Categories
мэдээ улс-төр

МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний 07.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсэн ерөөжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын хамгийн өндөр усан оргилуур ашиглалтад оржээ

Өнгөрсөн мягмар гаригт Өмнөговь аймагт Монгол улсын хамгийн өндөр оргилох усан оргилуур ашиглалтад орсон байна. Тус оргилуурын өндөр 42 метрт хүрдэг ажээ. Говь нутагт ийнхүү хүүхэд залууст төдийгүй нийт иргэдэд зориулсан бүтээн байгуулалт хийж байгаад нутгийнхан удирдлагууддаа талархаж байгаа аж. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нутгийнхан бус дотоод гадаадын жуулчдыг татсан ажил болжээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дарга Д.Баттулга саналаа өглөө

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 10-р хэсгийн санал авах байранд 11:00 цагт саналаа өглөө. Тэрээр нийслэлчүүддээ хандан иргэнийхээ эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Ард түмний сонголт мэргэн байх болтугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 12.40 цагт УИХ-ын сонгуулийн 56 тойргийн 3 дугаар хэсгийн (НИТХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрог) санал авах байранд саналаа өглөө. Санал авах тус байр нь Удирдлагын академид байрлаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Нар хур тэгширсэн зуны энэ сайхан өдөр монголчууд бид Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлж, төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлж байна.

Нам, эвслүүд хуулийн дагуу сонгуулийн кампанит ажлаа амжилттай явуулж дуусгалаа. Ард иргэдийн минь сонголт мэргэн байх болтугай. Ирэх дөрвөн жилд Монгол орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж хэллээ.

Санал авах энэ байранд 2202 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 22,4 хувь буюу 500 орчим сонгогч саналаа өгөөд байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 23,3 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга хөдөө орон нутагт сонгогчдын ирц зарим аймагт 20 гаруй, зарим аймаг 30 гаруй хувьтай байгааг дуулгасан юм. Мөн хөдөө орон нутагт буюу аймаг, сумдад бороотой байгаа учраас мэдээлэл авахад хүндрэлтэй байгааг хэллээ. Улсын хэмжээнд хамгийн өндөр хувьтай байгаа 40 гаруй хувьтай байгаа нь Сэлэнгэ аймгийнх аж.

Хурууны хээ уншихгүй бол иргэний үнэмлэхээр саналаа өгнө. Хан-Уул дүүрэг болон Увс аймагт автомат машин гацсан тохиолдог гарсан. Тогийг хэдбэлзүүлэхгүй байхыг холбогдох газруудад нь үүрэг өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 71-р тойргийн санал авах 3-р хэсэгт саналын хайрцагны лацыг хуулж саналын хуудсаа машинд уншуулалгүй шууд хийх гэсэн ноцтой зөрчил гарчээ. Мөн Баянгол дүүргийн 67-р тойргийн санал авах 14-р санал авах хэсэгт яг ийм зөрчил гарсан байна. Энэ нь цаанаасаа зохион байгуулалттай, сонгуулийг будлиантуулах гэж байж магадгүй гэж бид үзэж байна. Үүнийг тагнуул, цагдаагийнхан олж тогтоохоор ажиллаж байна.

Сонгогчид саналын хуудсыг буруу бөглөвөл нэг удаа сольж авч болно гэсэн хууль бий. Автомат системийг хуулийн дагуу, илүү саналыг уншихгүй байхаар программчилсан. Сошиал медиагаар сонгогчдыг буруу зүйлд уриалсан мэдээллүүд гарч байна гэсэн гомдол СЕХ-нд ирж байна. Өнгөрсөн сонгуулийн ирцтэй харьцуулахад ойролцоо байна. Улсын хэмжээнд сая есөн зуун мянга гаруй сонгогчийн 900 гаруй мянга нь буюу 40 гаруй хувь нь нийслэлд бий.

Сонгуулийн дүнг нэгтгэн гаргаж нийтэд мэдээлэх бүрэн эрх нь ганц СЕХ-нд байдаг. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар биеийн эрүүл мэндийн байдлаас болоод санал өгөх байранд очиж чадахгүй, баричвлагдсан, дайчилгаанд явж байгаа болон сонгуулийн санал авахбайранд ажиллаж байгаа хүмүүсээс санал авдаг. Урьдчилсан мэдээллээр 27009 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 25688 нь саналаа өгсөн байна. Ирц 95,1 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Зах, томоохон худалдааны төвүүд амарч байна

Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.

Тэгвэл өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарч байна. Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Б.Түвшинтөгс “Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлж байгаа. Түүнчлэн өмнөх сонгуулиудын жишгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллана” хэмээн мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Жагсаал, цуглаан хийхийг түр хориглов

Нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан 2016 оны долдугаар сарын 01-нээс 17-ны хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай болон нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны зургадугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг долдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийнхүү хоригложээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайн зүүн талын замыг хаана

“Найрсаг Улаанбаатар 2016” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “BEST OF CLASSIC” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнтэй холбогдуулан төв талбайн зүүн талын замыг хаахаар болжээ. Тодруулбал, Зургаадугаар сарын 30-ний 00:00 цагаас долоодугаар сарын 02-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн зүүн талын замыг буюу Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш Централ таур хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болжээ. “BEST OF CLASSIC” сонгодог урлагийн үдэш цэнгүүнийг Нийслэлийн Соёл урлагийн газар, УДБЭТеатр хамтран зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгчээ

УИХ-ын сонгуультай
зэрэгцээд нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэг явагдаж байгаа. Нийслэлийн хэмжээнд
397 санал авах байр бэлтгэл ажлаа бүрэн хангаж одоогийн байдлаар санал хураалт
хэвийн, ямар нэгэн ноцтой зөрчилгүй явагдаж байна. Нийслэлд сонгогчдын нэрсийн жагсаалтад
бичигдсэн нийт 903,420 сонгогч байгаагаас 12:00 цагийн байдлаар 164,449 сонгогч
буюу нийт сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл: Иргэд сонгуульдаа идэвхитэй байгаад талархаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 45 дугаар сургууль дээр очиж, саналаа өглөө.

Тэрбээр сонгуулийн санал хураалтын талаар “Сонгууль явагдсан цагаас эхлэн энэ тойрогт саналаа өгч байна. Сая авсан мэдээгээр ирц 20 хувь гарсан мэдээ байна.

Иргэд, сонгогчид их идэвхтэй байна. Энэ удаагийн сонгуулийн өмнөх үйл явцыг ажиглаж байхад иргэд улс орны хувь заяаг шийдэх сонголтод заавал оролцоно гэсэн бодолтой байгаа нь харагдаж байсан. Иргэний ухамсар нэмэгдсэн гэж ойлгож байна” гэв.