Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

1072 хувьцааны 322-ыг банкаар, үлдсэнийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан өгөхөөр боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр үдээс хойш болж, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байна. Хувьцаагаа худалдах хүсэлтээ эхний ээлжинд гаргасан 368 мянган иргэний хувьцаа борлуулсны төлбөрийн гуравны нэг болох 100 мянган төгрөг ирэх долоо хоногт тухайн иргэний дансанд орно гэж Засгийн газрын хуралдаанд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан мэдээлэв.

“Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгасан юм. “Эрдэнэс Таван толгой” компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1072 хүртэлх энгийн хувьцаанаас эхний ээлжинд 322 хувьцааг багцаар нь 300426 төгрөгөөр зохих журмын дагуу шууд, цаашид үлдэх хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийхдээ “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмыг хэлэлцэж, тогтоолд зарим өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсөвт дарамт учруулж, хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Ийм зүйл байхгүй. Мөн ирэх сараас цалин тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй шэсэн мэдээллүүд үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Цалин тэтгэвэр, урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа, цаашид ч асуудал гарахгүй” гэж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд захиалдаг боллоо

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ.

Уг үйлчилгээ нь гадаад паспортын ачааллыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг хэмнэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх олон давуу талтай. Тодруулбал, гадаад паспорт шинээр захиалах иргэдээс цээж зураг зайлшгүй шаарддаг байсан бол Дүнжингарав, Драгон, Мишээл төвөөр үйлчлүүлэх иргэдээс гадаад паспортын зураг шаардахгүй бөгөөд бүртгэлийн ажилтан тухайн иргэний зургийг бүртгэл хийх үедээ авах юм.

Бэлэн болсон гадаад паспортыг өөрийн хүсэлтээр “Монгол шуудан” компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно. Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг хийхгүй бөгөөд Зуун айлд байрлах Гадаад паспортын хэлтэст хандаж сунгуулна.

Анх удаа авж байгаа бол иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримтаа авч очно. Хүчинтэй байдал нь алдагдсан болон хугацаа нь дуусч дахин авах бол хуучин гадаад паспорт, иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримт хэрэг болох аж. Эзэн өөрийн биеэр ирж хурууны хээгээ уншуулж таниулах ёстойг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно

НӨАТ-ын тухай хууль энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл энэхүү урамшуулалтай НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баримтаар сугалаанд оролцох боломжтой болсон. Уг сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт 19:30 цагаас МҮОНТ шууд дамжуулах гэж байна.

Сугалаанд оролцогч сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар журамд өөрчлөлт орсон тул та 5 сарын 1-нээс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан баримтаа 6 сарын 18-ны өдөрт багтаан бүртгүүлж ирэх ням гаригт явагдах сугалаандаа оролцоорой.

Түүнчлэн албан татвар төлөгч нь төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авхын тулд төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

Зуслан руу өдөр бүр автобус явж байна

Нийслэлийн тээврийн газраас зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 06 сарын 11-ний өдрөөс эхлэн явуулж эхэлсэн.

Энэ жил зуслан руу ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлж байна.

Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилж байна. Зуслан руу явах автобусууд өглөөний 06:45 цагаас эхлэн оройн 22:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Автобусны маршрутыг доорх зургаас дэлгэрэнгүй харж болно гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцэх хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганхүү: “Яг түүн шиг” шоуг гарахад “Халтар царайт”-ыг үзэж байсан үе шиг гадаа ганц ч хүн байхаа больсон судалгаа байна лээ

“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлгийн шүүгч, НИТХ-ын төлөөлөгч, “Шар айраг” хамтлагийн дуучин, уулын спортын мастер Г.Ганхүүтэй уулзаж хөөрөлдлөө.

-“Яг түүн шиг” цэнгээнт нэвтрүүлэг олны талархлыг багагүй хүлээж байх шиг байна. Байнгын хоёр шүүгчийн нэгээр та ажиллаж байгаа. Энэ шоуныхаа талаар яриач?

-“Боловсрол суваг” телевизээс надад энэ шоуны шүүгчээр ажиллаач гэсэн санал ирсэн. Би зурагтаар “Nostalgie” нэвтрүүлгийг зургаан жил хөтөлсөн. Бас бус хөгжмийн нэвтрүүлгүүд ч хийж байсан болохоор намайг урьсан байх. Анхандаа ийм сүртэй шоу болно гэж төсөөлөө ч үгүй. Өнгөрөгч ням гаригт зургаа дахь дугаараа цацлаа. “Максима” судалгааны байгууллагын судалгаагаар энэ нэвтрүүлэг далан хувьтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл “Яг түүн шиг” шоуг Монголын хүн амын гурван хүний хоёр нь бүтэн сайн өдрийн орой үздэг болсон байна. Саяхан би орон нутгаар яваад ирлээ. Тэгэхэд уулзсан хүн бүхэн “Халтар царайт” кино гарч байсан үе шиг болсон. “Халтар царайт”-ыг гарахад гудамжинд нэг ч хүн байдаггүй байсан шиг танай нэвтрүүлгийг үзэж байна. Ялангуяа сум, аймгийн төвд ням гаригийн орой гадуур ямар ч хүн байхаа больсон. Энэ их улстөржилтийн хажуугаар танай шоуг үзэж л таашаал авч байна. Маш их баярлалаа гэцгээж байсан. Шүүлтийн хувьд төслийн удирдлагууд надтай уулзаж “Сайн шүүж байна” гэсэнд баяртай байгаа. Үүнд нь би урамтай шүүгээд явж байна.

