Categories
мэдээ улс-төр

Европын комиссын Дэд Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцож буй Европын комиссын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Европын холбооны евро, нийгмийн яриа хэлэлцээний асуудал хариуцсан комиссар Валдис Домбровскисийг өнөөдөр (2016.6.10) хүлээн авч уулзан Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Ирэх 7 дугаар сард манай нийслэлд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт, түүний хүрээнд энэ өдрүүдэд чуулж байгаа хоёр тивийн Сангийн сайд нарын уулзалтыг сайтар бэлтгэлтэй, өндөр түвшинд зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар нэр төрийн хэрэг гэж үзэж байгааг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Ноён Валдис Домбровскис Сангийн сайд нарын уулзалтад Европын холбооноос төлөөлөгч урьсанд талархал илэрхийлээд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Европын холбоо дээд түвшинд төлөөлөгч оролцуулахыг нотоллоо.

Европын холбооны гишүүн орнууд Монгол Улсын жинтэй хөрөнгө оруулагчид болохыг Ерөнхий сайд онцлоод манай улс цаашид эрчим хүч, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Европын шилдэг технологи, ноу хау, евро стандартыг нэвтрүүлэхэд илүү анхаарна гэлээ.

Дээрх салбарт Монгол Улс, Европын холбооны үр ашигтай түншлэл, хэлхээ холбоог эрчимжүүлэх боломжтойг Европын комиссын Дэд Ерөнхийлөгч тэмдэглэв.

Европын Холбоо нь Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч юм.1990 оноос 2015 оныг дуустал манай улсад Европын Холбооны гишүүн орнуудаас нийт 835 компанийн 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдээд байна.

Монгол Улс Европын Холбооны GSP+ тарифын хөнгөлөлтөд 2005 оноос хойш хамрагдан 7200 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй нийлүүлэх давуу боломж эдэлдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шинээр байгуулагдсан 36 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/469 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад заасан нэр бүхий 36 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан сургалтын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгалаа.

Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар Венийн үдэш” цэнгүүн хоёр дахь жилдээ зохиогдоно

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн цэнгүүнийг “Чингисийн талбай”-д зохион байгуулах гэж байна.

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад анх 1999 онд зохион байгуулжээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Чингисийн талбай”-д үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Энэ удаад гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Маттиас Флецбергер, хийлч Лида Баеч, бүжигчин Мартин Грүнд нар оролцох юм. Түүнчлэн Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэж байгаа ажээ.

Тус цэнгүүн өнөөдөр 17.00 цагт “Чингисийн талбай”-д эхэлнэ. Тиймээс “Чингисийн талбай”-н баруун талын замын хөдөлгөөнийг 16.00 цагаас 19.00 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.

Уг арга хэмжээ өнгөрсөн жил мөн зохиогдож байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр чопперчид чуулна

“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачлан “Талын салхи” мото наадмыг энэ сарын 11-12-нд Цонжин болдогт зохион байгуулна. Тус наадам нь энэ жил хоёр дахь жилдээ болох юм. Дээрх холбооны ерөнхийлөгч С.Сүхбаяр “Энэхүү наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад ямар түвшинд явж байгааг харуулах, мотоспортыг сурталчлах, гадны клубуудтай хамтран ажиллах зорилготой. Энэ жил гадаадын 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн ” гэв. Тэд цаашдаа Азидаа томоохон мото наадам болгон өргөжүүлэх зорилготой байгаа юм билээ. Мото наадам Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолоос хөдлөх юм байна.

Өнгөрсөн жил болсон мото наадамд 400 гаран мотоциклийн парад Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайгаас эхлэн Нарны замаар дайран Хүй долоон худгийг зорьж байсан. Парадад чоопер, спорт загварын мотоцикл, дөрвөн дугуйт, гурван дугуйт гэх мэт бүхий л төрлийн мотоциклчид хотын гудамжаар явж, мото сонирхогч залууст замын хөдөлгөөний дүрмийн талаар мэдлэг олгох сурталчилгаа хийж байсан юм. Монголд болсон энэ парадад оролцохоор ОХУ-аас 60 гаруй чооперчин ирж байв.

Categories
мэдээ нийгэм

Элэгний В, С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

“Мөнгөн гүүр” эмнэлэг, Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг болон БНСУ-ын “Мёнжи” эмнэлэгтэй хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд элэг, цөс, нойр булчирхайн хавдартай, элэгний В, С вирустэй өвчтөнүүд болон бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 260 гаруй өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг хийн, зөвлөгөө өгч байна.

