“Seoul international dance competition” тэмцээний тусгай байрын шагналт УДБЭТ-ын гоцлол бүжигчин СТА Б.Саруултай ярилцлаа. “Театрын цагаан хун” гэгддэг балетын бүжигчин тэрээр оны шилдгүүдийг тодруулах “Мөнгөн мод”-ын эзнээр тодорсон юм.
-Яагаад балетчин болохоор шийдсэн бэ. Танай гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
-Би Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуульд бага ангиа төгсөөд дунд ангиасаа эхлэн Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид элсэн орсон. Мөн хүүхдийн ордонд хоёр жил суралцсан. Цэцэрлэгт байхдаа л дуулж бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Аав, ээж минь дуулж бүжиглэх дуртайг маань анзаарч балетчин болох гарааг эхлүүлсэн дээ. Аав маань онгоцны нисгэгч мэргэжилтэй, ээж маань татварын байцаагч хүн байдаг. Харин эмээ маань Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин хүн байлаа. Миний ах бас бүжиглэх дуртай байсан ч бүжигчин болоогүй.
-Анх балетаар хичээллэж эхлэхэд хэцүү байсан уу?
-Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид тэнцээд Зууны манлай бүжигчин Ю.Оюун багш нэг сар бэлтгэл хичээл орсон. Түүний дараа МУСГЗ Н.Энхтуяа багш дааж аван бүхий л зүйлийг зааж сургасан. Балетаар хичээллэж байгаа хүн уян налархай, зөөлөн, сунгалт сайтай байх хэрэгтэй. Миний хувьд хатуу, сунгалт муутайдаа ордог байлаа. Тийм болоод ч тэр үү, эхний нэг жил маш хэцүү байсан. Багш нар их чанга. Балетын урлаг хатуу, дэг жаягтай хагас цэрэгжилтийн байдлаар сургуулилт явагддаг шүү дээ. Харин хоёр дахь жилээсээ учраа олоод сунгалтаа яаж хийх үү, юун дээрээ ажиллах ёстой байна гэдгээ бага ч гэсэн мэддэг болсон. Тэгээд л гайгүй сайжирсан. Манай ангийн тал нь л балетчин болж үлдсэн нь сонирхолгүй болоод шантраад сургуулиасаа гарсан.
-Балет хүний зан чанарт тэсвэр тэвчээрийг суулгадаг. Өөрөөр яаж нөлөөлдөг вэ?
-Зан чанар, хүмүүжилд хамгийн их нөлөөлж чаддаг. Анхлан суралцаж байгаа хүүхдүүд тогтворгүй, эмх замбараагүй байдаг нь ажиглагддаг. Харин хичээллээд ирснийхээ дараагаар эмх цэгцтэй, тогтвортой, тэсвэр хатуужилтай болдог. Хувь хүн талаасаа зөв хүн болж хүмүүжих дадлыг бий болгодог онцлогтой. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдээ балетаар хичээллүүлэх сонирхолтой байдаг.
-Хамгийн анх тайзан дээр гарахад ямар байсан бэ?
-Би зургадугаар ангид байхдаа “Шелкунчик” жүжгийн Машагийн дүрээр гарсан. Хүүхэд болоод ч тэр үү одоогийнх шиг тийм айдас, сандрал бага байсан юм шиг санагддаг.
-Хөгжим бүжгийн коллежоо төгсөөд л УДБЭТ-ын гоцлол бүжигчнээр орсон гэсэн. Энэ тухайгаа яриач?
