Categories
гадаад мэдээ

Францад католик сүмийн номлогчийг хөнөөсөн хэрэг гарчээ

Терроризмын эсрэг эрх бүхий байгууллагын мэдэгдэж буйгаар өчигдөр шөнө нэгэн этгээд Францын хойд хэсэгт орших сүмд халдлага үйлдэж 86 настай номлогч Жакюс Хамелийн аминд хүрчээ.

Тэр барьцаалагч этгээд 19 настай Адел Кермичэ “electronic tag” гэсэн бичигтэй хувцас өмссөн байсан гэж тус Католик сүмийн лам Франкос Молинс мэдүүлжээ. Халдлага үйлдэгч этгээд нь Сири улсын иргэн байсан бөгөөд хамаатныхаа паспортыг ашиглаж байжээ.

Түүний хурууны хээгээр нь хэн гэгчийг нь тодорхойлсон бөгөөд баривчлагдсаны дараа Францын Ерөнхийлөгч Ф.Олланд энэ хэргийг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэж мэдэгджээ. Хоёрдогч этгээдийг хэн болохыг нь тодорхойлж чадаагүй гэнэ. Настай номлогчийн цээж болон хоолойд нь хутгалж амийг нь хороожээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр шинэ Засгийн газрын анхны хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдахаар болсон. Учир нь, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж. Тэгвэл өнөөдөр шинэ Засгийн газар анхны хуралдаанаа 15.00 цагт хийх гэж байна. “Мэргэжлийн” Засгийн газар 13 яам, 16 сайдтай байгуулагдахаар холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулан баталсан. Одоогоор нэр бүхий 11 яамдын сайд нар сонгогдоод байгаа билээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн автобусанд сууж явсан нэгэн зорчигч машинд мөргүүлж нас баржээ

Увс аймаг руу явж байсан шуудангийн автобус Архангай аймгийн Тариат сумын “Залаат” гэх газар зогсч түр амрах үеэр нэг хүн амь насаа алджээ.

Энэ хэрэг өчигдөр гарсан бөгөөд зорчигчийг буух үед “Маяти” маркийн машин хажуугаар нь зөрж таарчээ. Автобуснаас хоёр хүн буусан бөгөөд нэгийнх нь бие зүгээр аж. Нас барсан хүн нь Увс аймгийн иргэн 44 настай эрэгтэй байжээ. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Төрийн нэрээр бизнес хийгчид тэчьядаж байна

Монголчуудын ганц саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр маань иргэд биднийгээ тэжээхээсээ илүүтэй төрийн нэрээр төрхөө нуусан цөөн хэдэн шунахай нөхдийн гараар орж дуусч байна. Төрд байгаа 51 хувь гэдэг ганц хармааг нь цөөхөн хүн хувааж идсээр удаж байгаа ч одоо байтлаа бүр даварч Монголдоо ирсэн 49 хувийг нь төрийн, түмний гэдэг зүсээ хувилгасан сайхан үгсээр далайлган үлдсэн ганц хармааг нь ухаж өөрсдөө залгих оролдлого хийж эхэлжээ. Аль байгуулагдсан цагаасаа хойш орос ах нарын мэдэлд байсаар ирсэн эзэмшлийн хувийг эх орондоо оруулж ирсэн нь үнэхээр түүхэн үйл явдал байсан гэдгийг эрдэнэтчүүдээс эхлээд Монголын ард түмэн бүгдээрээ батлан, баярлан угтан авсан. Үнэндээ ч тэгэхээс өөр аргагүй юм. Хаа байсан Соц нийгмийн үед арай ядан Монголын эзэмшлийг 51 хувь болгож монголчууд бид бага ч атугай давуу эрх эдлэх боломж нээгдсэн. Гэвч энэ алхам нь төр хэзээ ч сайн менежер байдаггүйн гашуун баримт болсоор өнөөдөртэй золгож байгаа нь даан ч харамсалтай. Монголын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа даадаг энэ аварга саалийн үнээг гаршингуй “саадаг” хэдэн нөхөд бий. Тэд төрдөө бус өөртөө л зориулж саасаар тэрбум тэрбумыг халаалсалж чаддаг цагаан захтай дээрэмчид. Үнэндээ бидний халаасанд орох хэдэн цаасыг маань цөөхөн хэдэн цөөвөр чононууд замаас нь цохисоор байгаад тамтаггүй баян болсныг нь нотлох баримт Эрдэнэтийн агуулахаар эгнээтэй байгаа. Зуу зуун тэрбумаар тоологдох шахааны баахан бараануудаа бараг хар зах дээр зарах дээрээ хүртэл тулсан. Гэвч энэ бүхний эцэст төрийн ард нуугдсан, зах хязгааргүй шуналтай тэдгээр нөхдөөс салж чадаагүй л байна. Одоо бүр байтлаа бизнесийн зарчмаараа Оросоос авсан 49 хувийг нь ард түмний нэрээр түрий барин өөрсдөдөө өмчилчих аминчхан хүсэлдээ бачууран сууна. Арга ч үгүй биз, тэр 49 хувийг даган ирж буй цэвэр бизнесийн эрх ашиг, хараа хяналт өнөөх хэдэн шахааны бизнестэнгүүдийг цусгүй алж мэдэхээр байгаа юм.

