Categories
мэдээ нийгэм

Хотын захиргааны цогцолбор баригдаж эхэллээ

Хотын захиргааны шинэ цогцолборын барилгын ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Хотынхоо төв талбайг тойрон улс, хотын хэмжээний шийдвэр гаргагч бүхий л байгууллагууд байрладгаас авто замд түгжрэл үүсэхээс гадна машины зогсоол ч олдохгүй бэрхшээлтэй байдаг. Үүнээс ангижрах үүднээс хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэх шийдвэр хэдэн жилийн өмнө гарсан. Хотын хэт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргааг Баянхошуу орчимд 9.2 га талбайд “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлж эхэллээ.

Нийслэлээс шалгаруулсан тендерт “Хотын захиргааны шинэ төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэх байгууллагаар анх БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Халла Гонсол” ХХК шалгарсан байна. Гэвч “Халла Гонсол” ХХК манай улсын болон дэлхийн эдийн засгийн байдлаас хамааран гэрээ байгуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлсэн тул төслийн ажил түр хугацаанд зогсжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд уг төслийг “Халла Гонсол” ХХК-ийн боловсруулж батлуулсан зураг төсөл, эрх бүхий байгууллагуудаас өгөгдсөн техникийн нөхцлийн дагуу барих нь цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой гэж үзэж байгааг харгалзан НИТХ-аас уг ажлыг концессоор хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу “Хотын захиргааны шинэ төв” төслийн батлагдсан зураг төслийн зохиогчийн эрхийг хамтран өмчлөгч болох “Глобал бридж консерциум” /Глобал ток ХХК/-тай шууд гэрээ байгуулах аргаар концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсон байна.

Хотын захиргааны шинэ цогцолбор нь 20 давхар барилга байх бөгөөд газар доор зоорийн давхартай байх гэнэ. Шинэ цогцолборт нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлана. Мөн НИТХ, түүний ажлын албаны зургаан давхар, спорт заалтай байх юм. Зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоол хийхээр төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 06 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзалт хийсний зэрэгцээ Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцов.

Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна.

Тус санамж бичигт гарын үсэг үзэг зурсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын дарга болон Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар оролцон Японы Ерөнхий сайдын өргөөнд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр улс хоорондын технологи, хүн солилцоо болон цаашдын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Мөн хоёр орны Засгийн газар хоорондын анхны Санамж бичиг гэдгээрээ онцлогтой. Ингэснээр Хөдөлмөрийн яам Япон Улсад өндөр технологи, япон соёл, ноу-хауг суралцах залуучуудыг эхний ээлжинд хэлний сургалтад бүртгэж эхэлнэ. Ийнхүү зохих журмын дагуу бүртгэгдсэн залуусыг Япон Улсад дадлагажигчаар илгээх ажлыг даруй эхэлнэ. Дадлагажигч ажилчдыг бид ихэвчлэн бүтээн байгуулалтын, үйлдвэрийн, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт ажиллуулахаар төлөвлөж байна гэлээ.

Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд болон Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэх ёслолд оролцов. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэх юм. Нүүрс бол Монгол Улсын чухал баялгийн нэг мөн. Өнөөдөр Монгол Улс 173 тэрбум тонн геологийн нөөцтэй. 34 сая тонн батлагдсан нөөцтэй бөгөөд цаашдаа ч энэ тоо нэмэгдэнэ. Нүүрс бол эрчим хүчний нөөцөөрөө цаашид 170 гаруй жил дэлхийд ашиглагдах боломжтой гэсэн судалгаа бий. Дэлхий нийтэд түүхий нүүрсний хэрэглээг багасгах хандлага байгаа ч цаашид нүүрсний технологийг дээшлүүлэн, боловсруулалтын түвшнийг сайжруулж ашиглахаас өөр гарцгүй. Манай улсын өмнө цаашид нүүрсийг үр ашигтай ашиглах шаардлага бий. Энэ чиглэлийн анхны алхам тавигдаж байна. Шинэ нүүрсний цэвэр технологи нь нүүрсийг хийжүүлэн, гарсан хийгээр нь эрчим хүч үйлдвэрлэхээрээ ялгаатай. Монгол Улс цаашид нүүрс, химийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид хэллээ.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр, ГХЯ-ны Ази, Ойрхи Донод, Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

СЕХ зарим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд нам эвслээс нэр дэвшүүлсэн дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Улмаар хэд хэдэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.Үүнд:

-ТТЭНН-аас 35 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Туяабадрах

-АН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ч.Даваабаяр

-АН-аас 33 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Сүрэнжав

-БНН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Дорждагва

-МАХН-аас 6 дугаар тойрогт нэр дэвшсэн Д.Чинзориг

-МАХН-аас 24 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ж.Энхбаатар

-МАХН-аас 39 дүгээр тойрогт нэр дэвшсэн С.Саранхүү

-МАХН-аас 65-р тойрогт нэр дэвшсэн Э.Эрдэнэжамъян

-МАХН-аас 75-р тойрогт нэр дэвшсэн Н.Энхбаяр нар тус тус багтжээ.

