Categories
мэдээ нийгэм

Завиар аялж яваад алга болсон Швейцарийн иргэн Бруно Дубачийг хайж байна

Швейцарь улсын иргэн Бруно Дубач гэх 69 настай эрэгтэй хүн завьтай аялалд гараад ор сураггүй алга болжээ. Тэрээр Завхан аймгийн Идэр голоос өнгөрсөн тавдугаар сарын 24-нд завьтай аялалд гарсан байна. Ингээд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Онон голын бэлчир гэх газарт нутгийн малчид харснаас хойш сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа аж. Монголд ирэх үед нь мэдээллээр хангасан Б.Түдэвваанчигт Бруно Дубоч аялагчийн охин алга болсон тухай хэлсэн байна. Завхан аймгийн Идэрийн голоос 20 хоног завьтай аялал хийж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт ирэх төлөвлөгөөтэй байсан байна. Хөвсгөл, Булган аймгийн Онцгой байдлынхан түүнийг эрэн хайх ажиллагаагаа зогсоосон бол Сэлэнгэ аймгийн Онцгой байдлынхан хайж эхэлжээ. Тэрээр сумаас сум дамжин явах байсан тул хоол хүнс нөөцөлж яваагүй аж.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
энтертаймент-ертөнц

Чопрагийн зураг шүүмжлэлд өртлөө

“Дэлхийн мисс” тэмцээний 2000 оны ялагч Энэтхэгийн гоо бүсгүй Приянка Чопра “Maxim” сэтгүүлийн шинэ дугаарыг чимсэн билээ. Уг сэтгүүл өчигдрөөс худалдаанд гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Харамсалтай нь сэтгүүлийн эхний нүүрэнд байрлах Чопрагийн зураг шүүмжлэлийн бай болжээ.

Уншигчид “Чопрагийн зургийг хэтэрхий их фотошопоор янзалсан байна. Түүний суга орчмын арьс нь бусад бүсгүйчүүдээс хар. Харин “Maxim” сэтгүүл дээрх Чопра ямар ч өөгүй харагдаж байна” хэмээн шүүмжилжээ.

Уг дуулианы дараа Чопра инстаграмдаа хоёр гараа толгой дээрээ тавьж, сугаа ил гаргасан зургаа байршуулаад “Сэтгүүлийн зурагтай адил байгаа биз дээ” хэмээн жиргэжээ.

Чопра Америкийн “ABS” телевизийн бүтээл “Quantico” гэх киноны гол дүрийг бүтээж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ.

Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өглөө. Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын түлхүүр нийтлэгдлээ

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын түлхүүр буюу шалгалтын зөв хариу нийтлэгдлээ.

Дараах холбоосоор ЭЕШ-ын зөв хариуг үзнэ үү.

Эх сурвалж: БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” хөтөлбөр орон нутагт хэрэгжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бий болгосон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн гурав дахь жилийн нээлт өнөөдөр болно. БХИС-ийн сургалтын төвд хээрийн бэлтгэлийн нээлт болох бөгөөд Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлнэ.

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 1500 орчим оюутан хамрагдсан бол энэ жил 1000 оюутныг хамруулах юм байна. Энэ дагуу орон нутгийн оюутнуудыг анх удаа уг хөтөлбөрт хамруулж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд бороошно

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, ялангуяа 29-нд ширүүн аадар орох төлөвтэй байна.

Түүнчлэн зургадугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд Төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаатай бороо орох тул гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна.

Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд нэмэгдэж байгааг анхаарна уу.

Categories
мэдээ цаг-үе

Маргад эрдэнийн Мьянмар улсаар… (II)

-АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН АУН САН СУ ЧИ АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТОМ ДААЛГАВАРТАЙ СУУНА –

Түрүүч нь 145(5410) дугаат

Хэв маяг ч өөрчлөгдөж болно. Харин сэтгэлгээ өөрчлөгдөнө гэдэг амаргүй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн албан хаагчид, багш, оюутнуудад уншсан лекцийнхээ үеэр тодорхой хэлж байлаа. Олон улсын хуралдааны төвд болсон уг уулзалтад 2000 гаруй хүн иржээ. Олон улсын худалдааны төв гэж дуулж байснаас хуралдааны төв гэж сонсч байсангүй. Аргагүй л дэглэмийн хүчээр хүмүүсээ барьдаг газар сонсгол лекц хийдэг ийм нэг газар хэрэгтэй байсан биз. Гаднаасаа жигтэйхэн том сүрлэг. Манай хаана ч байхгүй том барилга. Гэхдээ энэ удаад уг газарт Мьянмарын төрийн албаныхан амьдралдаа сонсч байгаагүй үгсийг сонслоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү лекц бол магадгүй бидэнд сонин биш. Яагаад гэвэл бидний мэддэгийг, өөрийнхөө хийж давж ирсэн бүхнээ тэр ярьсан. Харин тэдэнд сонсоод ч төсөөлөмгүйг тэр ярьж байлаа. Ардчилал гэж иргэн бүрийн оролцоог хэлнэ гэж тэр хэлсэн. Ерөнхийлөгчийн өрөө байсан танхимд иргэд цуглаж хууль батлахад саналаа хэлдэг болсон, дарга эрх мэдэлтнүүдийн төлбөр тооцоо шилэн дансны хуулиар хянагддаг болсон тухай, ардчиллын үнэт зүйлийг асран хамгаалах нь нэг далайлтаар биш үргэлжийн мөнхөд хийх ажил, хэрэв иргэдэд эрх чөлөө байвал амархан сурдаг, их зүйлийг хийж бүтээж чаддаг, социалист нийгэмд хүний алдааг уучилдаггүй бол ардчилсан нийгэмд хүн алдаан дээрээ суралцаж урагшилдаг гэж түүний ярьсныг ойлгох хүмүүс цөөхөн байж магадгүй. Гэхдээ тэд муудаа ойлгохгүй байгаа биш ерөөсөө үзэж сонсоогүй юмаа төсөөлөхөд хэцүү байгаагаас тэр. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол сэтгэлгээний өөрчлөлт хамгийн удаан явагддаг, хамгийн чухал нь” гэж онцолж хэлээд байсан нь аргагүй юм. Ерөнхийлөгч “Ардчилал гээд явахаар авлига гэдэг асуудал заавал гарч ирдэг. Та бүхэн үүнийг туулан өнгөрөх учраас хэрхэн даван туулахаа урьдаас тооцох хэрэгтэй гэхэд тэнд цугларсан төрийн албаны хүмүүс зөвшөөрөх ёстойгоо эсэргүүцэх үгүйгээ ч мэдэхгүй хажуудах руугаа ч харж чадахгүй урагш гөлрөн суух нь анзаарагдана. Та нар дэмжиж алга ташиж эсвэл эсэргүүцэж үгээ хэлж болно гэсэн нь ч тэднийг гайхашруулав. Үнэхээр улс оронд нь тогтолцоо өөр болсон ч үүндээ дастал сэтгэлгээ өөр болох хугацаа хэрэгтэй ажээ. Асуух асуулт байвал асуугаарай гэж хэдэнтээ сануулсан ч таг. Асуулт тавих зоригтой хүн байна уу гэхэд хоёр залуу асуулт тавьсан. Үнэндээ тийм нийгэмд төрсөн тэд асуулт тавьж чадсаныг нь эр зориг ч гэхээс яах билээ.

