртнээс аж төрж ирсэн нүүдэлч удмын Монгол түмний ахуй амьдрал, аж төрөх ёс бол байгаль орчинд хамгийн ээлтэй амьдралын хэв маяг билээ. Монгол түмэн маань олон зууны турш байгальтайгаа зохицож, уул ус, газар нутгаа хамгийн ихээр хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай, бахархал гавьяатай хүмүүс. Чухамдаа бол манай ухаант өвөг дээдэс маань байгаль орчноо хамгаалах, түүнтэй зүй зохистой харилцах соёлоороо эх дэлхийн манлайлагчид байж ирсэн юм. Өнөөдөр энэ үүрэг Та бидэнд оногдож байна.

Өдгөө дэлхий дахинаа төдийгүй Монгол дахь уул уурхайн хөгжлийг дагаад байгальд ээлтэй манай уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа. Иймд байгаль орчны талаарх бодлого Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болоод байна. Бодлого, хууль, журам боловсруулж мөрдөх нэг хэрэг. Хамгийн гол нь энд төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хэн боловч бодит хувь нэмрээ оруулж, байгаль дэлхийдээ буянт үйлийг санаачлан хийх нь чухал юм. Нутаг усандаа эзэн байх гэдэг уул усныхаа нэр алдрыг дуурсгах буянт сайн үйлийг бүтээх явдал мөн.

Бодолгүй, болгоомжгүй хийгээд байгальд хэт шуналын үүднээс хандвал эцэг тэнгэр, этүгэн эх биднийг өршөөхгүй. Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал ээл ивээлээ хайрлана, эс тэгвэл ширвэж шийтгэнэ. Хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлагын оньс аньс нь энэ билээ. Үүнийг одоо л ухаарч сэхээрч, засч залруулах, буруу бусчир үйлдлийг таслан зогсоох учиртай. Алив зан үйлийн чиг нь цагаан байваас үйлдэл нь зөв байдаг, аливаа үгийн утга нь зөв байваас үйл нь цагаан гардгийг бүү мартаарай. Басхүү сануулахад, аливаа соёлт хүмүүний үйлдэл, хөдлөлийн илэрхийлэл нь олны дунд байхдаа ч, орь ганцаар суухдаа ч нэг л байвал зүгээр. Зүйрлэвээс, хүмүүн бид хайрхан ууландаа байхдаа ч, хажуу хормойд нь оршихдоо ч түүнд зөв хандах хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах талаар хийх ажил бидэнд их байна.

Төрийн тэргүүн миний хувьд мод тарих үндэсний өдөртэй болгох зарлиг гаргаж, байгаль орчинд ээлтэй, хүн ардад өгөөжтэй уул уурхайг хөгжүүлэх бодлогыг баримтлах санаачлага гарган, Засгийн газарт чиглэл өгч ажиллаж байгаа. Байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах соёл, хүрээлэн буй орчны талаарх уламжлалт болон орчин үеийн мэдлэг боловсролыг хүүхэд залуус, хүн ардад хүргэх иргэний боловсролын иж бүрэн тогтолцоог бий болгохыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэ дашрамд хэлэхэд тахилгын ёслолтой холбогдуулан хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг орон нутагтаа өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү. Залуучууд минь хичээгээрэй.

Энд хуран цугласан ахан дүүс ээ,

Уламжлал ёсоороо Та бид өнөөдөр уул усны эзэд, хайрханы тэнгэрт адислаж, ариусган бэлтгэсэн идээ тахил, бясалгаж бүтээсэн ном тарни, ариун цагаан сүү, айраг тараг, амтат идээ, зоог шүүс, цайны дээжээ сүслэн өргөе. Сайн хүсэл, сайн үйлсээ шившин даатгая. Жудаг ёсоо дагаж тахилга, тайлгаа журамтай сайхан үйлдэн ёслоцгооё.

Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг дэлбэг, ажил үйлс арвин, амжилттай сайн байдаг гэж үздэг. Өвөг дээдэс маань хүмүүн төрөлхтөнийг хүрээлэн буй далд ертөнцийн нөлөөллийг мэддэг байжээ.

Тэнгэр газар тэтгэж, нар хур тэгшрээд Алтай нутагт сайхан зун болж байна. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Түүнчлэн Монгол эх оронд маань бөмбөрцгийн нийт хүн амын 62 хувь нь амьдардаг Ази, Европ хоёр тивийн дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай боллоо. Олон улсад сайн харилцаатай, сайн нэртэй байх нь Монголын эрх ашигт нийцнээ. Хоёр хөрштэй Монгол 200 улстай нөхөр байх учиртай. Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно.

Тэнгэр биднийг ивээж байнаа. Байгаль дэлхийтэйгээ хамт ард олны сэтгэл тэнүүн, хүсэл өөдрөг, бүтээл арвин байна.

Алтайчууд Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэлээд хэмжээгээр өсгөж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулжээ.

Монгол хүн бүр ханагар сүрлэг Алтайн уулс адил орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.

Сутай хайрхан минь аху төр, ард олноо үеийн үед ивээх болтугай.

Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.

Хурай, Хурай, Хурай” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргил сонгогджээ

Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг томилжээ. Оргил нь 1979 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн бөгөөд ШУТИС-ийн Эрчим хүч, инженерийн сургууль, Их засаг их сургуулийг тус тус дүүргэжээ.

2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, 2008 оноос өнөөдрийг хүртэл Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллажээ. Тэрбээр “Надад өндөр итгэл найдвар хүлээлгэн аймгийн Засаг даргаар сонгосон нь их хариуцлага хүлээлгэж байгааг ухамсарлан өөрийн мэдлэг, чадвар, амьдралаас олсон туршлага бүхнээ Сэлэнгэ аймгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхэд бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллах болно” гэлээ. Мөн тэрээр энэхүү амлалтаа та бүхнийхээ дэмжлэг, туслалцаанд тулгуурлан хэрэгжүүлнэ гэжээ.

Categories
мэдээ спорт

Б.Тэгшбаяр: Асгатын сургуулийн Т.Арслан багш намайг дугуйн спортод хөтөлж оруулсан

Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртсэн билээ. Тэрээр 1998 оны зургадугаар сарын 1-нд Сүхбаатар аймгийн Асгат суманд төржээ.

Дэлхийн аварга маань дугуйн спорттой холбогдсон түүхээ сонирхуулж, “Анх гурван настай байхад эмээ надад дугуй авч өгч байлаа. Харин Асгат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Т.Арслан анх намайг дугуйн спортод хөтөлж оруулсан гэж хэлж болно. Би анх 2011 онд Т.Арслан багштайгаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлсэн, түүнээсээ их урам авч байлаа. Манай гэрийнхэн намайг маш их дэмждэг. Аав, ээж хоёр минь жил бүр шинэ дугуй авч өгдөг байсан. Тэднийхээ ачаар өдий зэрэгтэй явж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Мөн “Би залуучуудын ДАШТ-д бөөн гараа, оноот уралдаан болон ганцаарчилсан хөөх уралдаанд оролцсон. Эдгээр төрлийн бөөн гараатай буюу 10 км-ийн уралдаанд түрүүллээ. Энэ төрөлд нийт 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медаль авсан. Харин би алтан медалийг хүртэж дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсондоо баяртай байна. Дэлхийн олон орны шилдэг тамирчид ирж оролцсон учраас тэмцээн их өрсөлдөөнтэй болсон” гэж тэр нэмж тодотгосон байна.

Энэ удаагийн ДАШТ-нд бусад тамирчдаас хол тасархай түрүүлж барианд орох зорилготой байсан гэнэ. Мэдээж, зорилгодоо хүрч, хол тасархай түрүүлж барианд орох тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан гэжээ.

“Монгол яллаа” гэж зарлахад өөрийн эрхгүй нулимс урсчихсан. Дугуйны аваргад өгдөг цамцыг өмсөхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биеллээ. Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудас нээгдэж байна.” Хэмээн шинэ аварга маань ярьжээ.