Энэхүү үнэ төлбөргүй үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, элэгний хатуурал, өөхжилтийн шинжилгээнд хамруулахад 269 хүний 61 хувьд нь элэгний өөхжилт илэрсэн байна. Мөн эмчийн заалтаар ирсэн 1118 өвчтөний 78 хувийнх нь “Элэг өөхөлсөн” гэсэн хариу гарсан байна. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс өндөр байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байв.

Элэгний өвчлөлийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэг буюу эход харуулах, цусны шинжилгээ өгч, өвчтэй эсэхээ тодорхойлуулж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. Хорт хавдар илэрсэн бол ямар ч найдваргүй болсон гэж ойлгож болохгүй. Хавдрыг бага дээр нь илрүүлж, боох эмчилгээ хийх, хавдрыг авах, химийн тариа хийх зэрэг эмчилгээний олон аргууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

УЛИРАЛ ба ЗОХИОЛЧ сэтгүүлийн 10 дахь дугаар хэвлэгдэн гарлаа

“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг – “Улирал ба зохиолч” сэтгүүлийн 2016 оны зуны дугаар, өөрөөр хэлбэл №10 дахь дугаар хэвлэгдэн гарч уншигч, захиалагчдынхаа гар дээр очлоо.

Сэтгүүлийн энэ дугаарт СГЗ , зохиолч Санжийн Пүрэв, МЗЭ-ийн шагналт яруу яруу найрагч Т. Сэр-Од , СГЗ, зохиолч Х. Зандраабайды, СГЗ, Яруу найрагч Б. Монголхүү, МЗЭ-ийн шагналт Ц. Мөнх- Очир нарын шинэ тууж, найраглал, өгүүллэг, шүлгүүд оржээ.

Мөн, ардын билиг зүйч, СГЗ, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан намтар цадиг, гэргий Бадарчийнх нь бичсэн дурсамж, СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Хүрэлбаатарын “Сутай хайрхан уул” шүлгийн гар бичмэл, хонгор нутгийн авьаслаг яруу найрагч Ванхүүгийн Батбаяраас зураач, барималч С.Бадралд бичсэн захидал, Америкийн нэрт зохиолч , Нобелийн шагналт , романы эцэг хэмээн нэрлэгддэг Уильям Фолкнерийн сонирхолтой ярилцлагыг уншиж болох аж.

Улирал ба зохиолч сэтгүүлч энэ удаагийнхаа улирлын онцлох зохиолчоор СГЗ, МЗЭ-н шагналт ахмад зохиолч Шагжийн Ванчаарайг тодруулсан бол улирлын онцлох номоор СГЗ, зохиолч Г.Аюурзанын Тэнгэрийн судар номыг нэрлэсэн байна. Сэтгүүлийн “Сонгодог зохиолчдын бүтээл”, “Аян замын тэмдэглэл”, “Эсээ”, “Монгол туургатны яруу найраг”, “Сүүтэй дөрөө”, “Маамуу нааш ир” буланд ч дэлхийн болон монголын зохиолчдын шилдэг бүтээл тавигджээ.

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн шинэ дугаарыг номын “ Интер ном” дэлгүүрээс худалдан авч болох бөгөөд “Монгол шуудан” компанийн салбаруудаар захиалах боломжтой аж. Тус сэтгүүлийн 3-р улиралын захиалга эх орон даяар эхэлж байна.

Уран зохиолын шилдэг цоморлиг- “Улирал ба Зохиолч” сэтгүүл хэзээ ямагт уншигч та бүхний унших дуртай сэтгүүл байсаар байх болно.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц худалдан авах чадвартай 33 мянган өрх байна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 сарын 9-нд болж, хуралдаанаар нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааны үр дүн, түрээсийн орон сууцны үйл ажиллгааны журмын төслийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанд эдгээр асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

Нийслэлийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээ болон орон сууцны нийлүүлэлтийг судалж, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлох, нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж буй бодлого төлөвлөлтийг оновчтой болгох, нийслэлийн орон сууцны нэгдсэн мэдээллийн сангийн суурь өгөгдлүүдийг бий болгох зорилгоор нийслэлийн орон сууцны эрэлт нийлүүлэтийн судалгааг хийсэн байна. . Энэхүү судалгааг судалгаа шинжилгээний “Эм Эм Си Жи” ХХК шалгаран гүйцэтгсэн бөгөөд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг болон алслагдсан 3 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрийг хамруулан явуулжээ.

Судалгаагаар нийслэл хотод 352,812 өрх амьдарч байгаагаас ойрын 3 жилд нийт өрхийн 72 хувь буюу 252,386 өрх инженерийн дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцтай болох хэрэгцээтэй, 24 хувь буюу 85,757 өрх одоогийн амьдарч буй гэр хорооллын нөхцөлөө сайжруулах хэрэгцээтэй, 8 хувь нь түрээсийн орон сууцанд амьдрах хэрэгцээтэй гэсэн дүн гарсан байна.