-Энэ шоуг албан ёсны эрхтэйгээр гаргаж байгаа гэсэн. Манай улс эрхийг нь авсан хэд дэх улс билээ?

-Дэлхийн урлагийн гайхамшигт одуудыг нэгэн тайзнаа нэгтгэдэг “Яг түүн шиг” шоу төсөл олон улсад амжилттай хэрэгжиж байгаа. Нидерланд улсын “Эндемол Шайн” группийн санаачлан зохион байгуулж эхэлсэн тус шоуг дэлхийн 39 орон албан ёсны эрхтэйгээр өөрийн улсдаа зохион байгуулдаг юм билээ. Манай улс 40 дэх улс нь болсон. Олон улсын продюссерууд нь ирж уулзаж, бидэнд зөвлөгөө өгсөн. Эхний хэдэн дугаарыг үзээд тэд сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлсэн.

-Оролцогчдын хувьд Монголдоо төдийгүй олон улсад ч танигдсан одод байгаа. Тухайлбал, ОХУ-ын Буриадын ардын жүжигчин Б.Амархүү байна. Өөр улс орнуудын хувьд “Яг түүн шиг” шоунд урлагийн одод оролцдог юм уу, эсвэл дурын сонирхогч ч оролцдог юм болов уу?

-Янз бүр л байдаг юм билээ. Улс болгонд өөр байдаг. Манайхан ерөнхийдөө Оросын телевизийн шоуг хардаг. Анхны дугаараасаа л олны танил биш залуусыг цуглуулж оруулдаг. Индонези, Тайландад тухайн улсын одууд оролцох жишээтэй. Латин Америк, Европын хэд хэдэн улсад энэ шоу явагдсан. Манай улсын хувьд олон улсын шоуг албан ёсны эрхтэйгээр авч байгаагийн хувьд эхний шоу амжилттай байх ёстой учир олны танил, чанар чансаатай хүмүүсийг оролцуулах бодлого баримталсан. Энэ нэвтрүүлэг брэнд болоод явна. Тэнд харин залуучууд маань олны танил байх албагүй, авьяастай залуус оролцох үүд хаалга нээлттэй байх болно. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Тиймээс эхний дугаарууддаа чадварлаг дуучид, чадварлаг загвар өмсөгч залуусыг оролцуулсан нь оносон болов уу.

-Оролцогч наймаас та онцолчихоор хамгийн авьяаслаг нь хэнийг гэж бодож байна?

-Би шүүгч хийж байгаа хүний хувьд шоу дуусаагүй учраас үүнийг яг таг хэлж болохгүй. Ёс зүйн хувьд ч зохимжгүй. Бүгд л авьяаслаг залуус. Тэр дундаа мэргэжлийн дуучин биш Энхболд, Сарнай, Мөнхсоёл гэсэн гурван хүн байгаа. Эдний тухайд би маш их баяртай байгаа. Энэ шоунд заавал дуучин хүн оролцох албагүй, үнэхээрийн авьяастай, өөрийгөө сорих хүсэл сонирхолтой залуус оролцож болох юм аа гэсэн үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал. Ер нь бүх оролцогч маш шаргуу ажиллаж байгаа. Долоо хоног бол шинэ дуу сураад өөрийн болгоод, яг түүн шиг дуулаад хөдөлгөөн, дотоод сэтгэлийг нь гаргана гэдэг тийм амар зүйл биш. Тийм учраас энэ найм үнэхээр мундаг залуус. Миний хувьд наймуулаа л ялагч. Оноо бол тийм ч сонин биш. Энэ шоу долдугаар сарын 10-нд наадмын өмнө өндөрлөнө.

-Нэвтрүүлгийн хөтлөгч жүжигчин Цолмонбаяр өөрийг чинь “Танин мэдэхүйн хичээл орчих юм аа” гээд бахархсан янзтай байсан. Үнэндээ ч үзэгчид таны өргөн мэдлэгтэйг бахархаж байгаа нь нууц биш санагдсан шүү?