Бизнес гэдэг өөрөө маш энгийн. Ямар ч бизнес эрхлэгч ашигтай ажиллахыг хүснэ. Энэ ч утгаараа үргүй зардлаас шууд татгалзаж компанийнхаа ашиг орлогыг л нэмэгдүүлэх бүх алхмууд хийдэг. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хэмээх саалийн үнээг хариулаад, хариуцаад, тэжээгээд, өсгөөд явах тийм л сайн хяналтын бүтэц бий болсон хэрэг. Эргээд энэ бүхэн нь компанидаа төдийгүй Монголын төсвийн орлогыг нэмэгдүүлж, мань мэтийн сардаа авдаг хэдэн бор юм нэмэгдэхийг л хэлээд байгаа юм. Ядаж л уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт гурван жилийн хэрэгцээний бэлгэвч шахаж чаддаг энэ эрээ цээргүй хэдэн луйварчдыг зах зухаас нь цөөлж чадна шүү дээ. Харин үүнийг тэд аль эрт харж, өөрсдийн увайгүй эрх ашиг, ил цагаан луйвраа хамгаалах алхмуудаа хийгээд эхэлжээ. Ямар сайндаа л үе үеийн сонгуулийн ялалт даган хүртээх бялууны эздээ өөрчилсөөр ирсэн энэхүү ард түмний өмчийг хайр гамгүй мөлжиж амьдардаг празитуудын амьсгаа давчдан байж ядахдаа улс төрд худалдаж авсан өөрсдийн хэдэн утсан хүүхэлдэйгээ хөдөлгөж эхэлснийг ойрын өдрүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдээс харж болно. Бүр байтлаа, бизнесийн зарчмыг уландаа гишгэлж, хувийн өмчид халдаад ч хамаагүй нөгөөх 49 хувийг нь төрд авах талаар ярьж байгаа гээд бод. Эрээ цэрээ алдана гэхэд энэ бол арай ч дэндэнэ. Аль ашиглалтад орсон цагаасаа хойш монголчууд биднийг тэжээж ирсэн ганц үйлдвэр болох Эрдэнэтийг маань бүр сөхөртөл нь сорж хоёр хармааг нь зэрэг ухахаар ханцуй шамлан ажилдаа орж л дээ. Харин ч тэр тусам нь одоо байгаа Эрдэнэтийн удирдлагууд шахаагаар хөлжиж, төрийн нэрээр бизнес хийдэг эдгээр нөхдийг нэр устайгаар зарлаж, монголын ард түмний өмчийг дээрэмдсэнийх нь шанг хуулийн дагуу хатуу хүлээлгэх цаг нь болсон. Бүр сүүлийн 20 жилийн хугацаанд хэний шахаасны компани яаж луйварддаг байсныг ард нь ямар улстөрч байгааг нээлттэй зарлах цаг нь одоо. Харин ч нэг нэхэл хатуутайгаар зарлажтөр нь хийж чаддагүй шахааныхны их цэвэрлэгээг эхлүүлүүлж, өршөөлгүй завшдаг шуналтнуудтай хийх тулааныг нь дэмжих хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Бестселлер болж буй таван ном

Бид хэдийгээр мэдээллийн эрин үед амьдарч байгаа ч амжилтад хүрсэн хүмүүсбүгд номыг шимтэн уншигчид байдаг нь санаандгүй хэрэг биш юм. Ингээд шинэ сонирхолтой ном, бүтээл гарахыг тэсэн ядан хүлээж суудаг, ном унших дуртай уншигчдаа сүүлийн үед бестселлер болж байгаа номуудыг хүргэе.

Өнгөрөгч долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн эхний таван ном

1. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн тухай“Цөхрөл намайг хатуужуулж, Найдвар намайг урагшлуулдаг” хэмээх ном өнгөрөгч долоо хоногийн шилдэг борлуулалттай номыг тэргүүлсэн байна. БНСУ-ын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн он жилүүдэд аавтайгаа (Паг Жон Хы) хамт зогсож байсан охин хөгжлийн буухиаг үргэлжлүүлэхээр БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа энэ үед түүний дурсамж, дуртгалын ном уншигчдын дуртай ном болжээ. Энэ ном нь нэг талаар түүний дуртгал хэдий ч нөгөө талаар түүний ирээдүйд хандсан амлалт, тэмүүллийг өгүүлсэн аж. Энэ номоор дамжуулан та БНСУ-ын орчин үеийн түүх, нийгмийн өөрчлөлт, гадаад, дотоод бодлогын талаар тодорхой ойлголт авах боломжтой юм байна.


2. Борлуулалтаараа тэргүүлж буй хоёр дахь ном бол “Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ухаалаг карт” хэмээх ном юм. Энэхүү ном нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой, хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлэх ухаалаг карт. Үнэгүй татаж авах аппликейшний тусламжтай сансар огторгуйгаар зорчин, бяцхан шавжны цуглуулгатай болж, гэртээ амьтны хүрээлэнг бий болгож, эрт галавын үед амьдарч, монгол гэрийн ёс заншилтай танилцаж, гайхамшигт оньсон бүтцийг судлах боломжтой.




3. Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутгийг олж буй тухай өгүүлнэ. Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорнын оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтөний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгчээ.

4. 1982 оны Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналтан. Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч Габриель Гарсия Маркесийн “100 жилийн ганцаардал” роман шилдгүүдэд шалгарсаар байна. Испани хэл дээрх уран зохиолыг ярихын тулд нэн тэргүүнд Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг дурдах хэрэг гарна. Маркес 1927 онд Колумбын далайн эргийн Аракатака тосгонд төржээ. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь “Зуун жилийн ганцаардал” байлаа. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.


5.Японы алдарт зохиолч М.Харүкийн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” хэмээх ном тавдугаарт жагсчээ. Тазаки Цүкүрү ахлах сургуульдаа дөрвөн сайн найзтай байв. Тохиолдлоор ч тэр үү найзууд нь цөм өнгө орсон нэртэй, Хоёр хүүгийн нэгийг нь Акамацү (“улаан нарс”), нөгөөг нь Оүми (“цэнхэр далай”) гэдэг. Хоёр охиныг Ширанэ буюу “цагаан үндэс”, Күроно буюу “хар тал” гэнэ. Цүкүрүгийн нэр л ганцаараа ямар ч өнгөгүй ажээ. Товч агуулга нь “Нэг өдөр найзууд нь Цүкүрүд цаашид найзалж, нийлэхээ больё, дахиж чамтай уулзах ч үгүй, ярих ч үгүй хэмээн мэдэгдэв.Тэр өдрөөс хойш Цүкүрү хэнтэй ч дотно холбоо үүсгэж нөхөрлөж, үерхэж чадалгүй салхинд хийссэн бөмбөлөг мэт амьдрах болжээ. Ийн амьдарсаар Цүкүрү, Сара хэмээх бүсгүйтэй учирсан нь олон жилийн өмнө чухам юу болсныг ухаж төнхөж, учрыг нь олох хэрэгтэй хэмээн түүнд ярина…” гэсэн байна.

