Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 2012-2015 онд 56 цэцэрлэг ашиглалтад оржээ

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад нийт 46,2 тэрбум төгрөгөөр 56 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр цэцэрлэгийн хүчин чадал 6,785 ороор нэмэгдсэн байна. 2012 онд 13 цэцэрлэг, 2013 онд 10 цэцэрлэг, 2014 онд 19 цэцэрлэг, 2015 онд 14 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байна. Харин 2016 онд нийт 77,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9705 хүүхдийн хүчин чадалтай 54 цэцэрлэгийн барилгыг барихаар төлөвлөөд байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас өглөө. Эдгээрээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 9 цэцэрлэг, нийслэлийн концессоор 30 цэцэрлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8, улсын конессоор 3, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4 цэцэрлэг барихаар бэлтгэл ажлыг хангажээ. Энэ онд хүн ам хамгийн ихтэй Баянзүрх дүүрэгт 11, Сонгинохайрхан дүүрэгт 10 цэцэрлэг барих бол Баянгол дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 8, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр 8, Налайх дүүрэгт 2, Багануур дүүрэгт 1 цэцэрлэг шинээр барина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны газрын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгажээ

Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Газрын тосны газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Шалгалтаар зургаан албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг мэдүүлэхдээ үндсэн цалингаас шагналт цалингаа хасч мэдүүлсэн, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, хадгаламж, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдэл, мөн хүүгийн орлогыг мэдүүлээгүй зэрэг зөрчил гаргасныг тогтоож Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасан сануулах болон цалингийн хэмжээг бууруулах хариуцлагыг хүлээлгэхээр Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд албан бичиг хүргүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан Ерөнхийлөгч үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэдээ!

Хүндэт сонгогчид оо!

Манай ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс энэ сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Улсын Их Хуралд болон нийслэл, аймгийн иргэдийн хуралд зөвхөн нэр дэвшигчийг сонгоход оршиж байгаа юм. Таны сонголт ирэх дөрвөн жилд Монгол Улс бүхэлдээ мөн аймаг нийслэл бүртээ ямар бодлого, ямар үнэт зүйлийг баримталж ажиллахад шийдвэрлэх нөлөөтэй байх болно. Таны бүрэн эрх олгосон хүн л тэнд ажиллана. Таныг төлөөлж чухал чухал шийдвэр гаргахад оролцоно. Энэ сонгуулиар бүрэн эрх нь эхлэх УИХ, ИТХ-ын бүрэлдэхүүнд юу ус агаар шиг дутагдаж байгааг сонгогч Та сайн мэднээ.

Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа. Ард түмний нийтлэг эрх ашигт, яг Таны хүсэн хүлээж байгаа тэр үнэт эрх ашигт үйлчлэх тийм гишүүн бас тийм төлөөлөгчийг Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй.

Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л Таны мэдэлд орж ирж байна. Би өмнө нь иргэдийг өөртөө илүү боломж, илүү оролцоо, харин төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардаарай гэж хэлж байсан. Одоо ч энэ үгээ давтаж байна.

Сонгогч Таны сонголтоо хийх хугацаа өдөр өдрөөр ойртож байна. Сонгуулийн хугацаа ч урт биш.Та энэ 6 дугаар сарын 29-ний өдөр саналаа өгнө. Иймээс сонгуулийн бүх үед сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Нэр дэвшигч бүр хуулиа чанд мөрдөж, өөрсдийн нэр төр, хүний ёс журмыг эрхэмлэж шударга өрсөлдөөрэй. Эвийг хичээж, бүтээлч үйлс, бодлого зорилгоо урьтал болгоорой.

Монгол Улс зөвхөн сонгуулиар амьдардаг улс биш. Гэхдээ ирэх жилүүдийн улс орны ажил амьдралд энэ удаагийн сонгууль маш чухал үүрэгтэй. Сонгуулийн маргаашаас эхлээд л нүүр тулах олон асуудал шийдлээ хүлээж байна.

Монгол Улс, Монгол төрийн ажил амьдрал тасралтгүй үргэлжлээд л явна. Өнөө цагт тулгамдаж байгаа хүндрэлийг өнөө үеийнхэн үүрээд, шийдээд л явах ёстой. Ачааны хүндийг халшрахгүй үүрэх тийм хүмүүсийг манай сонгогчид олж сонгоно гэдэгт би итгэж байна.

