Categories
мэдээ цаг-үе

Хүн хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг Цэц санууллаа

Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ. Иргэд хоорондоо мөнгө зээлж, түүнийгээ хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг УИХ Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар хаасан нь олон нийтийн анхаарлыг татаад байсан билээ.

Уг хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Өөрөөр хэлбэл ирэх есдүгээр сарын 1-нээс эхэлж иргэд хоорондоо мөнгө зээлж, зээлдүүлж болохгүй нөхцөл үүсээд байсан. Харин Цэц дунд суудлын хуралдаанаараа иргэд хоорондоо мөнгө зээлж, мөнгө зээлдүүлэх харилцааг үргэлжлүүлэх дүгнэлт гаргаж иргэд мөнгө, хөрөнгөө бусдад зээлж, түрээсэлж, түүнийхээ хариуд төлбөр, хүү авах боломж хэвээр үлдэж байна.

Энэ үйл явдлаас анзаарахад хөрөнгө гэж юу юм, тийм чухал зүйл юм уу гэх асуулт урган гарч ирж байна. Үндсэн хуульд иргэд хувийн өмч хөрөнгөтэй байж, түүнийгээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг тухай заасан байдаг. Үүнийг иргэний заяагдмал эрх гэж үздэг. Гэтэл энэ заяагдмал эрхийг хуулиар хаах гээд байж. Манай зах зээл, эдийн засгийн эргэлт бол тэр чигээрээ хөрөнгө, мөнгөтэй холбоотой харилцаа. Гэтэл үүний нэг хэсэг болох иргэд хоорондын харилцааг хориглоод байсан нь өөрөө хууль бус байсан юм.

Заяасан эрх болоод олж авсан хөрөнгөтэй холбоотой үйл явцыг хааж боогоод байсан нь хачин. Хуучин нийгмийн үед байсан хоцрогдсон сэтгэхүйн үлдэгдэл өнөө бидний үед хүрч ирсний нэг илрэл л дээ. Хөрөнгөтэй хүн л бол буруу замаар баяжсан этгээд, хөрөнгө, мөнгө нь болбоос ариун бус аргаар босгосон зүйл мэтээр хөрөнгөтэй хүнийг харж, өөчилдөг манай нийгэм дэх буруу үзэл яван явсаар хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн хуультай болоход хүргэжээ. Хөрөнгө гэдгийг яагаад ч юм хууль бус гэдэг үл итгэсэн байр сууринаас хардаг хандлага өнөөдрийг болтол амь бөхтэй байгаад л хамаг учир байгаа юм. Хөрөнгөгүй хүн хөрөнгөтэй хүний замналыг ойлгохгүй, шууд л үл бүтэх этгээд гэж харддаг. Уг нь хэн ч бай амьд явах эрхтэй гэдэг шиг хөрөнгөтэй ч байх эрхтэй. Бурхан хүнд амь нас заяаж “За амьдраарай” гэдэг бол араас нь хоолтой байгаарай гээд хөрөнгийг нь илгээдэг гэдэг. Үнэндээ хоолгүй бол амьд явна гэдэг хэцүү. Ялангуяа манайх шиг ийм зах зээлийн нийгэмд хөрөнгө, мөнгөгүй бол урагш гишгэх боломжгүй. Гэтэл тэр хоол болсон хөрөнгийг нь битүүмжлээд “цоожилчихож” байгаа нь хүчээр өлсгөж байгаатай адил. Хүн бүхэнд ямарваа хэмжээгээр хөрөнгө байдаг. Тэрийгээ хоолоо олж идэх хэрэгсэл болгож амьдрал залгуулдаг нь бизнесийн л ухаан шүү дээ. Түүнээс биш шуналтайдаа хийдэг үйлдэл биш. Хүн бүр орчлонд дуу хадаан ирэхдээ өөрийнхөө хөрөнгийг дагуулж, буян хишгээ хамт авч ирдэг ч харин зарим нь салан баавгайн үлгэрт гардаг шиг “гээчихдэг” нь харамсалтай. Үүнээс л үүдэж хөрөнгөтэйгөө илүү үзэх хардлагын сэдэл үүсдэг.

Хүн хөрөнгөөрөө шударгаар ашиг олох эрхтэй. Энэ эрхээ эдлэх ёстой гэдгийг Үндсэн хуулийн Цэц харж, зүйтэй шийдвэр гаргалаа. Цэцийн энэ шийдвэр бол манай нийгэмд тогтчихоод байсан “Хөрөнгө бол муухай. Хөрөнгөтэй байх нь муу” гэсэн буруу хандлагыг тас цохисон үйл явдал боллоо гэж үзэж хүн хөрөнгөтэй байж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй гэдгийг баталгаажууллаа гэж ойлгож болно.

Categories
мэдээ цаг-үе

Гантай Эль нино хуртай Ла нинагаар үргэлжилнэ

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага Эль ниногоос үүдэлтэй ган гачиг энэ оны сүүлч, ирэх оны эхээр оргилдоо хүрэх төлөвтэй хэмээн мэдэгдэж байна. Өртөх магадлал өндөр улсын нэг нь Монгол гэж дүгнэжээ. Тодруулж хэлбэл ган болох өндөр магадлалтай улсын тоонд манай орон багтаад байгаа юм. Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл болох Эль нино нэлээд хүчтэй илэрч байгаа учраас өнгөрсөн зун агаарын температур Европт 40 градус, Ойрхи Дорнодод 50 градус давсан юм. Өнгөрсөн жил Монголын хувьд ч сайн байгаагүй. Газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох үед хуурайшилт үүсч ургац алдсан тохиолдол гарсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ удаагийн Эль нино Монгол, Филиппин, Индонези, Папуа-Шинэ Гвиней, Зүүн Тимор, Номхон далайн орнууд, Сомали, Этиоп зэрэг 18 улсад нөлөөлөх төлөвтэй гэж сэрэмжлүүлээд байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын прогнозоор 2015-2016 оны цочрол өгсөн Эль нино аажмаар суларч Ла нина болох магадлалтай байгаа гэнэ. Эль нино Ла нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль нино аажмаар суларч улмаар Ла нина болсон явцтай нэлээд төсөөтэй байх бололтой. 1999-2003 онд үргэлжилсэн ган зудад 13 сая гаруй мал хорогдон ядуурлын хэмжээ хоёр дахин өсч байв.