Харилцаа холбооны яаманд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан залуу “Та оролцооны талаар ярилаа. Манайд үндэсний цөөнхийн тухайд оролцоо амаргүй байдаг. Танай улсад үндэсний цөөнх хэр олон байдаг вэ. Асуудлыг хэрхэн шийддэг вэ” гэж асуусан бол түүний дэргэд сууж байсан эр “Авлигын асуудлыг хэрхэн яаж хянасан бэ” хэмээн асууж хариултаа авсан. Тэнд цугларсан олон зуун хүн хэдийд алга ташиж болох, сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргах, лекц дууссаны дараа босч болох эсэхээ ч мэдэхгүй тээнэгэлзэн байгаа нь анзаарагдана. Бараг л одоо алга таш, тэг ингэ гэвэл хөдлөөд сурчихсан хүмүүс. Лекцийн төгсгөлд “Одоо та бүхэн чөлөөтэй” гэж Ерөнхийлөгч хэлснээр тэднийг суудлаас нь босгосон билээ. Азийн элгэн дэх ардчиллын өлгий нутгийн төрийн тэргүүний тэдэнд хэлсэн “Та бүхэн чөлөөтэй” гэж хэлсэн нь хурлын танхимаас гарах төдий зөвшөөрөл биш байлаа. Энэ гүрэн, энэ үндэстэн чөлөөтэй гэдгээ мэдрээсэй гэсэн ардчиллын лидерийн хүсэл байв.

Цагтаа их Монгол гүрний дайралтад өртөж явсан мьянмарчууд жинхэнэ шилжилтийн үедээ байна. Намайг багад телевизээр гарч байгаа хүн бүр шилжилтийн үедээ явж байна гэдэг сэн. Тэгэхэд нь яасан ч удаан шилждэг юм бэ гэж бодож байснаа мартдаггүй юм. Тэгэхээр энэ улс гүрний шилжилтийн үе ч багагүй хугацаанд үргэлжлэх биз ээ. Тэдэнд биднээс илүү туулах, биднээс илүү давах олон даваа бий. Наад зах нь энх тайван тэнд тогтож чадаагүй л байна. Аун Сан Су Чи эгчийн хамгийн эхний зорилго бол дайны галыг зогсоож, амар амгаланг тогтоох явдал байгаа болов уу. Мьянмар маш олон үндэстэн ястантай. Хүний эрхийн зөрчил, дотоодын мөргөлдөөн маш их. Бид бага насны хүүхдүүдээр хурдан морь унуулж, баячууд зэрлэг зугаагаа гаргаж байна гэж шүүмжилдэг бол тэнд цэрэг хүүхдүүдийн асуудал саяхныг болтол яригдсаар ирсэн. Одоо ч тийм амар шийдэгдээгүй болов уу. Хүүхдийг цэрэг болгож зарахдаа 40 ам.доллар эсвэл нэг дайз сум үгүй бол сав будаагаар зарчихдаг гэж байгаа. Дайны гал үнэртсэн хүүхэд насанд хүрсэн цэргээс илүү зэрлэг, хайрлах сэтгэлгүй болж өсдөг гэдэг.

Цагтаа Зүүн өмнөд Азийн хамгийн хөгжилтэй орны тоонд Мьянмар багтаж байлаа. Английн колони байсных бас өөрийн баялагтайг хэлэх үү. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончууд энэ бааз нутгийг эзлэхээр дайрах үед англичууд ч Мьянмараа бөмбөгдөж эхэлсэн юм. Дэд бүтэц зам юу ч үгүй болтол нь хоёр талаас нь бөмбөгджээ. Харин одоо тэнд зам сайхан тавигдаж. Барилга байшин ч гэж харагдахгүй Нэйпидо хотод юу байна зам байна, нэвсийтэл ургасан ой мод байна. Барилга байгууламж гэж нүдэнд торойх нь үгүй. Дөрвөн давхар орон сууц хаа нэг байх нь төрийн албан хаагчдынх. Гэхдээ эрүүл мэндийн яамныхан ногоон байшинд, хөдөө аж ахуйн яамныхан цэнхэрт сууна гэж ангилсан нь аргагүй л дэглэмт орны илэрхийлэл юм даа. Зэргэлдээ хотууд нь 300-400 км-ийн зайтай. Төрийн албан хаагчид нь дөрөв дэх өдөр гэр рүүгээ явцгааж даваа гаригт эргэж ирдэг гэж дуулсан. Ард түмнээсээ айсандаа 2005 оны арваннэгдүгээр сард гэнэт эрх мэдэлтнүүд нь хулгайгаар шахам нүүн ирж байсан энэ хотод хүүхдийн дуу цангинаж, хүмүүсийн хэлцэх, худалдаа наймаа эрхлэх, мотоциклийн пажигнасан дуу хангинаж байж л ардчилал аажмаар ирж байна гэж бодох байх даа гэж надад санагдаж байлаа. Хүн ч байхгүй, дээшээ биш өргөөшөө нэлийсэн олон тооны зочид буудал, дугуйтай ч хүн явахгүй өргөн замуудыг харахаар амьдрал байхгүй, ардчилал байхгүй мэт санагдаж байсныг нуух юун. Гэхдээ түм түжигнэсэн амьдрал буцалсан олон газар мэдээж бий. Бүхий л бизнес нь генералуудын гарт байх ёстой юм шиг санагддаг тэр сэтгэлгээ арилан одохын цагт ардчилал иржээ гэж тэд бодох биз ээ. Одоогийн байдлаар тэд хүний хөгжлийн индексээр дэлхийн 187 орны 150-д нь яваа юм билээ.

