Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын зовлонд хорвоо цаддаггүй ээ

Таван толгой гээд нэг үйлтэй газар Монголын өмнөдөд байх. Тэнд коксжих нүүрс байгааг мэдээдэхэж. Нүүрсийг нь ашиглах тогтоол 1969 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос гарчээ. Японтой хамтарч ашиглах санаачилга гаргаад зөвлөлтүүдэд алуулах шахсан байна. Дараа нь румынчууд авъя гэж бүлтэрснээ тээврийн зардал нь өндөр гээд гол гаргачихав. Хойт Солонгосын Ким Ир Сэнийг урьж авчраад баахан панаалдсан чинь зөвшөөрсөн царай гаргаж байснаа таг чиг болчив. Хойтууд нь болдоггүй юм бол өмнөдүүдийг нь панаалдъя гээд Самсунг компанид үзүүллээ. Баахан тамшаалж байгаад дэд бүтэц нь өртөг ихтэй юм байна гээд шилээ харуулав. Гэтэл дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох BHP гэнэт сонирхоод хайгуулын лицензийг нь авчихлаа. За одоо л нэг мөнгө гоожуулах нь дээ гээд горьдоод сууж байтал өнөөдүүл чинь төдөлгүй лицензээ буцаагаад өгчихдөг байгаа.

Эзэнгүй хэвтэж байсан лицензийг нь Батболд авчээ. Сайд болов, дарга болов, тэр байтугай ЕС болов, ингээд эх орончдын хараанд өртлөө. Ганцаараа биш 13-уулаа хуваажээ. Мэдээж бүгдээрээ луйварчин, Хятадын тагнуул, эрлийз, үгүйдээ л хурлийз, Монгол Улсыг лангуун дээр тавьж байгаад зарах гэж байгаа этгээдүүд. Ойлгомжтой шүү дээ! Монголын дайснуудыг дарах хөдөлгөөн улс даяар өрнөж хүн болгон энэ дайнд чадлын хэрээр хувь оруулан тэмцсэний үр дүнд Засгийн газар 90 хувийг нь хураагаад авчихлаа. Ердийн иргэншсэн оронд үүнийг төрийн дээрэм гэж нэрлэхүйц авч Монголд энэ нь тусгаар тогтнолын төлөөх ариун дайны ялалтаар тэмдэглэгдлээ.

Дэлхийн нийт гангийн 60 хувийг нь үйлдвэрлэдэг Зүүн Азийн 3-4 орныг коксжих нүүрсээр хангадаг Австралийн асар том орд юу ч үгүй үерийн усанд автаж 20 орчим доллар байсан нүүрсний үнэ явсаар 130 доллар болох нь тэр. 10 хувиа авч үлдсэн монгол компани энэ бололцоог ашиглан Хонгонгийн бирж дээр нээлттэй хувьцаа гаргаж хөрөнгө босгож эхэлсэн нь монголчууд олон улсын арилжаанд оролцох болсон анхны тохиолдол байлаа. Ховдод нүүрс зөөх дэд бүтэц гялалзуулаад босгочихлоо. Дагаад хулгай гаарав. Урд хилээр богооноос илүү нягт чихэлдсэн нүүрс ачсан том машинууд даац хэтрүүлэн давхиж талыг там болгоно. Жилд гурав, дөрвөн сая тонн нүүрс гаргаж байсан нь овор хэмжээний хувьд ч, үнийн дүнгийн ч хувьд Монголын түүхэн дэх давтагдашгүй рекорд байлаа. Монгол Улсын үндэсний нийт үйлдвэрлэл хэдхэн жилд 10 дахин өсч дэлхийн шинэ рекорд тогтоов. Дэлхийн том том мэдээллийн хэрэгслүүд Монголыг дараагийн Азийн шинэ бар гэж тодорхойлохдоо огтхон ч эргэлзсэнгүй.

Олдсоныгоо дор нь үрдэг уламжлалтай монголчууд хэдэн жилдээ тансаглаж гарлаа. Долоон тэрбум долларын автомашин, тэрбумын гар утас авсан нь наад захын жишээ. Гадаадад эмчлүүлэхэд иргэд жилд 600 сая доллар гарлагадана. Төрийн баярхал, иргэдийн цамаархлыг яриад ч яахав. УИХ төсвийн тодотголыг төсөв хүрэхээ болихоор танаж хийдэг бол тэр жилүүдэд илүү гарсан мөнгөө бушуухан далд оруулах гэж жилд хэд хэд хуралддаг боллоо. Шил архины жишигтэй байсан авлига тэрбумаар яригддаг боллоо. Авлигад өгсөн арван сая төгрөгийг голж “овоонд өргө” гэнэ.

Мөнгөтэйн зовлон мөнгөгүйн зовлонгоос илүү тамтай. Хуримын, хүүхэд төрүүлсний, ерөөсөө хүүхэдтэйн, хүүхэд нь сургуульд сурсны, хөгширсний, гэмтсэний, ядуурсны, өвдсөний, зүгээр л баяр хүргэж бэлэн мөнгө тараасаар нийлбэр нь дорхноо дөрвөн тэрбум доллар болжээ. 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгийн задаргаа анализаас үзвэл Монголд 200 мянган насанд хүрсэн хүн ямар ч ажил хийх сонирхолгүй нь илэрчээ. Халамжийн үр дүн.

Австралийн коксжих нүүрснээс дагнасан хамааралтай байсан Хятад, Солонгос, Японы үйлдвэрлэгчид сандарч эхэллээ. Усанд авахуулсан орд тэгэсхийгээд хатах нь ойлгомжтой боловч ганц зах зээлээс хамаарсан үйлдвэрлэл маш эрсдэлтэй болохыг тэд ясандаа тултал ойлгожээ. Эрсдэлээс зайлах арга нь Монголын ТТ-тэй гэрээ байгуулах. Хятадын хувьд ган үйлдвэрлэл нь хойд нутагтаа, коксжих нүүрсний нөөц нь өмнө талдаа байдаг. Нүүрсний бизнес бол орд ашиглалт гэхээсээ тээвэр юм. Эх газрын гүнд байгаа Монголын нүүрсийг далай хүртэл тээвэрлэвэл өнөөх нь “алт” болж хувирна. Монголын давуу тал нь дэлхийн хамгийн том төмөрлөгийн хот болох Бугаттай ойрхон. Иймээс япон, солонгосчууд Монголоос авах нүүрсээ далайн эрэг дахь Хунань, Юнаниас шууд зөөх, хариуд нь өөрийн квотоо Бугат руу гаргах арга юм. Ингэж байж бизнесийн утгатай болно.

ТТ нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар Хятад, АНУ, Япон, Солонгос, Оросын нүүрсчдийн Монголын Засгийн газартай хийх хэлцэл зургаан жил үргэлжиллээ. Монголчууд юу хүсээд байгаа нь энэ олон жилд огт ойлгогдсонгүй. Эрхтэн дархтан болгон нь өөр өөр юм ярьж биенээ үгүйсгэнэ. Америкийн хамгийн том нүүрсний компани Пи Боди ТТ-д хөрөнгө оруулахын тулд Улаанбаатарт төлөөлөгчийн газраа байгуулаад есөн жил хүлээсэн гээд бод доо. Хятадын Шиньхуа хэмээх бас л асар том компани мөн ийм хугацаагаар Монголын Засгийн газрыг царайчилсан. Солонгосын Поско компани бол дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч. Захирал нь энэ хооронд Сөүл-Улаанбаатар байнга нисдэг л ажилтай байсан байх. Японы долоон компани ТТ-г сонирхож байлаа. Хэлэлцээ хийгч болгон өөртөө ашиг унагах гээд, тэдний өрсөлдөгчид нь авлигыг ядахнаа хуваалцах, болбол өөрснөө дагнах гээд байгааг гадны хөрөнгө оруулагчид ойлгохгүй явсаар таван жилийг үджээ. Монголын төрийг ээлж дараалан төлөөлөх хүмүүс “Надад бүхлээрээ олдохгүй бол чамд ч үгүй, надад ч үгүй” гэсэн нугаршгүй хатуу зарчим баримтлав. Бухал манасан нохой аятай “чамд ч үгүй, надад ч үгүй”.

Австралийн нүүрсний орд хатлаа. Үнэ эрчимтэй унаж эхлэв. ТТ-той тэнцүү хэмжээний том орд болох Мозамбикийн коксжих нүүрсний орд нээгдэв. Далайгаас 200 км зайтай энэ ордын эргэн тойрныг иргэний дайны үед битүү минажуулсан байсныг хятадууд янзлаад дууслаа. Азийн гол ган үйлдвэрлэгчид Австралиас гадна Мозамбиктай гэрээ хийн нэг цэгээс хамааралтай байдлаасаа салж баталгаажив. Тэдэнд одоо Монголын нүүрс хэрэггүй. ТТ хариуцсан Монголын компани Хятадын Чалко компанитай тонныг нь 70 доллараар зарах гэрээ хийсэн байсныг Засгийн газраас “Эх орноосоо урвасан явдал” гэж зарлалаа. Ингээд нэгэнт хийгдсэн гэрээг цуцлав. Харин Чалкогийн дарга ярихдаа “Би монголчуудтай үнэн тэнэг гэрээ хийж маш их алдагдалд орох болчихоод байсан чинь тэд өөрснөө гэрээг цуцалж намайг цаазаар авахуулах ялаас мулталж өглөө” хэмээн баяртай, ёжтой өгүүлэх аж. Нүүрсний үнэ 30 доллар руу ороод ирлээ. Нүүрсний үнэ унасан юм биш, Австралийн үерийн дараа өөрийн байсан жинхэнэ үнэ рүү орж ирсэн хэрэг л дээ. Монголын нийт нүүрсний нөөцийг 130-150 тэрбум тонн гэж үздэг. Харамлаад, эсвэл булаацалдаад байсан ТТ-ийн нөөц долоон тэрбум байгаа нь нийт нөөцийн ердөө таван хувь гэсэн үг. “Би энэ төслийг унагааснаараа маш их бахархаж байна” хэмээн гишүүн авгай ихэд хөөрөлхөн мэдэгдсэн ба түүнийг одоо дахин юм хум нураалгахын тулд Монголын ард түмэн гишүүнийг нь нахиулах гэж байгаа.

Нүүрсний үнэ унаад баярхал тансаглал өндөрлөлөө. Гэвч нам засаг сонгуулиар ард түмнээ харж үзсээр. 2012 онд Чалкогоос 300 сая доллар, Эрдэнэтээс 70 сая доллар зээлж аваад ард түмэндээ бэлнээр нь тарааж орхив. Үүнээс сонин юм гэвэл ТТ-гийн хувьцаа гээч хуурамч амлалт. Хувьцаа гэдэг бол бирж дээр нээлттэйгээр үнэ нь тодорхойлогдсон үнэт цаасыг хэлдэг. Хувьцааны үнэ ямар байхыг зах зээлийн ханш мэднэ. Бирж дээрх хувьцааны үнэ цэвэр итгэл дээр тогтоно. Тухайн үйлдвэрлэл ашигтай гарна гэж тооцоолсон үедээ хүмүүс хувьцаа худалдаж авдаг. Гэвч энэ нь тун мэдрэг, эрсдэлтэй үйлс. Тухайн үйлдвэрлэл, компанийн тухай муу мэдээ гарвал хүмүүс дорхноо хувьцаагаа эргүүлж заран салахын түүс болно. Тэр хэрээр хувьцааны үнэ унана.

Ингээд бид манасан өвсөө өөрөө идэхээр шийдсэн нохой боллоо. ТТ-гийн хувьцаа гээд хүн болгонд “ноогдуулсан” гэх 1072 “хувьцаа” бол огт байхгүй зүйл. Үнийг нь Засгийн газар тааз харж байгаад зохиосон бөгөөд тэр үнээр нь хэн ч тоож авахгүй. Энгийнээр тайлбарлая л даа. Малчин Балган 500 хоньтой, нэг болгоныг нь өөрөө сая төгрөгөөр үнэлж боддог байж. Мэдээж зах дээр хонь 150 мянган төгрөг болохоор хэн ч Балганаас хонь худалдаж авахгүй. Мань Балган айлуудад хонио үнэгүй тараажээ. Гэхдээ үнийг нь өөрийн сая төгрөгөөр тогтоосон байна. Хонио саяар өгнө гэсэн бол хэн ч авахгүй, харин үнэгүй гэсэн болохоор цаадуул нь нугасгүй. Балган хонио дэлхийд ховор, хаана ч олдохгүй тусгай мал учир сая төгрөгөөс буурахгүй гэж донгосдог байсныг голынхон цөм мэдэх авч энэ удаа зүгээр өгч байгаа учраас уухайн тас шүүрэн авчээ. Хонь үнэгүй тараасан учир тэр хавьд хонины үнэ эрс доошилж хүмүүс хохирлоо. Дээр нь бүгдээрээ авсан хонь болгоныхоо тоогоор Балганд сая сая төгрөгийн өртэй болчиж буй хэрэг. Балган дурак биш ээ. Хэдийгээр муу хэлүүлэх боловч бүхий л голынхныгоо дарамтлах эрхтэй болчиж буй. Яг иймэрхүү маягаар МАНАН сая байхгүй хувьцаагаа тарааж өгснийгөө эргүүлж худалдаж авахаар боллоо. Хүмүүс бөөн баяр, хариуд нь биднийгээ сонгоорой.

Өдгөө Монгол Улс ор тас мөнгөгүй болсон. Нүүрсний зүүд мэт алтан үе өнгөрсөн. Ширхэг болгоныг нь Англид хоёр центээр хэвлүүлдэг, Монгол банкны Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй төгрөгийн дэвсгэртүүд бол харин овоо ихээр хураалттай байгаа. Монгол төгрөг цаанаа хадгалагдсан чөлөөт валют, алтны нөөцөөр баталгаажна. Тийм нөөц үгүй бол зүгээр л нэг цаас.

Харааж загнаж, хардаж нулимж байсан Оюу толгойн төсөл эх орончдын халдлагад өртөөгүй бол 2017 онд ашиглалтад орох байлаа. Энэ төслийг гурван жил зогсоосон тул гүн хардлагад өртсөн Дубайн гэрээгээр дахин үргэлжлүүлэх болсон ба 2021-2023 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Ингэхээр тэр болтол бид валютын нөөцөөр хомсдоно. Бидэнд өөр зарах юм байхгүй. Хөрөнгө оруулах гэсэн болгоныг шоронгоор, бослогоор, эвдэн сүйтгэлээр айлгасаар байгаад үлдэн хөөж дууссан. 2017 он бол графикаар хамгийн их өр төлөх жил. Одоо сонгуульд зориулж хулхи хувьцаа худалдаж авах маягаар бэлнээр тарааж байгаа ардаа баталгаагүй мөнгө маргаашийг ална. Бондоор төлчихнө гэж энэ галзуу төлөвлөгөөг зохиосон эр зурагтаар жавьждав. Бонд гэдэг бол хэн нэгэн дараа хүүтэй төлөх амлалт өгч байж авдаг зээл. Түүнээс түүний яриад байгаа шиг дотроо алт агуулсан хайрцаг сав биш. Монголын Засгийн газрын бондын хүү зах зээлд 15 хувийн хүүтэйгээр л борлогдоно. Цаашид хүү улам өсөх байх. Юу гэвэл дэлхийн зах зээл бидэнд итгэхгүй учраас ийм өндөр хүү гарч байгаа юм.

30 доллар хүргэж чадахгүй байгаа нүүрсээ 1500 доллараар Японд зарахаар болчихлоо. Энэ дэлхийд Япон шиг тэнэг орон байдаггүй бололтой. Нүүрс бол органик бодис. Иймээс гүрийх юм бол нүүрснээс мах, талх ч үйлдэж болно. Лабораторийн нөхцөлд шүү дээ. Өртөг нь харин Балганы хонь шиг байх вий.

Энэ өгүүллээр сонгуулийн сурталчилгаа хийх гэсэн юм биш. Тэртэй тэргүй бэлэн мөнгө өгнө гэхээр манай ард түмэн уухайлаад л дайрна, эрүүл саруул үгийг нохой хуцсан чинээ тоохгүй. МАНАН-г битгий сонгоорой гэж байгаа юм биш. Тэртэй тэргүй бидэнд өөр гарц, өөр улс төрийн нам байхгүй. Бусад нам болон бие даагчид бүр ч аюултай, долоон дор. Жоомноосоо салах гэсэн биш гэрээ шатаана. Цаг хугацаа аяндаа эмчилнэ л гэж найдахаас. Уг нь сонгуулиар улс орны дааж дийлэхгүй амлалт өгөхийг хориглосон хууль нэлээд хэдэн жилийн өмнө чухам МАНАН-гаас л гаргасан. Гэхдээ эрх мэдэл булаацалдсан өрсөлдөөнд хууль байтугай эрүүл ухаан ч нөлөөлдөггүй бололтой. Эрүүл ухаан байдагсан бол энэ удаагийн сонгуульд ялах гэж улайрах хэрэггүй л юм. Ирэх дөрвөн жил маш хүнд цаг үетэй тулгарна, өвчин зовлонтой нэгнийгээ дагаж хөөрөн нүцгэн гараараа улаан гал баримааргүй. Тэр дундаа улаан галаа өөрөө тавьчихаад шүү.

2016.6.11

Categories
мэдээ цаг-үе

Хуучны сайхан кинонууддаа гар хүрэлгүй өөрсдөө шинийг сэдэж хийж болдоггүй юм уу

“Жамаараа яваа ертөнц гэж хэн ч билээ хэлсэн санагдана

Жаахан зог тусаад бодвол тийм ч бас биш юм аа…” гэх мөр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Б.Баттулгын нэгэн шүлэгт бий. Нээрээ л бид жаахан анхаарлаа төвлөрүүлээд нухацтайхан бодоод үзвэл нэг л биш санагдана гээч. Жишээлбэл, Монголын кино урлагийн өнөөгийн төрх байдлыг аваад үзье л дээ. Шил шилээ даран нээлтээ хийж буй кинонуудын олонх нь алиалж марзганасан, авгай хүүхэн болж зүсээ хувиргаад хүн инээлгэх гэж дөнгөө ядсан, эсвэл нэг аахар шаахар юмны хойноос хөөцөлдсөн, бүтэлгүйтсэн, буруу тийшээ эргэсэн, эмгэнэсэн, элэглэсэн төдий арилжааны кинонууд байх юм. Ажил, гэрийн хооронд шогшиж явдаг зарим маань хааяа нэг толгойгоо сэргээе гэхээр үзсэн киноны улиг болсон царайнууд л нэг камераас нөгөө камерын өмнүүр гүйж яваа харагдана. Их адаггүй ийм хутгалдаан, тиймхэн зохиол, арга ядсан харилцан яриатай кинонуудаас ямар гээчийн дүр нь “Гажиг Гармаа”, эсвэл “Ягаан Гажид” бүр “Итгэлт баян”, “Цахиур Төмөр”, магадгүй “Молом” наашлуулбал “Ноён солиот” шиг ард түмний сэтгэлд үлдэх юм бэ?

“Гажиг Гармаа” гэснээс өнөө бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн, үзэх тусам баясал ухаарал хайрладаг “Өнөр бүл” киног эдүгээчлэн өөрчилж бүтээсэн “Өнөр бүл өнөө цагт” хэмээх кино сарын өмнө дуулиан шуугиантай нээлтээ хийж медиа урлагийн зах зээлд өрсөлдөх болов.

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дожоодоржийн зохиол, төрийн шагналт, ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жигжидийн найруулгаар 1980 онд анх үзэгчдийн хүртээл болсон “Өнөр бүл” киног өнөө үед хэрхэн таацуулсныг нь зорьж үзлээ. Үзэхээсээ өмнө цахим ертөнцөөс үзэгчдийн сэтгэгдлийг тандахад “Үзсэн нь үзээгүйдээ атаархмаар кино байна лээ” гэх хэн нэгний жигтэй сэтгэгдэл анхааралд торсон болоод ч тэр үү киноны кадр, шилжилт нэг бүрийг нь нэгжиж үзлээ. Нэгэнт хэрэг болгож үзсэнийх өнөө ба “өнө эртний” хоёр “Өнөр бүл” киноны харьцуулалт, ажиглалт, зарим нэг санаа оноогоо хэлье гэж бодлоо.

Өнөө цагийн Гармаагийн дүрд Д.Баттөмөр (банш Батаа), Цэрмаад “Боловсрол суваг” телевизийн сэтгүүлч Б.Болормаа, Чоймбол даргад гавьяат жүжигчин Г.Мягмарнаран нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазараас бусад нь шинэ хүмүүс тоглосон байв.

ӨНӨӨ ЦАГЫН “ҮНСГЭЛЖИН” ЦЭРМАА

“Өнөр бүл” кино эхлэхдээ 1980-аад оны хотын сэлүүхэн гудмаар “сунадаг улаан” автобус жирийлгэж давхисаар буудал дээр зогсоход Гармаа, Цэрмаа хоёр нэг автобуснаас цувран буух үед Цэрмаа замын хашлаганд өрөөсөн шаахайныхаа өсгийг хуга цохичихдог билээ. Тэгтэл найрсаг тусч зантай Гармаа гутлынх нь өсгийг тогтоож өгөхөөр үйлдвэр рүүгээ дагуулан явдаг шүү дээ. Тэгвэл өнөө үеийн Гармаа мопед унасан маадгар эр хотын гудмаар давхиж яваад Цэрмааг харуутаа ухаан мэдрэлээ алдан жолоогоо ч мартаж орхив. Зам тээврийн ихэнх осол хүүхэн харж ухаанаа тавьсан залуусаас болдог гэдэг үнэний ортой дог шүү. Бодвол нөгөө анхны харцаар дурлана гэдэг нь болж байх шиг. Хөөрхий Цэрмааг золтой л дайрчихсангүй мопедтойгоо хажуу тийш ханаран унаж, нэг ёсондоо тэнд аваар гаргав. Харин Цэрмаа амжиж замаас нь зайлах үедээ өрөөсөн гутлынхаа өсгийг мулт гишгэчихсэн бололтой. Замын түгжээнд гацахгүй гэхдээ мопет хөлөглөн давхидаг Гармаа юу ч болоогүй юм шиг босч ирээд Цэрмаагийн гутлыг янзалж өгөхөөр үйлдвэр рүүгээ авч давхина. Кино зохиолч Дожоодорж гуайн уг зохиолын онцлог нь хүний сэтгэлд хүрсэн амьд харилцан яриатай, өрнөл ихтэй нь киног улам чимж өгдөг. Эдүгээчилсэн “Өнөр бүл” киноны зохиолч гэгдэх Т.Номуунзул үндсэн зохиолынх нь үг хэллэгийг нэг их өөрчлөөгүй нь сайн хэрэг. Зохиолын ерөнхий шугам яг л хэвээрээ байна. Тэгэхээр тэр бүсгүй Д.Дожоодорж гуайн нэрийн араас өөрийнхөө нэрийг зохиогч гэж хавчуулах хэрэг байсан юм уу даа гэж бодогдов.

Хүмүүс мэднэ дээ. Гармаа, Цэрмаагийн гутлын өсгийг янзалж байхад жүжигчин Карма, Чоймбол дарга нь Гармааг дуудуулсныг хэлж, эмэгтэй хүний гутал засаад завгүй зогсоо Гармааг хараад “Ээ чааваас даа, ганц урдаа барьдаг засварчинд маань очиж очиж хөл нүцгэн хүүхэн тааралдаа юу, бүтэн гуталтай юм олдсонгүй юу” гээд инээлддэг хэсгийг. Өнөө цагийн Гармаа ч бас ажлынхаа хүүхэнтэй ийм нэгэн хөнгөн хөгжөөн өрнүүлэх нь үзэгчдийг пирхийтэл нь инээлгэж орхив. Тэгээд Чоймбол дарга Гармааг өрөөндөө дуудан элдвийг ярьж уяад л, нөгөөх нь хүлээж буй хүүхэн рүүгээ яараад л. Тэр хурц зөрчлүүд нь зохиолд амьд хэвээрээ болохоор “Өнөр бүл өнөө цагт” ч бас хар аяндаа хөгжил хөөртэй, үзүүштэй болоод ирж байна. Гармаа Чоймбол даргын өрөөнөөс зугтах нь холгүй гүйж гарвал Цэрмаа яг таксинд сууж таардаг даа. Хуучин кинон дээр бол Гармаа таксиг дагаж гүйсээр байгаад Цэрмаад гутлыг нь өгч амждаг юм. Харин өнөө цагийн Цэрмаа дүлий дүмбэ суусаар, Гармаа бахардах нь холгүй гүйсээр байвч гутлаа өгч авалцаж чадсангүй. Цэрмаа, цагийн зүүтэй уралдан үдэшлэгээс арилаад өгдөг Үнсгэлжин шиг л алга болов.

“ӨНӨРЖҮҮЛЭХ” БУЮУ УЛАМ АХИУЛАХ САНААЧИЛГА

Гутлыг нь өгч, нэрийг нь ч мэдэж чадаагүй Гармаа гуниглангуй таксидаж явтал замд нь нэг жаахан охин уут торондоо түүртчихсэн такси барих гэж ядаж байгаа харагдана. Гармаа охиныг таксиндаа суулгаад эмнэлэг рүү хүргэж өгөв. Тэгтэл охин таксинаас буугаад явж байснаа, таварцаглаж унахад нөгөө л тусч сайхан сэтгэлээрээ охиныг эмнэлэг рүү нь оруулж өгөхөөр болов. Уг нь мань хүн амралтанд явж байгаа ухаантай. Төрөх эмнэлэг рүү орж Алимаа бүсгүйг дуудуулахад төд удалгүй гурван ихэр хүүхэдтэй, нярай биетэй, бээлийн чинээ охиноос өөр хань бүлгүй эмэгтэй гараад ирэх нь тэр. Ингээд тусч сайхан сэтгэлтэй Гармаа амралтанд явах унаанаасаа нэг мөр хоцрохоор болов. Энэ үед “Тийм” сэтгүүлийн (Уг нь “Тойм” сэтгүүлийн далд реклам юм шиг байгаа юм) зурагчин хүүхэн “Өнөр бүл”-ийн судалбар зураг авч орхих нь тэр. Хуучин кинонд СГЗ Ш.Гүрбазар талхнаасаа салахаа шахсан будлиу зурагчны дүрд тоглодог бол энэ удаад өөрөө сэтгүүлийн эрхлэгч болж хуучин дүрээ загнаж үзэв.

Ер нь “Өнөр бүл өнөө цагт” кино бүхэлдээ хуучныхаасаа нэг байтугай нэлээд хэдэн шатаар ахиу обьект, техник хэрэгсэл, машин тэрэг ашиглая, аархъя, хөрөнгөөр зодъё гэж бодсон шиг байгаа юм. Тухайлбал, Чоймбол даргын унадаг “микро”-г ландаар сольж, нохой явган, гахай нүцгэн Гармааг мопедтой болгож, кондуктор Цэрмааг онгоцны үйлчлэгч, амралтын газрыг өндөр зэрэглэлийн амралт сувиллын баазаар сольжээ. Бүр хоёр ихэр хүүхэд цөөхөн санагдахаар нь гурван ихэр болгон өөрчилжээ. Тэр ч байтугай нөгөө сайхан киног чинь зөндөө их рекламжуулчихсан байх юм. Teso, MIAT-ийн далд сурталчилгаа ямар ч залхмаар их гардаг юм бэ дээ. Чоймбол даргын удирддаг үйлдвэр хуучны кинондоо юуны үйлдвэр болох нь яг таг мэдэгдэхгүй л байдаг. Тэгвэл өнөө цагийн Чоймбол даргын удирдах үйлдвэр нь “Teso” групп юм байх аа. Тэгээд л кадр болгоноор сүү тараг, туг логогоо рекламдаастай. Ингэж ард түмний сэтгэлд мөнхөрсөн сайхан киног арилжаа сурталчилгаатай хольж хутгах хэрэг байсан юм болов уу даа. Амралтын газрын дарга муухай Пүрэв гуайн тоглодог дүрд Л.Дэмидбаатар тоглосон нь ахиулах санаачилгаасаа дутчихсан дүр болсныг хэлэх хэрэгтэй байх. Тухайлбал, амралтын газрын эзэн муухай Пүрэв гуай Гармааг гахайн тоорой шиг бөөрөнхий юм болгоод явуулна гэж Чоймбол даргад бүлтэрснийхээ дараа туслах Дамбийгаа дуудан учирлахдаа “Тэр Гармаа чинь шинийг санаачлагч, таван жилийн гавшгайч, Эвлэлийн Төв Хорооны алтан медальтай, бас тэгээд дээшээ суга дэвшиж магадгүй бузар лут амьтан гэнэ” гэж хэлдэггүй юу. Тэгтэл Л.Дэмидбаатар “айхтар чөтгөр” гэх төдийхнөөр давсгүй хоол шиг болгочихно билээ. Мөн Ц.Цэнд-Аюуш гавьяатын тоглодог “Учрыг нь олж хужрыг нь тунгаагч”-ийн дүрд жүжигчин Ж.Оюундарь жижигдэж байна лээ. Уг нь сайн жүжигчин л дээ. Гэвч нэгэнт хүмүүс тухайн дүрийг нь хүлээгээд авчихсан, бараг цээжилчихсэн байхад хөндлөнгийн нэг эмэгтэйн дүр ер нийцэхгүй байсан шүү. Мөн Цэрмаад талтай Довчин гэх нөхрийн дүр бий. Тэр дүрд жүжигчин С.Ууганбаяр тоглож Гармаагаас Цэрмаад илгээсэн захидлыг дундаас нь авч урж тасдаж байгаа харагдана лээ. Ингэж хуучны сайхан монгол киног солонгос сериал маягийн болгосноороо л Т.Номуунзул гэгч Д.Додоодорж гуайтай мөр зэрэгцсэн зохиолч болчихож байгаа бололтой. Хуучны манерийг нь хуулбарлахаас өөрөөр найруулга хийгээгүй, хийх ч боломжгүй байхад найруулсан нэр зүүсэн С.Баттулгыг одоо хэн ч гэмээр юм бэ дээ.

Тэд хэлэхдээ “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кино ремэйк буюу киног дахин сэргээж хийдэг жишгээр “Өнөр бүл” киног эдүгээчлэн бүтээсэн. “Монгол кино нэгтгэл”-ээс зөвшөөрөл авч албан ёсны эрхтэйгээр энэхүү ажилд орсон” хэмээн мэдээлжээ. Алийн болгон гаднынхныг дуурайж, бүтээснээ бусниулах гэсэн юм бэ. “Эдүгээчилсэн Монгол кино төсөл” гээд байгаа. Энэ төсөл нь цаашдаа “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Морьтой ч болоосой” зэрэг хуучны киног эдүгээчлэх юм гэв үү. Хуучны сайхан кинонууддаа гар хүрэхгүй байж, өөрсдөө шинийг сэдэж хийж болдоггүй л юм байх даа. Тийм сүрхий юм бол хуучны монгол кино шиг цэвэр уран бүтээл хий л дээ. Хуучны кинонууд нь “хөгшдөөд” өнөөчлөх гээд байгаа бол өнөө үе ч бас өвгөрдгийг сануулъя. Хуучны юм хуучнаараа сайхан, хүний юм бол хүний л юм гэдгийг өдий болтол ойлгодоггүй яачихсан “Hulegu pictures”, Ж.Солонгоо захирал нар вэ?

“Монгол кино нэгтгэл” одоо Монголын зохиолчдын эвлэлтэйгээ уялдаа холбоотой ажиллаж, нурууг нь авчихсан Монголын кино урлагаа эмнэн дэмнэх цаг нь болсон юм биш үү. Тэнд, зохиолчдод хэчнээн сайхан кино зохиолууд хөрөнгө мөнгөний гачаалтай хүлээгдэж байна вэ. Тал талд л өөрөө зохиолоо бичиж, киногоо найруулсан “төгс төгөлдөр” киночид минь арай л ондоо зүйл сэдэхгүй бол энэ мэтээр “будаа идээд” тун ч хол явахгүй л байх даа.

Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Аялал зугаалгаар явахдаа монгол ахуйг сануулж байгаарай

Далай лам “Жилдээ нэг удаа өөрийн очиж үзээгүй газар руугаа явж байгаарай” гэсэн байдаг. Энэ жишгийг хүмүүс амьдралынхаа мөрдлөг болгочихмоор санагддаг юм. Очиж үзээгүй газар гэхээр заавал гадаад улс байх албагүй л дээ. Эхний ээлжинд Монголынхоо өргөн уудам нутгаар байгалийн сайханд аялах хэрэгтэй. Олон хоногийн аялалд гэр бүлээрээ явахад хамгийн тохиромжтой байдаг шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ бага байхаас нь эхлээд эх орноо бүсчлэн аялдаг жишгийг айл бүр хэрэгжүүлээсэй. Аялал олон давуу талтай болохоор сурах зүйл их бий. Мэдээж хэрэг эх оронтойгоо танилцаж байгалийн сайхныг биширнэ гэдэг том боломж. Мөн аяллаар далимдуулан орчин үеийн, тэр дундаа хотод өссөн хүүхдүүдэд монгол ахуйг сануулдаг болмоор байгаа юм. Яагаад гэхээр хотод өссөн хүүхдүүд хөдөө хээр явахад өглөө босоод голын усаар нүүрээ угаана гэхээр санаанд нь багтдаггүй.

Бас гал түлэхэд түлээ хэрэгтэй гэдгийг ч мэдэхгүй байна. Аав нь майхнаа барингаа хүүхдээ ойр хавиас аргал, мод олоод ир гэхээр гайхаж хардаг жишээ цөөнгүй бий. Тэгэхээр зуны амралтаар байгалийн сайханд зугаалангаа хүүхдүүддээ монгол ахуйг бага ч атугай сануулж баймаар санагдах юм. Голын усаар цай чанаж болдог, түлээ модоо өөрөө олдог, уул овоонд идээнийхээ дээжийг өргөдөг, хангайн нэрийг дэргэд нь хэлж болдоггүй зэрэг зан заншлыг танин мэдүүлж явдаг болъё. Тэгэхгүй бол овоон дээр гарч ирээд бие засдаг, гол ус руу бохир зүйлээ хийдэг залуучууд элбэг болсон байна лээ шүү.

Categories
мэдээ нийгэм

9 гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгов

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөнөөр 2016 оны хот тохижилтын ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил, АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлуудыг хийж байна. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа 13 гудамжны тохижилтын ажлаас Зайсангийн гудамж, Жамьян гүний гудамж, Гэндэнгийн гудамжны тохижилт, Дүнжингаравын замын ажил бүрэн дуусчээ. Харин Сүхбаатарын гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжны тохижилтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Их сургуулийн гудамж, Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөөний ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгох ажлыг Хувьсгалчдын гудамж, Бага тойруугийн гудамж – МУИС-ийн 4 дүгээр байрны өмнөх талбай, Бага тойруугийн гудамж – МУИС-ийн оюутны байрны зүүн талд, Бага тойруугийн гудамж – ШУТИС ахлах сургуулийн өмнөх талбай, Зайсангийн тойруу, Занабазарын гудамж, “Их тойруугийн гудамж”, АНУ-гийн элчингийн хойд тал, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Дүнжингаравын гудамжинд хийж дуусчээ. Мөн 200 ширхэг мэдээллийн тэмдэг, 155 ширхэг хогийн сав, 142 ширхэг сандлыг нийслэлийн гудамж, талбайд байршуулав.

Тулгар Төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлыг хийх юм. Үүнд:

  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 18 ширхэг хаалгыг сэргээн засварлах /Хуучин будгийг хусаж шинээр будах нэгэн жигд төмрөөр нөхөж засварлах/
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна фасад буюу цагаан бүслүүрийг хусаж цагаан өнгөөр будах
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн урд талд байрлах ЦТП-ний гадна фасад засварыг хийх
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна явган замын гэрэлтүүлэг засварлах асалтыг 100 хувьд хүргэх
  • Үйлчилгээний байгууламжаар ашигладаг обьектыг шинэчлэн засварлах
  • Шагайн харвааны байрны гадна хойд талын фасадыг засварлах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэл хот орчимд явган аяллын зам тавина

БНСУ-ын Чежүгийн Аялал жуулчлалын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл хот орчмын амралт, аялал жуулчлалын хоёр бүсэд явган аяллын зам тохижуулах төслийн гэрээ байгуулжээ. “Олле трэйл” стандартаар тавигдах эдгээр аяллын зам нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн багатайд тооцогддог бөгөөд одоогоор Япон, БНСУ-ын 21 чиглэлд 422 км зам ашиглагдаж байгаа юм байна. Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалын дагуу эхний ээлжинд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Чингис уул орчмын зургаан км зам, Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амнаас Хүрэлтогоот хүртэлх 14 км замыг хамгаалалтын захиргаадаас тогтоосон чиглэлийн дагуу тохижуулна. Энэхүү төслийн санхүүжилтийг Чежүгийн аялал жуулчлалын газраас гаргах ба 2017 оны долдугаар сард нээхээр төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дамбадаржаа, Дэнжийн мянга орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болж хуралдаанаар Баяхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын явцыг танилцуулж, төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх байршлын тухай хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар тусгасан бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож эхний шатанд Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эхний ээлжид дэд төвүүдийг хүн амын нягтаршил өндөр, гэр хорооллын бүсэд байгуулах нь зөв гэж үзсэн учраас Баянхошуу, Долоон буудлыг сонгосон. Энэ төвүүдийг газар зүйн байрлалаас шалтгаалан хооронд нь авто замаар холбох бүрэн боломжтой. Баянхошуу , Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил 2014 оноос эхэлсэн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолборын нарийвчилсан зураг төсөл гарсан гэдгийг тэрээр хэллээ.

Мөн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын 2 орон сууцыг барьж, улсын комисс бүрэн ашиглалтад хүлээн авсан. Одоо Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг татах ажил үргэлжилж байгаа бөгөөд 11 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн юм.

Баянхошуу дэд төвд тавих бохирын гол шугам нь СХД-ийн 4,5,7,18,26 дугаар хороо буюу Баянхошууны тойргийн уулзвараас Таван шар, Мах импексийн уулзвар хүртэл 6,3 км үргэлжилэх бол Сэлбэ дэд төвийн бохирын гол шугам нь Долоон буудлын эцсээс 17-р сургуулийн уулзвар хүртэл буюу Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутаг дэвсгэрээр нийт 2,1 км үргэлжилж байгаа юм байна.