-Дууны санд байгаа дуучдын олонхыг би мэдэх юм. “Nostalgie” нэвтрүүлэг маань таван жил гаруй хугацаанд явж байна. Энэ нэвтрүүлгээр би дэлхийн од олон дуучдын талаарх мэдээ, мэдээллийг үзэгчид, сонсогчдодоо өгч байсан. Тиймээс надад их хэцүү байгаагүй. Хамгийн хэцүү нь юу вэ гэвэл энэ сайхан авьяастай залууст оноо өгөх л тун ч бэрх ажил юм байна. Нэг зүйл тодотгоод хэлэхэд “Universe best songs” ч юм уу, “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт шүүгчийн хувьд хэн ч танихгүй хүмүүс оролцож байгаа. Тэднийг шүүгээд, шүүмжлээд, хасаад явахад амархан. Энэ найман залуус бол наймуулаа миний маш сайн таньдаг дүү нар. Эд нартаа нэгэнд нь дөрвөн оноо, нөгөөд нь 12 оноо өгнө гэдэг үнэхээр хэцүү ажил. Дээрээс нь цахим ертөнц хөгжчихсөн, нэвтрүүлэг ард түмний нүдэн дээр шууд явж байгаа гэдэг утгаараа маш хариуцлагатай ажил. Дэмждэг хүмүүс ард нь байгаа. Тиймээс бусад шоуг бодвол “Яг түүн шиг” шоуг шүүнэ гэдэг хэцүү хариуцлагатай ажил болж байна даа.

-Нэгэнт цацагдчихсан зургаан нэвтрүүлгийн зочин шүүгчдийн талаар та ямар бодолтой байна?

-Энэ шоу угаасаа зочин шүүгчтэй байх ёстой юм билээ. Цаад стандарт нь тийм байдаг гэсэн. Шоу гэдэг утгаараа энэ нь ч зөв байх. Зочин шүүгчийг сонгон шалгаруулах тал дээр “Боловсрол суваг”-ийнхан өөрсдөө ажиллаж байгаа. Миний санал болгосон Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, зураач С.Саранцацралт нарыг нэвтрүүлгийнхэн маш уриалгахан хүлээж авч шоуны зочин шүүгчээр суулгасан. Зочин шүүгчид энэ шоунд нэг өнгө нэмж байгаа.

-Зургаа дахь шоуны зочин шүүгч Азийн топ модель Г.Оюунгэрэл, шүүгч жүжигчин Н.Онон, та гурав үеэл улсууд гэв үү?

-Хүссэн, хүсээгүй ийм тохиол болчихлоо. Ганхуягийн Оюунгэрэл бид хоёр үеэлүүд. Ах дүүсийн хүүхдүүд. Онон бид хоёр бас хамаатан.

-Ямар хамаатан билээ?

-Их л ойрын хамаатан улс. Нэвтрүүлэгт гурван хамаатан шүүгчийг албаар авчраад суулгачихсан юм биш. Телевизээс, цаанаасаа л сонгосон шүүгч нь Оюунгэрэл байсан. Гэнэт анзаарсан чинь л хамаатан улс гурван шүүгч нь болчихсон тохиолдол гарч байна л даа.

-Та энэ шоунд л зориулж дэлхийн од дуучдын талаар мэдээлэл хуримтлуулж байна уу. Эсвэл таны мэдлэгийн хүрээ тийм өргөн юм уу?

-Миний нэг онцлог нь нэвтрүүлгээ хийхдээ хэзээ ч айхтар юм бэлддэггүй. Олон жил алтан тайзан дээр урлагт зүтгэж яваа хүний хувьд тухайн үеийн нөхцөл, үзэгчдийн эмоциос шалтгаалж өөрийн сэтгэгдлээ л хэлж байгаа юм. Дуучдын талаар бол нэвтрүүлэг бэлдэж байх явцад онц сонирхолтой зүйлс нь сэтгэлд үлдчихсэн байдаг. Тэрийгээ л гаргаж бусадтай хуваалцаж байгаа хэрэг. Би ер нь их олон арга хэмжээ хөтлөх урилга авдаг хүн. Тэр нь үзэгчдээ их мэдэрдэг, мэдээлэл их авдагтай минь холбоотой болов уу. Миний нэг бодож явдаг зүйл бол залуусынхаа тархинд нэг юм үлдээе гэсэн бодол. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань ч ийм л бодлоос төрдөг байсан. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад лекц унших урилга ирдэг. Бусадтай өөрийн үзсэн харснаа хуваалцах сайхан санагддаг.

-“Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг чинь гарч байгаа юу?

-Сэтгүүлч З.Алтай ах маань УИХ-ын гишүүн болоод гадаадад Элчин сайдаар томилогдоод явснаас хойш аялал маань өндөрлөсөн. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг маань 25 дугаар суваг телевизийн өмч. Алтай ахыгаа эзгүйд үүргэвчтэй аялал хийгээд нэвтрүүлэг бэлдээд явна гэдэг эрхзүй талаасаа эрх нь хаагдмал. Гэхдээ би үргэлжлүүлээд “Ганхүү далайн гүнд”, “Ганхүү-Метронд”, “Ганхүү Антарктидад”, “Ганхүү Африкт” гэсэн хэд хэдэн нэвтрүүлэг хийсэн.

