Categories
мэдээ улс-төр

Монгол Ардын нам хандивын дансаа нээлээ

Иргэн та хандив өргөхдөө

Сонгуулийн тухайн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу:

50.1.1 Иргэн гурван сая төгрөг хүртэл /регистерийн дугаар/

50.1.2 Хуулийн этгээд арван таван сая төгрөг хүртэл /регистерийн дугаар/

Сонгуулийн тухай хуулийн 40.3 д:

… “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн, сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна” гэсэн.,

заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг нээсэн тул намын гишүүд, дэмжигчид, дэмжигч байгууллага, иргэд та бүхнийг хандив өргөхийг хүсье.

Categories
мэдээ нийгэм

Тэрхийн голын гүүр эвдэрснээс хязгаарлал тогтоосон хэвээр байна

Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Тосонцэнгэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын “Тэрхийн голын гүүр”-нд гэнэтийн эвдрэл үүссэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Зам тээврийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 131 тоот тушаалаар түр гүүр барих хүртэлх хугацаанд тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байхаар хязгаарлалт тогтоосон нь хэвээр мөрдөгдөж байгаа аж.

Тиймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгслүүд өөр зам маршрут буюу урд талаараа Баянхонгор, Өвөрхангай аймаг, хойд талаараа Булган, Хөвсгөл аймгийн замыг сонгож явахыг Архангай аймаг дахь Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

СЕХ-ноос нэр дэвшигчдэд зөвлөмж хүргүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд хандан аргазүйн зөвлөмж гаргажээ. Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11 буюу ирэх бямба гаригт албан ёсоор эхэлнэ. Сурталчилгааг хэрхэн явуулах талаар зөвлөмж өгсөн байна. Тухайлбал, нэр дэвшигчдийн менежер, шадар туслах, ухуулагчдыг тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн хороонд бүртгүүлж, үнэмлэх авах ёстойг дурджээ. Мөн ямар намаас нэр дэвшигч буй хүний сурталчилгааг хийж буйгаа тодорхой байлгахыг сануулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Татвар төлөөгүй бол бичиг баримтыг нь хураана

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлын хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 6 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд 6 сарын 6-наас эхлэн хяналтын үзлэг шалгалтыг явуулж эхлээд байна

Авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 6 сарын 19-ний өдрийг дуустал явуулна. Хяналт шалгалт явуулахдаа суурин хяналт шалгалтын цэг болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны албан хаагчийн хяналтын цэг, татвар хураалтын ажлыг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан явуулж байгаа юм байна.
Тодруулбал, суурин хяналт, шалгалтын цэг болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны албан хаагчийн хяналтын цэгүүдэд ажиллаж буй албан хаагч нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг зогсоон, шалгах төхөөрөмж ашиглан илрүүлснээр тухайн тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг хураан авч, татварын байцаагч нар болон хариуцсан ахлах зохицуулагчид шилжүүлж өгөх бөгөөд суурин хяналт, шалгалтын цэгт ажиллаж буй татварын байцаагч болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын албан хаагчийн хяналтын цэгүүдийг хариуцсан ахлах зохицуулагч нь хураагдсан бичиг баримтыг өдөрт 1-2 удаа нэг цэгийн үйлчилгээний бичиг баримт хүлээн авч байгаа татварын улсын байцаагчид жагсаалтаар хүлээлгэн өгч байгаа юм. Хураагдсан бичиг баримтыг нэг цэгийн үйлчилгээний дараах байршлуудад татаж, төвлөрүүлнэ.
Үүнд:
  • Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд
  • Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Монгол хьюндай автомотив ХХК-ний байранд
  • Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Мишээл худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд төвлөрүүлнэ.
Нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа татварын улсын байцаагч нь тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн албан тавтар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлүүлж, гэрчилгээн дээр бичилт хийн баталгаажуулснаар буцаан олгох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ спорт

Шарапова хоёр жилээр эрхээ хасуулжээ

ОХУ-ын тамирчин, алдарт теннисчин Мариа Шарапова мелдониум эм хэрэглэж, Допингийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас хоёр жилийн хугацаанд тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасууллаа. Өмнө нь тэрбээр дүрмийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байсан бол энэ удаа холбогдох байгууллагууд алдарт тамирчинд үзүүлэх шийтгэлийг ийн зарлав.

Олон улсын теннисийн холбоо (ITF) Мариа Шараповагийн эрхийг хоёр жилээр хассан нь түүний хувьд 11 жилийн карьер нь төгсгөл болоход нөлөөлөхүйц ноцтой шийдвэр. Харин Мариа Шарапова “Facebook” хуудсаараа дамжуулан Олон улсын теннисийн холбооны шийдвэрийг эсэргүүцэн, Арбитрын шүүхэд хандахаа мэдэгджээ.

Өдгөө 29 настай Мариа Шарапова мелдониум эмийг орос эмчийн заавраар 2006 оноос хойш хэрэглэж ирсэн гэж мэдэгдсэн. Гэвч Мариа Шарапова долоон настайгаасаа хойш амьдарч буй АНУ-д мелдониум эмийг хориглосон байдаг, дээрээс нь 2016 он гарснаар Допингийн эсрэг агентлаг уг эмийг тамирчдын эмчилгээ, хэрэглээнээс бүр мөсөн хассан байтал ийм асуудал үүсгэсэнд олон нийт түүнийг буруутгаж буй.

Дэлхийн хамгийн баян теннисчдийн нэг Мариа Шарапова сэргээшийн дуулианаас болж нэр хүнд нь буурч, “Nike”, “Tag Heuer” зэрэг харилцагч компаниуд нь зайгаа барих болсон билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн сонгодог балетыг тоглоно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр Л.Минкус “Пахита” балет, Ф.Шопен “Шопениана” балетыг тоглох гэж байна. Эдгээр нь дэлхийн сонгодог балет ажээ.

Л.Минкус “Пахита” нь нэг бүлэгт балет юм. Энэхүү бүтээл нь тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавигдсан цуваа үзүүлбэртэй балет ажээ. Харин Ф.Шопен “Шопениана” балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбарууд юм.

Тус хоёр балетыг энэ сарын 11,12-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Авто замын хилийн боомтууд өнөөдөр амарна

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Луут завьны баяр”-ыг тохиолдуулан өнөөдөр амрана. Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дорноговь аймгийн ИТХ, Ноён хутагт Данзанравжаагийн музейн захирал, МУСГЗ Зундуйн Алтангэрэл

Монголын их соён гэгээрүүлэгч тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаагийн өвийг долоон үеэрээ агуулан хамгаалж ирсэн, уламжлал соёлоо дээдэлсэн говь нутгийн хүү Тахилч З.АЛТАНГЭРЭЛ.

