Categories
мэдээ нийгэм

Тахилын цогцолборт археологийн малтлага хийнэ

Монгол Улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол Улсын нутагт буй эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Харин энэ удаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 05 хүртэлх хугацаанд хийх гэж байна. Судалгааны төслийн нээлтийн үйл ажиллагаа зургадугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолбор дурсгалт газар болсон юм.

ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар хэлсэн үгэндээ, “Түрэгийн хаант улсын түүхэнд холбогдох томоохон дурсгалыг малтан судлах ажил нь 1800-гаад оны сүүл үеэс эхэлсэн бөгөөд хожим 1957 онд манай нэрт археологич Намсрайн Сэр-Оджав томоохон малтлага судалгааны ажил хийсэн байдаг. Харин энэ удаад Монгол-Туркийн хамтарсан төслийн хээрийн шинжилгээний ангийнхан дахин судалгааны ажил эхлүүлж байгаад баяртай байгаа”-гаа илэрхийлээд цаашид хоёр орны эрдэмтдийн энэ удаагийн хээрийн судалгааны ажил дараа дараагийн нэгэн бүтээн босголтын эхлэл болох ёстой хэмээв.

Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах аж.

Монгол, Туркийн археологийн хамтын ажиллагаа 20 орчим жилийн түүхтэй бөгөөд өмнө нь Архангай аймгийн Хөшөө Цайдам дахь Түрэгийн Билгэ хааны тахилын онгоныг малтан судалж, Евразийн түүх, археологийн судалгаанд томоохон байр суурь эзлэх 3000 орчим үнэт олдвор эх хэрэглэгдэхүүнийг илрүүлж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Борооноос болж Сэлбэ голын эрэг нурж байна

Агаарын температур, аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой учир гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг холбогдох байгууллагаас анхааруулаад байна.

Тухайлбал, Улаанбаатар хотод Сэлбэ голын эрэг дагуу тавьсан машинууд урсах аюултай байгааг иргэд олон нийтийн сүлжээгээр мэдээлсээр байна. Усархаг бороо орсны улмаас голын эрэг, үерийн далан, гуу жалга дагуух хөрс суларч ойр орчимд нь байх айл өрх, иргэд, эд зүйлс урсах аюултай байгааг анхаарна уу.

Categories
мэдээ улс-төр

ASEM tag наалт танилцууллаа

Улаанбаатар хотноо АSЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази, Европын хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт болж байна.

Хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд өрнөж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгээс санаачлан гаргасан “АSЕМ tag” наалтыг уулзалтад оролцогсдод танилцууллаа.

АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд баталгаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчлэхээс сэргийлэх зорилгоор үйлчилгээ үзүүлэх эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагын бараа, бүтээгдэхүүнд “ASEM tag” наалтыг хэрэглэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Уг наалт нано технологид суурилсан, хүний биеийн дулаан, гэрлийн хувирлаар бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо онцлогтойаж. Хүнсний бүтээгдэхүүн дээр тусгай наалт байрлуулснаар чанарын шаардлага хангасан эсэхийг хэрэглэгч болон бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгж өөрсдөө богино хугацаанд шалгах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

12 настай унаач хүү архинд хорджээ

Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний төвийн Сэхээн амьдруулах тасагт энэ сарын 18-ны өдөр архинд гүн хордсон нэгэн хүүхэд иржээ.

Тодруулбал, 12 настай хурдан морины унаач хүү хэд хоног дараалан архи ууж гүн хордсон, ухаан алдаж таталт өгсөн байдалтай ирсэн байна. Архинд хордсон хүү Ховд аймгийн Булган сумаас ирсэн. Зуны амралтаараа нэгэн нэр алдартай уяачийнд хурдан морь унахаар ирсэн гэнэ.

Хүүхэд архинд хордсон энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Хүүгийн уусан 0,5 литрийн архины шилийг Шүүх эмнэлэгт хүргүүлсэн байгаа ба хүүг хэнтэй хэдэн шил архи уусныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас санал асуулга авахыг хориглоно

Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа хэдий ч нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хуульд заасанчлан маргаашнаас эхлэн хориглох юм байна.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70.2-т “Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг, бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно” хэмээн заажээ.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороотой

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр 22-нд төв болон зүүн аймгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгийн нутаг, төвийн аймгийн баруун хэсгээр дуу цахилгаантай, үргэлжилсэн бороо орно. Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ.