-Өөрөө аялахаас гадна уулын спортын мастер хүн дээ?

-Дэлхийн зургаан тивийн долоон өндөр уул байдаг. Тэрний гурван оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг анх удаа мандуулсан уулчин болсон. Уулчин ч юу байхав дээ, хообийндоо хөтлөгдөж явсаар энэ уулсын оргилд гарсан. Сүүлийн хоёр уулан дээр уулын спортын олон улсын хэмжээний мастер Өсөхбаяр нарын мэргэжлийн уулчдаас зөвлөгөө авч гарсан л даа. Антарктид, Австрали, Африк тивийн гурван өндөр ууланд гарсан. Үүнийг маань төр засаг өндрөөр үнэлж спортын мастер гэдэг эрхэм хүндтэй цол олгосон.

-Уулын авиралт бол яах аргагүй эр зоригийн спорт. Та анхлан сонирхогчийн хэмжээнд байсан хүн одоо бол мэргэжлийн уулчин болжээ дээ?

-Үнэхээр гайхамшигтай спорт. Ууланд авирч байхдаа “Би чинь ямар тэнэг хүн бэ” гэж бодох үе зөндөө гарч байлаа. Авираад буух үедээ “Дараагийн гарах оргил минь юу билээ” гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ. Уулын спорт гэдэг өөрөө өөртэйгөө өрсөлдөх чадвар юм даа. Ер нь хүн ямар ч зүйлд “Өрөөл бусадтай өрсөлдөөд байна” гэж бодоод байдаг боловч хамгийн чухал нь өөрөө өөртэйгөө өрсөлдөх л байгаа юм.

-Ууланд авирч явахдаа эрсдэлтэй зүйлтэй тохиолдож байв уу?

-Өө, тохиолдолгүй яахав. Хөлдөөд үхчихсэн хүний хажуугаар өнгөрөөд л дээш явна шүү дээ. Антарктидад тийм тохиолдол таарч л байсан.

-Хөлдсөн хүнтэй таарлаа гэхэд тоолгүй орхиод явах уу?

-Өөрийнхөө урд талын оргилд л гарахын тулд хаяад явахаас өөр арга байхгүй. Оргил дээр гарах нь л хамгийн чухал асуудал шүү дээ.

-Далайн ёроол цэвэрлэнэ гэдэг шиг уулын оргилд эндэгсдийн шарилыг буулгаж цэвэрлэдэг хүмүүс байдаг л байх даа?

-Тусдаа цэвэрлэдэг мэргэжлийнхэн байдаг.

-Та НИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Би ИЗНН-д харьяалалтай хүн. Манай нам энэ сонгуульд АН-ыг дэмжиж сонгуульд оролцох болсон учраас нэрээ дэвшүүлээгүй. Би Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер-дизайнер мэргэжлээр зургаан жил сурч 1990 онд төгссөн. Тэнд сурч байхдаа л ардчиллыг анхнаас нь дэмжиж, С.Зориг ахынхаа үүрэг болгосны дагуу “Ардчилал” сониныг гадаадад сурдаг оюутнуудад тараадаг сонгуульт ажилтай хүн байлаа. НИТХ-ын төлөөлөгч байхдаа хоёр ч ажлыг нэлээд урагшлуулсан гэж бодож байгаа. Нэг нь Улаанбаатарын метро. Ямар ч байсан гарт барих ТЭЗҮ-тэй болгож авлаа. Метроны техник эдийн засгийн үндэслэлийг гаргасан Японы “Жайка” байгууллагыг онцлон дурдах ёстой.

-Нөгөөх нь ямар ажил байв?

-Нөгөөдөх нь гэвэл рок, попын ордон барих асуудал. Бид гадаадын маш олон хамтлаг, дуучдыг урьж авчирч тоглолт хийж байсан. Хамгийн сүүлийнх нь гэхэд “Бутлик Битлз” хамтлаг байна. Монголд олон улсын стандартад нийцэхээр тоглочих талбай байхгүй байгаа. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчимд 4.5 га газрын асуудлыг шийдүүллээ.

-Ногоон нуурын айлуудтай тохирч газрыг нь чөлөөлөх үү?

