Categories
мэдээ цаг-үе

Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээ ирэх жилээс эрчимжих нь

Орос, Хятад гэх дэлхийн хоёр том зах зээлийг холбосныхоо төлөө багагүй мөнгө олох боломж манай улсад бий. Төрийн тэргүүний гурван улсыг холбох эдийн засгийн коридор байгуулах санаачлагыг В.Путин, Си дарга хоёр толгой дохин дэмжиж байгаа. Гурван улсын тэргүүнүүд яг энэ асуудлаар уржнангаас уулзаад эхэлчихсэн. Засгийн газар Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах зөвшөөрөл өгсөн нь энэ ажил хэр ахицтай яваагийн нэг том баталгаа. Энэ сарын сүүлээр Ц.Элбэгдорж, В.Путин, Си дарга гурав Ташкентад уулзаж эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсгээ зурж баталгаажуулахаар товлоод байгаа.

Худалдаа арилжаагаа хоёр зуун тэрбум ам.долларт хүргэх том зорилготой хөршүүдийн хувьд Монгол тун ашигтай байршил. Хамгийн дөт замаар, хамгийн хямд зардлаар бараа, бүтээгдэхүүн солилцоод байх боломж Хятад-Монгол-Орос гэсэн маршрутад бий. Ази, Европын хоёр том улсыг авто зам, төмөр зам, хурдны зам, хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломжууд яригдаад эхэлчихсэн, ирэх жилээс яриа хэлэлцээ улам эрчимжинэ гэж албаныхан онцолж байна.

Д.Зоригт: Монголд бүс нутгийн эрчимхүчний арилжаанд оролцох өндөр боломж бий

Эрчим хүчний сайд Д.Зоригттой эдийн засгийн коридорын талаар ярилцлаа.

-Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал хэр ахицтай байгаа бол?

-Ерөнхийлөгчийн санаачилсан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлын хүрээнд ямар ажил хийж болох талаар гурван талын экспертийн ажлын хэсэг гарч, ажиллаад дууслаа. Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг өнгөрсөн сарын сүүлийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Ерөнхийлөгч энэ сарын хорьд гаргаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцох юм. Тэр үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурах ёслол болно. Эдийн засгийн коридор бол Монголын хөгжилд, хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцчилалд ороход маш чухал асуудал.

Орос, Хятад хоёрыг хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломж бий гэж ярьдаг. Жишээ нь манай улсын нутаг дэвсгэр дээгүүр цахилгаан дамжуулах шугамаар холбогдохоос аргагүй шалтгаан хоёр хөршид байгаа юу?

-Байлгүй яахав. ОХУ-ын Зүүн Сибирь Алс Дорнод бол эрчим хүчний асар их нөөцтэй бүс. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний нөөц сайтай. Эрчим хүч нь хямдхан, 20000 МВт-ын илүүдэлтэй. Гэтэл Хятад зүүн эрэг дагуудаа, өмнөд хэсэгтээ эрчим хүчний дутагдалтай. Тэгэхээр Оросын Зүүн Сибирь Алс Дорнодын эрчим хүчний илүүдэл Монголд бүс нутгийн эрчим хүчний арилжаанд оролцох боломжийг нээж өгөх өндөр магадлалтай гэж би хувьдаа хардаг. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын болон эрчим хүчний байгууллагуудтай яриа хэлэлцээний анхан шатны ажлууд эхэлсэн. Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурвал энэ чигээр өрнүүлсэн яриа хэлэлцээ идэвхжих байх.

-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-ОХУ Хятад руу асар их хэмжээний эрчим хүч, хий, нефть экспортолдог орон болоод байгаа. Мэдээж энэ бүгдийг тээвэрлэж таарна. Тэгэхээр тээвэрлэлтийн дэд бүтэц чухал гэсэн үг. Манай талаас нефть, газын хоолой, төмөр зам, эрчим хүчний дамжуулах шугам, харилцаа холбооны дэд бүтцийг Монголын нутгаар дамжуулах боломжийг судалж үзээч, бэлэн байгаа шүү гэсэн саналаа тавьчихсан. Шууд бүтэх асуудал биш л дээ. Судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ, зураг төсөл гээд их олон зүйл бий. Хэлэлцэгдэх түвшиндээ явж байна. Манай улсын зүүн талаар ОХУ-д “Сибирийн хүч” гээд газын хоолойн барилга байгууламжийн ажил ид өрнөж байгаа. ОХУ дэлхийд хийн нөөцөөрөө тэргүүлдэг улс. Тэгэхээр ганц шугамаар явуулаад Хятадын хэрэгцээг хангаж чадахгүй. Хоёр, гурав дахь шугамыг төлөвлөх нь тодорхой. Хоёр, гурав дахь шугамаа хаагуур явуулах вэ гэдэг судалгааны ажил Орос, Хятад хоёрын дунд явагдаж байна.