-Би өөрийгөө УДБЭТ-д орно, ороод “Хунт нуур” бүжиглэнэ гэж бодож ч байгаагүй. Урт хөл, гартай их л гоё хүн “Хунт нуур”-д тоглодог байх гэж боддог байлаа. 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөөд УДБЭТ-гоцлол бүжигчнээр орсон. Орсны дараа хамгийн анхны том балет маань “Хунт нуур” бүжгийн хар, цагаан хунгийн дүр байлаа. Шинэхэн бүжигчин, дээрээс нь тийм том дүр бүтээх гэж байгаа учраас нэг сарын турш бэлдэж орсон. Сүүлдээ ая нь чихэнд сонсогдоод л байдаг болчихсон байсан. Гэсэн ч маш их сандрал, айдас гээд л бүх л зүйл зэрэг зэрэг болсон доо. Гэхдээ Х.Гэрэлчимэг багш маань маш сайн бэлдэж гаргасан юм. Хар, цагаан хунгийн дүрийг нэлээд хэдэн хун өөрийн онцлогоороо бүтээсэн. Балетын хамгийн хэцүү дүр ч гэж ярьдаг хар цагаан хунгийн хар хун нь техник ихтэй, хурц ширүүн характерыг гаргаж өгдөг. Миний хувьд цагаан хунгийн дүрийг гаргахад гарын дэвэлт, зогсолтгүй үргэлжлэх хөдөлгөөн нь хэцүү байсан. Одоо ч гэсэн хүндрэлтэй зүйлүүд байдаг. Гэсэн ч балет нь залуу хүний урлаг учраас одоо л суралцаж бүжиглэхгүй бол хэзээ гэж.
-Балет нь хүнэээс жүжиглэлт, хөдөлгөөн гээд бүх зүйлийг зэрэг шаардаж байдаг? Ямар дүр хамгийн хэцүү байсан бэ?
-Б.Жамьяандагва багш маань “Та нар бол бүжигчин гэхээсээ илүү жүжигчин хүмүүс” гэж хэлдэг. Тухайн тоглолтыг хоёр цагийн турш эхнээс нь дуустал авч явна гэдэг бол гол дүрийн жүжигчинд маш том хариуцлага оноогдож байгаа юм. Хошин шогийнхон шиг ярьдаггүй учраас үзэгчдэд жүжгээ ойлгуулахын тулд нүдний харц, гарын дэвэлт үйл хөдлөл бүхий л зүйл нь илэрхий байх шаардлагатай. Тийм байж илүү сайн хүрнэ. Балетыг байнга үздэг үзэгчид тэр бүхнийг илүү сайн мэдэрдэг нь ажиглагддаг. “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунд төгсгөл хэсэгт нь 32 эргэлт бий. Тэр эргэлт дээр болон өөр хүнд элементүүд дээр үзэгчид алга ташилтаараа урам зориг өгдөг нь маш сайхан санагддаг. Дүр бүхэн өөрийн гэсэн онцлогтой учраас ядралт нь хүртэл өөр. Хунт нуурын эргэлтүүд дээр хөл илүү ядардаг бол Жизэль дээр бүх биенд ачаалал өгч илүү ядардаг.
-Таны үлгэр дуурайл авдаг балетчин хэн бэ?
-Намайг долоон жилийн турш сургасан Н.Энхтуяа багшаасаа хамгийн их үлгэр дуурайл авдаг. Балетчин хүн насан туршдаа л суралцана. Толинд хараад сургуулилт хийж байгаа хэдий ч багшийн үг хэзээд чухал байдаг. Хэдий долоон жил сураад ажлын байранд гарсан ч багшаараа заалгаж зөвлүүлж байж сайн бүжиглэнэ. Мөн багшийн маань анхны төгсөлт болох Хөгжим бүжгийн сургуулийн балетын бүжигчний дээд төгсөлтийн эгч нар маань их мундаг, өөрсдийн гэсэн онцлогтой, үлгэр жишээ авахаар бүжигчид байдаг. МУГЖ Г.Цолмон эгч маань үнэхээр бахархмаар, мөнхийн залуу гэж хэлмээр 20, 30-хан настай юм шиг л ямар ч зүйлээс ухарч, няцдаггүй шаргуу, хөдөлмөрч эмэгтэй. Ч.Ганчимэг, Г.Батчимэг эгч гээд үлгэр дуурайл авдаг хүмүүс зөндөө байдаг. Гадаадаас ОХУ-ын балетчин Мариа Кочетковагийн бичлэгүүдийг их үздэг. Европ хүн гэхэд бидэн шиг жижиг биетэй. Техник, жүжиглэлт гээд суралцахаар зүйлүүд ихтэй балетчин.
