Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхийн хажууд 500 машины зогсоол барьж байна

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг Наадмын комиссоос өчигдөр баталжээ. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр энэ жил тохионо. Олон тэгш ой тохиож байгаа тул энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү олон буюу 1024 бөх барилдан зургаан насны 200 морийг уралдуулахаар болжээ.

Цэнгэлдэх хүрээлэнд наадамлахаар ирсэн иргэдийн авто машинд зориулан нийт долоон давхар бүхий 500 машины зогсоолыг ашиглалтад оруулахаар болсон гэнэ. Хурд группээс барьж буй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд байрлалтай авто машины уг зогсоолын гадна тохижилтын ажил одоо үргэлжилж байна. “Дүнжингарав”, “Japan town” хотхоны гадна талбайг зогсоол болгон ашиглах юм.

Наадмын тасалбарыг ирэх сарын 6-наас эхлэн борлуулах бөгөөд нэг хүнд дөрвөөс илүү тасалбар худалдахгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт хүрээлэнгийн задгай талбайд кино үзүүлнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн задгай талбайд кино гаргахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа нь энэ бямба гарагийн 22.00-01.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Задгай талбайд кино үзэх нь кино театр үзсэнээс илүү тав тухтай, цэвэр агаарт, заавал сууж биш өөрт эвтэйхэн байрлалаараа үзэх боломжтой аж.

Үзүүлэх киноны мэдээллийг зохион байгуулагч нарын зүгээс тун удахгүй мэдээлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын удирдлагууд СЕХ-нд шаардлага хүргүүлэв

Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж заасан байдаг. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны “Техникийн тооллого хийх журам”-ын нэгдүгээр зүйлийн 1.2-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонгох аргаар 50 хүртэл хувийг сонгож, техникийн тооллого хийх тухай” тусгасан байдаг юм. Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэлийг өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл дээрх үүрэг чиглэлийг сонгууль будлиантуулах, үнэнээс зугтаах арга хэмээн үзэж байгаа аж. Түүнээс гадна АН-ынхан санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг өөрт ашигтайгаар тохируулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархаж байна гэж хардаж буйгаа улс төрийн хүчнүүд нуусангүй. Тиймээс СЕХ-нд хандаж, хяналтын тооллогыг Сонгуулийн тухай хууль, СЕХ-оос гаргасан тогтоол шийдвэрийн дагуу 50 хүртэл хувьд нь явуулахыг улс төрийн нам, эвслүүд шаардаж байгаа юм.


Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг түүхэн амжилтын эзэн боллоо

Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын тэмцээнд ОУХМ М.Анхцэцэг анх удаа оролцохдоо огцом өргөлтөөр 112 кг өргөж, IV байрт шалгарсан билээ. Жин тус бүрт чансаагаараа тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар өрсөлддөг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны Монгол туйванч болсон нь тэр.

Харин тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Грекийн тамирчин А.Ефтикиа саяхан авсан сэргээшийн шинжилгээнд бүдэрч, медалиа хураалгажээ. Ийнхүү “Рио-2016” олимпийн эрх аваад буй М.Анхцэцэг Дэлхийн цомоос медаль хүртсэн анхны Монгол тамирчин болж, бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо.

Туйванч М.Анхцэцэг түүхэн амжилтын эзэн боллоо

Тэрээр 2014 оны ДАШТ-д X, өнгөрсөн жилийнхэд VIII байрт шалгарч, Монголын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам мэдээлэл хийв

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штаб иргэдэд мөнгө тараах гэж байгаад баригдсан нь одоо аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Болорчулууны сонгуулийн штаб нь сонгогчдыг автобусаар зөөвөрлөн саналыг нь өгүүлж, хууль зөрчсөн.

Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сонгуулийн хаалтын үйл ажиллагааны үеэр МАН-ын гишүүн Б.Төмөр-Очир “Архангай аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабаас хууль бус үйлдэл хийж, Ж.Мөнхбатын сонгуулийн штабт ажиллаж байсан хүний биед халдсан” гэж нотлогдоогүй зүйл ярьсан.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ташаа мэдээллийг МАН-аас зохион байгуулалттайгаар тараасан зэрэг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болсон хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Цусны төв шинэ байрандаа орлоо

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Монгол Улсын Засгийн газраас зориулалтын шинэ барилгыг ашиглалтад оруулах, цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологи бүхий цусны албаны техник технологийн иж бүрэн шинэчлэл хийхээр шийдвэрлэсний дагуу Засгийн газрын 2.94 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон АХБ-ны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр барьжээ.

Энэхүү иж бүрэн шинэчлэлийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, хүйтэн өрөөнд нөөцлөн хадгалах, улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, цусны цагаан бөөмийн вирус идэвхжүүлэх, донороос улаан эс, ялтаст эс, цагаан эсжүүлсэн ялтас эс дангаар ялгах зэрэг шинэ технологийг нэвтрүүлэх юм. Ингэснээр Монгол Улсын цусны албаны үйл ажиллагааны хүчин чадал 3-5 дахин нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон улсын жишигт хүрэх боломж нээгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын дарга Н.Энхбаяр саналаа өглөө

Улс орон даяар сонгуулийн санал хураах үйл ажиллагаа өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн явагдаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж буй. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг болон улстөрийн намын дарга нар сонгуульд саналаа өгч, сонгогчдод хандан саналаа өгөхийг уриалж байгаа юм. Үүний нэгэн адил МАХН-ын дарга Н.Энхбаяр саналаа өгсөн байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд энэ удаагийн сонгуульд Цагдаагийн байгууллагаас ялтай хугацаа нь дуусаагүй гэж үзсэн учир нэр дэвшээгүй билээ.

Categories
энтертаймент-ертөнц

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалт эхэллээ

“Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэнэ. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил сонгон шалгаруулалтаар Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд СТА Ж.Бямбажав нар тоглосон юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ удаагийн сонгуульд 430 гаруй ажиглагч ажиллаж байна

Энэ удаагийн сонгуулийн явцыг АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар улс болон Олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ажиглаж байна. Мөн улсын хэмжээнд 361 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиглалт хийж байна. Сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, 2,371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2,526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Түүнчлэн гадны 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид 2016 оны сонгуулийг сурвалжлахаар хүрэлцэн иржээ. Мөн дотоодын 51 хэвлэл мэдээллийн байгууллагын 413 сэтгүүлч сонгуулийг сурвалжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадам сүлд дуутай болов

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.

Үндэсний их баяр наадам энэ жилээс “Монгол наадам” хэмээх сүлд дуутай болж байна. Уг сүлд дууны аяыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав зохиож, үгийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн байна.

“Монгол наадам” дууг ирэх сарын 1-нээс эхлэн цацах бөгөөд дууны клипийг “Cross” студид бүтээсэн гэнэ. Шинэхэн уран бүтээлийн клипэнд рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучнаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран оролцсон ажээ.

  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ удаа 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ.
  • Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2000-аар нэмэгдэж байгаа аж.
  • Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
  • Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим бие засах газар ажиллуулна.
  • Наадмын эхний өдөр бюу долоодугаар сарын 11-ний үдэш Чингисийн талбайд “Харанга” хамтлаг үнэ тоглолт хийнэ.
  • Унаач хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу даатгалд даатгуулсан тохиолдолд хурдан морь унуулахыг зөвшөөрөх аж.
  • Тэгш ой тохиож буй тул энэ жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглох гэнэ.