-Манайхаас хийн хоолой тавих саналд Оросын тал ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?

-Оросын тал судалж үзье гэсэн юм билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноднин Санктпетербургийн Эдийн засгийн форумд оролцохдоо саналаа тавьсан. ”Газпром”-ын удирдлага манай саналд судалж үзье гэсэн хариу өгсөн. Нефть газын хоолой, транзит төмөр зам бол асар их хөрөнгө оруулалтаар бүтдэг эд. Нэг талаасаа эдийн засгийн төсөл, нөгөө талаасаа улс төрийн геополитикийн асуудал. Бараа хүлээж авч байгаа нь, бараагаа явуулж байгаа нь ч ялгаагүй, ирээдүйн улс төрийн эрсдэлээ тооцож байж шийдвэрээ гаргаж таарна. Монгол найдвартай түнш байж чадах уу, таатай нөхцөл амлах нь уу, хэдэн жилийн ямар түвшний баталгаа өгөх юм гэх мэт асуудлыг олон талаас нь судалж үзэх нь ойлгомжтой. Мөн ОХУ-ын төслүүд Дорнод, Сибирийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдах ёстой. Хойд хөрш асар том газар нутагтай учраас аль болох нутаг дэвсгэр дээгүүрээ дэд бүтэц татаж хот суурингаа хөгжүүлэхийг зорьж таарна. Ямартай ч яриа хэлэлцээ эхлээд явж байгаа нь том давуу тал. Дахин хэлэхэд эдийн засгийн коридорын асуудал ирэх дөрвөн жилд эрчимжих нь ойлгомжтой болчихсон.

-Мэдээж газар зүйн хувьд дөт, зардал хэмнэнэ гэсэн давуу тал бидэнд бий. Хийн хоолой тавигдсанаар транзит тээврийн хөлс гэж авч таарна. Эдийн засгийн хувьд өөр ямар давуу тал бидэнд үүсэх вэ?

-Хийн хоолой тавигдвал тохиролцоо хийж хэрэгцээнийхээ хийг замаас нь авах боломж бидэнд байгаа. Мэдээж орон нутгийн төсөвт мөнгө орно. Хийн хоолойн засвар дээр олон хүн ажиллана. Тэгэхээр хангалттай ажлын байр бий болно гэсэн үг.

Си Жиньпин: Эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин жилийн өмнө Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно. Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачилгыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна. Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. Евро Ази тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байсан юм.

Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах гурван улсын Хамтарсан ажлын хэсгийн уулзалт өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Бээжин хотноо болж хөтөлбөр, төслүүдийн жагсаалтыг эцэслэн тохиролцжээ. Гурван улсын нутаг дэвсгэрийг холбосон төмөр замын тээврийн төв, хойд, зүүн, зүүн өмнөд болон баруун чиглэлийн коридорыг байгуулах тохироо бий. “Улаанбаатар төмөр зам”-ын коридор болох төмөр замын төв коридор гэхэд л Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин-Тяньжин далайн боомт гэсэн маршруттай. Төмөр замын хойд коридор байгуулах хувилбар ч яригддаг. Маршрут нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин. Төмөр замын баруун коридор нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Өрөмч. Харин зүүн коридор нь Чита-Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Жиньжоу далайн боомт. Сая дурдсан маршрутуудын хувьд яригдаж байгаа хувилбарууд. Талууд боломжтой гэж үзвэл хэрэгжүүлнэ гэсэн үг.

Зам тээврийн сайд саявтар өгсөн ярилцлагадаа “Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг барих хэтийн төлөвийг судлах, транзит тээврийг нэмэгдүүлэх зорилготой гурван улсын төмөр замын тээвэр-логистикийн компанийг байгуулах талаар хамтарсан яриа хэлэлцээ явуулах, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх төслүүдийг бэлтгэх, урьдчилсан судалгааг нь хийх, эдийн засгийн үндэслэлийг тогтоох зорилгоор хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв байгуулахаар тохиролцоод байна” хэмээн онцолсон байсан. Ази-Европыг холбох эдийн засгийн коридорын асуудал сүүлд гэхэд л АСЕМ-ийн Сангийн сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн юм. Улс орнуудын Сангийн сайд нар коридор байгуулах боломж болон авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар яриа хөөрөө өрнүүлжээ.


Categories
мэдээ цаг-үе

“Яг түүн шиг” шоунд өмссөн бүх хувцсаа урландаа оёсон

Загварын тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяастай гэдгээ “Яг түүн шиг” шоугаар харуулаад буй “Asian star model”, дизайнер С.Сарнайтай ярилцлаа.