-Тэнд 193 нэгж айлуудаас зуугаад айлын нөхөн олговор олгож, нүүлгэн шилжүүлсэн. Одоо дал, наяад айл үлдсэн байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түгжрэлийн шалтгаан нь амиа бодсон жолооч

Сая хүүхдийн баярын үеэр Тэрэлж рүү явагсад буцаж ирэхдээ бөөн түгжрэлд ороод, 4-5 цаг болж байж, зарим нь өглөө үүрээр л нэг юм гэрийн бараа харцгаажээ. Бүүр хошин хэлц хүртэл гараад амжсан байх жишээтэй. “Хөвсгөлөөс ирэгсэд-2 буюу Тэрэлжээс буцагсад” гээд зурагт хуудас хүртэл хийчихсэн байгаа юм. Тэрэлжээс ирэгсдийн замын түгжээнд орсон гол шалтгаан нь ердөө л урсгал сөрж давхисан амиа бодсон жолооч нараас болсон. Нэг их айхтар авхаалж самбаатай, хурдан түргэн явдаг хүмүүс болох гэж оролдогсдын балаг. Урсгал сөрөгсөд эсрэг урсгалын тээврийн хэрэгслүүдийн өөдөөс давхиж очсоноос болоод тухайн замыг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихсон. Уг нь хэсэгхээн хугацаанд хүлээцтэйхэн хандсан бол хэзээ ч тэгж олон цагаар түгжрэлд нам зогсохгүй, бага хурдаар явсаар байгаад асуудал шийдэгдэх байсан. Яахав, ойрын ирээдүйд хотоос орж гарах гарцуудын тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Санаагаар болдог бол Богд уулыг нүхлээд Төв аймгийн Зуунмод сумтай холбочихмоор. Бас нэг гарц нэмэгдэнэ. Дагаад хэт төвлөрөл ч саарна. Хараад байхад хотын замын түгжрэл гацааны бараг тал хувь нь жолоочийн өөдгүй байдлаас болж байгаа. Хэдхээн хором хүлээгээд л болох байсан зам дээр заавал урсгал сөрж очоод таг болгочихдог. Тэгэхээр жолооч нарын ухамсарт л жаахан юм хийх хэрэгтэй байна л даа. Жолооны курст бүүр эхнээс нь энэ талаар тусгай багш нараар хичээл заалгадаг баймаар санагддаг. Арван жил, их дээд сургуулиудад ч гэсэн замын хөдөлгөөний соёлын талаар тусгай хөтөлбөр бий болгох шаардлага гарч байх шиг. Жолоо барих нь хүн бүрийн л эзэмшсэн байх зүйлийн нэг тул жолоо барих эрх авагсдын ухамсарт л шинэчлэл хийх хэрэгтэй байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөговь аймгийн Булган сумын бага сургуулийн гурав дахь төгсөлтийнхөн

Өмнөговь аймгийн Булган сумын бага сургуулийг 1962-1966 онд төгссөн сурагчдыг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Эдний ангийнхан Булган сумын бага сургуулийн гурав дахь төгсөгчид юм байна. Төгсөлтийнхөө 50 жилийн ойг тэмдэглэж Чингисийн талбайд 12:00 цагаас уулзахаар товложээ. Уулзалтыг зохион байгуулж буй ангийн дарга П.Ядамдорж, Х.Цэрэндаваа хоёр цагаасаа эртлэн ирж автобус унаа, уулзалтын маршрутыг бэлтгэжээ. Х.Цэрэндаваа “Ангийнхныгаа хүлээж авахад бэлэн боллоо. Сургуулиа төгсөөд 50 жил болсон байна. Ангийнхан маань хөдөө голдуу байдаг ч ажлаа амжуулаад тэмдэглэлт баяртаа заавал ирж байгаа юм” хэмээн ярьж байтал ангийн хэсэг хүүхдүүд ирлээ. П.Ядамдорж “Манайхан цаг барьдаг хүмүүс шүү. Ажил, амьдрал нь сайн уу” гэсээр угтлаа. Нэг нэгнийхээ мэндийг мэдэлцэж хоорондоо хөгжилтэй яриа дэлгэж байх хооронд ангийнхан товлосон цагтаа бүгд цуглажээ. Эдний ангийнхан 26 хүүхэдтэй байсан бөгөөд 11 эрэгтэй, 14 эмэгтэй сурагчтай байсан аж. Жар нэлээд гарсан ч бага ангийн дурсамжаа ярихад сурагч насандаа очиж буй мэт сэтгэгдэл төрж байлаа. Ангийнхан Чингисийн талбай дээр дурсгалын зургаа татуулаад Гандан хийдэд очихоор хөдөллөө.

Эдний ангийнханд төлөвших үндэс суурь тавьсан анхны багш нь н.Төмөр гэнэ. Нэгдүгээр ангид орсон багачуудад үзэг барьж үсэг бичихийг зааж өгчээ. Харин хоёрдугаар ангиас нь дөрөвдүгээр анги төгстөл нь О.Батчулуун багш удирдан чиглүүлжээ. “Ангийн багш нарын бидэнд зөв суурь хүмүүжил өгсөн ач гавьяанд нь талархаж явдаг. Багшийнхаа хүмүүжүүлснээр ангийнхан маань 62-63 настай ч одоог болтол архи уудаг хүн байхгүй” хэмээн Д.Буджав ярив.