Сүүлийн үеийн залуучууд, хүүхдүүд бүгд өөрийгөө хөгжүүлж, мэдлэгийнхээ хүрээг тэлэх зорилгоор ном их унших болсон байна. Ялангуяа уран зохиолын ном илүү борлуулалттай байдаг аж. Мөн цахим номын худалдаач нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.

Түүнчлэн Б.Баярхүүгийн “Өлөн чонын улиан”, Б.Буянбадрахын “Жиндүү намрын үүрээр”, “Сонгодог өгүүллэгийн дээжис III” гэх мэт утга уран зохиол, баримтат бүтээллүүд, болон хүүхдийн төрлийн 40 гаруй шинэ ном бүтээл нэмэгдэн ирсэн” гэж “Интерном” дэлгүүрийнхэн өгүүлсэн юм.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нийгэм

Хүнсний шинэ ногоо ямар үнэ ханштай байна вэ

Шинэ ургацын ногоонууд худалдаанд гарч эхлээд байгаа билээ. Зарим зах, худалдааны төвүүдэд шинэ ургацын хүнс ногоонууд болон мах ямар үнэ ханштай байгааг хүргэж байна.

ХҮНСНИЙ НОГОО

Хүнсний ногооны үнэ

Шинэ ургацын Төмс

Хуучин төмс

Шинэ ургацын

лууван

Хуучин Лууван

Шинэ ургацын

Байцаа

Байцаа

Монгол

Сонгино

Хятад

Сонгио

Манжин

Улаан лооль

Өргөст хэмх

Номин

Сүпермаркет

1699₮

1199₮

1249₮

Макс сүпермаркет

1100₮

2300₮

1200₮

1460₮

1369₮

3119₮

Миний сүлжээ дэлгүүр

990₮

2290₮

1190₮

1450₮

3500₮

Баянзүрх зах

1000₮

1590₮

2800₮

1500₮

800₮

3990₮

3990₮

4500₮

3800₮

Баянзүрх зах (гадна худалдаа)

1200₮

800₮

3000₮

1200₮

2800₮

1500₮

2900₮

4000₮

3500₮

Эко худалдааны төв

1200₮

800₮

3500₮

1000₮

3000₮

6000₮

3500₮

11-р хорооллын задгай талбай

1500₮

3500₮

800₮

1500₮

3500₮

3500₮

4500₮

3500₮

Барс зах

900₮

800₮

2500₮

1000₮

1200₮

1000₮

3000₮

1500₮

2500₮

4500₮

3200₮

Меркури

1200₮

600₮

2800₮

1000₮

1200₮

1000₮

2500₮

1000₮

2400₮

5000₮

3800₮

МАХ

Махны жижиглэнгийн
үнэ

Хонины цул мах

Хонины ястай мах

Үхрийн цул мах

Үхрийн ястай мах

Адууны цул мах

Адууны ястай мах

Ямааны цул мах

Меркури

8500₮

7500₮

8500₮

7500₮

Барс зах

6800₮

7500₮

8500₮

7900₮

Эко худалдааны төв

7300₮

5900₮

8900₮

6900₮

Макс сүпермаркет

6500₮ (400гр)

6000₮

9800₮

Баянзүрх зах

7500₮

6500₮

9000₮

7500₮

6500₮

5500₮

5900₮

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Олон улсын монголч эрдэмтдийн хурал наймдугаар сард болно

Олон улсын монголч
эрдэмтдийн XI их хурлыг ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвээр энэ оны
наймдугаар сарын 15-18-нд
Улаанбаатар хотноо зохион байгуулахаар
болжээ. Хурлыг БСШУ-ы яам ахлан зохион байгуулж, бэлтгэл ажлын
төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж үр дүнг Засгийн газарт тайлагнах аж.

Олон улсын Монгол
судлалын холбооны дүрмийн дагуу таван жил тутамд зохин байгуулагддаг монголч
эрдэмтдийн олон улсын их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион
байгуулдаг байна. Хурлаар сүүлийн таван жилд монгол судлалын салбарт бий болсон
ололт, амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн Монгол судлалын төв манай улсад
байдгийн баталгаа болдог байна.

Өмнөх
хурлуудад гадаадын 25 орны 250 гаруй, дотоодын 100 гаруй эрдэмтэд оролцож
байсан бөгөөд энэ удаагийнхад мөн тэр жишгээр гадаад, дотоодын 400 орчим
эрдэмтэн, судлаач оролцохоор болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадамд уралдах морьдыг 8 дугаар сарын 6-нд бүртгэнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Улс төрийн шийдвэр гарсан байхад дороо гүйдлээ олдог

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Та Монгол, Солонгосын бизнес форумын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дэргэд сууж байна лээ. Онцлох үгээ хэлж амжсан уу?