З.Алтангэрэл өөрийн эцэг өвгөдийн хамтаар Ноён хутагтын эдлэл хэрэгсэл, ном судар, бурхад тэргүүтэй түүхийн үнэлж барамгүй үнэт өвийг өнөө цагийн монголчууддаа тээн авчирсан гавьяатай хүмүүн. Үнэт энэхүү өв хөрөнгө нь Монголын төдийгүй дэлхийн түүх соёлын гайхамшигт өв соёл мөн ажээ.

Удам сайтай, учиртай төрсөн хүний үр

Ноён хутагт тахилч Балчин Чойжоодоо “Би чиний үр удамд тэмдэг дохио болно. Тэр хүнийг тахилч хэмээн өргөмжилж байгаарай” гэж захисан гэнэ. Балчин Чойжоо хутагтын хоёр хүүгийн нэг нь том тэмдэгтэй (мэнгэ) төржээ. Хутагтын тэмдэг дохио хэмээн үзэж, тахилчаар залгамжлуулсан аж. Тэрхүү мэнгэ үе үеийн тахилчдын гэр бүлийн ганц гишүүнд, тэр тусмаа эрэгтэй хүүхдэд, яг л тухайн газартаа уламжлагддаг нь гайхалтай. Харин Г.Түдэв тахилчийн үр хүүхэд ямар ч тэмдэг, дохиогүй төрсөнд “цаг цөвүүн болж байна” хэмээн бодсон гэдэг. Гэтэл 1959 онд түүний хүү Г.Зундуй гэрт хутагтын тэмдэгтэй хүү төрснийг дуулсан өвгөн тахилч яаран ирж “Миний хүү” хэмээн өөр дээрээ авчээ. Тэр хүү бол өнөө бидний нэр дэвшигч З.Алтангэрэл билээ.

МУСГЗ Зундуйн Алтангэрэлээс дараахь тодруулгыг авлаа.

-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат. 1960 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. 1968 онд Сайншандын төмөр замын найман жилийн дунд сургуульд элсэн орж, Зүүнбаянгийн дунд сургуулийн 8-р ангийг 1977 онд төгссөн. 1977-1979 онд Улаанбаатар хотын тээврийн ТМС-ийг авто засварчны мэргэжлээр төгссөн.

1980 онд Цэргийн албанд мордож, Ардын армийн 107 дугаар ангид жолоочийн мэргэжил эзэмшсэн. 1986 онд Зүүнбаянгийн дунд сургуулийн 10 дугаар ангийг оройгоор дүүргэж, УБДС-ийн зураг ерөнхий техникийн факультетэд элсэн орсон. 1990 онд УБДС-ийг урлал техникийн мэргэжлээр төгсч багш мэргэжил эзэмшсэн. УБДС-д суралцахын зэрэгцээ Буддын гүн ухааны чиглэлээр судлаач-түүхч мэргэжил эзэмшсэн.

1993-1998 онуудад музейн ажилтныг мэргэшүүлэх курс, Соёл урлагийн ажилтнуудыг мэргэжүүлэх Англи хэл-менежментийн тусгай курс ЕSP зэргийг тус тус төгссөн.

-Аймгийн тээврийг удирдах газарт галчаас эхэлсэн таны ажлын гараа аймгийн музейн захирал хүртэл хэрхэн дэвшсэн нь соирхол татлаа?

-Би 1979-1980 онд Аймгийн тээврийг удирдах газарт засварчин, галчаас эхэлсэн. 1980-1983 онд Цэргийн алба хааж, улмаар албыг үргэлжлүүлэн АА-ийн 126 дугаар нэгтгэлд ахлагч цолтой жолооч-багш, 1990 онд Сайншанд хотын Төмөр замын 10 жилийн сургуульд багш, 1991 оны аравдугаар сараас Данзанравжаагийн музейг байгуулж, захирал, мөн аймгийн Музей-сургалт судалгааны төвийн захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн Музейн захирлаар ажилласан.

-Өнгөрсөн хугацаанд чамгүй олон газар удирдах албан тушаал хашиж байсан. Энэ тухайд?

-1990 оноос Хамарын хийдийн зөвлөлийн дарга, 1996 оноос Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МҮАН-ын Дорноговь аймгийн хорооны дэд дарга, Д.Равжаа судлалын төвийн нарийн бичгийн дарга, Байгаль аялал жуулчлал хөгжүүлэх “Таван дохио” ТББ-ын зөвлөлийн гишүүн, “Говийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн гишүүн, “Равжаа сан”-гийн зөвлөлийн гишүүн, 2008-2016 онд Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч.

Үүрэг хүлээж хатуу гараар хүмүүжсэн хөвгүүн

Тахилчийн албыг авч явах хөвгүүн Алтангэрэл бага балчир цагаасаа урьдын уламжлалт гэрийн ном мөнхүү шинэ цагийн боловсролоор давхар боловсорчээ.

Мэргэн ард гэгчээр тахилч Г.Түдэв нь ач хүүгээ хоёр номоор хүмүүжүүлжээ. Алсын холч хараатай өвгөн ирэх цагт ихийг нээх, өв сахих тахилч хүүг дунд сургуулийн боловсролоос гадна Монголын гуйваагүй түүх, уламжлалт ёс заншил, бурхны шашны нарийн зан үйл, буддын гүн ухааны үзэл баримтлал, бясалгал, тахилчдын нууц ёс, тарни ном зэрэг арга билгийн нарийн ухааныг өвлүүлэхээр махран чармайсан хэрэг. Өвөө, ач хүү хоёр хөдөө хээр гарч, энэ тэндхийн сархиаг дунд майхан барьж хонож, цагдаа, тагнуулын ажилтан, нутгийн иргэдэд сэжиг төрүүлэхээс сэрэмжилж, морь тэмээгээ өндөр газарт уях зэргээр тахилчдын арга ухаанаа гарган байж ач хүүдээ эрдэм мэдлэгээ өвлүүлжээ. Нууц өвийн тухай цаасан дээр бичиж үлдээж болохгүйгээс хойш балчир хүүг өвгөн тахилч тун их шахдаг байсан гэдэг.

