Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Монголын зовлонд хорвоо цаддаггүй ээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол түмний баярын магнай тэнийлгэдэг эрийн гурван наадам удахгүй болно. Бөхчүүд наадамдаа зодоглохоор бэлтгэлдээ гарчээ. “Их Богд” бөхийн галаас хийсэн сурвалжлагыг өнөөдрийн дугаарын тэргүүн нүүртээ онцолж байна. Нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.

“С.Ламбаа: Монголын тамирчид ирэх сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална” ярилцлагыг мөн өнөөдрийн дугаартаа онцоллоо. Олимпийн бэлтгэл хангах асуудлыг маш өндөр түвшинд авч үзэж, УИХ-аар. 6.2 тэрбум төгрөг баталж өгсөн байна. Энэ хүрээнд бэлтгэлийн хугацаанд л гэхэд спортын 17 төрөлд 125 тамирчин, 36 дасгалжуулагч, байнгын бус шигшээ багийн үндсэн төрөлд 171 тамирчин уулын цана, волейбол, ширээний теннис, пара таэквондогийн төрөлд 37 тамирчин нийтдээ 369 тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангасан байна. Ярилцлагын дэлгэрэнгүйг хоёрдугаар нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт Төрийн шагналт, нэрт нийтлэлч Баабарын “Монголын зовлонд хорвоо цаддаггүй ээ” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

“Эдийн засаг” буланд “Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээ ирэх жилээс эрчимжих нь” материал гарлаа. Орос, Хятад гэх дэлхийн хоёр том зах зээлийг холбосныхоо төлөө багагүй мөнгө олох боломж манай улсад бий. Төрийн тэргүүний гурван улсыг холбох эдийн засгийн коридор байгуулах санаачлагыг В.Путин, Си дарга хоёр толгой дохин дэмжиж байгаа. Гурван улсын тэргүүнүүд яг энэ асуудлаар уржнангаас уулзаад эхэлчихсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зургадугаар нүүрт хэвлэлээ.

“Баримт, үйл явдал” булангаас “Монголчуудын ОХУ руу дамладаг бараа, бүтээгдэхүүнийг хураах, торгох үзэгдэл их байна гэв”, “Цахим орчинд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байжээ“, “Бага насны хүүхдийг нохой урсан хэрэг дахин гарлаа” зэрэг мэдээ материалыг унших боломжтой.

Загварын тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяастай гэдгээ “Яг түүн шиг” шоугаар харуулаад буй “Asian star model” модель, дизайнер С.Сарнайтай хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүр хэвлэлээ. Тэрбээр энэ шоунд оролцохдоо өмсөж буй бүх хувцсаа урландаа оёж байгаа гэнэ.

“Цаг үе” булангаас “Хүлээцгүй жолооч нар замын хөдөлгөөнийг тушиж байна” сурвалжлагыг уншаарай. “Хүчит шонхор” захын орчим машинууд гацаж хөдөлгөөн зогсдог талаар гомдоллох хүн олон байдаг. Тэгвэл манай сурвалжлах хэсэг өчигдөр өглөө очиж, “Хүчит шонхор” захын ойр орчмын замуудын түгжрэлийг сурвалжлав. Эдгээрээс гадна бусад үйл явдлын мэдээ мэдээлэл, тогтмол булангууд өнөөдрийн дугаарт гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Гурван өдөрт хурд хэтрүүлсэн 440 зөрчил бүртгэгджээ

Сүүлийн 3 өдрийн байдлаар нийслэл хотын авто зам дээр 932 зөрчил бүртгэгджээ. Үүний 492 нь гэрлэн дохио зөрчсөн, 440 нь хурд хэтрүүлсэн байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр Нисэх, Яармаг, Хөтөл, Налайх, зуслан чиглэлийн замуудад зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжөөр 612 зөрчил илрүүлжээ. Мөн 1-р эгнээгээр зорчсон, түр зогсолт хийсэн зөрчлүүд их байна.