Мөн зөвшөөрөлгүйгээр үерийн далан дээр буусан айл өрхүүд сэрэмжтэй байх, хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг санаж анхаарал болгоомжтой зорчино уу.

Categories
мэдээ нийгэм

Шувууны томуу илэрчээ

ОХУ-ын Тува улсын Овярский, Увс нуурын орчимд шувууны томуу өвчний H5 вирусээр үүсгэгдсэн халдвар энэ сарын 17-нд бүртгэгдсэн байна. Энэ тухай ДАЭМБ-д мэдээлжээ. Увс нуурын орчимд хийсэн идэвхтэй тандалт судалгаагаар 17 шувууны сэг, зэмээс шувууны томуугийн H5 вирусийг илрүүлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлав

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН БОЛОН АНХАН, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаар тушаалаар Анхан болон Давж заалдах шатны зарим шүүхийн 54 шүүгч, Ерөнхий шүүгчийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2 шүүгчийн, мөн өдрийн 85 дугаар тушаалаар зарим Анхан шатны шүүхийн 2 шүүгчийн сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарлалаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.judcouncil.mn хуудаснаас авна уу.

Лавлах утас: 7000-8030, 7000-8041

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.06.20

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 397 санал авах байр ажиллана

Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хуралд нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд, дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд оролцов. Хурлаар Сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, сонгуулийн зохион байгуулалтын талаар санал солилцож, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун үүрэг даалгавар өглөө.

Сонгуулийн Ерөнхий хорооноос “Нийслэлийн Сонгуулийн хороо”-г 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулах, санал авах байруудад ажиллах боловсон хүчнийг сургах, гэрчилгээ олгох, сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нарыг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотойгоор сонгогч шилжих асуудлыг шийдвэрлэх, саналын хуудас хэвлүүлэх, санал авах байрыг бэлтгэх зэрэг сонгуулийн зохион байгуулалттай холбоотой ажлуудыг хуулийн хугацаанд хийж хэрэгжүүлж байна.

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:

Баянзүрх дүүрэгт – 220,130 буюу 23.8 хувь
Сонгино хайрхан дүүрэг – 205,276 буюу 22.2 хувь
Баянгол дүүрэгт -140,846 буюу 15.2 хувь
Чингэлтэй дүүрэгт -111.022 буюу 12.0 хувь
Хан-Уул дүүрэгт -105.874 буюу 11.5 хувь
Сүхбаатар дүүрэгт -96.265 буюу 10.3 хувь
Налайх дүүрэгт -23,976 буюу 2.5 хувь
Багануур дүүрэгт -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
Бага хангай дүүрэгт -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгдсэн.

Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томилов. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу зургадугаар сарын 24-нд бэлэн болгох юм.

Саналын хуудас нийслэлийн хувьд сонгогчийн тооноос хамаарч бусад орон нутгаас хэд дахин их хэмжээтэй байгаа бөгөөд 21 аймагт нэг сая саналын хуудас хэвлэж бэлдсэн бол нийслэлд 924,629 ширхэг шаардлагатай байгаагаас Сонгуулийн Ерөнхий хороо өмнөх жилүүдийн сонгогчдын ирцэд тулгуурлан дараах байдлаар саналын хуудсын тоог хуваарилав. Үүнд:

Багануур дүүрэгт – 18,713
Бага хангай дүүрэгт – 2,681
Баянгол дүүрэгт – 127,678
Баянзүрх дүүрэгт – 205,291
Налайх дүүрэгт – 22,999
Сонгино хайрхан дүүрэг – 194,567
Сүхбаатар дүүрэгт – 86,454
Хан-Уул дүүрэгт – 97,848
Чингэлтэй дүүрэгт – 103,223 нийт 859,454 саналын хуудсыг хэвлүүлж дууссан бөгөөд зургадугаар сарын 22-ноос эхлэн дүүргүүдийн сонгуулийн хороонд, зургадугаар сарын 26-наас өмнө санал авах байруудад тараахад бэлэн болоод байна.

Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

Санал авах байрны цахилгаан хангамж, аюулгүй байдал, мэдээлэл харилцаа холбооны найдвартай ажиллагаа, санал авах, тоолох ажиллагааг баримтжуулах камер, саналын хуудсыг хадгалах сейф, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц /телевизор, проектор/ зэргийн бэлэн байдал нийт санал авах байруудад хангалтгүй байгаа тул тухайн нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн болон орон нутгийн байгууллагаас шилжүүлэн ашиглуулах асуудлыг шийдвэрлэх

Саналын хуудсыг тээвэрлэх, хадгалах өрөө тасалгааг урьдчилан бэлтгэх, саналын хуудсыг харгалзах индекс, тоо ширхэгийн дагуу санал авах байруудад хуваарилах, санал авах байруудад очсон саналын хуудасны аюулгүй байдлыг хангах

Нийслэлийн Онцгой байдал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Нийслэлийн Улсын бүртгэл статистикийн газар, Мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар өөр өөрийн чиг үүргийн дагуу сонгуулийн зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх

Сонгуулийн сурталчилгаа явуулж байх үеэр иргэд хууль бус үйлдэл гаргаж, нэр дэвшигчдийн сурталчилгаааг үймүүлж, сурталчилгааны самбаруудыг урж, тасдаж байна гэсэн гомдол нэр дэвшигчдээс их ирж байгаа тул Улаанбаатар хотын цагдаагийн газар шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээг авч, гарсан шийдвэрийг сонгуулийн байгууллагуудад хүргүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Сонгогч бүр сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг Улсын бүртгэл, стастистикийн ерөнхий газрын www.burtgel.mn веб сайт руу орж шалгах боломжтой. Мөн нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа мэдэж амжаагүй байгаа бол www.cityelection.mn цахим хуудас болон 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Сурикато буюу өмнөд Африкийн Дорго

Энэ амьтны тухай үлгэр домог яригдаад зогсохгүй сүүлийн үед баримтат, хүүхэлдэйн, танин мэдэхүйн чиглэлээр олон кино, судалгааны ном гарч байна. Хүүхдүүдийн мэдэх “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд энэ амьтан сэргэлэн, үнэнчээр дүрслэгдсэнээр хүүхэд, багачуудын төдийгүй томчуулын найз болж чадсан гэнэ. Энэ бяцхан амьтан Африк тивийн өмнөд хэсэгт цөлөрхөг нутагтай Чад, Ангол, Намиби, Ботсвани, Замби, Зимбабве улсад элбэг тааралдана. Тус бүсийн оршин суугчид сурикатог гаршуулах нь элбэг. Учир нь эдгээр амьтад нь могой, янз бүрийн хорт амьтныг устгахдаа гарамгай. Африкийн өмнөд хэсэгт орших улс орны ард түмэн энэ амьтныг элдэв аюул, тэд дотроо сарны хилэгнэлээс хамгаалдаг гэж үзнэ. Хойд хоёр хөл дээрээ зогсон эргэн тойрноо харна. Энэ үед түүний арьс алтан өнгөөр гялалздаг тул түүнийг “Нарны бурхан” гэж ярилцах нь бий.

Сурикато урт хамар, хөл, сүүлтэй. Түүний онцлог нь урд хөлний хумс. Урт, бат бөх хумсаараа газар доогуур хэдэн метр хонгил ухахаас гадна жижиг амьтдыг барьж өөрийгөө болон бусдыг хялбархан хооллоно. Сурикатогийн нийт биеийн урт 50-60 см. Түүнээс 17-25 см нь сүүл. Нас бие гүйцсэн сурикатогийн сүүл 0.6-1.2 кг жинтэй. Жил амьдарсан сурикатог нас бие гүйцсэн гэж үзнэ. Тэдний амьдралын дундаж нас 10 орчим жил. Хөлийн үзүүр нь хар, энгэрийн арьс нь цайвардуу. Харин хүзүү, хошуу, дагз хэсгээр алаг тарлан өнгөтэй. Сурикатогийн бусад амьтнаас давуу тал нь хорт могойтой тэмцэх чадвар. Тэд хорт могойн хэлнээс маш чадмагаар бултаж, могойг устгаж чадна. Түүгээр ч зогсохгүй хэвлээр явагч, өөрөөсөө том биетэй олон амьтныг барьж иднэ. Зарим тайлбарт түүнийг хоолны ямар нэгэн сонголт байхгүй. Өөр рүүгээ дайрсан болон барьсан бүхнээ иддэг гэж тэмдэглэжээ. Гэхдээ тэр дан махчин амьтан биш. Бие багатай тул модны уг, үндсийг иднэ.