Тахилч З.Алтангэрэл:– Өвөө бид хоёр шөнөдөө газар ухаж, нууцын авдраа гаргаж задална. Өвөө эдлэлийн үүх түүхийг сайтар тайлбарлаж өгөөд дараа нь хоёулаа буцаад булаад явна. Өвөө харанхуй шөнөөр нэг газар аваачаад орчноо сайтар хар гэж тушаана. Намрын дунд сарын 15-нд уул, овоо, мод, сарны тусгал, сүүдрийн огтолцол дээр авдруудыг нуусан, тэр цэгийг олсон ч хамаагүй ухвал сааль гэдэг зэвсэг чамайг нэвт харвана. Иймээс огтлолцол цэг дээрээ гэрийн буурийн чинээ тойрог зур, Алтангадас одоор баримжаалж тойргоо 12 цаглабарт хуваа. Хонь, үхэр, бар, туулай гэхчилэнгээр.Тухайлбал, хонь цаглабарын чигт тэрхүү сааль бий. Аюулгүй болгохын тулд тэр цаглабар талаас нь ух, ухахын өмнө заавал түлхүүр тарни унш.Энэ газрыг хараасан, оюун санаанд хүртэл нөлөөлж мэдэхээр цоож тарни уншсан байгаа гэхчилэн нарийн нууцыг заана. Зөвхөн эдлэл хэрэглэлийн нэр ус, алийг юунд ашигладаг байсныг төдийгүй, бүхий л ёс, дэг жаяг, шашны үйл хэргийг хэрхдэг зэргээр шашны тулгуур ойлголтыг мэдүүлнэ.Тогтоогоогүй бол зандарч, гар хүрэх энүүхэнд. Есөн настайд маань оршуулгын газар ганцаар хонуулж, бясалгал хийлгэнэ. Харанхуй агуйд гурван хоног түгжих зэрэгт нь би өвөөгөө буг чөтгөр мэт л ойлгож, бүр үзэн ядах ч үе надад байлаа. Надад бусдын адил эрх дураар бага нас гэж байгаагүй юм шүү дээ. Тэр цагт өвөө намайг их үйл эхлүүлнэ хэмээн тийнхүү чанга хатуу гараар хүмүүжүүлсэн юм билээ. Энэ бүхэн миний хувьд алсдаа үүрэх, олон түмнийхээ өмнө хариуцлага хүлээж мэдэх энэ цагт минь бэлтгэх гэсэн үйл юм байж дээ гэж одоо би бодож байна шүү дээ.

Тахилч гэдэг нь соён гэгээрлийн өвийг тээгч юм

1971 онд хулгайд алдагдсан Түмэн мэсийн бурхан маань олдов

Тахилч гэдэг нь сүм хийдийн хувьд өдөр тутмын болон цаг цагийн тахилыг шинэчлэн сольж дараа дараагийн хурал, зан үйлийн бэлтгэлийг хангадаг хүнийг хэлдэг байжээ. Египетийн Фараоны тахилчид, Грекийн Олимп уулын тахилчид, Ромын хаадын тахилчид гэхчилэн дэлхийн улс орон бүрт өвөрмөц зан заншилтай явж иржээ. Данзанравжаагийн ёс уламжлалаар бол долоон үе дамжсан энэ тахилч нь бусдаас өвөрмөц байдгаараа ялгаатай.

Тодруулбал V Ноён хутагт Данзанравжаагийн амьд ахуйдаа хийж бүтээж байсан буяны үйл болон номын ёс уламжлал, зан заншлын өвөрмөц шинж чанарыг огтхон ч гажуудуулж холилдуулалгүйгээр дараа үеийн тахилчдаа зааж сурган өөрийн олж авсан мэдлэг боловсролоо нэмж өгдгөрөө онцлог байжээ. Энэ нь шашны уламжлалт сургалтаас ялгаатай бөгөөд бүгдийг монгол хэл бичиг дээр зааж сурган биетээр өвлүүлэх эд зүйлсийг хүлээлгэж өгдөг байна. Тахилчдын эрдмийг өндөр ёс суртахуун, хатуу дэг жаягийн дор балчир наснаас нь өвлүүлдэг уламжлалтай. Тахилч гэдэг нь соён гэгээрлийн өвийг тээгч юм.

Тахилч З.Алтангэрэл:

-Би залуудаа ч тэр өөрийн хүслээр амьдралаа залсан удаагүй. Бүгдийг Ажаа (Л.Түдэв) маань л миний өмнөөс шийднэ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт сургуульд явах санаатай байсан ч Ажаа цэрэгт явуулж, цэргийн жолооч болгосон.Жил гаруйн дараа дарга нартай яриад буцаагаад нутагт авчирсан юм.

Жолооч болгох нь хутагтын өв хөрөнгийг аюул тохиолдсон үед нааш цааш зөөхөд нэмэр болно гэж өвөө маань бодсон бололтой шүү. 1984 он, намайг 25 нас хүрдэг жил 72 настай Ажаа маань “Хайрхан дээр гаръя” гээд Шарил тайлин одоогийн Хүслийн ууланд дагуулж гарсан юм. Өвөө уулын оройгоос тал руу ширтэж удаан сууж байснаа гэнэт л асгартал уйллаа. Уйлсныхаа эцэст надад хандаж “Миний нас хүрэхгүй нь. Алтангэрэл минь, одоо чи 25 нас хүрлээ. Энэ цагийн хүн энэ цагийн аюулыг ч мэднэ, авралыг ч мэднэ. Би бол хоцрогдсон. 64 авдрыг би 17 газарт нуусан байгаа. Өмнө чамаар бүгдийг нь задлуулж, утга учрыг хэлчихсэн. Хэлж өгч байхдаа өдөр болгон чамайг зодож, уйлуулсан. Өвөө чинь биш юм шиг л аашилдаг байлаа.Намайг үзэн яддаг байсныг чинь мэднэ. Үнэндээ эцэг хүний хайр бол байсан юм шүү. Чи над шиг ганцаараа ажиллах учир хат суух ёстой юм. Би чамайг өчүүхэн шуналаас ангид, алсын хараатай болгох хүслээр 25 нас хүртэл чинь нөлөөлөх гэж оролдлоо. Цаашид хэрхэх нь чамаас шалтгаална. Нэг бурхан зарчихвал өөрийгөө насан туршдаа яллах тийм занг чамд суулгасан гэж бодож байгаа. Би чамд хутагтын өв хөрөнгийг хүлээлгэн өглөө.Одоо чи бүгдийг мэдэх боллоо.Маргааш гаргаж ирээд шатаах эсэх нь чиний эрх. Гэхдээ энэ бүхэн бидний өмч биш шүү.Ард олных. Цаг нь ирэхээр ард олондоо ямар нэгэн арга олж хүлээлгэн өгөөрэй” гэж хэлж билээ.