-БНСУ-ын Ерөнхийлөгч АСЕМ-д оролцоод, дээр нь албан ёсны айлчлал хийсэн. БНСУ, Монгол Улс эдийн засгийн харилцааны дараагийн шатанд орохыг цаг үе, эдийн засгийн нөхцөл шаардаж байгаа юм. Би хатагтай Ерөнхийлөгчид “Харилцааны хоёрдугаар үе шат эхэлж байна. Солонгос, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахад судалгаа буюу эрх зүйн түншлэлийн орчин бүрдүүлдэг. Монгол, Солонгосын танхим, БНСУ-ын Гадаад эдийн засаг судлалын институт, Чингис хаан сургууль хамтарч ажиллаж гэрээний гол үндсэн концепцийг гаргаж ирье” гэсэн юм. Хатагтай Ерөнхийлөгч “Үүнийг маш хурдан ажил хэрэг болгоорой” гэж хүмүүстээ үүрэг өгсөн. БНСУ-ын Ерөнхийлөгч ирэхдээ 100 гаруй бизнесийн төлөөлөгчөөс гадна 20 гаруй бизнесийн холбоодын удирдлагаа авчирсан юм. БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч бид Монгол, Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа.

-Солонгосчууд хөлдөөсөн банш, цахилгаан шатнаас авахуулаад байж болох бүхнийг бидэнд санал болгодог юм билээ. Энэ удаагийн уулзалтын үеэр тэд юуг онцлов?

-Форумын үеэр БНСУ-ын Импортлогчдын холбооны ерөнхийлөгч надтай уулзсан. Дараа жил зургадугаар сарын 23-24-нд импортлогчдын том үзэсгэлэн яармаг болох юм байна. Энэ яармагт Монголын компаниудыг оролцуулахыг хүссэн. “Говь”-ийн бүтээгдэхүүнтэй танилцаад “Говь”-ийг оролцуулмаар байна гэсэн. “Витафит”-ынхан Япон руу чацарганы шүүс гаргаж байгаа.

Тэднийг оролцуулах гэх мэтээр бидний ажил асар их байна.

Солонгосчууд уул уурхайн бүтээгдэхүүний дахин боловсруулалтад оролцох сонирхолтой байна. Төмрийн хүдрийг эндээ боловсруулаад, гулдмайгаар нь БНСУ руу гаргавал хичнээн ашигтай байх вэ. Дэд бүтэц, барилга байгууламж дээр нь эмнэлэг оношилгооны төвийн асуудал байна. Өнгөрсөн жил 10 мянган иргэн Солонгост очиж шинжилгээ өгчээ. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны төв байгуулагдвал гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст хэмнэлт бий болно.

-Та бас АСЕМ-ыг зохион байгуулах ажлын хэсэгт орсон байх аа?

-АСЕМ-ын эрх авснаас хойш жил хагасын хугацаанд бүх л байгууллагын хүчин зүтгэлээр АСЕМ сайхан боллоо. П.Цагаан дарга бид хоёр хурлын заал, зочид буудал хариуцсан ажлын хэсгийг хариуцсан юм. Бид өнгөрсөн аравдугаар сараас хойш долоо хоног бүр хуралдсан. Шат дараалсан арга хэмжээнүүд явагдаж, төрийн ордны төв танхимын агааржуулалтыг эс тооцвол бусад бүх юм сайхан болсон.

Бид нэг гарцыг олж харж байгаа. Уул уурхайн дараа мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал манай эдийн засгийг бүрдүүлэгч дөрвөн том салбар. Гэхдээ манайхан аялал жуулчлал, мал аж ахуй, аялал жуулчлалдаа хөрөнгө оруулалт хийдэггүй. Технологи оруулахгүй, инноваци шингээхгүй байгаа учраас энэ салбар хямдхан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болчихоод байгаа юм. АСЕМ-ын үеэр “Чингисийн хүрээ цогцолбор”-т үзүүлсэн “Нүүдэлчдийн наадам” өндөр өртөгтэй. Яг ийм үзүүлбэрийг жил болгон хийж чадвал үүнийг дагасан жуулчид их ирнэ. Дараа жил ингэж үзүүлэх юм байхгүй бол жуулчид “хулхидуулсан” болж хувирна шүү дээ. Тийм учраас аялал жуулчлал хөрөнгө шаарддаг гэдгийг одоо бид ойлгож байгаа юм. АСЕМ-ын үеэр манай цаг агаар гайхалтай ивээлээ. Бид энэ үйл ажиллагаанаас маш их туршлага хуримтлуулав.

Хурлын үеэр нэг байгууллагад их баярласан. Х.Дамдинсүрэн захиралтай “Саунд оф Монголиа” компани АСЕМ-ын хурлын заал, тохижилтод маш их хувь нэмэр оруулсан. Хурлын индэр рүү асч байгаа гэрлийг хүртэл нэлээд үнэтэй авч төрийн ордны зааланд байрлуулсан юм шүү дээ. Түүний хүчээр тэнд авч байгаа зураг хүртэл өөр гарч байгаа юм. Шангри-Ла руу орж байгаа зураг хөрөг дандаа эднийх хийсэн ажил. Энэ компани үүнийг хийхийн тулд хоёр жилийн өмнө АСЕМ-ын Миланы уулзалтад багаараа очиж судалгаа хийсэн юм. Бүх техникийг нь судалсан. Дэлхийн хэмжээний уулзалт хийхэд дэлхийн стандартыг барьдаг монгол компаниудтай болсон нь сайн хэрэг.

АСЕМ-ыг ийм хэмжээнд хийхийн тулд эртнээс бэлтгүүлдэг юм билээ Энэ менежмэнт нь бидэнд хэрэгтэй. АСЕМ-ын том хурал болохын өмнө есөн бага хурал болдог. Хамгийн отгон хурал нь бизнес форум болсон. 300-600 хүнтэй хурлууд үргэлжилсэн. Энэ хооронд оролцогч удирдагч хүмүүсээ бүх талаар бэлтгэдэг юм билээ. Хурлаас хурлын явцад АСЕМ-ын бэлтгэл чангарч байдаг. АСЕМ болоход үйлчилгээ, хамгаалалт, техникийн алба, дотоод орчуулга бүх юм жин тан болчихож байгаа юм. Энэ нь биднийг их юманд сургасан. Бизнесийн форум амжилттай болсон. Энэ хурлаар макро түвшний асуудал гаргаж тавьдаг. Нэг ёсондоо цаг агаарын урьдчилсан мэдээ гэсэн үг. Түүнд бизнесээ зохицуулах, тухайн улс нь эдийн засгийн бодлогоо явуулах учиртай. Бизнесийн форумын хэлэлцсэн асуудлууд манай танхимын сайтаар дамжиж гарах юм.

