Categories
мэдээ нийгэм

Цахим гарын үсэг хэрэгжиж эхэллээ

gariin usegЭнэ оны гуравдугаар улирлаас эхлэн аж ахуйн нэгж байгууллагын тайлан мэдээ, гаалийн мэдүүлэг, цахим тендерийн материалыг зөвхөн цахим гарын үсгээр баталгаажуулан авахаар болсон. Мөн энэ сарын 1-ний өдрөөс эхлэн авах нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахим гарын үсгээр баталгаажуулахаар болсны дагуу энэ ажил хэрэгжиж эхэллээ. Иргэн та цахим гарын үсэгтэй болохын тулд харьяа дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст хандан 5000 төгрөг төлөөд авах боломжтой.

Categories
гадаад мэдээ

БНЧУ албан ёсны товч нэрээ Чех болгон өөрчиллөө

chehiaБүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар улсынхаа албан ёсны товч нэрийг Чех хэмээн баталсан байна. Гэхдээ “Бүгд найрамдах Чех улс” гэдэг нь албан ёсны нэр хэвээр үлдэхээр болсон талаар “DW” хэвлэлийн мэдээнд дурджээ. Чехийн Гадаад хэргийн яамны тэмдэглэснээр, “ЧЕХ” гэдэг товчилсон нэр нь олон улсад түгээмэл болон нэршиж ирсэн ч албан ёсны товчлол гэж үздэггүй байсан аж. Тус улс шинэ нэрийнхээ асуудлаар ойрын үед НҮБ-д хандаж, мэдээллийн сандаа бүртгэж авах хүсэлт хүргүүлэхээр болжээ.

Одоо тус улсыг англи хэлээр Czechia, немцээр Tschechien, францаар Tchequie, чех хэлээр Cesko гэж нэрлэх аж. Төрийн энэ шийдвэрийг эсэргүүцэх хүн олон байгаа талаар хэвлэлд мэдээллэжээ. Чехия гэх нь сонсголонгүй байна гэж зарим нь үзэж байгаа бол зарим нь англиар бичихэд Чечень гэдэгтэй адил харагдана гэж дургүйцэж буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш найман чиглэлд зам хаана

ZamНийсэлийн Автомашингүй өдөр энэ жил “Зөвхөн өнөөдөр биш…Өдөр бүр” уриан дор зургадугаар сарын 4-ний өдөр болно. Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЗЦГ, ГССҮТ, НЭМГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран Автомашингүй өдрийг гурав дахь жилдээ “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан зохион байгуулж байна.

Энэ жилийн Автомашингүй өдрийг тохиолдуулан агаарын бохирдлыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг ба хандлага олгох, хүн амд автомашины хэрэглээнээс татгалзаж бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжихийг уриалсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Автомашингүй өдөр нь автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой.

Чингисийн талбайд 08:00 – 18:00 цагийн хооронд болох өдөрлөг
  • Хаагдсан замуудын уулзварт спорт соёл урлагийн арга хэмжээ
  • Хүүхдийн зориулалтын суудлын ач холбогдлын талаар гардан сургалт
  • Бүх нийтийн идэвхитэй дасгал хөдөлгөөн
  • 200 ахмадын хийн дасгал
  • Бодибилдингийн үзүүлбэр
  • Урлагын тоглолт
  • Өдөрлөгт оролцогсод зөвхөн хөгжөөнт тоглоом, уралдаант тэмцээн зохион байгуулах
  • Дугуйн парад
  • Дугуйн экстрим үзүүлбэр
  • Бялуун амталгаа
  • Задгай кафены үйлчилгээ
  • “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн
Унадаг дугуй унах, хамгаалалтын малгайны ач холбогдлын талаар сурталчлах
  • Дугуйн дэлгүүр, клубууд өөрсдийгөө сурталчлах
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн талаар мэдээлэл цацах
Зам тээврийн ослын эрсдэлт хүчин зүйлс, агаарын бохирдол идэвхитэй хөдөлгөөний талаар сурталчлах
  • Зам тээврийн осол, агаарын бохирдол, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулах
Албан байгууллага, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа сурталчлах
  • Алтан дугуй, Голден жим, Улаанбаатар фитнесс клуб, Доктор авто сүлжээ ХХК, Номадс сүлжээ ресторан нэрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хөнгөлөлт, ваучер гардуулах
Амилуулах суурь тусламж үзүүлэх
  • Иргэдэд эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт явуулах
Categories
мэдээ нийгэм

Мод ургах нөхцөлийг ханган ажиллаж байна

Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд одоо байгаа 9 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий авто зам болгон шинэчилж байна.


