Categories
мэдээ цаг-үе

Б.Болортоль: Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг

Нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Болортольтой ярилцлаа. Дунд, ахлах ангид хичээл заадаг энэ багш 18 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглалыг хүмүүс мэднэ. Харин орчин үеийн багш гэж хэн бэ?

-Орчин үед багшид өөрийгөө хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Өөрийгөө хөгжүүлж бэлтгэж байж хүүхдийн өмнө зогсох учиртай. Яагаад гэхээр хүүхэд өнөөдөр биднээс илүү хөгжчихсөн байна шүү дээ. Бүх мэдээлэл нээлттэй байна. Хүүхдүүдэд шинэ мэдлэг өгөхийн тулд багш маш их бэлтгэх ёстой. Өмнө нь бид “Энэ хүүхдүүдийг ийм л түвшинд хүргэнэ” гээд өөрсдөө зорилго тавиад хичээлээ заадаг байлаа. Манай сурагчид юу хүсч сонирхож байна гэдгийг судлахгүйгээр үүнийг л заачихвал би хангалттай сайн ажиллаж байна гэж үздэг байлаа. Өнөөдөр хүүхдүүдээ судлах шаардлагатай болсон. Миний хүүхдүүд юунд хүрэхийг мөрөөдөж байна гэдгийг багш судлах учиртай.

-Хүүхдээ судална гэхээр яана гэсэн үг вэ. Судалгаа авдаг юм уу, хичээл заах явцдаа ажигладаг уу?

-Хичээл заах явцдаа байнга ажиглана. За өнөөдөр Бат, Дулмаа, Дорж гурвыг судална гээд төлөвлөж орно гэсэн үг. Өнөөдрийн хичээл дээр ийм чадвартай байсан сурагчид миний хичээлийн дараа ийм өөрчлөлт гарлаа гэдэг тэмдэглэгээг хийж явахыг л судалгаа гэж хэлээд байгаа юм л даа. Ахицыг л багш тэмдэглээд яаах учиртай.

-Өмнө нь багш мундаг байх амархан байсан байж магадгүй. Харин өнөөдөр багш мундаг байх ёстой юу. Мундаг биш багш бол яаж хүүхдүүдийн анхаарлыг татаж, мэдлэг олгох вэ?

-Үүнийг би бас зөндөө бодсон. Яагаад гэхээр биднийг сургууль төгсч байх үед олимпиад уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтаар багшийг үнэлдэг байсан. Би улсын аварга болж байсан, аймагтаа монгол хэл, бичгийн олимпиадад байнга түрүүлдэг байлаа. Тухайн үед ийм багшийг үнэлдэг байсан. Сая боловсролын салбарт өрнөсөн шинэчлэлийн үр дүнд багшийг тэр талаас нь үнэлэхийг чухалчлахгүй болсон. Олимпиадад түрүүлэх магадлалтай хэдхэн хүүхэдтэй ажиллах бус хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө хичээдэг болсон. Гэхдээ багш чадвартай байх ёстой нь мэдээж. Хүүхэдтэй сайхан харьцчихдаг, хичээлээ гайгүй заачихдаг хүн бүр сайн багш гэсэн үг биш л дээ.

-Багш юм хэлэхээр “Багш аа, наадах чинь тийм биш шүү дээ. Энд өөр мэдээлэл байна” гэх мэтээр ярих хүүхэд байх уу?

-Байгаа. Багш хүүхэдтэйгээ зэрэгцээд хөгжих, мэдээллийн эрин зуунд амьдрах ёстой болж байна. “Аа тийм байна уу” гээд зогсч таарахгүй.

-Монгол иргэн бэлтгэхийн тулд монгол хэл, соёл чухал гэдгийг олон хүн мэдэрдэг боллоо. Ном уншдаг байх хэрэгтэй гэдгийг ч хэн бүхэн хэлэх байх. Харин монгол хэл, уран зохиолын хичээлийг хэр тоодог вэ?

-Монгол хэл, уран зохиолын хичээлд ач холбогдол өгдөг гэж би хэлнэ. Зөв бичгийн дүрмээр бичиж чаддаг хүүхэд байхгүй боллоо гэсэн өрөөсгөл ойлголт явдаг. Монгол хэл, уран зохиолын хичээлийг сонирхолтой заах гэж бид их хичээж байгаа. Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүнд хичээл заагаад гарч ирэхдээ би сайхан мэдрэмж авч чаддаг. Бүх хүүхэд хичээлд оролцоход сэтгэл ханамж маш өндөр байдаг. Ингэж хичээлээ заахын тулд маш их бэлтгэдэг, сэтгэдэг болсон.

-Орчин үеийн залуус ном уншихаа байжээ гэцгээдэг. Үнэхээр хүүхэд залуус ном уншиж байна уу?

-Уншиж байгаа. Дунд сургуулийн сурагчид маш их уншиж байгаа. Анги болгон номын сантай. Бага ангийн хүүхдүүд зурагт комикс номнууд унших сонирхолтой байдаг. “Робинзон Крузо” ч гэдэг юм уу алдартай зохиолуудыг хүүхдэд зориулсан хувилбараар хэвлэх болсон. Тиймэрхүү зохиолуудыг сурагчид их уншиж байна.

-Хэл, уран зохиолын багшийн хувьд хүүхдэд зориулсан ном биччих юмсан гэсэн бодол төрдөг үү?

-Төрдөг. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, амьдралын тухай ном бичиж, кино хийх юмсан гэж боддог. Гэхдээ яг номоо бичээд эхлэх зориг хүрэхгүй байна л даа. Сая гэхэд л сургуулийнхаа 53 сурагчийг аваад БНХАУ-ын Шиньяан хотын Багшийн сургуулийн зуны сургалтад хамрагдаад ирлээ. Хүүхдүүд маань HSK буюу хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн юм. Тэнд бараг сар шахам хүүхдүүдтэйгээ хамт байлаа. Тэгээд л эдний тухай бичих юмсан гэж бодогдсон шүү.

-Эцэг эхчүүд өөрийнхөө нэг, хоёр хүүхэдтэй учраа олох гэж заримдаа яаж зовдог билээ. Гэтэл амьтны олон хүүхэдтэй бужигнаж байдаг багшийн стрессийг тайлах үйлчилгээ, амраах өрөө гэж баймаар санагддаг юм л даа. Тухайлбал та стрессээ яаж тайлж байна?

-Чөлөөт цаг бараг л гарахгүй дээ. Бид нэг ангид 50 гаруй хүүхдэд хичээл заадаг. Нэг их шуугиад байхгүй ч олон хүүхэдтэй ажиллахаар их ядардаг. Гуравдугаар сард манай багш нар дусал, аминдэм хийлгэх гэх мэтээр боломжоороо эмчлүүлдэг. Өөрийнхөөрөө стрессээ тайлж, эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа нь л тэр. Энэ жил бид Заах аргын нэгдлээрээ массажинд орох юмсан, нэг газар орж ярилцаж сайхан суух юмсан гэж яриад чадаагүй.

-Багшийн хөгжлийн ордон гэж байдаг. Тэнд үйлчлүүлэх, суралцах боломж гардаг уу?

-Тэнд байнга л сургалт болж байдаг. Өөрийгөө хөгжүүлэх боловсруулах сургалтад хамрагддаг.

-Мэргэжлээ солих юмсан гэсэн бодол төрөх үе байсан уу?

-Эхэндээ тийм бодол төрдөг байлаа. Одоо бол тэгж бодохоо байсан. Шинэхэн багш байхдаа цалин үнэхээр хүрэхгүй “Яана даа, ингэж ч амьдрах гэж” гэж бодогдох үе байсан. Одоо бол ажилласан жилийн нэмэгдэл, лаборатори сургуулийн нэмэгдэл гээд болоод л байдаг юм.

-Мэргэжлийн өвчин гэж байдаг. Бид нар бол алдаа харагдвал засах гээд байдаг өвчтэй. Таны хувьд яадаг вэ?