Мьянмарчууд шиг намуун дөлгөөн бас шашинд гүн итгэл бишрэлтэй ард түмэн нэг сэхээрээд ирвэл боссон шиг босох биз ээ. Одоогийн Ерөнхийлөгчийн өмнөх Ерөнхийлөгч Тейн Сейнийг манайхан санаж байж болох. Тэр хүн 2015 онд манай улсад ирж байсан. Аун Сан Су Читэй нас чацуу тэрбээр 2007-2011 онд Ерөнхий сайд, 2011-2016 оны гуравдугаар сар хүртэл Ерөнхийлөгчийн албыг хашсан. Аун Сан Су Чи 1989-1995, 2000-2002, 2003-2010 онуудад гэрийн хорионд байсан гэхээр эрхэм Тейн Сейнийг эрх мэдэлтэй байх үед хоригдож байсан гэсэн үг. Армийн генерал тэрбээр Ерөнхийлөгчийн албаа өгснийхөө маргаашаас сүмд шавилан суух болсон нь үнэндээ дэлхийн чихийг дэлдийлгэсэн юм. Тэрбээр үлдэж буй амьдралаа сахил хүртэн, буяны мөр хөөж амьдрахаар шийджээ. Насаараа цэргийн хүчээр бүхнийг шийдэж явсан энэ хүн насны бөгсөнд буян хийж явахыг эрхэмлэх болж. Бас л сонин шийдвэр шүү. Мьянмар гэж үнэт эрдэнийн чулуунд нүд сохорч, хар тамхины цэцгэнд мансуурч, цагаан будааны тариаланд зүдэрч, бурхны суварганы тоонд гэгээрэм тийм нэгэн сонин улс юм. Гэхдээ тэнд ардчиллын бэлгэ тэмдэг болсон эмэгтэйтэй ардчилал мэдэхгүй ард түмэн их шилжилтийнхээ гарам дээр зогсч байна. Маргад эрдэнийн орны ард түмэндээ амжилт хүсье.

Categories
мэдээ цаг-үе

Хүүгийн минь амь секундээр хэмжигдэж байхад заставын дарга “Дээрээс зөвшөөрөл авах ёстой” гээд завиа өгөөгүй

-БУЙР НУУРАНД ОСОЛДСОН ЗАГАСЧДЫН ЭМГЭНЭЛТ ХЭРГИЙГ МӨРӨӨР-

Буйр тосгоныхон хоёр цагийн турш ямар ч арга хэмжээ авч чадалгүй хоёр загасчны нэгийг нүдэн дээрээ алдчихаж. Хоёрын хоёр хүн амь тавьж буйг нүдээрээ хараад хуруугаа ч хөдөлгөж чадаагүй гэж бодохоор өнөөх өрөвдөх, энэрэх сэтгэлтэй хүн гэгч ямар хувиа хичээсэн, араатнаас дутахааргүй хэрцгий юм бэ гэж толгойгоо шаан зогссоноо өвгөн загасчин ярьж байсан. Тосгоныхон хилийн застав руу завинд явсан хэдийгээ хүлээх зуур хижээл насны эр үгийн зөрүүгүй модон завьтайгаа усанд яваад орчихож. Эрэг дээрх хүмүүс эрс эсэргүүцэж, дахин нэг хүний амь золихоос сэрэмжилж хориглосон ч өнөөх эр “Хангалттай. Хараад зогсч зүрхлэхгүй нь” гээд эргээс 300-гаад метрийн зайд хагарсан мөсөн дээр хэвтэх загасчны зүг хөдөлжээ. Ард хоцорсон хүмүүс амьсгалаа түгжих шахам түүний араас нүд салгалгүй харж, завьтайгаа давалгаанд хоёр тийш савлахад нь дагаж дайвалзах. Бараг л хийсэх шахам сэлүүрдэж явсаар өнөөх загасчны мөсөнд 100 метр орчим дөхөөд цаашлах боломжгүй салхинд шидэгдчих гээд байсан учир эргээд ирж. Гэхдээ хэн болохыг нь таньж амжжээ. Дөнгөж 27-хон настай Ш.Баттулга мөсөн дээр хажуу тийш харсан байрлалтай үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтэж байсан байна. Тэр үед л загасчдын гэр бүлийнхэн бүх зүйлийг ойлгож, хань ижлээ эргэж ирэхгүй болохыг ойлгожээ. Энэ хооронд тосгоны ардхан талд байрлах хилийн “Буйр” заставаас хоёр дахь удаагаа завь гуйсан боловч гар хоосон буцаж. Энэ тухай Ширмэнтогоо гуай “Хүүгийн минь амь секундээр хэмжигдэж байхад ”Буйр” заставын дарга дээрээс зөвшөөрөл авах ёстой гээд завиа өгөөгүй” гэж хэлээд “Улсын баялаг иргэн. Гэвч төр иргэнээ хийлдэг завьнаас дор үзлээ” хэмээн ярисан. Тэр агшинд хөгшин эцгийн нүднээс эцэс төгсгөлгүй харуусал шаналал, уй гашуу тодорно.

