Categories
мэдээ цаг-үе

Б.Туул: Сургуулиа төгсч ирээд Ю.Цэдэнбал даргад хромон гутал хийж өгч байлаа

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Туул” сургалтын төвийн багш Б.Туултай ярилцлаа.

-Аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсонд баяр хүргэе. Гутлын салбараас урьд нь гавьяат ажилтан төрж байв уу?

-Баярлалаа. Монголд гутлын үйлдвэр байгуулагдаад 83 жил болж байна. Гэвч энэ салбараас урьд нь нэг ч гавьяат төрж байгаагүй. Би анхдагч нь болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч надад гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Чи нөгөө гутал Туул мөн биз” гэж асуусан. Бодвол Ерөнхийлөгчийн гутлыг миний шавь нарын нэг хийж байхдаа багшийнхаа тухай ярьсан байх.

– “Гутал Туул” гэх нэрийн эзэн болтлоо энэ салбарт 30 гаруй жил зүтгэжээ. Ер нь яагаад гутал хийхийг тэгтлээ их хүсэх болов?

-Би 1961-1971 оны хооронд Улаанбаатар хотын Лаборатори нэгдүгээр дунд сургуулийн математикийн ангийг төгссөн юм. Тухайн үед би сурлага сайтай хүүхэд байсан болохоор гадаадын бүх хуваарь миний өмнө нээлттэй байсан л даа. Би айлын ганц охин учраас ээж эмч болгохыг хүссэн. Харин аав “Манайх мал аж ахуйн орон. Тийм болохоор мал аж ахуйтай холбоотой мэргэжил сонго” гэж зөвлөсөн. Тэгээд Москвагийн хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийн “Арьсан эдлэлийн загвар зохион бүтээх инженер” мэргэжлийг сонгосон. Сурч байхдаа гутлын загвар зохион бүтээгч инженерээр мэргэшиж Монголын анхны гутлын инженер болж байлаа. Одоо бодоход аав минь алсын хараатай, их ухаантай хүн байж дээ.

-Төгсөж ирмэгцээ Ю.Цэдэнбал даргын гутлыг хийх хүндхэн даалгавар авч байсан юм билээ. Тэр тухайгаа дурсаач?

-Намайг 1979 онд сургуулиа төгсөөд ирэхэд Төв хороонд миний талаарх мэдээлэл оччихсон байж. Тэгээд би Ю.Цэдэнбал даргын өрөөнд дуудагдаж хөлийнх нь хэмжээг авах боллоо. Гэтэл Ю.Цэдэнбал даргын хөл боомоороо маш өргөн, тагжгар жижигхэн хөлтэй байсан. Ядаж байхад зүүн хөл нь баруунаасаа 20 мм богино байсан тул явалтыг тэгшлэх хэрэгтэй гэсэн даалгавар өгсөн юм. Би бүгдийг ёсчлон биелүүлж 100 хувь арьсан, хар хромон гутал хийж өгч байлаа.

-Гутлын салбарт анх удаа докторын зэрэг хамгаалжээ. Ямар сэдвээр доктор хамгаалсан бэ?

– Миний хувьд Москвад гутлын загвар зохион бүтээгч, профессор Юрий Петрович Зипиний шавь болж хоёр жил тэр хүнээс суралцсан. Үүгээрээ бахархаж явдаг.Тэгээд эрдэм шинжилгээний төвд монгол хүний хөл судлалаар доктор хамгаалж, гутлын үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажиллаж байлаа. Мөн арав гаруй жил дээд сургуульд багшилж, гарын сурах бичгээ гаргасан. Дараа нь европ гутлын мэргэжлийн ажилчин бэлтгэх сургалт тасраад байсныг сэргээж европ гутлын “Туул” мэргэжлийн сургалтын төвөө 2008 онд байгуулсан. Нэг үгээр хэлэхэд гутлаараа амьсгалж, гутлаар амьдарч, нэг насаа гуталд зориулж явна.

-Та монгол хүний хөлийн бүтцийг судалж, монгол хүнд тохирох гутал хийх технологийг нэвтрүүлсэн. Бидэнд ямар гутал хамгийн тохиромжтой вэ?