-Багаасаа модель болъё гэж боддог байсан уу?

-Модель болох нь багын мөрөөдөл минь төдийгүй ээжийн минь хүсэл. Япон руу ээжтэйгээ хамт 1999 онд яваад ерөнхий боловсролын “Нагаоко Ноүгёо Коүко” сургуульд орсон. Тэр үед загварын агентлагт орж модель болох гараа минь эхэлж Японы “Harada inter­national”, “Satoru internation­al”, “Dxim international” гэсэн гурван агентлагт моделиор ажилласан. Мөн Калифорниад моделиор хэсэг ажилласан юм. Японд моделиор ажиллах нөхцөл боломж илүү байдаг. Өөрийгөө аваад л очиход болох тийм нөхцөл боломжтой, цалин нь 10 дахин их. Харин Монголд туфль, нүүр будалтаа өөрөө бэлдэх тохиолдол их байдаг.

-12 жилийн турш Японд амьдарсны дараа Монголд ирэхэд хүндрэлтэй зүйл байсан уу?

-Америкт байж байгаад Японд очоод удаагүй байхад газар хөдөлсөн. Газар хөдөлсний дараахан ээж маань “Монголдоо ир ээ” гээд ярьсан л даа. Есөн жил эмээтэйгээ уулзаагүй байсан болохоор ирэхээр шийдсэн юм. Монголд ирээд хоёр сар гаруйн дараа эргээд Япон руу явсан. Японд ирээд гэртээ иртэл хана, цонх цуурчихсан, зурагт уначихсан, угаалтуур хагарчихсан байлаа. Тэр үед өдөрт 40-50 удаа газар хөдөлдөг, айдастай үе байсан. Тэгээд л ингэж айж амьдарч байхаар амар тайван Монголдоо амьдаръя гэж шийдээд ирсэн дээ. Багадаа явсан учраас ирээд хэцүү зүйлүүд байсан. Заримдаа хүмүүсийн тоглоом шоглоомыг ч ойлгохгүй үе зөндөө л байлаа. Одоо л арай дээрдэж байна. Эргээд дасаж, учраа олж эхэлж байна.

-Таныг Ш.Дулмаагийн зээ охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Шүлэг, уран зохиол сонирхдог уу?

-Шүлэг дуунд бол уярамтгай, гэхдээ бичээд байдаггүй. Харин ээж минь шүлэг зохиодог боловч нийтэлдэггүй. Хааяа эмээ, өвөөгийндөө очдог байлаа. Тэр үед эмээгийн минь шавь нар их ирдэг байсан. Эмээ минь их сайхан эмэгтэй. “Яг түүн шиг” шоунд бүтээж байгаа дүрүүдэд минь маш мэдрэмжтэй шүүмжүүдийг өгдөг. Бүх зүйл дээр минь намайг дэмжиж, тусалж, урам хайрлаж байдаг. Японд байхад өвөө маань өнгөрөөд өвөөтэйгөө уулзаж чадаагүй. Түүнээс хойш их удаж байж эмээтэйгээ уулзсан даа, их ч санадаг байсан. Эмээ маань миний хүүд амь.

-“Monroze” салоныхоо тухайд яриач?

-2011 онд “City” дээд сургуульд хувцас, загвар зохион бүтээгчийн чиглэлээр сурсан. Сурч байхдаа урлангаа нээхээр болж “Monroze” гэсэн нэрийг ээж минь өгсөн юм. Олон улсад гаргахад Монгол гэдгийг илтгэх “Мон”, сүүл хэсэг нь чиний нэрийг илтгэхээр “Roze” байвал зүгээр гэж зөвлөсөн. Харин логог нь ханьтайгаа хамтарч зохиосон. “Monroze”-ийн загварын онцлог нь эмэгтэй хүний биеийн өө сэвийг далдалж хүчирхэг, халуухан харагдуулдаг. Мөн пластик материалаар багсны жижиг сав, нүүр будалтын жижиг цүнх, гар цүнх зэргийг хийдэг. Материалаа зүсэх, оёх, чимэглэх гээд бүх зүйл нь гар ажиллагаагаар бүтдэг. Цаг зав бага байгаа болохоор санаануудаа хэрэгжүүлж чадахгүй л байна. Бодож байгаа санаанууд их байна. “Яг түүн шиг” шоунд өөрийнхөө өмссөн бүх хувцсыг урландаа оёж байгаа. “Хар сарнай” хамтлагийн Амараа ах болохдоо пиджакийг нь адилхан торгоор урласан.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Хөлбөмбөгийн “FC Улаанбаатар” багт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн “Монгол модель” агентлагт ажилладаг. Нөхөртэйгөө “Говь” компанийн зураг авалтад орж байхдаа танилцсан. Тэр үеэс л үеэрхэж эхэлсэн дээ. Миний ханийн хүн чанартай, хүмүүжилтэй, даруу байдал нь таалагддаг. Би ханиа дуурайсан хүүтэй болох юмсан гэж боддог байсан. Яг аавтайгаа адилхан хүүтэй болсон доо. Аав нь “Миний хүү төгс байг” гээд М.Төгс-Эрдэнэ гэдэг нэр өгсөн. Ээжийн минь захидгаар бүх зүйлийг сайн сайхнаар бодвол биелэхгүй зүйл гэж байддаггүй юм байна лээ.