ЭМЭЭХЭЭС АРГАГҮЙ ЭЛЬ НИНО

Европ тив бусад улсаас дулаан байдгийн шалтгаан нь тун энгийн. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг учраас л европчууд цаг уурын аятайхан орчинд тухтай амьдарцгаадаг. Номхон далайд үүсдэг цаг уурын хоёр үзэгдэл бий. Нэг нь Эль нино. Нөгөө нь Ла нина. Далайн гадаргын усны температур 0.5 градус болон түүнээс дээш хэмжээгээр халахад үүсдэг үзэгдэл бол Эль нино. Энэ үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цаг уурт ихээхэн нөлөөлдөг. Эль ниног хөрвүүлбэл “жаал хүү” гэсэн утгатай. Бүр тодруулбал “Христийн бага нас” гэсэн утгатай испани үг. Зул сарын баярын үеэр Өмнөд Африкийн баруун эрэгт ийм үзэгдэл тохиолддог учраас ийн нэрийджээ. Эль ниногийн эсрэг үүсдэг үзэгдэл нь Ла нина. Ла нина нь бяцхан охин гэсэн утгатай үг. Цаг уурчид өмнөдийн хэлбэлзэл хэмээдэг.

Эдгээр үзэгдлийг анх 1923 онд Гильберт Валкер гэдэг судлаач тодорхойлжээ. Эль нино, Ла нина таван сараас удаан хугацаагаар үргэлжилбэл үзэгдэл гэдэг юм байна. Өмнөдийн хэлбэлзэл голдуу өвөл үүсдэг гэнэ. Номхон далайн хэвийн нөхцөл гэж бий. Экваторын дагуух салхиар далайн бүлээн ус баруун зүг рүү шилжиж, Өмнөд Америкийн эргийн дагуу хүйтэн ус дээш шилжихийг ийн нэрийддэг байна. Хэвийн үед салхи бүлээн усыг Номхон далайн баруун зүг рүү зөөдөг, харин хүйтэн ус далайн гүнд Номхон далайн зүүн тийш шилждэг аж. Эль ниногийн үед харьцангуй бүлээн ус Өмнөд Америкийн эрэгт хүрдэг байна. Хүйтэн усны босоо урсгал байхгүйгээс агаарын температур нэмэгддэг юм байна. Харин Ла нинагийн үед харьцангуй дулаан ус жирийн үеийнхээс илүү хол баруун зүг рүү шилждэг гэж цаг уурчид тайлбарладаг.

Эль ниногоос үүдэлтэй ган гачиг 2016 оны эцэс 2017 оны эхээр оргил үедээ хүрнэ гэсэн сэрэмжлүүлэг бий. Уг үзэгдэл 2015 оны сүүлч, 2016 оны эхээр нэлээд хүчтэй илэрч байгаа аж. Энэ оны нэгдүгээр сарын эхээр гэхэд л АНУ-ын Калифорни мужид Эль ниногоос үүдэлтэй шуурга болж, багагүй хохирол учруулсан юм. Ази, Африк, Өмнөд Африк, Төв Америк, Номхон далайн бүс нутгийн 13 орны 60 гаруй сая хүн энэ оны эхээр Эль ниногоос болж өлөн зэлмэн амьдарч байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар Эль ниногоос үүдэлтэй ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигт өртсөн улс орнуудын 60 сая оршин суугчдад тусламж үзүүлэхэд 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэж өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ удаагийн Эль нино дэлхийн цаг уурын түүхэнд хамгийн их хор хохирол дагуулсан үзэгдэл болж байгааг НҮБ-ын шинжээчид анхааруулсаар байна. Эл ниногийн дараа Ла нина болбол байдал улам дордоно гэсэн сэрэмжлүүлэг давтамжтайгаараар цацагдаж байгаа юм. Гэхдээ аюул нь манай улсаас хол байх бололтой. Австрали, Индонези, Тайланд, Филиппин, Бразил, Колумби улсад ширүүн бороо орж, Уругвай, Аргентинд ган гачиг тохиолдоно гэсэн таамгийг дэлхийн цаг уурчид хэлж байна.

ЭЛЬ НИНОГИЙН ДАРАА ҮРГЭЛЖИЛСЭН ГАН БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ ГЭВ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэвээс Эль ниногийн талаар тодруулахад “Экваторын тэг гардусын өргөрөгийн бүсээс өмнөд хойд аль аль тал руугаа 15 градуст багтдаг хэсгийг тропикийн бүс гэж нэрлэдэг. Тропикийн бүсэд буюу Номхон далайд далайн гадаргын хэм олон жилийн дунджаас нэмэх тал руугаа хазайхыг Эл нинотой холбож ярьдаг. Далайн гадаргын хэм нэмэх болох үед тэнд далай агаар мандлын харилцан үйлчлэл явагдана. Энэ нь ялангуяа Индонези, Энэтхэг, Африк, Атлантын далай, Өмнөд Америк гэх мэт тропикийн бүсэд хамаарах улс орнуудын цаг агаарын уур амьсгалд нөлөөлдөг. Зарим бүс нутагт хуурайшилт, ган гачиг болдог. Харин зарим нутагт хэт их бороо орж, үерийн гамшиг тохиолддог. Тэгэхээр Эль нино нь тропикийн бүс нутгуудад илүү хамааралтай, шинжлэх ухаанд батлагдсан үйл явц юм” гэсэн хариу өгөв. Эль нино манай оронд яаж нөлөөлдгийг сонирхоход “Онолын хувьд авч үзвэл энэ үзэгдэл дундад өргөрөг, өндөр өргөрөгтөө харилцан үйлчилнэ. Манай орон харьцангуй өндөр өргөрөгт оршдог. Тиймээс энэ хамаарал байдаггүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс яг Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогоогүй, батлагдаагүй. Гэхдээ хүчтэй Эль ниногийн үед олон жилийн дунджаас хэт их халалттай жил 2015 онд болж өнгөрсөн” хэмээн хариулсан юм. 1999-2002 он хүртэл дараалан дөрвөн жил их хуурайшилттай байсан нь Эль ниногийн сүүлийн тохиолдол гэнэ. Монгол Улс Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогдоогүй ч нөлөөлөл нь ирдгийг цаг уурчид үгүйсгэсэнгүй. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч гэсэн өмнө нь болсон түүхээ харахаар магадгүй Эль нино жилдээ биш түүнээс хойших жилүүдэд Монголд дараалсан хуурай жил үргэлжилж магадгүй гэсэн дохио өгөөд байгаа. Тиймээс иргэд үүнд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Эль нино тохиолдол нь агаар мандалд маш хүчтэй савлагаа бий болгочихвол магадгүй дараа жилээс манай оронд нөлөөлж олон жил дараалан ган гачиг, хуурайшилт болох магадлалтай. Ингэж таамаглах үндэстэй “ хэмээн санууллаа. Тэрээр Эль ниногийн эсрэг үзэгдэл Ла нинаг “Далайн гадаргын хэм нэмэх болж байсан бол энэ үзэгдлийн үед олон жилийн дунджаасаа хасах хэм болж өөрчлөгдөнө гэсэн үг. Ла нинагийн үед тропикийн бүсийн хамаарал сулардаг. Гэхдээ Ла нинатай жил манайд ганц, хоёр удаа тохиолдож ган гачиг болж байсан. Энэ гэхдээ бас л тодорхойгүй” гэж тайлбарлав.

