“Space X” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картертай уржигдар Пентагонд уулзсан тухай Америкийн хэвлэлүүдэд бичсэн. Хаалттай уулзалтын үеэр юун тухай ярьсан нь нууц. Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Батлан хамгаалахын сайд сүүлийн үед дэвшилтэт технологийн салбарт үйл ажилагаа явуулдаг компаниудын удирдлагатай уулзаж ямар шинэ технологи нэвтрүүлэх гэж байгаа талаар сонирхож байгаа гэв. Харин сэтгүүлчдийн ярьснаар Элон Маскийн тэргүүлдэг “Space X” компани нь Америкийн Засгийн газартай хамтран ажиллах шинэ гэрээ байгуулах гэнэ. Тодруулбал, шинэ хиймэл дагуул хөөргөхөөр тус компанитай хамтран ажиллах юм байна.
Шинэ технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөгчдийн нэг бол яах аргагүй Элон Маск юм. Түүнийг XXI зууны хөрөнгө оруулагч, тэрбумтан, шинэ технологийн зохион бүтээгч гэдэг. Өөрөөр хэлбэл, Билл Гейтс, Стив Жобс нарын халааг авах хүн.
Тэрээр төлбөрөө интернэтээр хийх, нарыг эрчим хүч гаргаж авахад ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “SolarCity” зэрэг компаниудыг байгуулсан. Ирээдүйд Ангараг гаригийг бүрэн эзэмшиж, нарны эрчим хүчийг хэрэглэж, байгаль орчинд ээлтэй машиныг улам боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилан бүтээсэн шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг нь түүний зорилго.
Элон Маск 1971 онд ӨАБНУ-ын Претор хотод төрсөн. Ээж нь загвар өмсөгч, аав нь бизнес эрхэлдэг инженер мэргэжилтэн хүн байжээ. Гэвч Элоныг багад нь эцэг, эх хоёр нь салж, бяцхан хүү аавтайгаа үлдсэн байна. Эцэг нь түүнийг боловсролтой хүн болгохын тулд чадах бүхнээ хийсэн гэдэг. Элон үеийнхээ хүүхдүүдээс огт өөр, спорт зэргийг сонирхдоггүй байжээ. Сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдэд дээрэлхүүлж, нэг бус зодуулж байж. Хэд хэдэн удаа сургуулиа сольсон боловч найзтай болоогүй бөгөөд номноос салдаггүй байсан гэдэг. Арван настайдаа анхныхаа компьютерийг бэлгэнд авснаар ирээдүйд бизнес хийх гараагаа эхэлсэн гэж болно. “Commodore VIC-20” компьютер дээр 12 настайдаа анхныхаа программыг зохиож 500 ам.доллараар худалджээ. “Blast Star” нэртэй харь гаргийнхныг лазерын буугаар бууддаг тоглоом зохиосон байна. Үүнээс хойш эмийн үйлдвэрлэл эрхэлдэг компанийн хувьцааг худалдан авч ханш нь ямар байгааг сониноос байнга хянаж байсан гэдэг. Хувьцаагаа нэлээд ашигтай зарж хэдэн мянган ам.доллартай болжээ. Ингээд Канад явахаар шийдсэн гэдэг. Эцэг, эх нь эрс эсэргүүцэж байсан боловч Элон бүгдийг өөрийнхөөрөө хийсэн. Ингээд их сургуульд элсэн орох хүртлээ Канадын Кингстон хотод хамаатныдаа амьдарч тэндээ оюутан болжээ. Стэнфордын их сургуульд шилжин суралцсан боловч төгсөөгүй, бизнес эрхэлсэн. 1996 онд ахтайгаа хамтран “Zip2” хэмээх программын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж гурван жилийн дараа “Zip2”-ийг “Compaq” компани 308 сая ам.доллараар худалдан авахад түүнээс долоон хувь буюу 22 сая ам.доллар Элонд оногдсон байна.
Нэлээд ашиг олсон тул “X.com” нэртэй шинэ компани байгуулж тэр нь удалгүй “Confinity”-тай нэгджээ. Түүний нэг салбар болох PayPal нь интернэтээр мөнгөн гуйвуулга хийх ажиллагааг хариуцдаг байв. Гэвч компанийн дотоод зөрчлийн улмаас Захирлын зөвлөлийн хурлаар Элон Маскийг ажлаас нь халжээ. Энэ хооронд тус компанийн үйл ажиллагаа улам хүчээ авч нэрээ өөрчилж “PayPal” болж хувьцаа нь хөрөнгийн бирж дээр борлогдох болсон. Тус компанийг “eBay” 1,7 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Энэ үед Элон Макс “PayPal” компанийн хувьцааны 11,7 хувийг эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл 165 сая ам.доллар оногджээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрээр гурав дахь компани болох “Space Х”-ийг байгуулж сансрын тойрог замд гардаг пуужин бүтээх ажлаа эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл сансрын системийн арилжааны оператор болсон гэсэн үг. 2008 оны арванхоёрдугаар сард Америкийн сансар судлалын агентлаг (NASA) нь “Space X” компанитай 1,6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд зааснаар есөн ширхэг “Falcon 9”-ийг хөөргөхөөр болжээ. Элоны ярьснаар энэ төслийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны зөгнөлт роман, Айзек Азимовын хүн төрөлхтнийг аврахын тулд сансрыг хэрхэн эзэмших талаарх үзэл бодол зэрэг нь нөлөөлсөн гэдэг.
Элон Маск сансарт нисэх зардлыг арав дахин багасгах зорилт тавьсан. Энэ нь “Space X” компанийг байгуулах болсон шалтгаан болсон бөгөөд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ оны өнгөрсөн нэгдүгээр сард Хонгконгт болсон хөрөнгө оруулалтын чуулган дээр Элон Маск есөн жилийн дараа буюу 2020-2025 онд компани нь Ангараг гариг руу нислэг үйлдэнэ хэмээн мэдэгдсэн.
