Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороотой

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, өмнөх өдрөөс дулаарна.

2016 оны 06 дугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хотуудын 2016 оны 06 сарын 11-ний өдөр, 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

2016 оны 06 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гологдсон хүүхнүүд минь яажшуухан олимпдоо оролцох бол доо…” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

Манай
сонины нэгдүгээр нүүрээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 1072 хувьцааг хэрхэн гүйлгээд
оруулах талаар мэдээлсэн мэдээлэл болон
2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойргоор хүнсэгтэлсэн мэдээллийг
бүрэн эхээр эхээр нь үзээрэй. Уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бид дахин
хэвлэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн
бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрнээс “Гологдсон хүүхнүүд минь яажшуухан олимпдоо оролцох бол
доо” нийтлэлийг сонирхоорой.

Наймдугаар нүүрнээс авто машины хулгайн гэмт хэрэг гаарч байгаад цагдаа нарын
хойрго байдал нөлөөлдөг үү гэсэн асуудлыг хөндөн бичсэн манай лидер сэтгүүлч
Э.Хүрэлбаатарын сурвалжлага, “Монгол нум”-ын тухай мэдээллийг тольдоно уу.

Уламжлалт “Нэг ангийнхан”
буланд Өмнөговь аймгийн Булган сумын бага
сургуулийнхныг онцолж байна.

Бямба гаригийн дугаарт тогтмол
гардаг “Өд бэх” буланд Д.Нацагдоржийн болон
МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Энхболдын “Хамгийн сайхан аргал” өгүүллэг болон
хүүхдийн зохиолч Ж.Дашдонгийн тэмдэглэл зэргийг сонгон нийтэллээ.

Түүнчлэн “Ном ярьж өгье”, буланд XX зууны
Монголын сод хүмүүн Төрийн Шашгалт, СГЗ Ламзавын Ванганы намтар уран бүтээлийн
номны тухай танилцуулж байна. Мөн “Таны гал тогоонд” булан, гоо сайхны зөвлөгөөг таны амралт, чөлөөт
цагт зориуллаа.

Эрхэм уншигч та, манай сонины
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаан баатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой
бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга
өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр
нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг
лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар-Венийн вальс” цэнгүүн боллоо

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд “Улаанбаатар-Венийн вальс” цэнгүүн болж 19:00 цагт өндөрлөлөө. Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger /Маттиас Флецбергер/, хийлч Lidia Baich /ЛидаБаеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ нар иржээ. Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцож байна.

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Нас барагсдын мэдээллийг цаг алдахгүй бүртгэж алдаа гаргахгүй ажиллана гэв

“Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд
нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал өнгөрсөн оны есдүгээр сард
“Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн билээ. Энд дурьдсанаар нийгмийн даатгалынхан 10
гаруй мянган нас барсан хүний данс руу 1.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн мөнгө
шилжүүлсэн тухай дурьджээ. Тэгвэл энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас
/НДЕГ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.

НДЕГ-ын
дарга Д.Мэндбаяр “Энэ хугацаанд шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалт
явуулсан. Үндэсний аудитын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, аймаг,
нийслэл дүүргийн хяналт, НДЕГ, ХАХНХЯ зэрэг байгууллагаас оршуулгын тэтгэмжтэй
холбоотой асуудлаар шат дараатай шалгалт явуулсан. Ингээд хоёр шалтгааныг
нэрлэсэн. Нэгдүгээрт, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул
байсан. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан.
Хоёрдугаарт, нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж
бүртгүүлдэг байсан. Энэ хоёр асуудлаас үүдэлтэй гэх дүгнэлт гарсан. Өөрөөр
хэлбэл, нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа
авч байна гэсэн үг. Энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу
шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө
эргүүлж татах үйлдэл хийсэн.

150-300
орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх
тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90
хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал
шүүхийн шатанд явж байна.

Энд нэг
зүйлийг дурдахад, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг
нэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр,
жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм
нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог. Гэхдээ цаашид зөрчил
дахин гаргахгүйн тулд системтэй ажиллахаар төлөвлөгөө гаргасан. Цаашид
мэдээллийн зөрүүтэй байдал, хоцрогдол гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж
байна.

Холбогдох
байгууллагын шалгалтын хийсэн дүгнэлтийг танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортолж байгаа 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, Японоос импортолж байгаа 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх болон үе шаттайгаар бууруулж эхэлнэ. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Хоёр улсын Засгийн газар худалдааны харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг бүрдүүлсэн, одоо бизнес эрхлэгчдийн хийх ажил үлдсэн” гэж онцоллоо. Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш гурван жилийн дотор үйлдвэрлэл 0.06 хувиар, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээ 0.5 хувиар өснө гэж МУИС-ийн судалгааны баг тооцоолжээ. Гэсэн хэдий ч энэ хэмжээ 2024 оноос эхлэн нэмэгдэхгүй, хэвэндээ хадгалагдана гэсэн тооцоо гарсан байна. Мөн импортын татвараас орж ирдэг байсан орлого буурч, төсвийн орлого бүрдүүлэлтэд 0.04-0.05 хувийн дарамт үүсгэх хүлээлттэй байгаа юм. Монгол, Япон улсын хоорондын гадаад худалдааны жилийн эргэлт 300 сая орчим ам.доллар байгаа бөгөөд 2015 онд Японд 20.3 сая ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн экспортолж, 274.6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон болохыг статистикаас харж болно. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр талын худалдааны эргэлтийн 95 хувьд нь нөлөөлнө гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime-2016” айсуй

Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдана. Үүнд 40 хамтлаг бүртгүүлснээс 12 хамтлаг, 50 гаруй уран бүтээлч оролцох аж.

