Categories
мэдээ нийгэм

Хувьцааны мөнгийг маргаашнаас олгож эхэлнэ

Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах үйл ажиллагааг орон даяар эхлүүлээд буй. Хувьцаагаа зарах хүсэлтээ өмнөх долоо хоногийн Даваа гарагт гаргасан иргэд маргаашнаас мөнгөө авч эхлэх юм. Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон билээ.

Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессежээр илгээхээр зохицуулалт хийсэн. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Боловсролын үнэлгээний төв”-өөс мэдэгдэл гаргалаа

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар “Боловсролын үнэлгээний төв”-өөс цахим ертөнцөөр гарч буй шалгалтын материал задарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Мэдэхгүй зүйлээ асуу” фейсбүүкийн группэд англи хэл, монгол хэлний шалгалтын тестийг 500 000 төгрөгөөр зарна гэсэн мэдээлэл тарснаар худал, үнэн мэдэгдэхгүй цуу яриа дэгдээд байсан юм. Үүнтэй холбоотой асуудлаар “Боловсролын үнэлгээний төв”-ийнхөн “Буруу ташаа, иргэдийг төөрөгдүүлсэн энэ мэдээлэл худал бөгөөд Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт хийсний дүнд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглан залилан хийж байсан нь тогтоогдсон” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Мөн ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг тул нийт шалгуулагч, эцэг эхийг анхаарал болгоомжтой байж, эдийн засаг сэтгэл санаагаар хохирохгүй байхыг анхааруулжээ. Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 15-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр Газар зүй, математик, биологи, монгол хэлний шалгалт явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 20-ноос дараах байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу энэ сарын 20-наас буюу ирэх даваа гарагаас долдугаар сарын 05-н хүртэл Нисэх, Буянт ухаа-1,2 хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчим орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-аас эхэлсэн, өнөөдөр физик, нийгмийн тухай мэдлэг, орос хэлний шалгалтыг тус бүр өгснөөр дуусах юм.

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 37800 залуус өгсөн. Тэдний 36207 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 12 дугаар анги төгсөгчид юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын материалын тест задарсан гэх шуугиан дэгдсэн ч Боловсролын үнэлгээний төвөөс няцааж, ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон нийтэд сануулсан юм.

Шалгалтын хуваарь

06 дугаар сарын 19

08:00-09:40

Физик

11:30-12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40

Орос хэл

Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэрэгтнүүд бусдын автомашиныг хулгайлчихаад хотын төвөөр сэлгүүцдэг

-ОН ГАРСААР 100 ГАРУЙ МАШИН ХУЛГАЙД АЛДАГДАЖ, 40 ОЛДООГҮЙ БАЙНА-

Машин хулгайлдаг томоохон бүлэглэл бий болоод байгаа талаар албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн хэмжээнд он гарсаар эхний зургаан сарын байдлаар зуу гаруй машин хулгайд алдагдсан байна. үүнээс 40 гаруй машиныг цагдаа нар олж чадаагүй байгаа гэнэ. Мөн машин хулгайлдаг гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллага барьж чадахгүй байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дөрвөн машин хулгайд алдагдсан байна. Он гарсаар хулгайд алдагдсан 100 гаруй машинаас 60 нь олдсон гэдгийг эх сурвалж онцлон хэлсэн. Гэхдээ хулгайч нарын олонхыг барьж чадаагүй гэнэ. Учир нь гэмт хэрэгтнүүд хулгайлсан машинаа унаж, хотын төвөөр сэлгүүцэж, такси үйлчилгээнд явж, хөдөө орон нутгаар хэсүүчилж дур зоргоороо явдаг байна. Ингээд шатахуун нь дуусах эсвэл эд анги нь эвдэрвэл тэнд нь хаячихаад явчихдаг гэнэ. Мөн автомашинаас нь мөнгө болгочих толь, аккумлятор, хөгжим гэх мэт эд ангийг нь тонодог байна.

