Categories
мэдээ нийгэм

Ачааны машины жинг 10 тонноор хязгаарлалаа

Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар иргэд санал, гомдол гаргажээ. Иргэдийн саналыг харгалзан нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан байна. Энэ сарын 22-ны өдрийн А/520 тоот захирамжийн дагуу Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарласан байна.

Categories
мэдээ нийгэм

Санал авах байруудын бэлэн байдлын талаар танилцуулав

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун санал

авах байруудын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлтгэл ажилтай танилцаж байна.

2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана.

Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун “Санал авах байрны ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээж, санал авах байрны эцсийн шийдвэр гаргагч юм. Тийм учраас ахлах зохион байгуулагч нарыг бусдын эрхшээлд оролгүй, хуулийн дагуу хатуу чанга ажиллах ёстойг анхааруулж, зөвлөмж өгөн ажиллаж байна. Ерөнхийдөө санал авах байрууд ихэнх нь бэлэн болсон. Гэтэл зарим хорооны Засаг дарга нарын хариуцлагагүй байдлаас болж хэд хэдэн санал авах байрны бэлэн байдлыг хангаагүй, чухал баримт материалыг сейфэнд хадгалаагүй ил байлгах зэрэг зөрчил харагдаж байна. Дүүрэг, хорооны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ санал авах байрыг бэлэн болгох хуулиар хүлээсэн шууд үүрэгтэй. Гэвч зарим нь үүргээ биелүүлэхгүй байна. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байвал арга хэмжээ авах хуулийн заалт бий” гэлээ. Мөн санал авах байруудыг яаралтай бэлэн болгохыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгов.

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу 06 сарын 28-ны өдрийн Мягмар гарагт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00-20:00 цагийн хооронд болно. Хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.
Нийслэлийн иргэд Та бүхэн 06 сарын 29-ний өдөр буюу Лхагва гарагт 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж саналаа өгнө. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм. Нийслэлчүүд Та бүхэн санал өгөх байрааhttp://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас мэдэх боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.
Categories
мэдээ нийгэм

Монголын гагнуурчид олон улсад хоёрдугаарт бичигдлээ

Энэ сарын 19-22-ны өдрүүдэд болсон олон улсын тэмцээнд Монголын шилдэг гагнуурчид дэлхийн 25 гаруй орны 416 шилдэг гагнуурчидтай өрсөлдөж хоёрдугаар байранд шалгарчээ. Хоёр жилд нэг удаа өмнөд хөршид болдог “Arc Cup” хэмээх энэхүү тэмцээнд Монгол улсын баг хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хошой мөнгөн медаль хүртээд байна.

Их Британи, Герман, Австри, Болгар, Чех, Хятад, Австрали, Япон, Украин, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг 25 гаруй орон оролцсон энэхүү тэмцээнд Монгол Улсын багаас Б.Баттулга, Б.Түвшинжаргал нар цахилгаан гагнуур төрөлд мөнгөн медаль хүртсэн бол, Ч.Агваандэмбэрэл аргон гагнуур /хийн гагнуур бололтой/ төрөлд хүрэл медаль, Б.Өлзийбуян хагас автомат гагнуур төрөлд хүрэл медаль хүртжээ.

GAGNUUR

GAGNUUR

Categories
мэдээ спорт

“Чингис хаан Гранпри” ирэх сарын 1-нд эхэлнэ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.

Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай улсаас олимпийн эрхээ авсан 60 кг Ц.Цогтбаатар, 66 кг Д.Төмөрхүлэг, 73 кг Г.Одбаяр нарын 13 жүдоч мэдүүлгээ явуулжээ.

Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн Гран при нэрийн дор дөрөв дэх жилдээ “Буянт-Ухаа” спортын цогцолборт болох юм. “Рио-2016” олимпийн өмнөхөн болох энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж ур чадвар, хүчээ сорихоор онцлогтой.

Дашрамд сонирхуулахад энэ сарын 15-нд Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын мэдээ сувгийн захирал Ц.Мөнхтөр нар “Чингис Хаан Гран При-2016” жүдо бөхийн тэмцээний шууд дамжуулах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Монголын мэдээ суваг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн 187 оронд “Чингис хаан Гранпри”-аас бэлтгэсэн шууд нэвтрүүлгээ цацахаар болсон байна. Тэд мөн “Рио-2016” олимпийн наадмыг эх орондоо албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-д ажиллах В, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна

Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна. Тодруулбал, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15, 16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ.

Бүртгүүлэх жолооч нар B, D ангилалтай байх ёстой бөгөөд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, баазад ажилладаг бол тодорхойлолт, авч байсан шагнал, 3х4 хэмжээтэй цээж зураг /4/ гэсэн материал бүрдүүлэх юм байна.

Бүртгэлийг долдугаар сарын 1 хүртэл Гадаад хэргийн яамны 3 давхарт 309 тоотод /утас 75772016-306/ явуулж, бичиг баримтаа ирүүлсэн жолооч нараас сонгон шалгаруулах юм байна. Шалгарсан жолооч нар гэрээ байгуулж, долдугаар сарын 7-ноос 18-ны хооронд хамтран ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна

УИХ-ын 65 дугаар тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртлэх баримтлах бодлого” баталсан. Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратекийн ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, үндэсний аж үйлдвэрийн суурийг тавих зорилт тавьсан. Засгийн газрын 2015 оны тогтоолоор зүүн бүсэд 300 мянган тоннын, говийн бүсэд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Зүүн бүсэд барих жижиг үйлдвэрийг концессын гэрээгээр байгуулах бол говийн бүсэд баригдах том үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаж дуусаад Аж үйлдвэрийн яам хүлээн аваад байна.