-Би бас тийм өвчтэй. Манай сургуулийн монгол хэлний секц “Ангууч” гээд хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүүхдүүд алдаатай хаяг, зарлалын зургийг авч багшдаа өгдөг. Ингээд орхичихгүй. “Танай байгууллагын гадна хаяг ийм алдаатай байна” гээд хүүхдүүд ханддаг, шаардлага тавьдаг. Зарим байгууллагын удирдлага маш сайхан хүлээж аваад “Та бүхэнд баярлалаа. Бид алдаагаа засъя” гээд албан бичиг хүртэл ирүүлсэн удаатай.

-Та одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Би “Боловсролын төгсгөл” гэдэг ном авчихаад хараахан уншиж дуусгаагүй л байна. Еврэйчүүд хүүхдүүдээ яаж боловсруулдаг тухай өмнө нь уншсан. Еврэй эцэг эхчүүд хүүхдүүддээ “Өнөөдөр багшаасаа юм асууж ир” гэж захидаг юм байна. Хүүхдүүдээсээ орой нь “Багшаасаа юу асуув, ямар шинэ юм мэдэж ирэв” гэж асуудаг. Түүнээс биш “Ямар дүн авав” гээд орхичихдоггүй юм билээ.

-Харин таны сурагчид хичээлийн дараа юм асуудаг уу?

-Ховор асууна шүү дээ.

-Яагаад багш болъё гэж шийдсэн бэ, зорилготой сонголт байсан уу?

-Яахав, зорилготой сонголт байсан л даа. Гэхдээ би орос хэлний багш болох байсан юм. Орос хэлний багш маань намайг гомдоогоод гэх юм уу даа. Монгол хэлний багш болчихсон юм. “Чи орос хэлээр явж чадахгүй” гэсэн юм л даа. Тухайн үед тэр үг зүрх сэтгэлд үлдсэн.

-Багшийн санаатай болон санамсаргүй хэлсэн үг хүүхдийн сонголтод нөлөөлж байдаг. Магадгүй та хүүхдэд үг хэлэхдээ маш болгоомжтой ханддаг байх?

-Би энэ тухай их боддог. Би энэ хичээлийг заахдаа ингэж хэлнэ гээд толинд харж бэлтгэдэг. Хүүхэд бол бидний толь л гэсэн үг. Бага ангийн хүүхдүүд бол гэртээ очоод багшийгаа яг дуурайдаг гэж байгаа юм. Бухимдаад янз бүрийн үг хэлэх тохиолдол гарна л даа. Аль болохоор тийм алдаа гаргахгүй юмсан гэж хичээдэг.

-Багш хүний мөрөөдөл юу байдаг бол?

-Төгсч байгаа хүүхдүүд маань бидний бүтээгдэхүүн шүү дээ. Ямар хүмүүжилтэй төлөвшилтэй гарч байна гээд бодохоор эмзэглэх үе байдаг. Хүүхдүүдээ аль болох хүнийг хайрладаг, зөв сэтгэлтэй, алсын хараатай болгох юмсан гэж боддог. Гэтэл яаж ийм хүн болгох вэ. Иргэний боловсролын хичээлээр хүнтэй яаж зөв харилцах вэ, гудамжинд явж байгаад бусадтай маргавал яаж зохицуулах вэ гэх мэтээр ярилцах цаг байдаг. “Автобусанд ямар хүнд туслав, маргаашийн цаг дээр яриарай” гэх мэтээр даалгавар өгдөг. Зүрх сэтгэлийн боловсрол олгох цагтай болсондоо баяртай байдаг .

-Танд хэлэхийг хүссэн үг үлдсэн үү?

-Боловсролын салбарын шинэчлэлийг энэ хэвээр нь үргэлжлүүлээсэй. Шинэ хүн гарч ирээд бужигнуулчих вий дээ гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Ай.Төмөр-Очир: Мөнгөнбаатарыг тавын даваанд тахимаа өгөхөд элэг урагдах шиг боллоо

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцлаа. Адуу зурж, адуу шүлэглэдэг аатай найрагчтай энэ удаа уран бүтээл, шүлэг найраг, улс төр ярьсангүй. Өнөө жилийн наадмын тухай бодол сэтгэлийг нь хуваалцсанаа хүргэе.

-Монгол төрийн наадам бахтай сайхан боллоо. Наран ургах зүг Сүхбаатар нутгаас наадмын өмнө заан цолтон төрлөө. Хурдан адууны үүд хаалга болсон, хийморь лундаатай нутаг мөн дөө?

-Энэ жил олон тэгш ой давхацсан, нар хур тэгширсэн элбэг дүүрэн наадам боллоо. Миний бие Өвөрхангайн Хужиртад амрангаа зурагтаар наадмаа тухтай нь аргагүй үзлээ. Түүнээс наадмын өдрүүдэд чинь сэтгэл санаа хий дэвэлзээд морь, бөх гэж хоёр тийшээ гүйлдээд наадмаа үзэж чадахгүй өнгөрдөг. Магалжав маань наадмын босгон дээр заан цол хүртэж, нутаг нугын түмнээ баярлууллаа. Нэг сонин түүх хэлэхэд, Магалжавын өвөө халхын домогт хүчтэн Буянтоо аваргын хүү Жанцанхорлоо гуайтай би ойр дотно явсан. Ерээд оны эхээр өвгөнийх энүүхэн ойрхон Бөөрөлжүүтээр нутагладаг байв. Би гэдэг аагисан амьтан очиж өвгөнийг уруу татаж, хоёулаа ууж идэж, зураг хөргөө ч авахуулж, айл амьтнаар дөрөө харшуулан бууж явлаа. Аавынх нь ир чадлын тухай асууж сонирхоно. Жанцанхорлоо гуай тэлмүүн сайхан яриатай янхигар хөгшин байсан. Буянтоо аваргыг морио үүрээд Гандангийн дэнжид гарсан гэх түүх домог шиг яриа тухайн үед олны дунд хэсүүчилдэг байсан. Үнэн бодит яриа юм гэнэ лээ. Манай Сүхбаатар бол морь, бөхийн үүдтэй гал голомт. Залуу аварга Мөнхбат Сүхбаатар аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол авч, тэр жилээ улсын цолны босго алхаж байсан. Мөн Баттулгын Соронзонболд заан манай аймгийн наадамд түрүүлээд тэр жилээ шууд долоо давж улсын заан цол хүртэж байсан. А.Сүхбат аварга Алтан-Овооны даншигт түрүүлснийхээ дараа улсын наадмын түрүү бөхөөр тодорч, зургаан залуу заанаас сугарч гарч ирсэн түүхтэй. Ингээд бодохоор бөхийн өлгий биш юмаа гэхэд бөхийн үүдтэй нутаг гэдэг нь мэдрэгдэнэ.

-Ажнай хүлгийн тухайд…?

-Морины тухайд бас ярих зүйл их байна аа. Аливаа юмны учрал ерөөл гэж бий. Сайн бөх ясаа тавьсан газраас бөхчүүд төрдөг гэдэг. Тэгвэл сайн уяач ясаа тавьсан газраас хурдан хүлэг төрдөг юм байна гэж боддог. Монголын анхны манлай уяачдын нэг Дамдинхүүгийн Түвдэн гэж баруун Алтай Ховдын Дарвийн нэртэй уяач байлаа. Тэр хүн Сүхбаатар аймгаас хурдан морь худалдаж аваад буцах замдаа Баруун-Уртад өөд болсон юм. Түвдэн гуай наян нэгэн онд ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойгоор гурван морь түрүүлгэж түүхэн амжилт тогтоож байсан, улс даяар зартай уяач хүн. Тэр сайхан уяачийн эрдмийг нас бие нь дийлэлгүй Баруун-Уртад өнгөрсөн. Сонин юм шүү. Өлзийбаатар гэж хүнээс авсан хязаалан үрээг нь сүүлд Дуламсүрэн тод манлай уяад сартай хонгор азарга төрийн наадамд түрүүлж байлаа. Хурдан морины бүх шинжийг хадгалж төрсөн ажнай гэгддэг Дамбадаржаагийн Ононгийн аварга хээрийг ард түмэн мэднэ. Сүхбаатарын Уулбаянгийн Агваан багшийн унаган адуу шүү дээ. Аварга хээрийн тухай үүх түүх ярьж, шүлэг найраглалдаа бичиж би Ононг уйлуулж л явлаа. Тэр сайхан хүлэг Алтан-Овооны даншигт очиж уралдаад Гангын цагаан овооны Өлгий гэдэг газар үүрд хөрвөөсөн. Манай Сүхбаатар ийм л монгол төрийн наадмын үүдтэй голомт юм.

