Маргааш зарим иргэд битүүмжилсэн зөөврийн хайрцгаар саналаа өгч эхэлнэ. Тойрог хэсгийн хороо бүр зөөврийн хайрцгаар санал өгөх хүмүүсийн жагсаалт, цагийн хуваарийг гаргаад байгаа аж. Хуваарьт багтсан иргэдээс маргааш буюу зургадугаар сарын 28-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд саналыг нь авч, битүүмжилсэн хайрцагт хадгалах юм. Эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулийн хэсгийн хороонд очиж санал өгөх боломжгүй болон түр хугацаанд баривчлан саатуулсан иргэдийн саналыг гэрт нь болон саатуулах байранд очиж авна.
Month: June 2016
Мах экспортлох асуудлаар олон улстай амжилттай гэрээ, хэлэлцээр байгуулсны үр дүнд 2015 онд манай улсын 12 компани гадаадын дөрвөн улсад 4715 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна. Ирэх жилүүдэд мах, махан бүтээгдэхүүний экспортыг жилд нэг тэрбум долларт хүргэнэ. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлснээр манай улсын эдийн засагт уул уурхайгаас илүү ч орлого бий болох боломжтой гэсэн үг. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн экспортлох юм. Ерөнхий сайд болон Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр манай улсаас 1 тэрбум ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой талаар ярилцсан. Мөн ОХУ-руу ихээхэн хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болж байгаа. Цаашдаа махны экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байгаа. Дотооддоо махны үнийг нэмэхгүй байх, гадагшаа махаа өндөр үнээр экспортлох бодлогыг баримтлах ёстой гэдэг зарчимтай байна. Зөвхөн хоёр хөрш улсдаа ч мах экспортлоод зогсохгүй Арабын улсууд руу хонины мах экспортлох асуудлын судлаж байна. Вьетнам улс ямааны мах их хэмжээгээр импортолж авъя гэсэн санал тавьсан байгаа” гэжээ.
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжлэн өнөөдөр дуусаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааны албан ёсны хоног нь 18 бөгөөд санал авахаас 24 цагийн өмнө буюу нэг хоногийн өмнө сурталчилгааг дуусгах ёстой.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 68 дугаар зүйлд:
68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно гэж заасан байгаа.
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг Ардчилсан нам, МАН, МАХН, ИЗНН-ын дарга нарыг халз мэтгэлцээнд оролцохыг урьжээ. Халз мэтгэлцээнийг өнөөдөр оройн 21:00 цагт, МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар шууд дамжуулах юм. Тус нэвтрүүлэг нь 60 минутын хугацаатай бөгөөд нэвтрүүлгийн үндсэн сэдэв нь тухайн намаас Монгол орны ирээдүйн хөгжлийн талаарх үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд танилцуулахад чиглэгджээ.
Нэвтрүүлэгт оролцохдоо асуултад хариулах дарааллыг нэвтрүүлгийн өмнө харилцан тохирох, оролцогч тус бүр нэг асуултад хоёр минутад багтаасан тайлбар хийх, оногдсон цагтаа бусад оролцогчид болон намыг үндэслэлгүй гутаан доромжлохгүй байх журамтай аж. Мөн ярьж буй төлөөллийн үгийг нь таслахгүй байх, үндсэн асуултад хариулж нэвтрүүлэг дуусах үед намын дарга бүрт дүгнэлт хэлэх нэг минутын хугацаа өгөхөөр төлөвлөжээ.
Нийслэлийн орон сууцны корпораци угсармал орон сууцнуудад “Дулаан техникийн шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулахаар дээврийн засвар, барилгын гадна ханыг дулаалах, хаалга, цонхыг шинэчлэх, зоорийн давхрын хучилтыг засварлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Угсармал орон сууцнуудад өнөөдрийг хүртэл их засвар хийгдээгүйн улмаас дулааны алдагдал өндөр, өвлийн улиралд хүйтэн байдаг.
Манай хотод 1970-1990 оны хооронд баригдсан 1077 угсармал орон сууц байдаг аж. Эдгээр орон сууцанд 46000 гаруй өрх буюу хотын хүн амын 20 хувь нь амьдарч байгаа юм байна.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнөх “Их сорилго” барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. МҮБХ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулсан тус барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх нарын зэрэг улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос, улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэв. Харин их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Сугаржаргал нар шалгарлаа.