-Миний багш Ю.П.Зипин бол гутал зохиох үндсэн томьёог боловсруулсан хүн. Итали, чех гутлыг дандаа Зипиний томьёогоор хийдэг. Энэ томьёон дээр би монгол хүний хөлийн онцлогийг тусгаж чадсан. Монгол хүний хөлийн анатоми бүтцийг судалж үзэхэд хятад, япон, европ хүнийхээс өөр байсан. Тухайлбал, боомоороо өргөн, яс том хэрнээ богино байдаг. Үүн дээр үндэслээд их дээд сургуульд зориулан анх удаа монгол хүний хөлийн онцлогт тохирсон европ гутлын зохион бүтээлтийн аргачлалыг нэвтрүүлж, “Гутлын загвар зохион бүтээлт” сурах бичгийг гаргасан. Монголчууд хөлийнхөө онцлогт тааруулж гутал өмсдөггүйгээс эвэршилт, хавтгайралт үүсдэг тал бий. Хүний тавхай амьсгалдаг. Хятадууд хүний эрүүл ахуйд тохирохгүй, янз бүрийн цавуу, хуванцар эдлэл, хиймэл материалаар гутал хийдэг. Энэ нь тавхайн амьсгалах бүх орчинг хаадаг эрсдэлтэй. Үүнээс болж мөөгөнцөр, хөлийн янз бүрийн өвчин үүсдэг юм. Харин малын арьс хүний хөлийн тавхайд хамгийн тохиромжтой. Арьсаар хийсэн гутал л өмсөх хэрэгтэй байгаа юм.

-Таныг хорих 409 дүгээр ангид гутлын үйлдвэр байгуулсан гэж сонссон. Яагаад хорих ангид үйлдвэр байгуулъя гэж бодсон юм бэ?

-Хорих ангид хоригдож байгаа хүмүүс үйлдвэрт ажиллаж, норм биелүүлдэг талаар гадаадын кинон дээрээс бид үздэг. Эндээс надад хорих ангийн хүмүүс яагаад өөрсдийнхөө гутлыг өөрсдөө хийж болдоггүй юм гэсэн бодол төрсөн. Миний санааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр анги дэмжиж, улсаас үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн. Тэгээд би хориос дээш жилийн ялтай 30 хүнд сургалт явуулж, үйлдвэрийн ерөнхий инженерээр баруун гарын шавь О.Тэмүүжингээ томилсон юм. Одоо тэнд өдөрт 150 хос гутал хийдэг.

-Та Урлах эрдмийн дээд сургуулийн гутлын ангийг байгуулж, ШУТИС-ийн гутлын ангид багшилж байсан. Мөн “Туул” сургалтын төвийг байгуулсан …?

-Би их сургуульд багшилж байхдаа юу ажсан гэхээр арван долоо, наймтай охид хөвгүүд гутлын загвар зохион бүтээлтийн ангид орж ирэхдээ төлөвшөөгүй байдаг. Тэд дөрвөн жил сурч төгссөн ч гутлын үйлдвэр байгуулдаггүй. Үүнийг хараад надад нэг бүтээлч санаа төрсөн. Бид үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бодол миний дотор буцалж байсан болохоор “Туул” сургалтын төвөө байгуулсан юм. Би гутлын үйлдвэр байгуулах хүсэлтэй, аль хэдийнэ төлөвшчихсөн 27 настай, 45 настай хүмүүст нь өөрийн мэдэх, чадах бүхнээ зааж өгье гэж бодсон. Манай сургалтын төвд тавдугаар ангийн боловсролтой хүн ч ирээд гутал хийж сураад явсан удаа бий. Намайг зорьж ирсэн хүмүүсээс “чи дээд сургууль төгссөн үү” гэж би асуудаггүй. Харин “чи сонирхож байна уу, гутал хийж чадах уу” гэж л асуудаг. Чадна гэвэл “давай” гэж хэлдэг.

– “Туул” сургалтын төв үйл ажиллагаагаа эхлүүлээд найман жил болжээ. Энэ хугацаанд хичнээн хүнийг ажлын байртай болгов?

– Манай сургалтыг төгссөн хүмүүс гутлын загвар зохион бүтээлт, технологи, эсгүүр, уллагаа гээд цогц мэдлэгийг эзэмшиж, гутлын үйлдвэр байгуулах хэмжээнд хүрч чаддаг. Энэ хугацаанд би 300 шахам гутлын инженер, үйлдвэрийн эзнийг төрүүлжээ. Тэд маань мянгаад хүнийг ажлын байртай болгосон байна. “Best shoes”, “Хос аз”, “Бибс коллекшн” гээд гутлын том үйлдвэрүүдийн эзэд нь дандаа миний шавь нар. Миний итали аргаар зохион бүтээдэг европ стилийн гутлын технологийг сурч, гутлын үйлдвэр байгуулах хүсэлтэй хүмүүс намайг зорьж ирдэг. Миний ажлын үр дүнг нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэгчдийг төрүүлээд байгаад оршиж байна. Энэ хөдөлмөрийг минь үнэлж гавьяат ажилтан болгосон болов уу гэж бодож байна.