-Та аав, ээж хоёрынхоо хэнийг нь илүү дуурайсан бэ?

-Миний ээжийг З.Саранчимэг гэдэг. Орчуулагч мэргэжилтэй, таван хэлтэй. Дуулж хуурддаг авьяас нь ээжийгээ дуурайсан. Ээж маань залуудаа “Айзам” хамтлагт дуулдаг байлаа. Харин оёх дуртай маань аавтай холбоотой. Аавыг минь Ч.Энхболд гэдэг, архитектурч мэргэжилтэй. “Урлах эрдэм” дээд сургуульд багшилдаг. Өөрөө л хувцас хийгээд өмсчихдөг. Одоо өөрийн гэсэн урлантай, савхиар хувцас, гутал хийдэг. Их сургууль төгсөхөд хийдэг шоунд аав маань тусалсан. Тэр үед жирэмсэн байсан учраас зарим зүйлсээ хийж чадахгүй хүндрэлтэй байсан.

-“Яг түүн шиг” шоунд орох саналыг яаж хүлээж авсан бэ?

-Шоу эхлэхээс хоёр сарын өмнө санал тавьсан. Өөртөө итгэлтэй байгаагүйн дээр нялх хүүхэдтэй болохоор эхлээд татгалзсан. Сарын дараа дахиад санал ирсэн. Тэгээд л зориглоод орохоор болсон доо. Хоёр ээж маань тэтгэвэрт гараагүй хүмүүс болохоор хүүхэд хараад байх боломжгүй. Нөхөр маань л зав чөлөө гаргаад ажлаа хойш нь тавиад хүүгээ харж байгаа. Одоо шоундаа ороод нүүр хагараад сандрах нь багасаад сайхан байгаа. Миний хувирсан дүрүүдээс ихэнх нь бүжигтэй байсан учраас хүндрэлтэй байсан. Бүх л дүрийнхээ бүжиг, хөдөлгөөн, дууны үгийг сайн цээжлээд л тайзан дээр гардаг боловч эхний хэдэн дугаар дээр сандарсан. Харин “Хар сарнай” хамтлагийн Амараа ахыг дуурайхад үзүүлье гэснээ үзүүлсэн. Өөрийгөө ч танихааргүй хувирсан даа. Нүүр будалтаа хийгээд, сахлаа наагаад, шилээ зүүгээд хартал маш адилхан болчихсон. Бүжигчид, арын албаны хүмүүс гайхаад л хөгжилтэй байсан. Хүмүүст “Хар сарнай” хамтлагийн Амараа ахын болон Лана Дел Риегийн дүр илүү хүрсэн болов уу. Гуравдугаар шатанд тайзан дээр гарахын өмнө миний хань мессэж бичсэн. “Чи минь чадна аа, нэгэнт л сэтгэл зүрхээ зориулаад оролцож байгаа юм чинь сандрахгүйгээр хийсэн бүх зүйлээ үзүүлээрэй” гэсэн. Маш гоё урам орсон доо. Лана Дел Риегийн хувьд дуу хоолойны өнгө нь минийхтэй төстэй. Байгаа байдал нь надад ойр дүр. Харин Мадоннагийн латин бүжиг хурц, хүчтэй хөдөлгөөнтэй учраас амаргүй байсан. Ер нь тэр хүн шиг дуулж, бүжиглэж, жүжиглэнэ гэдэг амархан зүйл биш. “Яг түүн шиг” шоуг зохион байгуулж буй “Боловсрол” телевизийн хамт олны уур амьсгал маш их таалагддаг. Хэрэгтэй зүйлийг маань тэр дор нь олоод өгчихдөг.