Тиймээс, Жолооч та, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв соёлтой оролцож, хот дотор хурдны дээд хязгаар 60км/цаг гэдгийг анхаарна уу гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 226 мянган ам.метр явган хүний зам тавьжээ

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад иргэд, хувийн хэвшлийн оролцоог ханган ажиллаж байна. 2012-2015 онд нийтийн эзэмшлийн зам талбайд 2165 ш сандал, 1196 хогийн сав байршуулж, ногоон байгууламжийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлэн, 226 мянган ам.метр талбайд явган хүний зам тавьжээ. Мөн түүнчлэн 139 мянган ам.метр явган хүний шороон замыг хатуу хучилттай болгож, 17 томоохон гудамжийг тохижуулаад байна.

Нийтийн эзэмшлийн 200 гаруй зам, талбайг тохижуулж, шинээр 125 хүүхдийн тоглоомын болон спортын талбай, нийт 29 байршилд нийтийн бие засах газар тус тус байгуулсан байна. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд орчин үеийн аргачлал, техник технологиуд ашигласан гэдгийг онцлох хэрэгтэй.

Жил бүр “Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламж бүхий байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан” зарлан явуулсны үр дүнд 204.8 га талбайг цэвэрлэж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулжээ.

Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Монгол наадам” цогцолборт томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Нийт тохижилтын ажлын 45 хувь буюу 401 ажил Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд, 19 хувь буюу 169 ажил Чингэлтэй дүүрэгт хийгдсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн бүлэг 8 тонн хог цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар 4” нь иргэдийн бүлэгтэй хамтран хуваарийн дагуу 4 хороонд цэвэрлэгээний ажлыг өрнүүлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Иргэдийн бүлэг нь 23 дугаар хороо Улиастайн голын айл сав газар орчмыг цэвэрлэн 2,1 тонн хог, 12-р хороо 2-р хэсэг 69 айлын байр, 10-р хэсэг баруун жанжны Чулуутын 8-р нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон 11-р хороо 8-р хэсэг 3-р гудамжид үүссэн хогийг цэвэрлэж нийт 8 тонн хогийг цэвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Яргуй-2016” хүүхдийн урлагийн наадам болж байна

Хөвсгөл нутгийн ардын урлагийн арвин баялаг өв санг өвлүүлэх, түүнээс суралцах, эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Яргуй-2016” хүүхдийн урлагийн наадмыг “Уран дөш” зусланд зохион байгуулж буй юм байна. Энэхүү наадамд сум орон нутгаасаа шалгарсан 11 сургуулийн 70 гаруй авъяаслаг сурагч оролцож байгаа талаар тус аймгаас мэдээллэв. Зөв монгол хүнийг төлөвшүүлэх эрхэм зорилтын хүрээнд “Яргуй” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ жил Цагаан-Уул, Тариалан, Ханх сумын ерөнхий боловсролын сургуулиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхитэй оролцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сайн дураараа цусаа бэлэглэж байна

Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14-ныг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийн гол зорилго нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэж байгаа доноруудын ач холбогдлыг олон нийтэд таниулах, алдаршуулах, урамшуулах, талархал илэрхийлэхэд чиглэгдэж байна. Ингэснээрээ цусны аюулгүй байдлыг хангаж, цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтөнүүдэд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх юм. Энэ жилийн аяны хүрээнд донорын цус сэлбүүлж амь нас нь аврагдсан хүмүүсийн тухай бусдад таниулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхижүүлэх, тэднийг тогтмол хугацаанд цусаа бэлэглэхийг дэмжин ажиллахыг зорилгоо болгож байна. Тиймээс энэ өдөр Тусгаар тогтнолын талбайд “Цусаа бэлэглэж амьдрал тэтгэе” уриатай өдөрлөг зохион байгуулж ирсэн залуус цусаа хандивлаж байна.

ДЭМБ-аас 2020 он гэхэд дэлхийн улс орон бүр сайн дурын, авлагагүй байнгын цусны донороос цус, цусан бүтээгдэхүүний бэлтгэж, хангамжийг сайжруулах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа ба манай улсад мөн цус цусан бүтээгдэхүүний хомсдол бий болоод байгаа юм.

