Categories
мэдээ нийгэм

Түрээсийн байранд 929 иргэн хамруулна

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд 929 айл өрхийг хамруулахаа болжээ. Улаанбаатар хотын иргэдийн хувьд “Буянт-Ухаа-2” хороололд олноороо хамрагдаж байгаа. Тодруулбал, Архайнгайд 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий, Ховд аймагт тус бүр 96, Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэхээр журам гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ зун нийслэлд арга хэмжээ болох вэ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид олон улсын жуулчдад зориулан “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо толилуулж эхлэх гэж байна. 66 дахь удаагийн “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод Төрийн их найрал хөгжим, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийн бүжигчид оролцох юм байна. Түүнчлэн ардын болон уртын дуучид, хөөмэйчид зэрэг нийт 150 гаруй уран бүгээлчид оролцох юм.

06.15-09.25-нд 18.00-19.30 цаг

Мөн ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт, “АСЕМ”-ын зочид төлөөлөгчдөд зориулсан тоглолт зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

Дуурь бүжгийн эрдмийн театр

“Бахчисарай” балетын 60 жилийн ой энэ сарын 25-26-нд тохиож байна.

“Дон Жуан” балет -06.19-нд 17.00 цагт

“Бахчисарай” балет – 06.25-26-нд 17.00 цагт

“Best of classics: Open air” тоглолт- 07.02нд 17.00 цагт

“Учиртай гурван толгой” дуурь- 07.10-нд 17.00 цагт

П.И.Чайковский “Хунт нуур” балет- 07.16-нд 18.00 цагт

“Classic duets” концерт- 07. 17-нд 17.00 цагт

Л.Мөрдорж “Хөхөө намжил” дуурь- 07.23-нд 17.00 цагт

А.Батдэлгэр “Гэсэр Номун хан” балет -07.24-нд 17.00 цагт

Categories
мэдээ нийгэм

Туул, Тэрэлж голууд үерлэсэн байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэг байгаа нь голуудын үерийн түвшин нэмэгдэж, иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гарсаар байгаа аж. Нийслэлд орсон борооны улмаас Туул, Тэрэлж гол үерлэсэн байна. Өнөөдрийн байдлаар аврагчид иргэд усанд боогдсон дөрвөн удаагийн дуудлагаар аврагчид ажиллажээ.

Иймд, амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, гол ус үерлэсэн үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Мьянмарыг зорино

Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр бэлтгэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг тус тус хүлээн авч уулзах юм байна.

Айлчлалын үеэр “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг зохион байгуулна. Бизнес уулзлалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой аж.

Айлчлалаар Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ зун цагдаагийнхан урьдынхаасаа илүү ачаалалтай ажиллана

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Баясгалантай ярилцлаа.

-Удахгүй улсын баяр наадам болно. Бас сонгууль, АСЕМ гээд энэ зун нийслэлийн цагдаагийн газар нэлээд өндөр ачаалалтай ажиллах нь?

-Энэ зуны хувьд нэлээд өндөр ачаалалтай ажиллана. Сонгууль, АСЕМ-ийн үеэр ажиллах төлөвлөгөө, маршрут гарсан. Бэлтгэл ажлаа хангаад явж байна. Нийслэлийн хэмжээнд манайхаас 3500 орчим албан хаагч ажиллахаар байна. Дээр нь оюутан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг дайчилна. Хамгаалалтын үеэр хороод эзэнгүйдэх тал байдаг. Тиймээс энэ үеэр оюутан цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтнууд тусгай дүрэмт хувцас өмсөөд иргэдтэй ойр байж, иргэд цагдаагийн албан хаагчийн дунд холбогч гүүр нь байж ажиллахаас гадна эргүүлд гарна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт 227 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж байна.

Сонгуулийн үеэр цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Сонгуулийн хороо, санал авах байруудыг 24 цагийн өмнө хамгаалалтад авдаг. Сонгуулийн саналын хуудсыг хүргэх ажлыг бас хамгаалалтад авна. Сонгуулийн үеэр гарсан санал зөрчил, мэдээллийг шалгах гээд олон чиглэлд хяналт тавьж ажилладаг.

-УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтийг хамарсан үймээн самуун гарах эрсдэл өндөр байдаг. Сонгууль дөхөөд ирэхээр цагдаагийн алба хаагчид бэлтгэлээ сайн базааж, хээрийн сургуулилт хийдэг болсон гэсэн. Одоо бэлтгэлдээ гарсан байгаа юу?

-Сонгууль дөхсөн учраас сургалт хийж байна гэж бас шууд ойлгож болохгүй. Цагдаагийн байгууллага алба хаагчдаа байнгын сургаж, бэлтгэж байдаг сургалтын төвтэй. Дулаараад ирэхээр хээрийн сургалт дадлага эрчимждэг. Хээрийн сургалт, дадлага бол нийт бие бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх зорилготой. Жил бүр тогтмол зохион байгуулдаг. Угаасаа цагдаагийн албан хаагч бие бялдрын хөгжил сайтай байх ёстой. Энэ утгаараа цагдаагийн албанд авахдаа бие бялдарын хөгжлийг шалгадаг. Хэдэн метр гүйж чадах уу, турникэн дээр хэд суниах уу гэх зэргээр шалгалт авна. Тэр байтугай сорви, шивээсийг нь хүртэл шалгаж авдаг. Сургалтын төвд хээрийн сургалт дадлага хийхээс гадна хууль эрхзүй, бичиг баримтын боловсруулалт гээд бүх чиглэлийн сургалтууд явуулдаг л даа. Жишээлбэл, захиргааны ажилтнуудад хамгаалалтын болон хүн баривчлах тактик заагаад ач холбогдол багатай. Тиймээс тэдэнд бичиг баримт боловсруулах гэх мэт сургалтуудыг явуулна.

-АСЕМ-ийн үеэр гадны маш олон зочид төлөөлөгч, төрийн өндөрлөгүүд ирнэ. Энэ үеэр цагдаагийн гол хүч хамгаалалтад явдаг байх?