-Ази, европынхон илүү нягтарч бие биенээ ойлгож мэдрэхээр хичээж байна. Бизнес эрхлэгчдэд ямар боломжууд харагдсан бэ?

-Ойртонгоо хамтдаа хөгжье гэсэн гол зорилготой бизнес форум болсон. Дэлхийн эдийн засгийн 60 хувь, хүн ам, худалдааны эргэлтийн 60 хувь нь Ази, Европт байна. АСЕМ-ын гол зорилго улс төрийн түвшний ойлголцол, мэдээлэл солилцох байдаг. Дээрээ суудлаа олбол дороо гүйдлээ олно гэдэг дээ. Улс төрийн шийдвэр гарчихсан байхад дороо гүйдлээ олдог.

-Аль нэг улс оронтой бизнесийн нарийн яриа хөөрөө явсан уу?

-АСЕМ ч бай Солонгос Монголын форум ч бай танхимын үүрэг бол бүжгийн талбайг л засч өгдөг. Орчныг нь бүрдүүлдэг. Дотор нь бизнес бизнестэйгээ хэрхэн холбогдох нь өөрсдийнх нь авьяас чадварын хэрэг. Овсгоотой нь томхон юм олж авна. Ер нь бол өгөөжтэй болсон гэж үзэж байгаа.

-Танхимын даргын хувьд юунд илүү анхаарал хандуулж, юуг “балиашиглаж” байна вэ?

-Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газартай манай танхим тулж ажиллаж байж Ил тод байдлын хууль батлуулсны гол шалтгаан бол компаниудыг 25 жилийн дарлалаас чөлөөлөх байлаа. Үүний үр дүнд 33 000 компани 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ орлогоо ил болголоо шүү дээ. Зөвхөн энэ тоон үзүүлэлт гэхэд л манайд зах зээлийнхээ 60 хувийг төр хянаж чадахгүй байсныг харуулсан. Тэрбум долларын уул уурхайн хөрөнгө оруулалт орж ирэхэд түүнийг хөдөлгөж чадах компани хэрэгтэй байдаг. Тэр компани институтын хэлбэрт очсон байх учиртай. Үүнийг бид хийж эхэлсэн. Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хууль гаргадаг чинь 2009 оны хямралыг давсан гол аргачлал. Тэр аргаа бид сая дахин хэрэглэсэн. НӨАТ-ын хуулийг одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат яг жилийн өмнө Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Сая хавар энэ хууль улс төрийн шоунд өртөх шахсан. Яг макро эдийн засгийн үүднээс бол маш гайхалтай систем бий болгосон. Үүний үр дүнд бид эдийн засгийн бааз сууриа 22 дахин ихэсгэлээ. Зургадугаар сарын сүүлийн статистик мэдээгээр татварын бүх орлого бараг 100 хувь биелсэн. Татварын орлого 0,5-хан хувиар тасарчээ. Манай эдийн засаг өнгөрсөн жилийнхээс муу байгаа шүү дээ. Гэтэл татварын орлого биелнэ гэдэг НӨАТ-ын шинэ системээр татварын бааз суурийг ихэсгэж чадсаны үр дүн. Энэ системийн буянаар хянаж чаддаггүй байсан 60 хувиа хяналтад оруулсан. Ил тод байдлын хууль гэдэг толгойг чинь төр илж байгаа юм биш. НӨАТ-ын систем ажиллаж эхлэхэд орлого олж байгаа бүх этгээд татвараа төлдөг механизм руу иргэнээр дамжиж орно гэж би хэлж байсан.

-Шинэ Засгийн газар гарч ирэхээр НӨАТ-ын сугалаа зогсох болов уу гэж хүмүүс сонирхож байгаа?

-НӨАТ-ын хууль батлагдсан шүү дээ. Сугалааг 2016 оныг дуустал явуулах учиртай. Үлдсэн хугацаанд сард нэг удаа явуулна. Энэ бүхэн хуульчлагдсан. УИХ төсвийн тодотгол хийгээгүй байгаа. Төсвийн тодотгол хийж нэг хоёрдугаар улирлын НӨАТ-ын урамшууллыг өгчихвөл дараа нь сугалаа ч хэрэггүй. Нэгдүгээр улиралд 5,6 тэрбум төгрөгийг иргэд буцааж авахаар байгаа. Үүнийг өгчихвөл иргэд цаашдаа сугалаагүйгээр баримтаа бүртгүүлээд явчихна. Техник технологийн өөрчлөлтүүд гарч байгаа. НӨАТ мөдхөн цаасан хэлбэрээр бус зураасан кодтой үнэмлэхтэй болж түүнийгээ уншуулаад өөрийнхөө дансаар буцаан олголтоо авчих юм. Тийм хэлбэрт шилжихэд бэлэн болсон. Татварын орлого 100 хувь биелж байхад үүнээс татгалздаг Засгийн газар гэж байхгүй. Харин энэ механизмыг хөгжүүлэх тал дээр шинэ Засгийн газар сайн ажиллана гэж найдаж байгаа. МАН төрийн эрхийг авахдаа нийгмийн хамгааллын маш олон амлалт өгсөн. Нийтийн баялгийг нийгэмдээ илүү хуваарилна гэсэн үг. Нийгмийн хуваарилалт цалин тэтгэвэр, нийгмийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжиж хүрдэг. Үүний ганц эх үүсвэр татвар шүү дээ. НӨАТ-ын шинэ систем маш сайн саалийн үнээ болсон. Дээр нь МАН нэг хувийн татвар амалсан. 1,5 тэрбум төгрөгийн орлогод нэг хувийн татвар ногдуулна гэсэн шүү дээ. Татварын гурван хууль маань батлагдаж чадалгүй үлдсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Татварын ерөнхий хууль энэ намрын чуулганаар эхний ээлжинд батлагдах учиртай. Өнгөрсөн жил НӨАТ-ын хууль батлагдсан. Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль бүгд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Бизнесийн орчныг энэ хуулиуд бүрдүүлнэ. МАН одоо нэг хувийнхаа амлалтыг баталвалнэг хувийн татвартай болох юм. Уг нь дөрвөн хууль бүгд өнгөрсөн жил батлагдах ёстой байсан. Үлдсэн гурвыг нь батлаагүйгээс ямар сөрөг үр дагавар гарч байна гэхээр жижиг аж ахуйн нэгж их татвар төлж байгаа харагдаж байна. Нэг хувийн татвартай бол маш их хөнгөлөлт болно.