-Мөнгөнбаатарыгаа начин болно гэж мөн ч их хүлээсэн байх. Зөвхөн сүхбаатарынхан гэлтгүй бөхөд хайртай ард түмэн бүгд харлаа, харууслаа?

-Мөнгөнбаатарыгаа нүдээрээ харлаа, сэтгэлээрээ харлаа, бүр элгээ унатал харлаа. Ховд аймгийн Булган сумын Чулуунжав гэж бүхий л амьдралаа бөхөд зориулж ирсэн сайхан хүнтэй хамт Мөнгөнбаатарын барилдааныг үзсээн. Чулуунжав гуай бол манай Сүхбаатар аймгийн хурц арслан Булганхүүгийн аав. Мөнгөнбаатарын анхных нь багш. Булганхүү маань хоёр даваад гурвын даваанд уначихлаа. Улсын наадамд хоёр ч удаа дөрөв давж начны даваанд тулж ирсэн аралтай арслан. Яагаав, хэдэн жилийн өмнө Өсөхөө аваргыг тавын даваанд сандаргаж байгаагүй юу. Гэтэл Чулуунжав гуай хүүгээ гэхгүй шавиа л гээд байх юм. Ясны бөх хүн гэдэг чинь тэгдэг юм байна. Би бөх сайн мэдэх биш дээ. “Мөнгөнбаатар маань дөрөв давчихлаа. Энэ жил нэг юм дуулгана байгаа даа” гэж тавын давааны өмнөхөн багшаас нь асуулаа. “Туучих байх аа, туучих байх” л гэж байна.

Тэгтэл Мөнгөнбаатар начны даваанд бүдэрчихлээ. Бүр элэг урагдах шиг болсон. Би чинь угаасаа уранхай нөхөөстэй элэгтэй хүн. Айхтар том харуусал гэдэг чинь цээжнээс нэг юм зулгаагаад унагачихдаг юм билээ. Багш нь уйлаад босоод явчихсан. Би болохоор нулимсаа арчаад л суудал дээрээ суугаад байлаа. Тухайн агшинд надад Мөнгөнбаатарын наян настай аав, ээж хоёр нь бодогдов. Тэр хоёр буурал ард түмэн, нутаг усны олноос илүүтэйгээр хүүгээ харж суугаа нь мэдээж. Өөрийн эрхгүй ижий аавыг нь өрөвдөж суулаа. Аав нь Донойн Шар гэж сайхан хөгшин бий дээ. Цагтаа морь уядаг, уясан хүлгүүд нь Сүхбаатарын наадамд айлгадаг л байсан. Мөн ч цалгиатай сайхан эр явсныг нь би мэдэх юм. Хүний эцэг л болсон хойно “Намайг амьдад начин болчихоосой” гэж харж байгаа. Пил аварга гэж лут бөхийн удам. Ер нь тэгээд дэндүү их итгэл хүлээлгэнэ гэдэг дэндүү их хохирол амсахын л нэр юм биш үү. Одоо Мөнгөнбаатар маань нас явчихлаа. Уг нь монгол бөхөд жудаг гэж нэг юм бийсэн. Улсын алдар цолтой бөхчүүдийн хэн нь ч гэсэн амлаад цолонд хүргэхэд “Мөнгөөр начин төрүүллээ гэж хэлэхгүй” дээ. Гэвч энэ залууг амлаад өгчих жудагтай аавын хүү байдаггүй юм байна.

-Тэр жилийн цагаан сараар аатай сайхан барилдаж түрүүлснээс хойш л ард түмэн цол аваасай гэж хүлээсэн?

-Үнэхээр ард түмний хайртай бөх юм гэдгийг энэ жил би яс махаараа мэдэрлээ. Аймгийн наадамд хоёр удаа түрүүлсэн, заалны барилдаанд арван хэд түрүүлсэн бөх гэдэг ямар ч улсын цолтой бөхтэй эгнэж очихоор. Арван нэгэн онд цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Зэрлэг гахайн соёо гэж халтай зүйл байдаг. Хажуудахаа хадраад тэсгээдэггүй. Түүн шиг тэр жилийн цагаан сараар Мөнгөнбаатарын баруун ташаа ёстой нэг хачин байсан даа. Өнөө жил улсын цолгүй 18 бөх тав тавлаа. Зарим нь шууд зургаа давж байна. Манай хүн чинь тэр хэдийн хэнээс нь ч айж бэргэхгүй. Гэтэл Дорнодын Анар гэж шавилхан залууд барьц сонгуулаад уналаа. Анар өнгөрөгч жилийн наадмын дөрвийн даваанд Эрхэмбаяр аваргыг унагаж байсан эвгүй бөх л дөө. Мөнгөнбаатарын барилдаанаас би нэг л зүйлийг ойлгож байлаа. Нутаг орны удирдлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Сүхбаатарын гэх сэхээтнүүд бүгд худлаа юм байна. Сонгууль болохоор л саналыг нь хулгайлж, луйвардах гэж сайн хүн болж очдог. Зарим нь бүр нус нулимстайгаа холилдож очно гээч. Сая наадмын өмнө аймгийн том дарга нар нуруугаа үүрсэн, пээдийсэн амьтад худлаа инээд алдаад бөхийн галаар явж байна лээ. Тэгж л их нутагтаа хайртай хүмүүс юм бол энэ жил ганц нүүр тахалж байгаа бөхөө тунаанаас гаргах нь яасан юм. “Тавын даваа гэдэг хамгийн хэцүү. Энэ давааг л гаталчих юм бол сайн бөх цаашаа торолгүй явчихна” гэж Баянаа аварга Санжаадамбын тухай, дараа нь Мөнгөнбаатарын тухай хэлж байсан. Манай нутгийнхан хэзээнээсээ бөхдөө ээлгүй тосоо дусаадаггүй, тусаа өгдөггүй хүмүүс дээ. “Ерөнхийлөгчийн бөх” гэж төр, түмэндээ хүндлэгдсэн Жанцангийн Чулуун гэж сайхан начин байлаа. Тэр хүнийг ид барилдах насанд нь аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга чөлөө өгөлгүй чөдөр тушаа болж тамлаж байсан удаатай. Хөвсгөл аймагт Уйлган голын гурван аваргын сүрлэг сайхан хөшөө бий. Гэтэл манай спорт хорооны үүдэнд хүний инээд хүрмээр жижигхэн хөшөө байдаг. Тэр жил Шаравын Батсуурь аваргыг Сүхбаатарын хилийн цэрэгт байхад нь аймгийнхаа ойд уриагүй юм гэсэн. Үүнд нь аварга жигтэйхэн уурласан дуулддаг. Нутаг орон нь жаахан дэмжээд өгсөн бол манай Чулуун начин, за тэгээд Чойдорын Өвгөнхүү гуай, Лувсандоржийн Дашдаваа, Дахын Одсүрэн гээд аварга, арслангуудыг айлгаж явсан аатай хүчтэнүүд төрсөн. Даанч дээшээ барилдсангүй.

-“Аварга түрүүллээ, азарга түрүүллээ” гээд та омогтой байна. Аварга гэдэг нь мэдээж Санжаадамбыг хэлж байгаа байх. Та чинь хадам талаа яривал Архангай болоод давхичихна даа?