-Сонгуулийн дараа АСЕМ болно. Төрийн дээд хэмжээний уулзалт учраас маш олон орны төрийн тэргүүнүүд ирнэ. Хамгаалалт олон янз. Төрийн өндөрлөгүүд бие биедээ айлчлахад аль ч улс оронд хамгаалалтыг маш сайн зохион байгуулж, А зэрэглэлийн хамгаалалт авдаг. А зэрэглэлийн хамгаалалтын үед бүхий л аюулгүй ажиллагааг хангана. Жишээлбэл, зам дагуух барилга обьектуудыг шалгана. Магадгүй гэмт этгээдүүд халдлага үйлдэх гээд байж магадгүй, тэнд сэтгэцийн өвчтэй хүн амьдардаг эсэх, тэсрэх, дэлбэрэх бодис байна уу гэх мэтээр шалгадаг. Эсвэл гүүр, барилга байгууламж нурах магадлалтай юу зэргийг шалгана. Нэг талаас айлчлан ирж байгаа гадны төлөөлөгчийг хамгаалж байгаа боловч нөгөө талаас иргэдээ давхар хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа юм. Магадгүй тэнд сэтгэцийн өвчтэй хүн амьдардаг байгаад хамгаалалт зөрчөөд янз бүрийн илүү үйлдэл гаргавал тухайн улс орны төрийн тэргүүнээ хамгаалж яваа хамгаалагчид нь тэр хүнийг буудна шүү дээ. Сэжигтэй үйлдэл гаргахад буудах эрх нь тэдэнд бий. Цагдаагийн албан хаагч ч гэсэн илүү үйлдэл хийж болдоггүй. Жишээлбэл, халаасаа ухдаг ч юм уу, утсаар ярих гэх мэт үйлдлийг хийж болдоггүй. Манай улсад айлчилж байгаа төрийн тэргүүнүүд өөрсдийнхөө орны хамгаалагчтайгаа явж байгаа. Тэгэхээр магадгүй хамгаалалтын үеэр согтуу хүн хамгаалалт дайраад орохыг үгүйсгэхгүй. Ийм байдлаас бид иргэдээ давхар хамгаалж байгааг ойлгох хэрэгтэй. Манай иргэд “хэн айлчлах нь ямар хамаатай юм. Би гэртээ хурдан ормоор байна” гээд цагдаагийн албан хаагчийг загнаад байдаг.

-Гадныхан ирлээ гэхээр манайх шиг иргэдийнхээ эрхийг зөрчиж, олон цагаар зам хааж, чирэгдэл учруулдаг улс орон байдаггүй гэж ярьдаг шүү дээ?

-Тийм шүүмжлэл байдаг. Улс орон бүхэн өндөр хэмжээний айлчлалын үеэр манайх шиг зам хаах, зам дагуу хамгаалалт авч ажилладаг. Сүүлийн үед манай цагдаагийн байгууллагын удирдлагууд болон төрийн өндөрлөгүүд энэ асуудалд анхаарч ярьсан байна лээ. Хамгаалалт хэтэрхий шигүү байгаа юм бишүү. Хүнээр хэтэрхий их хамгаалалт хийгээд байна гэж ярьсан байна. Тийм учраас сүүлийн үед хамгаалалтын хайс, хашлага худалдан авсан. Тав, арван метрийн зайд цагдаагийн албан хаагч хоёр талд нь зогсоод дунд нь хамгаалалтын хайс тавина. Одоо Чингисийн талбайд байгаа Police гэсэн хайс, хашлагануудыг ашиглах юм. Бусад улс орнуудыг харахад, хайс нь өндөр байдаг юм байна, дээрээ гэрэлтэй, хажуудаа камертай гэх мэт илүү боловсронгуй байдаг юм байна.

-Төрийн өндөрлөгүүдийн айлчлалын үеэр алдаа гарч байсан уу?

-Байсан. Хамгаалалт дуусаагүй байхад эхний нэг, хоёр машиныг явж өнгөрөнгүүт дуусчихлаа гээд иргэд гарцаар нэвтрэх гэх мэт алдаа гардаг л даа. Гол нь төрийн айлчлалын цувааны урд, ард талын машины цонх нь онгорхой явдгийг анзаарсан байх. Дотор нь тухайн улс орны хамгаалалтынхан буутай, зэвсэгтэй явж байдаг. Тэр байтугай төрийн том айлчлалын үед нисдэг тэрэг дагаад явж байдаг шүү дээ. Очих газар нь мэргэн буудагч нар аль хэдийнэ байраа эзэлсэн байх жишээтэй. Ямар нэг сэжигтэй үйлдэл гаргавал буудна. Хуулиараа эрх нь байна.

-Цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын хувцас, хэрэглэлийн хангалт сайжирч байна уу. Магадгүй энэ олон үйл ажиллагааны үеэр асуудал үүсэхэд цагдаагийн алба хаагчид бэртэж гэмтэх асуудал гарахыг үгүйсгэхгүй?

-Олон улсын жишиг, цаг үеийн хэрэгцээ шаардлага, хөгжил дэвшил гээд яривал цагдаагийн алба хаагчдад хэрэгцээтэй зүйл олон бий. Ер нь нэг үеэ бодвол манай цагдаагийн алба хаагчдын ажлын байрны нөхцөл сайжирч, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгслээр хангагдсан гэж бодож байна. Хэзээ цагдаагийн албан хаагч хутганаас хамгаалсан бээлий, буу сумнаас хамгаалах хантаазтай байлаа. Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газрын үүрэг чиглэлийн дагуу албан хаагчид хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангагддаг. Хамгаалалтын хувцас хэрэглэл бол цагдаагийн албан хааагчийн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэсэн үг. Гав, бороохой, гар чийдэн, нулимс асгаруулагч, хутганаас хамгаалсан бээлий, сумнаас хамгаалсан хантааз гээд олон тусгай хэрэгслээр хангагдсан байна.