Өнгөрсөн жил Элон хиймэл оюун ухааныг бүтээх ажилд 10 сая ам.доллар хандивлажээ. Тиймээс ч XXI зууны хөрөнгө оруулагч гэгдэх болсон. Элон Маск нарнаас эрчим хүч гаргаж авах, харь гаригийг эзэмших, байгаль орчинд ээлтэй машин бүтээх гээд дэвшилтэт технологи, өөрөөр хэлбэл дэлхийн ирээдүйтэй холбоотой шинэ технологийг бүтээдэг.
Тэрээр 2013 онд “Hyperloop” хэмээх тээврийн шинэ хэрэгслээ танилцуулсан. Шилээр гадаад ертөнцөөс тусгаарлагдсан унаа нь дээгүүр тусгайлан барьсан замаар 1200 км/цаг хурдтай давхих аж. Түүнийг бүтээхдээ сансарт хөөрөхөд хэрэглэдэг шинэ технологийг ашиглажээ. Энэ унаа хурднаас гадна хамгийн бага зардалтай. Шинэ тээврийн хэрэгслийг Калифорнид барихад ердөө дөрвөн жил шаардлагатай гэнэ. Үүнд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй юм. Зарим хүмүүс энэ төслийг хэрэгжинэ гэдгийг төсөөлж чадахгүй байна гэж байж.
Элон Маск энэ тухайгаа анх 2012 онд сэтгүүлчдэд ярьсан юм. Калифорни мужийн захирагч, Ерөнхийлөгч Б.Обама нартай энэ тухай ярина гэдгээ ч хэлж байжээ. Ингэхдээ Сан-Франциско-Лос-Анжелес хоёрыг холбосон зам тавихыг санал болгосон байдаг.
Цахилгаанаар ажилладаг унаа бол түүний анхаарлын төвд байдаг. Анх “Tesla Roadster” цахилгаан машин бүтээхэд хүмүүс түүнийг нь нааштайгаар хүлээн авсан. Компаниуд ч цахилгаан машин захиалаад эхэлсэн. Ихэд урамшин цахилгаан машиныг олноор үйлдвэрлэх гэж үзсэн ч бүтээгүй, дампуурах шахсан гэдэг. Энэ үед “Space X” компани нь “Falcon 1” пуужинг бүтээхээр хөдөлмөрлөж байжээ. Нэг үгээр хэлэхэд хоёр ч том шинэ бүтээл дээр ажиллаж байсан бөгөөд бүгдийг өөрсдөө санхүүжүүлсэн. Тиймээс ч 2008 он гэхэд Элон Маск бараг юу ч үгүй үлдэхээ шахсан. Энэ бол түүний амьдралд тохиосон хамгийн амаргүй үе. Түүний шинэ санаа амжилтад хүрнэ гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Гэтэл гэр бүлийн амьдралд нь нэлээд асуудал үүсчээ. Таван хүүхдийг нь төрүүлсэн Жюстинээс салсан. Ингээд өмч хөрөнгөний асуудал дээр нэлээд маргаан үүссэн байна. Тэрбумтан таван хүүхдийнхээ эхтэй мөнгөнөөс болж маргаад байгаа нь ойлгомжгүй байна хэмээн тэр үед хэвлэлүүдээр нэлээд шуугисан. Ингээд эцсийн мөчид тэрээр хөрөнгө оруулагч олж чадсан бөгөөд “Tesla” машин амжилт олж чадна гэдгийг итгүүлсэн. Түүнээс гадна NASA-тай хэлэлцээ хийж сансрын тойрог зам ачаа тээвэрлэх ажлыг гүйцэтгэж чадна гэж итгүүлснээр 1,5 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.
Ингэж л дахин хөл дээрээ боссон. Хэлсэн амандаа ч хүрсэн. Өнөөдөр “Space X” компани нь нэлээд хэдэн дээд амжилтыг тогтоочихоод байгаа. Элон Маск ч энэ амжилтаар цааш нь улам ахиулах бодолтой байна. “Tesla Roadster” машины борлуулалт муугүй байгаа. Түүнээс гадна үеэлтэйгээ хамтран байгуулсан “Solar City” компани нь нарны эрчим хүчээр ажилладаг зайг нийлүүлдгээрээ Америкт тэргүүлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар тус компанийн үндсэн хөрөнгө нь долоон тэрбум ам.доллараар үнэлэгдсэн юм.
Элон өмнөө гурван том зорилт тавьсан тухайгаа ярьсан байдаг. Нэгдүгээрт, хүн төрөлхтнийг байгаль орчинд ээлтэй унаагаар хангах, нарны эрчим хүчний хэрэглээнд оруулах бөгөөд Ангараг гаригийг эзэмших явдал.
Эхний хоёрыг биелүүлэхэд тун ойрхон байгаа бол гурав дахийг нь хэрэгжүүлэхэд нэлээд хугацаа хэрэгтэй гэнэ. Түүний үзэж байгаагаар Ангараг гаригийг эзэмшихэд халуун цөмийн зэвсэг хэрэглэхийг санал болгож байгаа.
Ирээдүйг хардаг гэгддэг Элон Маскийг XXI зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Тэрээр долоо хоногт 100-гаас дээш цаг ажилладаг. Бараг ажил дээрээ амьдарч, өөр өөр хотуудад байршилтай компаниудынхаа хооронд үргэлж онгоцоор нисдэг. Харин мөрөөдөл нь гэвэл Ангараг гариг дээр амжилттай газардаад үхсэн ч гомдолгүй аж.