Б.УРАН

Categories
мэдээ улс-төр

​Сүхбаатар аймгийн шинэ Засаг дарга ажлаа хүлээн авав

“Унтаад сэртэл ажлаас чөлөөлчихөж” хэмээн олон нийтийн сүлжээнд “гомдлоо” илэрхийлээд авсан Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлаа өгчээ. Түүний оронд тус аймгийн Засаг даргаар Занын Энхтөр томилогдож, өнөөдөр тамгаа гардан авсан байна. З.Энхтөр нь аймгийн намын хорооны дэд дарга байсан юм.

Өмнөх Засаг дарга Ж.Батсуурь “Найман жил зүтгэсэн хамт олныхоо өмнө ажлын өдөр тамгаа өгнө” хэмээн “гүрийж” ийн өнөөдөр алба солилцжээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдааныг лхагва гаригт хийж байхаар шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар шийдвэрлэжээ.

Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан билээ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо. Гомбожав овогтой Отгонбаяр нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр.

Сэтгүүлзүйн салбарт 1999 оноос хойш “Өдрийн сонин”-д сэтгүүлч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, анализ PR-ын “iToim” агентлагийн захирлаар ажиллаж байсан юм. Г.Отгонбаяр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг бөгөөд “Балдорж” шагналт нийтлэлч.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь Б.Цээпил, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболд нар ажиллаж байсан. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, зорилго нэг учраас нэг алба болгон даргаар нь нийтлэлч Г.Отгонбаярыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бүрэнтөгсийг түрүүлэхэд бүчиж байлаа. Эхэр татан уйлахад эргэн тойронд нь хэн байв?

Өнөө жилийн наадмын халх дөрвөдийн талцал, эх захгүй хийрхэл, шороотой арслан, өвдөг тохойны маргаан тийм ч сонин биш санагдана. Болдог юм болдгоороо, монгол төрийн наадам үзүүштэй сайхан боллоо. Харин соёл, спортыг хариуцаж байсан сайд бүсгүй “Энэ сайхан бөх эхэр татан уйлахыг харах яасан хэцүү юм бэ” гэж санаа алдсан шиг гунихрал эрхгүй төрөв.

Бүрэнтөгсийг төрийн наадмын манлай болоход наадамчин олон “Улсын цолгүй бөх шууд түрүүллээ. Монгол бөхийн түүхэнд ховор заяах тохиол” гэж шагшиж байлаа. Үндэсний бөхөөр дамжуулж монгол ёс уламжлал, соёл түүхээ бид ингэж дээдэлдэг. Залуу арсланг “Увс нуур” дэвжээний бөхчүүд тал талаас нь бүчээд, бүгд л нүдэндээ нулимстай үнсэж байлаа. Нутгийн бөх түрүүлэхэд баярлахгүй хэн байхав. Гэвч тэрхүү баяр хөөр, хайр хүндэтгэл, нулимс үнэндээ цаг зуурынх байжээ. Бүрэнтөгс энэ жил баталлаа.

Цэнгэлдэх дүүрэн олон өрсөлдөгч бөхийг нь дэмжиж, өөрийг нь “хас” хэмээн орилолдож, наадамчдын эсэргүүцэл усны урсгал шиг давалгаалан ирэхэд хорин хэдтэй залуу тэсч чадаагүй. Яалт ч үгүй эхэр татан уйлсан. Гэтэл давахад нь далдганан баясаж байсан хүмүүс яав. Нүдэндээ нулимстай үнсэж үнгэж байсан нутгийнх нь бөхчүүд хаачив. “Хүний хуучин дээлийн шинэ” гэдэг шиг Одгэрэл заан л гүйж очин, эхэр татан мэгшсэн ханагар эрийг түшиж зогссон. Тухайн агшинд “Амьдрал яг үнэндээ ийм худлаа ш дээ” гэх зүйл бодогдож билээ.