Нэг зүйлийг хэлэхэд, Улаанбаатар хотын цагдаагийн газар давуу талтай. Босоо удирдлага нь Цагдаагийн ерөнхий газар, бас нийслэлийн нутаг дэвсгэрийг хариуцсан нийслэлийн Засаг дарга манай хоёр дахь удирдлага гэж явдаг. Нэг удирдлагын хийж чадаагүй ажлыг хоёр дахь удирдлага шийдээд, дэмжээд өгдгөөрөө давуу талтай. Энэ утгаараа оюутан цагдаа, хөршийн хяналт, би цагдаа гэх мэт олон ажлыг хийхэд дэмжлэг үзүүлж, анхаарал хандууллаа. Жишээлбэл, сая хүүхдийн баяраар хөл хөдөлгөөн ихтэй газруудад явж байгаа хүүхдүүдийн гарт бугуйвч зүүж өглөө. Ээж, аавынх нь утасны дугаар, хаягийг бичсэн бугуйвчийг зүүж өгснөөр тухайн хүүхэд эцэг, эхээсээ төөрсөн ч эргээд хурдан олдоно гэсэн үг. Бараг зуу орчим хүүхэд төөрсөн гэсэн, бүгд хурдан олдсон байна.

-Сум нэвтэрдэггүй хантааз олон янз байдаг гэж сонссон. Манай цагдаагийн алба хаагчдын одоо өмсөж, хэрэглэж байгаа хантааз хэр найдвартай вэ?

-Дотроо олон янз. Хувцасны гадуур өмсдөг нь манай цагдаагийн албан хаагчдад байдаг. Төрийн тусгай хамгаалалтынхан бол энгийн хувцастай үүрэг гүйцэтгэдэг учир дотуураа өмсдөг нимгэн, бие барьсан, сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байна. Хуучны сум нэвтэрдэггүй хантааз нэлээн зузаан, том, хүнд байдаг байлаа. Хэдий зузаан ч сүүлийн үеийн буунууд хүчин чадлын хувьд хуучны хантаазыг нэвтлэх чадалтай болсон байна. Ер нь хамгаалалтын хувцас хэрэглэл мундаг хөгжиж байна. Нано технологиор хийгдэж байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Зарим хүмүүс намайг дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “Алдарт эх” одонгоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг шагнасан билээ. Тэдний нэг болох 27-хон настайдаа “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан үзэсгэлэнт бүсгүй Ч.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Ханьтайгаа яаж танилцаж байв?

-Миний ханийг Э.Оюунбаатар гэдэг, хувиараа бизнес эрхэлдэг. Бид хоёр 2005 оны зургадугаар сард танилцсан. Танилцаад гурван жил үерхээд нэг гэрт орсон. Оюутны амралтаараа ажил хийдэг байхдаа танилцаж байлаа. Аав, ээж маань бурхан болоод удаагүй байсан. Тэр үед нөхөртэйгөө учирч түүнээс хойш миний дэргэд үргэлж хамт байгаа хүн. Манайх ам бүл зургуулаа. Одоо хоёр хүү, хоёр охины ээж аав болцгоосон. Том хүү маань найман настай, удаах нь дөрөв, хоёр, нэг настай.

-Ээж болох тэр мэдрэмж ямар байсан бэ?

-Би ууган хүүгээ 19-тэй, удаах хүүхдээ 22-той, гурав дахь хүүхдээ 24-тэй, бага хүүгээ 25-тай төрүүлсэн. Ээж болох үедээ хамгийн түрүүнд ээжийгээ л бодсон. Маш их хайрладаг юм байна лээ. Энэ бол маш гоё мэдрэмж байсан. Үүнийг дөрвөн удаа мэдэрсэн гэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй аз завшаан гэж боддог. Том хүү маань “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д төрж байсан. Харин гурван хүүхэд маань “Гурван гал” эмнэлэгт төрж, Т.Баатарцогт эмч эх барьж авсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй маш сайхан хүн шиг санагддаг.

-Олон нийтийн сүлжээгээр “Алдарт эх”-ийн одон авсан бүсгүйчүүд залуухан, үзэсгэлэнтэй байгаа нь үнэхээр бахархмаар юм гэж бичиж байсан. Та үүнийг уншсан уу. Ямар сэтгэгдэл төрөв?

-Үнэхээр сайхан санагдсан. Миний ойрын хүмүүс маш сайхан хүлээж авч байсан. Залуухан, 27-хон настай одон авч байна гээд л. Зарим хүмүүс дөрвөн хүүхэдтэй гэхээр итгэдэггүй. Өнөр олуулаа байна гэдэг үнэхээр сайхан. Одон авах тэр мөчид ээж, аав минь харсан бол хичнээн сайхан гэж бодогдож байлаа. Эгч минь ирээд уйлж байсан. Гэхдээ өөрийн минь эцэг эх шиг хадам аав, ээж минь байгаа болохоор сэтгэл дүүрэн байсан. Мөн найзуудаасаа хамгийн анхны одон авж байгаа болохоор тэд маань их баяртай байгаа.

Миний араас ч одон авах найзууд байгаа, бүгд л хоёр, гурван хүүхэдтэй. Эргэн тойрны хүмүүс тэр дундаа гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд гээд л их сайхан хүмүүс байдаг. Би өөрийгөө дандаа сайхан хүмүүсээр хүрээлэгдэж байдаг азтай хүн гэж боддог шүү.

-Залуу хүмүүс олон хүүхэд зэрэг өсгөнө гэдэг амаргүй. Хүнд хэцүү үе байсан л байлгүй.

