Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж ажиллана

2016 оны
зургадугаар сарын 1-ний байдлаар нутгийн 60 хувьд буюу Ховд, Говь-Алтай,
Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын
ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь,
Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, нийт нутгийн 30 хувьд дунд
зэрэг, 10 хувьд нь гантай байна. 2016-2017 онд 60 гаруй сая мөл өвөлжих
төлөвтэй байна гэсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам өгч байна.

Засгийн газрын
өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн
бэлтгэл хангах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, төлөвлөгөө гарган, биелэлтэд
нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж
ажиллах, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг
бүрдүүлэхийг даалгалаа.

Өвөл хаврын
бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд,
хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих,
хаваржих өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай гэрээ байгуулах, зарим
шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх өөр аймгийн нутагт хадлан
бэлтгэх гэрээ хэлэлцээр хийж зохицуулахыг тус тогтоолоор үүрэгжүүллээ.

Мөн малын гоц
халдварт, халдварт өвчин, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга
хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн
дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж шуурхай удирдлагаар хангаж
ажиллахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүй иргэдийн тоо 5.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ

Бүртгэлтэй ажилгүй иргэд оны эхний тавдугаар сарын эцэст 33.7 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 мянган хүн буюу 5.2 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу 0.9 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 36.6 мянган аж ахуй нэгжээс 551 мянга орчим ажиллагсад цалинжиж байгаа юм байна. Үүнээс 25.7 мянга нь 192-300 мянга хүртэлх төгрөгөөр, 54 мянга нь 1 сая 500 мянгаас дээш төгрөгөөр цалинжиж байгаа ажээ. Түүнчлэн гурван хүн тутмын нэг нь 500 мянга хүртэлх цалинтай, 10 хүний нэг нь нэг сая 500 мянгаас дээш цалин авч байгаа гэсэн судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргажээ. Мөн хамгийн өндөр цалин олгож буй аж ахуй нэгж уул уурхайн салбарт бий бөгөөд дунджаар 1 сая 960 мянган төгрөг бол хамгийн доод цалинг олгож буй нь зочид буудлын салбар бөгөөд дунджаар 580 мянган төгрөгөөр цалинжуулдаг байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөс 300 мянган төгрөгийн цалин авч буй иргэдийн тоо буурч, 300-600 хүртэлх цалин авагсдийн тоо нэмэгдэх хандлагтай байгааг ҮСХ-ны мэргэжилтнүүд мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуучин орон сууцны үнийн индекс -5,3 хувьтай гарчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны тавдугаар сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар өнгөрсөн тавдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.06 хувиар буурсан үр дүнг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны тавдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 11.4 хувиар буурчээ.

Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл: Шинэ орон сууцны үнийн индекс 16.5 хувьтай гарсан нь өмнөх сараас 1.1 хувиар өссөнийг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад 2.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 8.1 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -5.3 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1.5 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 3.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 13.1 хувиар буурсан үзүүлэлт юм. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5006 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл түрээсийн орон сууцны журам баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016
оны 6 сарын 10-нд болж хуралдаанаар “Түрээсийн орон сууцны үйл
ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд энэ асуудлыг
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал
хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

НИТХ-аас баталсан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т иргэдийг 5
чиглэлээр орон сууцаар хангахаар заасан байдаг бөгөөд үүний нэг нь
түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн
иргэдийг түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөр юм. 2014-2018 онд нийт
7000 айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулахаар Улаанбаатар хотын
хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт
тусгагдсан. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон
сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон
сууцны хүрэлцээ хомс, чанар муу, өндөр үнэтэй байна. Улаанбаатар хотод
30 800 айл орон байраа түрээслэн амьдарч байгаа гэсэн статистик тоо
байдаг. Эдгээр өрхийн дийлэнх нь буюу 36 хувь нь төвийн бохирын шугамд
холбогдоогүй, 34 хувь нь төвийн усан хангамжгүй, 33 хувь нь төвийн
дулаан хангамжгүй нөхцөлд амьдарч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын
хүн амын 58 хувь буюу 205431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56
хувь нь хашаандаа 2 ба түүнээс олон өрхөөр амьдардаг. Жилд дунджаар 10
000 орчим залуус гэр бүлж болж байгаа боловч тэд эцэг эх, төрөл
төрөгсдийнхөө гэр бүлд амьдарч байна гэсэн тоо баримт байна. Тиймээс энэ
мэт хэрэгцээ шаардлагыг үндэслэн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх
шаардлага зайлшгүй байна. Түрээсийн орон сууцны харилцааг нарийвчлан
зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Түрээсийн орон
сууцны үйл ажиллагааны журмын төслийг боловсруулан танилцуулж байгаагаа
хэллээ.

