Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдад АСЕМ дуустал амралт өгөхгүй

Ирэх долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн XI хурлыг угтан нийт есөн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсний эхний дөрөв дэх хурлыг нь амжилттай зохион байгуулжээ.

Өчигдөр гэхэд АСЕМ-ийн хүндэт зочидод зориулсан Хүнсний аюулгүй байдлын хурал болсон. Одоо таван хурал хийх бөгөөд энэ томоохон ажлын бэлтгэл ажил хэвийн 80 гаруй хувьтай яваа ажээ. Харин АСЕМ-ийн үеэр төрийн албан хаагчдад амралт өгөхгүй гэсэн чиглэлийг дээрээс өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхний бэлдэц дуусан тул түр үнэмлэх олгож байна

Өршөөлийн хууль гарсантай холбоотойгоор жолоодох эрхээ сэргээлгэсэн жолооч нар үнэмлэхээ авсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар жолоодох эрхийн хүчинтэй хугацааг 10 жил гэж заасан байдаг. Тэгэхээр хуучин, шар үнэмлэхний 10 жилийн хугацаа нь дууссанаар үнэмлэх авах иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор үнэмлэхний бэлдэц дуусчээ.

Энэ асуудлаар журмын дагуу тендер зарлагдах ёстой. Гэхдээ тендерийн үйл ажиллагаа бага зэрэг удаашралтай байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс жолоодох эрхтэй иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд захиалгаа өгсөн, авах ёстой хугацаа нь болчихсон иргэдэд газар дээр нь жолооны эрхийн түр үнэмлэхийг олгож байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Газар доорх үйлчилгээ” эрхлэх зориулалтаар газар эзэмших эрх олгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/501 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамжинд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”-т 1.7 га газрыг “Газар доорх үйлчилгээ”-ний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгож, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгаврыг өгч, зураг төслийг баталж, “Газар доорх үйлчилгээ”-ний бүтээн байгуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, тус байршилд үйл ажиллагаа эрхлэх худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, хэв журмыг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр болно

Зуны туйл буюу хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө өнөөдөр тохиож байна. Нарны аймгийн гол эрхэс нар өнөөдөр экватораас хамгийн их холдож хойд бүсийн улс орнуудад хамгийн урт өдөр тохиодог гэнэ.

Энэ бүсэд арванхоёрдугаар сарын 21, 22-ны өдөр нар экватор руу хамгийн их ойртсоноос хамгийн богино өдөр тохиодог бол зургадугаар сарын энэ өдөр хамгийн урт нь болдог аж. Харин экватороос урагшхи бүсийн орнуудад эсрэгээрээ арванхоёрдугаар сарын 21, 22-нд хамгийн урт өдөр болж, зургадугаар сарын энэ өдрүүдэд хамгийн богино өдөр болж байна.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар шилдэг наймд үлдэв

“Рио 2016” олимпийн наадмын эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээн Азербайжаны Бакуд зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа. Тус тэмцээний 56 кг-д Э.Цэндбаатар, 52 кг-д Х.Энх-Амар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцсон. Тэд шигшээ 16-д шалгараад байсан билээ.

Харин өнгөрсөн шөнө болсон тулаанаар манай боксчин “Химийн цом”-ын аварга, Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Э.Цэндбаатар Туркийн Ибрахим Гокчектэй тоглож 3:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Мөн 52 кг-д тулалдсан Х.Энх-Амар Коста Рикогийн боксчин Давид Родригесийг 2:1-ээр ялсан. Ийнхүү тэд шигшээ наймд үлдэж, олимпийн эрхийн тоглохоор боллоо. Шигшээ наймд үлдсэн манай хоёр боксчин энэ сарын 23-нд шөнийн 12.00 цагт тулалдана.