-Балетчин хүний бие төгс байдаг, тиймээс ч уран барималтай зүйрлэдэг шүү дээ?
-Балет нь 17 дугаар зуунаас л бие даасан урлаг болон хөгжиж ирсэн. Үүсээд олон зуун жил болчихсон учраас бүрэн хэмжээнд судлагдчихсан. Хөдөлгөөн бүр нь хүний биеийн булчингуудыг зөв хөгжүүлдэг. Тийм учраас энгийн хүмүүс ч балетаар хичээллэвэл бие галбир гоё болно.
-“Мөнгөн мод” ёслолын арга хэмжээнд оны шилдэг бүжигчний шагнал авсан. Сэтгэгдэл ямар байсан бэ?
-Бидэнд байнгын бэлтгэл сургуулилт хийлгэж, зааж зөвлөж байдаг хүн бол МУАЖ О.Ганбаатар багш маань. Оны шилдэг бүжигчний шагналаа Ганбаа багшаасаа авсан болоод ч тэр үү хоолой зангираад үг хэлж чадахгүй л уйлаад эхэлсэн. Тайзан дээр жүжигт гарахдаа сандарч байгаагүйгээрээ л сандарч, догдолсон доо. Бид тайзан дээр зөвхөн бүжиглэдэг, ярьдаггүй болохоор ч тэр үү, сандраад юу гэж хэлэхээ мэдэхгүй гацчихсан. Миний өмнөөс ээж минь хамгийн их баярлаад л “Миний охин ээжийгээ зөндөө их баярлууллаа” гэж байсан. Тийм болохоор маш их баярласан. Одоо ярьсан чинь хоолой зангирч байна шүү.
-Саяхан “Night of ballet” болж гаднаас балетчид ирж нэгэн тайзан дээр хамт гарсан. Гадны балетчидтай харьцуулахад Монголын балетчидийн түвшин ямар байдаг вэ?
-Монголынхоо нэрийг гаргахаар төлөөлөн оролцсон болохоор их хичээсэн. Манайхаас таван эмэгтэй, гурван эрэгтэй бүжигчин оролцсон. Миний бодлоор Монголын балетчид гадны балетчидаас хоцроогүй. Эн тэнцүү түвшинд хөгжиж байгаа. Европ, Ази гэдэг утгаараа биднээс илүү өндөр, урт хөл гартай байдаг. Манай гоцлол бүжигчид маань бүгд жижигхэн биетэй л дээ.
-Б.Жамьяндагва урлаг дотроос балет хамгийн тэнгэрлэг урлаг гэсэн байдаг. Таны бодолоор?