ХАЛУУН ЗУН БОЛОХ НЬ

Зуны эхэн сар гараад багагүй хугацаа өнгөрсөн ч бороо цас холилдон орсон сэрүүн өдрүүд жиндээж байна. Сэрүүн өдрүүд мөдхөн дуусах бололтой. Учир нь цаг уурчид энэ жил халуун зун болно гэж онцолж байгаа юм. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Дэлхийн дулааралтай холбоотойгоор жилээс жилд дулааны хэм нэмэгдэж байгаа. Халуун болох өдрийн тоо нь их байна гэсэн үг” хэмээн ярилаа.

Хур тунадас хэвийн, ордог хэмжээндээ орно гэсэн таамаглалыг цаг уурчид хэлж байна. Гэхдээ тэд улирлын ерөнхий мэдээллийг л өгч чадна гэдгээ онцолсон юм. Яг төдийд бороо орно, тэдэн хавьцаа хална гэж нарийвчлан мэдээлж чадахгүйгээ учирласаар байгаа. Тэгэхээр цаг агаарын мэдээллийг тухайн үед нь авахаас аргагүй юм байна. Цаг уурчид энэ жилээс цаг агаарын мэдээг сараар бүү хэл улирлаар урьдчилж гаргахаа болиод байгаа юм. Эль ниногийн таагдашгүй авир цаг уурчдыг дуугүй суухад хүргэсэн гэх таамаг үнэнд ойрхон байж мэдэх. Эль ниногийн нөлөөнд орсон газарт ган гачиг болох эрсдэл өндөр гэсэн сануулгыг энд дурдахад илүүдэхгүй байх.

ААШ НЬ ОЛДОХГҮЙ ЛА НИНА

Эль ниногийн араас залгах Ла нинагийн аашийг олоход бэрх ажээ. Эль ниногоос үүдсэн аагим халуун өдрүүд Ла нина эхлэнгүүт аадар бороо, үертэй өдрүүдээр үргэлжлэх гэнэ. Өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд орсон улс орнуудын цаг агаар тогтворгүй байдаг юм байна. Дахин сануулахад манай улс өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд шууд оршдоггүй. Гэхдээ хүчтэй илрэлтэй жил нь Эль нино, Ла нина шууд нөлөөлдгийг өмнө онцолсон. Бусад жилүүдэд нь “жаал хүү”, “бяцхан охин” хоёрын аюул аажуудаа нөлөөлдгийг цаг уурчид үгүйсгээгүй. Тэгэхээр Эль нино дуусах үед халуу шатаж, Ла нина шувтрах цагаар аадар цутгах магадлал өндөр гэсэн үг. Манай улс Ла нинагийн нөлөө хүчтэй илрэх бүсэд оршдоггүй болохоор аадарт дуртай Ла нина бидэнд төвөг удахгүй бололтой. Харин ч арай зөөлнөөр илэрч, ирэх зунаас хуртай жил үргэлжилнэ гэсэн таамаг давамгайлж байна.

Хуртай жил ирнэ гэсэн өөдрөг мэдээний зэрэгцээ санаж явахад илүүдэхгүй сэрэмжлүүлэг ч байна. 1999 оноос Эль нино суларч Ла нина үүсэх үеэр 2003 он хүртэл дараалан ган, зуд нүүрлэж, нийтдээ 13 сая мал хорогдсон, ургац алдсан, ядуу өрхийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэх хүсмээргүй статистик гарсан. Манайд 1631-1939 оны хоорондох 309 жилийн хугацаанд 89 удаа зуд тохиолдсон гэдэг. Олныг зутраасан зудын ес нь мичин жилд тохиож. Цаг агаарын хэмжилт хийж эхэлснээс хойш 17 удаа зуд болсны гуравт нь мичин жил таарчээ. Товчхондоо өнгөрсөн түүхийг харахад мичин жил бүр ган, зуд болдоггүй ажээ. Харин Эль нино үүссэн жилийн зун ган, Эль нино Ла нинад шилжсэн жилийн өвөл зуд болдог гэх дүгнэлтийг хийж болохоор байна. 2010 онд Ла нинагаас болж мянган жилд нэг тохиох хатуу ширүүн өвөл болно гэж баргийн зүйлд яаран дүгнэлт гаргадаггүй Японы цаг уурчид хэлж байв. Ла нина гэдэг нь зүүн өмнөд зүгээс хүчтэй салхи гарч, далайн урсгал баруун тийш хандсанаар далай тэнгисийн ёроолоос хvйтэн ус хөөрөн гарах үзэгдэл учраас өвөл нь хүйтэрдэг гэдэгтэй дэлхийн цаг уурчид санал нийлдэг.

Б.Маралмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголд инженер, физикч, математикч болох замыг хааж байна уу?

Өнөө жил ерөнхий боловсролын сургуулийг 36 мянга 207 сурагч төгсөж байгаа. Эдгээр сурагчид, мөн түрүү жилийн шалгалтад босго оноогоо давж чадаагүй хүүхдүүд нийлээд 40 орчим мянган хүүхэд энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдахаар болоод байна. 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургадугаар сарын 15-нд монгол хэл бичгийн хичээлээр эхэлнэ. Уг шалгалтад өнөө айхтар босго оноо буюу 400 оноог нь аваагүй сурагч бусад шалгалтад орох эрхгүй. Үндсэндээ их, дээд сургуульд элсэн суралцах боломжоо бүрэн алдаж, хувь заяагаа хаалгуулж байгаа юм. Ингэж Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын популист заалт Монголын нийгэмд асар их хор хөнөөл, аюул гачланг дагуулаад байна.

