Categories
мэдээ нийгэм

Баруун аймгууд цемент, нефть боловсруулах үйлдвэртэй болно

Монголчууд барилгын үндсэн материалынхаа 60 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг
болсон. Тодруулбал, барилгын материалын 25 үйлдвэр тоног төхөөрөмжийг шинэчлэн,
180 үйлдвэр ашиглалтад оруулсан байна. Тиймээс цаашид ч барилгын материалын үйлдвэрлэлийг
төрөлжүүлэн цемент, төмөр хийц, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг
дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахаар болжээ.

Ингэхдээ компаниудтай хамтран ажиллана. Тодруулбал, “Өлгий Цемент”
ХХК нь Баян-Өлгий аймаг болон бусад аймгуудын хэрэгцээг хангахаар ажиллах аж. Баруун
таван аймгийн цементийн хэрэглээ жилд 150.000 тонн байдгаас Баян-Өлгий аймгийнх
30000 тонн. Тус үйлдвэр ашиглалтад орсноор улс орон нутгийн төсөвт татвар хураамж
байдлаар жилд 1.5-3.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинээр 80 хүний ажлын байр бий
болгоно гэж тооцоолжээ.

Мөн “Вестрон Холд” ХХК нь Ховд аймгийн Буянт суманд жилд 250.000
тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, технологын хуурай аргын цементийн үйлдвэрийг
олон улсын болон үндэсний стандартуудыг хангасан үйлдвэр барихаар ажиллаж байна.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор шинээр 100 хүний ажлын байр бий болох гэнэ.

Түүнчлэн баруун бүсийн нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрийг Баян-Өлгий
аймгийн Цагааннуур суманд барих бөгөөд жилд 25000 тонн газрын тос боловсруулж, үүнээс
7500 тонн бензин, 10000 тонн дизель түлш, 8000 тонн мазут зэрэг нэмүү өртөг шингэсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүс нутгийн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн
эх үүсвэрийг жилд 20-25 мянган тонноор нэмэгдүүлнэ. Улс, орон нутгийн төсөвт татвар,
хураамж байдлаар жилд 2.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх аж. Ингэснээр орон нутагт
25-30 шууд ажлын байр бий болно гэж тооцжээ.

Баруун аймгуудад барилгын материал, цементийн үйлдвэр, нефть боловсруулах
үйлдвэрүүдийг байгуулсанаар тээвэрлэлтийн зардал багасаж орон сууц шатахууны үнэ
хямдарна гэж АН-ын үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийг зуны үнэгүй дугуйлан сургалтанд хамруулна

НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяас чадварыг нь нээх зорилгоор өнгөрсөн оны хоёрдугаар сараас Монголын хүүхдийн ордны салбар дугуйлангуудыг нээн хичээллүүлсэн. Салбар дугуйлангууд нь Сонгинохайрхан дүүргийн 3,9,27 хороо, Чингэлтэй дүүргийн 1,18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 2,9 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 17 дүгээр хороонд байрлаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллол, Яармаг дахь 34 дүгээр сургууль, 10 дугаар хорооны Иргэний танхим, долдугаар сургууль, “Морингийн даваа”-нд байрлах 135 дугаар сургууль зэрэг газарт тус тус байрлан хичээллэж байна.

Салбар дугуйлангуудад мэргэжлийн багш нар дуу, бүжиг, англи хэл, драм, гар урлал, уран зураг, амьдрах ухаан зэрэг сургалтыг явуулж байгаа ажээ. Сургалт гурван сарын хугацаатай, үнэ төлбөргүй явагдах бөгөөд шинэ хичээлийн жилийн элсэлтээ авах юм байна. Харин одоогоор Монголын хүүхдийн ордон зуны сургалтад хамрагдах хүүхдүүдээ бүртгэж байна. Тодруулбал, төгөлдөр хуур, шанз, морин хуурж, бүжиг, зураг, шатар, драм, ятга, хийл, цахилгаан хөгжим болон математик, англи, япон, хятад хэлний хичээлээр сургалт болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 37200 төгсөгч ЭЕШ өгчээ

2016-2017
оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий
шалгалт өнөөдөр орон даяар монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлээ. Монгол хэл, бичгийн
шалгалт өнөөдөр 12:00 цагт эхэлж, 100 минут үргэлжилж дууссан байна. Энэ жил улсын
хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийт
37200 гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцож байгаа аж. Маргааш Англи хэл, Монгол улсын
түүх, Химийн хичээлүүдийн шалгалт болно.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрх олгох боксын сүүлийн тэмцээн маргааш эхэлнэ

“Рио-2016” олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн боксын тэмцээн Азербайжан улсын Баку хотод энэ сарын 16-25-нд болно. Тус тэмцээнд манай улсаас Олон улсын боксын холбоо /AIBA/-ны гурван одтой шүүгч Х.Хас-Эрдэнэ шүүгчээр оролцохоор боллоо. Тэрээр энэ онд болсон Ази, номхон далай, Европын бүсийн олимпийн эрхийн тэмцээнүүдийг шүүсэн юм. ОУБХ эдгээр тэмцээн болон ДАШТ-д хэрхэн ажилласан ур чадварыг нь харгалзан “Рио-2016”-д оролцох шүүгчдээ тодруулна. Манай шүүгчид олимпийн наадмыг шүүх эрх авах боломж байгаа нь мэдээж.