Зундуйн Алтангэрэл баялаг бүтээгч

-ДАХИН СЭРГЭЛТ-БҮТЭЭН БОСГОЛТУУД-

Данзанравжаагийн музейн нээлт. 1991 оны 07 сарын 10

Хамарын хийд 1990 онд

Хориод жилийн өмнө зэлүүд тал байсан газарт Хамарын хийдийг 1990 оны арванхоёрдугаар сарын 9-нд дахин сэргээн босов. Зүүнбаянгийн Цэргийн ангиас актлагдсан модон байшин нэгийг хандив дэмжлэг болгон өргөсөн нь Хамарын хийдийн анхны дугана болсон юм. 2014 онд “Номин холдинг” компанийн хүч хөрөнгөөр шинэ дугана цогцолсноор Хамарын хийдийг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөж Дорноговь аймаг өдгөө улсын төсвөөс татаас авдаггүй бие даасан аймаг болон хөгжиж байна.

1991 онд

Сайншанд хотод ДАНЗАНРАВЖААГИЙН МУЗЕЙ байгуулагдав. Хутагтын өв хэмээн тахилч өвгөдөөсөө нандигнан хадгалж уламжлуулсан 64 авдар бурхан тахил, ном судар, эд өлгийн зүйлс болох түүхийн дурсгалыг З.Алтангэрэл олны хүртээл болголоо. Музей байгуулах зам дардан байсангүй. Байр сав, үзмэрийн хорго гээд олон зүйл хэрэгтэй байсан ч З.Алтангэрэл энэ ажлыг зориглон эхлүүлсэн юм. Үр дүнд нь олон түмний оролцоотойгоор аймгийн дэлгүүрийн барилгыг музейн байр болгон ашиглах боломж тохиов. Хожим нь Данзанравжаагийн музейн үзмэрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын түүхийн хосгүй үнэт ангилалд бүртгэн авсан юм. Нийт 2000 гаруй үзмэр олны хүртээл болж Улсын нэгдсэн тооллогоор 17 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн.

1997 онд: Говь нутгийн түүх соёлын дурсгал, утга соёлын өвийн цэсийг үйлдэж зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад оруулав.

1998 онд:

Шарилын уулын мөргөлийн сүмийг бүтээв. “Их говийн Догшин Ноён хутагт” номыг монгол англи хэл дээр хэвлүүлэв. Юнескогийн оны шилдэг 10 бүтээлд шалгарч оны шагнал хүртэв.

1999 онд:

Хамарын хийд орчимд аялал жуулчлалын маршрут зохиож, гадаад дотоодын аялал жуулчлалын хүрээг тэлэв.

2001 онд:

Хамарын хийдэд анхны жуулчны бааз байгуулагдав. Өнөөдөр Хамарын хийдэд 16 айл өрх, аж ахуйн нэгж, 100 гаруй гэр буудал ажиллаж байна. Нэг дор 300 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай.

2004-2005 онд

Шамбалын орны их 102 суваргыг бүтээв.

Олон улс орноос эдгээр суваргуудыг бүтээхэд хандив тусламжаа өргөсөн байдаг. Герман, Төвд, Америк, Орос, Чех, Канад, Хятад, Япон, Тайвань зэрэг орнуудаас сүсэгтэн олон хандив өргөж “Шамбалын орон”-ыг жинхэнэ дүр төрхөөр нь бүтээжээ.Оросын нэрт эрдэмтэн Н.Рерих олон жил Энэтхэг, Төвдийн уулсаар аялж, үлгэр домгийн Шамбалын орныг хайсаар эцэстээ “Шамбал” хэмээх нэгэн том зохиол бичиж үлдээсэн.Тэрээр, Монголын говьд “Шамбалын орон” байдаг бөгөөд тэндхийн ард олны дунд Шамбалын тухай дуу хүртэл байдаг тухай өгүүлжээ.

2006 он:

Юнескогоос Ноён хутагт Данзанравжааг “Дэлхийн сод хүн” хэмээн зарлаж Монголоос анх удаа түүхт ойг нь дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлсэн юм. З.Алтангэрэлийн 30 гаруй жилийн турш агуулж хамгаалж ирсэн говийн Догшин Ноён хутагтын сан хөмрөг дэлхийн өв соёлын үнэт зүйлд бүртэгджээ.

2010-2011 онд:

Өвгөн суварга ашиглалтад орж нээлтээ хийв.

Хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан уг бүтээн байгуулалтад төрөөс нэг ч төгрөг гаргаагүй юм. З.Алтангэрэл энэхүү суваргыг бүтээх үйлсийг эхлүүлж, өөрөө манлайлан олны өглөгийг цуглуулж чадсан юм.

2012 онд:

Тойногийн сүм (бүсгүйчүүдийн сүм) нээлтээ хийв.

2014 онд:

Цогчин дугана нээлтээ хийв.

2015 онд:

Чойдонгийн ууланд их чулуун бурхан бүтээж сэргээн босгов

Дорноговьчууд аа! Түүх соёлын бахархлаараа баялаг бүтээцгээе!

МАНАЙ ДОРНОГОВЬ АЙМАГ УЛСДАА ТЭРГҮҮЛЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТАГ БОЛОХ БҮРЭН БОЛОЛЦООТОЙ

Сайн хүний үйл савнаасаа цалгина гэдэг

Говийн Догшин Ноён хутагт Данзанравжаа япон шавьтай байсан бөгөөд XIX зуунд тэр шавь нь хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт газар болох 108 агуйн хажуу жалганд уг Сакураг нутгаасаа авчирч суулгасан гэдэг.

Далайн эргийн мод говь цөлд ургана гэдэг өөрөө хачирхалтай зүйл. Зөвхөн хэдхэн мод цэцэглэхийг үзэхээр манай говийг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бол нутаг орноо сурталчилсных… Гэтэл манай Монгол орон маань дэлхийд гайхагдах ахуйтай, гайхамшигтай өв соёлтой, үүх түүх, ёс заншилтай. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс дорнын нууцлаг оюуны санд дурлагсадын тоо олширч, бясалгал мөргөл, даяаны үйлээр ч манай Хамарын хийд, энергийн төвийг зорьж байна шүү дээ. Төрийн зүгээс оюуны болоод түүх соёлын өв хөрөнгөө уудалж баялгийг бүтээхэд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь тун чухаг.