Categories
мэдээ нийгэм

Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Нийслэлийн онцгой байдлын газарт айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, зоорийн давхар руу ус орсон 51 удаагийн дуудлага ирсэн байна. 180 хүн, 10 механизм, 12 мотопомп, 20 автомашинтайгаар усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийт дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн хашаа хороонд ус орсон дуудлага эзэлж байна.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны усыг зайлуулах, суваг татах ажлыг Онцгой байдлын албанаас 40 хүн, дүүргийн албадаас 34 хүн 5 механизм, 9 автомашин, 3 мотопомптойгоор шуурхай арга хэмжээ авч ажилласан юм. Аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор ханган үерт автсан айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод сарын гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд түр зуурын дуу цахилгаантай бороо орж, бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байгаа тул иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, үерийн аюулаас эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэр хашаагаа тойруулж суваг шуудуу татах, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос өнөө өглөө баллистик пуужин харважээ

Умард Солонгос өнөө өглөө зүүн эргээсээ “Мусудан” дунд тусгалын баллистик пуужин харважээ. Гэвч амжилтгүй болсон байна.

Умард Солонгосын дундын тусгалтай “Мусудан” баллистик пуужин харвах оролдлогууд өнөө өглөөнийхийг оруулаад таван удаа дараалан амжилтгүй болж байгаа нь энэ юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Умард Солонгос уг пуужинг анх удаа харвасан. Дөрөв, тавдугаар сард хийсэн анхны болон дараагийн гурван туршилт бүгд амжилтгүй болсон. Пуужингуудыг хөөргөсний дараахан бүгд агаарт дэлбэрчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэрэг явдаг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд хамтын санамж бичигт гарын үсэг зурснаар, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах, хотын төвөөр дайран өнгөрөх төмөр замаар тээвэрлэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээг багасгах, аюултай ачааны тээвэрлэлтийг зогсоох, нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар хотын дундуур өнгөрөх төмөр замыг хос болгон өргөтгөх замаар хотын ойролцоох Налайх, Партизаны суурин газруудыг дэд бүтэцтэй холбож хотын нийтийн тээврийн сүлжээтэй нэгтгэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

Санамж бичигт Хөшигийн хөндийд шинээр ашиглалтад орох Олон Улсын нисэх буудал-Улаанбаатар хотын хооронд хурдан галт тэрэг Рейлбус аялуулах, шинэ Рейлбус худалдан авч нийтийн тээврийн шинэ чиглэл бий болгон орчин үеийн шаардлагад нийцсэн тасралтгүй үйлчилгээг үзүүлэх, засвар үйлчилгээний баазыг байгуулахаар тусгасан байна. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийг төмөр замын тээвэртэй уялдуулж авто замын ачааллыг багасган түгжрэлийг бууруулж, Толгойт-Амгалан өртөөдийн хооронд хос төмөр зам тавих, төмөр замын дагуу автобус нийтийн тээврийн зогсоол бүхий платформ байгуулахаар тусгажээ. Ингэснээр Налайх, Эмээлт, Өлзийт, Нисэх орчмиын иргэд Төв аймгийн Хөшгийн хөндийн байрлах олон улсын нисэх онгоцны буудал руу хөнгөн галт тэргээр зорчих боломжтой болох юм. Мөн энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Улаанбаатар хотын автозамын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан гарцуудыг бий болгох зорилгоор Нийслэлийн “Зорчигч үйлчилгээний төв буудал”-ыг өргөтгөн цогцолбор байгуулж төмөр замын урд хойд талыг холбосон шинэ явган гарц бий болгох юм байна. Түүнчлэн барилгын материалын худалдааны үйл ажиллагаа төвлөрсөн 44-р зам буюу Гурвалжингийн гүүрний орчмын үйл ажиллагааг бүхлээр нь хотын зүүн хэсэгт шилжүүлж, Амгалан өртөөний орчим орших объектуудыг түшиглэн барилгын болон мод модон материалын захыг шинээр бий болгон төвлөрүүлэх, Улаанбаатар хотын баруун хэсэгт орших авто цогцолборыг түшиглэн салбар төмөр зам барьж, ложистик үйлчилгээний төв байгуулах, Улаанбаатар хотын төвөөр аюултай ачаа тээвэрлэхгүй байх тухай захирамж гарсантай холбогдуулж төмөр замын Багахангай өртөө орчимд аюултай ачааны терминал байгуулах зэргийг ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлж эхний үе шатыг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээн байгуулалтын төслүүд 2030 гэхэд бүрэн хэрэгжинэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өнөө жилийн наадамд хэн түрүүлэх вэ” бөхийн хэлэлцүүлэгт урьж байна

Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин” өнөө жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо. Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн наадмаар 1024 бөх зодоглоно. Наадмын түрүү бөхөөр хэн тодрохыг бөхөд хайртай ард түмэн таамаглаж суугаа. Залуу арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нар 10 давж түрүүллээ гэхэд шууд даян аварга, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд түрүүлбэл дархан аварга, заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар түрүүлбэл улсын аварга цол хүртэх өндөр магадлалтай байгаа юм.

Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн СГЗ Д.Данзан, улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, улсын начин гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, бөх судлаач Б.Цогтбаатар нарын олон хүн санал бодлоо хэлэх болно. Хэлэлцүүлэг өнөөдөр 12:00 цагт “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болно. Хэвлэл мэдээллийн байгууллага болоод бөх сонирхогч та бүхнийг урьж байна.

Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: Монголын тамирчид ирэх сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаатай ярилцлаа.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгад Улсын нэгдсэн төв эмнэлгийн амбулатори, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийг тус тус байршуулах шийдвэрийг Засгийн газраас гаргачихлаа?

-Кувейтийн буцалтгүй тусламжийг Төрийн ордон барихад зориулж өгсөн юм. Төрийн ордны өргөтгөлийг барина гээд тав, зургаан жил болж байна. УИХ-ын дарга энэ асуудалтай танилцаад “Үүнийг ерөөсөө больё оо, газрын асуудал нь шийдэгдэхгүй юм байна. Олон жил саатлаа. Тиймээс уг тусламжийг эрүүл мэндийн салбартаа ав” гээд зөвшөөрлийг нь олгосон. Зүүн бүсэд Монгол туургатны ирж төрдөг, Чингисээр овоглосон төрөх эмнэлэг барих боломж байна уу, үгүй юу гэдэг судалгааг хийсэн. Өмнө нь бид монгол туургатны төрөх эмнэлгийг Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдогт барих санал оруулсан ч Засгийн газар дэмжээгүй юм. Тиймээс Засгийн газрын энэ сарын 13-ны хуралдаанаар энэ 14.2 тэрбум төгрөгийг Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өгөх шийдвэр гаргасан. Энэ төслийн хувьд цогцоор нь хийхээр зургийг нь хийчихсэн байсан. Өмнө нь амбулаторийг нь зургаан тэмбумаар барья гэдэг санал оруулж байсан. Баруун бүсийн асуудлаа нэг мөр шийдье гээд иж бүрнээр цоо шинээр нь барих шийдвэр гаргачихлаа. Цаана нь үлдэж байгаагаа юунд зарцуулахаа шийдээд Засгийн газарт оруулж ир гэсэн үүрэг өгсөн, надад. Үүний дагуу бид боловсруулалт хийж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Түлэнхийн төв гээд яаралтай шийдэх, асуудалтай, зогсчихсон обьектуудынхаа аль нэгэнд нь хөрөнгө оруулдаг юм уу гээд судалгаа хийлгэж байна. Засгийн газрын уржигдрын хурлаар эрүүл мэндийн салбартай холбоотой бас нэг шийдвэрлэсэн асуудал нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал.

Хуульзүйн салбарын оффисын барилга болгох гээд засаад эвдээд, янзалчихсан байсан. Тэрийг буцаагаад эмнэлэг болгох асуудлыг Засгийн газар аль хоёр жилийн өмнө шийдсэн, Шийдлийн Засгийн газар гарч ирэнгүүтээ. Харамсалтай нь ажил гүйцэтгэхээр болсон компани нь хөрөнгө оруулалтаа босгож чадалгүй хугацаа алдаж энэ оны гуравдугаар сарын 9-нд үндсэн гэрээ нь хүчингүй болсон юм. Одоо бол бид ямар зарчмаар ажиллах вэ гэхээр MRI, CT байрласан амбулаторийн хэсгээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харьяанд өгч байна. 260 ортой нэгдсэн эмнэлгийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгохоор болсон. Амбулаторийн эмнэлгийг энэ сарын 20 гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа бэлэн юм. Доод давхруудад нь засвар хийгээд яваандаа доод гражийг нь янзлах ажил үлдэж байгаа.