-Монголын балетчидийн өвөг эцэг бол Б.Жамьяндагва гуай шүү дээ. Энэ хүний хэлсэн үг бүр нарийн утга санаатай байдаг. Өлмий дээрээ явж тэнгэр лүү тэмүүлж байдаг болохоор тэнгэрлэг ч гэдэг юм уу. Мөн “Балет бол ухааны урлаг” ч гэж хэлсэн байдаг. Бидний тэр нарийн үйл хөдлөл бүр ухаанаар гарч байдаг болохоор тэгж хэлсэн болов уу. Миний дотнын хүмүүс “Та нар их амархан гоё ажил хийдэг, инээгээд л бүжиглээд л байж байдаг” гээд хэлдэг л дээ. Үзэгчид, хүмүүст тэгж харагдаж байгаа нь зөв. Мэдээж бид гоё сайхан мэдрэмжийг өгөх ёстой. Гэхдээ тайзны ард маш олон хүний хүч хөдөлмөр, тууштай байдал, урт хугацааны бэлтгэл шаардлагатай байдаг. Балетын ангид элсэн ороод өдрийн 12 цаг бэлтгэл хийдэг байсан. Өглөөний найман цагт гэрээсээ гараад л зарим үед 24 цаг гэж ирэх үе байна. Аав маань “ингэж удаан бэлтгэл хийнэ гэж байхгүй, хүн өдөрт найман цаг л ажилладаг шүү дээ” гээд л намайг хайрласандаа хэлдэг байлаа. Сүүлдээ ойлгодог болсон. Шантрах үе бишгүй л байна. “Хунт нуур”-ыг бүжиглэх гээд бэлдэж байхад багшдаа “Би чадахгүй юм шиг байна” гэж хэлээд загнуулаад, өөдөөсөө юм шидүүлээд л уйлаад явж байсан. Уйлах бол энүүхэнд л байдаг. Хэдий шантрах зүйл байсан ч энэ урлагт орсон хүн эргээд гарна, холдоно гэдэг хэцүү. Би тэтгэвэрт гартлаа бүжиглэнэ гэж боддог. Тэр хэцүү бүхнийг мартуулдаг ганц зүйл нь үзэгчдийн энерги, алга ташилт байдаг. Тэр бол үгээр хэлэхийн аргагүй.
-Өлмий дээрээ тогтоно гэдэг амаргүй. Анх сурахад ямар байсан бэ?
-Балетын ангид сураад хоёр дахь жилээсээ өлмий дээрээ гарч эхэлдэг. Анх балетын шаахай буюу каскиг өмсөж үзэх сонирхолтой. Бушуухан л каскин дээр гарах юмсан гэж боддог байлаа. Дараа нь дасгал хийгээд л гараад эхлэхэд маш нарийн, хэцүү болохыг нь мэдэрч эхэлсэн. Биднийг сурч байх үед одооных шиг балетын хэрэгсэл элбэг биш, каскины доторх зөөлөвчийг шилэн тиркогоор ороож, сонингийн цаас хийж орлуулдаг байсан. Тэр нь зориулалтын биш учраас ийш, тийшээ гүйх, цэврүү үсрэх, хумс унах бол энүүхэнд байна. Одоо зориулалтын зөөлөвчтэй каски өмсдөг. Шинэ каскигаа өөрийнхөө хөлөнд тааруулж уяа, резинийг нь янзалж, зүлгэж тааруулдаг. Гэсэн хэдий ч хумс, хөлөндөө хамгаалалт хийхгүй бол болохгүй. Биеийн бүх ачаалал хуруун дээр ирж байгаа болохоор эрхий хурууны яс нь томорчихдог. Тэр нь янгинаж өвдөх бол байдаг л зүйлийн нэг болсон доо.
-Нөхөртэйгөө фэйсбүүкээр танилцаж байсан гэсэн. Юунд нь илүү татагдсан бэ?
-Ээж маань “Хувь хүний төлөвшил ээж, аавтайгаа харьцаж байгаа байдал гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалдаг” гэж хэлдэг байлаа. Миний хань танилцахад хүмүүжилтэй, ээж аавтайгаа харьцаж байгаа байдал нь маш их таалагдсан. Би урлагийн хүн учраас ажлыг минь ойлгодог ханьтай байх нь чухал. Миний хань урлаг мэддэг, ойлгодог. Миний тоглолтуудыг зав, чөлөөтэй үедээ байнга үздэг. Одоо охин маань гурван ой гарантай. Ханьтайгаа нийлснээс хойш кино маш их үзэх дуртай болсон. Шинэ кино бүрийг л алгасахгүй үздэг дээ.
-Хэр сайн ээж вэ?