ЗАМУУДЫН КАМЕР ЗӨВХӨН ДҮРЭМ ЗӨРЧСӨН АВТОМАШИНЫГ Л БИЧДЭГ

Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн “Верна аксент” маркийн солонгос автомашин, мөн “Экстриал”, “Королла”, “Приус” гэх мэт сэлбэг хэрэгслийг нь зарж борлуулж ашиг олж болохуйц машинуудыг хулгайлдаг аж. Солонгос машины хаалгыг онгойлгоход амар хялбар, өөр машины түлхүүр таардаг гэнэ. Энэ нь хулгайч нарын олз болдог байна.

Нийслэлийн ихэнх зам хяналтын камертай болчихсон гэж холбогдох албаныхан хэлдэг. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж жолооч нарт торгуулийн хуудас өгдөг болсон. Дүрэм зөрчсөн жолооч нарыг камерын тусламжтайгаар тогтоож, бүр өөрийнх нь зурагтай хамт нэхэмжлэх шуудангаар илгээж, торгуулийн мөнгөө төл гэж шаарддаг. Гэтэл яагаад машины хулгайч нарыг цагдаа нар илрүүлж чадахгүй байна вэ. Гэмт хэрэгтнүүд бусдын эд хөрөнгийг хулгайлчихаад хотын төвөөр такси үйлчилгээнд явж байхад нь илрүүлэх хяналтын камер, замын цагдаа нар яагаад алга байна вэ. үүний хариултыг олоход амархан юм байна. Замын хяналтын камерууд тухайн замаар зорчиж байгаа бүх автомашиныг бичдэггүй гэнэ. Зөвхөн дүрэм зөрчсөн машины дүрсийг бичиж авдаг аж. үүнийг машины хулгайч нар овжин ашигладаг бололтой. Бусдын машиныг хулгайлчихаад хотын төвөөр явахдаа замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчилгүй явдаг гэнэ. Явган хүний зам дагуу тавьсан камерууд өнгө дүрсний ялгарал тааруу, нягтаршил багатай байдаг юм байна. Машин хулгайлж байгаа гэмт хэрэгтнүүд хаана хяналтын камер байгаа, аль зам дээр бүх машиныг хянадаг камер байхгүй гэдгийг бүрэн судалчихсан байдаг бололтой. Хулгайлсан машиныхаа эд ангийг салгаж сэлбэгийн томоохон захуудын ченжүүдэд хямд үнээр өгдөг гэнэ. Цагдаа нар машин хулгайд алдсан хэрэг гарахаар “Камерын ямар ч бичлэг алга байна. Бид араас нь хөөж байгаа. Гэхдээ хэд хоногоос аль нэг эд анги нь алга болчихсон олдох байх. Тэрийг хүлээж бай. Хэрэв задаргаа хийгдчихсэн байвал олдохгүй шүү дээ” хэмээн сууж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, машины хулгайч нарыг илрүүлэх, барих талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр сууж байдаг юм билээ гэдгийг эх сурвалж онцолж байв. Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс ланд 80 маркийн автомашин хулгайлж, хөдөө орон нутагт зардаг бүлэглэлийг барьж байсан. Гэмт хэрэгтнүүд хулгайлсан машиныхаа улсын дугаар, бичиг баримтыг солиод хөдөө орон нутагт буюу малчдад хямд үнээр худалдаалдаг байсан нь тогтоогдсон. Мөн автомашин хулгайлаад эд ангийг нь задалж зардаг гурван ч томоохон бүлэглэл баригджээ.

Өршөөлийн хуулиар суллагдсан залуус уг хэргийг хийж байх магадлал өндөр гэх таамаг цагдаа нарт байгаа гэнэ.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Монгол залуус хүссэн таксигаа сонгож үйлчлүүлэх апликэйшн нэвтрүүлжээ

Монгол залуус таксины жолооч нарт болон таксигаар үйлчлүүлэх иргэдэд зориулсан апликэйшнийг дэлхийд ид хэрэглэж байгаа технологиор бүтээжээ. Шинэ апликэйшн хийсэн “Easyride” компанийн гүйцэтгэх захирал Б.Амартай ярилцлаа.

-Та нарын хийсэн апликэйшн таксины жолооч болон зорчигчдод яг ямар боломж нээж өгч байгаа вэ?