1962 онд сургуульд элсэн орсон хүүхдүүд даалимбан таван хошуутай цүнх барьж, эмэгтэй хүүхдүүд нь ногоон дээл, эрэгтэй хүүхдүүд нь цэнхэр дээлээр жигдэрдэг байсан гэнэ. Харин дөрөвдүгээр ангид орох жил буюу 1963 оноос форм өмсүүлж эхэлжээ. Эрэгтэй хүүхдүүд хилэн өмд, бор форм өсдөг байсан бол эмэгтэй хүүхдүүд нь бор даавуун форм, цагаан парчигтай хичээлдээ явдаг болсон аж. С.Лиймаа “Хүүхдүүд хааяа форм, парчиг өмссөн байхыг харахаар сэтгэлд нэг л дотно сайхан харагддаг шүү” гэв. Тухайн үед бага ангийнхан ч гэсэн эцэг, эхчүүд нь малчид учраас дотуур байранд байрладаг байсан аж. Ц.Дарамбазар “Хүүхдүүд л болсон хойно сахилгүйтэх үе байлгүй яахав. Ангиараа лапта матк тоглож гүйлдэж байсан” хэмээсэн юм.

Х.Цэрэндаваа “Манай ангийнхан ихэнх нь онц сурдаг байсан мөртлөө суруулиа төгсөх үед ихэнх нь малчин болж байсан. Дандаа малчдын хүүхдүүд учраас арга ч үгүй биз дээ. Зарим нь аймаг орж сургуульд суралцаж байлаа. Манай анги их онцлог. Бага сургуулийнхан мөртлөө 60 гарсан хойноо ч ангиараа хааяа уулздаг юм. Энэ нь бид нэгнээ ихээхэн хүндэлдгийн илрэл. Бид бага сургуулиа төгссөн ч байнга холбоотой байсан. Энэ уулзалт дээр ганц, хоёрхон хүн ажилтай учраас ирж чадаагүй байна. Бас ангийн Ж.Оролмаа, Ж.Төмөрбаатар хоёр маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Бидний энэ уулзалт эртнээс төлөвлөсөн уулзалт болохоор сайхан байна. Бид 50 жилийн ойгоороо хийх ажлын төлөвлөгөө гараад эхний ээлжинд төрөлх сургуульдаа нэг кабинет тохижуулж өгсөн. Тэгээд цугларсных Монголынхоо үзэсгэлэнт байгалийг үзэж 1500 км газар аялна” хэмээн ярилаа.

П.Ядамдорж “Манай ангийнхан тухайн үед монтаж гэж хийлгэж байсангүй. Хэдэн хар зурагтай л төгсөж байсан. Тэдгээрийг нь нэгтгэж байгаад 50 жилийнхээ ойгоор монтаж хийж ангийнхандаа тараасан юм. Монтажинд 50 жилийн өмнөх болоод дараах зургийг харьцуулж дурсгал болгон хийлээ. Хамт олон маань сайхан хүлээж авч байна” гэлээ.

Эдний ангийнхан сургуулийнхаа үлгэр жишээ онц сурлагатнууд байжээ. Энэ тухайгаа А.Чадраа “Манай анги угаасаа х сурлага сайтай. Тэн хагасаас илүү нь онц сайн сурдаг. Сургуульдаа тэргүүний анги байсан юм. Ангийн багш Батчулуун сайн хүн байсан учраас ангиараа л онц төгссөн. Их үлгэр жишээ анги байлаа. Тийм ч болохоор төр засгийн байгууллагад манай ангиас олон хүн ажиллаж байсан одоо ч ажилласаар байна” гэв.

Хөдөлмөрч, хичээнгүй ангийнхнаас малчид, багш, эмч, сувилагч, эдийн засагч, сэтгүүлч, зоотехникч, жолооч гээд салбар салбартаа манлайлан, залуу хойч үедээ үлгэрлэл үзүүлдэг боловсон хүчнүүд болсон юм. Хийж бүтээхээ хангалттай хийсэн тэд өдгөө гавьяаныхаа амралтад гарчээ. Гэхдээ гавьяаныхаа амралтыг авлаа гээд зүгээр суусангүй, ангиараа нийлж гурван жилийн өмнө ангийнхаа Буддоржийг Булган сумын Засаг дарга байхад нутгийн иргэдтэй нийлж Баруунсайхан уулын Сэнжитийн хөөрхөн дэвсэг орой дээр бясалгалын сүм байгуулсан аж. Өнөөдөр нутгийн иргэд амар амгаланг бодож бясалгадаг чухал газар болжээ.

