Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээн ийм хөтөлбөрөөр явна

“Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн“The first Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Одоогийн байдлаар таван тивийн 73 орны тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байгаа. Тус тэмцээний зохион байгуулах хорооны гишүүд болох Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны удирдлагуудтай цахимаар санал солилцжээ.

Тэмцээн дараахь хөтөлбөрийн дагуу явагдах юм байна.

Дөрөвдүгээр сарын 22:

09.00-15.00 Сонгомол барилдааны 59кг, 66кг, 75кг, 85кг, 98кг, 130 кг-ын тойргийн болон дагах барилдаан

17.30-18.00 Нээлтийн ёслол

18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 23:

09.00-15.00 Эмэгтэйчүүдийн 48кг, 53кг, 58кг, 63кг, 69кг, 75 кг-ын тойргийн болон дагах барилдаан

18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 24:

10.00-15.00 Эрэгтэйчүүдийн 57кг, 65кг, 74кг, 86кг, 97кг, 125 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаан

09.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулахёслол тус тус болно.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Хууль зүйн байнгын хороогоор одоо АТГ-ын дарга, тэргүүн комиссар
Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна.

Тэрээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ
өгөөд байгаа юм. Хууль зүйн байнгын хороо Н.Ганболдын хүсэлтийг нь хүлээн авч
үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг дэмжвэл өнөөдрийн чуулганаар уг асуудлыг
хэлэлцэж эцэслэх юм. Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сараас хойш
АТГ-ын даргаар ажилласан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь ирэх жилийн
арваннэгдүгээр сард дуусгавар болох байсан билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 35-40 төгрөгөөр буурлаа

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн ам.долларын ханш огцом чангарч өнөөдрийг хүртэл 2055 төгрөг хүрээд байсан билээ. Өнөөдөр өглөөний байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2012-2017 төгрөгөөр худалдан авч 2023-2029 төгрөгөөр арилжиж байна. “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.доллар 2015-2025 төгрөгөөр арилжаалагдаж байна. Монголбанкны нэрлэсэн ханш нь 2023 төгрөг буюу ам.долларын ханш 35-40 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарлаа.

Оны эхний байдлаар гадны шууд хөрөнгө оруулалт татарсантай холбоотойгоор ам.долларын ханш улам чангарах төлөвтэй байсан бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний шат буюу тэрбум орчим ам.доллар манай улсын эдийн засагт орж ирэх эерэг дүр зураг бий. Нөгөөтэйгүүр ам.долларын ханш сулрахад Засгийн газар өнгөрсөн сард 500 сая долларын үнэ бүхий бондыг Азийн зах зээлд гаргасан явдал. Азийн зах зээлд анх удаа Засгийн газрын бонд амжилттай арилжсан нь Монголын зээлжих зэрэглэлд ч эерэгээр нөлөөлж байгаа аж. Ажиглагчдын үзэж буйгаар цаашид ам.долларын ханш сулрах төлөвтэй байгаа гэжээ.

Categories
гадаад мэдээ

Сергей Лавров Монголд айлчилна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар маргааш манай улсад ирнэ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс цасан болон шороон шуурга шуурна

Ойрын өдрүүдэд зарим аймагт цас орж хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараахь мэдээллийг өглөө.

Энэ долоо хоногоос цаг агаар тогтворгүй байх бөгөөд өнөөдрөөс ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Энэ нь дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж Ус цаг уурын газраас мэдээлэл ирсэн аж.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цасгай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-40 см-т хүрч хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймагг хамгийн их буюу 536536 толгой мал хорогджээ. Харин мал төллөлт 98 хувьтай байгаа аж. Маргаашаас цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

Мөн Ус цаг уурын орчны хүрээлэнгээс “Малчид, тээвэрчид, ард иргэдэд энэ сарын 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

3500 мод, бутанд хэлбэржүүлэлт хийв

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийтийн эзэмшлийн 110 гудамж, цэцэрлэгийн 98 га талбайн ногоон байгууламжийг арчилж, хамгаалах юм. Арчилгааны ажлын хүрээнд мод, бут сөөг хэлбэржүүлэлтийн ажлыг 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 10-ны хооронд хийв.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 1000, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 2500 улиасыг хэлбэржүүлж, хотын хэмжээнд нийт 3500 мод бутанд тайралт хийлээ. Тайралт хэлбэржүүлэлт нь мод, бутны ургалтыг сайжруулах, залуужуулах ач холбогдолтой.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн Зүүн салбар өргөгч болон хог тээврийн 8 машинаар Энхтайваны өргөн чөлөө буюу зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл 476 улиас, 94 бутыг хэлбэржүүлж тайрсан. Харин Баруун салбар Энхтайваны өргөн чөлөө, 5 шараас Саппоро хүртэл 480 улиасыг хэлбэржүүлэв. Энэ долоо хоногоос мод бутыг хортон шавьжаас хамгаалах шоходойлтыг хийж эхэлсэн бөгөөд нийт 4500 модыг шохойдоно. Мөн нийслэлийн бүх гудамж талбайн зүлгийг самнаж цэвэрлэх, модны тогоо гаргах, мод сөөгийг услах ажилд хуваарийн дагуу эхлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Бусдаас дутаад яахав, Макдоналдсыг Монголдоо хурдхан оруулж ирье