Хилчдийг хийлдэг завьтай очиходзалуу аль хэдийнэ амьсгал хураасан байжээ

“Буйр” застав тосгоноос ердөө хагас км зайтай. Тосгоныхонд хилийн хийлдэг завинаас өөр боломж харагдаагүй учир гурав дахь удаагаа заставыг царайчилж. Энэ удаа харин хилийнхэн завиа гаргаад хийлээд бэлдчихсэн байсан гэнэ. 09:00 цагийн үед хилийн заставын алба хаагчид, нэг усчинтайгаа ирж мөс хүрч загасчинг аврахаар очсон боловч нэгэнт оройтсон байж. Хөөрхий залуу аль хэдийнэ амьсгал хурааж, эвэрч хөлдсөн хүйтэн хөшүүн цогцос хилчдийг угтсан байна.

Ослоос есөн цагийн дараа цагдаа, 13 цагийн дараа онцгой байдлын аврагчидирсэн байна

Буйр нуур Халхгол сумаас 90 гаруй км-ийн зайтай. Сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ц.Санчир, эмчтэй хамт 13:00 цагийн үед ослын дуудлага хүлээж аваад 15:00 цагийн үед ирсэн гэх. Харин аймгийн Онцгой байдлын аврагчид 19:00 цагийн үед ирсэн болохыг нутгийнхан ярив. Цагдаа, Онцгой байдлын аврагчдын хэлснээр бол нутгийн иргэд 13:00 цагийн орчимд осол болсон тухай дуудлага өгсөн гэсэн. Аврагчид, хилийн заставын усчинтай хамтарч таван метрийн гүнд шумбалт хийж нууранд живсэн эхний цогцсыг олж, хоёр дахь цогцсыг 14 хоногийн дараа олсон бололтой. Харин гурав дахь цогцсыг сарын дараа олсон нь гурван сая дахь иргэний аавынх байж. Эрлийн багийнхан түүний цогцсыг олоогүй бөгөөд нуурын мөс хайлах үеэр Хятадын хилээр гарсан байж болзошгүй гэж таамаглаж байжээ. Харин Д.Намхай гуай хоёр хүүгийнхээ хамт бүтэн сар нуурын эрэг сахиж нүдээ ширгэтэл ус ширтэн хүүгийнхээ цогцсыг гарч ирэхийг хүлээжээ. Өглөө гараад нар шингэхтэй зэрэгцэн гэртээ ирээд шөнө унтах ч үгүй үүр цайнгуут нуурын зүг нуруугаа үрээд алхчихдаг байсан тухай нутгийнхан нь ярьсан юм. Зарим нь “Энэ хөгшин амьдаараа яс махтайгаа хатчих гэж хөөрхий” гэж уулга алдан, халаглахыг өөрөө ч сонсдог байж. Ямартай ч түүний цөхрөл хоосон байсангүй. Биднийг очих үед “Хүүгээ нутаглуулаад ирлээ. “Ядаж л сүнс нь амраг” гэж санаа алдаж суусан.

Өмнө нь Буйр нуурт 13 жилийн зайтай хоёр осол болж 11 хүн амиа алдсан байна

Буйр нуурт болсон энэ эмгэнэлт ослын өмнө хоёр ч томоохон осол болжээ. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны өвөл “УАЗ-469” машинтай арваад хүн Буйр нуурт ирж загасчлаад шөнө буцахдаа төөрч нуурын мөсөнд яваад орчихож. Машин мөсөнд цөмрөх үед жолооч хаалганы цонхыг хагалж амжсан бол хажуугийн суудалд явсан эр машины урд цонхыг хага цохиж амь мултарчээ. Усан дотор машины цонх хагардаггүй юм байна. Харин үлдсэн долоон хүн энджээ. Ослын дараа нуурнаас машиныг гаргахад загасчид дээврийг нь хутгаар юу ч үгүй сийчиж амь гарч чадалгүй эндсэн байж. Загасчид байнга хутгатай явдаг боловч тухайн машины дээврийг аргелитаар доторлосон байсан нь үхлийн шалтгаан болсон бололтой. Яг үүнээс 13 жилийн өмнө дөрвөн хүн фургон машинтай нуурын мөсөнд мөн л цөмөрч эндсэн аймшигт осол болсон удаатай. Энэхүү осолд эндсэн Мөнхжаргалын хадам ээж 13 жилийн өмнө болсон ослоор төрсөн хоёр хүүгээ алджээ. Түүний хувьд насаараа нуурын эрэг дагаж загасчилж амьдарсан бөгөөд “Нуурандаа гомдож байна” гэхээс өөр юм ярихыг хүссэнгүй.