Зам барилгын ажлыг гүйцэтгэхдээ замын дагууд таарсан хуучин байсан амьд модыг аль болох үлдээхийг эрмэлзэж ажиллаж буй бөгөөд явган зам болон дугуйн зам дээр таарсан моднуудыг тойруулж хашлага тавих, тогоо үүсгэж хар шороо цацах зэргээр ургалтын байдлыг хэвийн байлгах арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.

Олон нийтийн сүлжээгээр яригдаж байгаа, зурагт гарсан 2 модны тухайд дугуйн замын дагууд таарсан бөгөөд асфальт дэвсэгч машины ажиллах хурд, зөв дэвсэлтийг тооцсоны үндсэн дээр дугуйн замыг барьсны дараа цонхолж хашлага тавихаар төлөвлөсөн байсан юм.

НАЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Байгаль орчин,ногоон хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч өнөөдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 02-нд асфальтыг цонхлон хашлага тавьж 2 модны ургалтын хэвийн байдлыг хангаж, дугуйтай хүний аюулгүй явах нөхцөл боломжийг бүрдүүлснийг олон нийтэд мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын захиргааны цогцолборыг 2019 онд ашиглалтад оруулна

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар тусгасан. Нийслэл хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлэх зорилгоор НИТХ-аас хотын захирааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг дахин төлөвлөх, “Ханын материал” ХК-ийн орчимд 9.2 га талбайд “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэхээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Халла Гонсол” ХХК-тай гэрээ байгуулан 3 жилийн өмнө барилгын шавыг тавьж байлаа. Энэ хугацаанд төслийн захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төсөл хэрэгжүүлэгч болох Халла Гонсол ХХК-тай хамтран багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, төсөл хэрэгжүүлэх 9.2 га талбайг бүрэн чөлөөлж, барилгын дизайн, төлөвлөлтийг харилцан тохиролцож, зураг төсөл, ажлын зураг, төсөв, инженер геологийн судалгааны дүгнэлтэд магадлал зэргийг хийж амжжээ. Түүчнлэн зураг төсөл гаргах, барилгын техникийн нөхцөл авах, Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас авсан байна. Гэвч манай улсын болон дэлхийн эдийн засгийн байдлаас хамааран төсөл хэрэгжүүлэгч “Халла Гонсол” ХХК гэрээ байгуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх боломжгүй байгаагаа илэрхийлснээр төслийн ажил түр хугацаанд зогсонги байдалд оржээ. Харин өнөөдөр энэхүү төслийг Унгарын хөрөнгө оруулалттай “Глобал бридж консерциум” /Глобал ток ХХК/ концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж барилгын ажлаа эхлүүллээ. Хотын захиргааны шинэ цогцолбор нь газрын төвшнөөс доош 1 давхар, газрын төвшнөөс дээш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлагууд байрлах 20 давхар /А блок/, иргэдэд үйлчлэх төвийн 2 давхар /Б блок/, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албаны 6 давхар /В блок/ болон спорт залны барилга баригдахаар төлөвлөсөн. Барилгажих талбай 8.116.52 мкв ба А,Б, В блок, спорт залны барилгын нийт талбай 44.587.33 мкв ба зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоолтой байна.

Төсөл хэрэгжүүлэгч барилгын угсралтын ажлыг гадна тохижилтын хамт өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бөгөөд нийслэлийн шинэ цогцолбор бүрэн ашиглалтад орсны дараа 3 жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулах юм.