– Гутлын үйлдвэрүүд түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хятадаас оруулж ирдэг. Бид Хятад руу дутуу боловсруулсан арьсаа гаргадаг. Урд хөрш буцаагаад манайх руу экспортлохдоо маш үнэтэй зардаг. Үүн дээр л улс анхаармаар санагддаг. Үндэсний үйлдвэрлэлээ дотроо дэмжээд арьсыг бүрэн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлбэл гуталчдад, жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд маш их нөөц боломж байна.

– Та нэгэн ярилцлагадаа “Би улсдаа өртэй хүн” гэж хэлсэн байна лээ. Та “өрөө” төлж дууссан уу?

– Би социализмын үед улсын зардлаар энэ сайхан мэргэжлийг үнэгүй эзэмшиж Монголын анхны гутлын инженер болсон. Энэ ч утгаараа хойч үедээ, өнөөгийн залууст монгол хүний дөрөө даах, монгол хүний хөлийн онцлогт тохирсон гутал хийх аргыг өвлүүлж өгөхийг хүсдэг. Хэрвээ би заахгүй бол гэмт хэрэг хийсэнтэй адил гэж дотор хүн минь надад хэлдэг. Миний шавь нар 21 аймагт үйлдвэр байгуулаад амжилттай ажиллаж байна. Би шавь нарынхаа амжилттай явааг харахдаа өөрийгөө зөв зүйл хийжээ гэж мэддэг. Их сургуульд багшлаад явж байсан бол өнөөдөр эрдэмтэн, профессор болоод л дуусах байсан. Шавь нарынхаа амжилтаас дурдвал, “Best shoes” үйлдвэрийн дарга Эрдэнэ “Мишээл экспо -2010” шилдэг загвар цом, “Baby’s collection”-ий захирал Бямбасүрэн “Мишээл экспо 2008, 2009” оны гутлын уллагааны шилдэг технологи цом, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хишигбаяр, Алтанхуяг нар 2010, 2011, 2012 он, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Б.Цэцэгээ нар 2013 онд хийсэн гутлаараа аймгийн шилдэг бүтээгдэхүүн, Баянзүрх дүүргээс “Ээл коллекшн”-ий захирал О.Тэмүүжин “Мишээл экспо 2013” үзэсгэлэнгээс “Дэвшилтэт технологи” цомын эзэн болж байсан.

Ингээд бодохоор би улсдаа “өрөө” төлж чадсан юм байна. Төр засаг минь ч миний хөдөлмөрийг үнэлж энэ хүндтэй шагналаар шагнасан байх.

-Гавьяат ажилтан Б.Туулын цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл?

-Монгол хүний хөл судалдаг хүний хувьд, инженер хүний хувьд Тува, Буриад, Өмнөд Монголын Шинжаан, Сайхан талын монголчууд, Туркт амьдарч байгаа монголчууд манайхаас гутал авдаг болчихоосой гэж мөрөөддөг. Шавь нар маань ийм сайн ажиллаж байгаа болохоор энэ цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Төрийн наадмын түрүү бөхчүүд сумын наадмын дэвжээг арчиж нэрээ хугалахын хэрэг байна уу” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өдрийн сонины өнөөдрийн нэгдүгээр нүүрнээс ойрын үед бороо их орж нар халах төлөвтэй байгаагаас хүүхдүүдээ үер уснаас болгоомжилж, наршихаас сэргийлээрэй гэсэн өдрийн сурвалжлагыг уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын шинэхэн гишүүн Н.Оюундарийн ярилцлагыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд “Төрийн наадмын түрүү бөхчүүд сумын наадмын дэвжээг арчиж нэрээ хугалахын хэрэг байна уу” сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ.

Сонины тавдугаар нүүрнээс төрийн тахилгат Сутай хайрханыг тайх ёслолын талаар уншаарай.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд ”Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн 26 хувиар буурсан байна” гарчигтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн эхний хагас жилийн тайланг оруулжээ.