-Манайх “easyride” апликэйшнийг Монголд нэвтрүүлж байна. Энэ апликэйшн жолооч, зорчигч хоёрыг холбох зориулалттай. Зорчигч апликэйшн руу орж газрын зураг дээр өөрийн байгаа газрыг зааж өгснөөр жолооч нарт дохио очно. Очих боломжтой жолооч нарын мэдээллийг зорчигч утаснаасаа харах боломжтой. Жолооч нарын танилцуулгыг харж өөрт таалагдсаныг сонгох юм. Тухайн мэдээлэлд жолоочийн нэр, зураг, унаж яваа машины загвар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний зураг, жолооны үнэмлэхний дугаар мөн өмнөх зорчигчдын үлдээсэн сэтгэгдэл, өгсөн оноо байна. Тухайн сонгогдсон жолооч зорчигчийн байгаа газарт очоод хариу дохио өгнө. “Easyride” апликэйшнийг ашигласнаар цаг хугацаа хэмнэх сайн талтай. Зам дээр гараа өргөж зогсох шаардлагагүй. Мөн аюулгүй. Жолооч нар ч мөн түлшээ үрээд дэмий давхихгүй болох юм.

-Таксины жолооч нараас гадна хувиараа такси барьдаг жолооч нар ашиглаж болох уу?

-Манайх технологийн компани. Такси барихыг хүсэж буй иргэн гадуур таксинд явдаг жолооч нарыг хооронд нь холбож өгөх л үүрэгтэй. Энэ апликэйшнийг татаж авсан хүн бүр ашиглах боломжтой.

-Апликэйшнийг хийх санаагаа анх яаж олсон бэ?

-Анх хэсэг бүлэг залуус нийлж энэ санааг бодож олсон юм. Улаанбаатар хотод халтуур хийдэг жолооч нар түлшнийхээ 30 хувийг хий дэмий үрдэг. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашиг муутай. Нөгөө талаасаа түгжрэл үүсгэдэг, утаа их ялгаруулдаг зэрэг сөрөг нөлөө ихтэй. Бас хүмүүс тааралдсан таксиндаа суудаг нь аюулгүй байдал талаасаа баталгаатай биш. Эдгээр асуудлыг технологийн түвшинд яаж шийдэж болох талаар ярилцаад энэ санааг олсон юм.

-Олон улсад энэ технологийг ашигладаг уу?

-Америкт “ridesharing” буюу унаа хуваалцах гэх нэршлээр таван жилийн өмнөөс хөгжсөн. Uber компани энэ технологио анх “Машинтай хүн бүр жолооч, ажилдаа явах замдаа такси барихыг хүсч байгаа хэдэн хүнийг очих газар нь хүргэж өгөөд өөртөө мөн тэр хүнд тус болж яагаад болохгүй гэж” гэсэн уриагаар гаргаж ирсэн байдаг. Энэ технологи дэлхийн 15 оронд маш хурдацтай, амжилттай хэрэгжиж байгаа. Тэгэхээр зорчигч тээвэрлэх үйлчилгээ ирээдүйд энэ технологи руу эргэлт буцалтгүй шилжинэ. Бид үүнийг өөрсдөө хийхгүй бол ойрын хэдэн жилд Монголд гадаадын ийм төрлийн технологи хийдэг компани орж ирэх магадлалтай. Учир нь Улаанбаатар жижиг хот биш шүү дээ.

-Одоогийн байдлаар хэдэн хүн энэ апликэйшнийг утсандаа татсан байна?

-Манай компани үйл ажиллагаагаа явуулаад зургаан сар болж байна. Энэ хугацаанд нийт 40 мянга орчим хүн татсан байна. Гэхдээ зарим хүмүүс ашиглаж мэдэхгүй байгаа л даа. Буруу юман дээр нь дарчих вий гэсэн айдас байх шиг байна. Мэдээж хэдхэн өдрийн дотор өөрчлөгдчихгүй л дээ. Хэрэглэгчдийнхээ хандлагыг өөрчлөх хугацаа бидэнд хэрэгтэй. Миний хүсч байгаа зүйл бол зорчигч гадаа гарч бороо, шороонд гар өргөж зогсохгүй, жолооч хий дэмий гадуур давхихгүй хэн хэндээ амар нөхцөлийг бий болгох.