Хүслийн уул, дэлхийн энергийн төв цэг Шамбалын орон, Хамарын хийд, Мөөм овоо буюу Тонтой овоо, Энх тайвны хонх буюу Тэнгэрийн хонх, Хилэнцийг арилгах алтан хаалга, Бирдийн ходоод, Алтан гавал овоо, Эхийн умай гээд энэ газар орны маань тухай одоо улс хотлоороо андахгүй. Аялан жуулчлагчид Шамбалын орон хэмээн зорьж ирэн байгаль дэлхийн эрч хүчийг авч, уул усанд сүсэглэн, улс эх орноороо бахархах сэтгэлээр хандаж буй нь манай говь нутгийнхны бахархал.

Их үйлс нийтийн хүчээр бүтдэг. Дорноговьчууд бид бахархлаа баялаг болгож эхэлж байна. Миний зорилго Дорноговь аймгийнхаа сум бүхэнд буй түүхт газрууд, өвөрмөц байгалийн тогтоц, өв соёлыг дагасан цогц бодлого бүхий бүтээн босголтуудыг хийх хүсэл зорилготой. Надад хангалттай туршлага бий.

НЭГЭН ХҮМҮҮНИЙ ГЭГЭЭН ҮЙЛС НИЙТИЙН САЙН, САЙХНЫГ БҮТЭЭНЭ.

З. Алтангэрэл Ардчиллын салхийг хөдөө нутагт эхлүүлэгчдийн нэг

Ардчилал- Алдарт цагаан морин жил Монголд сайн цагийг авчирлаа

“Миний байгуулсан хийд тал тоосгогүй болтлоо балрах цаг ирнэ, Шашир довны энгэрт улаан, цагаан хувцастай улсууд цуглаад дахиж нэг байгуулаад өнөд орших болно” хэмээн Ноён хутагт нэгэнтээ айлдсан байдаг.

1990 он гарч, ардчилал ялж, хутагтын бошго биелэх нь тэр. Зургаа дахь үеийн тахилч З.Алтангэрэл энх цаг ирж, тогооны гурван хөл бүрдлээ гэж үзээд Данзанравжаагийн өв хөрөнгийг нийтэд дэлгэхээр шийджээ. Аймгийн удирдлагуудад хутагтын өвийг хадгалж байгаагаа хэлсэн ч үнэмшсэнгүй.

Монголын үндэсний дэвшлийн намын гишүүн байсны хүчинд тухайн үеийн шадар сайд Да.Ганболдод учирлаж байж, Сайншандын II арван жилийн дотуур байрны нэг өрөөг аваад үзэсгэлэн гаргаж, ховор нандин эдлэлийг дэлгэн үзүүлжээ.

Шадар сайд нь ирсэн учир аймгийн удирдлагууд хүрэлцэн ирээд алмайрч гайхсан ажээ. З.Алтангэрэлийн гэр бүл, хамаатан садангууд ч мэл гайхаж, цэл хөхөрнө гэдэг нь болжээ. Учир нь Г.Түдэв тахилч 48 жил хамт амьдарсан гэргийдээ хүртэл огтхон ч дурсаагүй байв.

Соён гэгээрүүлэх үйлсийг залгамжлагчид

Л.Одончимэд: Өнөөдөр монголчууд бид буддын шашныг мухар сүсгээр шүтэхээ больжээ. Өнөөг хүртэл З.Алтангэрэл бид хоёрын ойлгуулахыг зорин байж зүтгэсэн үйл хэрэг нэгэнтээ бүтжээ. Данзанравжаа бол жинхэнэ соён гэгээрүүлэгч гэдгийг ухамсарлан таньсан учраас сэргээн босголт, бүтээн байгуулалтад оролцсон хэн бүхнийг мөнхүү соён гэгээрэх үйлсийг залгамжлагч хэмээн бодож байна. Манай дорноговьчууд бол оюунлаг ард түмэн.

З.Алтангэрэлийн дэс дараатайгаар хийсэн энэ олон ажил, үйл хэрэг нь ирээдүйд хөдөө орон нутагт буй болох томоохон төсөл, мөн түүнтэй уялдуулсан олон улсын аялал жуулчлалын бааз байгуулах хэтийн санаа байсан юм. Энэ бол өнөөгийн амьдрал үнэн хоёрт ойр, сэтгэлд бодитой нийцэх зөвхөн “суудлын” төлөө бус дорнын соёл, шинжлэх ухааны үндэслэлтэй, эх орон ард түмний үндэсний эрх ашигт шүтэлцээтэй соён гэгээрүүлэх хөтөлбөр байсан юм.

Ард түмний нэрийн өмнөөс түүх соёлоо олж харах, ариун тунгалаг мэлмийтэй, хэлэх үг нь зүрхний халуун галтай тийм нэгэн түшээ хүн өнөөдөр үгүйлэгдэж байна. З.Алтангэрэлийн үйл хэрэг бол зөвхөн Дорноговийг хөгжүүлэх гэсэн явцуу санаа төдий бус, дорнын их соёлыг олон улсын соёлын харилцааны уулзварт холбож хүргэх гэсэн оюун сэтгэлгээний гүүр юм.

Өв соёлын үнэт түүхийг тээж ирсэн тахилчдын арга ухаан, уламжлал нь улмаар ард олноо өвлөгдөж байна

Айл гэр эд олбор ихтэй, баян тансаг амьдралтай байх нь нэг хэрэг. Гартаа бэл бэнчинтэй, гаднаа мал машинтай байх бас нэг хэрэг. Гагцхүү тархиндаа гэрэл гэгээгүй, бахархах бишрэх юмгүй бол улс орон юутай ч байгаад нэмэргүй. Дээдсийг далайн цаанаас юм уу бурхны орноос эрэх хэрэггүй, дэргэд чинь, говьд байна. Бидэнд бүх юм бий.

Зундуйн Алтангэрэл айл гэрийн эзэн, сайн хань

1977 онд Зүүнбаянгийн дунд сургуулийн нэг ангийн хүү охин хоёр үерхэж эхэлсэн цагаас улс оронд маань нэгэн шинэ гал голомт бадран асчээ. Алтангэрэлийнх гэдэг айл өдгөө үр ач, өвгөд хөгшдөө тойруулсан өнөр өтгөн гэр бүл болжээ. Ач зээ нийлсэн зургаан хүүхэд эмээ өвөө, өвөг эцэг дээрээ өдрийг өнгөрөөж, жирийн монгол айлуудын нэгэн адилаар бужигнана.