Намрын чуулганаар хийх бас нэг гол өөрчлөлт бол Төрийн нийтийн хамааралтай өмчийн хууль гаргаж, төрийн нийтийн хамааралтай өмчийг хэн эзэмшиж ашиглахыг тодорхой болгох учиртай. Мэдээж өмчлөл нь төрд бий. Засгийн газар үүнд ямар хэмжээнд, аж ахуйн нэгж, хувь хүн ямар оролцоотой байх зэрэг өмчийн харилцааг тодорхой болгочихвол зодоон болохгүй. 20 гаруй жил энэ харилцааг ил болгоогүй учраас Засгийн газар, УИХ-аар дамжуулж эрх мэдэл олж авч байж эзэн суудаг, хугацаа нь дуусахаар дахин эзэн суухын тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Хөрөнгө оруулагчид өмчийн харилцааг маш их анхаардаг. Хөрөнгөө оруулах компанийн ил тод байдлыг харгалздаг. Компанийн засаглал, эздийн ил тод байдлыг бас хардаг. Тэгээд менежмэнтийг харна. Энэ бүгд хангагдвал хөрөнгөө оруулах эхний алхам хийнэ. Хөрөнгө оруулагчдын хувьд шүүх, эрх зүйн хамгаалалт, өмчийн харилцаа, компанийн засаглалаас гадна ажилтнуудын чадварыг хардаг. Танхимаас 2016 оныг Компанийн засаглалыг дэмжих жил гэж зарласан байгаа. Гол нь ажилтнууддаа хөрөнгө оруулах асуудлыг бид тавьж байгаа. Өмнө нь ажилчдынхаа цалинг нэмэхийн оронд эзэн өөрөө лексус авч унахыг илүүд үздэг байв. Хөдөлмөрийн капиталыг үнэлэхгүй хөсөр хаяснаас болоод бүтээмж байхгүй болсон. Оюу толгойн монголчуудад үзүүлсэн хамгийн том үлгэр дуурайл бол ямар ч монгол хүнд хөрөнгө оруулах юм бол юуг ч хийж чадна гэдгийг харуулсан явдал. Өнөөдөр Оюу толгойд ажиллаж байгаа уул уурхайн том машинуудын 50 хувийг эмэгтэй жолооч барьж байна. Тэр тусмаа Цогт-Цэций сумын малчин эмэгтэй жолооч нар олширчээ. Хөдөлмөрийн капиталд оруулсан Оюу толгойн хөрөнгө оруулалт нь манай бизнес эрхлэгчдэд юм бодуулах биз ээ. Зах зээлийн эхэн үед бид ажиллах хүчиндээ хөрөнгө оруулах ойлголтгүй, чадвар ч үгүй байсан. Одоо дөнгөж ойлгож эхлэсэн. Хорь гаруй жил хөрөнгө оруулаагүй учраас ажиллах хүч маань ядуу байна. Өнөөдрийн ядуурлын гол гогцоо компани нь ажилтандаа хөрөнгө оруулахгүй байна. Хоёрдугаарт, төр нь зах зээлээ хянаж чадахгүй, татвар авч чадахгүй явж ирсэн. Үүнийг залруулах ёстой юм. Ингэж чадвал эрс тэс цаг уурын нөхцөлд толгой цувдай идэж амьдардаг мөртлөө маш их хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг үзэлтэй, хэзээ ч нугаршгүй ард түмэнтэй. “Эртний сайхан” гэдэг дуунд ингэж өгүүлдэг юм.

Эртний сайхан ерөөлөөр

Энэ Монгол Улсад нь

Эзэн Чингис хааны үр язгуур болсон,

Тэнгэр мэт заяатай

Тэгш таван оюунтай

Тэнэгэр сайхан сэтгэлтэй,

Тэнүүн сайхан ард түмэн мину гэж байгаа юм.

Энэ XIII зуунаас хойших үеийн дуу. Чингис хааны үр язгуур болсон ард түмнээ ингэж магтаж сайшааж хүчийг нь авч нэгтгэж байжээ.

-2017 онд Монгол дампуурна гэж зарим эдийн засагч шууд хэлдэг. Үнэхээр ч зээлийн эргэн төлөлтүүд хийгдэж, эдийн засагт илүү дарамт учрах жил эхлэх нь?