-“Яг түүн шиг” шоунд орсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Хүмүүс илүү таньдаг болсон юм болов уу. Хүүхдүүд илүү сайн таниад байх шиг. Саяхан нөхөр, хүүхэдтэйгээ дэлгүүр орчихоод гэр рүүгээ явж байтал гурван охин дагаад байсан. Гэртээ орж ирсний дараа хонх дуугараад гараад хартал нөгөө гурван охин чинь ил захидал, уруулын будаг бэлэглэсэн. Захиан дээр нь амжилт хүссэн сэтгэлийн үг, нас, гэрийн хаяг нь байсан. Эргээд тэр гурван охиндоо бяцхан бэлэг барья гэж бодож байгаа. Миний хувьд ололттой зүйл их байгаа. Зөвхөн тайзан дээр гараад алхдаг байсан бол дуулж бүжиглээд өөрийгөө илүү нээж чадсан. Үзэгчидтэйгээ яаж харьцах, тайзаа яаж эзэгнэх гээд олон зүйлийг сурлаа.

-Ямар дууг дуулахад хамгийн хэцүү байсан бэ?

– Марэй Керигийн дуу хамгийн хэцүү нь байсан. Тэр дуун дээр хоолой хүрэхгүй. Ч.Насантогтох багш зөв дуулах техникийг зааж өгсөн. Хүн буруу дуулахаараа нүүр нь улайгаад, хоолой нь гардаггүй юм байна лээ. Өөрийнхөө хэмжээнд боломжийн дуулсан гэж бодож байгаа. Хүмүүс мэргэжлийн дуучид ч дуулахад хэцүү дууг боломжийн дуулсан гэж байсан.

-“Байна уу? ээжээ” дууг “Guys” хамтлагийн М.Мягмартай хамтран дуулснаар үзэгчдийн хүртээл болсон. Дуу яаж бүтсэн бэ?

-Би дуулах дуртай болохоор миний үеэл, хөгжмийн зохиолч “Брос Рекордс”-ын продюсер, Г.Онон ахаасаа “дуу зохиож өгөөч ээ” гэж их гуйдаг байсан. Г.Онон ах нэг өдөр утасдаад “Студи дээр хүрээд ирээч” гэсэн. Очиход “Guys” хамтлагийн М.Мягмар ах шинэ дуу бичих гэж байсан. Тэр дууг нь сонсоод хамаг биений үс босож байлаа. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан дуу байв. М.Мягмар ах бид хоёрын хоолойны өнгө тохирох учраас намайг дуулуулахаар болсон юм билээ. “Байна уу? ээжээ” дууг дуулсандаа баяртай байдаг. Клип хийгдэх үеэр жирэмсэн байсан. Анзаарсан бол клипэн дээр байнга сууж дуулдаг. Сүүлд төрөх хугацаа дөхчихсөн үед нэгэн шоун дээр дуугаа дуулахаар болсон. Сандарсандаа тайзан дээр төрчих вий дээ гэж их санаа зовж байсан. Дараа нь дахиад өөрийн гэсэн дуутай болно гэж бодож байгаа.

-Кинонд тоглох хүсэлт ирвэл тоглох уу?

-Нэг удаа кино пробонд орж байсан. Их олон юм асууж лавладаг юм байна лээ. Шүд чинь өөрийнх чинь үү гэх мэт. Морь унаж чаддаггүй болохоор тэнцээгүй. Кинонд дүр бүтээвэл эмэгтэйлэг уяхан, зөөлөн дүрийг бүтээж чадахгүй харин сөрөг, хүчирхэг эмэгтэйн дүр тохирох байх гэж боддог. Тийм дүрд тоглохыг хүсч байна.

-Японд моделиор ажиллаж байхад чинь “Asian beauty” гэж дууддаг байсан гэсэн. Бусад ази охидоос юугаараа ялгардаг байсан бол?

-Бусад ази охидоос ялгагдах зүйл нь урт хар үстэй байсан. Тухайн үед урт үстэй охид төдийлөн олон биш, бас хар гэхээсээ илүү бор үстэй охидууд олон. Урт хар үстэй байсан болохоор “Lux” шампунийн рекламанд тэнцсэн юм. Ахлах ангид байхад нэгэн аймшгийн киноны дүртэй адилхан гэдэг байсан. Тэр дүр нь урт хар үстэй учраас адилтгадаг байсан.

-Таны мөрөөдөл биелсэн үү?