Мөсөн дээр гарсан загасчдыг аврах боломж байсан

Мөсөн дээр хоёр цаг гаруй үхэлтэй тэмцсэн загасчдыг аврах бүрэн боломж байсан гэдгийг талийгаачдын ар гэрийнхэн хэлсэн. Нийт гурван удаа хилийн заставаас хийлдэг завийг нь гуйсан боловч эхний хоёр оролдлогод бүтээгүй байна. Хэрвээ хэлсэн даруйд цаг алдалгүй завь гаргаж өгсөн бол хоёуланг нь эсэн мэнд аврах байсан гэдгийг ахин дахин харуусан ярих. Загасчдын хувьд хоёр залуу нь усанд чамгүй сайн, тэгээд ч насны аагаар хүйтэн уснаас мөсөн дээр гарч чадсан. Гэвч туршлага дутсан байж болох. Тэд бие биенээ анзаарч, хоорондоо тэврэлдэн илчээ арай удаан хадгалах боломжтой ч байж болох байсныг нутгийн загасчид хэлсэн. Нуурын эрэг элсэрхэг, тийм ч гүн биш. Нутгийнхны зуны цагт сэлдэг л газар гэсэн. Харин дөч гаруй настай хоёр загасчны хувьд хүйтэн усанд унангуут шууд л шоконд орж, шөрмөс нь татсан байж магадгүй гэсэн таамгийг ар гэрийнхэн нь дэвшүүлэн ярьж сэтгэлээ зогоож сууна. Харин “Буйр” заставын орлогч дарга Э.Бат-Эрдэнэ “Тосгоныхон заставын дарга руу хоёр удаа утасдсан юм билээ. Дараа нь нутгийнхнаас загас худалдаж авдаг Хамер жийптэй эрэгтэй ирж хэлсэн. Яг юу болоод байгаагаа тодорхой яриагүй юм билээ. Осол болсон гэж. Цэргийн байгууллага учраас завийг шууд гаргах боломжгүй. Заавал төв болох Мэнэнгийн отряд, улмаар отрядаас яам руу мэдэгдэх ёстой. Гэхдээ заставын дарга эхлээд утсаар ярихад нь л завиа агуулахаас гаргаж хийлүүлсэн. Дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд загасчлах хориотой байдаг. Энэ үед бид ч нууранд завь гаргах хориотой. Тиймээс завь агуулахад байсан хэрэг. Заставын дарга харуулын цамхгаас нөхцөл байдлыг дурандаж харсан байсан. Ингээд манай алба хаагчид очиж загасчны цогцсыг нуурнаас гаргаж, үлдсэн цогцсыг хайж шумбалт хийсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Ч.Батзориг: Санасандаа хүртэл барилдаж чадаагүй үед дараа жилийн наадам ч хол шүү дээ

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чогсомын Батзоригтой ярилцлаа.

-Таны төрж өссөн нутаг болон ажил хөдөлмөрийн гараанаас яриагаа эхлэх үү?

-Тэгэлгүй яахав. Хүн төрж өссөн нутаг усаараа тэжээгдэж явдаг учиртай. Би 1971 онд Ховд аймгийн Чандмань суманд Жаргалант, Бумбат хайрхны өвөр, Хар-Ус, Хар, Дөргөн хэмээх холбоо гурван нуурынхаа хөвөөнд мэндэлсэн азтай хүү. Эцэг эхээс есүүлээ. Би гурав дахь нь юм. Наймдугаар ангиа төгсөөд л аав, ээждээ тус дэм болж үйлдвэр бригадад ажилласан даа. Тэр үед нэгдэл гэж сайхан хамтын аж ахуй байж. Биднийг нэг баг болгоод л нэгдлийн хамаг хүнд хүчир ажилд явуулна. Чулуу зөөж хашаа барина. Өвс хадлан хадна. Өвөл цас ухаж бэлчээр гаргана. Нэг жил уурын зууханд галч хийж байлаа. За тэгээд хийгээгүй юм бараг байхгүй дээ.

-Хэзээнээс барилдаж эхлэв. Анх хаанахын ямар наадамд зодоглов?

-Биднийг бага байхад хөтөлж аваачаад л том хүмүүсийн аманд өгчихдөг байлаа шүү дээ. Нөгөөдүүл маань нэг өргөж үнсчихээд л яваад өгнө. Миний хувьд 15 настайдаа анх сумынхаа наадамд дөрөв даваад, тавд сумын заан Сэрж хэмээх нутгийнхаа хүндтэй бөхөд унаж билээ. Дараа жил нь одоогийн Ховд аймгийн Засаг дарга болох Д.Цэвээнравдантай (цэргээс халагдаж ирсэн сайхан залуу, сүрдмээр ч байсан) дөрвийн даваанд таарч барилдаад унасан. Ер нь манай сумын наадмын дэвжээ их хатуу шүү. Тиймдээ ч монгол бөхийн өлгий нутаг гэгддэг байх. Багш (Ч.Бямбадорж заан), Мөнхөө ах (И.Мөнхбаатар заан) бид гурвыг оруулахгүйгээр зөвхөн манай сумын бөхчүүд гэхэд л сүүлийн долоон жил төрийн их баяр наадмын дунд, их шөвөгт завсаргүй хүрч барилдаж байна шүү дээ. Тэр үед манай суманд Ч.Бямбадорж багшийн нэрэмжит сумын цол олгох тойргийн барилдаан зохиогддог уламжлалтай байсан юм. 1990 онд уг барилдаанд түрүүлж сумын заан болсон доо. Ерээд оны эхээр манай нутгаас хот орно гэдэг хол, зам харгуй муутай, тэрэг техник ч ховор байсан цаг л даа. Том ахыгаа өвөл хот руу явахад нь улсад ид барилдаж байгаа Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын зураг хөрөг байвал олоод ирээч, бие хаагаар надаас хэр том юм бол үзье гэж захилаа. Хол газрын мань мэт нь ар гэр, адуу мал, аж ахуйн ажил гээд барилдааны арга мэх гэж бараг мэдэхгүй. Ах маань хэдэн сайхан бөхчүүдийн зураг авчирч би ч харлаа. Цуг харж суусан ах маань “Батзориг оо бие хаагаар чамаас хол зөрөөд байх юм алга байна даа” гэлээ. Тухайн үед энэ сайхан бөхчүүдтэй барилдах юмсан гэж мөрөөдөж байсан юм. Ингээд 1991 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх эрхэм багш маань нутгаасаа ирээдүйд бөх болох хэдэн сайхан залуу сонгож авсны нэг нь би юм.

-Мөрөөдлөө биелүүлэхээр хотод орж ирсэн хүүгийн анхны барилдаан ямар болов?

-Хувь тавилангаараа нутгийнхаа сайхан заан ахыгаа дагаад хотод ороод ирлээ. Миний багш өөрөө хүнд сорилтыг давж, баргийн хүнээс гарахгүй тэсвэр тэвчээр зааж бөх болсон хүн. Тэр чинээгээрээ бидэнд ч өндөр шаардлага тавина. Хэдэн сар хөлс хүчээ шавхсаны хүчинд зааланд барилдахтайгаа боллоо. Торгон зодог шуудагтай эсгий малгайтай намайг улсын цолтой бөхчүүдтэй шууд барилдууллаа. Нэгийн даваанд Батбаяр начинг, хоёрын даваанд Өвөрхангайн Хужиртын Батхуяг начинг хаяад суулаа. Нутгийн бөхчүүд намайг магтаж байна гэж жигтэйхэн. Би ч урам зориг дүүрэн гурвын даваанд Хадбаатар аваргын аманд очлоо. Надад хэн ч зааж өгөөгүй мэдрэмжээрээ хийчихдэг зүүн морддог мэхтэй. Багш маань “За чи мордчихоорой” гэлээ. Гараад өрлөө. Төд удалгүй мордоод дайрчихлаа. Тэгсэн юу болсныг ч мэдсэнгүй, нээг их том хар юм дээрээс нөмөрч ирээд уналаа. Даруулж унасан болохоор доороос нь арай гэж нэг юм сугарч гарч ирлээ. Ямар ч том хүн юм (инээв). Тэгэхэд заалны барилдаан болмоор ч юм шиг санагдаж байсан. Багш маань “Хүч” спорт хороо, дотоодын цэргийн 805 дугаар ангид оруулаад бүтэн жил барилдуулахад зааланд нэг ч даваагүй шүү. Анх зааланд яаж хоёр давсан юм бүү мэд. Хөдөөнөөс орж ирсэн юу ч мэдэхгүй, хүүхэд байж дээ.

-Ц.Мягмарсүрэн заан та хоёр нэг багшийн шавь нар. Та хоёр тээр жилийн аймгийн наадамд барилдсан тухайгаа яриач?

-Цэргийн алба нэг жил хаагаад халагдах болоход намайг дахин нэг жилээр улираалаа. Дараа жил нь бүх цэргийн наадамд шөвгөрч цэргийн начин боллоо. Ингээд халагдаж ирээд Манхан, Зэрэг сумдын наадамд түрүүлчихээд аймгийн наадамд барилдахаар очлоо. Ц.Мягмарсүрэн ч хэд хэдэн сумын наадамд түрүүлчихээд аймагт ирчихсэн байв. Бид хоёрын нэг нь түрүүлнэ гэсэн бодолтой. Хамгийн гол нь доор даваанд туначих магадлалтай байв. Наадмын асарт сууж байхад нутгийн ах нар хүрч ирээд “За хоёр дүү ямар бодолтой байна?” гэж асуухад нь “Бид хоёр даваа гуйхгүй, харин хооронд нь битгий оноогоорой” гэхэд тэд их л дурамжхан байж билээ. Тэр үед ид барилдаж байсан аймгийн хүчит арслан Г.Цоож гурвын даваанд Мягааг маань амлачихлаа. Би ч учраа бөхтэйгөө барилдаж байтал хүмүүс шуугиад явчихлаа. Гэтэл өнөөх арслан чинь манай хүнийг ганцхан маниулдаад шидчихдэг байгаа. Би ч дөрвийн даваанд аймгийн хурц арслан Р.Галсандаваа ахтай таарч барилдаад уначихлаа. Их санаатай байсан бид хоёрын хувьд тэр жилийн аймгийн наадам ингээд дуусав. Багш маань “Зүгээрээ, миний хүүхдүүд. Наадмын дэвжээ гэдэг ийм л байдаг. Унаанаасаа суралцаж л бөх болдог юм” гэж байсан сан.

-Ус нутгийнхнаа баярлуулж улсын цол анх авч байсан үе үнэхээр сайхан дурсамж үлдээсэн байх?

-1993 оноос л улсын баяр наадамд зодоглож эхэлсэн дээ. Эхний жил нь хоёрын даваанд, дараа жил нь дөрвийн даваанд унаад 1995 оны улсын баяр наадмын тавын даваанд Хөвсгөлийн Баянмөнх бид хоёр туналаа. Өмнө нь Баянмөнхийг ганц нэг хаяад байсан болохоор илүүрхэж барилдъя гэж бодоод дайрч ороод ардаа алдчихаж билээ. Гэхдээ тэр үедээ “За яахав, энэ даваа дахиад надад ирэх л даваа” гэж бодоод нэг их харамсаагүй. Дараа жил нь буюу “хоёр Эрдэнэ” дөрвөн цаг барилдаж од түгсэн хойно хаялцдаг 1996 оны наадамд багшаараа тав даваад, зургаагийн даваанд О.Одгэрэлтэй тунан барилдаж унасан. Ингээд л мөрөөдөж явсан улсын начин цолондоо хүрчихээд итгэж өгөхгүй байн байн тэмдэг залаагаа харж байдагсан. Тийм их аз жаргал, баяр баяслыг мэдрүүлсэн багшийнхаа ачийг үргэлж санаж явдаг юм аа.

-Улсын начин болсныхоо дараа жилүүдийн наадамд А.Сүхбат аваргатай хэд хэдэн удаа таарсан?

-Тийм ээ. Бид хоёр 1997, 1998, 1999 оны улсын баяр наадамд гурван жил дараалан тавын даваанд тунаж барилдсан. Сүхбат аваргатай бяр тэнхээ, бие бялдраар илүүрхэж барилдана гэсэн ойлголт байхгүй. Барилдааны ур ухаан, хурд, мэхээр барилддаг бөх шүү дээ. Одоо эргээд бодоход энэ сайхан аваргатай тунан барилдаж залуу насны ид хав, эрч хүчээ сорьж явсан минь бахархалтай сайхан санагддаг даа.

-Сүхбат аварга анх түрүүлснийхээ дараа танд нэг үг хэлсэн байдаг?

-2000 онд улсад анх түрүүлчихээд надтай уулзахдаа. “За Батзориг оо, чи бид хоёр дундуур тунахын зовлонгоос саллаа. Миний хөгшин сайхан барилдаж санасан цолондоо хүрээрэй. Хөгшин чинь ч гэсэн цолоо ахиулж аварга гэдэг цолонд хүрэхийг хичээе” гэсэн. Тэгээд ч хүрсэн дээ.