2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын тогтоолд “Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол бичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх” гэж заажээ. Түүний дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын журамд “Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө” гээд заачихсан. Өнгөрсөн жил монгол хэл бичгийн шалгалтыг хоёр ч удаа авсан байдаг. Эхний шалгалтад хэл бичгийн чиглэлийн нөхдөөс бусад нь буюу тоо, физик, инженерийн чиглэлийн сурагчдын ихэнх нь бүдэрсэн. Дахиад авахад нь дахиад бүдэрчээ.

Ингээд бүтэн жил хүлээсний эцэст тэд ирэх сарын 15-нд дахин аз сорихоор горьдож

хүнийг өндөр боловсролтой хүн гэх ойлголт байсан. “Манай тэр ч боловсролтой шүү. Бичнэ гэж ёстой нэг зурж өгнө дөө” гэж ярьцгаадаг нь ийм учиртай.

Харин орчин цагт цэвэр сайхан бичигтэй хүнийг боловсролтой гэж үзэхээ больсон. Энэ бол хэн бүхэнд байх ёстой энгийн нэг шаардлага гэж үзэх болсон. Ер нь тэгээд орчин үед бичиг үсгийн боловсрол гэдэг маань мөн чанартаа асуудал дагуулах болсон. Цахим ертөнцийн энэ их шуурга, мэдээлэл технологийн хурд, нийгмийн дэвшил дунд аливаа нэг зүйлийн талаар өөрийн гараар гаргацтай, алдаа мадаггүй цэвэр бичих шаардлага тэр бүр тулгарахаа больжээ.

Учир нь орчин үеийн бичгийн хэл гэж хүн ойлгохын амьдрал ийм атал зөв сайхан алдаагүй бичихийг эрмэлзэх, монгол хэл бичгийн шалгалтаар улс орныхоо ирээдүй, үнэт баялаг болсон хүүхэд залуучуудынхаа хувь заяаг шийднэ гэдэг утгагүй болжээ.

Хамгийн гол нь улс үндэстний хөгжил дэвшлийн амин чухал мэргэжил, гол боловсон хүчин, үнэт баялаг нь болсон тоо физик, инженерийн сэтгэлгээтэй хүүхдүүдийг монгол хэл бичгийн шалгалтаар дарамталж, ажил амьдралынхаа зам мөрийг сонгох хамгийн хариуцлагатай эмзэг үед нь төр засгаас нухчин дарж байгаа нь аймшигтай. Тоо, физик техникийн талын хүмүүс бичихдээ тааруу байдаг. Үндсэндээ, орчин цагийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил болох цахим

баримталж, түүний үр дүнд салбар салбарын өндөр боловсролтой сэхээтнүүд төрж гарсан юм. Тэгтэл өнөөдөр энэ байдал бүр урвуугаар эргэж, Монголын хөгжлийг авч явах хүүхдүүдийн хувь заяа эмгэнэлт байдалд ороод байна. Матетамикч, физикч, эдийн засагч, нарийн мэргэжлийн инженер болно гэж хөдөлмөрлөж зүтгэсэн хүүхдүүдэд монгол хэл бичгийн шалгалтын 400 оноо гэдэг үнэндээ “цаазын тавцан” шиг санагдаж байгаа. Тэртэй тэргүй монгол хэлний хичээлд тааруу, огтоос ач холбогдол өгөөгүй, өөр зам мөрийг сонгосон тэднээс уйгаржин бичгээр шалгалт авна гэдэг арай дэндсэн ойлголт биш үү.

Монголын нийгмийн хөгжлийг чирч явах инженерүүд шалгалтад тэнцэлгүй, их сургуулийн босго алхаж чадалгүй гудманд гарах нь ээ. Монгол хэлний зүтгэлтнүүдийн хэл ам хийж, монгол хэл бичгийн шалгалт бол хамгийн гол суурь нь гэж хэнээрхэцгээн, дээр дооргүй хөөцөлдсөний үр дүнд тоо физикийн мэргэжлийн хүүхдүүд хэлмэгдэж эхэллээ. Бичиг соёлын хэл амтай, хэнээтэй, хорлонтой нөхдийн энэхүү ямар ч бодлогогүй үйлдэл, Засгийн газрын популист харалган тогтоол Монголын гэрэлт ирээдүйд стратегийн аюулт хөнөөлийг учруулж байна. Энэ бол монголчуудыг ядуу буурай, хүчгүй сул дорой байлгах бодлого гэхэд хатуудсан болохгүй ээ. Монголын боловсролд өнөөдөр ийм том стратегийн алдаа гараад байна. Төр засаг, салбар яам нь үүнийг хурдхан засч залруулж, Засгийн газрын 37 дугаар тогтоол гэх улс орны хувь заяаг уруудуулсан, үнэт капиталуудаа үгүй хийсэн харалган зүйлээ нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Мөн боловсролын хуульд тавдугаар анги хүртэл гадаад хэл заахгүй, уйгаржин бичгээр хичээл явуулна, төрийн албаны шалгалтыг уйгаржин бичгээр авна гэх аймшигтай заалтууд яригдаж байгаа. Дэлхий нийтээрээ англи хэл үзэж буй эрин цагт бид соёлт хүн төрөлхтний хөгжлөөс огцом ухарч байгаа нь өрөвдмөөр.

Энэ бүхэн бол үнэн чанартаа улс орны хөгжил дэвшил, цаашдын ирээдүйд маш хорон санаа болж сүүдрээ тусгах нь дамжиггүй. Монголыг эдийн засгийн, оюуны ямар ч дархлаагүй сульдаатай, өрөвдмөөр байлгах гэсэн харь гүрний харгис бодлого ч юм шиг. Эцэстээ Монголд үнэт баялаг бий болгодог нэг ч хүнгүй, хөгжил дэвшлийг түүчээлээд аваад явах, барилга байгууламж босгох боловсон хүчингүй, бүгд уйгаржин бичигтэйгээ зууралдан мунхарч гүйцсэн, дуулж хуурдсан, хөөмийлж хэхэрсэн, барилдаж ноцолдсон, талцаж хэрэлдсэн зэрлэг омгийнхон болох аюул энүүхэнд байна. Монголчуудыг хөмөрсөн тогоон дотор нь хашиж авах гэсэн харь гүрний бодлогын нэг хэлбэр гэлтэй. Ийм л бүдүүлэг, эдийн засгийн дархлаагүй, өрөвдөлтэй, шоовдор хүмүүс болохгүйн тулд юуны түрүүнд монгол хэл бичгийн шалгалтын журмыг өөрчилж, Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй .

Б.Батболд

Categories
мэдээ цаг-үе

Сагсан бөмбөгийн талбай дахь “РЕГБИЧИН”

Монголд хүү төрвөл бөх болно гэдэгтэй адил Бразилд хөлбөмбөгч, Канадад хоккейчин, Шинэ Зеландад регбичин болоорой хэмээн ерөөдөг байх. Яагаад гэвэл тэнд дээрх спортууд гоцолдог, хүмүүс нь түүнийгээ л үзэж баясч чаддаг учраас. Гэтэл ийм газар төрсөн, сайхан бие хаатай залуу “төөрч яваад” Америкт оччихсон сагсан бөмбөг тоглож бужигнуулаад, бас зүгээр бужигнуулаагүй, сайн багт “бух”-ын үүрэг гүйцэтгээд маналзуулж явна. Түүнийг Стивен Фунаки Адамс гэдэг. Хэдийгээр “Оклахома-Сити Тандер”-т ирээд гурав дахь жилээ өнгөрөөж байгаа ч гэлээ энэ жилээс л эр бие нь жагсаж олны нүдэнд өртөхүйц тоглолтыг үзүүлж байгаа. “Оклахома-Сити Тандер”-ийг уг нь Рассел Уэстбрук, Кевин Дюрантын баг гэдэг ч харин энэ жилийн плей-оффын тэмцэлд Адамс тэднээс дутахааргүй багтаа нэмэр болж байгаа тул онцолмоор санагдаад. Тэгээд ч дөнгөж 22 настай мөртлөө насандаа багтамгүй тайван тоглолттой, яаж ч зодуулж байсан хариуг нь барьж муудалцахгүй дээшээгээ зүтгэх, талбайн төвд өөртэйгөө адил болон бие, хүч, туршлага илүү “бухнууд”-тай байлдаж тэмцэж өөрийгөө нээж байгаа тул түүнийг хүндэлмээр, бусдаас гоцолж танилцъя, бусдад таниулъя гээд.

Адамсын эгч Валерия олимпийн хоёр удаагийн аварга

Стивен Адамс бол Роторуа хотод төрсөн “орги” зеланд хүн. Орги гэдгийн учир нь ээж нь Тонга арлын уугуул иргэн тул тэгж байгаа юм. Баруун гарынх нь шууг давсан шивээс нь энэ нутгийн дайчин эрсийн эрт дээр үеэс биедээ шивдэг байсан дүрс, зураглал. Харин аав нь бол Англиас ирсэн цэргийн хүн бөгөөд Адамсын 13 настай байхад ходоодны хорт хавдраар нас барсан юм билээ. Адамсын аав Сид нийт таван эхнэр сольж 18 хүүхдийн эцэг болсон хойноо хорвоог орхисон гэдэг. Тэр өөрөө их том биетэй эр байсан тул хүүхдүүд нь бүгд л биерхүү болж өсчээ. Эрэгтэй хүүхдүүдийнх нь дундаж өндөр хоёр метр, эмэгтэйгийнх нь 1.83 метр гээд бодохоор бас чамлахааргүй “материал” хайрлажээ дээ. Адамсын нэг эгч болох Валерия Адамс нь 2008, 2012 оны зуны олимпод бөөрөнцөг шидэлтээр дараалан алтан медаль хүртсэн, энэ зун гурав дахьдаа оролцоно гээд бэлтгэлээ базааж байгаа 31 настай од тамирчин.

Валериягаас гадна регби оролдож гайгүй тоглочихдог ах нар олон байсан тул Стивен 14 хүртлээ тэднийгээ дагаж гэрт тогтохгүй, гадуур гүйсэн сахилгагүй хүүхэд байжээ. Тэр олон ах нарынх нь нэг болох Уоррен Адамс улсынхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан бөгөөд гудамжаар гэр хийсэн дүүгээ хүмүүжүүлэхийн тулд төрөлх Роторуа хотоос нь Веллингтон руу нүүлгэж сагсан бөмбөгийн Scots Col­lege хэмээх дунд сургуульд өгчээ. 14 хүртлээ бараг бичиг үсэг сураагүй Стивентэй харин ч тэр сургуулийнхан сайн зууралдсан юм билээ. Номын дуу сонсож сайн хүмүүжсэн дүүдээ Уоррен баярлаж хувийн дасгалжуулагч хөлслөн бэлтгэл хийлгэсээр тун удалгүй Америк явуулж Питсбургийн их сургуульд шалгалт өгөөтүүлтэл тэнцсэн. Тэгээд тэндээ сурч байхдаа 2013 оны драфтад нэрээ дэвшүүлж 12 дугаараар “Оклахома”-д ирсэн билээ.

Адамсын ах, дүүс

Стивен Адамсыг шинэ цагийн хамгийн тайван төвийн тоглогч гэдэг. Мэдээж тэр регбиний орноос ирсэн тул олон бүдүүн хүн чихэлдсэн талбайд тохой, нударгаа ашиглаж тэмцэх хэрэгтэй гэдгийг мэднэ. LA Times сонин 24 дасгалжуулагчаас хамгийн бохир тоглолттой сагсан бөмбөгч хэн бэ гэж санал асуулга явуулахад Стивен хоёрдугаар байр эзэлж байжээ. Тэр түлхдэг, бас түүнийг түлхдэг. Гэхдээ африк гаралтай америк сагсан бөмбөгчдийг бодвол цохиулж нудруулах бүртээ хонзон санаж эргээд нүдэлцээд байдаггүй. Тийм ч учраас түүнийг Картер, Рэндолф, Уайтсайд гээд бүгд л дүрмийн гадуур нудрах юм, тэр ч тоохгүй гүйгээд л явчихна. Харин Грин хоёронтоо “эмзэг газар нь” өшиглөхөд яалт ч үгүй шалан дээр хэвтлээ. Гэхдээ уурлаагүй шүү. Ямар сайндаа түүний багш, цагийн сайханд НБА-ийн хамгийн бохир тоглогч байсан Перкинс нэгэн удаа “энэ Адамс их олон жил гахай хариулсан байх аа” гэж халаглаж байсан гэдэг.