Ангийнхан нийлж говийг хангай болгох төслийн хүрээнд мод тарьж төгөлжүүлж байгаа гэнэ. Мөн өнөө жил төрөлх нутагтаа 10 буга нутагшуулсан байна. Нутагшуулсан буга нь байгальдаа дасан зохицож байгаа гэнэ. Тэдний зорилго Өмнөговь аймгийн Булган сумыг буга, хулан бэлчсэн байгалийн үзэсгэлэнг хэвээр хадгалан үлдээх чин хүсэлтэй байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

“Эрхэм Итгэл”-ийн тод мөр замын эхэн

“За” гэдэг үгийн цаана маш их зүйл багтдаг. Энэ үгийг хэлэхэд нэрэлхэх, зөвшөөрөх, хурдан салахын түүс болох, хоромхон мартахын эхлэл гэх мэт олон янзаар бодлоготой, бодлогогүй амнаас гардаг. Энэ мэтээр энэ үг алба, амины олон ажлыг амжуулна ч, бас алдуулна ч. Эцсийн эцэст энэ үгийн цаана хүний мөс харагдаж байдгийг бодууштай юм шүү.” Энэ үгийг Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, найруулагч Ламзавын Ванган нэгэнтээ хэлжээ. Тэгвэл Ламзавын Ванган агсны намтар уран бүтээлийн “Хүний мөр” хэмээх ном хэвлэгдэн гарлаа.

Энэхүү номыг СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Урлаг судлал, Утга зохиолын тэнхимээс эрхлэн гаргажээ. “Хүний мөр” ном нь гурван бүлэгтэй бөгөөд эхний “Суу билигтний замнал” бүлгийг тус тэнхимийн багш Я.Баяраа, “Жүжиг, киноны хүчирхэг зохиолч” хэмээх хоёдугаар бүлгийг мөнхүү тэнхимийн залуу багш Х.Чойдогжамц, гуравдугаар бүлэг “Найруулагч Ламзавын Ванган”-ыг мөнхүү сургуулийн багш Л.Дэмидбаатар нар тус тус гардан бичиглэжээ.

Энэ эрхэм хүний уран бүтээл, авьяас билгийн тухай сонины бяцхан зайд өгүүлэх аргагүй тул зөвхөн нэгдүгээр бүлгийн намтар хэсгээс нь цухас өгүүлье. Аливаа зүйлийг эхээс нь хөөн эхлэх учиртай билээ.

Л. Ванган 1920 онд Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу, одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Долгоржавын Ламзавын ууган хүү болон мэндэлжээ. Ванган гэдэг түвд нэр нь “Эрхэм Итгэл” гэсэн утгатай аж. Түүний эцэг Д.Ламзав нь залуу багш Я.Баяраагийн судалснаар хошууны түшмэл төдийгүй нийгэм, улс төрийн идэвхтэй, улс орны хэтийн хувь заяанд ихээхэн санаа сэтгэл зовнидог сэхээтэн байсан аж. Нийгэм, улс орны сайн сайхны төлөөх олон олон үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон бөгөөд 1924 онд анхны Үндсэн хуулийг батлалцсан нэгэн. Энэ мэт үүх түүх, угсаа гарвалыг нь судлан үзвэл Л.Ванган нь яахын аргагүй “Нэртэй хүний зүстэй хүү” юм. Гэвч энэ бүхэн нь ороо бусгаа цагийн жишүүн салхинд жиндэх, зовох шалтаг шалтгаан болсон гэлтэй. 1934 онд түүний ээж н.Намжим хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь Л.Ванган гэгч нэгэн сод хүмүүн бага залуу насандаа өөд нарын бараа харахгүй зовж зүдэхийн эхлэл болжээ. Учир нь Д.Ламзав 1937 онд их хэлмэгдүүлэлтийн “Анхны 14”-ийн нэг болж, цаазлуулахын даваан дээр асран халамжлах хүнгүй гурван өнчин хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 10 жилийн хорих ял сонсчээ. Энэ дүйвээнээр Улаан-Үдэд суралцаж байсан Л.Ванган эсэргүүний хүү гэгдэн сургуулиасаа хөөгдсөн байх юм. Гэртээ буцан ирэхэд нь ханхай гэр, өргөмөл ганц охин дүү нь тормойж угтжээ. Ингээд бүх зүйл Л.Ванганы нуруун дээр буусан байна. Энэ үеийн хатуу бэрх амьдралтай, басхүү зориг тэмүүллээр дүүрэн цэл залуухан Ванганыг номын “Ангиаг эзгүй байхад” хэмээх хэсгээс мэдэж болно.