Цаашдаа Монгол Улсын нефтийн хэрэглээ өснө. Ирээдүйн нефтийн хэрэглээний прогнозыг 2030 он хүртэл гаргажээ. Ингэхэд шатахууны хэрэглээ 2020 онд 1.8-2 сая тонн, 2025 он гэхэд 2.3 сая тонн, 2030 он гэхэд 2.5-2.8 сая тонн болж өсөхөөр байгаа. Тиймээс нефть боловсруулах үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Ирэх жилүүдэд Ардчилсан нам газрын тосны олборлолтыг жилд 1.7 сая тоннд, экспортын орлогыг 500 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Зүүн бүсэд нефтийн нөөц, дэд бүтцэд тулгуурлан 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг дэд бүтцийн хамт 2020 онд байгуулахаар болсон билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувьцааны хоёр дахь ээлжийн мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ

Засгийн газраас “Сайн хувьцаа” зорилтот арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд иргэд арилжааны банкуудад хандан хувьцаагаа зарах хүсэлтээ гаргаснаар эхний ээлжийн 100 мянган төгрөг долоо хоногийн дараа дансанд нь байршиж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн эхнээс иргэдийн дансанд мөнгө байршиж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс хоёр дахь ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэлсэн байна.

Хувьцааны мөнгийг зах зээл рүү гэнэт их хэмжээний мөнгө оруулж, инфляци хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан олгохоор болсон. Энэ дагуу иргэдийн дансанд 300 мянган төгрөг гурав хуваагдан байрших юм. Үлдэгдэл мөнгийг баяр наадмаас өмнө иргэдийн дансанд байршуулна гэж холбогдох албаныхан тодотгож байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цаазаар авах ялын эсрэг Дэлхий нийтийн 6-р Конгресст мэндчилгээ илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Норвегийн Осло хотноо энэ зургадугаар сарын 21-23-ны өдөр болсон Цаазаар авах ялын эсрэг Дэлхий нийтийн 6-р Конгресст зориулан мэндчилгээ илгээв.

Тэрбээр мэндчилгээндээ
“Хүндэт хатагтай, ноёд оо,
Найз нар аа,
Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэн бол хүний амь насыг хамгаалагчид үүний төлөө мятаршгүй тэмцэгчид билээ.
Цаазын ялтай тэмцэх тал дээр та бүхэнд ярих зүйл их байх. Би ч гэсэн нэгэн түүх өгүүлье.
Анх 2009 оны зургадугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа миний ширээн дээр гарын үсэг зурах хоёр зарлиг байсан юм. Нэг нь гэмт хэрэгтэнд цаазын ял оноох, нөгөө нь түүнийг өршөөх зарлиг байсан. Тэгээд би өршөөх зарлигт гарын үсэг зурсан. Ард түмнийхээ ирээдүйг гэрэл гэгээтэй, шударга, цусгүй байг гэж би хүссэн. Тэр өдрөөс хойш Монгол Улсад цаазын ял оноогоогүй өнөөг хүрчээ.
Монгол Улс 2010 оны нэгдүгээр сарын 1-нд цаазаар авах ялын гүйцэтгэлд мораториум тогтоосон. Үүнээс хоёр жилийн дараа 2012 оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсын Парламент НҮБ-ын Цаазын ялаас татгалзах олон улсын гэрээнд нэгдсэн. Мөн илүү сайхан мэдээ биднийг хүлээж байгаа. Юу гэвэл энэ 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн дагуу Монгол Улс бүрмөсөн цаазын ялгүй улс болно.
Хүндэт нөхөд өө,
Аливаа төр засаг ард иргэдийнхээ тусын тулд ажилладаг гэдэг. Тэгэхээр иргэдийнхээ аминд хүрэх эрх ямар ч төрд байх ёсгүй. Бид жигшүүрт гэмт этгээдийг шийтгэж болох ч тэдний аминд хүрч болохгүй. Цаазын ял бол үр дүнгүй төдийгүй зэрлэг балмад арга юм. Бид ямар ч тохиолдолд цаазын ялыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй.
Хүн төрөлхтөн нийтээрээ удахгүй цаазын ялаас татгалзана гэдэгт би итгэдэг. Энэ түвэгтэй асуудал дээр манлайлахад бэрх гэдгийг бид мэднэ. Гэсэн хэдий ч Ази дахь ардчиллын түүчээ орны хувьд монголчууд бид өөрсдийн үзэл бодол нэгт нөхөддөө цаазын ялаас татгалзах тал дээр харамгүй туслах болно.
Та бүхэн энэ үйлсийн манлайлагчид нь шүү. Та нар магтуулах, бас шагнуулах гавьяатай хүмүүс. Цаазын ялгүй дэлхий үнэхээр урамтай сайхан. Үүний төлөө хамтран зүтгэе.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.
Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт маргааш болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг анх 2014 онд амжилттай хэрэгжүүлснээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусын тоо нэмэгджээ.

Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан хамрагджээ. Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг багтаахаар болсон байна.

Тодруулбал, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт анх удаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Оюутан цэргүүдийн хээрийн бэлтгэлийн нээлт маргааш БХИС-ийн Сургалтын төвд болох аж.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтоор 34.5 тэрбум төгрөг олгожээ

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчлэн баталснаар НӨАТ төлөгчийн босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгосон. Ингэснээр бага орлоготой жижиг дунд бизнес эрхлэгчид татварын дарамтгүй болсон юм. Тавдугаар сарын эцсийн байдлаар НӨАТ-ын буцаан олголтоор 34.5 тэрбум төгрөг олгосон байна.