-Татаж авах апликэйшн жолооч, зорчигчийнх гэж тусдаа байх уу?

-Үгүй, нэг л апликэйшн байгаа. Зорчигчийн эсвэл жолоочийн аль нэг горимыг нь сонгож хэрэглэнэ.

-“Easyride” апликэйшнийг жолооч татаж аваад шууд ашиглах боломжтой юу?

-Эхлээд яаж ашиглах тухай манай сургалтад суух хэрэгтэй. Гэхдээ одоохондоо. Маш богино хугацаанд танилцуулаад, системд бүртгээд, ашиглах эрхийг нь нээж өгдөг. Зорчигч бол шууд ашиглах боломжтой.

-Таксины жолооч нарын зарим нь километрийн мөнгөө 800, зарим нь 1000 төгрөгөөр тооцдог. Тухайн жолоочийн мэдээлэл дээр хэдээр тооцох нь байгаа юу?

-Анх бид энэ бол тухайн жолоочийн өөрийн шийдэх хэрэг гэж бодож байсан. Гэвч хэрэглэгчид шүүмжлэлтэй хандсан. Тийм учраас нэгдсэн нэг төлбөртэй байх хэрэгтэй юм байна гэж үзээд километр нь 800 төгрөг байхаар шийдсэн. Манайх бүх зүйлээ шинээр эхэлж байгаа компани. Тиймээс хэрэглэгчдийнхээ санал, хүсэлтийг харгалзан үзэж, өөрсдийн үйл ажиллагаандаа тусгаж, илүү сайн үйл ажиллагаатай болгохын тулд хичээж байгаа. 800 төгрөгөөр явахыг хүсэхгүй байгаа жолооч нарыг заавал манай апликэйшнийг ашигла гэж бид тулгахгүй. Энэ бол тэдний сонголт.

-Газрын зураг дээр хаана байгаагаа зааж өгдөг гэсэн. Ямар газрын зураг ашиглаж байгаа вэ?

-“Minumap” гэж “Mongolidea” компанийн зохион бүтээсэн газрын зургийг ашиглаж байгаа. Энэ компани мөн л бидэнтэй адил шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Өөрсдөө энэ газрын зургийг эхнээс нь зурсан учраас маш ойлгомжтой. Бид “googlemap”-ийг л мэднэ. Гэхдээ түүн дээр зарим байшин, барилгын мэдээлэл дутуу байдаг. Энэ газрын зургийг монголчууд өөрсдөө хийсэн учраас маш хялбар, ойлгомжтой. Бүх байшин, байршил тов тодорхой байгаа.

-Улаанбаатарын захын хэсгүүд багтсан уу?

-Одоохондоо бүрэн багтаагаагүй. Гэхдээ цаашдаа зах хэсгүүдийг ч мөн оруулна. Шинээр эхэлж байгаа учраас зарим зүйл нь дутуу байгаа.

-Цаашдаа ямар ямар шинэчлэлт хийх вэ?

-Эхний ээлжинд хэрэглэгч тухайн байгаа газраа заавал бичих шаардлагагүй, газрын зураг дээр автоматаар харагддаг болгохоор ажиллаж байна.

-Энэ технологийг хэрэгжүүлэхэд хэр их хөрөнгө мөнгө зарцуулсан бэ, хөрөнгө оруулагчдаа хаанаас олов?

-Дотоодоосоо хөрөнгө оруулагчдаа олсон. 40-өөс доош насны залуучууд л хөрөнгө оруулж, бидний ажлыг дэмжсэн. Гарааны бизнес гэдэг их эрсдэлтэй. Гэхдээ хөрөнгө оруулагчид маань бидний ажлыг судалж үзээд, ирээдүйтэй гэдгийг нь мэдсэн учраас хөрөнгө оруулсан. Яг хэдэн төгрөгөөр бүтсэн гэдгийг одоогоор хэлэх боломжгүй байна.

-Танай байгууллага яаж ашгаа гаргаж авах вэ?