-Дуучин болохыг мөрөөддөг байсан, яг мэргэжлийн дуучин болоогүй ч дуу дуулсан. Модель, дизайнер болохыг хүсдэг байсан нь биелсэн. Би бүх зүйлд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Гэхдээ нэг зүйлийг л барьж авч хийж бас амжилтад хүрнэ. Тиймээс дизайнерын чиглэлээ дагнаад өөрийнхөө брэндийг улам амжилтад хүргэхийг хичээж байна. Ингээд бодоход мөрөөдлөө биелүүлж амьдарч байгаа юм байна. Санаа зөв бол заяа зөв, хүнд муу санахгүй өөрийнхөөрөө л бай гэж ээж минь хэлдэг. Ээжийнхээ хэлснээр яваа учраас бурхан харж үздэг байх. Халуун дулаан гэр бүлтэй, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд хүнээс дутахааргүй сайхан л амьдарч байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нутгийн хүн ба “нутгархсан хүн”

Энэ жилийн сонгуульд намаасаа илүү хүний хүчин зүйл голлож байх шиг байна, ялангуяа орон нутагт. Угаасаа сонгууль нь намынхаа нэрийг барьж хүн сонгуулах, эсвэл хүнийхээ нэрийг барьж намдаа суудал авах хоёр үндсэн чиглэлээр л явдаг ба түүнийгээ пропорциональ ба мажоритар хэмээн нэрлэдэг билээ.

Энэ онцлогоос болоод орон нутгийн тойргуудад нэр дэвшигчдийг “Нутгийн хүн”, “Нутгархсан хүн”, “Нутаг царайлсан хүн” хэмээн хувааж болохоор байна.

Нутгийн хүн нь мэдээж ээж аав, ах дүүс нь тэндээс угтсан, ижий бололцсон улс байх ажээ.

Харин манай өвөө, эмээ уг нь эндхийнх гэсэн хэмээх яриатай, олны мэдэх хэн нэгний нэрийг барьж “тэр хүн манай төрөл”, “ энэнтэй бид садансаж явдаг” гэхчилэнгийн юм ярьж яваа нутгархагсад ч харагдана.

Гэтэл хэнийхний хүн бэ гэж асуухаар бараг л Хүннү, Сүннүгийн үеийн юм ярьж, өнөөх “Сэрэлт” кинонд “Галзуу Бумаа та хоёр хэдийдээ эгч дүүс болчихоов” гэдэг шиг мөн ч гэхийн аргагүй, биш ч гэхийн ч аргагүй “нутаг царайлсан хүн” ч бас байх жишээний.

Харин орон нутгийнхан өөрснөө хүнээ сонгохдоо хэд хэдэн зарчмыг барьж байх шиг байна. Юуны өмнө эргэж ирэх нүүрээ бодох, энд суудаг амьтан ах дүү нарынхаа нэрийг баастаад явчихгүйг хичээх тийм хүнийг орон нутагт онцгойлон үзэх төлөвтэй байна.

Нөгөө талаасаа, нутагтаа төрж өссөнөөс гадна төвдөө нөлөөтэй, аймаг орныхоо өмнөөс хэнтэй ч таван үг солилцож чадах, хүний эвийг олдог байх нь чухал гэж үзэж байгаа бололтой. Энэ нь бас учиртай юм байна. Сонгоод л явуулахаар баахан зовлон тоочоод, эрх баригчдаас боллоо, нөгөө намынханд ингэж чадуулчихлаа хэмээн ханилж яваа нөхдөө зүхсээр ирдэг нөхөд нэгэнт хэрэггүй болохыг таньсан шиг байна. Тэд нөгөө муулаад байсан улсынхаа шийдсэн, бүтээсэн юмыг болохоор “Би ингээд хийлгэчихлээ”, “Миний тавиулсан зам” гэж ичгүүргүй ярьсаар байгаад нүүрээ барсан тал ч байна.

Ийм болохоор нийслэлдээ нүүрээ барчихаагүй, хүний эвийг олоод явдаг хүн эрэлттэй харагдана. Өөрөөр хэлбэл, юманд явуулахаар ганзага хоосон ирчихээд “тэрнээс боллоо”, “энэнээс гайтлаа” хэмээн буруугаа бусдад чихдэг хүн хэрэггүй болж. Харин аль ч намынхны эвийг олдог, аль ч хүний аргыг олдог, шалтаг хайхын оронд шалтгааныг олж засахыг хичээдэг хүнийг хайж байна. Мэдээж, янз янзын юманд нэр холбогдож нүүрээ барчихаагүй, төрд очоод тэрбумтан болох гэж алийгаа алдахгүй хэмжээнд “биеэ болоод гэрээ зассан” байх нь чухал бололтой байна.

Жишээлэхэд, манай булганыхан Лхамсүрэнгийн Энэбиш даргаа их ярих дуртай юм. Л.Энэбиш гуай бол Улаанбаатар хотыг удирдаж эхэлсэн цагаасаа л хот улсын хэмжээнд, нийт үндэстний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улс төрийн аль ч бүлэглэл үгийг нь сонсдог байсан төрийн зүтгэлтэн.

Түүнээс хойш улсын хэмжээний тийм улстөрч Булганаас төрсөнгүй гэлцэнэ. Энэбиш гуайгаас хойш нийслэлд буюу Монголын их улс төрд Булганы дуу хоолой сонстохоо больсон гэж гэж үздэг юм байна.