Сагсан бөмбөгийн ачаар Адамс гэртээ үлдсэн ах дүү нараа бодвол олон сая ам.долларын гэрээ байгуулж баяжсан нь үнэн. Гэхдээ тэр оддын өвчин тусч тэнгэрт залраагүй, хүүхэд зангаараа, харсан үзсэн болгоноо магтаж гайхаж явах дуртай. Америкт түүнийг хамгийн их бишрүүлдэг зүйл нь эхэн үедээ онгоц байсан гэнэ лээ. Хувийн онгоцоор ниссэн тухайгаа “Найзууд аа, онгоц дотор ширээ байх юм. Тэгээд түүн дээр нь баахан идэх юм, гаазтай ундаа тавиастай. Тэр бүгд үнэгүй тул чөлөөтэй авч идэж болдог юм билээ. Онгоц хөөрөөд буух хүртэл хүссэнээрээ идэж болно” гэж бичиж байжээ. Түүнийг багийнх нь анд нар одоо хүртэл идэх хэмжээгээр нь барахгүй гэж ярьдаг. “Оклахома”-гийн бас нэг төвийн тоглогч Коллисон хэлэхдээ “Стивен нэг хоолны газар очиж идчихээд гараад дараачийнх руу нь орж байдаг юм. Энэ маягаараа тэр бүтэн өдөржингөө ч идэж чадна” гэж тодорхойлж байлаа. Багадаа нэг ахынхаа ферм дээр ажиллаж байхдаа дандаа өлсдөг байсан, тэр үеэсээ ийм их иддэг зуршилтай болсон гэх. “Ахын ферм дээр өглөөнөөс үдэш хүртэл ажиллачихаад амраад хэвтэж байхад амьдрал хичнээн сайхныг мэдэрнэ шүү дээ” хэмээн тэр нэг удаа сэтгүүлчид хэлсэн.

Адамс хаанаас гаралтай, хэний ачаар өдий зэрэгтэй яваа билээ гэдгээ мартдаггүй. Багийнх нь анд нар түүнийг киви аялгатай ярьдаг гэдэг бол “Оклахома”-гийн хөгжөөн дэмжигчид Тонга арал, Фунаки гэдэг нэрийг нь өхөөрдөж “Ste­ven Adams is a Funaking boss!” хэмээн хашгирна. Харин тэр өөрийнхөө хөлсийг дуслуулан байж олсон мөнгөө ах дүүс рүүгээ илгээхээ мартдаггүй. Бас амьдралыг нь тэгшилсэн Scots College дунд сургуульд нь суралцдаг авьяаслаг хүүхдүүдийн тэтгэлгийг хувиасаа гаргадаг юм билээ.

213 см-ийн өндөртэй, 116 кг жинтэй, гараа өргөөд зогсход 280 см хүрдэг 22 настай энэ хүүтэй хийсэн “шинэ цэргийн” гэрээ удахгүй дуусах бөгөөд ESPN-ийн судлаачид түүнийг тун удахгүй багаар бодоход дөрвөн жилийн хугацаатай 88 сая ам.долларын гэрээг үзэглэх нь энүүхэнд гэж бичиж байна. Бэртчихгүй бол энэ жилийн плей-оффын тоглолтуудыг яах аргагүй чимж байгаа хүүхэд дээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Азийн хамгийн урт усан гулгуур Монголд нээгдээд буй билээ. “Сити Слайд” буюу их хотын усан гулгуурын талбайгаас хийсэн сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрт хэвлэлээ. Бүгчим өдрүүдийг зугаатай өнгөрөөх боломжтой болсноор залуус усан гулгуурыг зорих нь их байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Д.Арвины ярилцлага өнөөдрийн дугаарын нэг, хоёрдугаар нүүр хэвлэгдлээ. Тэрбээр “Ядаж 15 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирэх шаардлагатай. Зарим тойрогт АН, МАН-аас эмэгтэйчүүдээ тулгаж оруулсан байна лээ. Энэ утгаараа эмэгтэйчүүдийн тойрог бий болгосон ч болохоор байгаа юм. Хүчтэй эрчүүдтэй эмэгтэй хүн өрсөлдөх хэцүү. Тиймээс эмэгтэй хүн гарахгүй байх вий гэдэг эмзэглэл байна” хэмээн ярилаа.

“УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрээс уншаарай. Энэ удаагийн улс төрийн сонгуульд намууд нэр дэвшигчдээ тойрог тус бүр дээр тодруулж, СЕХ-нд нэрсийг өгчихсөн байгаа. Аль тойрог дээр хэн, хэн хоорондоо тулах талаар гуравдугаар нүүрт ийн нийтэлж байна.

Харин “Орост шүүсэн шүүлт буюу үнэгүй монгол зан” нийтлэл “Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрт гарлаа. Оросын чөлөөтийн тэмцээний шүүлтийг худлаа болсон гэж үзээд байгаа бөгөөд магадгүй манай монгол шүүгчдийг хахууль авсан гэж хардаад буй. Тэгвэл дээрх нийтлэлд энэ асуудлыг хөндсөн байна.

Өнөө жил 1.8 тэрбумаар наадамлах төсөвтэй юм байна. Энэ тухай Шадар сайд Ц.Оюунбаатараас авсан тодруулгыг 11 дүгээр нүүртээ нийтэллээ. АСЕМ давхцаж байгаа учир улсын баяр наадмыг хойшлуулах гэж байгаа гэсэн яриа олон нийтийн дунд яваад байгаа. Тэгвэл энэ цуу яриа гэдгийг Шадар сайд хэлэв.

“Дэлхийн спорт” булангаас “Моуриньогийн “МЮ”-д зарласан хайр хэзээ дуусах бол” бичлэгийг унших боломжтой. “Он гараад хөлбөмбөгийн ертөнцийг шуугиулж эхэлсэн хов жив зургаан сарын дараа биеллээ олж, энэ цагийн шилдэг дасгалжуулагч “Онцгой” Моуриньо “Манчестер Юнайтед” багийн ахлах дасгалжуулагчийн албанд гурван жилийн хугацаатай ажиллах гэрээг үзэглэв. Гари Невиллийн “Тэр очсон баг болгондоо цом авчирдаг. “МЮ”-д ч гэсэн Моуриньо амжилт авчрах нь гарцаагүй. Хамгийн гол нь хэр зэрэг удаан үргэлжлэх бол...” хэмээн энэ буланд бичсэн байна. Дэлгэрэнгүйгээр нь 15 дугаар нүүрээс сонирхоорой.