Энэ бол Хакухо аваргын Макдоналдсийн сурталчилгааны үеэр авахуулсан зураг.

Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ Макдоналдс бол салбарынхаа манлайлагч нь. Уг сүлжээг сурталчилсан рекламд Хакухо М.Даваажаргал амжилттай тоглож, Азийн нэлээд хэдэн оронд Макдоналдс салбараа нээж байна. Хакухогийн тоглосон реклам их л шуугиан дэгдээж байгаа бололтой. Азичууд барууныхны амтархдаг түргэн хоолнуудыг идэж үзэх гэж ресторануудынх нь үүдэнд дугаарлаж байна. Манайд KFC, Burger King-ийн салбарууд нээгдчихсэн, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоодохлоо. Одоо МсDonald’s-ийн салбарыг Монголд нээчихвэл янзтай. Макдоналдс бол дэлхийн брэнд. Тэр брэндийг бусад орны иргэдтэй адилхан амталж үзмээр л байна шүү дээ. Түргэн хоол, гаазтай ундаа хортой, таргалуулдаг, биед муу гэдэг л юм. Хортой, хөнөөлтэй байсан бол энэ том брэнд өдийг хүртэл ингэж бат бөх оршин тогтнох байсан гэж үү. McDonald’s дэлхийн 120 улсад өдөрт тутамд 68 сая хүнд 32 мянга гаруй сүлжээ ресторанаараа үйлчилж байна. Үүгээрээ дэлхийн тэргүүлэх түргэн хоолны компани гэгддэг. Салбарууд нь аливаа хотын нэр хүндтэй газрууд, нисэх онгоцны буудал, худалдааны төвүүдэд байршиж олон нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.

Түргэн хоол таргуулдаг гэж үзэн Макдоналдсын эсрэг зүйл ярьдаг хүмүүс бий. Гэхдээ уг сүлжээний хоолнууд дундаас зөвийг нь сонгоод идвэл эрүүл аргаар жин хасч болдгийг нэгэн эр өөрийнхөө жишээгээр харуулсан байна лээ. Түргэн хоол гэхээр л таргалуулж хөөлгөдөг талх, төмсхөн байдаг гэж андуурч болохгүй. Хоолны цэсэнд нь ашиг тустай амин дэмүүдээр баялаг ногоон навч, ургамал, тариа ногоо байж л байдаг юм билээ. Ер нь тэгээд аливаа зүйлийн жорыг хэтрүүлнэ гэдэг чинь их урхагтай. Сайн сайн гээд эмийг их хэмжээгээр уувал тэр чинь хор болно. Магадгүй хорыг тааруулж хэрэглэвэл эм болж ч мэднэ. Түргэн хоолыг зөв зохистой хэрэглэж, олон нэр төрөл дундаас нь биед хэрэгтэйг сонгож идвэл тэр чинь хоол л болно. Дэлхийд танигдсан компанийн салбарыг эх орондоо оруулж ирж томоохон хотуудаа чимнэ гэдэг чинь нэр төрийн хэрэг. Гадны жуулчид ирээд эх орондоо байнга орж хооллодог Макдоналдсынхаа “М” үсэг бүхий шар логог харвал сэтгэл, нүд нь сэргэж “Үгүй ээ, энэ Монгол чинь хоцрогдчихсон улс биш юм гээч. Макдоналдс маань байна шүү дээ” гэж баярлаж л таарна. Ингэж тоогдоно гэсэн үг л дээ, гадныханд.

Та бид зуны амралтаараа ч юм уу, ажил төрлөөр эх орныхоо өнцөг булан бүрт аялж зугаалдаг. Өмнө нь хөл тавьж үзээгүй сум, багт очоод таних мэдэхгүй хүн амьтантай уулзаж зам заалгаж, хүн сурч байгаад “Мобиком” ч юм уу, “Юнител”-ийн ногоон лого эсвэл, “Төрийн банк” эсхүл “Хаан” банкны салбарыг хараад баярлаад л давхиад оччихдог. Байнга үйлчлүүлэгч ч юм уу, хэрэглээд сурчихсан зүйлээ харахаар цаанаа л өег шүү дээ, таньдаг хүнтэйгээ таарсан юм шиг сэтгэгдэл төрдөг. Үүнтэй л адил гадныхан талын Монголд ирлээ, танихгүй газарт буулаа гэсэн бодолтой буутал өмнөөс нь Макдоналдсын салбарын хаалга нээлттэй байвал тэр хүмүүст Улаанбаатар хот танихгүй, хөгжилгүй мэт санагдахгүй.