Харин орон сууц худалдан авах хэрэгцээтэй 252 мянган өрхийн 13 хувь буюу 33,487 өрх нь ойрын 3 жил орон сууц худалдан авах чадвартай, зээлийн нөхцөлийг хангаж чадахуйц байгаа нь харагджээ.

Танилцуулгыг сонсоод нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд судалгааны тайлан, үр дүнг барилгын компаниудад танилцуулан санал солилцох, судалгаанд үндэслэн иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттайгаар эхлүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлсэн юм. Нийслэлийн орон сууцны корпорациас барилгын салбарын төлөөллүүдэд судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов.

Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлсэн түрээсийн орон сууцтай болох журам хэлэлцлээ

НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5 чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. Улаанбаатар хотод 30 800 айл орон байраа түрээслэн амьдарч байгаа гэсэн статистик тоо байдаг байна.

Эдгээр өрхийн дийлэх нь буюу 36 хувь нь төвийн бохирын шугамд холбогдоогүй, 34 хувь нь төвийн усан хангамжгүй, 33 хувь нь төвийн дулаан хангамжгүй нөхцөлд амьдарч байгаа юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хүн амын 58 хувь буюу 205 431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь хашаандаа 2 ба түүнээс олон өрхөөр амьдардаг байна. Жилд дунджаар 10 000 орчим залуус гэр бүлж болж байгаа боловч тэв эцэг эх, төрөл төрөгсөдийнхөө гэр бүлд амьдарч байна гэсэн тоо баримтыг тэрээр онцоллоо. Тиймээс энэ мэт хэрэгцээ шаардлагыг үндэслэн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй байна. Үүний тулд түрээсийн орон сууцны харилцааг нарийвчлан зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй. Иймд түрээсийн үйл ажиллагааны журмын төслийг боловсруулсан танилцуулж байна гэлээ. Журам батлагдаж хэрэгжиж эхэлснээр нийслэлийн зорилтод бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр суурьшлын асуудлыг шийдэх зэрэг боломж бүрдэх юм байна.

Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс энэхүү журмын төслийг Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн шийдвэрээр “Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журам”-ыг эцэслэн батлах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн 19-р хороонд баригдаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны асуудлыг нийслэлийн удирдлагууд дахин хэлэлцэнэ гэв

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 09-нд буюу өчигдөр боллоо. Хуралдаанаар СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа төрийн албан хаагчдын орон сууцны барилгын явц, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв. Энэхүү асуудлыг хуралдаанд СХД-ийн Засаг дарга М.Чинболд танилцууллаа.

СХД-ийн 19-р хороо, 21-р хороолол орчимд хуучнаар Мах комбинатын ажилчдын орон сууцны зориулалтаар баригдаж, 1960 онд ашиглалтад орсон барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн буулгах шийдвэрийг 2012 онд тухайн үеийн дүүргийн Засаг дарга гаргаж, 2012 оны 7 дугаар сарын 09-нд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамжаар эзэмшил газрыг өөрчлөн барилга барихаар болсон байна. Энэ шийдвэрийн дагуу нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар 48 айлын орон сууцыг буулгаж шинээр 16 давхар 3 блок бүхий 220 айлын орон сууцыг барих зөвшөөрөл олгох болсон тухай мэдэгдлийг тухайн үеийн дүүргийн Засаг дарга Ц.Болдод хүргүүлсэн байна. СХД-ийн Засаг дарга Ц.Болд 48 айлын орон сууцны барилгыг буулган шинэ орон сууц барих гэрээг “Номтын ам” ХХК-тай хийж, тухайн орон сууцад амьдарч байсан иргэдийг шинэ орон сууцаар хангах тухай гурвалсан гэрээ хийжээ. Мөн энэхүү байрыг СХД-ийн ЗДТГ-ын албан хаагчдад хөнгөлттэй үнээр худалдах тухай шийдвэр гаргаж 115 албан хаагч энэхүү орон сууцаас нэг ам метрийг 1 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн байна. Ингээд 2013 онд барилыг ажлыг эхлүүлсэн ч ажил удааширсан учраас дүүргийн удирдлагаас инженерийн шугам сүлжээ, шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн орон нутгий хөгжлийн сангаас 70 сая төгрөг, барилгын материалыг нөөцлөх зориулалтаар 3 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Энэ мэт дүүргийн зүгээс барилыг ажлыг аль болох дэмжин ажиллаж байсан ч өнөөдрийг хүртэл барилга бүрэн дуусаагүй зөвхөн орон сууцны А блок ашиглалтад орсон байна.