Төслийн явцад 800-1000 иргэн ажлын байртай болж, 150 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компаниудад олгох юм байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2002 оноос хойш барилга угсралтын салбарт ажиллаж буй “Хүдэр ордон” ХХК ажиллана. Унгарын талаас ч ажилчид болон материалыг Монголын талаас хангана гэдгийг төслийн хөрөнгө оруулагчид хэлж байв.Төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2019 онд хотын захиргаа шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашингүй өдөр захууд амарна

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Автомашингүй өдөр” ирэх сарын 4-ний өдөр тохиож, төвийн замуудын хөдөлгөөнийг хаана. Хөдөлгөөн хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулах бөгөөд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амрах юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод тавдугаар сард 480 мянган ширхэг мод, сөөг тарив

Улаанбаатар хот тохижилтын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажлыг төлөвлөлтийн дагуу хийж байна. Улаанбаатар хотын гудамж талбай, цэцэрлэгт 5 дугаар сард 480 мянган ширхэг мод, сөөгийг тарьж, 950 мянган метр квадрат зүлэгт талбайг самнан, 2100 мянган мод сөөг, 950 мянган метр квадрат зүлгэнд усалгаа хийж, 150 мянган метр квадрат талбайн модны тогоог сэргээн хөрсийг сийрэгжүүлэв.

Мөн төвийн 13 гудамжинд нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас 6 нэр төрлийн 1483 мод, сөөгийг нүхэнд болон тусгай саванд тарьж байрлуулаад байна.

Хотын хэмжээнд энэ жил нийт 350 мянган метр квадрат талбайд зүлэг тарихаас Наадамчдын зам дагууд 80000 метр квадрат талбайг зүлэгжүүлэх ажил эхлээд байна. Зүлэгний үрлэгээг 6 дугаар сарын 05-10-ны хооронд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 06 сарын 05-наас гудамж талбайг цэцэгжүүлэх ажлыг хийж эхэлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэц хуралдана

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой зохицуулалтыг байхгүй болгож иргэний шүүхэд хандах эрхийг хязгаарлан, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугамын засварын ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын дулааны шугам тоноглолд засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна. Тухайлбал, Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИС, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Эрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Төв цэнгэлдэх орчмын орон сууц албан газрууд, Нархан, Жаргалан, Оддын хотхон орчмын орон сууцны хорооллын төв шугамын засварын ажлыг хугацаанаас өмнө хийж, хэрэгцээний халуун усыг залгасан.

Мөн 93-р сургууль орчмын орон сууц, Дүүхээ худалдааны төв орчмын засварын ажлыг графикт хугацаанаас 7 хоногийн өмнө дуусгаж хэрэгцээний халуун усаар хангаад байна.

Өргөө кино театр, МҮОНРТ, 6-р бичил хороолол, Эх нялхас, Төмөр замын удирдах газрын орчим, Барс захын хойд талын орон сууцны хороолол аж ахуй нэгжийг дулааны эрчим хүчээр хангадаг төв шугамын засварын ажлыг уртасгасан цагаар ажиллаж хугацаанаас нь 1 хоногийн өмнө буюу 5 сарын 30-нд хэрэгцээний халуун усаар хангав. Харин 05 сарын 30-наас 06 сарын 10-ны хооронд дараах газруудад шугам, тоноглолын засварын ажлууд хийх юм. Үүнд:

  • Үндэсний Соёл Амралтын хүрээлэн, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, 220 мянгат, УДЭТеатр Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30, 31 дүгээр объект, ОХУ-ын Элчин сайдын яам, УИД, 40, 50 мянгатын орон сууц
  • Уран ган ХХК, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар орчмын орон сууц, албан газрууд,
  • Хараа зочид буудал, Эмийн завод, Саруул төв, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг,
  • 19 дүгээр хороолол, Хан-уул дүүрэг, Автобус-1, Атар өргөө, “Аварга” дээд сургууль орчмын орон сууц албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлах тул хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.

Мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолын засвар үйлчилгээг хийж дуусаагүй хэрэглэгчид хэрэгцээний халуун усаар хангагдах боломжгүй бөгөөд төв шугамын зогсолттой уялдуулан өөрийн шугамын засвар үйлчилгээгээ чанартай хийнэ үү.

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК

Categories
мэдээ нийгэм

Тэтгэмж 140 мянган төгрөг боллоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар Засгийн газрын мягмар гаригийн хуралдаанаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна.