Уул уурхайн түүхий эдийн үнийг дагаад бүтээгдэхүүний үнэ уналаа. Гэхдээ мэдээж бүгд биш. Үнэ нь хамгийн их буурсан хонины нэхий хямралын тод жишээ. Хятадын найман грамм химийн хаягдлаар хийсэн гялгар уутыг монголчууд 100 төгрөгөөр худалдан авдаг. Гэтэл нэг хонины нэхий 100 төгрөг гэж тооцвол найман грамм химийн хаягдалтай тэнцэх нь содон үзэгдэл. Оросын эдийн засагчид барууныхны эдийн засгийн хоригт автаад, хоёрхон жилийн дотор хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах төсөл боловсрууллаа. Оросын хориг тавиулсан эдийн засаг эдийн засагчдыг нөхцөл боломжоо илүү сайн судалж барааны хомсдолоос гарах аргыг хайхад хүргэжээ. Хий, нефтид тулгуурласан төсвийн орлогод барууныхан хориг тавиагүй ч өнөөдөр хүндрэх л байсан гэж үзэж байна. Өмнө нь тэд асар уудам нутгаа эдийн засгийн эргэлтэд оруулах тухай төсөөлж байсангүй. Газар нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс гадна аж үйлдвэрийн асар том талбар гэдийг оросууд ойлгожээ. Хот суурин газрууд Бразил, Уругвайгаас тугалын тансаг мах зооглож суусан сүүлийн арваад жилд Алс дорнод, Сибирийн суурингуудад хятадууд нэвтэрч, аль хэдийнэ Москвагийн иргэнээс илүү тохилог амьдрал цэцэглүүлсэн гэнэ. Тэдний орлого нь зарим Оросын дундаж компаниас их. Тус бүсэд суурьшсан хятадуудын тоог зарлахгүй байгаа. Гэхдээ энэ асуудал дээд түвшинд яригдаж, яаралтайгаар эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх төслийг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүддээ үүрэгджээ. Эдийн засагчид эхний ээлжинд дотоодын түүхий эд, бараа үнэгүйдсэн шалтгааныг судлав. Судалгаагаар гурил, төмс, түлшний үнэ хямд байгаа нь иргэдэд сайн нөлөө үзүүлсэн гэж гарчээ. Мэдээж төсөвт орох орлого буурсан ч худалдан авах чадвар буурсан үед бослого тэмцэлд хүргэхгүй сайн талтай. Харин дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийн хямдрал бусад бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нөхөж чадсангүй. Хамгийн их үнэд орсон нь мах, ноос, арьс, ширэн бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой болжээ. Эрдэмтэд үүнээс үүдээд Сибирийн асар уудам талбайг ашиглаж, хомсдолтой байгаа тансаг хүсний бүтээгдэхүүн, мөн мах, сүү, арьс ширнийхээ хэрэгцээг дотооддоо хангах төсөл боловсруулжээ. Энэ төслийн хүрээнд Сибирьт их хэмжээний газрыг Оросын иргэдэд үнэгүй олгоно. Маш урт хугацаагаар энэ газарт гадны том хөрөнгө оруулагч орж болно. Тэд ингэж бодлого гаргаж байна. Харин манайд хонины арьс зуун төгрөгтэй тэнцсэн ч хэн ямар бодлого хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй байна.
Манай хөдөө аж ахуйг авч явдаг мах, ноолуур, арьс, ширний байдал өнөөдөр ямар байгааг үнээс нь харчихаж болно. Ноолуурын үнэ нэг их буураагүй. Гадагшаа их хэмжээгээр зарагддаг энэ түүхий эд үнэ буурсан ч нэхийний хэмжээнд очихгүй. Учир нь “Говь” компани удахгүй дэлхийн хэмжээнд тоглох чадвартай үйлдвэр болохоо зарласан. Арьс, шир, ноолуурыг хятадууд худалдаж авдаг учраас үнэ гайгүй байсан. Гэтэл өнөөдөр дотооддоо боловсруулдаг ноолуурын үнэ унасангүй. Харин нэхий хэнд ч хэрэггүй хог болж хувирч байна. Энэ нь хятадууд авахгүй бол цаашдаа хог хэвээр үлдэх тогтолцоо манайд үйлчилж байгааг харуулна. Оросууд манайхаас мах авах сонирхолтойгоо байнга илэрхийлдэг. Хөршүүдийн маань махны хэрэглээ манай махны экспорттой харьцуулахад далай шиг том.
Оросын эдийн засагчид монгол малыг эрүүлжүүлэхэд багагүй анхаарал тавьсан тухай сануулдаг. Мал аж ахуйн салбарт өвс, вакцин гээд чамгүй тусламж үзүүлсэн. Харамсалтай нь монголчууд олон жил өнгөрсөн ч малаа эрүүлжүүлж чадаагүй хэмээн халаглаж байна. Зарим эдийн засагчийн үзэж буйгаар хуульд ганцхан өгүүлбэр оруулчихад л малын өвчнийг нам дарж болно. Малчид малаа вакцинжуулчихад вакцины үнэнээсээ хэдэн арав дахин их ашиг олж болохыг баталсан тооцоо хаа сайгүй байдаг.