Энэ журмыг тогтмол орлоготой боловч орон сууц худалдан авах хуримтлал
үүсгэж чадахгүй байгаа өрхөд зориулан байраа түрээслэх хугацаандаа
урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж өмчлөх боломжийг хангахад чиглүүлж байгаа
гэдгийг тэрээр онцоллоо. Мөн журам батлагдаж хэрэгжиж эхэлснээр
нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамжтай орон
сууцаар хангах асуудлыг тэдний төлбөрийн чадварт нийцсэн үнээр шийдэх,
нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхийн түр
суурьшлын асуудлыг шийдэх зэрэг олон боломж бүрдэх юм байна.

Журамд иргэдэд нийгмийн байдлаас нь хамааран оноо өгөх, оноолтын дагуу түрээсийн орон сууцад хамруулахаар тусгасан байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид журмын төслийг хэлэлцээд, түрээслэх орон сууцны
үнийг хаанаас тогтоох, түрээслэх иргэн ямар шалгуур хангасан байх,
түрээсийн орон сууцаар ямар байр сонгох зэргийг маш тодорхой зааж өгөх,
иргэдэд оноо өгөх шалгуурыг дахин нягтлах хэрэгтэй гэсэн саналуудыг
хэлсэн юм.
Мөн НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлээс хэрэгжүүлж байгаа түрээсийн
орон сууцны хөтөлбөрийг бид нэг л журмаар зохицуулдаг байх хэрэгтэй.
Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд өндөр настнууд болон төрийн албан
хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн зорилтот бүлгийн
иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа.
Үүнийг ч гэсэн энэ журамд нийцүүлэн зохицуулах ёстой. Нийслэлийн
түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах журам бол иргэдийн эрэлт
дээр үндэслэн гарсан журам байх ёстой гэдгийг сануулсан юм. НИТХ-ын
Тэргүүлэгчид энэхүү журмыг зарчмын хувьд дэмжлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг тусган журмын төслийг Нийслэлийн Орон
сууцны корпораци дахин боловсруулах бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчдийн
тогтоол гарч, баталгаажсан үед бид эргэн мэдээлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилца хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурав дахь бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Нийслэлийн
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын баруун Алтан-Өлгийд
бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ.2013 онд нийслэлийн ИТХ
Улаанбаатарын 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэр
гаргасан. Үүний 16-г нь сургууль, цэцэрлэггүй хороодод барьж
эхлээд байгаа юм.

Ингэхдээ орчин тойрныг нь тохижуулан, замыг нь засаж
байгаа аж. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд гурван
цогцолбор ашиглалтад оруулсан байна. Үүний нэг нь энэхүү 137 дугаар бага
сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд
хүлээн авах хүчин чадалтай. Спорт, урлаг заал, цайны газартай энэ цогцолборт
Алтан-Өлгийн 4-5 дугаар хэсгийн 13-20 дугаар гудамж, баруун Алтан-Өлгийн 1-4
дүгээр хэсгийн 21-37 дугаар гудамж, Бунханы 1-4 дүгээр гудамж, Монелын 11-13
дугаар хэсгийн 32-53 дугаар гудамжны хүүхдүүд хамрагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Таван толгойн хувьцаагаа худалдах хүсэлтийг ингэж гаргаарай

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н 322 ширхэг хувьцааг 300.000 төгрөгөөр худалдан авах тухай шийдвэр гаргасан билээ. Хэрвээ та хувьцаагаа зарах гэж байгаа бол дараах заавраар хзсэлтээ гаргаарай. Шаардлага:

1. 322 ширхгээс их хувьцаатай байх ёстой. Хувьцааны тоог шалгах: https://net.schcd.mn/registration/

2. 18 нас хүрсэн байх ёстой.

3. Брокер, дилерийн компанид данстай байх шаардлагагүй.

Өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт өргөдөл гаргах боломжтой ба өргөдлийг гурван хувь үйлдсэн байна. Өргөдлийн маягтыг:https://www.schcd.mn/wp-content/uploads/2016/06/mayagt1.pdf хаягаар орж авах боломжтой. Өргөдлийн маягтын ард талд өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана. Маш олон хүн өргөдөл гаргаж байгаа учир цаг хожихын тулд өөрөө өргөдлөө гурван хувь хэвлээд үнэн зөв бөглөн банкинд өгнө үү.

Categories
мэдээ нийгэм

Төлөвлөснөөсөө их хэмжээний улаанбуудай, тосны ургамал тариалжээ

Энэ онд улсын хэмжээнд 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн. Мөн 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээлийн ургамал, 25.3 мянган га-д тосны ургамал нийтдээ 385.2 мянган га-д хаврын тариалалтыг хийхээр зорилт дэвшүүлсэн.