-Хазгар хүргэн хадамсаг гэгчээр манай хадам тал яалт ч үгүй шинэ аваргын нутаг Архангайн Хашаат сум л даа. Мөнгөнбаатар маань унаж нөхөөстэй элгийг минь “цөмлөөд” хаячих шиг болохоор хүний хор шар хөдөлнө биз дээ. “Хүү минь, дүү минь цол авахгүй бол хүргэн хүн байна, хадмын нутгаа дэмждэг хэрэг ээ” гээд Санжаадамбыг дэмжсэн. Аварга хүн аваргын буурьтай барилдана гэдэг сайхан юм. Ард түмэн харлаа. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Оюунболдыг илүүрхэн хаяж байгааг, есийн даваанд халхын сайхан аварга Эрхэмбаярыг шороодуулаад зүүн мөрнөөс нь адис авч буйг харахад хичнээн сайхан. Бөхийн жудаг, эрэмбэ гэдэг ийм л байдаг аж. Мөнхбат аварга Эрхэмбаяр аваргыг амлаж жудаггүй зан гаргалаа. Бөхийн ертөнц бас л булингартай байгаа юм байна гэж бодогдсон. Хужиртын амралтаас буцах замдаа хадмынхаа нутаг Хашаат сумаар дайрлаа. Манай сумаас аварга төрлөө гээд хашаатынхан цээж түхгэр, нуруу гэдгэр байна аа, аргагүй. Шүдлэн насны морьд оройхон мордож байх юм. “Яаж байгаа нь энэ вэ” гэхэд, “Санжаа аварга маань ирж байгаа. Хүчит аваргадаа шүдлэнгийнхээ уралдааныг үзүүлнэ” гэж байна. Залуу аварга оройхон Мөнх-Эрдэнэ арслан тэргүүтэй олон бөхтэй ирсэн дуулдсан. Би уулзаж чадаагүй. Харин халхын сайхан аваргыг төрүүлсэн аавтай нь очиж уулзлаа. Чимэдрэгзэн гуай ёстой нэг магнай тэнэгэр, дүүрэн жаргалтай сууна. Төрийн наадамд хүүгээ түрүүлэхийг харсан аав гэдэг бахтай байхаас яахав. Яриан дундаа мань хүн “Хүүгээ түрүүлэхийг үзлээ, ах нь. Ойрын хэдэн жилдээ үхэхгүй байх” гэж байна. Тэгэхээр нь би “Хүүгээ дархан аварга болохыг үзнэ ээ” гэж хэлсэн. Их л бэлгэшээж байна лээ. Хашаатаас өмнө нь улсын наадмын түрүү бөх тодроогүй, аварга цолтон төрөөгүй юм билээ. Уламбаярын Мижиддорж арслан тэртээ жаран гурван онд Жигжидийн Мөнхбат аваргатай үлдэж үзүүрлэж байсан гэдэг. Зөвхөн Хашаатынхан гэлтгүй ард түмний сэтгэлийн бах өнөө жил ханах шиг боллоо. Санжаадамбыг олон жил хүлээж байжээ. Монгол наадмын чимэг, хайрламаар сайхан бөх бол Сэлэнгийн Эрхэмбаяр аварга гэдгийг бас илүүтэй мэдэрлээ. Монгол эр хүн ийм байдаг гэх сүүлчийн загвар хийц, жудаг ёс, ухаан, намба байдлын төгөлдөр жишээ Эрхэмээ аварга.

-Алтан дарь овооны сахиустай Дарьгангын наадамд таны азарга түрүүлсэн дуулдана?

-Сайхан аваргын аавтай уулзаад хийморь лундаатай явтал Сүхбаатараас мэдээ ирлээ. Дарьганга сумын наадамд бодон хээр азарга минь түрүү магнай болсон тухай дуулаад омогшихгүй яадаг юм. Ямар сайндаа мэнд мэдэж ярьсан бүхэнтэй “аварга түрүүллээ, азарга түрүүллээ” гэж хэлж байхав дээ. 2009 оны зүүн бүсийн “Их хурд” наадамд миний одон хээр азарга аман хүзүүдэж намайг баярлуулж байлаа. Тэгтэл түүний төл содон хээрийн унага бодон хээр Дарьгангад магнайллаа. Би яруу найрагч хүн учир үгээр наадаж морьдоо ийн нэрийдсэн. Зэрлэг бодон гахайтай юу ч эгнэдэггүй юм, тэрхүү бэлгэдлийн бодож “Бодон хээр” гэж нэрлэсэн. Яруу найрагчийн бэлгэ ерөөл Дарьгангын наадамд оршсон байна, шүншгээ олсон байна. Таван азарга тасраад, үзүүрийн хоёр азарга уралцаад бариа руу дөхөхөд бусад нь сууж бодон хээр ганцаараа жанжлаад түрүүлчихсэн байна. Цэргийн жанжин гэдэг шиг магнайн хэдэн азарга дундаа үнэндээ жанжилсан байгаа юм. Айсуй он жилүүдэд алдарт Нийгмийн хонгорын удам, Сүхбаатарын адуун сүргээс төрийн наадмын түрүү тодорсоор байх болно гэх ерөөлөөр хоёулаа яриа өндөрлөе, болно биз дээ.

Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн хурандаа С.ОТГОНБААТАР: Цэргийн алба хаахаар очоод цагдаагийн сэргийлэгч болж байлаа

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулаад Улаанбаатар хотын цагдаагийн ахмадын хорооны дарга, хурандаа С.Отгонбаатартай ярилцлаа.

-Цагдаагийн ажлыг нэгжээс эхлэн хийж байсан хүний хувьд, цагдаагийн амьдралын хамгийн сайн ярих байх гэж бодож байна. Та хэдэн онд цагдаагийн байгууллагад хөл тавьж байсан бэ?

– Би чинь Архангай аймгийн Их тамир суманд зоотехникч хийж байсан хүн. Тэгээд 1980 онд цэргийн алба хаахаар болов. Тэр үед Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа 0230 дугаар цэргийн анги гэж байгуулагдаж байлаа. Тэр ангид цэргийн алба хаахаар татагдан очлоо. Цэргийн ангид алба хааж байна гэж бодож байтал ард иргэдийн дунд эргүүл хийх, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд оролцох ийм давхар үүрэгтэй болчихов. Удалгүй намайг шинэ цэрэг дотроос бага дарга болгож, нэг тасаг хариуцууллаа. Ингээд жил гаруй хугацаанд алба хааж байтал хөдөө орон нутагт хэсгийн төлөөлөгчийн орон тоо цөөн байсан уу, яасан манай ангийн захирагч хурандаа Мөнхдалай гэж хүн тусгай, дунд боловсролоос дээш боловсролтой цэргүүдийг Цагдаагийн байгууллагад шилж сонгон ажиллуулах шийдвэр гаргаж билээ. Тэгээд би 1981 оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Цээл сумын Залуучуудын сангийн аж ахуйн хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллах боломж олдсон юм. Зоо техникч хийж байсан хүн цэрэгт яваад цагдаагийн сэргийлэгч болсон түүх энэ дээ. Энэ ажилд томилогдоод их баярлаж байлаа. Угаас миний багын мөрөөдөл сэргийлэгч болох байв. Цагдаагийн байгууллагын ажлын амтыг цэргээсээ болон хэсгийн төлөөлөгчийн ажлаас ийнхүү мэдэрч эхэлсэн дээ.

-Тэгээд та хэрхэн хуулийн мэргэжил эзэмшсэн юм бэ?