Мал аж ахуйгаас үнэгүйдэж байгаа бас нэг түүхий эд бол ноос. Бид жилд 20 мянган тн ноос гаргадаг. Таван мянга хүрэхгүй тн-ыг өөрсдөө бүтээгдэхүүн болгодог мэдээ бий. Ихэнх нь гэрийн эсгий болж хувирна. 15 мянган тн-ыг өмнөд хөрш л шингээдэг байх. Гэтэл Оросын сайтад бичсэнээр Монголд хөглөрч байгаа үнэгүй шахам ноосоор хүйтэн дайны үед цөмийн аюулаас хамгаалж Сибирьт барьсан олон тооны төмөр бетонон байшингуудыг дулаалчихвал хэдэн сая киловатт цахилгаан хэмнэх тухай бичжээ. Австрали хонины ноосоор орон сууцны дулааны хавтан хийх технологийг аль хэдийнэ гаргасан. Гэвч хүйтэн орчинд дулаалгагүй төмөр бетон орон сууц олноор барьсан Орос манайх хоёроос өөр улс байхгүй тул бөөний үйлдвэрлэлдээ итгэлгүй байгаа аж. Өнөөдөр нийслэлийн зарим орон сууцнууд шилэн хөвөнгөөр дулаалга хийж эхэлсэн. Гэхдээ зарим байранд ганц хоёрхон айл дангаараа хийсэн харагдана. Энэ нь төлбөрийн чадвараас шалтгаалдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд баригдсан ихэнх барилга хятад хөөсөн хавтан дулаалгатай. Энэ нь галд тэсвэргүй. Тэгээд ч 5-10 жилийн дулаан хадгалах ямар ч чадваргүй болох тухай мэргэжилтнүүд ярьдаг. Тиймээс эхний ээлжинд хөөсөн дулаалгатай байшин барихыг хориглож, улмаар бүх хөөсөн дулаалгыг ноосоор солих нь дулаан, цахилгаан хэмнэх хамгийн сайн арга болохыг мэргэжилтнүүд сануулж байна.
Хонины нэхий яагаад бусад түүхий эдээсээ илүү хямдрав гэдэг асуулт гарна. Оросын эдийн засагчийн үзэж буйгаар дэлхийн зах зээлд арьс, ширний үнэ нэг их унаагүй. Эсрэгээрээ арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэнээр үнийн өсөлт ажиглагдаж эхэлсэн. 1990 онд энэ төрлийн бүтээгдэхүүнийг өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн 70 хувь нь хэрэглэдэг байсан. Эдийн засгийн өсөлт буурснаас хойш 50 хувь руу унана гэсэн судалгаа байна. Ерөнхийдөө цүнх, түрийвч мэтхэн л хэрэглэгчдэдээ үнэнч үлдэж магадгүй. Хөршүүд бод малын махыг илүүтэй сонирхдог. Арьс шир боловсруулах үйлдвэрүүд бас бод малын арьсыг илүү сонирхоно. Гэхдээ шаардлага хангасан бог малын арьсыг үнэ тохирч чадвал хэдийг ч авна. Оросын сайтад “Хятадууд Монголын түүхий эдийг авч өндөр ашиг олоод сурчихсан. Энэ ашгаараа бидний байгуулж өгсөн Улаанбаатараас том хэд хэдэн хот байгуулчихсан. Биднээс нефтийг хөдөө аж ахуйн түүхий эдээр сольж их ашиг олох боломж байсныг ашиглаж чадсангүй. Дэлхий дээр дахиад Монголоос хямд хөдөө аж ахуйн түүхий эд хаана ч, хэзээ ч бий болохгүй” гэж бичжээ. Арьс ширний боловсруулалт химийн их хэмжээний хаягдал гаргадаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гар ажиллагаа их шаарддаг нь өртгийг нэмэгдүүлдэг. Мөн байгаль орчны стандарт чангарч хаягдал хадгалах зардал ч маш өндөр болсон гэнэ. Хятадууд биднийг хорлох гээд түүхий эд худалдан авалтаа хорогдуулсан гэж ойлгож болохгүйг мэргэжилтэн анхааруулж байна. Хятад жижиг уурхайнууд болон химийн боловсруулалт хийдэг үйлдвэрүүдээ экологийн шалтгаанаар хаасан юм. Судалгаагаар байгаль орчинд жижиг үйлдвэрүүд том үйлдвэрүүдээс илүү хохирол учруулдаг ч ашиг нь бага байдаг гэнэ. Хэрэв өнөөдөр бид “Говь”-ийн дайны хүчин чадалтай арьс, шир боловсруулах ганцхан үйлдвэртэй байсан бол нэхий маань найман грамм нефтийн хогтой тэнцэхгүй. Арван сая нэхийгээ боловсруулж чадвал өнөөдөр дэлхийн хаана ч борлогдоно. Оюу толгой шиг орлого олж болно. Харамсалтай нь манай эдийн засгийн тогтолцоо нэг нэхийгээ найман грамм химийн хортой л тэнцүүлэх чадвартай гэдэг нь батлагдаж байна.
Х.Баттөгс