-Хүнд хэцүү жил байхыг бид 2013 онд бондын зээл авахад нь ч олж харж байсан. Яагаад өмнөх Засгийн газартай ил тодын хууль, НӨАТ-ын хууль гэж яриад байсан гэхээр 2017 оноос 500 сая доллар төлнө. Үүнийг авсан улсууд нь төлөхгүй. Явж явж татвараар л төлнө. Өмнөх Засгийн газартай нэг л юман дээр тохиролцож байсан. Татвар нэмэхгүйгээр татварын бааз сууриа нэм гэсэн юм. Аз болж Ардын намын нөхөд шинээр татвар бий болгохгүй гэж амалсан байгаа. Татвар өсгөж чадахгүй ч татварын бааз суурь нь НӨАТ-аар ороод ирсэн.

Ухаантай улсуудын Үндсэн хуульд нийтийн мөнгө, нийтийн зээл, нийтийн санхүү гэсэн тусдаа бүлэг байдаг. Аливаа Засгийн газрын Ерөнхий сайдын хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж ард түмэн амьдардаггүй. Сая хүсэл мөрөөдлөөрөө хэт их зээл аваад тамирдах асуудал байлаа. Одоо бол нийтийн санхүүгийн хяналтыг чангатгах ёстой. Үүний төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллана. Энэ Засгийн газарт нэг юмыг шууд хэлж байгаа. Зургадугаар сарын сүүлээр төсвийн зардал 900 тэрбумаар хэтэрсэн байгаа. Татварын орлого 0,5 хувиар тасарсан байхад засгийн зардал ингэж хэтэрчээ. Нэг ёсондоо энэ зардлыг танаж засгаа байгуул гэсэн үг. Эдийн засаг ирэх хоёр жил хүнд байна. Энэ хүндрэлийг монголчууд бүгдээрээ даван туулах учиртай. Тийм ч учраас ард түмэн сонгуулиар 100 хувь нэг намд өгсөн. Одоо ийм хэмжээний хариуцлага нэхнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дотоод гадаадын бүх хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хүлээж байгаа. Хэт утопи мөрийн хөтөлбөр гаргаад бас дахин зээл авч биднийгээ тамирдуулах юм бол шүүмжлэх, сөрөх улсууд бэлэн байгаа. Сонгуульд ялсан гэдгээрээ цэнгэлийн манлайд хүрэхгүй. Хамтарч бүгдээрээ шийдвэр гаргана, зүтгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Ард түмний амьдрал дөрвөн жилээр хойшилж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Юуны өмнө Ховд аймгаас УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе. АН сөрөг хүчний байр сууринаас дөрвөн жил ажиллахаар болсон хариуцлагатай үед та гишүүн боллоо. Ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна вэ?

-Өнгөрөгч дөрвөн жилд АН олон зүйл дээр бодит хөрөнгө оруулж, эдийн засгийн бодит өсөлт гарах суурийг тавьж өгсөн. Одоо үүн дээр сайн барилга барих ажлыг МАН хийх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг бий болгох тал дээр анхаарал хандуулан хийсэн ажлын дүн энэ дөрвөн жилд гарна гэж бодож байна. Чингис, Самурай бондын мөнгөнөөс дөрвөн жилийн хугацаанд АН маш их ажил хийж болдгийг харуулсан. Ийм үр дүнтэй хөрөнгө оруулалт эдийн засгийг хурдацтай хөгжих түлхцийг болгоно.

Энэ удаа сөрөг хүчний хувиар ажиллах хэдий ч өнгөрсөн хугацаанд тэр дундаа АН-ын засаг барьж байх үед хийсэн ажлуудыг МАН үргэлжлүүлэн хийх ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Одоо бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Нийтдээ 82 мянган өрх ипотекийн зээлийн ачаар орон сууцтай болсон. Мөн 100 мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд зах зээл дээр байж байна. Ипотекийн зах зээлийн хүрээнд 200 гаруй мянган иргэн ажилтай орлоготой байх тэр боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Үүний дүнд 600 мянган малчин өрх тодорхой хэмжээний орлого өөртөө авч үлдэх тэр боломжийг бүрдүүлж байна. 500 мянгаас нэг сая төгрөгийн хүү төлдөг байсан бол одоо бүр багаар төлөх боломж бүрдсэн. Малчин өрх орлоготой болсноор өөрийн хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах боломжтой болсон. Засгийн газар үүнийг үргэлжлүүлэн хийх ёстой.

Өөр нэг зүйл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий. Өөрөөр хэлбэл хөдөөгийн иргэдийн хамгийн том ачаа оюутны сургалтын төлбөр байдаг. Оюутан хүүхдээ сургахын тулд жилд 6-7 сая төгрөг аав, ээжийнх нь нуруун дээр ирдэг. Үүнийг нь банкны зээл авч төлдөг бол оюутан хүүхэд нь өөрөө гол зардал болох сургалтын төлбөрөө зээл авч төлөх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр айл гэрийн нуруун дээр ирж буй ачаалал багасна. Хэвийн амьдраад явж байсан малчин өрх хүүхдээ оюутан болох тэр үед санхүүгийн хүндрэлд ордог байсан. Үүнийг нь Засгийн газар олж хараад “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг энэ дөрвөн жилд МАН-ын Засгийн газраас шаардаж ажиллах болно.

-Та өмнө Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын даргаар ажиллаж байсан. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах уу?

-Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар 2012 онд томилогдсон. Манай байгууллага 199 албан хаагчтай байсан. Гэсэн хэдий ч хоёр хуультай, 168 журамтай байгууллага байлаа. Улаанбаатар хотод асуудлаа шийддэг, зөвхөн дарга нар гарын үсэг зурдаг ийм байгууллага байв. Үүний дүрэм журмыг нь өөрчилснөөр 168 журмаас 85-ыг нь хүчингүй болгосноор өнөөдөр энэ байгууллага иргэдэд ойлгомжтой, үйлчилгээ нь тодорхой болсон. Мөн өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрыг хууль эрхзүйн хүрээнд шинэчилснээр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгосон. Дэлхий нийтийн жишгээр энэ байгууллага нь хилээр орох, гарахыг хянадаг энэ тогтолцоог АН-ын Засгийн газар хэрэгжүүлж чадсан. Тиймээс дэлхий нийтийн энэ тогтолцоог хэвийн үргэлжлэх боломжоор хангах тал дээр анхаарна.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намд зайлшгүй шинэчлэл хэрэгтэй гэдгийг ярьж байна. Намын шинэчлэл хаанаас эхэлсэн нь зөв бэ?