-Цагдаагийн сэргийлэгчээр нэлээд хэдэн жил Төв аймагт ажиллалаа. 1987 онд ЗХУ-ын Москва хот дахь Дотоод явдлын яамны дээд сургуульд намайг явуулах талаар яриа гардаг юм байна. Мэдээж надад хуульзүйн сургуульд сурч мэдлэг боловсрол эзэмших хүсэл тун их байлаа. Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Дорж гэж хурандаа хүн байсан. Энэ хүн намайг дэмжиж “Ер нь чи хойшоо сургуульд яваад ир. Хуулийн боловсролтой бол” гээд явуулсан юм. Амьдралын маань том сургууль болсон доо. Хойно таван жил сурахдаа би их юм сурсан. Ингээд төгсч ирээд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас намайг Багануурын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр томиллоо. Тэнд дөрвөн жил ажиллахдаа гурван жил дараалан Цагдаагийн ерөнхий газрын хөдөлмөрийн аварга, эдийн засгийн төлөөлөгчөөр шалгарсан юм. Хийсэн ажлыг нь үнэлж байна гэж их урам авч зүтгээд байв. Багануурт очсон тэр жил чинь 1992 он байсан. Оросууд буцсан, өмч задарсан ийм үед надад хийх ажил тун их.

-Та Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Тэр үед орон нутагт ноцтой гэмт хэрэг зөрчил гарч байв уу?

-1996 онд Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдоод дөрвөн жил ажилласан. Тэр үед нэг ноцтой хэрэг гарч байсан юм. 1997 оны арваннэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос настай эмэгтэй Чулуут суманд очихоор автобусанд суугаад аймгийн төв дээр буусан байдаг. Аймгийн төвд буугаад ор сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь алга болсон хүнийхээ тухай мэдээллийг сарын дараа цагдаад мэдэгдсэн. Хэргийг шалгахад яах аргагүй арваннэгдүгээр сарын 3-нд настай эмэгтэй аймгийн төвд буусан байдаг. Хаачсан нь мэдэгддэггүй. Тэгээд энэ өдөр ямар зөрчил, сэжигтэй зүйл юу гарсан бэ гээд эргээд бүх юмаа асууж лавлахад, тэр өдөр 69 машинтай нэг хүнийг манай замын цагдаа зогсоогоод шалгасан байдаг. Гэтэл жолооч нь үнэмлэх, бүх бичиг баримтаа хаячихаад зугтаачихсан байгаа юм. Энэ хүн сэжигтэй байна гээд эрэн сурвалжиллаа. Орон даяар эрэл болсон. Баянхонгор аймагт нэг сэжигтэй хүн байна гэсэн мэдээлэл ирж, Алтангэрэл гэдэг хүнийг баривчилж авчирлаа. Тэр хүнийг сар гаруй хугацаанд байцаагаад эхлээд юм хэлэхгүй байснаа сүүлдээ өөрөө цогцсыг хаана байгааг хэлсэн. Архангайн Хотонт сумын нутаг Хархорин хоёрын зааг, модон дотроос олсон юм. Боолгож нас барсан эмэгтэй хүний цогцос байсан. Алтангэрэл гэх гэмт этгээд нь хорих байгууллагаас оргоод Баянхонгор аймагт орогнож байсан юм билээ. Ингэхдээ Улаанбаатар хотоос шинэ 69 машин хулгай хийгээд тэр машинаараа говийн аймгуудаар хүн тээвэрлэж байсан байдаг. Миний үеийн хүмүүс дуулсан байдаг даа. Садист Алтангэрэл гэж алдаршсан гэмт этгээд байсан юм. Сүүлд манай хоёр сэргийлэгчийг Чулуут голын гарман дээр буудаж гэмтэл учруулсан хүн. Бас өмнө нь олон эмэгтэйг боомилж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байдаг. Ноцтой хэрэг гэвэл энэ хэргийг маш сайн санадаг юм. Архангай аймагт гэмт хэргийн нөхцөл байдал ер нь тайвандуу байсан даа. Модны хулгай ихсэх хандлагатай байсан байх, миний үед.

-Тэр үед ууланд оргодол, хоригдол бүгсэн тухай иргэд ам дамжин ярьдаг байж билээ. Хулгайч нар ихэнхдээ ууланд бүгж зугтаадаг байсан юм уу даа?

-Тэр үеийн малын хулгайч нар ер нь ууланд их бүгдэг байсан. Ууланд өдөр нь өнждөг морио уядаг. Тийм хулгайч тэнд байна, гэр орноо цоожлоорой, сэрэмжтэй байгаарай гээд мэдээлэл өгдөг байсан. Ноцтой хэрэг бага гардаг байсан учраас ганц нэг хэрэг гарахаар сонин содон сонсогдож хүмүүсийн сэтгэмжид нөлөөлдөг байсан байх. Тэр үед нэг хүнийг хутгалсан гэдэг мэдээ аймаар санагддаг байлаа шүү дээ. Одоо бол нэг хүн хутгалсан, үхээгүй байх юм бол сонин биш. Тэдэн удаа хутгалж алжээ гэсэн ч сонин биш, байдаг л хэрэг мэтээр хүлээж авдаг болсон байна даа.

– Та Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Энэ үед 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийг хамарсан эмх замбараагүй үймээн гарсан шүү дээ?

-Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байх үед 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн гарсан. Монголын цагдаа өмнө нь тохиолдож байгаагүй хүнд үетэй учирсан. Яагаад гэвэл, 365 цагдаа хүнд хөнгөн байдлаар бэртсэн. Бэртлийнхээ улмаас дараа нь гурван албан хаагч амиа алдсан. Хууль зүйн яамны эмнэлэг тухайн үед хөл гишгэх зайгүй болтлоо дүүрч, бусад эмнэлгүүдэд хүмүүсээ хэвтүүлж байлаа. Монголын цагдаа өмнө нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдалтай нүүр тулж байсангүй л дээ. Жагсаал цуглаан болдог байсан уу гэвэл байсан. Ордныг гурав тойрно буюу гороолно гэж ярьдаг байсан даа. Тэгээд л тарна. Тэрнээс биш өмнө нь тийм айхтар зүйл болж байсангүй учраас туршлага дутсан нь үнэн. Үймээний үеэр цагдаагийн алба хаагчдад зэвсэг, техник хэрэгсэл байхгүй байсан шүү дээ. Станц хүрэлцээгүй, цахилгаан бороохой, гав, нулимс асгаруулагч, хийн буу гээд тусгай хэрэгслээр хангачихсан байсан бол өөр байх байсан даа гэж боддог. Яг үймээний үеэр үнэндээ цагдаагийн удирдлага хяналтаа алдсан. Намын байрны урд олон хүн цугласан байхад тэднийг давж ярих хүчин чадалтай ганц ч чанга яригч байгаагүй. Алба хаагчидтай холбогдож чадахгүй, утас шүрмэс байхгүй. Ийм л зүйл болсон. Тэгэхэд бусад орны цагдаагийн байгууллагын туршлагыг харахад 5 -10 км-т сонсогдох чанга яригчтай байдаг юм байна. Түүгээрээ урьдчилан сэргийлэх юмаа хэлдэг анхааруулдаг дараа нь тусгай юмаа хэрэглэх ийм арга руу ордог. Гэхдээ одоо нэг үеэ бодвол манай алба хаагчид тусгай хэрэгслээр бүрэн хангагдчихаж. Нисдэг камер хүртэл ашиглаж байна. Энэ бол дэвшил юм. Алба хаагчид байнга сургуулилт хийдэг болсон. Одоо магадагүй тийм үймээн гарлаа гэхэд алба хаагчид бэлтгэл хангагдсан гэж боддог.

-Цагдаагийн ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа. Ахмадууд ойгоо угтаад ямар ажлыг хийж байна?

-Ойн хүрээнд олон ажлыг төлөвлөн хийж байна. Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, дүүргүүдтэйгээ хамтраад том том ажлыг төлөвлөж ажиллаж байна. Ахмадуудын хувьд залуучуудтайгаа эргэх холбоогоо сайжруулах, бие биендээ харамгүй туслалцаа үзүүлэх ялангуяа иргэдийн хурлын сонгууль, УИХ-ын сонгууль, наадам, АСЕМ, цагдаагийн ой гээд энэ жил олон баяр, чухал үйл явдал давхцаж байна. Энэ үйл ажиллагаанд ахмад цагдаа нар биеэрээ оролцлоо. Эргүүлд гарахаас эхлээд олон санаа санаачилга гарган ажиллаж байна. Манай цагдаагийн байгуулага ахмадуудаа их харж үздэг. Жилд 1-2 удаа хүлээгээд авчихдаг. Ахмадуудаа янз бүрийн үйл ажиллагаанд явуулж байгаа. Их өндөр сэтгэгдэлтэй байдаг даа, бид.