Хань Ц.Жаргалсайхан:-Миний хань дэндүү бодь хүн. Үр хүүхдэдээ бол яг л нөгөө Энх-амгалан хааны дүр шиг өөрийгөө ноолуулаад л жаргаж суух дуртай. Эх хүн, гэргий хүн гэдэг чинь үр хүүхдийнхээ аз жаргалын төлөө, мөн ханийнхаа сайн сайхан, ажил үйлсийнх нь төлөө амьдрахаас гадна айл хотлынхоо төлөө байх учиртай л гэж би бодож явдаг юм шүү дээ. Миний хань их сонин хүн дээ. Хамт амьдраад арав гаруй жил болсны хойно надад нандин нууц сахин хадгалагч гэдгээ хэлж билээ. Тэгээд гэнэт л музей байгуулна, хийд сүм сэргээн босгоно гэж ярьсан юм. Би тэр үед их гайхсан шүү. Нууцлах ёстойг нууцлах тийм хатуу чанга бодол нь үе удмынх нь ёс суртахуун хүмүүжил болохыг мэдсэн дээ.

Том охин Энхцэцэг нь музейн судлаач мэргэжлээр сурч боловсрон аавынхаа байгуулсан Ноён хутагт Данзанравжаагийн музейн сан хөмрөгийн эрхлэгч хийж байна. Харин удаах охин Энхмаа говь нутгийнханд хамгийн буянтай үйл хэрэг болох ундны усны аюулгүй байдлын төлөө шинэ бизнес эхлүүлжээ. Шандынхан “Амин ус” ХХКийг андахгүй. Харин

хамгийн бага хүү Алтан-Очир аялал жуулчлалын менежер мэргэжлээр Шанхайд суралцжээ. Аавынх нь эхлүүлсэн ажил хүүд өлзийгөө өгөх нь дамжиггүй.

Хүү Алтан-Очир: – Аавын маань сэргээн босгосон Хамарын хийдийг зорих жуулчдын цуваа жилээс жилд нэмэгдэж байна. Үүнээс ч илүү арвин баялаг түүх соёлын дурсгалт газар манайд бий. Би ааваараа бахархдаг. Ажил үйлсийг цаашид улам л дэлгэрүүлэх юмсан гэж мөрөөдөж, мөрөөдлөө бүтээхийг хүсч явна даа.

Сар шинийн нэгний өглөө энэ айл ургийн бичигтээ бүл нэмсэн шинэ хүмүүсээ бичиж үлдээх ёслол үйлддэг нь бас л сонирхолтой. Жинхэнэ нүүдэлчин монголчуудын өв соёл, зан заншил, үнэт зүйлсийг Алтангэрэл үр хүүхдэдээ сургана, бас захина. Яг л удам дамжсан тэр сургаал ном ёсоор… Түүнээс төрсөн нэг хүүд хутагтын тэмдэг бий.

З.Алтангэрэл өнөө цагт ховор хүн

“Хүн юмыг хувьдаа авах амархан, харин нийтийнх болгох хэцүү, ойр дотнын хүмүүс ч заримдаа нөлөөлөх гэж оролдох юм” гэж Алтангэрэл тахилч нэгэн удаа хэлж байсныг би сонсож бай юм. Өвлөгдсөн өвөө хувьдаа л зориулж, харамлаж суух, зарж үрэх хүн гэж бий. Гэтэл энэ хүн бол үнэхээр л бат

хатуу хүмүүжилтэй. Олноо гэсэн чин сэтгэлтэй юм шүү дээ. Өнөө манай Монголын төрд ийм л төрийн түшээ хэрэгтэй байна даа. Авах идэхийн төлөө биш. Хийж бүтээхийн төлөө төрсөн хүн гэж байдаг. Тэр л хүн энэ хүн. Нутгаа, ард түмнээ гэх сэтгэл хаа сайгүй дутаж байгаа энэ цагт энэ мэт гэгээн үйлстэй, хийсэн бүтээсэн нь ил цагаан мөртэй, цайлган сэтгэлтэй, ноён нуруутай хүмүүн тун хэрэгтэй байна даа. Хүн хүнээр дутдаг.

Дамаа хүнлэг гэгээн тунгалаг хүнийг улс орон ч хүсдэг. Манай нутгаас нэг ч гэсэн чих улайлгахгүй, нүүр халуу оргиулахгүй хүн төрийг түшилцээсэй билээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: Ийм хүнд жилүүдэд бид иргэд рүү хандсан чухал хуулиудыг баталж чадлаа

УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

-УИХ-ын зургаа дахь удаагийн парламент завсарлачихлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг хэр үр дүнтэй өнгөрүүлсэн гэж харж байгаа вэ?

-Энэ парламент өмнөх парламентуудыг бодоход өвөрмөц байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Үүний улбаа нь манайд ч бас мэдрэгдсэн. Ер нь бол эдийн засгийн нөхцөл нь хямралын байдалтай ийм нөхцөлд манай парламент дөрвөн жилийг өнгөрүүллээ. Өмнөх УИХ, Засгийн газрын үед хөрөнгө мөнгийг хангалттай хуваарилж чадаж байсан бол энэ удаагийн парламент санхүү эдийн засгийн тал дээрээ маш хүнд байлаа. Аль болох төсвөө хэмнэж, үүнийхээ үрээр улсынхаа төсвийг аль болох бодит түвшинд нь хүргэх гэсэн эрмэлзэл дүүрэн байсан. Нэг үгээр хэлбэл хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурцгаасан тийм цаг хугацааг бид тууллаа.

Зарим хүмүүсийн хувьд эдийн засгийн тал дээр авч буй арга хэмжээнүүд дээр эвлэрэхгүй, өмнөх үе шигээ төсөв нь их мөнгөтэй байгаа мэт авирлаж ирснийг анзаарсан байх. Харин энэ парламент байгаа хөрөнгө мөнгөндөө тааруулж чамлахааргүй ажлуудыг нугалсан. Ийм хүнд жилүүдэд ч гэсэн бид иргэд рүүгээ хандсан чухал хуулиудыг баталж чадсан нь хамгийн том давуу тал болсон. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гээд нийгэмд чиглэсэн хуулиудаа баталж чадлаа. Чингис бондын хөрөнгөөр гэхэд иргэдэд хэрэгтэй маш олон ажлын ард гарсан.

-Засгийн газрын тэргүүнээс нь эхлээд Засгийн газрын гишүүдийг огцруулах гээд сандал ширээний асуудал дээр багагүй цаг хугацааг үдсэн. Иймэрхүү улс төр явсан нь үнэхээр Засгийн газар муу ажиллаж байсан уу гэж асуухад хүргээд байна л даа?