-260 ортой эмнэлэг нь хэзээ бэлэн болох вэ?

-Тэр хэсэг нь маш их нураагдсан, өрөө, тасалгаа гээд. Үүнд дөрөв орчим тэрбум төгрөг шаардагдана. Үүнийг Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх нэгдсэн эмнэлэг болгох гэж байгаа учраас хотын удирдлагуудтай ярьж хөрөнгийг нь Улаанбаатар хотоос гаргана уу гэсэн асуудал тавигдаж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

-Олимпийн бэлтгэл хэр явж байна вэ. 32 тамирчин олимпийн эрх аваад байгаа нь түүхэн үйл явдал болж байна?

-Олимпийн бэлтгэл хангах асуудлыг маш өндөр түвшинд авч үзсэн. Олимпийн зардал их сайн батлагдсан шүү дээ, УИХ-аар. 6.2 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ хүрээнд бэлтгэлийн хугацаанд л гэхэд спортын 17 төрөлд 125 тамирчин, 36 дасгалжуулагч, байнгын бус шигшээ багийн үндсэн төрөлд 171 тамирчин уулын цана, волейбол, ширээний теннис, пара таэквондогийн төрөлд 37 тамирчин нийтдээ 369 тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангасан. Үүнээс шалгарсан хүмүүс нь олимпийн эрх аваад байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид маань 2016 он гарсаар спортын 16 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 56 тэмцээнд оролцож 26 алт, 29 мөнгө, 54 хүрэл медаль хүртээд байгаа. Үндэсний шигшээ багийн тамирчид маань “Рио 2016” зуны XXXI олимп, паралимпийн XV наадамд оролцохоор долоон төрөлд 32 эрх аваад байна.

Чөлөөт бөхөөр ес, буудлагаар гурав, байт харваагаар нэг, боксоор дөрөв, анх удаа таэквондогоор нэг тамирчин, хүндийн өргөлтөөр нэг, жүдогоор 13 тамирчин тус тус албан ёсоор эрх авчихсан байна.

Бид уг нь 30 эрх авна гэсэн зорилт тавьчихсан байсан ч өнөөдрийн байдлаар 32 эрхтэй болчихоод байна. Өмнөх олимпуудад 28, 29 тамирчин өрсөлдөж байсан. Одоо 32 тамирчин оролцохоор болоод байгаа ч дахиад нэмж эрх авах спортын төрөл байгаа. Хөнгөн атлетикийн олимпийн эрх олгох тэмцээнүүд зургаа, долдугаар сард зохиогддог. Уг төрлөөр одоогийн байдлаар гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй гурван хүн эрх авах болзлоо хангачихаад байна. Эрх нь хараахан баталгаажаагүй байгаа. Бидний үзэж байгаагаар энэ удаагийн олимпод Монголоос 35-37 тамирчин оролцох төлөвтэй байгаа нь түүхэнд байгаагүй амжилт юм.

Манай тамирчдын хувьд долдугаар сарын 24-нөөс Рио Де Жанейро руу хүлгийн жолоо зална. Олимп болоогүй байхад тийм эрт очоод яах нь вэ гэх байх. Зарим спортын төрлийн тамирчдын хувьд явдал дундаа бэлтгэлээ базаагаад бие халаах маягаар оролцох тэмцээнүүд бий. Бразилийн цаг агаарын байдалд дасан зохицох нөхцөлийг нь бүрдүүлэхийн тулд “Рио 2016” олимп нээлтээ хийх Рио Де Жанейро хотоос 132 км-ийн зайтай орших Волда Ретондо хотын Функционар клубт дасан зохицох бэлтгэл хийнэ.

Өнөөдөр (өчигдөр) Элчин сайдын яамнаас бидний хийсэн гэрээ, хэлцэлд гарын үсэг зурж манайханд уг бэлтгэлийн баазад бэлтгэл хангахыг зөвшөөрлөө. Зардал мөнгийг нь шилжүүлээд энэ асуудал ингээд цэгцэрлээ.

Паралимпэд долоон эрх авчихаад байгаа нь бас л том дэвшил боллоо. Удахгүй пара байт харваагаар олимпийн эрх олгох тэмцээн болно. Энэ удаагийн паралимпэд таван төрөлд найман эрхтэйгээр оролцоно гэж үзэж байгаа.

-Бразилд зика гэх аюултай вирус тархсан. Уг вирусийн халдвараас сэргийлж алдартай тамирчид Риогийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Манай улсын хувьд уг халдвараас баг, тамирчдаа хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Зика вирус дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Манай тамирчдын бэлтгэл хангах Волда Ретондо хотод зика вирусийн халдвар гараагүй байгаа. Уг вирус гарах нөхцөл нь ч бага гэж үзэж байгаа юм билээ. Учир нь тэр төрлийн шумуул нь байдаггүй гэж бидэнд мэдэгдсэн. Мэдээж олимп болох Рио Де Жанейро хотод яаж ч магадгүй гэж үзэж байгаа шүү дээ. Зөөвөрлөгдөх нөхцөлөөр ч халдвар авч болох талтай учраас бид тамирчдадаа зориулсан эм тариа гэх мэтээр бэлтгэлд нь нэлээд сайн анхаарч байгаа. Шаардлагатай тосон түрхлэгийг нь бэлтгэх, шумууланд хазуулахгүй байх битүү хувцас өмсөх зэргээр зөвлөгөө, даалгаврыг тамирчдад өгсөн. Тамирчдын нөхөн сэргээх эмчилгээ, гэмтэл бэртлийн эмгэг, янз бүрийн сорилт, судалгаанд хэрэгтэй тоног төхөөрөмж авахад 90 сая төгрөгийг шийдэж өгсөн.

2016 он гарснаас хойш Үндэсний шигшээ багийн дотоод гадаадын бэлтгэл, цугларалт, олон улсын тэмцээнд зориулсан спортын хэрэглэл материал авахад гурван тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс дотоодын бэлтгэл цугларалтад л гэхэд 516 сая төгрөг, гадаадын цугларалтад есөн төрлөөр 14 удаа хамрагдаж 345 сая төгрөг, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулчихаад байна.

-“Рио 2016”-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүний тоо гарсан уу. Тамирчдыг дагаж хичнээн хүн явах юм бэ?

-Сая сайдын тушаал гарч, яг олимпод оролцох баг тамирчид, албаны хүмүүсийн тоог тогтоож өгсөн. Нийтдээ 110 хүн явна. Өнөө жилийн хувьд нэг онцлог бий. Багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явах гэж байгаа. Тусгайлан янз бүрийн хоол хүнс бэлтгэх, тамирчдадаа зориулсан хоол унд хийх шаардлага гарвал ажиллах юм. Ингэж тусгай тогооч илгээж байгаа нь анхны тохиолдол болж байна. Яагаад 110 хүн явах болчихоод байна вэ гэхээр өнөө жилийн хувьд хангалттай тоогоор бэлтгэл хангагчдыг нь явуулж байна. Очоод арав хоног хамт бэлтгэл хийх хүнийг нь авч явж байгаа. Тэгэхгүй бол хэнийгээ тэндээс олж бэлтгэл хангаж, барилдах вэ дээ. Тийм учраас энэ бол чухал арга хэмжээ. Олимпод оролцох баг тамирчид хоёр янзын хувцас өмсдөг. Нэг нь ёслолын нөгөөх нь бэлтгэлийн хувцас. Ёслолын хувцасны хувьд “Шилмэл загвар” компани шалгараад ажлаа эхэлчихсэн. Бэлгэдлээ бодоод хувцасных нь өнгийг шараар сонгосон. Өмнөх хоёр олимпод оролцоод медаль хүртсэн ерөөл, бэлгэдлээ бодсон л доо. Гэхдээ мэдээж дизайн нь өөрчлөгдсөн. Бэлтгэлийн хувцсыг нь гаднаас авъя гэж үзсэн. Дотоодын компаниудын дунд уг нь сонгон шалгаруулалт зарласан ч ганцхан компани материал ирүүлсэн. Тэр нь шаардлага хангаагүй. Тийм болохоор олон улсын брэнд хувцас өмсөх нь зохистой юм байна гэж үзсэн. Гэхдээ манай дотоодын тэр компани маань эрэгтэй, эмэгтэй бэлтгэлийн хувцсыг бүрэн хийж ирүүлсэн шүү. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй тул олон улсын тэмцээнүүдэд явах тамирчдадаа тэр хувцсыг нь хийлгэж өмсүүлье. Компани нь хүч гаргаж хийсэн учир шууд хаячихаж болохгүй гэсэн ийм асуудлуудыг шийдээд байна даа.