Сүргээрээ амьдардаг сурикато олон төрлийн идэшт амьтнаас ялгаатай. Тэд өөрийн гэсэн газрыг эзэмшдэг. Сүргээр амьдрах гэдэг нь 19-25 сурикатог хэлнэ. Энэ нь гурван ам бүл. Бүлүүд хоноглох, аюулаас хамгаалахдаа хурц хумсаараа нэг метр хүртэл гүнтэй нүхэн гэр бэлдэнэ. Өөр бүлийн гэрт хэн нэг нь орох нь ноцтой маргаан үүсгэх шалтаг болдог гэж үздэг боловч эв хамтыг эрхэмлэдэг сүрэгт энэ нь буруу дүгнэлт гэж зарим эрдэмтэд үздэг.

Тэд үүнийгээ нотлохдоо “Нүхэн гэр бол зөвхөн хавьтах газар биш. Аюул тохиолдоход амиа аврах гарц. Эв хамтын нийгэмд нэг нь үхэх гэж байхад нөгөө нь гэрээ харамлаж болохгүй биз дээ” хэмээн хошигнодог гэнэ. Тэдний амьдралын хэв маяг маш хялбар. Нар мандах цагаар сэрцгээж ноохойгоо элснээс цэвэрлэнэ. Дараа нь хооллоно. Хоолонд гарахдаа эзэмшлийн газраа жагсах маягаар сөөм газар үлдээхгүй самнана. Өөрийн газар өмнөх хоолны цагаас хойш орж ирсэн жижиг амьтан шавьжийг газар дээр, доороос олж ходоодоо дүүргэдэг. Үдийн халуунаар сүүдэр бараадаж амарна. Дараа нь дахин хооллож, нар шингэхээс өмнө ноохойдоо орж амарна. Идэш хоол сайтай, элдэв аюулгүй газар бол тэдний амьдралын цаг нар удаан хугацаагаар тогтмол үргэлжилдэг. Сонирхолтой нь хооллох цагаар гэр бүлийн 2-3 гишүүн элдэв аюулаас сэргийлэн харуулд гарна. Ингэснээр гэр бүлээрээ амгалан тайван хооллох нөхцөл бүрддэг аж. Гэхдээ энэ заншилд муу тал бий. Өдөр бүр бөөнөөрөө эзэмшил газартаа ан хийх нь хүнсний хомсдолд ороод зогсохгүй, хөрс эргэсэн газар нь шинээр идэш ирэхгүй байх аюултай. Тиймээс тэд заримдаа хоёр км аялал хийж шинэ бүсээ тогтооно. Нүүдэллэх үед өөр сурикатогийн эзэмшилд нэвтэрч багагүй хэмжээний дайн үүсдэг байна. Энэ дайнд хэн илүү хамтарч тэмцсэн нь ялах ба багадаа л нэг сурикато амиа алдана.

Тулаанаас өмнө тэд зэрэгцэн зогсож, сүүлээ шарван дайснаа айлгах тактик хэрэгжүүлнэ. Зарим тохиолдолд бүл муутай сүрэг дайсагнахаас зайлсхийж газар нутгаа найр тавин өгдөг. Харамсалтай нь ингэлээ гээд ялагч сүрэг газрын эзэн сүрэгтэй хамтран амьдрахгүй. Нутгаа алдсан сүрэг шинэ эзэмшил хайж цааш нүүдэллэнэ. Гэхдээ айдсаас болж нутгаа алддаг сүрэг маш ховор. Ихэнхдээ тулаанд ялагдаж хэн нэг нь амиа алдсанаар газрын тэмцэл төгсөнө.