Categories
мэдээ спорт

“Mongolian Saturday” есдүгээр байранд орлоо

2015 оны 10 дугаар сард Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” нэртэй хурдан морь АНУ-д зохиогдсон Дэлхийн хэмжээний “Breeder`s CUP” нэртэй уралдаанд түрүүлсэн юм. Д.Ганбаатарын энэхүү амжилт нь Монгол хүн дэлхийд анх удаагаа хурдан мориороо тэргүүлсэн явдал байлаа.

Харин “Mongolian Saturday” өчигдөр буюу мягмар гаригт Их Британий Беркшир дэх Рояал Аскот морин тойруулгад болох Английн хатан хааны нэрэмжит “King’s Stand Stakes” уралдаанд оролцож 19 мориноос есдүгээр байранд орлоо.

Сонирхуулахад, Английн хатан хаан Элизабет “Монгол Бямбаа”-гийн эзэн Д.Ганбаатар, уяач Э.Ганбат нартай өөрийн биеэр уулзаж, хүндэтгэл үзүүлэхээ илэрхийлжээ.

Categories
мэдээ спорт

О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар ДАШТ-д тавдугаар байрт шалгарчээ

Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ДАШТ БНСУ-ын Инчён хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна. 12-14 насны ангиллын хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал нар 18.000 оноогоор шигшээд шалгарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн. Манай тамирчид дөнгөж сая финалд өрсөлдөн, 18.500 оноогоор V байрт шалгарсан байна.

12-14 насны ангиллын багийн төрөлд шигшээд шалгарсан манай тамирчид өнөөдөр өрсөлдөнө. Тус багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Э.Мөнх-Оргил, С.Тунгалаг, Б.Мөнхбат нарын удирдлага дор О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул нар багтсан юм. Сонирхуулахад, Монголын гимнастикчид ДАШТ-ээс өсвөрийн ангилалд медаль авч амжаагүй байгаа бөгөөд 2010 онд 15-17 насны ганцаарчилсан төрөлд Ч.Золбоо хүрэл медаль хүртсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны үнэлгээ өсчээ

Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2016 оны тавдугаар сард 1.3 их наяд төг болж, өмнөх сарынхаас 51.9 тэрбум төг буюу 4.1 хувиар өсчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 2005.96 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 66.68 төг буюу 3.4 хувиар суларчээ. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас 2016 оны дөрөвдүгээр сард 1.7 хувь, тавдугаар сард 0.3 хувиар чангарсан байна.

Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 307.28 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.30 төг буюу 1.7 хувиар чангарчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас 2016 оны 4 дүгээр сард 1.2 хувь, тавдугаар сард 1.1 хувиар чангарсан байна.Төгрөгийн рубльтэй харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2016 оны тавдугаар сард 30.53 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.79 төг буюу 20.3 хувиар чангарчээ. Төгрөгийн рубльтэй харьцах нэрлэсэн дундаж ханш өмнөх сарынхаас 2016 оны дөрөвдүгээр сард 3.4 хувь, 5 дугаар сард 1.2 хувиар суларсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослоор хүн нас баржээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 307 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 228 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 3, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтлийн замд Т.Fielder маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврин хэрэгсэл жолоодон N.Bluebird маркийн Д, H.Accent маркийн Т жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 14 настай эрэгтэй Э нарын 6 хүн гэмтсэн.

ХУД-ийн нутаг Нисэхийн зам, Буянт ухаагийн 7 -р гудамж 6-257 тоот хашааг M.Lancer маркийн авто машины жолооч Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөргөж онхолдож зорчигч 34 настай эрэгтэй Ү нарын 3 хүн гэмтсэн.

Хөдөө орон нутагт: Баян-өлгий аймгийн Өлгий сумаас Цагааннуур томгон явах замд H.Accent маркийн М жолоочтой авто машин онхолдож жолооч 51 настай эрэгтэй М -ийн амь нас хохирсон.

Categories
мэдээ нийгэм

Сургууль цэцэрлэггүй хороодод шинэ цогцолбор ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монел баруун Алтан-Өлгийд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Монел Алтан-Өлгий орчимд үүнтэй нийлээд хоёр цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд энд суралцах хүүхдүүдийнхээ тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор эргэн тойрныг тохижуулж, замыг засварлаж байгаа юм.

Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд үүний нэг нь Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ. Албан ёсоор 08 сарын 20-нд бүртгэлээ эхлүүлж, 09 сарын 01-нээс хүүхдүүдээ хүлээн авах юм.
Хамран сургах тойрог:

  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 4,5 дугаар хэсгийн 13-20 дугаар гудамж
  • Баруун Алтан-Өлгийн 1-4 дүгээр хэсгийн 21-37 дугаар гудамж
  • Бунхан 1-4 дүгээр гудамж
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 11-13 дугаар хэсгийн 32-53 дугаар гудамжны хүүхдүүд энэхүү сургууль, цэцэрлэгт хамрагдана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Чингис бондын хөрөнгөөр Монголдоо үлдэх хуримтлал бий болгосон

Чингис бондоос санхүүжилт авсан компаниуд бараа, бүтээгдэхүүнийхээ дээжийг “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдаанд дэлгэж, ард ирдгэдээ танилцуулж байна. Үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэллээ. Чингис бондын хөрөнгөөр,

  1. Иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон
  2. 6,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бололцоо бий болгож, хуримтлал үүсгэсэн.
  3. Хэрэглээ шүтдэг биш хуримтлалд суурилсан эдийн засагт шилжих эхний алхам хийгдсэн. Хөгжилд хүргэх хөрөнгө оруулалтыг монголчууд бид өөрсдөө хийж, ирээдүйгээ бүтээн байгуулах замд шилжиж чадлаа гэж Ерөнхий сайд дүгнэн хэллээ.

2013-2015 онд түүхий эдийн үнэ, түүний дотор алт, зэс, нүүрсний үнэ эрс унаснаар гадны хөрөнгө оруулалт богино хугацаанд алга болсон. Үүнийг урьдчилж харан Засгийн газраас 2012 онд нийт 5 тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргах зөвшөөрлийг УИХ-ын 52 дугаар тогтоолоор авсан. Энэ нь уул уурхайд жилд 2-4 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт ордог байснаа дутах тэр хэмжээнд тааруулж эдийн засгаа түүхий эдийн хямралтай үеэр зөөлөн авч гарах зорилготой, алсыг харсан бодлого байлаа.

УИХ-ын тогтоол батлагдсанаас 33 өдрийн дотор энэхүү бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэсгийг амжилттай гаргасан. Чингис бондын хөрөнгөөр олон жил санхүүжилт дутсан, нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эхэлснээр түүхий эдийн хямралыг сөрж чадсан. Мөн гол нэрийн барааны буюу мах, гурил, бензин түлш зэрэг өргөн хэрэглээний барааны Үнэ тогтворжуулах хөтөлбөр, түүнчлэн 8 хувийн ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж гарсан гэдгийг тэрээр тэмдэглэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт 4.9 их наяд төгрөгийн дүн бүхий санхүүжилтийг төсөл хөтөлбөрүүдэд олгожээ.

Санхүүжилтийг салбараар ангилж үзвэл, авто зам, бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөг олгосон.

Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам, ТОСК-ийн төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон.

Цементийн үйлдвэр, төмөр зам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс шир, орон сууц зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд 1.56 их наяд төгрөгийг олгосон байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн үр дүнд манай улсын авто зам, дэд бүтэц, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдвэржилтийн салбарт томоохон дэвшил, эерэг өөрчлөлтүүд бий болсон юм.

Тухайлбал, 1992-2012 оны хоорондох 20 жилийн хугацаанд нийт 2,087.0 км авто зам барьж 5 аймгийг Улаанбаатар хоттой холбосон бол Чингис бондын санхүүжилтээр 2012-2015 оны хугацаанд 2,283.7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон. Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд 5 аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох ажил үргэлжилж байна.

Эрчим хүчний салбарт бондын хөрөнгөөр ТЭЦ III, IV станцыг өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг шинээр барихад санхүүжилт олгосноор сүүлийн 3 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 МВт-аар, дулааны эх үүсвэр 636 Гкал.ц-аар нэмэгдээд байна.

Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг өргөтгөх, суурь хүчин чадлыг бий болгох 69 төслийг санхүүжүүлэн нийслэлийн барилгажих боломжтой талбайг 20 хувиар буюу 1500 орчим га газраар нэмэгдүүлсэн юм.

Бодитой үр дүн, тав тухтай орчин бүрдүүлэх хүрээндБуянт ухаа I, II, Шинэ яармаг зэрэг томоохон цогцолбор хороололбаригдаж эдгээр болон бусад төсөл арга хэмжээний үр дүнд 260 мянга орчим иргэн тохилог орон сууцтай болж, улмаар Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад зохих нөлөөгөө үзүүллээ.

Бондын хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын үр дүнд дунд, урт хугацаанд манай улсын экспорт төрөлжин, дотоодын үйлдвэрлэлд суурилсан тогтвортой хөгжлийн эхлэл тавигдаж Монголчууд үйлдвэрлэгч орон болно. Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн хувьд дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн ажилтай, орлоготой болсон зэрэг үр дүнг Ерөнхий сайд нэрлээд Чингисбондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг, үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгосон гэж хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.