“Номтын ам” компани 225 айлын орон сууц барьж байгаа атлаа 300 гаруй захиалчтай гэрээ хийсэн, байраа чөлөөлсөн 48 айлаас зөвхөн 28 айл, захиалгаа өгсөн төрийн албан хаагчдаас 9 албан хаагч орон сууцны А блокийн ашиглалтад орсон байранд хамрагджээ. Тус компани захиалагч нартай урьдчилан гэрээ хийж мөнгө авсан атлаа давхар захиалга авч байгаа, байрны урьдчилгаагаа төлсөн албан хаагч нарын урьдчилгаа төлбөрийг өгөлгүй гэрээг цуцалсан зэрэг ноцтой зөрчлийг гаргаснаас 300 гаруй иргэн хохироод байгааг тэрээр хэллээ. Иймд энэ асуудлыг шийдвэрлэх, иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгын ажлыг гүйцээхэд шаардлагатай байгаа нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргаж, шийдэж өгөхийг хүслээ.

Танилцуулгыг сонсоод нийслэлийн удирдлагууд асуулт асууж, саналаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, бид ямар ч үед иргэдийнхээ арх ашгийг хамгаална. Гэхдээ энэ компани давхардсан захиалга авч 300 гаруй иргэдийг залилсан байхад бид үүнийг нь өөгшүүлэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс эхний ээлжинд хууль эрх зүйн хүрээнд иргэдийг хохиролгүй болгох ямар нөхцөл боломж байна бүгдийг нь судалж үзэх шаардлагтай гэсэн юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ямар ч үед иргэдийг хохиролгүй болгох талаар бид анхаарч ажиллана. Энэ компанийн гаргасан зөрчил нь эргүүгийн хариулцлага тооцохуйц ноцтой байгаа учраас хууль хяналтын байгуулгад хандан шалгуулах ёстой. Үүний дараа иргэдийг хохиролгүй болгоход хуулийн хүрээнд ямар шийдэл гаргах талаар иргэд болон дүүргийн ЗДТГ, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, НЗДТГазар хамтран дахин хэлэлцэж, шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ямаа самнахаар хотоос Алтанбулаг суманд очсон залуу нутгийн иргэний аминд хүрчээ

Төв аймгийн Алтанбулаг суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийн мөрөөр Алтанбулаг сумыг зорилоо. Тус сум Улаанбаатар хотоос 52 км-ийн зайд орших бөгөөд сумын төвийн чанх хойгуур Туул гол урсдаг. Алтанбулаг сумын Засаг дарга Б.Цэрэнбат ажлаар хот явсан учир Засаг даргын орлогч Н.Батмөнх дарга бидэнд сумынхаа талаар танилцуулав. Тэрээр 1999 оноос хойш сумандаа ажиллажээ. Өмнө нь Засаг дарга, Тамгын газрын даргын албыг хашиж байжээ. Албан бүртгэлээр сум 3084 хүн амтай. Хустай байгалийн цогцолборт газар, Олон улсын энхийг сахиулах төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги зэрэг томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдагтай холбоотойгоор 2000 орчим түр оршин суугч суманд харьяалагддаг байна. Тиймээс нутгийн ихэнх иргэн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд үүнийг дагасан үйлдвэр, үйлчилгээ явуулж амьдралаа залгуулдаг. Бусад сумтай харьцуулахад ажилгүй иргэд бага. Сүүний үйлдвэр, бяслагны үйлдвэр, сүү хөргөлтийн үйлдвэр, эсгий эдлэлийн үйлдвэр гээд жижиг дунд үйлдвэр олон бий. Эдгээр үйлдвэрүүд сумынхаа иргэдийг тодорхой хэмжээгээр ажлын байртай болгож байна. Мөн Туул голыг түшиглэн чацаргана зэрэг жимсний аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж хэд хэд байдаг юм байна. Энэ жил сумын 80 жилийн ой тохиож байгаа аж. Сумынхан ойдоо бэлтгээд нэлээд хөл хөдөлгөөнтэй байв.