Бохир усны шугамын зурваст нийт 145 нэгж талбар өртөж байгаагаас эхний ээлжинд 23 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээ хийжээ. Дэд төвүүдийн дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр тендер зарлахаар бэлдэж эхэлжээ. Харин төслийн хоёрдугаар шатыг Дэнжийн 1000 орчмын 81,98 га талбайд, Дамбадаржаа орчмын 66,75 га талбайд хэрэгжүүлэхээр байршлыг сонгосон байна. Дэд төвүүдийг байгуулснаар гэр хороололд төрийн үйлчилгээ болон дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр иргэд заавал хотын төв рүү ирж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй, айл өрхүүдэд дэд бүтэц ойртуулж өгснөөр иргэд байшин барих уу, хамтаараа нийлж орон сууц барих уу, “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах уу гэсэн шийдлээ өөрсдөө гаргах боломжийг бүрдүүлж өгөх болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монгол хүн өрөвдөхөөрөө их хурдан шийдвэр гаргадаг” ярилцлага нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдынхаа ширээнд хэдийнэ дэлгэгджээ. Тус дугаарын тэргүүн нүүрт өнөө жилийн элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл нийтлэгдлээ. Элсэлтийн ерөнхий шалгалт анхнаасаа хэл ам дагуулж, улмаар шалгалтын хариу, материал алдагдсан талаар сурагчид болон эцэг, эх, багш нар гомдол ирүүлэх болжээ. Ингэхдээ шалгалтын хариуг мөнгөөр худалдаалсан гэх. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн VI нүүрнээс уншаарай.

Удахгүй сонгууль болно. Хамгийн гол нь сонгогчдын санал байдаг. Тэгвэл Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг сонгогчдын сэтгэл зүйн талаар сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр “Монгол хүн өрөвдөхөөрөө их хурдан шийдвэр гаргадаг” хэмээн ярьсан юм. Түүний ярилцлагыг V нүүрнээс уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа нийтлэлч П.Хашчулууны “Олигархижсан удирдлагуудаасаа болж Оросын ард түмэн минь ядрах нь уу даа” нийтлэл орсон байна. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор ахлуулсан баг Мьянмар улсад айлчлаад ирсэн. Энэхүү айлчлалын тухай “Маргад эрдэнийн Мьянмар улсаар…” цуврал аян замын тэмдэглэл нийтлэгдэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Буйр нуурт дөрвөн загасчин амиа алдсан. Энэ хэргийн мөрөөр бэлтгэсэн сурвалжлагын цуврал мөн нийтлэгдсэн байна. Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй энэ үед зөвхөн “Өдрийн сонин”-оос л та бүхэн сонирхолтой мэдээ мэдээлэл, даацтай ярилцлага нийтлэлийг унших болно.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монголшуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Обама долоо дахь тоглолтыг үзэж дуусгах гэж онгоцоо саатуулав

Өнөөдөр
явагдсан НБА-гийн аваргын төлөөх “Кливленд”, “Голден Стэйт” багуудын тулааны
төгсгөлийг үзэж дуусгах гэж АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама нэгэнт газардсан
онгоцноосоо гаралгүй арваад минут саатуулжээ. Хачин их өрсөлдөөнтэй наадаж
“Кливленд”-ийн ялалтаар өндөрлөсөн энэ тэмцээний дараа Обама “Юу гээчийн
гайхамшигтай тоглолт, цуврал вэ. Леброн өөрийн хотдоо аваргын цом авчирлаа.
Баяа хүргэе” хэмээн твиттердээ зурвас үлдээжээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтаа хадгалаарай

УИХ-аас НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн баталснаар иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авалт, үйлчилгээ бүртээ бар кодтой НӨАТ-ын баримтыг авдаг болсон.

Уг баримтыг бүртгүүлсэн нөхцөлд хоёр төрлийн үйлчилгээ авах боломжтой. Тодруулбал, сар бүр Гааль, татварын газраас шалгаруулж байгаа азтан шалгаруулах сугалаанд оролцох боломжтой. Хоёр дахь боломж нь НӨАТ-ын бар кодтой баримтаа үрэгдүүлж болохгүй. Учир нь он дуусахаас өмнө уг баримтаа бүртгүүлсэн нөхцөлд хоёр хувийн буцаан олголтыг авах боломжтой. Тиймээс НӨАТ-ын баримтаа бүртгүүлж амжилгүй, азтан болох сугалаанд оролцож чадаагүй иргэдийн хувьд 2016 ондоо багтаан баримтаа бүртгүүлчихэд буцаан олголтын хоёр хувийг авах боломжтой байгааг өнөөдөр холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцолж байна.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын дагалдах хурлуудын тов

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/ зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болжээ. Хурлаар Дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах телевизүүдийн талаар болон бусад асуудлууд хэлэлцсэн байна.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ болон Монголын телевизүүдийн холбооны 9 телевиз шууд дамжуулан, олон нийтэд хүргэнэ. Шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг АСЕМ-ын арга хэмжээ зохион байгуулагдах “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ вилла” хотхон дахь цэгүүдээс хийх аж.

Хурлыг сурвалжлах дотоодын сэтгүүлчдийг сэтгүүл зүйн мэргэжлийн холбоодоор нь дамжуулан, зөвшөөрөгдсөн квотын дагуу нэр авч бүртгэхээр ажиллаж байна.

Мөн “Шангри-Ла” зочид буудлын орчимд хоёр талын уулзалтууд болох “Гэр хотхон”-ы бүтээн байгуулалт, “Нүүдэлчдийн наадам” зохион байгуулах “Чингисийн хүрээ” цогцолборын засвар тохижилтын явцыг хэлэлцэж, эдгээр ажлыг шуурхайлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

АСЕМ-ЫН ДАГАЛДАХ ХУРЛУУДЫН ТОВ:

САЛБАР ХУРЛУУД

ХУГАЦАА

1

Ази-Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт

VI сарын 20-21

2

Ази-Европ түмний чуулган-11

VII сарын 04-06

3

АСЕМ-ын Загвар чуулган-2016

VII сарын 06-10

4

Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт

VII сарын 07-08

5

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт

VII сарын 12-14

6

Ази, Европын Бизнесийн XV чуулга уулзалт

VII сарын 13-14

7

АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалт

VII сарын 15-16