“Boston Ballet”-ийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуягийн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа хэвлээд байн. Энэ сарын 4-ний өдөр “Nigth of Ballet” наадам болох билээ. Энэхүү наадам тав дахь удаагаа болж байгаа юм. Дэлхийн шилдэг балетчдын тоглолтыг зохион байгуулж буй гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн ярилцлагыг 13 дугаар нүүрээс уншина уу.

“Эх орон сумаас эхэлнэ” булангийн маань энэ удаагийн дугаарт “Залаажинстийн жаран жилийн зун” буюу Баянхонгор аймгийн Шинэжинст сумын тухай гарсан юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
гадаад мэдээ

НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн залуучуудад хандан уриалга гаргажээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх зэрэг дэлхий нийтийг хамарсан асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэхийг дэлхийн улс орнуудын залуучуудад хандан уриаллаа. Тэрбээр хэлэхдээ “Бүх залуучууд уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийн талаарх үйл хэрэгт дуу хоолойгоо өргөх хэрэгтэй”-г онцлоод “дэлхий ертөнцийг сайн сайхан болгохын тулд тэд илүү их хариуцлага хүлээх ёстой” гэдгийг тэмдэглэн хэлэв. Бан Ги Мүн дэлхий нийтэд боловсрол олгох нь чухал гэдгийг онцлоод “Бид хүүхдүүдийг сургуульд сургаж, хүмүүжил олгохын тулд чадах бүхнээ хийх ёстой” гээд шашин шүтлэг, арьс өнгө, угсаатны бүлэг, хөдөлмөрийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйс зэргээс үүдэн боловсролын салбарт гарч буй тэгш бус байдлыг арилгахыг уриалжээ.

Бан Ги Мүн ирэх оны БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байх болно гэж олон нийт үзэж байгаа бөгөөд энэ талаар ямар мэдэгдэл хийхийг Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн анхааралтай ажиглаж байна. Бан Ги Мүн хэлэхдээ, одоогийн Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн Африк тивд хийж буй айлчлал нь тус тивийн хөдөө аж ахуй, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн таамаг дэвшүүлснийхээ дараа тэрбээр мэдэгдэл хийж, энэ оны эцсээр НҮБ-ын Ерөнхий даргын албыг өгснийхөө дараа Өмнөд Солонгосын иргэний хувиар цаашид хэрхэхээ шийднэ гэсэн байна. Тэрбээр Өмнөд Солонгос болон Японд хийхээр төлөвлөсөн зургаан өдрийн айлчлалаа дуусгаад Нью-Йоркт буцаж ирнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Цуур хөгжмийн сургалтын төв үүдээ нээв

Засгийн газрын 2014 оны тогтоолоор баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Цуурын сургалтын төв”-ийн нээлт өнөөдөр СУИС-ийн Соёлын сургуульд болов.

Анх 2009 онд Монголын уламжлалт цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсний үр дүнд судалгааны хүрээг өргөжүүлэх, уламжлалт шавь сургалтыг танхимд явуулах боломж бүрджээ. СУИС-ийн Соёлын сургуулийн танхимын багш С.Юндэнбат хэлэхдээ, “Цуур хөгжим нь модон үлээвэр хөгжим дотроо хоёр давхар өнгө гаргадаг, гуравхан даралттай их гайхалтай, содон эгшигтэй онцлог хөгжим. Цуур хөгжмийг гарын таван хуруунд багтахаар цөөн хүн өвлөж авсан байдаг. Сүүлийн үед цуур хөгжмийн сургалт явуулсан нь олны сонирхлыг татаж 30-аад өвлөгчтэй боллоо. Мөн өвлөн суралцагч 100-аад хүн бий. Цуурын хэрэглээ, өвлөгч, судлаач, сонирхогчид нэмэгдэж байгаа ч энэ их өвөө өвлүүлэн уламжлуулж, дахин сэргээх их үйлсийг хөгжүүлэхэд нэлээн хугацаа шаардлагатай” гэв.

Алтайн урианхайчууд цуурыг эрт үеэс Алтайн эзнээс ангийн хишиг гуйх, ган гачиг, зуд турхан зэрэг гамшиг тохиолдоход уул ус, тэнгэр хангайг аргадан тахиж тайх, бороо хур буулгах, алс холын аян жинд явахад хувь заяа, явдал үйлээ даатгах, хурим, найрыг цуурын эгшгээр мялааж, айл гэрийн жаврыг үргээх зэрэг ёслол, зан үйлд ашиглаж иржээ. Харин Төв халхын нутагт ботгоо голсон ингийг морин хуурын аялгуугаар ээнэгшүүлэн уярааж, ботгыг нь авахуулдаг бол Монгол Алтайн урианхайчуудын дунд цуурын эгшгээр ингэ аргадаж “Сариг цагаан ингэ” аязыг цуурдаж ботгыг нь авахуулдаг байжээ.

Дашрамд дурдахад, БСШУЯ, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран Цуурын олон улсын анхдугаар симпозиум, наадмыг энэ сарын 4,5-нд зохион байгуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Night of Ballet” наадам энэ сарын 4-нд болно

Энэ сарын 4-нд “Night of Ballet” олон улсын балетын наадам Улаанбаатар хотноо болно. Наадамд оролцохоор АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг дэлхийн 17 орны балетчин манай улсад ирээд байна. Наадмын талаар МУГЖ, бүжигчин Д.Алтанхуяг болон АНУ-ын “Орландо балет” компанийн гоцлол бүжигчин Жосеф Гатти нарын олон улсын балетчид мэдээлэл хийлээ.

МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам 5 дахь удаагаа Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна.

Наадмын ач холбогдлын талаар МУГЖ, бүжигчин Д.Алтанхуяг “Олон улсын балетчид энэхүү наадамд дэлхийн сонгодог урлагийн их ноён оргил бүтээлүүдийг Монголын тайзнаа амилуулахаар бэлтгэлээ базааж байна. Энэхүү наадам Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэр төрийн нэгэн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Наадмын бас нэгэн онцлог гэвэл миний бие уртын дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтарсан “Монгол бахархал” уран бүтээлийг энэхүү наадмын үзэгчдэд анх удаа тоглож сонирхуулна. Ер нь дэлхийн шилдэг бүжигчдийг нэгэн дор цуглуулж, орчин үеийн сонгодог бүжгийн урлагийн хөгжлийг тодорхойлдог олон улсын хэмжээний наадам дэлхийд тоотой хэдэн оронд зохиогддог. Үүн дотор Монгол Улс багтаж, энэ төрлийн наадмыг зохион байгуулдаг Азийн 3 дахь орон болж байгаагаар бид бахархах эрхтэй” хэмээв.