-Заан цол авсан наадмаа дурсахгүй юу?

-2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар зургаад том Сүхбат (Монгол Улсын гарьд) долоогийн даваанд Мөнхэрдэнэ арсланг тус тус өвдөг шороодуулж заан болж байсан. Ер нь заан цолтон төрдөг наадам тун ховор байдаг. Зүлэг ногоон дэвжээн дээр дуслуулсан хөлснийхөө үнэ цэнийг мэдрэх шиг сайхан юм хаа байхав. Тэр үед миний аав амьд сэрүүн байсан. Хүүгээ заан болохыг харна гэж үргэлж хэлдэг байж билээ.Аав ээж, багш, нутгийн түмэн, уул усаа баясгаад том цол аваад очно гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан л даа.

-Зургаан залуу зааны үед тэдэнтэй гол өрсөлдөгч нь таны үеийнхэн л байсан даа?

-Зургаан залуу зааны дундуур заан цолонд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ яг эднийг залгаад бас зургаан заан гарч ирсэн нь И.Доржсамбуу, Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, О.Одгэрэл, М.Баяржавхлан бид зургаа юм аа. Бид чинь өмнөх зургаагаа бас тийм ч амар дээш нь явуулдаггүй л байлаа шүү дээ. Жинхэнэ өрсөлдөөн, монгол бөхийн жудаг, сайхан нөхөрлөл цогцолсон бөхчүүдтэй нэгэн үед барилдаж, унаж даваж явсан минь миний бахархал.

-Ард түмэн таныг заанаас цаашаа ахиж барилдах бөх гэж харж хүлээж байсан.Одоо ид барилдаж байгаа олон залуусыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. Таны багш ч гэсэн тийм хүн байсан?

-Заан цол чинь өөрөө барилдсан хүн болгон хүртээд байдаг цол биш шүү дээ. Энэ цолонд хүрэхийн тулд ямар их хүч хөдөлмөр, хөлс, тэсвэр тэвчээр гаргадаг гэж санана. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа минь Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Чадраабалын Бямбадорж гэдэг хүний л ач (хоолой нь зангирав). Энэ сайхан хүнийг бурхан дэндүү эрт авч явлаа даа. Би багшийнхаа цолыг хүртсэн. Тийм болохоор ирээдүйд цолондоо эзэн болон залуучуудыг дэмжиж тунаанаас гаргах уламжлал байдаг. Ер нь миний суган доогуур гарч начин цолонд хүрсэн бөхчүүд бүгд л цолоо ахиулж баталсан байдаг юм. Тухайлбал, аварга С.Мөнхбат, арслан Д.Азжаргал,заан Д.Амгаланбаатар, харцага Т.Амартүвшин, Н.Түвшинбаяр (олимпийн аварга) гээд тоолоод байвал адаглаад л цолоо батлаагүй бөх байхгүй ш дээ. Эдэн дотор чинь тэгээд дэмжээд явуулсан нь ч бий, дийлэлгүй явуулсан нь бий (инээв). Тэгээд энэ сайхан залуучууд маань бөхийнхөө ёс жудгийг дээдэлж, сайхан барилдаж, ард түмэн, нутаг усаа баярлуулж яваасай л гэж бодох юм.

-Энэ цагт ид барилдаж байгаа хүчтэнүүдийн нэг Улсын харцага Пүрэвсайханыг бөхийн замд оруулсан хүн та. Энэ талаар жаахан хуучлах уу?

-Миний төрсөн ах Ч.Баатархүүгийн бага хүү нь юм. Анх Ховд аймгийн Чандмань суманд дүү маань 16 настай наймдугаар анги төгсөхөд нь ах Ховдод санхүүгийн мэргэжлээр сургах гэж байхад нь би болиулаад “Энэ хүү чинь улсын цолтой бөх болгож өгье” гээд хот руу аваад ирсэн. Миний дүү чинь биеэр жижиг ч баргийн хүнд бярдуулдаггүй, тэсвэр хатуужил сайтай, хүний заасныг амархан сурдаг, сэтгэлийн хат сайтай гээд олон давуу чанартай л даа. Улсын харцага цолтой хүн ямар хэмжээнд барилдах ёстой вэ. Тэр л хэмжээнд барилдаж нутаг усныхаа нэрийг дуурсгаж яваа бөх. Түүнийг олон хариуцлагатай барилдаан хүлээж байгаа. Зөвхөн бяр чадлаар биш ухаанаар барилддаг гэж ахмад бөхчүүд ярьдаг нь хоосон үг биш. Үнэхээр бөхчүүд улс төр, бизнесийн аль ч салбарт амжилттай явна.

-Та бас бизнест хүч үзэж байгаа хүн?

-Зөв сайхан амьдрах ухааныг хүн амьдралын явцад л олж авна. Миний хувьд бие дааж амьдрах болсон цагаасаа л бизнест хөл тавьсан. Анх хиамны цех, дэлгүүртэй байлаа.Бэлтгэл сургуулилалт гээд зав гарахгүй болохоор нь цехээ ажиллуулахаа больсон. Хоёр жилийн өмнө барилгын бетон эдлэлийн үйлдвэрээ байгуулж тоосго, лотки, суурийн блок, цоохор блок зэргийг стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр 50 гаруй ажиллагсадтай,өвөл зунгүй ажилладаг. Би чинь багаасаа малын дэргэд өссөн хүүхэд. Малд их хайртай. Энэ ч утгаараа “Шим заан” нэртэй мал аж ахуйн компанитай. Манайх сүү махны чиглэлийн 1000-аад үхэртэй. 11 малчин өрхтэй. Дорнодын сайхан талд бэлчээрээр голдуу маллагаатай. Үүнээс гадна угшил харж цуглуулж авсан хэдэн сайхан адуу бий.