Спорт, урлагийн зүтгэлтнүүдийнх нь нэрийг хэлэхээр Монгол Улс байтугай манай дэлхий алга ташдаг энэ нутгийнхны нэр нөлөө улс төр дээр ирэхээрээ иймэрхүү. Ийм учраас булганыханд Л.Энэбиш дарга шигээ л нийслэлдээ, улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнтэй болохыг их мөрөөдөж, сонголтынхоо бараг л тэргүүлэх хүчин зүйл болгосон харагдана лээ.

Өнөө жил Их хурлын сонгуульд АН-аас Булган аймагт нэр дэвшсэн хүн бол О. Амартүвшин билээ. Тэрбээр Нутгийн зөвлөлийн даргын хувьд Булган аймгаа зорьдог байсан бол энэ удаад нутгаасаа УИХ-д нэр дэвшигчийн хувьд очиж байгаа юм байна. (Нутгийн зөвлөл бол Нийслэлд нутаг орноо төлөөлдөг иргэний байгууллага. Тэд нутгийн зөвлөлийн даргаа аль болох “Энэ хүнд л нутаг орноо гэх сэтгэл байгаа” хэмээн итгэсэн хүнээрээ томилдог онцлогтой)

Амартүвшин өнгөрсөн жил байх аа, уржнан ч бил үү, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ танхим бол улсын нийслэлийн хөгжлийн төлөөнөө манай улс төр, бизнесийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн үүсгэсэн байгууллага. Дарга удирдлагыг нь ямар ч байсан улсын нийслэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн, хэнтэй ч ажил ярихаар очиход нь үүдэндээ хүлээлгээд байхааргүй, хүнээр хийлгэдэг билээ.

Байдал нэг иймэрхүү…

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 18-23 градус дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 7-12 метр. Сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө сэрүүсч 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд нийтлэлч Баабарын “Улс төрийн нам, түүний утга учир” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохиогдсон Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болсон билээ. Уг уулзалтад 17 орны төлөөлөгчид оролцсон юм. Энэ тухай нэг болон хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Улс төрийн нам, түүний утга учир” нийтлэл хэвлэгдлээ.

. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хийсэн ярилцлага улс төрийн дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгдлээ. Өчигдөр Чингисийн талбайд болсон өмнөх Засаг дарга нар болон газрын дарга нарын хууль бусаар газар олгосон баримтуудыг дэлгэсэн үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлагыг зургадугаар нүүрнээс уншина уу.

Хурдан морины унаач 12 настай Н гэх хүүхэд архинд гүн хордож, шоконд орсон байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн тухай бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл хүүг яагаад архи уусан талаар болон хэр их хэмжээгээр хэн хэнтэй уусан тухай нэхэн суравалжилсныг баримт үйл явдлын долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу шалгалт болохоос өмнө задарсан тухай шуугиан гараад байгаа. Төгсөх ангийн 37200 хүүхдийн хувь заяагаар тоглосон байж болзошгүй энэ үйлдлийн мөрөөр сурвалжилсныг 11 дүгээр нүүрэнд хэвлэлээ.

Халхгол сумын нутагт байх “Буйр” нуурт загасчилж байсан дөрвөн залуу осолдсон тухай манай сонин цувралаар хүргэж байгаа билээ. Энэ тухай 13 дугаар нүүрнээс уншаарай.

Түүнчлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Отгон, “Яг түүн шиг” шоуны оролцогч Н.Мөнхсоёлтой хийсэн ярилцлага болон цаг үеийн бусад мэдээ мэдээллүүдийг өнөөдрийн дугаараас уншиж сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Татарстаны Ерөнхийлөгчийн хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай оронд ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Р.Н.Миннихановыг өнөөдөр (2016.6.21) хүлээн авч уулзан Монгол Улс, Татарстаны эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн хүрээнд Татарстантай эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар сонирхож байгааг Ерөнхий сайд онцлоод газрын тос боловсруулах арвин туршлагатай Татарстаны хөрөнгө оруулагч, бизнесменүүдийг Монголд байгуулахаар төлөвлөж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллахыг санал болголоо. Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр Монгол, Оросын эдийн засгийн харилцааны бэлгэ тэмдэг болон мөнхөрсөн шиг Монгол, Татарстаны хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэр хоёр талын харилцааны амжилттай хэрэгжих анхны төсөл болж болох юм гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр манай ажил хэргийн хүрээнийхэн Татарстанд амжилттай хэрэгжсэн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцаж, мах, махан бүтээгдэхүүн Татарстанд нийлүүлэх сонирхолтойг дурдав.