Э.Ариунсанаа

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол төгрөгийг америк долларт дарлуулахгүй байлгах үүрэг МАН-д ирлээ

МАН шөнө дөлөөр яаран сандран Монголбанкны ерөнхийлөгчийг солилоо. Н.Золжаргалыг ажлын бус цагаар, тээр орой болсон хойно өрөөнд нь дуудаж ирүүлээд тамга тэмдгийг нь хүлээгээд авчихав. Ёс бэлгээ бодсон ч тэр, яамд шиг мөнгө хулгайлаад суух аятай орчингүй, УИХ-ын шууд хяналтанд ажилладаг Монголбанкны онцлогийг харсан ч тэр харанхуй шөнөөр тэвдэн давчдан тамгыг нь аваад байх шаардлага уг нь бол байхгүй. Золоогоос тамгыг нь авсан Н.Баяртсайханы хувьд улс төрд шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр ажиллаж, Сангийн яамыг толгойлж явсан эрхэм. Харин төв банкинд бол тэр шинэ хүн. Гэхдээ томилгоо нэгэнт хийгдчихсэн. Элдэв эсийн шүүмжлэл өрнүүлээд дэмий ярианаас хэтрэхгүй учраас ингээд зогсъё. Золжаргал ба түүний нөхдийн амжуулсан, ирэх жилүүдэд үргэлжлүүлэх учиртай бодлого ажлынх нь тухай албаа аваад удаагүй төв банкны ерөнхийлөгчид дайх үг байгаа учраас энэ томилгоог онцолсон юм.

Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын гишүүдийн хамгийн их шүүмжилсэн сэдэв бол ам.долларын ханш. 1300 төгрөг байсан доллар 2000 давлаа, монгол төгрөг үнэгүйдлээ гэж ирээд дуу нийлүүлцгээж байсан тэд ноён ногооныг галзууруулахгүй байх үүргийг ирэх жилүүдэд өөрсдөө хүлээхээр болж байна. Золжаргалыг ажлаа авахаас өмнө Монголын эдийн засаг, монгол төгрөг хоёр хайр сэтгэлгүй гэрлэсэн хос шиг биенээсээ хамааралгүй, төгрөг нь энд, эдийн засаг нь тэнд тэнэж явдаг байсан бол өнөөдөр эдийн засаг, төгрөг хоёр биенээ жигтэйхэн мэдэрдэг болчихсон. Төгрөг хөрсөндөө буусан. Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид ингэж ярьдаг, олзуурхдаг. Яг нарийндаа дэлхийн эдийн засаг тэр чигтээ хямарсан өнгөрсөн жилүүдэд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр эрийн сайндаа энэ улсыг тартагт нь тулгачихалгүй мэнд аваад гарсан юм биш л дээ. Эдийн засгийг мэдэрдэг, мөнгөний зөв бодлогыг хэдэн арван жилээр нь харчихсан, төв банкинд ажилласан арвин туршлагатай нөхөр Монголбанкийг толгойлж байсан учраас хэцүү цагт гал алдчихалгүй өнөөг хүрсэн хэрэг. Мэдээж мэдлэг, туршлагаараа засагт нөлөөлөх хэмжээний лидер чанар байсан учраас түүнийг УИХ, Засгийн газар сонссон байж таарна.

Европоос эхэлсэн хямрал дэлхийг хэрж, баргийн зүйлд тэвддэггүй Хятадыг ч сандаргасан жилүүдэд Монголын эдийн засгийг юу аварсан гээч. МАН-ын ад үзэх дуртай өнөө бонд. Дэлхийн улсууд ташраараа мөнгөгүйдэхээс өмнө хөрөнгийн зах зээлээс овоо хэдэн ногоон чирээд ирчихсэн учраас л бид энэ зэрэгтэй байгаа юм. Доллар олж ирсэн, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн гол нөхдийн нэг нь сая ажлаа өгсөн Золжаргал. Англиар ярьдаг, англиар сэтгэдэг, магадгүй англиар мэдэрдэг, санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэгтэй, хөрөнгө оруулагчдын хэзээний танил хүн төв банкийг толгойлж байсан учраас Монгол Улс хямд хүүтэй дажгүй бонд босгож чадсан юм. Хүссэн хүсээгүй гадаад ертөнцөд Монголын санхүүгийн нүүр царай болсон цөөхөн хүний нэг нь тэр. Хөрөнгө оруулагчид англиар ярихдаа маруухан, санхүү эдийн засгийн өнгөц мэдлэгтэй улстөрчдөд биш тэднийг л сонсч, тэдэнд л итгэж мөнгөө өгдөг юм. МАН ялсан учраас төв банкны толгойг солих нь тодорхой л доо. Харин өмнөх ерөнхийлөгчийн бүрдүүлсэн, Монголын эдийн засгийг мэдэрдэг, ажлаа, бодлогоо мэддэг чадалтай боловсролтой залуусыг соливол байдал хэцүүднэ.

Долларын ханш яагаад өсдөг вэ гэсэн асуултын хариу нь тун энгийн. Байгаа цөөхөн доллараа үрэн байж гаднаас авдаг юмаа багасгах. Гадагшаа зарж доллар олдог бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Ядаж л өөрсдийнхөө хийж чадах сүү, тараг, ундаахнаа гаднаас авахгүйгээр үйлдвэрлээд сурчихвал доллар тэгтлээ “галзуурахгүй”. Төв банкны хийж чадсан зүйл энэ. Дөрвөн жилийн өмнө бид сардаа 560 сая ам.доллараар гаднаас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бол одоо 180 сая ам.доллар болоод огцом буурчихсан. Дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх бодлого барьсан учраас хамаг доллараа ариун цэврийн цаасанд зардгаа больсон хэрэг. Дотоодын үйлдвэрлэл нь гайхалтай хөгжсөн Герман, Япон, Азийн бар улсууд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох хүртлээ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангалаагүй байдаг. Үнэхээр ч төгрөг үнэ цэнтэй, доллар юу ч биш байвал хэн ч юу ч үйлдвэрлэхийг хүсэхгүй. Хямдхан үнээр импортын бараа хэрэглэсэн шигээ аж төрнө. Монголбанк төгрөгийн ханшид яг ингэж хандсан. Төгрөгийн ханшийг зах зээлд нь, эдийн засагт нь даатгаад зөнд нь орхисон. Мэдээж долларын ханш өсөөд байхаар гадны гоё савлагаатай үнэтэй иогурт авахыг хэн ч хүсэхгүй, “Мон сүү”-гийн таргийг сонгож таарна. Мэдээж “Мон сүү” дотоодын хэрэглээг бүрэн хангах боломжгүй. Монголд үйлдвэрлэсэн тарагны борлуулалт өсөөд ирэхээр Дулмаа, Дорж хоёр хамтраад сүү, тарагны үйлдвэр байгуулахыг сонирхож таарна. Үйлдвэрлэгчдэд ийм сонирхол төрөнгүүт тэднийг дэмжсэн хямд хүүтэй зээл өгчихсөн. Долларын ханшийг барьсан төв банкны аргыг энгийнээр тайлбарлавал нэг иймэрхүү.