-Зорчигч жолоочид очиж авсны хөлс гэж 1000 төгрөг илүү төлнө. Тэр мөнгөний тодорхой хувийг манай байгууллага зуучилж өгсний төлбөр гэж авна. Гэхдээ одоохондоо дөнгөж энэ ажлыг эхлүүлж байгаа учраас туршилтын маягаар төлбөр авахгүйгээр явж байна.

-“Ridesharing” гэх үйлчилгээнээс өөр дэлхий нийтэд хэрэглэж байгаа нийтийн тээврийн үйлчилгээ байна уу?

-Америкаас “Uber” , “Lyft” гэдэг хоёр компани амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ “еasyride” апликэйшнтэй ижил. Сүүлийн үед дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа технологи бол энэ. Бас Зүүн өмнөд Азид “Grabtaxi” гэж шинэ үйлчилгээ хэрэгжиж эхэлж байна. Малайзад 2012 оноос эхэлсэн. Тэр үед Малайз яг одоогийн Монголтой ижил байсан. Үйлчилгээг нь хүмүүс ойлгож эхэлснээс хойш маш хурдацтай хөгжсөн л дөө. Одоо Малайз, Тайланд, Сингапур, Филиппин, Индонези зэрэг оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Орсон зах зээл болгондоо номер нэг компани нь болдог. “Grabtaxi”-ний нэг онцлог нь зөвхөн албан ёсны такси компаниудтай хамтарч ажилладаг.

-Танай апликэйшнийг татсан хүмүүс сургалтад яаж хамрагдах вэ?

-Манай Easyride гэсэн фэйсбүүк хаягаар ороод бидэнтэй холбогдож болно. Хүссэн үедээ ирээд сургалтад хамрагдах боломжтой.

-Хууль, эрх зүйн тал дээр танай компанитай зөрчилдөж байгаа зүйл бий юу?

-Байхгүй. Гэхдээ цаашдаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниуд орж ирэх магадлалтай. Шинэ зүйл гаднаас орж ирэхэд түүнийг хязгаарлах, хяналт тавих хууль эрх зүйн орчин манайд байдаггүй. Тиймээс хуульдаа үүнийг зааж өгөх хэрэгтэй.

-Энэ технологийг хэрэгжүүлээд явахад бэрхшээлтэй асуудал байна уу?

-Энэ технологийн давуу тал, ач холбогдлыг хүмүүст ойлгуулахад жаахан цаг хугацаа хэрэгтэй болох юм шиг байна. Апликэйшн хэрэглэдэг хүн цөөхөн байна. Хувийн мэдээллийг нь асуухад ямар хэрэгтэй юм бэ гэж гайхдаг, хэлэхээс татгалздаг. Мөн Улаанбаатар хотын хувьд хаягжилт асуудал болж байна. Гэхдээ “Minumap” гэж “Mon­golidea” компанийн зохион бүтээсэн газрын зураг дээр энэ асуудлыг шийдэж байгаа. Монголчууд өөрсдөө хийж байгаа нь маш том давуу тал болж байна.

-Танай апликэйшнийг хэдий хэр хугацааны дараа хүмүүс ойлгож хэрэглэдэг болно гэж тооцоолж байна?

-Ойролцоогоор 2-3 жилийн дараа гэхэд таксигаар зорчигчдын тал орчим хувь нь утсаараа дамжуулж таксигаа дууддаг болно гэж харж байна.

Б.МАРАЛМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын бороотой нартай зуны өдрүүдийг магтан дуулмуу би

Ойрын өдрүүдэд бороо нэлээд орох шиг боллоо. Хөдөөгүүр сайхан орсон дуулдана. Хотод ч багаахан ч гэсэн орсон. Одоо цаашдаа бүр их намиран орох байлгүй.

Монгол орон хүйтэн сэрүүн улиралтай орон.Ямар сайндаа есөн сар нь хүйтэн, гурван сар нь сэрүүхэн гэсэн яриа гарах вэ. Харин зуны энэ өдрүүд үнэнхүү жаргалын орон мэт байдаг билээ. Ямар ч халуун нар гарсан заавал нэг сэрүүн салхи сэрчигнэн алчуурын пансыг сэвэлзүүлнэ.

