Манай тамирчидын чансаа ахисаар байгаа нь олимпийн эрх авсан тооноос харагдаж байна. 2008 оны олимпод 28, 2012 онд 29 харин энэ жил одоогийн байдлаар нийт 32 эрх аваад байна. Тухайлбал, Чөлөөт бөх-9, буудлага-3, байт харваа-1, бокс-4, таэквондо, хүндийн өргөлт тус бүр нэг, жүдо-13 эрх тус тус аваад байна. Мөн хөнгөн атлетикээр нэмж эрх авах болзлоо биелүүлээд буй Б.Сэр-Од тэргүүтэй гурван тамирчин байгаа ч одоогийн байдлаар бүрэн баталгаажаагүй байгаа аж. Ер нь энэ жилийн олимпод манай улсаа 30 тамирчин оролцоно гэсэн зорилт дэвшүүлж байсан аж. Харин өнөөдрийн байдлаар зорилт төлөвлөгөөс дпавсан үр дүнтэй байгаа нь олимпийн бэлтгэл ажлын зардалд улсын төсвөөс 6.2 тэрбум төгрөг баталж өгсөнтэй ч холбоотой хэмээн Эрүүл мэнд Спорпын сайд С.Ламбаа “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт өгсөн ярилцладаа дурджээ. Цаашид зургаа, долдугаар сард болох тэмцээнүүдээс нэмж эрх авбал 35-37 эрх нэмж авах боломжтой юм байна
Month: June 2016
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсгийн дарга, ахлагч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийд Монгол Улсын нүүр царайг харуулах томоохон уулзалтууд нийслэлд болж байна. Улаанбаатар хот хоггүй, цэвэр цэмцгэр, сайхан хот байх ёстой. Эх оронч хүн байна гэдэг эх орноо хайрлах сэтгэлтэй байхыг хэлдэг. Гэтэл бид хогоо тааралдсан газраа хаядаг муухай сэтгэлгээнээсээ хараахан салж чадахгүй байна. Иргэдийн хог хаягдалд хандах сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс хариуцсан дүүрэг, хороогоо хогтой байлгасан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэлээ. Мөн Замын хайс хашлагыг засварлах, тэмдэг тэмдэглэгээг хийх, мод тарилтандаа анхаарч ажлын нарийн төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгов.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байгаа шаардлага хангахгүй, зэвэрч муудсан хайс хашлагыг Замын цагдаагийн газартай зөвшилцөн авах, аль эсвэл засварлан будах шаардлагатай байгааг анхаарууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банк хамтран “Чингис Бонд Экспо” үзэсгэлэн худалдаа яг одоо Чингисийн талбайд болж байна. Нээлтийн ёслол 11:15 цагаас эхэлсэн бөгөөд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар нээж үг хэллээ. Тус үзэсгэлэнд Чингис бондоос санхүүжилт авсан 129 аж ахуйн нэгж, компаниуд оролцож бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчилж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр Авто замын төсөл, Гудамж төсөл, Инженерийн дэд бүтцийн төсөл, ДЦС-4 хүчин чадал нэмэгдүүлэх, Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг танилцуулна.
Өчигдөр сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, тайлбарлалаа. Тэрбээр “Өчигдөр би бичлэгийг үзээд хэвлэлийн бага хурал хийнэ гэсний дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Х.Бат-Ялалт надтай ирж уулзаад надад бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөг нэхсэн.Энэ бичлэг миний төрсөн өдрөөр Г.Уянга гишүүн тоглож хийсэн бичлэг.Х.Бат-Ялалтыг явсны дараа би Г.Уянгатай утсаар ярьсан. Уянгаа “Би утсаа хулгайд алдчихсан. Энэ хэргээрээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа” гэсэн.
Би ч гэсэн цагдаагийн байгууллагад хандсан.Хэрэг үүсчихсэн байгаа. Хуулийн дагуу бол Х.Бат-Ялалт цагдаад очиж байцаалт өгсөн байх ёстой. Х.Бат-Ялалт надаас долоо хоног тасралтгүй мөнгө нэхсэн.Сүүлдээ “Ядаж сонгуулийн дараа өгье түр мөнгө зээлчих” гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг зээл гээд шилжүүлсэн. Зээлээ төлөхгүй бол насан туршдаа нэхнэ шүү гэж хэлсэн.
Би ажлын байран дээрээ вино ууж, тамхи татсандаа, ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Би гадаадад оюутан байхдаа тамхи татаж сурсан, 20 жил тасралтгүй татаж байгаа тул тамхины хуулийг санаачлах хэрэгтэй юм гэсэн итгэл үнэмшлээр батлуулсан. Тамхины хууль санаачилсан ч тамхи татаж байгаа нь миний буруу юм.
Би энэ явдлыг маш нарийн эртнээс төлөвлөсөн явдал гэж харж байгаа. Учир нь Тосонбумын нурууг тусгай хамгаалалтад авахуулсан Оюунгэрэл та хоёр 50 тэрбумыг төлөөрэй гэж байнга утсаар дарамталдаг.
Энэ мөнгөтэй улсуудын гар хөл нь Х.Бат-Ялалт, Б.Алтаншагай нар юм байна гэж би хардаж байгаа. Тиймээс Б.Алтаншагай зориуд надтай нэг тойрогт өрсөлдсөн байх. Ер нь эмэгтэй нэр дэвшигчид рүү дайрч байгаа байдал хэрээс хэтэрлээ. Нара, Анужин нар луу яаж дайрлаа, одоо хэн дээр ээлж нь ирж байгааг та бүхэн харж байгаа байх.
Ийм байдлаар рикит хийж байгаа Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарыг битгий сонгоорой гэж би уриалж байна” хэмээн ярилаа.