Categories
мэдээ спорт

Гимнастикийн ДАШТ-ий финалд манай тамирчид тунаж үлдлээ

БНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулагдаж буй Аэробик гимнастикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцож байгаа билээ. Өчигдөр 12-14 насны ангилалд манай баг тамирчид багийн төрөлд өрсөлдсөн бөгөөд ФИНАЛД VIII байраар шалгарчээ. Тэд маргааши өдрийн 16:30 минутад финалд тоглоно. Багийн бүрэлдэхүүнд: О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул Дасгалжуулагч багш Э.Мөнх-Оргил, С.Тунгалаг, Б.Мөнхбат нарын удирдлагад оролцож байна.

-12-14 насны ангилалд О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар ХОСЫН төрлөөр 11:55 минутад, Э.Марал ГАНЦААРЧИЛСАН төрөлд 16:38 минутад тэмцээний талбайд гарна.

-15-17 насны ангилалд Н.Хулан, М.Бямбацэнд, А.Нандин-Эрдэнэ нар ГУРАВЛАСАН төрөлд 14:47 минутад, Н.Хулан, Б.Шүрэнцэцэг, Б.Хонгорзул, Б.Номинзул, Т.Болор нар БАГИЙН төрөлд 16:31 минутад тэмцээний талбайд гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголоос жил бүр 200 оюутан Унгарт суралцуулна

Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр Унгар улсын Ерөнхийлөгч Адер Яношт итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Энэ үеэр Унгар улсын Ерөнхийлөгч Адер Янош Элчин сайдтай унгар хэлээр ярилцсан нь тэмдэглүүштэй үйл явдал болсон бөгөөд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд тухайн улсын хэл соёлын талаар өндөр мэдлэгтэй Элчин сайдын гүйцэтгэх үүрэг роль өндөр болохыг цохон тэмдэглэсэн байна.

Мөн уулзалтын үеэр Биокомбинатын шинэчлэлийн асуудал, боловсрол болон усны менежментийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ. Элчин сайд ноён Ерөнхийлөгчид НҮБ-ын дэргэдэх усны чиглэлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж усны менежментийн болон уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хоёр улс олон улсын түвшинд хамтран ажиллах боломж байгаа талаар саналаа илэрхийлж, Монгол Улсаас жил бүр 200 оюутан Унгар улсад суралцахаар болж байгаад талархал илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Цандэлэг, Т.Хасбаатар нарын зургаан хүнийг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

Ардчилсан намын дарга З.Энхболд нэр бүхий зургаан иргэнийг намын гишүүнчлэлээс хасах тухай тушаал гаргажээ. Тодруулбал, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Л.Цандэлэг, Б.Мөнхболор, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүн Н.Самат, Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн Ч.Бямбаа, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гишүүн Т.Хасбаатар, Х.Золжаргал нар намаасаа хасагдаж буй юм.

Намын хасах тухай тушаалдаа намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр бодлогыг хэрэгжүүлэх, Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад шийдвэрийг дагаж мөрдөх үүргийг биелүүлээгүй, төрийн сонгуульд бусад намаас болон бие даан нэр дэвшиж байгаа зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзсэнийг тодотгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Уяачид хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж эхэлжээ

Наадам айсуй энэ л өдрүүдэд уяачид хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж эхэлжээ. Манай “Өдрийн сонин”-ы сурвалжлах хэсэг өчигдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь алдарт уяачдын гал дээр очиж сурвалжлага хийсэн юм. Тод манлай уяач Д.Ононгийн “Түмний эх” галынхан, “Макс” группийн захирал Д.Ганбаатарын гал, Тод манлай Д.Мөнхбатаа, олноо “дааган” хэмээн алдаршсан манлай уяач Ц.Цэнд-Аюуш тэргүүтэй уяачид Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Долоон, Ногоон даваа, Бухан сэрүүнд зусаж хурдан морьдоо уяж байна. Уяачдын галаас хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН