Categories
мэдээ нийгэм

Гааль, татварын асуудлаар утсаар зөвлөгөө өгнө

Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн татварын газрын байранд албан ёсны нээлтээ хийж ГТЕГ-ын дарга С.Пүрэв, дэд дарга О.Даваасүрэн, дэд дарга Н.Энхцогт, ТЗУГ-ын дарга Ц.Сайнбуян болон ГТЕГ-ын газар, хороодын дарга нар оролцлоо. Дуудлагын төвд татварын зөвлөгөө өгөх 1800-1288, гаалийн зөвлөгөө өгөх 1800-1281 тусгай дугаар болон шинээр байгуулагдсан татварын ногдол, өр дуудах нэгжийн 7012-1218 дугаарууд багтах бөгөөд нэг зэрэг 10-15 хүнд зөвлөгөө өгөх хүчин чадалтай болон өргөжиж байгаа юм.

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын зөвлөгөө өгөх төв шинээр байгуулагдсан бөгөөд НӨАТ-ын хууль болон цахим төлбөрийн баримт/ebarimt.mn/-ын систем болон цахим тайлангийн систем, төлбөрийн баримттай холбоотой гомдол, санал хүлээн авч харьяа татварын албадад хүргүүлж шийдвэрлүүлэх, нэгтгэх, НӨАТ-ын урамшууллын тохирол явагдах бүрт мэдээг ГТЕГ-ын Орлогын газар, Гааль, татварын мэдээлэл, технологийн төв УТҮГ-аас авч татвар төлөгчдийг мэдээллээр хангах чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

119 уулзвар, салаа замд чигийн заалт бүхий тэмдэг байршуулжээ

Булган аймаг дахь цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн алба байгууллагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Чигийн заалт” бүхий тэмдгийг стандартын дагуу хийж байршуулах хөрөнгийг сум хөгжүүлэх сангаар шийдүүлснээр орон нутгийн шороон замын салдаг уулзваруудын олон салаа замуудыг тэмдэгжүүлээд байна.

Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээний 16 сумын улсын болон орон нутгийн чанартай автозамын 119 уулзвар, салаа замыг тэмдэгжүүлсэн нь цагдаагийн газрын хамт олны 95 жилийн ойгоо угтсан томоохон бүтээн байгуулалтын ажил болсон юм. Булган аймгийн нутаг дэвсгэрээр нь улсын чанартай 3 трассын хатуу хучилттай зам дамжин өнгөрч баруун болон хангайн бүсийн аймагууд руу зорчих иргэдийн урсгал нэмэгдэн, зуны улиралд л гэхэд өдөртөө 8500-11000 автомашин дамжин өнгөрдөг.

Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай болон орон нутгийн чанартай авто замын салдаг уулзвар, олон салаа замуудад мэдээлэх тэмдэг тавих ажлыг зохион байгуулжээ.

Тээврийн хэрэгслийн энэ ачааллаас шалтгаалан зам тээврийн хэрэг, ослын гаралт ихсэж иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, хөдөө хээрийн замд төөрөх, шавар усанд суух зэрэг эрсдэл гардаг тул Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай болон орон нутгийн чанартай авто замын салдаг уулзвар, олон салаа замуудад мэдээлэх тэмдэг тавих ажлыг зохион байгуулжээ.

Categories
гадаад мэдээ

Өнөө орой британичууд хоорондоо тоглоно

Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 22:00 цагт Францын Ланс хотын “Боллер-Делели” цэнгэлдэх хүрээлэнд Их Британийн хоёр баг болох Англи болон Уэльсийн хөлбөмбөгийн шигшээ багууд хоорондоо тоглоно. Энэ хоёр баг Орос болон Словакийн багуудын хамт В хэсэгт багтаж байгаа ба энэ өдрийн тоглолтын ерөнхий шүүгчээр Германы иргэн Феликс Брых ажиллах юм.

Уэльсийн шигшээ гарааны тоглолтондоо Словакуудыг 2:1 харьцаагаар хожсоноор хэсэгтээ тэргүүлж байгаа ба багийн манлай тоглогч болох “Реал Мадрид”-ын довтлогч Гарет Бэйл торгуулийн цохилтоор гоол оруулсан юм. Өнөөдрийн тоглолтын хувьд английн баг ялна гэх таамаглал байгаа ба Уэльсийн шигшээгийн дасгалжуулагч Крис Коулмэн хэлэхдээ “Британичууд хоорондоо тоглох гэж байгаа талаар их ярьж байгаа нь надад сонин биш ээ. Бид өмнө нь яаж тоглодог байсан, тэрэн шигээ л тоглоно” гэжээ.

Өнгөрсөн 150 жилийн түүхэнд Уэльсийн шигшээ баг англичуудтай гэхээсээ Шотландын багтай илүү олон удаа учраа тааран тоглож байжээ. Англитай хийсэн 103 тоглолтод уэльсчууд дөнгөж 14 удаа ялж, 68 удаа хожигдож байсан юм. Уэльсийн баг хамгийн сүүлд 1984 онд англичуудыг буулган авч байсан ажээ.

Categories
мэдээ нийгэм

Тост, тосонбумбын нуруунд судалгаа хийж байна

Ирвэс Хамгаалах Сан байгуулагдсан цагаасаа судалгаа шинжилгээний ажлыг их дээд сургуулиудын оюутнуудтай хамтран тогтмол явуулж ирсэн. Энэ жил Тост, Тосон бумбын нуруунд Шинэ Зеланд улсын иргэн Английн Абердийны Их Сургуулийн оюутан Зара Моррис-Трайнер докторын зэрэг горилохоор судалгаа хийж байна.

Монгол улс бол ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог гэвч бэлчээрийн тогтвортой байдал хүн болон зэрлэг амьтанд сөргөөр нөлөөлөх тал байдаг. Зарагийн судалгааны зорилго бол цоохор ирвэсний гол идэш болох ямааны болон янгирын бэлчээрт үзүүлэх дарамтыг судлах юм.

Энэхүү судалгаа 2018 он хүртэл явагдана. Судалгааг Тост, Тосон Бумбын Нурууны БНГ-ын урд хэсэгт 1х1 м-н хэмжээтэй 24 хашааг барин судалж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 85 төгрөгөөр буурчээ

Тавдугаар сарын сүүлээс эхлэн долларын ханш бага багаар буурч, өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1965 төгрөгтэй тэнцлээ.

Оны эхэн үеэс 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 85 төгрөгөөр буурчээ.

Ам.долларын ханш буурах болсон нь Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрээр Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн мөнгө орж ирсэн зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмын төсөв 2,9 тэрбум

Улсын их баяр наадам эхлэхэд 25 хоногийн хугацаа үлдлээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр зэрэг тэгш ой тохиож байна. Гэхдээ наадмын өмнө УИХ-ын сонгууль, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажил гээд олон үйл явдал давхцаж байгаа. Улсын баярын наадмын комисс гурван удаа хуралдаж, наадмын бэлтгэл ажлын явцтай танилцсан байна. Ингээд баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдолтой мэдээллийг товч хүргэж байна.

ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН ТӨСВИЙГ 2,9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАТАЛЖЭЭ

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу 2.9 тэрбум төгрөгөөр баталжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зарим засварын ажил өнөөдрийн байдлаар эхлээгүй байна. Энэ жил зочид тэгш ой тохиож, гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэх учраас сайжруулах засварын ажил багагүй гарчээ. Улсын баяр наадмыг зохион байгуулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж, Төв цэнгэлдэхийн засварын ажлыг хийдэг. Харин 51 хувийг эзэмшдэг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа хэлэхдээ “Манай байгууллага энэ жил 61 сая төгрөгөөр дээврээ янзалсан. Гаднаас цэнгэлдэх рүү орох хэсгийн зам талбайг янзалж байна. Манай талаас 90 гаруй сая төгрөгийг гаргаж байгаа. Улсаас хичнээн төгрөгийн засварын ажил хийх тухай шийдвэр эцэслэн гараагүй. Нээлтийн үеэр 40 морь, зургаан тэмээ орж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Олон морьд орох тусам зүлгийг талхлах магадлалтай. Нарийн тооцоолох зүйл их байна. Гадаадын олон зочид ирэх учраас суудлын хувьд хуваарилалт хийх юм.” гэсэн юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнд байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд болсон. Тэгвэл өдгөө цэнгэлдэхэд хөлбөмбөгийн “Дэрэн” клуб бэлтгэлээ хийж байгаа аж. “Хүрхрээ” Үндэсний дээд лигт тоглодог тус багийн хувьд даваагаас бусад гаригуудад бэлтгэл хийх хуваарьтай юм байна.