-Энэ парламентын хувьд хэцүү зүйл бий. 2012 оны сонгуулийн дүнгээр 100 хувь олонх болсон нам байхгүй байсан тул хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад намуудтай хамтарч Засгийн газраа байгуулсан.

Олонхыг бүрдүүлж Засгийн газар байгуулсан намууд зөвшилцлийн шугамаар ажлаа явуулахгүй бол яаж гацаанд хүрдгийг бид харлаа. Тиймээс хамгийн олон суудал авсан Ардчилсан намын хувьд маш их зөвшилцлийг хийсэн. Тээг саад тотгор маш их байсан ч аль болох болж бүтэхээр нь зүтгүүлсэн. Сөрөг хүчнийхэн завсарлага авч гацаасан, Засгийн газрыг сайд нарыг огцруулахаас эхлээд зүйл дээр зөвшилцөл явагдсан. МАН-ынхан ажил хийлгэлгүй хэчнээн удаа түгжлээ дээ. Засгийн газрыг огцруулна, сайд нарыг нь явуулна гээд байсан болохоор хамтдаа ажиллаад үзье гээд МАН-ыг засагт урьж оруулсан ч эерэг үр дүн гараагүй. Сөрөг хүчнийхэнтэй олонхтойгоо хамтарч ажиллаж чадаагүй. Олонх бол ялаагүй нөхцөлд Засгийн газраа байгуулахаас эхлээд маш их асуудал гардаг юм байна гэдгийг бид харлаа.

-Энэ хугацаанд эдийн засаг амаргүй байсан ч ардчилсан засаг гарснаар “Гудамж” төсөл хэрэгжин зам харгуй сайхан болсон. Орон нутгийн авто замууд ашиглалтад орж, ипотекийн зээл хэрэгжсэн гээд яриад байвал олон сайн зүйлийг нэрлэж болохоор байна?

-Яах аргагүй үүнтэй санал нэг явдаг хүн. Надаас гадна олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөх байх. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдсэн. Хэзээ байхдаа бид гэр хорооллын асуудал руу орж халуун устай, паартай байшинд амьдарч байсан юм. Энэ боломжийг нээж өгсөн. Сургууль, цэцэрлэг гээд хэдэн зуугаар тоологдох Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлэх орчинг бүрдүүллээ. Манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бүх ажлыг зээлгүйгээр хийх хэцүү. Чингис бондын хөрөнгөөр дан ганц авто зам гэлтгүй хэдэн зуун үйлдвэрийг дэмжлээ. Ядаж л монголчууд хадаас, консервныхоо лаазыг монголдоо үйлдвэрлэдэг болсон. Энэ чинь энэ төрлийн импортын барааг орлож гадагшаа урсах байсан ам.доллар монголдоо үлдэх боломжийг бий болгосон. Аж үйлдвэрийн яамтай болсны гавьяа. Бид үйлдвэрлэгч орон болохын тулд мөнгө зээлж хийхгүй бол хийж бүтээх ямар ч боломж байдаггүй. Дэлхийн бусад орнууд ч гэсэн ийм жишгээр явж ирсэн. Бид мөнгөгүй хэрнээ хоёр жил гаруйн хугацаанд Амгалан дулааны станцыг ашиглалтад орууллаа. Амгалан дулааны станц 50 хувиар ажиллаж байгаа гэхэд гэр хорооллын өрхүүд рүү шугам татах боломжтой боллоо. Түүнчлэн “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, малчдын зээлийн хүүг 10 болгон бууруулсан, таван хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл гээд иргэд рүү чиглэсэн олон томоохон ажлын ард гарлаа. Ардчилсан засаг гараад зоригтой хөдөлсний үр дүн байхгүй юу.

-Амгалан гуравдугаар төрөх нээлтээ хийсэн бил үү?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын хүн ам гурван сая болчихлоо гээд баярлаж байсан ч үнэндээ төрөх эмнэлгүүдийн ачаалал хүнд байсан юм шүү дээ. Өмнө нь улс мөнгөтэй хэдий ч нэг ч төрөх эмнэлэг барьж ашиглалтад оруулаагүй. Харин Амгалан төрөх эмнэлэг бол Монголдоо байхгүй тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг. Энэ эмнэлгийг 2015 онд ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн. Сүүлийн 20 гаруй жилд улс мөнгөтэй байхдаа ганц эмнэлэг барьчихалгүй юу хийж ирсэн байна аа. Энэ мэтчилэн зүйлсийг харахаар үнэхээрийн ажил хэрэгч он жилүүд байжээ гэж харахаар байгаа юм.

Амгалан төрөхөөс гадна Налайх, Багануур дүүргийн иргэдийг ажлын байраар хангах тал дээр анхаарч ирсэн. Сургууль, цэцэрлэгээс эхлээд бүхий л зүйлээ дайчилж ажиллаж ирлээ. Түүнчлэн Цагаан давааны хогийн цэг дээр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар Израйл улсын компанитай яриа хэлцэл хийж, Засгийн газартай хэлэлцээнд хүрч ажлаа эхлүүлэхээр боллоо. Монгол Улс анх удаа хог боловсруулах үйлдвэртэй болох боломж нээгдсэн. Хогны менежментийн хуулиа батлуулсан.

-Цэргийн хотхоны байр бил үү, хуучны байруудыг буулган шинээр орон сууц бариулахаар болсон гэж байсан юу болсон бол?

-Баянзүрх дүүргийн Сансар хотхонд хуучны байранд хүмүүс маш хүнд нөхцөлд амьдарч ирсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай хамтарч ажлаа эхлүүлсэн боловч хөрөнгө оруулагчид нутаг буцсан. Энэ ажил жаахан хүндрэлтэй байгаа. Э.Бат-Үүл даргатай ярилцан дотоодын компаниудын зээлээр босгох ажил яригдаж байна. Цаашид хуучин орон сууцыг шинэ орон сууц болгох хөтөлбөр хэрэгжинэ. Мөн 740 гаруй өрхийг гэрэл, цахилгаанаар хангагдлаа.

-Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж, нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байхаар тусгасан. Таны хувьд үүнийг дэмжиж байгаа байх?