2014 оны их сорилго:
- Түрүү бөх: Ц.Содномдорж /у.х/
- Үзүүрлэсэн бөх: Б.Батмөнх /у.з/
- Шөвгөрсөн бөхчүүд: Д.Ганхуяг /у.ар/ , Ө.Бат-Орших /у.х/
2015 оны их сорилго:
- Түрүү бөх: Ө.Бат-Орших /у.х/
- Үзүүрлэсэн бөх: Б.Батмөнх /у.з/
- Шөвгөрсөн бөхчүүд: Ө.Даваабаатар /у.х/, Н.Золбоо /а.а/
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их Британичуудын дунд бүх нийтийн санал асуулга явуулж улмаар санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувийн саналаар Их Британи Европын холбооноос гарах нь зөв хэмээн шийдвэрлэсэн.
Гэвч уг шийдвэрийг дэмжээгүй иргэдийн зүгээс дахин санал асуулга явуулахыг шаардаж байгаа юм. Тус улсын парламентын цахим хуудсан дахь өргөх бичигт хоёр сая гаруй хүн гарын үсэг зуржээ. Энэ нь аливаа асуудлыг хэлэлцэхэд цуглуулсан байх шаардлагатай гарын үсгийн тооноос хэдийн давсан үзүүлэлт гэнэ. Гарын үсгийн тоо 100 мянгаас давсан тохиолдолд тус улсын парламент аливаа асуудлыг нээлттэй хэлэлцүүлгээр авч хэлэлцдэг аж.
Ямартаа ч их британичуудын Европын холбооноос гарах шийдвэр ар араасаа олон асуудлыг дагуулаад байгаа юм. Ерөнхий сайд Дэвид Кэмерон гэхэд санал асуулгын дүнг танилцуулсны дараа огцрохоор болсноо мэдэгдсэн билээ.
Нийслэлийн Сонгуулийн хорооноос Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа.
2016 оны УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана.
Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “Санал авах байрны ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байдаг. Тийм учраас ахлах зохион байгуулагчид бусдын эрхшээлд оролгүй, хуулийн дагуу хатуу чанга ажиллах ёстойг анхааруулж, тодорхой заавар, зөвлөмжүүдийг өглөө. Харин ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглах үүрэгтэй юм.
Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох ёстой. Гэтэл зарим санал авах байрны бэлэн байдлыг хангаагүй, чухал баримт материалыг сейфэнд хадгалаагүй ил байлгах зэрэг зөрчил харагдаж байна гэж нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэллээ. Мөн тэрээр “Дүүрэг, хорооны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ санал авах байрыг бэлэн болгох хуулиар хүлээсэн шууд үүрэгтэй. Гэвч зарим хорооны Засаг дарга үүргээ биелүүлэхгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хэсгийн байрны бэлтгэлийг бүрэн хангаагүй байна. Тийм ч учраас яаралтай бэлэн болгохыг шаардсан. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байвал арга хэмжээ авах хуулийн заалт бий” гэлээ.
Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас мэдэх боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
Энэ сарын 29 буюу лхагва гарагт бүх нийтээрээ амарна. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль эл өдөр болох бөгөөд хуульд заасны дагуу бүх нийтээр амрах юм.
Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 – 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авах бөгөөд энэ өдөр зайлшгүй шаардлагаар ажиллах байгууллагууд ажиллагсаддаа санал өгөх боломжоор хангах ёстой юм байна.
Хэрэв санал өгөх боломжоор хангахгүй сонгогчыг сонгуулийн тухай хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох юм байна. Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хориотой байдаг юм.
АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд 75.000 ам.долларын шагналын сан бүхий “EXTREME MEMORY TOURNAMENT-2016” ой тогтоолтын халз тэмцээн боллоо.
Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцсон юм.
Тэгвэл манай тамирчид гурван төрөлд өрсөлдөж, хоёр медаль хүртлээ. Ингэснээр монголын оюуны спортын тамирчид ой тогтоолтоороо дэлхийд хоёрт эрэмдлэгдэж чадсан байна.