СЭЖИГТЭН ТАЛИЙГААЧИЙН ЦЭЭЖИН ТУС ГАЗАР НЭГ ХУТГАЛЖ, УЛМААР АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

Ер нь бол жилийн дөрвөн улирал идэвхтэй амьдрал буцалж байдаг сум бололтой. Ажилгүй иргэд ховор учраас архидан согтуурах дүр зураг, элдэв янзын гэмт хэрэг ч төдийлөн гараад байдаггүй тухай нутгийнхан ярьсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус суманд гарсан хүн амины ноцтой хэрэг нутгийн олныг нэлээд цочроогоод байна. Алтанбулаг сум Сумт, Аргал, Алтан-Овоо, Замт гэсэн дөрвөн багтай. Сумт нь төвийн баг бол үлдсэн гурав нь хөдөөгийн баг. Алтан-Овоо багийн нутагт уг хэрэг гарсан гээд байгаа. Угтаа хэрэг сумын төвд гарчээ. Хэрэг сумын төвд иргэн Т-ийн гэрт үйлдэгдсэн байна. Иргэн М, П нар маргалдаж улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Талийгаач М 30 гаруй настай. Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт нутагладаг малчин аж. Тухайн өдөр сумын төвд орж ирээд таньдаг найз нөхөдтэйгөө уулзаж ганц, хоёр шил архи уусан гэх. Ингээд П-тай шалихгүй асуудлаас болж үл ойлголцоод салжээ. П-г унтаж байх үеэр М гэрт нь орж мотоциклийн каск буюу малгайгаар цохиж авсан бололтой. Дуг нойрондоо дугжирч байхад нь гэнэт цочоож сэрээсэнд П уурсан босч ирээд хариу цохилцож ширүүн маргаан үүсч улмаар хутга аван талийгаачийн цээжин тус газар хутгалж аминд нь хүрчээ. П хүний аминд хүрсэн гэдгээ гэнэт ойлгож шоконд орж улмаар амиа хорлохыг завдаж өөрийгөө хутгалжээ. Энэ үеэр ойр хавьд байсан хүмүүс М-ийг эмнэлэгт хүргэж, цагдаад дуудлага өгчээ. Харамсалтай нь түргэн тусламж ирэхэд М аль хэдийнэ амьсгал хураасан байсан ба сэжигтэн П их хэмжээний цус алдаж байсан гэх мэдээлэл байна. Ингээд сэжигтэнг эмнэлэгт ирэхтэй зэрэгцэн сумын хэсгийн төлөөлөгч иржээ. “Хэрвээ маргаан үүсч зодоон болох үед дуудлага өгсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Утсаар залгаж дуудлага өгч болдоггүй юм гэхэд гүйж ирээд яагаад дуудлага өгчихсөнгүй вэ” гэж хэсгийн төлөөлөгч ярьж байсан. Хэрэг болсон газар хэсгийн төлөөлөгчийн байрнаас хэдхэн гудамжны цаана байжээ. Сэжигтэн П нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн. Өдгөө 28 настай тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тус суманд ямаа самнахаар ирээд байсан нь энэ юм. Энэ хугацаанд хамаатныхаа айлд байрлаж байжээ.

ТАЛИЙГААЧ ЧАМГҮЙ САЙН УЯАЧ БАЙЖЭЭ

Талийгаач М эхнэр хүүхэдтэй, тогтсон амьдралтай нэгэн байж. Эцэг, эхээс ах дүү олуулаа. Удам залгасан малчин төдийгүй хурдан морь уядаг уяач хүн гэдгийг таньж мэдэх хүмүүс ярьж байна лээ. Түүний уясан хурдан хүлэг сумандаа төдийгүй томоохон уралдаанд айрагддаг байж. Залуу хөдөлмөрч, ажилсаг нэгэн байжээ. Нутгийн хүмүүс ч М-ийг даруу төлөв зантай, олон таван үггүй гэдгээр нь андахгүй. Зарим нь “Би лав өдий олон жил энэ суманд амьдрахдаа түүнийг архи уучихсан согтуу явсныг харж байгаагүй” гэж ярьж байгаа бол зарим “Овоо хэдэн малтай. Амьжиргаатай, томоотой залуу л санагддаг. Хоорондоо шалихгүй зүйлээс болж муудалцсан гэсэн. Хайран сайхан залуу” гэв. Насаараа тус нутагт амьдарсан нэгэн хөгшин “Ганц юм хувааж уугаад хүний аминд хүрч байдаг яасан их омог вэ. Энэ залуус сүүлийн үед их омогтой болж. Сав л хийвэл ална, тална гээд хутга шөвөг барьдаг болчихож” хэмээн нэлээд бухимдангуй өгүүлэв. Ер нь энд ойрын хэдэн жил ноцтой хэрэг гарч байгаагүй гэнэ. Гэвч өнөө жил ийн хоёр дахь хүн амины хэрэг тус суманд гараад байна. Өнгөрсөн өвөл мөн нэг залуу хүргэнээ хутгалж аминд нь хүрсэн хэрэг гарсан байна. Хүргэнтэйгээ таарамжгүй харилцаатай байсан нь хэрэг гарах гол шалтгаан болсон гэх. Он гарсаар хоёр ч ноцтой хэрэг гарсанд нутгийн иргэд ч их түгшиж шөнө, орой гэрээсээ гарахдаа эмээх болсон талаар ярив.