Энэ сарын дунд үеэс Ховд аймгийн томоохон голуудын усны түвшин 15-30 см-ээр нэмэгджээ. Тухайлбал Ховд аймгийн Буянт гол, Булган гол, Сөнхөл, Ховд гол, Боорж, Бодонч, Сэнхэрийн голуудын усны түвшин ихэсч, үерийн аюултай түвшингээс дээш байдалд голын ус эргээсээ хальж байгааг Аймгийн Онцгой Байдлын Газар ард иргэдийг үерээс болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна.
Үерийн улмаас дээрх томоохон голуудын салаагаар хаваржиж байсан айлууд зуслан руу нүүдэл хийх боломжгүй болж, аймгийн Онцгой байдлын аврах ажилтнууд 100 гаруй иргэн, 10 мянга гаруй малыг усны аюулаас хамгаалж, нүүлгэн шилжүүлжээ. Ховд аймгийн Булган, Эрдэнэбүрэн, Мянгад сумын томоохон голуудаар нутагладаг айлууд усанд боогдон, отор нүүдэл хийхэд ихээхэн хүндрэл үүсч байгаа аж.
Нийслэлийн иргэд, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх, бие бялдараа чийрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 2012-2015 онд дөрвөн дүүрэгт нийт 6,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр усан спорт сургалтын төвийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ.
Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж ашиглалтад оруулсан усан спорт сургалтын төвүүд нь байнгын ажиллагаатай байгаа бөгөөд тухайн дүүргийн иргэд, хүүхэд залуусын очих дуртай газрын нэг болсон гэдгийг усан спорт сургалтын төвийг хариуцан ажиллуулж байгаа багш нар хэлж байна.
Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төв нь фитнесс, саун, усан бассейн зэрэг төрлүүдээр үйлчилгээ явуулдаг бөгөөд усан бассейн нь 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай юм байна. Сонгинохайрхан дүүргийн анхны усан спорт сургалтын төв нь 17-р хороо 32, 33 дугаар байрны дунд баригдсан бөгөөд өдөр бүрийн 08:00-21:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна. Бассейны хэмжээ нь 25м х 7.8метр, гүн нь 2 метр бөгөөд 2 замтай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнгөрсөн мягмар гаригт Лиллед Францын хууль сахиулах
байгууллагынхан ОХУ-ын сэтгүүлчдийг баривчилсан талаар “Ивестия”-д
мэдээллэжээ. Сэтгүүлчдийг Английн хөгжөөн дэмжигчдийн өдүүлсэн эмх замбараагүй
байдлын үеэр зураг авсан хэмээн буруутгажээ. Францын хууль сахиулах
байгууллагын 20 орчим ажилтан Оросын сэтгүүлчдийн бичиг баримтыг шалгаж, эд
зүйлсийг нь хураан авсан байна. Сэтгүүлчдийг шалгах ажиллагаа 15-20 минут
үргэлжилж, дараа нь сулласан гэж “Аргументы и факты”-д мэдээллэжээ. Энэ үеэр
мөн Францын цагдаа Лиллед Оросын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийг баривчилсан
байна.
Нийслэлийн ИТХ-аас баталсан “Найрсаг
Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME- 2016” олон улсын амьд хөгжмийн
наадам 3 дахь жилдээ энэ оны 6-р сарын 24, 25, 26 өдөр Гацуурт тосгоны Монгол
Шилтгээнд болно. Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн
бага хурал хийж наадмын тухай мэдээлэл өглөө.
“Playtime-2016” наадам энэ жил хөтөлбөрийн
агуулга, үйл ажиллагаа болон гадаадын хамтлагийн цар хүрээгээ улам тэлж
Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The
You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”,
ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596” Финландийн
“Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг болон “Нисванис”, “The
Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг
дуучид, 20 гаруй DJ бүтээлийг “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан
хүргэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа юм байна. Мөн наадмын үеэр
Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри
болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл,
арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалийн онцлог бүтээлүүдийг толилуулна гэж
наадмыг зохион байгуулагчид хэллээ.
Playtime 2016 оны онцлох уран бүтээлчээр залуу
уран бүтээлч У.Нарбаясгаланг наадмын зохион байгуулагчид урьж, наадмын бэлэг
тэмдэг болох Playtime орчин үеийн урлагийн инстоляцийг бүтээлгэж байгаа юм
байна. Энэ жил Playtime 2016 наадам 3 хоног болох болсон мөн Монгол шилтгээн
дэх автомашины зогсоол хомс байгаа тул хувийн тээврийн хэрэгсэлээс аль болох
татгалзаж нийтийн тээвэр болон наадмын үнэгүй автобусаар зорчихыг наадамд
хүрэлцэн ирэх амьд хөгжим сонирхогчиддоо уриаллаа.
Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд 37.200 шалгуулагч бүртгүүлжээ. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлтгэсэн ажээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна.
2015-2016 оны элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар өнөөдөр 12:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Тодруулбал, Засгийн газрын 37 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны төвшинг тогтоох, сайжруулах зорилгоор элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр болсон юм.
Сүүлийн 3 өдрийн байдлаар нийслэл хотын авто зам дээр 932 зөрчил бүртгэгджээ. Үүний 492 нь гэрлэн дохио зөрчсөн, 440 нь хурд хэтрүүлсэн байна. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр Нисэх, Яармаг, Хөтөл, Налайх, зуслан чиглэлийн замуудад зөөврийн хурд хэмжигч төхөөрөмжөөр 612 зөрчил илрүүлжээ. Мөн 1-р эгнээгээр зорчсон, түр зогсолт хийсэн зөрчлүүд их байна.
Тиймээс, Жолооч та, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв соёлтой оролцож, хот дотор хурдны дээд хязгаар 60км/цаг гэдгийг анхаарна уу гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.