-Бурхан хүнд даах ачааг нь л өгдөг. Бас авсан шигээ буцааж өгдөг. Ээж аавыг минь авсан шиг эргээд надад үр хүүхэд харамгүй хайрласан. Би ганцхан эгчтэй, багадаа өнчрөөд үлдчихсэн болоод ч тэр үү олуулаа байвал сайхан юм байна гэж их боддог. Тиймээс залуу байгаа дээрээ тэрсхэн олон хүүхэдтэй болчихвол эргээд манай гэр бүлд том хөрөнгө оруулалт болж байгаа юм л даа. Мэдээж хэцүү үе байдаг ч хүүхэд өөрөө аз жаргал шүү дээ.

-Таныг зав чөлөөгүй үед нөхөр тань хүүхдээ хардаг уу?

-Нөхөр маань хараад үлддэг. Хүмүүс ганцхан хүүхэд харахад хэцүү байхад, дөрвөн хүүхэд харна гэдэг бас амаргүй байх, яаж харж байна гээд л асуудаг. Манай нөхөр ер нь түүртээд байдаггүй шүү. Хүүхдүүдтэйгээ бужигнаад, шуугилдаад байж байх дуртай. Анхны хүүхэд гарахад ямар хайр халамж гаргадаг байсан, дөрөв дэх хүүхэд дээрээ яг л тийм байсан. Шөнө хүүхэд уйлахад хамт босож ирээд хуурайлаад хөхүүлэхэд бэлэн болгоод л өгдөг. Намайг завгүй үед хүүхэд өвдвөл өөрөө үзүүлнэ, эмнэлэгт хэвтвэл аваад л хэвтдэг. Тийм болохоор олон хүүхэд төрүүлэхэд, өсгөхөд хүндрэлтэй байх нь бага байдаг. Хань ижил маань тусалдаггүй, халамжилдаггүй байсан бол олон хүүхэдтэй болъё гэж зориглохгүй байсан болов уу. Дөрвөн хүүхэдтэй болохоор эхнэр нь байнга гэртээ байх хэрэгтэй гэж тэр хүн боддоггүй. Зав чөлөөтэй үедээ хүүхдүүдээ хараад надад зав чөлөө их олгодог шүү. Таньдаг хүмүүс “Болороогийн нөхөр үнэхээр мундаг, халамжтай сайн аав” гэж ярьдаг. Хараад байхад зарим хүмүүстэй харьцуулахад миний хань шал өөр хүн болох нь мэдрэгддэг. Тийм болохоор ч ханиа магтаж ярих их дуртай. Мөн нөхрийн минь аав, ээж үнэхээр сайн хүмүүс, үргэлж надад тусалж, дэмжиж өөрийн хүүхдээс дутахааргүй хайрладаг. Би боддог юм, энэ сайхан хүмүүсийг ээж, аав минь надруу явуулсан байх гэж. Тэд байдаг учраас ээж, аавын минь дутуу орон зайг нөхөж өгдөг. Хүмүүс “Болороо хадам аав, ээждээ хир халдаадаггүй, үнэхээр сайн” гэдэг. Би хэзээ ч хир халдааж чадахгүй, үнэхээр алт шиг хүмүүс. Хадам бол хүний хүн гээд л хүмүүс ярьдаг миний хувьд тийм биш. Бараг хүүгээсээ илүү намайг хайрладаг.

-Хүүхдүүдээ төлөвлөж төрүүлсэн үү, бурхны өгсөн хайр хишиг байсан уу?

-Том хүүгээ их сургуулиа төгсөөд гаргасан. Хоёр дахь хүүхдээ төлөвлөөгүй, ёстой л бурхны хайр хишиг байсан. Харин хоёр багыгаа тэрсхэн өсгөчихье гэж бодоод жил дараалан гаргасан. Хүүхэд тэрсхэн өсчихвөл зүгээр санагддаг. Эгч минь аав, ээжийг минь байх үед хүнтэй суугаагүй байсан болохоор надаас зээгээ харна гэж их ярьдаг байлаа. Бас дээрээс нь эмч хүмүүс байсан болохоор миний хоёр охин хэзээ ч, ямар ч үед үр хөндүүлж болохгүй шүү. Хүүхэдтэй болбол ээж, аавдаа авчраад л өгчих, “Хүнд хүн илүүддэггүй юм” гэж их захиж хэлдэг байсан. Тиймдээ ч 18 настай, юугаа ч мэдэхгүй жаахан охин ээж болно гээд л явж байлаа. Одоо хүү минь сургуульд орчихсон, ээждээ туслаад л дүү нараа саатуулаад л том ах болчихсон явж байна. Хүн “Бурхны өгсөн хайр хишгийг буцаах эрх байхгүй” л гэж боддог. Одоогийн жаахан охид маш их үр хөндүүлж байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Хяналтад орох гээд эмнэлгээр явах үед үр хөндүүлэх гээд дугаарлаж байгаа охидыг хараад сэтгэл маш их эмзэглэдэг. Хүн тэр бяцхан сахиусан тэнгэрийг гараад ирснийх нь дараа л ямар буруу зүйл хийх гэж байснаа ойлгох байх.

-Дахиад хүүхэд төрүүлэх бодол байгаа юу?

-Би ЗТЯ-нд Далайн захиргаанд Хөлөг онгоцны бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Одоогоор жирэмсний амралт маань дуусаагүй байгаа. Ажилдаа эргэж ороод хэдэн жил ажилласныхаа дараа хоёр хүүхэдтэй болно гэж боддог. Ер нь өнөр өтгөн байна гэдэг үнэхээр сайхан. Эгч маань одоо гурван хүүхэдтэй. Би эгчтэйгээ хоёулхнаа байсан бол одоо долоон хүүхэдтэй болоод улам олуулаа болсон байна. Үнэхээр сайхан.

-Гадаад, дотоодын сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Энэ бүхнийг яаж амжуулж байна вэ?

-Би зургаан настайдаа сургуульд ороод 15-тайдаа ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Дараа нь эрх зүйч мэргэжлээр 18-тайдаа их сургуулиа төгссөн. Эрт сураад төгсчихөөр давуу талтай юм байна лээ. Сургуулиа төгсөөд 19-тэй байхдаа том хүүгээ гаргачихаад Сингапур луу сурахаар яваад ой гарантай байхад нь ирсэн. Хүүг маань хадам аав, ээж маань өсгөж өгсөн. Ирээд гурван жил гаран ажиллаж байтал “Дэлхийн далайн хуулийн сургууль”-д явах урилга ирсэн. Явахаар бэлдэж байхдаа охиноо олсноо мэдсэн. Харин жирэмсний амралттай байх үедээ магистрийн зэргээ тээврийн удирдлагын чиглэлээр хамгаалсан. Хоёр дахь хүүхдээ гаргачихсан, охиноо дөрөв, тавхан сартай байхад нь дипломын ажлаа хийгээд л шөнө нойргүй хонож байж амжуулдаг байсан. Одоо Удирдлагын академид сурч байгаа. Миний юм юмыг амжуулж байгаа минь нөхөртэй минь л холбоотой. Бүх зүйлийг минь дэмждэг.Тэр хүний хайр халамж байгаа учраас л энэ бүхнийг амжуулж байна даа.

-Бүсгүйчүүд дөрвөн удаа төрсөн байж яагаад жин нэмэхгүй гоёороо байгаад байна вэ гэж асуудаг биз?

-Төрөөд нилээн жин нэмдэг шүү, өндөр учраас таргалахаараа маш том биетэй болчихдог. Анхны хүүгээ төрүүлсний дараа хүмүүс “Ямар их таргалаа вэ” гэж байсан. Хүмүүс тэгж хэлээд байхаар их сонин санагддаг юм байна лээ. Жингээ хасах тийм амар байгаагүй, дэглэмээр л турсан. Хоолоо тохируулаад зөв хооллоно, гурилан бүтээгдэхүүн, давс бага иднэ, гэртээ бас хүүхдээ салхилуулахдаа дээс их үсэрдэг байсан. Гэхдээ хөхөөрөө хооллож байгаа болохоор хамаагүй хоолоо сойж чаддаггүй. Сүүлдээ олон хүүхэдтэй болохоор зав чөлөө багатай, ийш тийшээ гүйсээр жин хасах асуудалгүй болчихдог юм байна лээ. Хүмүүс хүүхдээ хүнээр харуулаад зав чөлөөтэй, боломжтой болохоор өөртөө анхаарал тавиад гоё байдаг байх гэсэн хандлагатай байх шиг байдаг. Миний бодож явдаг нэг үг байдаг. “Хайраар усал, би цэцэглэе” гэж энэ бол үнэхээр үнэн үг. Хажуудах хүний хайр, анхаарал халамжаас хамгийн их шалтгаалдаг. Хэрвээ хажуудах хань ижил нь зовоогоод байвал бөөн стресс болсон хүн л байна байх.

-Зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Залуу гэр бүлийн хувьд бодож, төлөвлөж зорьж байгаа зүйлүүд бий шүү. Олон үр хүүхэдтэй болохоор тэднийхээ төлөө л их зүйлийг сурч, мэдэж, бүтээхийг хичээж байна даа. Хүний амьдралын хамгийн чухал, юугаар ч орлуулшгүй нандин зүйл нь гэр бүл. Тэр дундаа халуун дулаан уур амьсгалтай, хүүхдийн инээд цалгисан гэр бүл байдаг. Тиймээс амьдралын минь утга учир болсон үр хүүхдүүд минь эрүүл саруул, аз жаргалтай байгаасай гэж байнга залбирдаг. Монголын нийт бяцхан үрс үргэлж ээж, аавтайгаа хамт байж инээд хөөрөөр бялхаж явах болтугай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Олон “романтик” байшин

МЗЭ-ийн шагналт зохиолч П.БАТХУЯГ

Түүний үгүүллэг бүхнийг нэг, нэг байшин гэж үзье. Байшингуудаа тэр үнэн романтик сэтгэлээр босгожээ. Зарим байшинд нь муурнууд амьдардаг. Ядуу, өнчин хүүгийн өссөн булан, үхэгсдийн үнэр шингэсэн өрөөнүүд, хүйтэн хонгил, цантай цонх, ямар нэгэн үл мэдэгдэх хэлээр аймшигт, гунигт “түүх” хүүрнэх хана туурганууд, шалны зай завсраар булталзан гүйлдэх хархнууд гээд илүү сүнслэг оршихуйгаас бүтэх зохиомол ахуйг тэр бүтээжээ. Зохиолч нь содон дүрслэл сонирхогч, панк загварт дурлагч учраас үхлийн талаар их эрт том дүгнэлт хийх гэсэн оролдлого ч түүний байшингуудаар дүүрэн байна. Олон “романтик” байшинд гол нь тус тусдаа бүтээсэн түүх байна. Тэр түүхийг л хүүрнэх гэж шаналсан, шантарсан, шахагдсан, шаралхсан сэтгэл бүх үгүүллэгийнх нь бие сэтгэлийг босгожээ.

Тасралтгүй үргэлжлэх зүйл хүний ертөнцөд ховор. Заавал дунд нь ямар нэг хэмжээнд “тасалдал” үүсдэг. Тэрхүү тасалдлууд голчлон хувь хүний хүч боломжоос үл хамаарах зарим талаараа “давагдашгүй хүчин зүйлсээс”шалтгаалсан шинж чанартай байх нь бий. Нийгэм-антропологийн талаасаа тасалдал гэж хүчлэн нэрлэхгүй хүний сэтгэл зүй нь хэт тайвшралын “мөчлөг” гэж үздэг. Тайвшралын хам шинж уран зохиолын сэтгэлгээнд ч шууд нөлөөлдөг. Гэвч унтаа цаг үеийг даван туулахад хувь хүмүүсийн сэтгэл санаа, хүчин зүтгэл чухал. Тийм нойрмог ”хам шинжээс” салж онцгойрон товойх хүсэл эрмэлзэл (“Муурын байшингуудын түүх” 2016) номын үгүүллэгүүдийг бичихэд хүргэжээ. Шалтгаан ердөө энэ.