-Квот гэхээсээ илүүтэйгээр УИХ бол хууль тогтоох байгууллага. Хууль тогтоох, бодлого боловсруулагч энэ байгууллагад эмэгтэйчүүд адилхан байр суурьтай оролцож байж Монгол Улсын хөгжлийг тодорхойлох учиртай. Хүйсийн харьцааг тэнцүүлдэггүй юмаа гэхэд ойртуулах тал дээр анхаарах ёстой. Иргэд эмэгтэйчүүдээ сонгож УИХ-д оруулахгүй бол болохгүй. Эмэгтэйчүүдийн санаа оноог заавал тусгах шаардлагатай. Ядаж 15 эмэгтэй гишүүн Их хуралд орж ирэх шаардлагатай. Зарим тойрогт АН, МАН-аас эмэгтэйчүүдээ тулгаж оруулсан байна лээ.

Энэ утгаараа эмэгтэйчүүдийн тойрог бий болгосон ч болохоор байгаа юм. Хүчтэй эрчүүдтэй эмэгтэй хүн өрсөлдөх хэцүү. Тиймээс эмэгтэй хүн гарахгүй байх вий гэдэг эмзэглэл байна.

Categories
мэдээ цаг-үе

Орост шүүсэн шүүлт буюу үнэгүй монгол зан

Чөлөөт бөхийн Оросын аварга
шалгаруулах тэмцээнтэй холбоотой бичлэг цахим ертөнцөд шуугиан дэгдээж, спорт
сонирхогчдын халуухан сэдэв болж байна. Орос гүрэн чөлөөтийн спортоор дэлхийд
ноёлдог. Тиймээс чөлөөтийн Оросын аваргын тэмцээн дэлхий нийтийн анхаарлын төвд
байдаг. Ялангуяа олимпийн өмнө бол бүр ч нарийн нягт анхаарал хандуулах нь
мэдээж. Ийм цаг үед болсон уг тэмцээний 57 кг-ын хагас шигшээд дэлхийн хошой
аварга Якутын тамирчин Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Дагестаны
тамирчин Исмаил Мусукаев нарын барилдааны шүүлт хуурамч болсон нь гол шуугианыг
дэгдээхэд хүргэсэн юм. Тус барилдааныг шүүсэн дөрвөн шүүгчийг тэмцээнээс
хөөсөн. Хөөгдсөн дөрвөн шүүгчийн хоёр нь Монголын шүүгчид байсан.

Ялалт авсан тамирчин Лебедев
“Манай нутагт болсон болохоор намайг ялуулах гэж оролдсон. Шүүгчид миний талд
ажилласан нь надад таалагдаагүй. Олон жил хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхчихаад
луйвардуулж ялагдахын зовлонг би мэднэ” гээд Рио-2016 зуны олимпийн их наадамд
оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн олимпийн гурван удаагийн аварга
ОХУ-ын Төрийн думын гишүүн Александр Карелин “Манай дотоодын тэмцээнийг
Монголын шүүгч шүүх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон хэрэг үү” гэж
хэлсэн нь асуудлыг бүр ч хурцатгасан. “Батгана суусан газар балагтай” гэгчээр
монголчуудын шүүсэн шүүлт ийм боллоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн
эвэр доргидгийн жишгээр орос гүрэн Монголыг зүхэж байна. Ялангуяа илт ялагдал
хүлээсэн дагестанчууд, ялсан хэрнээ хэл амтай энэ олимпод оролцохгүй гэж домог
болсон тамирчин нь мэдэгдэл гаргаад байгаа якутууд монголчуудыг нэг нүдээрээ ч
үзэж чадахгүй байгаа. Ингэж бид тив дэлхийд шившгээ дэлгэж байна.

Ер нь ганцхан энэ удаагийн
тохиолдолд алдаа гарган, хэдэн халтар цааснаас нэр хүндээ барж байгаа юм биш л
дээ. Монголчуудын өнөөдөр болж байвал маргааш хамаагүй, өөрөө л болж байвал
бусад нь хамаагүй гэх энэ өчүүхэн, өрөвдмөөр, арчаагүй сэтгэлгээ биднийг уруу
дорой харагдуулж, улс орны хөгжил дэвшлийг арагш нь улдан чангааж байгаа юм.
Зөвхөн хар амиа оторлон өнөөдрөө бодно гэдэг хамгийн ядарсан, увайгүй арга шүү
дээ. Нэг өдөр нэр төрөө хугалан байж таван төгрөг олоод нэг насаараа хэн ч биш
болно гэдэг ямар аймшигтай вэ. Үүнийг монголчууд ухаарч чадахгүй байна. Хоёр
өдрийн цаадахыг харах билиг оюун бидэнд алга болжээ.

Оросын чөлөөтийн тэмцээний
шүүлтийг худлаа болсон гэж үзээд байгаа. Магадгүй манай шүүгчдийг хахууль авсан
гэж хардаад буй. Тэр үүднээс аваад үзвэл 20 мянган доллар авсан байлаа гэж
бодъё. Баталж хэлж байгаа юм биш. Бусдын адил хардаж байна л даа. Өнөөдөр хэн
нэгэн хүн өөрийнхөө нэрийг хугалаад зогсохгүй улс үндэстэн ард түмнийхээ нэрийг
хугалаад 20 мянган доллар аваад яах юм бэ. Тэр мөнгийг цаашдынхаа 40, 50 жилийн
амьдралтай харьцуулахад юу болох билээ. Дэндүү өрөвдмөөр дүр зураг харагдана.
Тэр хүн ердөө мянган төгрөгийн үнэтэй нөхөр болоод зогсохгүй итгэл, сэтгэл,
хүнлэг чанар, жудаг ёс гээд хүний хорвоогийн бүхий л сайн сайхан зүйлийг
уландаа гишгэлээд зүгээр л нэг хүн сүг болж дуусна. Бид аливааг ирээдүйтэй харж,
өргөн сэтгэж, нэр төрөө сэвтээлгүй хадгалж үлдэх нь юунаас ч чухал гэдгийг
огтхон ч ухаарахаа больсон нь олон зүйл дээр илт анзаарагдах юм. Нэр хугарахаар
яс хугар гэдэг. Магадгүй ясаа хугалаад хэвтэж байгаа хүн “Бусдад тэгж
хэлмээргүй юм байна. Бараг нэр хугарсан нь дээр юм байна” гэж бодно.

Гэвч амьдрал дээр нэрээ хугалан
нэг насаараа хэн ч итгэхээ байчихсан, бусдын доог тохуу болж, хүн гэж харахын
эцэсгүй нийгмийн шаар шавхай болчихвол яах вэ. Хугарсан яс эдгэдэг л байхгүй
юу. Спортын шуугианаас үүдээд үүнийг бичиглэлээ. Энэ бол монголчуудын
өөрсдийгөө үл хүндэтгэж, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг умартаж,
эцэс сүүлд нь ямар ч үнэ цэнгүй болдог монгол зантай холбоотой.