Өнөөдрийн (06.10) байдлаар 323 мянган га-д үр тариа тариалахаас 362.4 мянган га-д тариалж, үр тарианы тариалалтыг 115.5 хувьтай гүйцэтгээд байна. Үүн дотор улаанбуудайг 301.5 га-д тариалахыг 340.7 мянган га-д тариалж, төлөвлөсөн хэмжээнээс 13 хувиар давуулан тариалсан байна. Ингэснээр энэ хаврын үр тариа тэр дундаа улаанбуудайн тариалалтын ажил амжилттай дууслаа.

Харин хүнсний ногооны тариалалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Одоогийн байдлаар 12.4 мянган га-д төмс тариалж, тариалалтын явц 92.3 хувьтай, 6.2 мянган га-д хүнсний ногоо тариалж, тариалалтын явц 87.3 хувьтай, 13.5 мянган га-д малын тэжээл тариалж, тариалалт 83.1 хувьтай, 25.3 мянган га-д тосны ургамал тариалахаас 50.2 мянган га-д тариалж, 198.6 хувьтай, хаврын тариалалт амжилттай үргэлжилж байна.

Энэ хавар нийт 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 444.9 мянган га-д тариалалт хийгдээд байна. Ингэснээр энэ хаврын тариалалтын төлөвлөгөөг 15.5 хувиар давуулан гүйцэтээд байна гэсэн үг юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд аваар их гарч байна

Урин дулаан цаг ирж хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийн замд осол гарах нь ихэсчээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр орон нутгийн замд гарсан ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж гурван хүн хүнд гэмтсэн байна.

Дархан Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий гэх газар H.Sonata маркийн О жолоочтой автомашин онхолдож зорчигч 16 настай эмэгтэй Б –ийн амь нас хохирч , гурван хүн гэмтсэн бол Төв аймгийн Баянхангай сумын Атар-13 гэх газар Г гэх жолоочтой H.Sonata маркийн авто машин Northbenz маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Г –ийн амь нас хохирсон байна.

Тиймээс орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч та цаг агаарын байдал, замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулан аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар 2020 онд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авна

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20
хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35
мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая
жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015
оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл
урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга,
хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд
хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн
“Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн
Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол
цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг
зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг
дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Арга хэмжээ Ерөнхий зохион байгуулагч Хамтран зохион байгуулагч Хугацаа
1 “Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш НСУГ Сонгон шалгаруулалтаар 6-р сарын 18
2 “Плей тайм” амьд хөгжмийн наадам НСУГ “Амьд хөгжмийн наадам” ТББ 6-р сарын 24-26
3 “Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш НСУГ УДБЭТеатр 7-р сарын 02
4 “Учиртай гурван толгой” дуурь НСУГ УДБЭТеатр 7-р сарын 10
5 “Сайланс вайт” электро хөгжмийн наадам НСУГ Монгол Микс Прожект-ХХК 7-р сарын 12
6 “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам НСУГ Монголын урлагийн ажилтны холбоо

7-р сарын 12

7 “Бест оф Морин хуур” наадам НСУГ Сонгон шалгаруулалтаар 7-р сарын 13
8 “Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз НСУГ “Их талын жазз” ТББ 7-р сарын 14
9 “Алдрын Од” ёслолын арга хэмжээ НСУГ Хонхны дуу- ТББ 7-р сарын 30
10 “Даншиг наадам-Хүрээ цам” Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд

8-р сарын 06-07

11 “Уул усны домог” уран нугаралтын фестивал НСУГ Нийслэлийн Улаанбаатар чуулга 8-р сарын 06
12 “Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл НСУГ Нийслэлийн Улаанбаатар чуулга 8-р сарын 07
13 Моно жүжгийн олон улсын наадам НСУГ Монголын Моно жүжгийн төв-ТББ 8-р сарын 15-20
14 “Улаанбаатар” олон улсын кино наадам НСУГ Монголын урлагийн зөвлөл 10-р сарын 11-15
Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн шигшээ багийнхан “Дэлхийн цом”-д зургадугаар байр эзэллээ

ДАШТ-д багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн багууд урилгаар
оролцдог “Дэлхийн цом”-ын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж буй.
Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан
өрсөлдөж, тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн 57 кг-д
Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран,
Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 97
кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар оролцож байгаа.

Монголын баг “А” хэсэгт ОХУ, Турк, Гүржийн багтай учраа таарсан.
Манай тамирчид эхний тойрогт Туркийн багийг 6:2-оор ялж, удаах даваанд ОХУ-ын
шигшээд 6:2-оор дийлдсэн юм. Улмаар гурав дахь барилдаанаа Гүржийн багтай хийн,
4:4-өөр тэнцсэн. Гэвч оноо тоолоход Гүржийн шигшээ 18:14-өөр ялж, хүрэл
медалийн төлөө барилдах эрх өвөртөлсөн бол манай залуус V байрын Азербайжантай
барилдахаар болсон. Улмаар манай бөхчүүд Азербайжаны шигшээд 5:3-аар дийлдэн,
VI байрт шалгарлаа.