Саяхан эрдэмтэд их сонин үзэгдэл олж мэдсэн гэнэ. Сүргүүд тэмцэхдээ 1-2 сурикатог дайны талбар харагдахаар газар тусад нь зогсооно. Тэдгээр дайснууд хажуугаас, дээрээс, ойроос, холоос гэх мэт дохионы хэлийг багаасаа сурсан сурикатонууд байдаг аж. Сурикато нэг нас хүрмэгц бэлгийн харьцаанд орно. Жилд дөрвөн удаа төрөх чадвартай. Нэг удаа төрөхдөө долоо хүртэл үр төрүүлдэг аж. Үрсээ 77 хоног тээгээд л гаргачихна. Үр нь 25-36 гр жинтэй төрж, 14 хоноод нүдээ нээнэ. 7-9 сар сүүгээр хооллоно. Харин ноохойгоос 21 хоног болж байж гарах эрхтэй. Сурикато хүүхдүүддээ ан хийхийг бараг зааж өгөхгүй. Тэд зөн совингоороо эсвэл эцэг, эхээ харах маягаар амьдрах чадварт суралцана. Тэдний хамгийн эхний сурдаг ан нь Африкийн өмнөд хэсэгт түгээмэл байдаг хорт могой, аалз, хавч. Учир үр төлөө багаас нь эцэг, эх нь тэднийг дээрх хортнуудаас хамгаална. Энэ амьтдыг агнах нь нүдээ нээхээс эхлэн үр төлд нь танил зураг болж үлдэнэ. Харин хооллох алхмыг эцэг, эх шат дараатайгаар хэрэгжүүлдэг гэнэ. Эхний хэд хоногт сүүгээр, улмаар үхсэн жижиг амьтад авчирч идүүлнэ. Арай түрүүнд төрсөн төлүүд амьд жижиг биетүүдийг авчирч мэдээ орсон төлүүдэд идүүлнэ. Улмаар төлүүд том, багагүй хоолоо олж иднэ. Сонирхолтой нь ах, эгч нар ан хийж байхад аав, ээж нар тэр бүү хэл насанд хүрсэн сурикатонууд харж зогсох боловч ямар нэгэн туслах, хамгаалах арга хэмжээ авахгүй. Гэр бүлийн дунд хааяа дайн гарна. Тэр Ах, эгч нар дүүгээ шоглохоос үүднэ. Энэ дайн яаж ч төгссөн хүүхдүүд хоорондоо өсөрхөх явдалд хүргэх ёсгүй.

Зарим эх сурвалж энэ амьтныг өлсөхөөрөө ихээхэн догширч гэр бүлдээ аюул тарьдаг гэж бичжээ. Гэхдээ үүнийгээ баталж чадаагүй аж. Маш бага судлагдсан энэ амьтны талаар багагүй маргаан мэргэжилтнүүдийн дунд байдаг гэнэ. Нэг хэсэг нь өлссөнөөс биш газар нутгийнтулаанд дайснаа нухдаг гэж үзэж байхад нөгөө хэсэг нь судалгаанд баригдахгүй байгаа болохоос хардалтаас болж гэр бүлээ хөнөөдөг байх магадлалтай гэж үздэг. Мөн зарим судлаач нэг их зориг, зүрхтэй амьтан биш. Зүгээр л жижиг биетэй амьтдад хумсны хүчийг мэдрүүлдэг гэнэ. Харин эсэргүүцэгч тал нь хорт могой аалз, хавч руу дайрч хөнөөдөг ийм жижиг амьтан манай гаригт байхгүй гэж мэтгэнэ. Энэ амьтныг судлаачид судлахыг хүсээгүй эсвэл мэдээгүйдээ өнөөг хүрсэн биш аж.

Цөлөрхөг, хадархаг байгалийн нэлээн ширүүн нөхцөлд амьдардаг нь судалгааны ажлыг явуулахад хүнд байдаг. Мөн хэт хөнөөлтэй хорт шавьжтай бүсэд амьдардаг тул цөөнгүй судлаач энэ амьтны хойноос явж байгаад амиа алджээ. Гаршуулсан сурикатогийн хувьд чамгүй судлагдсан гэж үздэг ч, гаршуулаагүй сурикатог судалж байж жинхэнэ мөн чанарыг мэднэ гэж эрдэмтэд үздэг юм байна. Бас нэг сонирхолтой мэдээлэл бол гаршуулсан сурикато хорт амьтныг барих чадвараа алдсан тохиолдол гарсан. Энэ нь сурикато амьдрах чадвараа алдаж байгаа нэг хэлбэр гэж үзсэн бол нөгөө хэсэг нь ядарч, өвчилсөн сурикато л хорт шавьжинд бариулахаас удам генид өөрчлөлт орох болоогүй гэж үзэж байна. Энэ мэтчилэн цаашдаа эрдэмтэд маргах томоохон сэдэв.

Дэлхийн олон оронд тархсан энэ амьтан сүүлийн жилүүдэд эрс ховордсон тул байгаль хамгаалах сангууд хамгаалалтад авах талаар ихээхэн санаачилгатай ажиллаж эхэлсэн байна.

Х.БАТТӨГС