Нүүрсний үнэ хаданд гарч, эдийн засаг цойлсон 2011 онд монголчууд нэг тэрбум ам.доллараар суудлын машин худалдаж авч байсан статистик бий. Энэ хэтэрсэн хэрэглээг хумьж, гадны зээл, уул уурхайгаас олсон мөнгөө халамжид тарааж, хэрэглээг огцом тэлсэн өмнөх жилүүдийн алдааг зассан газар нь Монголбанк. Банкууд өнгөрсөн дөрвөн жилд гар утас, компьютер, тоос сорогч авч тансаглах гэсэн нөхдөд биш хийж чадах зүйлээ үйлдвэрлэе гэсэн бизнесүүдэд зээл өгсөн. Үр дүнд нь цементээ өөрсдөө хийчихдэг боллоо. Цемент хийхэд ордог бүх түүхий эд нь байгаа учраас урдаас бараа татаж, Эрээнийг хөгжүүлэх шаардлагагүй. МАН-ыг засаг барьсан жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байсан. Тэр үед өчнөөн доллар орж ирсэн юм чинь гээд төгрөгийн ханшаа 30 хувиар чангаруулж байсан алдаа МАН-д бий. Үр дүнд нь дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг 30 хувиар унагаж байлаа. Хамгийн тод жишээ гэхэд л өнөө бидний өөрсдөө хийдэг болчихсон цемент. Төгрөгөө 30 хувь чангаруулчихсан чинь Хятадын цементийн өрсөлдөх чадвар 30 хувиар өсч байв. Тэр үед Замын-Үүд дээр цемент ачсан вагонууд яаж түгжирч байлаа…? Монголбанк барилгын салбар, хүнсний үйлдвэр зэрэг ажлын байр ихээр шингээдэг, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү зээлийг чиглүүлсэн нь төгрөгийн ханшийг хөрсөн дээр нь авчирсан юм. Хүнсний импорт гурван жилийн дотор 100 сая ам.доллараар буурна гэдэг сайн хэрэг. Албаа аваад хоёр хонож байгаа ерөнхийлөгчийн зайлшгүй үргэлжлүүлэх ёстой бодлого, хөтөлбөр гэвэл үйлдвэрлэлийг дэмжсэн бага хүүтэй зээл.

Бас Золжаргалын хэлэх дуртай хүчтэй дундаж давхарга гэсэн гурван үгийг төв банкны үе үеийн ерөнхийлөгч нар байнга хэлдэг тарниа болгочихвол өндөр хөгжил гэдэг халгаж ядан харах хүршгүй оргил биш. Америк, Герман зэрэг их гүрнүүдийн хүчирхэг байгаагийн нууц нь ердөө л хүчтэй дундаж давхарга. Ихэнх иргэн нь байртай, машинтай, дажгүй орлоготой байвал эдийн засаг тэлж, үйлдвэрлэл хөгждөг гэсэн гаргалгааг хэн ч хийчихнэ. Дундаж давхаргынхны мөнгөө хуримтлуулах хамгийн том хэрэгсэл нь орон сууц. Ипотекийн хэмжээ өсч байвал дундаж давхаргын хуримтлал нэмэгдэж байна гэсэн үг. Батынх гэхэд л олсон мөнгөнийхөө 45 хувийг хуримтлалд төлж байна. Тодруулж хэлбэл байрныхаа зээлэнд. Байрны зээлэнд төлсөн мөнгийг нь дэмий зүйлд заралгүйгээр орон сууц хэрэгтэй өөр нэг айлд ипотекийн зээл болгоод өгчихөж байна. Дажгүй хувилбар. МАН-ын засаг барьсан жилүүдэд эдийн засагт эргэлдэх мөнгөний 90 хувийг цөөхөн гэр бүл атгадаг байсан бол өнөөдөр энэ хэмжээ өөрчлөгдсөн. Монголын дундаж давхаргын хуримтлуулсан мөнгө аль хэдийнэ 3.4 их наяд давчихаад байгаа. Тэгэхээр төв банкны хэрэгжүүлсэн нэг том ажил бол яах аргагүй орон сууцны найман хувийн зээл. Орон сууцны бага хүүтэй зээлээс эхлээд дундаж давхаргыг дэмжсэн хөтөлбөрүүд цаашид ч үргэлжлэх учиртай.

Золжаргал Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдоод л инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Инфляцийг онилсон зэвсэг нь үнэ тогтворжуулах хөтөлбөр. Жил жилийн хавар хаданд гардаг мах, хойд хөршийн нэг бизнесмэний ам, аягаар байсхийгээд л үнэ нь нэмэгддэг шатахууныг онилсон нь цагаа олсон хэрэг болсон. МАН-ыг засаг барих үед буюу 2010-2012 онд инфляци жил бүр дунджаар 12.4 хувиар өсдөг байсныг түүний баг өөрчилж чадсан гавьяатай. Инфляци одоо хоёрхон хувиар хэмжигдэж байна. Н.Золжаргал “Даршилсан өргөст хэмхийн бүх орц Монголд бий. Түүнийг Польшоос авах хэрэг байна уу? Дотооддоо үйлдвэрлэх загвараа сонгох нь зөв. Өмнө нь өргөст хэмхийн дарш хийхэд дутагдаж байсан зүйл бий. Өвөл өргөст хэмхээ ургуулж чаддаггүй байлаа. Яагаад гэвэл хүлэмжгүй, хүнсний агуулахгүй байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн дөрвөн улирлын ажиллагаатай хүлэмжтэй, хүнсний зориулалтын олон агуулахтай боллоо. Улаанбаатар хотын хүнсний агуулахын хүчин чадал дөрвөн жилийн өмнөхөөсөө эрс нэмэгдсэн” гэж ярьсан удаатай. Халамжаас татгалзаж, баялаг бүтээдэг салбартаа зээл өгч, хэцүү хатуу жилүүдэд хэдэн мянган хүнийг ажилгүй суулгаагүйд нь Золжаргалын багт талархах учиртай. Ажлын байрыг хадгалж үлдэх бодлого бариагүй бол эдийн засаг 30 хувиар агшиж, 200 мянган хүн ажилгүй болох байсан гэсэн түгшмээр статистик дуулддаг. МАН засаг барьсан 2011-2012 онд 1.9 их наяд төгрөгийг зүгээр л халамжид зарцуулчихсан том алдаа бий. Төв банкны шинэ ерөнхийлөгчийн хувьд анхаарч бодохоор л сургамж. Ирэх жилээс бондын эргэн төлөлт энэ тэр гээд яривал асуудал, зовлон их бий.

Гадаадын хөрөнгө оруулалт тасарч, доллар ховордсон үед Монголбанкны долларын ханшийг тогтворжуулсан нэг арга нь своп хэлцэл. Тодруулж хэлбэл, Хятадын Ардын банктай хийсэн төгрөг-юанийн своп хэлцэл. Удахгүй дэлхийд чөлөөтэй хөрвөх валют болох юань ноён ногооныг тэнгэрт тултал нь галзууруулаагүй том шалтгаан. Хятадын хувьд дэлхийн 30 гаруй улстай манайх шиг своп хэлцэл хийчихсэн гүрэн. 3.2 их наяд юань гэсэн аварга тоо дуулддаг. Гадаад худалдааны тогтворгүй байдал бүс нутагт асуудал үүсгэдэг, бүс нутгийн асуудлыг хүндрүүлэхгүйн тулд гадаад худалдааг тогтвортой байлгах ёстой, гадаад худалдааг тогтвортой байлгадаг механизм нь своп хэлцэл. Тэгэхээр энэ хэлцэл ирэх жилүүдэд ч үргэлжлэх учиртай.

Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүн “Энэ нөхөр экспортыг дэмжсэн учраас долларын ханш өссөн” гэсэн гэнэн мэдэгдэл хийж харагдсан. Доллар олж ирдэг экспорт долларын ханшийг өсгөхгүй, харин ч буулгана гэсэн гаргалгааг эдийн засаг мэдэхгүй хүн ч төвөггүй хийчихнэ. Эрх баригч нам ирэх жилүүдэд ийм гэнэн, өнгөц, хайнга хандлагаар долларын ханшид хандахгүйгээр засаг бариасай гэж найдах л үлдэж байна. Төв банкны шинэ удирдлага нам гэсэн малгайн дор иймэрхүү хандлагад битгий автаасай, өнгөрсөн жилүүдийн зөв бодлогыг үргэлжлүүлээсэй гэсэн хүлээлт нийгэмд байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгчид уламжилъя.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Өгий нуураар аялахуй дор” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрнээс Ж.Эрдэнэбатын Засгийн газрын анхны хуралдаанаар ямар асуудлуудыг шийдэх болсон талаар болон УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” зохиолоо үргэлжлүүлэн бичиж буй тухай түүний ажил амьдралын тухай яриаг уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс МУ-ын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийн улс төрийн өндөр албан тушаалтнуудын алба ажлын тухай туршлагаа хуваалцсан ярилцлагыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Өгий нуураар аялахуй дор” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрэнд Н.Энхбаярыг АТГ-т дахин дуудсан тухайд “Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж чадахаа байв уу” материал гарлаа.