-Зүүн хавирдаг дархан мэхийг тань хүмүүс их ярьдаг юм?

-Би ч олон мэхтэй хүн биш л дээ. Ганц сайхан хавирах мэхтэй. Хааяа зүүн мордоно.Даалгаж хийж чадвал мэх цөөддөггүй юм аа. Надтай барилдсан бөхчүүд тийм мэх ирнэ гэдгийг мэдсээр байгаад л хийлгэчихдэг байлаа. Гэхдээ алхаа гишгээ хүндийн төв нь хаанаа байна гээд л анхаарах юм зөндөө байлгүй яахав. Барилдааны явцад л бүх зүйлийг мэдэрч байх ёстой.

-Наадам дөхлөө. Та ид барилдаж байх үедээ наадмыг хэрхэн хүлээдэг байв?

-Санасандаа хүртэл барилдаж чадаагүй үед дараа жилийн наадам ч хол шүү дээ. Наадмын маргаашаас л алдаагаа засч, бэлтгэлээ чамбайруулж дараагийн наадмыг хүлээнэ дээ.

-Та энэ жилийн наадмаар зодоглох уу? Хэн түрүүлэх бол?

-Наадам гэдэг бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр. Хэн од хийморьтой байна. Хэн хичээл зүтгэл гаргаж, уйгагүй хөдөлмөрлөж чадна . Түүнийг л есөн хөлт цагаан туг хэд тойруулахаа мэднэ дээ. Одоо ид барилдаж байгаа залуус маань бүгд л тогтмол бэлтгэлтэй байгаа. Түүхт сайхан ой тохиож байна. Монгол түмнээ хүндэтгэж, бөхөө дээдлээд хийморио сэргээж нэг гарна даа. Бөх хүн зодог шуудгаа өмсөөд ногоон торгон дэвжээн дээрээ дэвнэ гэдэг хамгийн их аз жаргал даа.

Э.МӨНХТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Сонгууль ч яахав ингээд дууслаа, коридор маань юу болов” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн багш С.Баясгалантай хийсэн ярилцлагыг өнөөдрийн дугаарын тэргүүн нүүртээ онцолж байна. Тэрбээр “Их Британи Европын холбооноос гарснаас шалтгаалж Хятадын үйлдвэрлэл буурвал манай оронд ч нөлөөлнө” хэмээн ярилаа. Ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

Удахгүй болох улсын баяр наадамдаа бэлдэн бөхчүүд өөрсдийн галдаа гарчээ. Өнөөдрийн дугаарын “Наадай айсуй” булангаа Төв аймгаас бэлтгэлээ. Төв аймгийн төв орохоос наахна Дундговь руу салдаг замын уулзварын хойно, Богдхан уулын Баруун Зуунмодын аманд “Дүнжингарав” дэвжээнийхэн байрладаг байна. Монголын ард түмэн наадам гэдэг том, аугаа цэнгэлээрээ тухайн жилийнхээ өнгийг үзэж ямар хүчтэн түрүүлэх бол хэмээн 365 хоногийн турш таамаглан ярилцдаг билээ. Төв аймгийн бөхчүүдийн хувьд 2008 оноос Богдхан уулынхаа энэ аманд байрлаж, наадмын бэлтгэлийг базааж байгаа юм. “”Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн ид хав нь гүйцэж байна” сурвалжлагыг нэг, зургадугаар нүүртээ хэвлэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлоыг тодорхойлж байдаг алдарт гуравдугаар нүүрт “Сонгууль ч яахав ингээд дууслаа, коридор маань юу болов” нийтлэл хэвлэгдлээ. Харин нийгмийн амьдралын талаарх дөрөвдүгээр нүүрээс “Ломбарданд тавьсан эд зүйлсийн бүх л мэдээлэл цахим санд төвлөрнө”, “Полимери-химийн аж үйлдвэрийг Монгол Улсад хөгжүүлэх шаардлагатай” зэрэг материалыг унших боломжтой.

Тавдугаар нүүрээс “Рио Тинто гэж ямар компани вэ” материалыг уншаарай. Уул уурхайн томоохон төсөл яригдаж эхэлснээс хойш монголчуудад танил болсон компани бол “Рио Тинто”. Үндэстэн дамнасан тус групп 2006 оноос Монгол Улсын Засгийн газартай стратегийн урт хугацааны төсөл дээр хамтран ажиллаж буй.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Завиар аялж яваад алга болсон швейцарь иргэн Бруно Дубачийг Сэлэнгэ аймгийн нутагт хайж байна” сурвалжлага гарлаа. Швейцарь улсын иргэн Бруно Дубач гэх 69 настай эр завьтай аялалд гараад ор сураггүй алга болжээ. Тэрбээр Завхан аймгийн Идэр голоос өнгөрсөн тавдугаар сарын 24-нд завьтай аялалд гарсан байна. Ингээд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Олон голын бэлчир гэх газарт нутгийн малчид харснаас хойш ор сураггүй алга болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа аж.

Мөн “Эмч” булангаас “Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хамгийн үр дүнтэй” хэмээх ярилцлагыг уншаарай. Энэтхэг улсын Мэданта Медиси эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах институтийн захирал тэргүүлэх зэргийн эмч А.С.Соин “Шинэ элэг, шинэ амьдрал” ТББ-ын урилгаар Монголд хүрэлцэн ирээд байна. Түүнтэй элэгний өвчлөлийн талаар ярилцсан юм.

Түүнчлэн Бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны гэргий Н.Тунгалагийн “Тавын даваанаас хоолой нь цангинаад бөхөө тайлбарлаж эхлэхэд нь үзэгчид баяр наадмын хөшиг нээгдэх шиг боллоо гэдэгсэн” ярилцлага, “Зүүн хязгаар дахь Буйр түшсэн буйдхан амьдрал”, “Хөвсгөлийн замын уртыг ээ, хүмүүс нь тайвныг яана” аян замын тэмдэглэл зэргийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