-Намын дарга гэдэг бол сонгуульд орсон дүнгээс хамаарч хариуцлагаа хүлээн огцордог. Тиймээс нам дараагийн даргаа томилох ёстой. Энэ үйл явц манай намд явагдаж байна. З.Энхболд дарга намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс шийдэгдэх байх. Мэдээж бидэнд уламжлал хэрэгтэй. Цагаан морин жилийн хувьсгалыг хийсэн ах нарын зөвлөгөө маш их хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд намын удирдлагад гарсан хүмүүсийн толхилцооноос болж намын үйл ажиллагаа явцуу хүрээнд явж ирсэн гэдэг шүүмжлэл бий. Энэ утгаараа бид сонгуульд ялагдсан. Иргэд АН-аас залуу үеийг хүсч байна. АН одоо бол ард түмний өмнө намын нүүр царай болохуйц залуу үеийг гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийг ҮЗХ, АН-ын Их хурлаар шийдэх ёстой. Нэн даруй намын даргаа сонгож, тэр дарга маань намын гишүүнчлэл, дотоод ардчилал ротацийг хийдэг, намын дүрмийнхээ дагуу ажилладаг даргатай болоосой хэмээн хүсэн хүлээж байгаа.

-Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат гишүүнийг томилдог чуулган дээр УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан нэлээдгүй ширүүн үгсийг хэлж байгаа харагдсан. Та бол намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг л яриад байсан даа?

-Сонгуульд ялалт байгуулсан намын дарга тухайн намынхаа сонгуульд оруулсан мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилд хэрэгжүүлж бодит хөгжил болгох ёстой байдаг. Мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж байж ард түмэн сайхан амьдрах, улс орноо хөгжлийн зөв гарц дээр аваачих ажлыг хийх ёстой. Харамсалтай нь намын дарга УИХ-ын дарга болдог. Их хурлын дарга болж хэл амгүй байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гишгүүр байж болохгүй. Үүнд би шүүмжлэлтэй хандсан. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой гэсэн ард түмний хүсээд байгаа зүйлийг би дамжуулсан юм. Хэн нэгэн хэлэх ёстой зүйлийг нь заавал хэлэхгүй бол өнгөрсөн дөрвөн жил АН-д тохиолдсон тэр толхилцоон МАН-ыг засаглаж байх үед бий болох вий гэдэг утгаар нь хэлсэн. Үүнээс болж ард түмний амьдрал дахин дөрвөн жилээр хойшилж болохгүй. Ялсан намын дарга нь хариуцлагаа үүрээд явдаг энэ зарчим З.Энхболд, М.Энхболд нарын үед алдагдаж байна. Цаашид ийм байдалд битгий хүрээсэй.

-Төрийн их баяр наадам болж таны төрсөн Ховд аймгийн Зэрэг сумаас Бат-Өлзий улсын харцага, Чандманиас Б.Пүрэвсайхан улсын заан цол хүртлээ. Тэгш ой тохиосон наадмаар та сайхан наадсан байлгүй дээ?

-Наадам үнэхээр сайхан боллоо. Монголчууд жилдээ хоёр удаа энерги авдаг гэж боддог. Тэр энергиэрээ амьдардаг гэж ойлгодог. Цагаан сараар хамаатан садан найз нөхөд, ахмадуудтайгаа учран золгож тэр энергиэрээ хаврын хатуу тарчиг цагийг даван туулдаг. Зуны дэлгэр цагт наадмаасаа энерги авч намрын урт өдөр, өвлийн хахир хүйтнийг давдаг тийм л ард түмэн. Би чинь өөрөө “Ховд” бөхийн дэвжээний тэргүүнээр ажилладаг. Энэ албыг би гурван жил залгуулж явна. Нэг жилд нь Б.Пүрэвсайхан харцага болсон. Дараа жил нь Батзаяа маань харцага цол хүртсэн. Энэ жилийн хувьд Ховд нутгаас маань ард түмний цаг ямагт цолоо ахиулахыг хүсэн хүлээдэг Б.Пүрэвсайхан харцага маань улсын заан цолонд хүрлээ. Миний төрсөн нутаг Зэрэг сумаас Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойгоор анх удаа улсын цолтонтой болж Бат-Өлзий маань улсын харцага цолтон боллоо. Захчин түмнийг маань баярлуулж ийм өндөр цолонд хүрсэнд нутгийн дүүдээ баяртай байгаа.

-Энэ жил Ховд аймаг Сүхбаатарын одон хүртсэн. Зэрэг сум Улсын тэргүүний сум боллоо гээд танай нутгийнханд олон баяр давхацлаа?

-Манай нутгийнхан үнэхээр ажилсаг ард түмэн. Ховд аймаг 1973 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан бол 43 жилийн дараа Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Төр засаг маань Ховдынхны хийж бүтээснийг өндрөөр үнэлж шагнасан гэж ойлгож байгаа. Ийм ажилсаг ард түмний итгэлийг дааж, тэднийхээ сайн сайхны төлөө зүтгэх хүсэл эрмэлзэл байнга сэтгэлд минь байдаг.

Зэрэг сум маань Улсын тэргүүний сум болсон. Манай сум баруун таван аймгийнхаа сумд дотроос сүүлийн таван жилд үнэхээр хөгжлөөрөө илүү байсан. Сумын маань иргэд үнэхээр сэтгэл өндөр байгаа.