“Эсэргүүний хүүхэд”-ээс амьдралын гараагаа эхэлсэн ч Монгол Улсын циркийн урлагт төрсөн дүү Л.Нацагийнхаа хамт тод мөрөө үлдээжээ. Мөн чамгүй зураач байсныг нь ч түүх сурвалжууд гэрчлэх аж. Түүний амьдралд тохиолдсон онцгой содон үйл явдлуудын нэг нь А.В.Луначарскийн сургуульд явсан үе. Бага балчир үеэсээ буюу 1934 онд үлгэр жишээ дунд сургуульд мөр зэрэгцэн суралцаж явсан багын найз С.Гэндэнтэйгээ 1946 оны намар нь А.В.Луначарскийн сургуулийн үүдний зааланд таарна гэж хэн санах билээ. Хожмоо Монголын театрын анхны мэргэжлийн найруулагчид болон эргэж ирсэн С.Гэндэн, Л.Ванган нар бол жинхэнэ хувь заяагаар холбогдон нөхөрлөсөн хоёр гэлтэй. Л.Ванган хүнийг таньж, нөхөрлөж, ханилж, хайрлаж чаддаг нэгэн байсан гэдэг. Түүний гэргий Т.Пялзай “Аавынхаа нэрийг дуудуулж муу авав гэж хүүхдүүддээ байнга захиж хэлдэг байлаа” гэсэн нь аргагүй л “том” хүний ухаант ханийн үг буюу.

Монголын театрын урлаг, кино урлаг, утга зохиолд ч өөрийн тод мөрөө үлдээсэн энэ эрхэм 49-хөн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Гэвч тэрээр үр хүүхэд, шавь нар, өөрийн өвөөрөө асар ихийг бидэнд үлдээжээ.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирлээ

Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсад ажлын айлчлал хийсэн билээ. Уг айлчлал амжилттай болж өндөрлөн, Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг тус тус хүлээн авч уулзсан юм.

Айлчлалын хүрээнд Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “УИХ-ын гишүүн болох агуу хүслийн эхлэл нь арваа онц төгсөх юм” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы томилолтоор сэтгүүлч Д.Даваасүрэн “Буйр нууранд осолдсон загасчдын эмгэнэлт хэргийг мөрөөр” газар дээрээс нь очиж сурвалжлага бэлтгэлээ. Сурвалжлагад дөрвөн загасчны ар гэрийнхэнтэй уулзаж тухай бичжээ. Дэлгэрэнгүйгээр нь XIII нүүрнээс уншаарай. Мөн нийгэмд болж буй үйл явдлын эргэн тойронд буюу “Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулагчид өөрсдийгөө бурхан гэж эндүүрч хүүхдүүдийн хувь заяаг шийдэж байна” сурвалжлагыг унших боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл XV нүүрт хэвлэгдлээ.

Улс төрийн нүүрт МУБИС-ийн Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн “Энэ удаагийн сонгууль мэдээллийн өлсгөлөн, хоосон орон зайд өрнөж байна” ярилцлага нийтлэгджээ. Мөн Ерөнхийлөгчийн Мьянмарын холбооны бүгд найрамдах улсад айлчилж буй мэдээлэл болон СЕХ-ны мэдээлэл судалгаа, аргазүйн хэлтсийн Ахлах референт Т.Гүенбаатарын “Одоогийн 14 аймаг, нэг дүүргийн сонгуулийн саналын хуудсыг хэвлээд байна” гэх тодруулгыг уншаарай. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Цэнгэллахмын “Мьянмарчууд Монголын ардчилалд шилжсэн үйл явц, туршлагаас суралцах сонирхолтой байдаг” гэх сонирхолтой ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VI нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Оюунтуяагийн “УИХ-ын гишүүн болох агуу хүслийн эхлэл нь арваа онц төгсөх юм” нийтлэл хэвлэгдлээ. Баримт, үйл явдал нүүрт цахим сэтгүүлзүйн шантаажны талаарх тэр бүр хүний мэддэггүй ноцтой мэдээллийг бичжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VII нүүрнээс уншаарай. “Өөрөөс нь…” булангаас жүжигчин Ч.Ундралын “Би аль хэдийнэ уучилсан…” ярилцлагыг уншаарай.

“Миний аав” булангаас нэрт найрлагч Г.Доржсамбуугийн хүү Амараагийн “Аавын тоглосон олон киноноос “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүр сэтгэлд дотно санагддаг” ярилцлага хэвлэгдсэн байна. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XIII нүүрнээс уншаарай. Мөн “Өдрийн сонин”-ы уламжлалт нүүр болох Улаанбаатарын амьдрал, дэлхийн спорт буланд сонирхолтой ярилцлага нийтлэл хэвлэгджээ.

Сонгодог урлаг нүүрнээс “Seoul international dance competition” тэмцээний тусгай байрын шагналт УДБЭТ-ын гоцлол бүжигчин, “Мөнгөн мод”-ын шагналт балетчин соёлын тэргүүний ажилтан Б.Саруул “Цагаан хунгийн дүрийг гаргахад гарын дэвэлт, зогсолтгүй үргэлжлэх хөдөлгөөн нь хэцүү байсан” ярицлага нийтлэгдсэн байна.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