Уран зохиолын цаг хугацаанд ч “хоосон дүүргэлтүүд” буй. Харин энэ нэр томьёо ХХ зууны Монголын уран зохиолд илүү хамааралтай. Түүхэн үргэлжлэх цаг хугацаанд чамгүй өв бий болсон ч үнэ цэн багатай олон тооны бүтээлүүдийн “хоосон дүүргэлт” байсан юм. Одоо ч харамсалтай нь “хоосон дүүргэлтүүд” үргэлжилж байна. Өдөр болгон шахуу шинэ ном хэвлэгдэж, энд тэнд “номын нээлт” хийж гангарах ч олонх нь ердөө хоосон дүүргэлтийн хорт үргэлжлэл. Дүүрээд байгаа ч дотор нь юу үгүй уут мэт МУЗ (Монголын уран зохиол).

Тэгвэл тэр өөр зүйлийг эрэлхийлж байна. Хоосныг хоосноор дүүргэхийг хүсэхгүй байна. Тэгээд л огт ондоо, шинэ содон дүр, дүрслэл бүтээхийг зорьжээ. Мэдээж алдаа байна. Үгүүллэгүүд нь одоохондоо шинэ байхын хүслээр дүүрсэн учраас их харь сэтгэлгээгээр бичигдсэн санагдана. Хэт хуучинсаг талынхан түүний үгүүллэгүүдийг “монгол” биш, орчуулгын, хуулмал мэт гэсэн үгсээр удахгүй булах болно. Тэд шинэ юманд ямар нэгэн “нэр оноолт” өгөхдөө даанч сурмаг болоод чадмаг юмдаг.

Брем Стокерийн “Дракула” романы нөлөөгөөр бичигдсэн жихүүдэс төрөм дүрслэлүүдээр дүүрэн үгүүллэг ч байна. Эдгар Аллан Погийн хэрээ, талийгаачдын гунигт байдал, түүхчилсэн мэт эргэн дурсах бичлэг ч хэд хэдэн үгүүллэгийн “хүүрнэгч хэл”-ийг бүтээжээ.

Яг үүнтэй зэрэгцээд Сүмбэр ч чангаар хараал урсган хүүгийнхээ зүг сандран гүйж очоод гарт нь буй хархыг шүүрэн авч буржгар хүрэн үстэй жаалхүүгийн булцгар хацрыг алгадаж орхиход өнөөх амьтны “час час” хийх дуу гарах шиг боллоо.(Б.Алтанхуяг “Тоглоом”) гэсэн үгүүлбэрээс тэртээ ХХ зууны эхэнд зохиолч М. Горькийн бичсэн шүдэнзний хайрцганд жоом тэжээгч өрөвдөлтэй ядуу хүүгийн тухай үгүүллэгийн “зүрх шимшрүүлэм” дүр зураг ч сэтгэлд бууна. Хүүгийнхээ хацрыг алгадахад харх шовшрох (харх дуугарахыг шовшрох гэдэг байх хэмээн найдлаа) шиг “час час” дуу гарна гэснээрээ тэр ямартай ч сэтгэн бичих чөлөөт оролдлого хийж буйг харуулна. Гэтэл дүрслэн бичих түвшнээсээ холдож амжилгүй зохиолч нэр сүр хүртэгчдийн “сонгодог” хувь тавилан лав түүнийг тойрох нь тодорхой байна. Юутай сайн хэрэг.

Түүний олон “романтик” байшингийн ханан дээр сонин содон зүйрлэлүүдийг бишгүй сийлжээ. Байшинг бүтээгч ямар мэдрэмтгий, ажигламтгай болохыг гэрчилнэ. Үг эрхшээх нь кино найруулах, крант онгойлгох, камер зөөж гүйхээс огт ондоо үйл болохыг тэр ойлгуулах гэж алсдаа зовох биз. Үнэндээ үг эрхшээх хүч чадалд атаархагчид үг хэл гаргахдаа “Гагцхүү алчуурны дотор л түмэн одод нохойн соёо шиг яралзан үзэгдэх тэнгэр мэт баяр хөөртэй байх амой. (Б.Алтанхуяг “Хонгилоос гарахын өмнө”) зэрэг хэний ч илэрхийлээгүй этгээд “ажиглалтууд”-ыг дуу аван үгүйсгэдэг юм. “Нохойн соёо шиг яралзан үзэгдэх шөнийн одод гэж юу байсан юм. Хайран оддыг минь нохойн соёотой зүйрлэчихлээ” хэмээн гаслан гаслан толгой сэгсрэх болно. Тэд угтаа шөнийн тэнгэр, оддоо нэг их хайрласандаа харамсаж халаглаад байгаа биш ийм задгай сэтгэлгээтэй байсанд нь л хорсоно. Хэзээнээс тийм байсныг хэлээд ч яах билээ. Удалгүй тэр энэ бүгдийг ухаарч ойлгоно.

