Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр боллоо

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөрийг томилжээ. Т.Гантөмөр нь өмнө нь БЗД-ийн Засаг дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн МАН-ын бүлгийн дэд даргаар албыг хашиж байлаа.

Т.Гантөмөр нь:

-1999-2004 Удирдлагын академи

-1997-1999 ТЗУХ институт

-1991-1993 Улс төрийн их сургууль

-1977-1982 Анагаах ухааны дээд сургууль

-2001 МУИС- ХЗСургуулийг тус тус дүүргэсэн удирдахуйн ухааны доктор (Ph.D), хүний их эмч, улс төр судлаач, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй юм байна

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-аар ажилласан МХЕГ-ын байцаагч нарын хөдөлмөрийг үнэлжээ

Монгол Улсад болсон Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахад идэвхи зүтгэл, санаачлага гарган ажилласан байцаагч нарынхаа хөдөлмөрийг үнэлж МХЕГ-т өнөөдөр салбарын хүндэт тэмдэг, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Уг ёслолын арга хэмжээг нээж МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Монгол Улсад АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулахад Мэргэжлийн хяналтын байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэж байна. Олон улс, дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулахад та бүхэн идэвх зүтгэлтэй зарим үед нойр хоолгүй байсан ч нэгэн сэтгэлээр ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн удирдлагууд онцгойлон тэмдэглэж байсныг дурдахад таатай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Талархал”-ыг нэр бүхий 30 хүнд гардуулсан бол МХЕГ-аас Монгол Улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ажилласан ажилтнуудаасаа 35 хүнийг “Улсын хяналтын тэргүүний ажилтан”, 32 ажилтныг “Ерөнхий газрын жуух бичиг”-ээр шагнав.

Мөн энэ үеэр хамтран ажилладаг төрийн байгууллагууд ч Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулсан юм. Үүнд: Онцгой байдлын ерөнхий газрын “Хүндэт жуух”–ыг улсын /ахлах/ байцаагч таван хүн гардсан бол Цөмийн энергийн комиссын ажлын албаны “Өргөмжлөл”-ийг гурван ажилтан хүртлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хятадад хар тамхи тээвэрлэсэн хэргээр шийтгэгдсэн монгол иргэнийг монголд шилжүүлэв

Монгол Улсын иргэн О нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжийн рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Тэрбээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Ялтан О-г өчигдөр хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авч иржээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ өнөөдөр шинэ байрныхаа шавыг тавьжээ

Өнөөдөр морин цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын албан хаагчдын орон сууцны барилгын шав тавих арга хэмжээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт болжээ.

Тус арга хэмжээнд ШӨХТГ-ын удирдлага, хамт олон болон бусад хүмүүс оролцжээ. Шав тавих ёслолд Дашдаржаалин хийдийн лам хувраг нар оролцож ном уншиж сан тавьжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2056 төгрөг боллоо

Денежные купюры, архивное фото

Тав, зургадугаар сард буураад байсан долларын ханш зургадугаар сараас өсч
эхэлснээр нэг ам.доллар 2056 төгрөгтэй тэнцээд байна. “Найман шарга” зах дээр нэг ам долларыг
2056 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2057-2058 төгрөгөөр зарж
байна. Долларын ханшийн улсын төсөвт 2030 төгрөгөөр тооцож суутгасан бөгөөд эдийн засагчдын зүгээс төсвийн тодотголыг яаралтай хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж
байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга “Рио”-г зорьжээ

УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хилээр гарах эрхийг хязгаарласан тухай мэдээлэл гараад байсан. Тэгвэл түүний Риогийн олимпод холбооныхоо баг тамирчидтай хамт явах хүсэлтийг харгалзан, Нийслэлийн прокурорын газраас хилийн хоригийг нь түр цуцалсан байна.

Энэ тухай эх сурвалж хэлэхдээ “Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпид оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж, хилийн хоригийг Нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан байгаа. Хэрэгт Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газраас хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй”Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг Нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 28-наас эхлэн нийт нутгаар хэт халахыг ОБЕГ-аас анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 25-нд Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.

Мөн энэ сарын 28-наас эхлээд нийт нутгаар халах төлөвтэй байна.

Иймд: Иргэд та бүхэн бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.