Энэхүү наадамд оролцохоор:

  • Дасти Баттон /АНУ/
  • Жосеф Майкл Гатти /АНУ/
  • Родриго Алмаралес /Куба Швед/
  • Лаша Хозашвили /Гүрж улс/
  • Наояа Эбэ /Япон улс/
  • Елена Лобсанова /ОХУ, Канад/
  • Аяа Канеко /Япон улс/ зэрэг олон улсын балетчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн Монгол улсаас Д.Алтанхуяг, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин зэрэг балечин оролцох юм байна.
Categories
мэдээ спорт

Ерөнхий сайд Олимпийн наадамд оролцох тамирчдаа зоригжууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпийн XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай танилцлаа.

1992 оны Барселонагийн зуны олимпоос эхлэн олимпийн наадамд эрх авч оролцдог болсноос хойш 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцож байсан бол Рио-2016 зуны олимпийн наадамд анх удаа спортын 9 төрөлд 30-аас дээш эрх авч оролцохоор болоод байгаа юм.

Манай улсын хувьд одоогийн байдлаар чөлөөт бөх 9, байт харваа 1, буудлага 3, хүндийн өргөлт 1, таэквондо 1, бокс 4 зэрэг олимпийн 19 эрхийн баталгаажиж, хөнгөн атлетикийн 4, жүдо бөхийн 12-13 эрхийн баталгаажилт хүлээгдэж байна. Паралимпийн тамирчдын хувьд Пара байт харваа 2, пара буудлага 1, пара жүдо 2, пара пауэрлифтинг 1, пара хөнгөн атлетик 1 зэрэг 7 эрхтэй байна.

Олимпийн төрлүүдээс байт харваа, боксын төрөлд нэг, хөнгөн атлетикийн төрөлд хоёр эрхийн тэмцээн үлдсэн бол паралимпийн төрлүүдээс пара байт харвааны төрөлд эрхийн төлөө дахин өрсөлдөх нэг боломж үлдээд байна.

Ерөнхий сайд эхлээд зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд олимпийн эрх авсан тамирчид болон тэдний дасгалжуулагчидтай уулзлаа. Жүдо бөхийн төрөлд Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, Н.Одбаяр, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар, Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, М.Уранчимэг, А.Цолмон, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар олимпийн эрх аваад байгаа юм. Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагва тамирчдын бэлтгэл сайн хангагдаж байгаа талаар Ерөнхий сайдад танилцуулаад шаардлагатай эм, витамин, нэмэгдэл тэжээлийн хангалтад туслахыг хүслээ. Олимпийн наадам эхлэхээс 10 хоногийн өмнө очсон байх учраас тамирчдын хувьд цагийн зөрүү гарч, амжилттай барилдах боломжтой гэв. Жүдо бол бидний итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэг гэдгийг Ерөнхий сайд хэлээд бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдад уриаллаа.

Дараа нь хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэл сургуулилттай нь танилцаа. Хүндийн өргөлтийн 75 кг-ийн жинд М.Анхцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимпийн эрхээ авсан юм. Тамирчдын бэлтгэл хийх орчныг сайжруулан, бэлтгэлийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангавал манай тамирчид илүү амжилт гаргах бүрэн боломжтой гэж Монголын Хүндийн өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Даваадорж танилцууллаа.

Үндэсний шигшээ багийн биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэл хийдэг Фитнесс танхимд хөнгөн атлетик болон паралимпийн тамирчидтай уулзлаа. Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа, Б.Отгонбаяр, Д.Гантулга, пара байт харвааны төрөлд Д.Баатаржав, А.Анхбаяр, пара буудлага гар бууны дасгалд З.Ганбаатар, пара жүдо бөхийн төрөлд Б.Уганхүү, А.Мөнхбат, пара пауэрлифтингийн төрөлд Э.Содномпэлжээ, пара хөнгөн атлетик бөөрөнцөг шидэлтийн төрөлд Г.Цогтгэрэл нар олимпийн эрх авчээ.

Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхээ аваад байгаа Э.Бэхбаяр, П.Өнөрбат, Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга, Ж.Чулуунбат нар болон тэдний дасгалжуулагчидтай уулзахдаа чөлөөт бөх бол Монголын спортын нүүр царай болж байсан төрөл гэдгийг Ерөнхий сайд хэлээд алтан үеийнхний гаргаж байсан амжилт эргэн ирж, чөлөөт бөхийн хувьд дахин сэргэлтийн үе эхэлснийг онцоллоо.

Спортын анагаах ухааны төвд олимпийн наадамд оролцох тамирчдад үзүүлж байгаа физик болон нөхөн сэргээх эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тамирчдад үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулж, физик эмчилгээ, дасгалжилтын түвшин тогтоох, лабораторийн шинжилгээ хийхэд ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар тус албаны удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.

Буудлагын төрлөөр олимпийн эрх авсан О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарт спортын анагаах ухааны албаны мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байх үед нь Ерөнхий сайд уулзаж, ярилцлаа. Буудлагын тамирчдын хувьд бэлтгэл хийх сумны хүрэлцээ муу байгааг хэлж, Англи улсаас нийлүүлэх сумыг ойрын хугацаанд авч ирэхэд туслахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрүүл мэнд, спортын яам, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон МИАТ компанийн удирдлагуудад бэлтгэл сургуулилтыг хэвийн явуулахад шаардлагатай сум, хэрэгслийг ойрын үед нийлүүлэхэд анхаарч, арга хэмжээ авахыг үүрэг болгоод олимпийн наадамд оролцох эрхээ авсан нийт тамирчдад бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр “ЦЕГ-ын хууль бус бичгийг үндэслэж бүртгэхээс татгалзлаа” гэв

Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос зарим нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан. Эдгээр нэр дэвшигчдийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян багтсан билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийв.

Тэрбээр “Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орсон. Сонгуулийн Ерөнхий Хороо МАНАН-гийн гар хөл болсон байна. ЦЕГ-ын дарга Р.Чингисийн гаргасан хууль бус бичгийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Хэрэв Н.Энхбаяр сонгуульд оролцохгүй бол бусад намуудад ашигтай, луйврын сонгууль болно” гэсэн юм.