Гаднаас минь том төмөр цоож дарах тул мөөрөх дуу нь хүртэл гарахаа больсон хөгшин үнээ шиг мойног хуруунууд минь онгойлгож хүчрэхгүй. Тиймээс надад есөн давхрын цонхноос өөр хаалга алга даа. (Б.Алтанхуяг “Эхийн төлөвлөгөө”) гэжээ. “Мөөрөх дуу нь гарахаа байсан хөгшин үнээ шиг мойног хуруунууд” гэхээр яруу найргийн сэрэл мэдрэмжүүд түүний үгүүллэгүүдийн дотор оршиж байгааг анзаарч болно. Түгээмэл шахуу болсон “залуу хүн романтик байдаг” гэх хэвшмэл үзлээр ч биш төрөлхийн байж мэдэхгүй сэтгэлийн зүгээс орчлонт ертөнцийг олж харжээ. Олж харснаараа л романтик байшингуудаа өрж гарчээ. Анзаарахад нэг ч их ядарч цөхрөлгүй өрдөг байх гэсэн сэтгэгдэл төрнө. Бодол эргэцүүлэл, энэ насанд ахадмаар ухаарал түүний үгүүллэгүүдээс үнэт эрдэнийн ховор нандин шигтгээ мэт гялалзана. Нэгэнтээ Альбер Камюгийн “ Хөндлөнгийн хүн” (Ганбатын Лхагвадуламын орчуулгаар) туужийг дурлан дурлан уншаад “итгэл үнэмшил нь эмэгтэй хүний хувьд ширхэг үснээс нь хямдхан. Тэгээд ч үхсэн хүнээс өөрцгүй байж амьдарч байна хэмээн найдах хэрэггүй” гэсэн ганцхан үгүүлбэртэй сэтгэл дундуур хоцорч байсан юм. Дараа нь ч итгэл алдралгүй “Сүйрэл”, “Тахал” бараг бүгдийг нь л уншсан, сүйдтэй юм огт санагдаж байгаагүй. Цөөнгүй зохиолч хүрсэн алдар шигээ өндөр түвшний зохиолтой байдаггүйг бүгд мэдэх хойно.

Харин энэ хорин настай зохиолчийн үгүүллэгүүдээс “Ер нь эмэгтэй хүн нэг зүйлд дасахаар түүний төлөө бүхий л үнэ цэнтэй зүйлсээ золиосолж чаддаг. Магадгүй өөрийгөө авсан дотор хийгээд булшны нүх рүү гар, хөлөө хөдөлгөлгүйгээр сэтгэл зүрхээрээ орж чадах тийм их хүч чадал, нууцлаг увдис дотор нь бий гэдэгт итгэдэг учраас л охин чулуунд цохиулж суухдаа хөдөлдөггүй байсан байх. (Б.Алтанхуяг “Төгс царайт шулмын суурин) гэсэн арай л эрт хөхнөөсөө гарч, хөлд орсон “бодомжуудыг” уншиж болно. Харин энэ хүрээд толгой илэх явдал дуусав.

Бодот бодомжуудыг няцаая. Салхи байна. Ямар нэг хатуу биетэй тулаад хагарна. Гэвч хатуу биетийг хагалж гараад эргээд цул шинж рүүгээ нэгддэг. Тийм салхин чанар түүний үгүүллэгүүдэд бий. Тийм хувьсагч чанартай байх нь зохиолын сайн тал. Гэтэл эхлээд гишгэсэн аятайхан алхмуудаа эргэж хараад зохиолч өөрөө шүүрдэж орхино. Мөр ч үлдээхгүй. Энэ харамсмаар явдал. Үгүүллэгүүдийн дотоод тэнцвэржүүлэгч тогтворгүй хүрсэн уран сайхны шугамаа шууд алддаг. Бүх дүрүүд нь уян хатан сэтгэлзүйтэй. Үхэл ёрлогч, зовлонд хэмлүүлэгч, амьдралд нь гэрэл гэгээний хэлтэрхий ч байхгүй. Хий гансрагч, дэврүүн мөрөөдөмтгий, романтик гэхээсээ сентименталист гуниг улам улмаар цухалзана.

Ухаан орсон цагаас минь тавилгануудаа байрнаас нь огтхон ч хөдөлгөж байгаагүй жижигхэн өрөө, цагаан ор, ханын шүүгээ, арслантай авдар, хананд сураар боож тогтоосон хэрээний хошуу, яг хажууханд нь утаа зуусан цахиур буу өлгөөстэй, эмээ минь хэрээ шиг бөгтийн сууж, сарвуугаараа шаламгай гэгч эргүүлэн унталгүй өнждөг асан хөх модон ээрүүл, тоосгон пийшинтэй муурын байшинд би өссөн юм. (Б.Алтанхуяг”Муурын байшингуудын түүх) гэсэн ийм л эрин галавын гэмээр “ЭХЛЭЛҮҮД” элбэг тохиолдоно. Байшин ер нь нэг бариад суучихвал аюултай сууц. Салхи шуурганд л нурахгүй бол суугаад л байна. Ая тухтай байдалд нь хүн сэтгэл ханана. Түүнтэй адил олон зохиолчийн барьсан байшингууд нэг ижил хэмжээтэй, нил ягаан, улаан цэнхэр юмнууд болчихдог. Хаана нь ч орсон адилхан хана туурга, шал тааз. Уйтгартай биш гэж үү. Тийм олон өнгийн атлаа ганц загварын романтик байшинтай болчихвий гэсэн эмзэглэл төрөөд байгааг хэлэхээс өөр яах вэ.

Сүүлийн үед Гүндсанаагаас нэг бодол огт салахаа болив. Хаа ч явсан хүзүүнд нь олс дүүжлээстэй байгаад байх шиг. Уг нь анхандаа шидмэс төдий байсан ч өдөр хоног өнгөрөх тусам хэн нэгэн цамц шиг нэхээд байгаа мэт тийм нэгэн дүүжлүүр бодол дотор нь амилжээ. (Б.Алтанхуяг”Дүүжлүүр”) гэсэн Эдгар Погийн өрөө тасалгаанд суугаа мэт цөхрөл, хөөрхий муу бээрсэн ялаа, шавьж судлалын ном үзэхээр мөрөөдөх, бурхан хүмүүсийг буруу гараараа үйлдсэн гэх софист эргэцүүлэл, “Оршуулганд урьж байна”, “Цогцос шалгагч”, “Нэгэн оршуулгын түүх”, “Талийгаачийн гомдол” зэрэг орчуулгын зохиолын нэр шиг “ОРШУУЛГЫН” шийдлүүдээ орхивоос ононо.

Тэрбээр үргэлж урт хар цув өмсөж явдаг ба ижилхэн өнгийн шовгордуу хэлбэртэй ноосон малгайгаа зун ч толгойноосоо салгадаггүй. Хэтэрхий зожигдуу таны төсөөлж байсанчлан хар бараан бус цонхигор цагаан царайтай ба зүүн гартаа үргэлж төмөр торон дотор хийж хүнд модон цоожоор түгжсэн шилэн дэнлүү барьж явдаг байв. (Б.Алтанхуяг “Цогцос шалгагч) зэрэг абсурд жүжгийн ремарк шиг “ядуу” дүрслэлүүд ч чамайг гутааж мэднэ шүү.