Усархаг бороо орсны улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх, гол, усыг гатлахдаа батлагдсан зам, маршрутаар гарах, усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх, тогтоол усанд орохгүй түүний ойр орчим байрлахгүй байх, айл, өрхүүд орон гэр, хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, хүчтэй салхинаас хамгаалж даруулга, бэхэлгээ хийхийг зөвлөж байна.

Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

2025 он гэхэд Дубайд барилгын 25 хувийг 3D технологиор байгуулна

Арабын нэгдсэн Эмират улсын “The National” сонинд мэдээлснээр, саяхан тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухаммед Бин Рашид Ал Мактум “Дубайн хөгжлийн хөтөлбөр”-ийн нэг хэсэг болох шинэ технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Төлөвлөгөөнд 3D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи зэргийг түлхүү хөгжүүлэх тухай асуудал чухал байр эзэлж байна.

3D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи хоёр бол шинжлэх ухааны салбарын хувьсгалын чанартай технологи гэж хэлэхэд буруудахгүй. Энэ хоёр салбарыг түлхүү хөгжүүлж, Дубайг дэлхийн инноваци, шинэ технологийн төв болгох нь бидний гол зорилго гэж Мухаммед Рашид Ал Мактум ярьж байлаа.

Тэр “3D хэмжээст хэвлэлийн технологийг голлон барилга байшин, эм эмнэлгийн салбарт ашиглаж, 2025 он гэхэд Дубай хотын бүх барилгын 25 хувийг 3D хэмжээст хэвлэлийн технологиор байгуулна. Үүгээр дамжин барилгын материал, хүний хүчийг хэмнэн, үр ашгийг дээшлүүлнэ” гэжээ.

2030 он гэхэд Дубайн нийт авто замын 25 хувьд нь жолоочгүй авто машин зорчих болно гэж Мухаммед танилцуулсан юм.

Categories
мэдээ спорт

МУГТ М.Уранцэцэг эхний өдөр жудо бөхийн тамирчдын салхийг хагалан барилдана

“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын жудо бөхийн тэмцээний эхний өдөр наймдугаар сарын 6-нд жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингүүдийн барилдаанаар эхэлнэ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг барилдана. Тэрбээр А хэсгийг тэргүүлэн барилдвал дэлхийн чансааны оюутны Универсиад наадмын аварга БНСУ-ын бөх Жеон Бо-Кюүньтай нэг хэсэгт орно. Хэрвээ В хэсгээ тэргүүлбэл олимпийн аварга Бразилийн Сара Менезес, Испаний Жулия Фигуроа нарын хэсгийн ялагчтай хагас шигшээд өрсөлдөх боломжтой аж.

Харин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэг 2014 оны дэлхийн аварга Японы Ами Кондотой D хэсэгт өрсөлдөхөөр болжээ. 2016 он гармагц дөрвөн тэмцээнд түрүүлээд амжсан Г.Отгонцэцэг Парисын Гранд Сламд А.Кондог өчих мэхээр ялаад байгаа. Уг жингийн С хэсгийг өнгөрсөн оны дэлхийн аварга Аргентиний Паула Парето тэргүүлэн барилдах бөгөөд чансааны #7 Унгарын Эва Серновски нэг хэсэгт хуваарилагдах учиртай. Улмаар үлдсэн тамирчид сугалаагаар шидэгдэн хэсэгт хуваагдах бөгөөд олимп, дэлхийн медальт Бельгийн Чарлин ван Сник, ОХУ-ын Ирина Дольгова, Кубын Даяарис Местре Алварез, Францын Лаетитиа Пайе нар “топ-8”-тай доогуур даваанд учраа таарч хэнийг нь ч сөхрүүлэх магадлалтай билээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн Рио-2016 олимпийн хуваарь

Рио-де-Жанейро хотын “Olympic Training Center – Hall 3” спортын ордонд болох Зуны олимпийн наадмын сонгомол чөлөөт бөхийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй 68 орны 349 бөх 18 багц медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Наймдугаар сарын 17, Лхагва гариг


Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 18, Пүрэв гариг


Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 19, Баасан гариг


Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 74 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 20, Бямба гариг


Эрэгтэй чөлөөт бөхийн 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 – 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 – 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол

Наймдугаар сарын 21, Ням гариг


Эрэгтэй чөлөөт бөхийн 65, 97 кг-ын жингүүдийн барилдаан

  • 8.30 – 11.15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 12.45 – 15.15 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан,медаль гардуулах ёслол