Татарстаны Ерөнхийлөгч газрын тос боловсруулах салбарт хамтрах Ерөнхий сайдын саналыг дэмжээд Монголд нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг Татарстанд зохион байгуулах, манай бизнесийн төлөөлөгчдийг нутагтаа хүлээн авах, Монголыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.

Уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов, Татарстаны Ерөнхийлөгчийг дагалдан яваа албаны хүмүүс байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

350 хүүхдэд зусланд амрах эрхийн бичиг гардууллаа

Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн А/483 дугаар захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран нийслэлийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчилгээний ажилтнууд, цагдаагийн албан хаагчдын хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулсан байна.

Мөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй халамж асрамжийн газруудад хүмүүжиж байгаа хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зуны амралтаа хөгжилтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг гардуулж өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Н. Төгсцогт “Рио”-д оролцохгүй

Олон улсын сонирхогчийн боксын холбоо энэ сарын 1-нд мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016” олимпод оролцохыг зөвшөөрсөн билээ. Ингэснээр мэргэжлийн боксын тамирчид сонирхогчидтой хамт олимпод өрсөлдөх боломж бүрдсэн юм. Гэвч Олон улсын мэргэжлийн боксын холбоо мэргэжлийн тамирчдыг олимпод өрсөлдвөл аваргын бүсийг нь хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилийн хугацаатай хасахаар болсноо өчигдөр мэдэгдлээ. Манай улсаас мэргэжлийн дэвжээнд хүч үзэж буй олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт олимпод өрсөлдөх боломжтой болсон байсан. Түүний дараагийн тулаан Пуэрто Рико улсын “DYNAMITE” хочит Р.Васкестэй ирэх сарын 15-нд болох тул манай тамирчин холбооноосоо зөвшөөрөл авч чадлаа гэхэд долоохон хоногийн зайтай хоёр том тэмцээнд оролцох бараг боломжгүй нь гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Улсын онцгой комиссоос анхаарууллаа

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 6 дугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Мөн Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай зэрэгт хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар ард иргэддээ хандан сэрэмжлүүлэг хүргэлээ.

Өчигдрөөс эхлэн манай орны нийт нутгаар усархаг бороо тасралтгүй орж, зарим голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюул болох магадлал нэмэгдэж байна.

Энэ сарын 21, 22, 23, 24-нд бороо үргэлжлэн орно. Иймд иргэдийг амралт, аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо буудаллахгүй сонор сэрэмжтэй байлгах, бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан авто тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаатай гүүр, гарам, гарц бүхий газраар аюулгүй зорчихыг Шадар сайд анхаарууллаа.

Үерийн аюултай бүсэд суурьшиж буй айл, өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт байршуулах ёстой.

Сонгуулийн ажилд олон зуун хүн, олон арван машин явж байна. Гол ус гатлах, сайр хэвгий газраар үер болж, гэнэтийн аюул учирч болзошгүй байдал үүслээ. Говийн бүсэд ширүүн бороо орж, хүн, мал аюулд өртөж болзошгүй мэдээлэл ирж байна. Иймд ард иргэд сонор, сэрэмж хариуцлагатай байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, онц шаардлагагүй бол гэнэтийн үер, ус бууж болох газраар явахгүй байхыг тэрээр сэрэмжлүүллээ.

Цаашид нийт нутгаар хур тунадас үргэлжлэн орох тул Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Гол, мөрний усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Онцгой комисын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан мэдээ, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулах, үерийн аюултай бүсэд суурьшиж буй айл, өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт байршуулах ёстойг тэрээр анхааруулав.
  • Үерийн аюулаас шалтгаалж зам, гүүр эвдрэх, тулгуур баганад гэмтэл үүсч, хотойлт өгөх, хүн, мал, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөлд шуурхай арга хэмжээ авч, удирдлага зохион байгуулалтаар ханган, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээллийг Улсын онцгой комиссын Ажлын албанд яаралтай мэдээлж, үүрэг чиглэл авч ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын тамирчид АНУ руу мордлоо

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-нд дэлхийн шилдэг 24 тамирчны хооронд 75.000 долларын шагналын сантай “Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын халз тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох тамирчид, дасгалжуулагч багшийн хамт өнөөдөр АНУ-ыг зорилоо. Манай багийн бүрэлдэхүүнд ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан, Э.Пүрэвжав, Их мастер Б.Шижир-Эрдэнэ, ОУ-ын мастер З.Цэцэгзул, ОУ-ын мастер А.Анударь нар багтжээ. Тэмцээнд Герман долоо, Америк дөрөв, Англи гурав, Швед хоёр, Нидерланд, Филиппин, Хятад улсаас тус тус нэг тамирчин өрсөлдөх юм.