Няцаах бодомжуудыг төгсгөе. Аз жаргал байна. Хүн бүхэн түүнийг хүүхэд насандаа ам дүүрэн чихэр бурмаар төсөөлдөг байжээ. Гэтэл аз жаргал халуун чинжүүнээс гашуун зүйл байв. Тэнэг ч гэмээр бодомж. Харин “Яагаад гэвэл би маргааш ч амьд байх болно гэдгийг хүүхэд насанд минь өгүүлшгүй их гаслан, уй гуниг, цөхрөлийн дээдийг олзлон авчирсан тэр л өдрүүдэд ойлгосон юм. Хайрын түүхүүд жаргалтай эхэлж жаргалтай төгсдөг. Гэхдээ бүгд биш л дээ. (Б.Алтанхуяг “Хайр хаанаас үүсэлтэй вэ”) гэсэн “ухаалаг” үгүүлбэрээр “гэхдээ бүгд биш л дээ” гэсэн ариун цагаатгалаар замыг нь тэгшилье. Эцэст нь “Эрхэм нөхөд өө, түүний олон “Романтик” байшингаар орж гарахад гэмгүй шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ямаан омог хэрээс хэтэрлээ

Манайхан “Над руу муухай харлаа, чи хэн бэ” гээд гудамжинд явж байгаа гэмгүй нэгнийг зодчихдог. Хэн хэндээ зам тавьж өгөхгүй гүрийснээс машин нь шүргэлцэж, жолооч нар нь дээр дороо орон зодолдож байгаа дүр зургийг бид өдөр болгон хардаг. “Хурдан яваарай” хэмээн сигналдсаны төлөө албаар өмнүүр нь удаан алхаж, зарим нь бүр зам дээр хэвтээд өгөх нь холгүй гэдийдэг. Ямар асуудал гараад яарч яваа билээ гэж бодохоосоо өмнө “намайг хурдан яв гэдэг хэн бэ” гэж уурладаг. Машиныг нь санаандгүй шахаад ойрхон зөрвөл хар хурдаараа давхиж ирээд өмнө нь тооромсолно. Гэртээ бол зурагтаар гарсан болгоныг зүхэж суудаг. “Энэ ч шулаач, тэр ч хулгайч. Улсын мөнгө идэгчид, бид л эднийг баяжуулж байгаа” гээд өөрөө гэртээ ажилгүй хэвтэж, ажилтай нэгнийг муулна. Хэдхэн хоногийн өмнө “Унтаж байхад цохиж сэрээлээ” хэмээн нэгнийгээ хутгалан амийг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ бүхэн монголчуудын ямаан омог хэрээс хэтэрч, одоо бүр хутга барьж бостлоо гаарсныг харуулж байна. Ямаан омог гэдэг нь бусдыг хүндэлдэггүй дээрэнгүй зангаас үүдэлтэй, ухамсаргүй, бодлогогүй алхам шиг санагддаг. Мөн үүнийг үл тэвчих үзэл ч гэж хэлж болно. Дандаа өөрийгөө бодож, дандаа хараал зүхэл хэлж, дандаа бусдыг муулж, дандаа…

Энэ олон жижиг дандаанууд нийлж одоо бид нэгнээ сайн сайхан амьдарч, бүр амьд явж буйг үзэж чадахаа больж байх шиг.

Харамсалтай нь, ямаан омгийн хохирогч нь тэр хүн өөрөө байдаг. Машины өмнүүр хурдан явахгүй бол амь нас, эрүүл мэндээрээ хохирч мэднэ. Өрөөлийг гэмтээвэл өөрөө шоронд орно. Тиймээс энэ их үзэн ядалт, уур бухимдал, стресс ядаргаагаа засах цаг болжээ. Ямаан омгийнхоо золиос болохгүйн тулд өөрөө өөрийгөө л засах гарц байна даа.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газар өмчлөх бүртгэл үргэлжилж байна

Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байна. Тиймээс зуслангийнхаа газрыг өмчлөн авах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ирэх есдүгээр сарын 15-н хүртэл http://land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хүлээн авч байгаа юм. Түүнчлэн энэхүү бүртгэлийн системд өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянган иргэний мэдээлэл багтжээ.

Одоогоор Сүхбаатар дүүргийн Гоодой, Санзай, Ар Хустай, Хандгайт, Шарга морьт зэрэг 18 байршил, Чингэлтэй дүүргийн Ар Согоот, Гүнт, Бэлх, Сэлх, Зуунмод, Яргайт зэрэг 7 байршилд газар өмчлүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Энэ удаад ойролцоогоор 18 мянган нэгж талбарыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Бусад дүүргүүдийн тухайд зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа өмчлүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“School police”-г зусланд ажиллуулна

“School police” хөтөлбөрийг энэ жилээс хүүхдийн зуслангуудад ажиллуулахаар болжээ. Зуны улирлаар хүүхдүүдийг аливаа гэмт хэрэг, захиргааны зөрчилд өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” эргүүлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон байна. Уг ажлын хүрээнд өнгөрсөн жил сургууль орчмын гэмт хэрэг 15,3 хувиар буурсан үзүүлэлт гарч байсан аж.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангууд зургаадугаар сарын 8-наас амрагч хүүхдүүдээ авч эхэлсэн. Энэ жил нийслэлд 22 зуслан үйл ажиллагаа явуулах юм. Сүхбаатар дүүргийн Хараацай, Хандгайт, Маргаашийн хөгжил, Ундраа, Янзага, Сэлбэ зуслан энэ сарын 10-наас эхлэн эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авна. Үнийн хувьд нэг ээлжинд 140-160 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа гэлээ.