Тэднээс Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татсан байна. Бусад нь баримт бичиг дутуу, өр төлбөртэйгээс хуулийн шаардлага хангаагүй байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Т.Ошиматай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсад хийх ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр /2016.06.02/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай уулзалт хийлээ.

Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболдтой дахин уулзаж байгаадаа талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, УИХ-ын дарга та Япон Улсад маш богино хугацаанд ч гэлээ, маш үр дүнтэй айлчлал хийж байна гэж бодож байна. Та өнөөдөр Японы Ерөнхий сайдтай уулзахын зэрэгцээ Төлөөлөгчдийн танхимын дарга, Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзахаас гадна чухал үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард бид Нью-Иорк хотноо уулзах үеэрээ, Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар санал солилцож байсан билээ. Энэхүү хэлэлцээрийн үр дүн удахгүй гарч эхлэх гэж байна. Мөн Монгол-Японы парламентын бүлэг болон монголын ард түмний зүгээс саяхан Япон Улсын жижиг хотод болсон газар хөдлөлтийн дараа бидэнд чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэнд албан ёсоор талархал илэрхийлье. Манай хоёр улс “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, хоёр орны өндөр дээд хэмжээний айлчлалуудын цар хүрээ, давтамж нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Шинзо Абэ л гэхэд хоёр ч удаа Монгол Улсад айлчилсан нь тун ховор тохиол боллоо. Манай хоёр улсын парламентын бүлгийн харилцаа маш идэвхтэй явагддаг. Монгол Улсад болох АСЕМ-ын чуулга уулзалтын хүрээнд болсон АЕПТ9 уулзалтад манай улсаас төлөөлөгчдөө илгээн оролцуулсан. Хоёр орны харилцааны түвшинг шинэ шатанд гаргахад Япон Монголын Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр чухал алхам болсон. Мөн ард иргэдийн хоорондын харилцаа ч сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаад талархалтай байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Энэхүү найрамдалт харилцааг хөгжүүлэхэд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмрээ оруулж ирсэн. 2013 онд байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн биелэлт 90 хувьтай байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Манай улсын хувьд дараагийн шатны Дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах хүсэлтэй байна. Энэхүү хөтөлбөрт Японтой дунд хугацаанд хамтран хэрэгжүүлэх төслүүд, нэн ялангуяа төмөр зам, нүүрс-химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг зөвлөлдөж, тусгах талаар ажиллах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга хэллээ. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, хэлэлцээ нь 3 жил гаруй үргэлжилсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ ойрын хугацаанд хүчин төгөлдөр болох гэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-г энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдэгт найдаж байна хэмээн УИХ-ын дарга хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошиматай хийсэн уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Тэрхийн голын бетон гүүрийг засварлах хугацаанд хөвдөг гүүр ашиглана

Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын замд байрлах Тэрхийн голын төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын 19-нөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийгээд байсан юм.

Харин гүүрийг завсарлаж дуусах хугацаанд хөвдөг гүүр ашиглахаар болсон байна. Мөн гүүрийг засварлах дөрвөн сарын хугацаанд хөвдөг гүүрийг ашиглахад 205.7 сая, хөвдөг гүүрийн хоёр талд 4.9 метр түр замын далан барихад шаардагдах 71.6 сая буюу нийт 277.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ спорт

Оюутны ДАШТ өнөөдөр нээлтээ хийнэ

Дэлхийн оюутны энэ оны байт харвааны АШТ 11 дэх удаагаа Монголд Улсад өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Тус тэмцээнд Монгол, Итали, Франц, Япон, Австрали, Чех, Словак, Швед, Бельги, Их Британи, Энэтхэг, АНУ, Малайз зэрэг 23 орны 250 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээн компаунд болон рекурв төрөлд болох бөгөөд төрөл бүр нь ганцаарчилсан, баг, холимог хосын ангиллаар 60 багц медалийн төлөө өрсөлдөж, энэ сарын 5-нд өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

10 мянган өрхийг хямд орон сууцтай болгоно

Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийн эхлэлийн хурал боллоо. Уг хуралд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Нийслэлээс Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн орон сууцны дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд тус төсөл нь эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх гол ажлуудын нэг юм. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү хурлаар Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийг танилцуулж, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, эко дүүргийн зарчмууд, дахин төлөвлөлтийн нэгжийн техникийн үзүүлэлтүүд, бодлогын хүрээ, газрын үнэлгээ, санхүүжилт, институцийн зохицуулалтууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.

Уг төсөл нь гэр хороололд төлбөрийн чадварт нийцсэн 10-15 мянга гаруй өрхийн орон сууцыг барьж байгуулах бөгөөд гэр хорооллын 100-130 га газрыг дахин төлөвлөж эко дүүрэг болгон хөгжүүлэх юм. Үүнээс 55 хувь нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, 15 хувь нь халамжийн орон сууц, 30 хувь нь зах зээлийн үнээр борлогдох орон сууц байхаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хот төлөвлөлтийн нэгдсэн шийдэл, төлөвлөлттэй, холимог газар ашиглалт, холимог орлогын түвшний өрхүүдэд зориулсан бүс бий болгох зорилготой. Мөн одоогийн орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, орон сууц худалдан авах чадваргүй байгаа буюу Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегид тусгагдсан өрхийн орлогын 1-5 дугаар шатлалын өрхүүдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц болон халамжийн орон сууцыг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Судалгааны хүрээнд төлөвлөлтийн аргачлалыг боловсруулах, хөрөнгө оруулалтыг тодорхойлох, хотын дэд бүтэц болон төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, санхүүгийн болон институцийн зохицуулалтуудыг санал болгох юм. Төлөвлөлтөөр одоогийн гэр хорооллын нягтралыг нэмэгдүүлэх замаар нөөцийг үр ашигтай ашиглаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн иргэдийн амьдрах таатай орчныг хангасан цогц суурьшил бүхий эко дүүргийг бий болгохоор зорьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-аар 40 зочид буудал үйлчлэхээр ажиллаж байна

АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд хурлын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. АСЕМ-аар үйлчлэх нийт 40 зочид буудал сонгогдон хамтран ажиллаж байгаа бөгөөд гурав нь төвийн зочид буудлууд буюу “Шангри-Ла”, “Туушин”, “Блю Скай” юм байна. Хурлын байрны хувьд үндсэн хуралдааныг “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулах аж. “Шангри-Ла” зочид буудалд 24 орны 280 зочин, “Туушин” зочид буудалд 16 орны 180 зочин, “Блю Скай” зочид буудалд 7 орны 180 гаруй зочин байршихаар захиалгаа өгчээ. Мөн төрийн дээд хэмжээний зочдыг байрлуулах АСЕМ Вилла хотхонд 40 орчим улсын зочид хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна.

АСЕМ-аар үйлчлэх 40 зочид буудал:
Шангри-Ла, Туушин, Блю Скай, Пума Империал, Улаанбаатар, Баянгол, Зүчи, Гранд Хилл, Цэцэг, Премиум, Альфа, Бишрэлт, Вайт Хаус, Декор, Кайзер, Кемпински, Континентал, Корпорейт хотел энд Конвейшн Центр, Корпорейт, Лион Таувер, Мика, Наранбулаг, Нарантуул, Өргөө, Парк, Платинум, Рамада, Рояал Хаус, Сити Таувер, Сонжин Гранд, Спрингс, Чингис хаан, Шератон, Эдельвайс, Холидей Инн, Хотел Наин, ЮуБи Сити, Сант-Асар, Дрийм, Рояал Маунтейн.
Categories
мэдээ нийгэм

Орон сууцнуудын орцыг камержуулжээ

Цагдаагийн байгууллагаас “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг өнгөрөгч нэгдүгээр capaac хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд орон сууцны иргэд хоорондоо танилцаж, нэгдэн “Хөршийн хяналтын бүлэг” байгуулж, байраа тохижуулах, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж эхэлсэн нь үр дүнд хүрч эхэлжээ. Одоогоор 815 бүлэг байгуулагдаад байгаа бөгөөд хөршүүдэд зориулсан цахим хуудсанд 1800 гаруй иргэн бүртгүүлээд байгаа аж.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэд “Хөршийн хяналтын бүлэг” байгуулж, 24 орон сууцны 54 орцыг камержуулжээ. Ингэснээр ахуйн хүрээний гэмт хэргийн гаралт буурсан байна. Мөн Хан-Уул дүүргийн зургаа, долоодугаар хорооныхон ч орчноо бүрэн камержуулжээ. Гол нь орчноо камержуулж, “Камерын хяналтын бүс” гэсэн тэмдэглэгээг гудамжинд байрлуулах нь гэмт хэрэг гарахаас сэргийлэх томоохон алхам гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татжээ

Өчигдөр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, 33 дугаар тойрогт нэр дэвшигчийг өөрчлөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр Увс аймагт нэр дэвшихээр ҮЗХ-гоор шийдэгдээд байсан Х.Баянмөнх аваргын охин Сүрэнжав нэрээ татсан тул оронд нь “Оюуны ундраа” компанийн захирал С.Отгонбаярыг дэвшүүлэхээр болжээ. Мөн Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болоод байсан Ч.Даваабаярын оронд “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргалыг нэр дэвшүүлэхээр болсон байна.