Монгол түмний ажил үйлс, буян заяа үргэлж өөдрөг байг ээ.

Иргэд, сонгогч Та бүхний сонголт мэргэн байг ээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 25-нд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замын хөдөлгөөнийг нээнэ

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам барилгын ажлын явцтай Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр газар дээр нь очиж танилцаж, шалгалаа. Зам, барилгын ажил цөөн хувийн хоцрогдолтой явж байгаа ч, энэ сарын 25-н гэхэд замын хөдөлгөөнийг нээх юм байна. Зам, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Өвөр залаат”, “Бадрах ойл”, “Арж капитал”, “Хансуун зам”, “Насны зам” компаниуд ажиллаж байгаа юм. Мөн ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 1960 руу уруудлаа

Сүүлийн зургаан сарын хугацаанд 2055 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өнгөрөгч долоо хоногоос үргэлжлэн буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1964 төгрөгөөр худалдан авч 1976 төгрөгөөр арилжиж байгаа бол “Найман шарга” валютын төвд нэг ам.долларыг 1970 төгрөгөөр худалдан авч, 1973 төгрөгөөр арилжиж байна. Ийнхүү суларч буй долларын ханшийг эдийн засагчдын зүгээс ам.долларын суурь эрэлт буурч, нийлүүлэлт өссөн, оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 200 сая ам.долларын ашигтай гарсан зэрэг үзэгдлүүдтэй холбон тайлбарлаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсад айлчлал хийхээр мордлоо

Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг тус тус хүлээн авч уулзана.

Мөн энэ үеэр “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинар болон Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг зохион байгуулах юм. Бизнес уулзлалт нь хоёр орны хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг харилцан судлах, бизнес эрхлэгчдийг холбох, монголын компаниудад шинэ зах зээл нээх зэрэг чухал ач холбогдолтой болно. Айлчлалаар Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөсөн байна.

Categories
мэдээ спорт

Оюуны спортын тамирчид олон улсад тэргүүллээ

Өнгөрсөн амаралтын өдрүүдэд Малайзын Пенанг хотод “Ой тогтоолтын нээлттэй тэмцээн” болж өнгөрлөө. Тэмцээнд найман улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 Багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож нийт 22 медаль хүртлээ.

Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ “Abstract Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлсэн байна.

Манай тамирчид өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 504 медаль хүртэсэн амжилт гаргасан.

Мөн зургаадугаар сарын 24-26 хооронд АНУ-н Сан Диего хотод зохион байгуулагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд манай улсаас 5 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэв

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ээлжит хурал 2016 оны 6 дугаар сарын 10-нд болж өнгөрлөө. Хурлаар Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хорооллын Б хэсэгчилсэн талбайн эхний ээлжийн дулаан хангамж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, бичил 7 орон сууцны хороолол орчим А хэсэгчилсэн талбайн гадна ус хангамж, ариутгах татуургын барилга угсралт, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, А хэсэгчилсэн талбайд хийгдэх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэв. Мөн Баянзүрх дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, гадна холбооны барилга угсралтын ажлын гэрээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн ажил зэргийг гүйцэтгэх гэрээг сунгах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гэр хороололд иж бүрэн орон сууцны хороолол барихад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг дэд бүтцийн асуудлыг нийслэлээс шийдвэрлэж, дахин төлөвлөлтийн төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авсаар байна гэж Нийслэлийн Гэр хороолын Хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотод Ази-Европын хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулахтай холбогдуулан гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуй нэгж байгууллага, сайн дурын хүн хүчийг татан оролцуулж, тэдгээрийн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах тусгай зориулалтын хувцас хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллах юм.

Нийслэлийн гамшгаас хамгаалах албадын салбар төлөвлөгөөнд тодотгол хийж, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, автотехник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болгов.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангахад шаардагдах зардал болох 79 сая 500 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсыг хэвлүүлэх ажил эхэллээ

Саналын хуудсыг хэвлүүлэх ажил өчигдөрөөс эхэлж байна. Түүнийг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулж байгаа билээ.

Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд Ажлын хэсэг хяналт тавих бөгөөд саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглах юм.

Өнөөдөр тэд саналын хуудас хэвлэх “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа түүний дотор хэвлэх техник, технологитой танилцасны дараа саналын хуудасны эх бэлтгэх ажлын явцыг ажиглав.

Нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт доор явагдана.

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцож хэвлүүлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.