Өнгөрсөн жилийн наадмын их тайзны эрхийг “The Colors” хамтлаг хүртэж байсан бөгөөд энэ жилийнх зургаадугаар сарын 24-26-нд “Монгол шилтгээн”-д болно.

Сонирхуулахад, наадмыг угтсан, оролцох хамтлагуудыг танилцуулах өдөрлөг энэ сарын 11-нд “Gandan Live House”-д болох ажээ. Тус өдөрлөгт Even Tide (Genre: Progressive Rock, Heavy Metal), Something’s Brewing (Genre: Blues, Jazz), Escape (Genre: Electro Pop), Seismic-Wave (Genre: Shoegaze) зэрэг хөгжим эгшиглэх нь ээ.

Categories
мэдээ спорт

Боксчид олимпийн эрхийн төлөө Бакуг зорилоо

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээндээ өнөөдөр мордлоо. Тэмцээн Азербайжан улсын нийслэл Баку хотод энэ сарын 16-25 ны өдрүүдэд болох аж. Тэмцээний жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод олимпийн эрх олгох юм байна. Манай шигшээ багаас 52 кг Х.Энх-Амар, 56 кг Э.Цэндбаатар, 75 кг Н.Шинэбаяр, 81 кг С.Эрдэнэбаяр нар өрсөлдөнө. Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, бэлтгэл хангагчаар Б.Мишээлт нар ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хаягласан албан бичгүүдийг нэг цэгт төвлөрүүлнэ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 09-нд болсон ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ын төслийг хэлэлцлэв. Журмын төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Тэрээр, нийслэлээс төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай, тэгш хүргэх зорилгоор өргөдөл гомдлыг шийдвэрлэх хэд хэдэн тусгай програм нэвтрүүлж, албан бичгийн шийдвэрлэлтийг иргэд хянах боломжтой болсон. Мөн нийслэлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг 3 салбарт нээн ажиллуулж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд нэг цэгийн үйлчилгээнээс төрийн 400 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан баримт бичгүүдийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд нэгдсэн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг боловсруулсан. Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтанд хандсан албан бичгийг бүртгэх, шилжүүлэх шийдвэрлэх, үнэлэх хянах үйл ажиллагааг зохицуулах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэхэд журам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг хяналтын нэг тогтолцоонд шилжүүлснээр ажлын уялдаа холбоо, бүтээмж, үр дүн, гүйцэтгэл эрс сайжирна. Бүх албан хаагчид нэгдсэн нэг систем ашиглан албан бичигт хариу өгөх тайлбар хийх боломжтой болж, нэгдсэн бүртгэл дээр хянагдах юм.

Нийслэлийн удирдлагууд журмын төслийн танилцуулгыг сонсоод асуулт асууж, саналаа хэлэв.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл “Нийслэлд ирж байгаа бүх албан бичиг нэг газар төвлөрч байх ёстой. Төр хэнд ч тэгш үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тиймээс иргэдийн албан бичгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулаад авчихдаг мөртлөө албан байгууллага, төрийн байгууллагаас ирж байгаа бичгийг Засаг даргын Тамгын газар, эсвэл аль нэг агентлаг дээр дарга нь өөрөө хүлээж аваад шийдвэрлэдэг байх нь төрийн тэгш байх зарчмыг алдагдуулна. Тиймээс хэн ч байсан, хаанаас ч ирсэн хамаагүй бүх албан бичиг, өргөдөл хүсэлт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжиж хянагдсан, бүтгэгдсэн байх ёстой. Тэгэж байж бид тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж чадна. Тиймээс энэ журамд заавал энэ зохицуулалтыг маш нарийн тусгаж шийдвэрлэх ёстой” гэв. Нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг төрлөөр нь ялгаж, нэг цэгийн үйлчилгээгээр нэрлэсэн албан бичгийг хүлээж авч шийдвэрүүлнэ гэсэн байдлаар журамд тусгавал илүү үр дүнтэй болно гэсэн саналыг хэллээ. Хуралдаанаас, энэхүү журмын төсөлд нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах үүргийг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Авто машины татвараа төлөхгүй бол бичиг баримтыг хураана

Авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалт зургадугаар сарын 6-ны өдрөөс эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг хэд хэдэн байгууллагын хамтарсан шалгалт зургадугаар сарын 19-ний өдрийг дуустал явагдах юм байна. Автомашин эзэмшигч нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг хураан авч, татварын байцаагч нар болон хариуцсан ахлах зохицуулагчид шилжүүлж өгөх аж. Татварын улсын байцаагч нь тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн албан тавтар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлүүлж, гэрчилгээн дээр бичилт хийн баталгаажуулснаар буцаан олгох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар ес хоног амарна

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар ес хоног амрах ажээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилж, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар үеэр ажлын таван өдөр амардаг болсон.

Энэ жилийн тухайд долдугаар сарын 9, 10, 16, 17-нд амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-наас эхлэн амарч, 18-нд ажил цуглах юм байна.