Үүнийг сэрхэрээ сэрчигнээд сайхан нартай өдөр байна гэж ярьдаг. Дулаахан дээр нь борооны том том дусал цонхны шилэн дээгүүр алгуурхан урсан том цагаан үүл, цэнхэр тэнгэр. Ай даа аргагүй л зун цаг болжээ. Алтан наран мишээн илч гэрлээрээ гийгүүлэн тоолоход “Ай нар яасан айхтар шарнам, хярвас болгох нь. Энэ хэцүү байна” гэлцэн сүүдэр газар хайн гүйлдэнэ. Тэнгэр дуугаран бороо орж эхлэхэд “Энэ усан бороо нь хэзээ зогсох вэ. Цул шавхай чийгэнд нь зүдрэх ажээ” гэлцэн тэнгэр зүхнэ. Хэдийгээр тэнгэр хангай хэлсэн ч эс хэлсэн ч хийх ёстойгоо хийдэг боловч бидний ингэж үгэндээ оруулчих юм шиг ихэрхэх нь нөгөө тогоруу газар цөмрөх вий хэмээн дээр дээр алхав гэдэгтэй адил зүйл юм. Хөдөө тал цайран бороошиж зурвас цагаан бороо их талын дундуур цэнхэртэн орж ирэхэд тэнд буй мал сүрэг амирлан тайвширч тархан бэлчих бөлгөө. Нар шатаах шахах юм гэсэн хэн нэгний гомдолд цуг яваа эмэгтэй нь “Байг хөөрхий цөөхөн юм” гэж хэлэхийг сонсоод нээрэн л тийм дээ гэсэн бодол төрж билээ. Бороо орж л байг, нар шарж л байг, дураараа л болог, битгий түүнийг элдвээр хэл. Яагаад гэвэл тэр бүгд нь цөөхөн юм хөөрхий. Тиймээс энэ бүгдийг магтан дуулахаас өөр ямар ч арга бидэнд алга. Хэдийгээр “Тэнгэр зүхээд амны гарз тэмээ шаагаад гарын гарз” гэдэг ч муу хэлж байгаа хүн харахаар дэмий санагдах юм. Ай алдрайхан зуны цагтаа бороо цайран цайран орог ээ. Нар халан халан гараг ээ. Хөхөө бөн бөн дуулаг. Амирлангуй Монгол эх нутаг минь сайхан байнам бус уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэрэмжлүүлэг: Томоохон гол мөрөн үерийн аюултай түвшинд хүрчээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна.

Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардаг. Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг анхаарна уу. 2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 8 аймгийн 8 суманд 8 удаа, нийслэлийн 3 дүүрэгт 5 удаа тохиолдож 12 хүн амь насаа алдсан байна. Онцгой байдлын албаны албан хаагчид 6 хүнийг гол усанд осолдохоос аварчээ.

Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдэд тавих хараа хяналттаа дээшлүүлэх, гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, иргэд малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Аймгууд руу хар машиныг маргааш хүргэнэ

СЕХ-ноос зохион байгуулж буй санал тоолох төхөөрөмжийг шалган баталгаажуулах ажил дуусах шатандаа орлоо. Сонгуульд нийт 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж ашиглана. Эдгээр төхөөрөмжийг бүгдийг нь баталгаажуулж гэрчилгээжүүлэх аж. Одоогоор санал тоолох төхөөрөмжийг Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс зэрэг алслагдсан аймгуудад тээвэрлэн хүргээд байна. Ирэх ням гарагт бусад аймагт тээвэрлэн хүргэж дуусахаар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 20 гэхэд баталгаажуулалтын ажил бүрэн дууссан байх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нисэх, Цэргийн хотхон орчмын халуун усыг хаана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн энэ сарын 20-ноос долоодугаар сарын 5-ны хооронд Нисэх, Буянт-Ухаа-1, 2 хороолол, 013-р цэргийн анги, Дэвшил, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхон, 10-н буудал орчмын халуун усыг хаах юм байна.