12 дугаар нүүрний “Дэвжээ” булангаас Б.Цэгмэдийн “76 настай тамирчдын хувьд “Хүндийн өргөлт”-ийн холбооны ойгоо 66 рекорд эвдсэн амжилтаар угтаж байна” ярилцлагыг уншаарай.

13 дугаар нүүрний “Өөрөөс нь” булангаас уяач Н.Мөнхбаясгалангийн “Их хурд-7” уралдаанд алдартай уяачид эрлийз адуугаа уралдуулчихаад миний морийг хасчихсан” гомдлын мөртэй ярилцлагыг уншаарай.

14 дугаар нүүрний “Утга зохиол” булангаас сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөрийн Бидэрийн Баярсайханы талаарх дурсамж хөрөг нийтлэлийг уншаарай.

15 дугаар нүүрний дэлхийн спорт булангаас “Роналду чөтгөр, Мерси бурхан, үнэн гэж үү” гарчигтай хөл бөмбөгийн бурхадын талаарх сонирхолтой баримтуудыг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн бирж 77 тэрбум төгрөгийн ямааны ноолуур арилжжээ

Хөдөө аж ахуйн бирж ХХК нийт 590 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 22 745.1 тонн хонины ноос- 39 тэрбум, 2 753.2 тонн тэмээний ноос – 13.8 тэрбум, 24 851.8 тонн ноолуур 1 их наяд 573.8 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 4 001.6 тонн ямааны завод ноос – 77 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 577.9 тонн хонины завод ноос 1.9 тэрбум төгрөгөөр, нэг тонн сарлагийн завод ноос- 3.08 сая.төгрөгөөр, 1.6 тонн сарлагийн хөөвөр- 30.4 сая.төгрөгөөр, 12 толгой хонь – нэг сая төгрөгөөр, 1 576 тонн хүнсний буудай 872.6 сая төгрөгөөр тус тус арилжаалж нийт нэг их наяд 728 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 27 барилга зөвшөөрөлгүй байна

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2016 оны 7 дугаар сарын 25-нд болж, өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар мэдээлэл өгчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “ОХУ-ын Сибирь, Байгаль нуур орчим гарсан их хэмжээний түймрийн улмаас Улаанбаатар, Сэлэнгэ, Булган Дархан аймгуудад утаатай байсан. Түүнчлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тээврийн товчоодод мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан хяналтын цэг ажиллуулж, хяналт шалгалт, ариутгал хийх саналтай байна” гэжээ.

Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн 4137 дуудлага ирсэн. Зам тээврийн ослын улмаас 6 хүн нас барсан. Наадам болон АСЕМ-ийн уулзалтын хамгаалтад 720 шахам албан хаагч ажилласан. Хөдөө орон нутгаас мөн нэмэлт хүч авч ажилласны үр дүд АСЕМ-ын уулзалтын үеэрзам тээврийн осолтой холбоотой дуудлага Улаанбаатар хотод гараагүй” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын талаар товч мэдээлэл өгчээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 27 барилга зөвшөөрөлгүй байна.Эдгээр барилгуудад зөрчлийг арилгуулах албан шаардлагыг өгч ажиллаж байна. Цаашид хууль тогтоомж зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гарц хааж барьсан 2 барилгыг албадан буулгах, барилга эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна” гэдгийг хэлжээ.

Мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Цаашид нийтийн эзэмшлийн зам талбай, ялангуяа сургууль, цэцэрлэгийн газраас сөөм газрыг ч бизнесийн зориулалтаар барилга барихаар ашиглахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үүнд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар маш өндөр хяналт тавин ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн засварыг яаралтай дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

40 кг мөнгөн усыг хятад иргэдэд худалдаалах гэж байсан иргэнийг саатуулжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус дамлан худалдах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн харьяат “Т” гэгч нь бусадтай бүлэглэн 40 кг мөнгөн усыг худалдан авч улмаар хятад иргэдэд худалдахаар бэлтгэж байгаа талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд мэдээлэл ирсэн байна.