Цаг үе, үйл явдлын 10 дугаар нүүрнээс Жак Ма-ын Монголд ирээд хийсэн илтгэлийг сонирхоорой.

12 дугаар нүүрний “Дэвжээ” булангаас Улсын харцага Х.Гантулгын энэ жилийн улсын наадамд таарсан даваа оноолтын тухай сонирхолтой ярилцлагыг уншаарай.

13 дугаар нүүрний “Багш” булангаас МУ-ын гавьяат багш Г.Банзрагчийн “БагшийН мэргэжлийн хамгийн сайхан нь шавь нарынхаа сайн явахыг харах” нэртэй ярилцлага хэвлэгдлээ.

14 дугаар нүүрний “Утга зохиол” булангаас сэтгүүлч, яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөрийн Бидэрийн Баярсайханы талаарх дурсамж хөрөг нийтлэлийг уншаарай.

15 дугаар нүүрний “Хүмүүс” булангаас Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Санжаагийн Байгалсайхантай сэтгүүлч Норовын Гантулгын хийсэн өнөө үеийн утга зохиолын чиг хандлагын тухай сайхан ярилцлага гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Богд хааны ордон музейн шувууны цуглуулгыг сэргээн засварлахаар болжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Богд хааны ордон музей, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музей хамтран Богд хааны ордон музейд хадгалагдаж буй шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг хийх гэж байна.

Уг цуглуулга нь1901 онд Богд хааны захиалгаар Герман улсын Хамбург хотод хийгдсэн бөгөөд Монгол оронд байдаггүй дэлхийн олон тивийн сонирхолтой амьтдын чихмэлийг багтааснаараа тун онцлог юм. Тухайн үедтанин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулга нь одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болсоор байдаг сонирхолтой үзмэр юм.

Нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээр зарим амьтдын төрөл зүйл ховордох, улмаар устаж үгүй болох аюулд хүрч байгаа өнөө үед одоогоос 115 жилийн өмнө хийгдсэн Богд хааны цуглуулгын чихмэл амьтдын дотор устаж үгүй болсон амьтан ба түүний төрөл зүйл байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч энэ амьтдын цуглуулгын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн олон талын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсч нарийвчилсан судалгаа шинжилгээ, засварлалтыг шаардаж байна. Богд хааны ордон музейн чихмэл амьтны цуглуулгад 200 шахам амьтны чихмэл багтдаг.

Санамж бичгийн хүрээнд Талууд сэргээн засварлалтын ажлыг практик-сургалт зохион байгуулах замаар хэрэгжүүлнэ. Сургалтыг ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн чихмэлчид удирдах бөгөөд сургалт нь хоёр үе шаттай зохион байгуулагдана. Санамж бичигт монголын талыг төлөөлж Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, германы талыг төлөөлж Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн Зоологийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Хэрман Анзорге нар гарын үсэг зурна.

Энэ сарын 29-ний өдөр болох гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Стефан Дуппел нар байлцах юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөх эсэхийг шинэ Засгийн газар шийднэ

Энэ жил хүүхдийн халамжид 144 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл энэ мөнгийг эхний зургаан сард олгоод дууссан байна. Тэгэхээр үргэлжүүлэн өгөх санхүүжилт тасарсан гэсэн үг юм. Гэвч удахгүй төсвийн тодотгол хийж шинэ Засгийн газар хүүхдүүдэд мөнгө өгөх эсэхийг шийдэх юм байна. Гэхдээ хэзээ санхүүжилтийг нь шийдэж, хэдэн сараас өгч эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Яамдын орон тоог 109-өөр цөөлнө гэв

Шинэ засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “засгийн газрын анхны хуралдаанаар нийтдээ долоон асуудал хэлэлцлээ. Онцгой комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймагт үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, 328 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ. 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр байгалийн гамшигт нэрвэгдэн орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс 70 иж бүрэн гэр, гамшигт нэрвэгдсэн 700 иргэн хоол хүнсээр хангах, туслах ажил үргэлжилсэн. Нөхцөл байдал одоогоор нааштай болсон. Харин газар дээр авч хэрэгжүүлэх ажил байгаа юм байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан нөөц хөрөнгөөр зохицуулна” гэж онцолсон юм.

Мөн хуралдаанаар засгийн газрын бүтэц 13 яамтай байхаар хуульчлагдсаны дагуу яамдын орон тооны нөөцийн асуудлыг хэлэлцсэн байна. Уг асуудлын тухайд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Өмнө нь шийдлийн Засгийн газар 15 яам 1490 хүнтэй ажиллаж байсан бол өнөөдрийн Засгийн газар 13 яам 1381 орон тоотой ажиллахаар болж, 109 орон тооны хэмнэлттэй байхаар шийдвэрлэлээ. Шинээр агентлагийн орон тооны хэмжээ хязгаарыг баталсан. Хуваарь шинэчлэх батлах тухай тогтоол гаргасан” гэсэн мэдээлэл өгч байна. Мөн тэрбээр “Ахмадуудын тэтгэврийн зээлийг бууруулах асуудал олон жил яригдсан. Энэ Засгийн газрын үед ажил хэрэг болно.“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой ажлын хэсэг байгуулаад энэ долоо хоногоос ажилдаа орж байна” гэж мэдэгдсэн юм.

Э.Мөнх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд 10 чиглэлээр үүрэг өгчээ

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг өгөв.

Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, түүнд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг уялдуулах,
  • Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг судалж танилцуулах,
  • Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгохыг судалж танилцуулах,
  • Шинээр баталсан Эрүүгийн хуулийг мөрдөж эхлэх хугацааг сунгах, уг хуульд байгаа зөрчилтэй заалтыг засах талаар хуулийн төсөл боловсруулж танилцуулах,
  • Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцож, бодуулж болох эсэхийг судалж танилцуулах,
  • Малын гаралтай түүхий эдийн экспортын татварыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулах,
  • Хичээлийн бус цагаараа цагийн ажил эрхлэх “Орлоготой оуютан хөтөлбөр” хэрэгжүүлэх,
  • “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа тойрсон асуудлыг эдийн засгийн агуулгаар нь цэгцлэх,
  • “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, үр дүнгээ Засгийн газарт танилцуулах,
  • Бүх салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг иргэдэд хүндрэл багатай, шуурхай зохион байгуулах.

Эдгээр үүргийн биелэлт, холбогдох шийдвэрийн төслийн ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

​Г.Маралмаад 23 жилийн ял оноож Т.Цогтыг цагаатгажээ

Дөрвөн настай охиноо зодож амь насыг нь хохироосон Т.Цогт болон Г.Маралмаа хоёрыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 10.00 цагаас эхэлж 17.40 минутад дуусчээ. Шүүхийн шийдвэрээр Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, эцэг Т.Цогтыг нь цагаатгажээ.

Ганбатын Маралмааг хүнийг онц харгис хэрцгий аргаар бие хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Тулгатын Цогтыг хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож , улмаар Г.Маралмааг 23 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Т.Цогтыг өнгөрсөн хугацаанд нэг жил таван сар хоригдсоныг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг устгаж гар утас, сиди-г Г.Цогтод буцаан олгож Г.Маралмаагаас 4.646.839 төгрөгийг гаргуулж, талийгаачийн ээж Б.Өнөржаргалд олгохоор болгожээ. Харин Г.Цогт нь бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт дурдсан байна.
О.ӨНӨР