ХОТТОЙ ОЙРХОН БОЛОХООР ЭЛДЭВ ЯНЗЫН ХҮМҮҮСИЙН ХӨЛ ТАСАРДАГГҮЙ

Сүүлийн үед Алтанбулаг суманд онц ноцтой хэрэг мэр сэр гарах болжээ. Саяхан тус сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас шатсан цогцос олдож нийгэмд нэлээд шуугиан дэгдээсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат 50 гаруй хоёр хүү нь бүлэглэн амь насыг нь хороож улмаар шатаасан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг. Биокомбинат, Шувуун фабриктай залгаа орших суманд гаднаас чиглэсэн элдэв хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй бололтой. Ялангуяа малын хулгай их гардаг байна. Биднийг очих үеэр сумын хэсгийн төлөөлөгч малын хулгайн араас мөрдлөг хийхээр яваад эзгүй байв. Алтанбулаг сум малынхаа тоогоор дээгүүрт бичигддэг. Тиймээс мал тэвээрэг авах үеэр хэсгийн төлөөлөгчид малын хулгайн дуудлагаар тасардаггүй гэсэн. Нийслэлээс машин тэрэг хөлөглөн бэлтгэлтэй гарсан хулгайч нар айлын адуу, үхэр шөнөөр тууж гол гатлуулан баруун тийш дамнуулан тууж зам дагуух томоохон гуанз, цайны газруудад нийлүүлдэг гэх мэдээлэл ч бий.

СЭЖИГТЭН ЮУНЫ УЧИР ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ

Сэжигтэн П ямар учраас хүний аминд хүрсэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар талийгаач сэжигтэн хоёр бие биенийгээ танихгүй гэнэ. Тухайн өдөр хэдэн хүнтэй нийлж архи ууж, дарвих үед сэжигтэн хамт байсан бөгөөд улмаар согтуу хүмүүс нэгнийхээ үгэнд гомдож, үл ойлголцол үүссэн байж болзошгүй. Маргаан ширүүсч хэрэг гарах шалтгаан болсон гэх. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач цээжиндээ дөрөв хутгалуулж амиа алдсан гэж байгаа бол албан эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн талийгаачийн цээжин тус газар нэг хутгалсан нь амин тус газар нь тусч үхлийн шалтгаан болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хагас зууны өмнөх Цэцэрлэг хотын сурагчид

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд нэгэн мянга есөн зуун жаран зургаан оны зун Архангайн Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийн 10а ангийг төгссөн, эдүгээ далан насны даваан дээр гарцгаасан “охид, хөвгүүд” уригдсан юм. Тэд Цэцэрлэг хотын үйлдвэр сургалттай арван жилийн сургуулийн хоёр дахь төгсөлт бөгөөд төгсөхдөө “автомашины онол ба дадлагыг эзэмшсэн тул авто жолоочийн мэргэжлийн гэрээ олгов” гэсэн үнэмлэх авцгаасан байна. Тус сургуулийн б, в, г бүлгүүд тарактор-комбайнч, радио-техникч, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн гэрчилгээтэй төгссөн. Тухайн үед аймагт төвийн арван жил, Тариат, Эрдэнэмандалын арван жилийн сургуулиуд байсан бөгөөд бусад сумд дунд, бага сургуультай, сумандаа долдугаар ангиа төгсөөд аймгийн төвд наймдугаар ангид ирж суралцдаг байж. Долдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу техникумд, ЗХУ руу ТМС-д явж суралцана. Зарим нь наймдугаар ангидаа дэвшин орж, аравдугаар ангиа төгсөөд хотод ирж элсэлтийн шалгалт өгдөг байв. Тэднийг аравдугаар анги төгсөх хавар “Арав дахь хавраа үдье” дуу гарч байжээ. “Угтах зам минь хаагуур зурайна вэ” хэмээн сэтгэл догдлон дуулцгааж, үүрнээсээ ниссэн шувуухайнууд шиг тал бүр тийш одоцгоосон тавин жилийн тэртээх өдрүүдийг сэтгэл догдлон дурсацгааж байв.

Манай сургууль хоёр давхар цагаан байшинд байрладаг байжээ. Урлаг, спортын заал, дотуур байр, хоолны газар, түлээний хашаа, гар худаг, пионерын шугам жагсаалын талбай, биеийн тамирын талбай, амьтны хүрээлэнгийн байр (тэнд үнэг, чоно, согоо, гахай тэргүүтэн байрлаж сургууль хариуцан маллаж тэжээдэг байжээ), номын сан, бүгд сэтгэл зүрхэнд илхэн байна. Бид төгсөх шалгалтдаа бэлтгэхдээ нутгийнхаа ”Булган” уулын хормойгоор, горхины эргийн захаар сууж хичээл уншдаг байлаа. Мөн “Цогт тайж” кинонд гардаг арслан цохионы тэр хавьд очдог байсан” хэмээн дурсацгаалаа.