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад “Т” гэгч нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзалт хийх үедээ иргэн “М”, “Ж”, “Г” нартай үгсэн хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн иргэн “Р”, “Г” нараас мөнгөн усыг нь дээрэмдэх гэж байжээ.Ингээд хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, тэднийг үйлдэл дээр саатуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд дээрх мөнгөн усыг ОХУ-аас оруулж ирсэн аж. Хэргийн мөрдөн байцаалтын явцад “Т”,”“М”, “Ж”, “Г” нар нь бусдыг дээрэмдсэн, харин “Ж”, “М” нар нь 40 кг мөнгөн ус буюу химийн хорт бодисыг хууль бусаар олж авч, хадгалаж байсныг тогтоосон байна.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэх байгууламжийг хэт авианы төхөөрөмж ашиглан хоргүйжүүлэхээр болжээ

Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж хотын баруун бүсийн иргэдийг багагүй бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл тус цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Улаанбаатарыг өмхийрүүлэх гол эх үүсвэр болсон олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа юм байна. Шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгохоор болжээ.

Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг засах ажлуудыг хийж байгаа аж. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засч, шинээр барих нуур цөөрмийн бохирдлыг арилгах ажлуудыг эхлүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас Н.Энхбаярыг дахин дууджээ

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр буюу 2016 оны долоодугаар сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт зарлан дуудах хуудас гардуулжээ.

Н.Энхбаярыг 2014 оны аравдугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт ньяллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулахаар болсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. АТГ-аас иргэн Н.Энхбаярт өмнө нь 2015, 2016 оны хоёрдугаар сар, гуравдугаар сард тус тус зарлан дуудах хуудас өгч байжээ.

Тэгвэл энэхүү зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст, 2016 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэхийг мэдэгдсэн байжээ. Гэвч Н.Энхбаяр хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Лаос улсад АСЕАН-ы гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

Өнөөдөр Лоасын нийслэл Вьентьян хотод АСЕАН-ы гишүүн 10 орны гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна. Энэ уулзалтын гол сэдэв нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай бүс нутгийн асуудал байсан болохыг албаны эх сурвалж мэдэгдлээ. Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай арлуудын асуудлыг энхийн арга замаар шийдэх нь Зүүн Номхон далайн бүс нутагт амар тайван, тогтвортой байдал авчирхад чухал нөлөөтэй гэдэг дээр талууд санал нийлсэн боловч хэрхэн шийдэх тал дээр өөр өөр байр суурьтай байгаа аж. Уулзалтын үеэр талууд өөрсдийн байр суурийг хамгаалан хүчтэй маргалдсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна.

БНХАУ Өмнөд хятадын тэнгист хиймэл арлууд барьж, түүн дээрээ цэргийн анги нэгтгэлүүд байрлуулж эхэлснээр энэ бүс нутгийн газар нутгийн маргаан олон улсын тавцанд гарсан түүхтэй. Одоо маргаанд оролцогч талууд яриа хэлэлцээр хийх замаар тулгамдаад буй асуудлаа шийдэхийг оролдож байгаа ч үр дүнд хүрнэ гэсэн найдлага тун бага байна. Түүнээс гадна АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын дэглэм бүхий бүс нутгаар орон бүр чөлөөтэй зорчих эрхийг хамгаалан үлдэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байгаа юм. Уулзалт маргааш мөн үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Монголын баг долдугаар байрыг эзэлжээ

Азийн волейболын холбооноос Зүүн Азийн найман үндэсний холбооны дунд цомын аварга шалгаруулах тэмцээнийг БНХАУ-ын Жанжиаганг хотноо зохион байгуулжээ. Эмэгтэй багуудын дунд болсон тус тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Хонгконг, Макао, Тайванын баг оролцсон байна.

Манай волейболчид “А” хэсэгт багтаж, нэг хожил, хоёр хожигдолтойгоор хэсгийн гуравдугаар байрт бичигдэж улмаар хэсэгтээ хожсон Макаогийн багтай дахин VII байрын төлөө өрсөлдсөн юм.

Тус тэмцээний аваргаар Тайваны баг шалгарч Япон, Хятадын баг мөнгө, хүрэл медалийг хүртлээ. БНАСАУ-ын баг V байр эзэлсэн бол ХонгКонг, Монгол, Макаогийн багууд удаалжээ.

Categories
мэдээ нийгэм

Сумочид өнөөдөр эх орондоо ирнэ

Мэргэжлийн сүмогийн бөхчүүд өнөөдөр Монголд ирнэ. Тодруулбал их аварга Хакүхо М.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд нарын тэргүүтэй бөхчүүд Монгол Улсад болох сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ийг үзэхээр ийнхүү ирж байна. Тэдэнтэй хамт бусад орны хүчтэнүүд ч ирэх аж. Мөн тэд энэхүү тэмцээний талаар хэвлэлийн баг хурал хийхээр болжээ.

Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30, 31-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.