1024 БӨХ УЛСЫН НААДАМД ЗОДОГЛОНО

Тэгш ой тохиож буй энэ жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглоно. Шөвгийн барилдаанууд оройтох магадлалтай тул гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт гэрэл сууриулуулахаар болжээ. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчин чадал сайтай 10 том гэрэл байгаа аж. Хэдийгээр 20 гаруй хоногийн дараа улсын их баяр наадам болох ч бөхчүүдийн хувьд бэлтгэл хийж байгаа сураг чимээ төдийлөн гарахгүй байна.

ХАРВААЧИД БЭЛТГЭЛДЭЭ ГАРААД ЭХЭЛЖЭЭ

Жил жилийн наадмыг эхлүүлдэг харваачдын хувьд бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Саяхан улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан харваачдын дараагийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болох юм байна. Үндэсний ууган мастер, Монгол Улсын мэргэн Шагдар Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээн зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд явагдах аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2016.06.16-нд/ болж, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна. Хувьцаагаа худалдах хүсэлтээ эхний ээлжинд гаргасан 368 мянган иргэний хувьцаа борлуулсны төлбөрийн гуравны нэг болох 100 мянган төгрөг ирэх 7 хоногийн эх гэхэд тухайн иргэний дансанд орно гэж Засгийн газрын хуралдаанд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан мэдээллээ.

“Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1072 хүртэлх энгийн хувьцаанаас эхний ээлжинд 322 хувьцааг багцаар нь 300426 төгрөгөөр зохих журмын дагуу шууд, цаашид үлдэх хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмын талаар хэлэлцэж, тогтоолд тодорхой өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсөвт дарамт учруулж, ямар нэгэн байдлаар хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Ийм зүйл байхгүй. Мөн ирэх сараас цалин тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээллүүдэд үнэний хувь байхгүй гэж мэдэгдэж байна. Цалин тэтгэвэр, урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа. Цаашид хуваарийн дагуу хийгдэхээр төлөвлөгөөнд туссан учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Тодорхой гүйцэтгэл гараагүй байхад зарим нэгэн төрийн байгууллагууд янз бүрийн мэдээлэл гаргаж, үүгээр янз бүрийн улс төр хийж, ард түмний дунд буруу мэдээлэл гаргах явдал гарч байна. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой бодит мэдээллийг олон нийтэд мэдээллэхийг хүсч байна гэж Сангийн сайд Болор хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ан агнуурын тусгай зөвшөөрлийг түр хязгаарлана

2016 оны 7-р сарын 15-16-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалт болно. Энэхүү дээд түвшний уулзалттай холбоотойгоор БОНХАЖЯ-ын Төрийн захиргааны удирдлагын газраас ан, агнуурын тусгай зөвшөөрлийг түр хязгаарлахаар болсон байна. Тодруулбал, 6 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ныг дуустал тусгай зөвшөөрөл олгохгүй юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүллээ

Өнөөдөр арилжааны банкууд 105.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн 26.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк 100 хувь биелүүллээ. Арилжааны банкууд 1950.00-1955.00 төгрөгийн ханшаар 1.6 сая ам.доллар худалдан авах, 1968.00 төгрөгийн ханшаар 3.0 сая ам.доллар худалдах, 296.11-296.80 төгрөгийн ханшаар 7.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк дуудлага худалдаанд ирүүлсэн саналыг биелүүлсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

ACEM-ын орнуудын хүнсний салбарын төлөөлөгчид Монголд чуулна

АСЕМ-ийн дээд түвшний аравдугаар уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа нарын холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд Монгол дахь Элчин Сайдын Яамд консулын газрууд, Европын холбоод оролцох юм.

Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих болон үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэх юм байна. Хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэг түлхүү анхаарах ажээ. Энэ талаар ХХААЯ-ны гадаад хамтын ажилагааны хэлтсийн дарга Б.Биндэръяа “Энэхүү уулзалтын зорилго нь Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох явдал юм. Манай улс дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаараа мөн АСЕМ-ын үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцож байгаа нь олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой” гэж тодотголоо.

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Энэ хүрээнд Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал /хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам/,Хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал /Зах зээлийн чиг хандлага/,Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлаг, Мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр /хил дамнасан малын халдварт өвчин, Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудал зэрэг илтгэлүүд тавигдах аж.