Энэ ангид (наймдугаар ангид) Хотонт сумын С.Лхагважав, О.Далхжав, Даваасүрэн, Дүрэвжав, Аранжил, Хандсүрэн, Аюуш гээд сурлага сайтай, урлаг спортын авьяастай олон хүүхэд байсан байна. Бага ангидаа хөвгүүд нь хөх, охид нь ногоон өнгийн даалимбан даавуугаар хийсэн тэрлэг өмсдөг, пионерын гал улаан өнгийн зангиа хүзүүндээ зүүгээд, улаан таван хошуутай даавуун цүнхээ үүрч гангарч явдаг байжээ.

“Хөдөө сумаас ирсэн хүүхдүүд ихэнх нь дотуур байранд суудаг, нэг тогооноос хооллож нэг гэр бүлийн хүүхдүүд шиг байсан нь сайхан байлаа. Ахлах ангийн сурагчид ууланд явж, сургуулийнхаа түлээг бэлтгэнэ. Түлээгээ ачиж авчраад хөрөөдөж хагалаад түлэхэд бэлэн болгоно. Түлээний хашаанд шинэс модны холтос зомгол хуралдсаар, хөвд, хөвөн шиг зөөлөн, цаанаа нэг дулаахан байдагсан. Тэнд тэвэг өшиглөж тоглодог, модноос бохь авч зажилдаг байлаа (одоогийнх шиг бохь байхгүй байсан). Бидний үеийн хүүхдүүд гэр орондоо ус, мөсөө авна, түлээ түлшээ бэлдэнэ, хувцас хунараа гараараа угаана. Мөн зуны амралтаараа мал маллаж, аргал түлээнд явна гэх зэргээр биеийн хүчний ажил хийж байгаль дэлхий, газар устайгаа их харилцдаг байж дээ. Хөдөөд одоогийнх шиг тохилог орон сууц ч байсангүй. Цагийн жамаар жил өнгөрөх тусам бид чинь цөөрсөөр л байна. Биднийгээ хүний дайтай явахад хүч хөдөлмөр, оюун ухаанаа шавхсан багш нарыгаа байнга дурсаж явах юм даа” хэмээн С.Цэрэндорж гуай хуучиллаа.

Ангийн багш М.Цэндээхүү нь түүх нийгмийн багш. Цомхон алхаа гишгээтэй, цэвэр цэмцгэр хувцасладаг, зөөлөн ааш зантай, дунд эргэм нуруутай, улаа бутарсан хацартай хүн байж. Дутагдал гаргавал хатуухан загнана. Тооны багш Дэмбэрэл, С.Нэргүй нар хичээлээ тун ойлгомжтой заадаг байсан гэж эдний ангийнхан магтаж байлаа.

Энэ үед тэдний сургуулиас олон мундаг тооны багш төрцгөөсөн байна. Уран зохиол, монгол хэлний багш Сэнгэжав, Бямбаа гуай нар ухаан сэтгэлд харагдтал ярьдаг байж. Орос хэлний Чулуун, шугам зургийн Тооной, физикийн Очирбат, биеийн тамирын Ядамсүрэн, химийн Дагвадорж, авто жолооны Цэнджав гээд олон арван сайн багшийн шавь болж явснаараа бахархаж явдаг гэж ярив. Сургуулийнх нь захирал Гэгээрлийн яамны сайд байсан Батдорж гэж хүн байжээ.

Эдүгээ төрийн бус байгууллага толгойлон хөдөлмөрлөж яваа Ч.Очирбат, Аж үйлдвэрийн материал хангамжийн орлогч даргын ажлыг олон жил хийсэн. АИХ-ын депутат, Үндсэн хууль батлалцаж явсан Я.Жамбаа одоо бизнес хийгээд гялалзаж явна. Дулааны инженер мэргэжилтэй Цэнд-аюуш насаараа Дарханы дулааны станцад үр бүтээлтэй ажилласан. Дархандаа олон айл өрхийг малжуулж, амьдрал ахуйг нь дэмжиж явдаг санхүүч-эдийн засагч мэргэжилтэй МУ-ын гавьяат малчин О.Дорж Хайрхан сумандаа сүргийн бэлчээрт малтайгаа явна. Архангайн “Үнэн” сонинд ажиллаж байсан Р.Батмөнх нутагтаа малчин болж хурдан морь уяад завгүй яваа юм байна. Эдийн засагч, Нэгдэл дундын дарга байсан Б.Довдонням өөрийнхөө удирдах арга барил, мэдлэг чадварыг хүү Д.Бат-эрдэнэдээ өвлүүлснээр хүү нь аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай албыг хашиж байгаа аж. Багаасаа нам засаг, эвлэлийн ажилтан болсон Лаагансүрэн одоо ч намынхаа ажилд хүчин зүтгэсээр байгаа гэсэн. Буриад, Александр нар нийгэм ард түмний аюулгүй байдлын манаанд олон жил зогссон. “Генерал” хэмээх хурандаа Пүрэвээ (Батлан хамгаалах яамны тээврийн салбарт алба хаасан), олон зуун бяцхан хүүхдийг бөөцийлөн сурган хүмүүжүүлсэн М.Пунсалдулам, төмөр замын албанд насаараа ажилласан Хажид, Дашжамц, сайн малчин Цэгмид нараараа эдний ангийнхан бахархана.

Тэдэн дундаас нэг хос төрсөн нь Буриад, Чимэдцэрэн нар аж. Мөн энэ ангиас “Тооны машин” гэгддэг багш Ж.Очирбат, орос хэлний Цэвэлмаа, франц хэлний Боль гээд олон багш төрөн гарсан. Ж.Нямбуу сантехникийн инженерээр орон нутагтаа он удаан жил ажиллаж эдүгээ Улаанбаатарт мэргэжлээрээ ажилласаар байна. Биеийн тамирын багш Р.Нармандах “Зуун буудалт даам”-аар олон хүүхдийг дасгалжуулж, ОУ-ын тэмцээн уралдаанд удаа дараа оролцуулж байгаа гавьяатай хүн. Удаанжаргал Өлзийт сумандаа нам захиргаа, банк санхүүгийн байгууллагад насаараа ажилласан, одоо ч ажилласаар яваа гэнэ.

Бадмаагярвуу, Чимэддорж нар урлаг соёлын авьяастай сайхан бүжиглэдэг ааш, зан сайтай хүүхдүүд байж. Төмөр замын техникум төгсөөд тээврийн салбарт ажиллаж байгаад Москва хотод Үйлдвэрчний эвлэлийн сургууль дүүргэсэн Б.Аюуш эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Цэрэндолгор гадаадад хэдэн жил амьдарч байгаад саяхан ирсэн байна. Тэр худалдаа хэвлэлийн салбарт олон жил ажилласан. Ш.Мягмарсамбуу Москва хотод хэвлэлийн эх бэлтгэлээр сургууль дүүргэж хэвлэл мэдээллийн талбарт олон жил зүтгэжээ. Анх “Шинэ үе” сонинг С.Зоригийн ах С.Баяртай гаргаж, мөн “Ардчилал” сонинг МУУГЗ С.Амарсанаатай эрхлэн гаргаж байжээ. “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч, тоймч хүртэл хийж явсан ардчиллын ахмад зүтгэлтэн болсон байна. Клиникийн профессор тэргүүлэх зэргийн цолтой “Сүрьеэ”-гийн Х.Цэцэгмаа, “Гэмтэл”-ийн С.Цэрэндорж, “Эх нялхсын” бага эмч Б.Оюунцэцэг нар хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд нойр хоолоо умартан олон жил зүтгэж, бусдад амьдрал, амь нас бэлэглэж явцгаажээ. Сонирхуулахад эдний ангийн охид бүгд “алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон хүртжээ. Архангайн Цэцэрлэг сумын арван жилийг 1966 онд төгссөн ангийнхны ажил, амьдралын зах зухаас дурдахад ийм байна.

“Сурагч байхад Цэцэрлэг хотын гудамжинд өндөр модон шонгийн оройд том цагаан хоолойгоор (чанга яригч), гэртээ, байрандаа “Север” шугамын радиогоор шүлэг найраг, яруу тунгалаг ая, дуу хөгжим олон салбар мэргэжлийн хичээл, тэргүүн туршлага нэвтрүүлгийг сонсож байлаа. Тэр үед зурагт радио, гар утас, цахим хэрэгсэл байсангүй. Бүхнийг бодитоор харж бодож сэтгэдэг, гараараа барьж мэдэрдэг байсан гэж хэлж болно. Аравдугаар ангиа төгсөөд тавин жилийн дараа ээлжит уулзалтаа хийж байгаа бидэнд ярьж, хөөрөлдөх юм ч их бий, бас нас нэмэгдэж, сэтгэл зүрх минь улам баясах болно доо” хэмээн хөөрөлдсөөр үлдсэн юм.

Б.УРАНЧИМЭГ