-Спортын мэргэжилтнүүд, манай алдартай тамирчид, спортын холбоод энэ олимпоос авах медалийн тоог өөр өөрсдийнхөөрөө таамаглаад эхэлчихлээ. Цагийн зөрүү, цаг агаарын байдал зэрэг нь манайханд ээлтэй байхгүй ч “Лондон 2012” олимпийн амжилтаас нэг их доош буухгүй гээд байгаа. Та бүхэн энэ тал дээр тооцоо судалгаа гаргасан байлгүй?

-Багийн дасгалжуулагч, тамирчдын ярьж байгаагаар маш өндөр тоо гарч байгаа шүү дээ. Бүгдээрээ л медаль авна гэж байгаа. Ер нь мөрөөдөл, зорилготой байж бид амжилтад хүрнэ. Гэхдээ Рио Де Жанейро бол онцлогтой. Цаг агаарын хувьд халуун. Хамгийн нам дор газар. Манайхаас 12 цагийн зөрүүтэй. Тийш явах тамирчдынхаа онгоцны тийзний захиалгуудыг өгөөд бэлэн болгочихсон. Эхний тамирчид маань долдугаар сарын 24 гэхэд эх орноосоо мордоно. МИАТ компани Германы Франкфурт хот хүртэл хөнгөлөлттэй үнээр нисгэж байгаа. Тэндээс МИАТ-ийн гэрээ хийсэн компани нь манайхныг Бразилд хүргэнэ. Маш сайн зохион байгуулалттай хийж, гэрээ хэлцлүүдийг нь хэдийнэ бэлэн болгочихсон. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахгүй. Медалийн тоог яг төд гэж хэлэхэд хэцүү. Манай олимп, дэлхийн аваргууд, итгэл хүлээлгэсэн маш олон тамирчин энэ олимпод орж байгаа. Хамгийн харамсалтай нь чөлөөт бөхийн заавал, зайлшгүй медаль аваад ирэх нэг тамирчин маань допингийн асуудлаас болоод хасагдчихаад байгаа. Мэдэгдэл нь ирчихээд байж байна.

Бид хариу явуулсан. Хэрвээ Монголд эрх олгох тэмцээний үед энэ хүнийг ийм асуудлаар оруулахгүй гэсэн бол дараагийнх нь эрх олгох тэмцээнд өөр тамирчин оруулж эрх авах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь хугацааг нь тулгаж, эрх олгох тэмцээн дууссан үед ийм шийд ирчихлээ. Допингийн дээд байгууллагуудад бичиг явуулчихаад байж байна.

Манай тамирчинг мельдонин хэрэглэсэн байна гэсэн бичгийг ирүүлсэн. Гэхдээ олимпийн журамд заасан хувьд нь хүрээгүй буюу 0.007 хувь байсан учраас тэмцээнд оролцох боломжтой, бүх тэмцээнд оролцох эрхийг нь нээлээ гэж хариу ирсэн юм л даа.

Гэтэл эцсийн шийдвэр дээрээ тамирчдын нэрсээс хасчихаад оруулаад ирлээ. Гомдол, санал гэх нь юу юм, гэхдээ энэ асуудлын талаар бичиг явуулсан. Мельдониний төрлийн эмийг Монголд сүүлийн 20-иод жил хэрэглэж байгаа. Эмийн сангуудад жоргүй олгодог. Зүрхний ачааллыг бууруулдаг, тайвшруулдаг учир энэ эмийг чөлөөтэй зардаг. Гэтэл уг эмийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс допингийн жагсаалтад оруулчихсан байж. Үүнээс болоод л хүнд байдалд орчихоод байна.