-Би нэг дэх, хоёр дахь өдөр амраад бусад өдөр нь бэлтгэлтэй байдаг. Шинэ уран бүтээлтэй үед илүү бэлтгэл хийнэ. Аль болох гэрийн сайн эзэгтэй, ээж байхыг хичээдэг. Зав чөлөөтэй үедээ гэрийн ажлаа амжуулаад, охинтойгоо өнгөрүүлэхийг л хичээдэг дээ. Охин маань есөн сартай байхдаа л цэцэрлэгт орсон. Бид 56 хоноод эргээд ажилдаа орох ёстой байдаг болохоор. Гэхдээ хоёр ой гартал нь хөхөөрөө хооллосон. Миний бодлоор хүүхдээ хөхөөрөө сайн хоолловол биеийн хөгжил сайн байхаас гадна илүү зөөлөн сэтгэлтэй болдог юм шиг санагддаг.
-Балетаас өөр ямар бүжигт сонирхолтой вэ?
-Бүжигчин хүн бүх төрлийн бүжгийг хийж чаддаг байх ёстой гэж боддог. Бүжиг бүр өөрийн гэсэн онцлогтой. Балет нь хэвлий, бэлхүүс хэсгээ төдийлөн хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Гэтэл цэнгээнт бүжиг дээр бэлхүүс хэсгээрээ илүү хөдлөх хэрэгтэй байдаг ч гэх юм уу. Би бүжиг бүрийг л хийж үзэхийг хүсдэг. Монголын үндэсний бүжиг хамгийн гайхалтай нь. Бас орчин үед модерн бүжиг хөгжиж байгаа.Гэхдээ Монголд төдийлөн сайн хөгжөөгүй. Америк, ОХУ, Солонгост модерн хурдацтай хөгжиж байна. Миний хувьд болж өгвөл модерн бүжиг хийх сонирхолтой, хүнийг маш их задалж өгдөг бүжиг. Би 2014 онд Португалийн нэртэй балетмейстер Хьюго Вера”Диваажин энд байна” модерн балетын гол дүрд тоглосон. Тэр модерн балетаас их зүйл сурсан. Түүнээс хойш модерн бүжигт илүү сонирхолтой болсон доо.
– Та мэргэжлийн балетын бүжигчдийн нэгдсэн “NOMADIC BALLET” продакшны гишүүн. Продакшныхаа талаар ярихгүй юу?
-УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид хамтран 2016 оны нэгдүгээр сард продакшн байгуулсан. Нэг үеийн залуу бүжигчид нийлээд байгуулсан. Балетыг хөгжүүлэх, залуу үеэ бэлдэх, балет сонирхогчдоос гадна бусад үзэгчдэд балетыг таниулах зорилготой “Sentiment” буюу “Мэдрэхүй” хэмээн нэрлэсэн анхны тоглолтоо неоклассик, сонгодог, модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй хийсэн байгаа. Тоглолт маань хүмүүст их хүрч, маш сайхнаар хүлээж авсан. Манай продакшнаас энэ сарын 22-нд хүүхдүүдийн дунд балетын тэмцээн зохиохоор төлөвлөж байна. Сонирхогчдын болон мэргэжлийн гэсэн хоёр чиглэлээр шалгаруулна. Мөн хүүхдийн балет тавих төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа янз бүрийн төрлөөр балет тавина. Гэхдээ хүмүүсийн дунд театраас гадна продакшн байгуулаад ажиллахаар “Та нар театраасаа гарчихсан юм уу?” гэж асууж байгаа. Бид театрынхаа ажлын хажуугаар продакшныхаа ажлыг амжуулж байгаа. Театраас ч гэсэн энэ ажлыг минь нааштайгаар хүлээж авч, дэмжиж байгаад баяртай байна.
-Театртаа бэлдэж буй сүүлийн үеийн уран бүтээл юу байна?
-“Бахчисарайн оргилолт булаг” балетын 50 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 25-26-ны өдрүүдэд тоглогдоно. Мөн жил бүр зохиогддог болоод байгаа “Best of Classic-Open air” тоглолт, долдугаар сард “Хунт нуур” бүжгэн жүжиг тоглогдохоор байгаа.
О.Ариунцэцэг