Макдоналдсын салбарыг нээхэд тухайн хот саяас дээш хүн амтай байх ёстой гэх мэт шаардлагуудыг тавьдаг юм билээ. Манай нийслэлд олон л хүчирхэг брэндүүд салбараа байршуулж үүдээ нээчихсэн байгаа юм чинь Макдоналдсын салбарыг байгуулчих хэмжээнд хүрчихсэн. Үүн дээр манай улс төр, бизнесийн хүрээний нэр хүндтэй бизнесмэнүүд анхаарал хандуулж салбарыг нь нээх тал дээр бушуу хөөцөлдөх хэрэгтэй юм.

Улс шиг улс байхад бусад оронд буй нэр хүндтэй компани, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг эх орондоо байлгах ёстой гэдэг дүрэм үйлчилдэг. Азийн буурай орнуудын иргэд эдгээр өдрүүдэд Макдоналдсын хоол идэж байхад бид юугаараа дутахав. Элдэв янзын шүүмжлэлээ түр зогсоогоод салбарыг нь нээлгэх тал дээр анхаарал хандуулъя. Энэ чинь улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү.

Categories
мэдээ цаг-үе

Т.Эрдэнэбат: Монгол техникчид “Камминс”-д ажиллаж эхэлсэн нь дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь тавигдлаа гэсэн үг

“Камминс Монголиа инвестмент” ХХК-ийн борлуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Дизель хөдөлгүүр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Камминс”-ын хөдөлгүүртэй монгол автобуснууд нийслэлээр давхилдаж эхэлнэ гэдэг бол маш таатай мэдээ. Танай хөдөлгүүрийг дэлхийн машин үйлдвэрлэлийн аваргууд хэрэглэдэг байх аа?

-“Камминс” хөдөлгүүрийг хэрэглэх боломжгүй газар гэж байхгүй. Хятадын тухайд гэхэд л машин үйлдвэрлэж байгаа “Хово”-гоос эхлээд бүх төрлийн машин үйлдвэрлэл нь “камминс”-ийг сонгодог. Солонгосын “Хьюнда”, Японы “Комацү”, “Хитачи” манайхаас хөдөлгүүрээ авдаг. Инженерингийн төвшинд хамтарч ажилладаг. Загвар дизайнаа цуг гаргадаг. Дэлхий даяар хэрэглэгдсэн энэ туршлагыг Монголд “Экобус”-ын инженерүүдтэй хамтарч нэвтрүүлэх гэж байна. Дэлхий даяар 100 жил хэвшсэн технологийг хэрэглэх гээд байгаа юм. Хөдөлгүүр бол машины зүрх нь.

-Тэгэхээр монголчууд “Тоёото” шиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн машин үйлдвэрлэх сууриа “Камминс”-тай хамт тавьчихжээ…?

-Тэгж ойлгож болно. Автобус үйлдвэрлээд эхэлнэ, “Камминс”-тай хамтраад явна гэдэг чинь машин үйлдвэрлэлийн суурь тавигдлаа гэсэн үг. Магадгүй 20, 30 жилийн дараа “Экобус” гэдэг камминс хөдөлгүүртэй автобусыг Хятад, Оросод хэрэглэж байхыг үгүйсгэх аргагүй.

-“Экобус” автобусаа үйлдвэрлээд эхлэхээр эд ангийг нь хийх хэдэн мянган үйлдвэр дагалдаад хөгжинө гэж байсан. Автобус үйлдвэрлэхэд яг хэчнээн эд анги ордог юм бэ?

-Манайх Монголд “Ecobus” гэдэг компанитай сүүлийн хоёр жил хамтарч ажиллаж байна. Таны хэлсэнчлэн автобус үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа компани л даа. Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, байгальд ээлтэй, иргэдэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлэх зорилготой ажилладаг хүмүүс. Тэд үйлдвэрлэх автобусандаа манай “камминс” хөдөлгүүрийг тавихаар ярьж байгаа. Бидний энэ хамтын ажиллагаа Монголд бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том нэмэр болно л доо. Автобусыг дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр дагалдаад өчнөөн үйлдвэр ажиллаж эхлэх нь гарцаагүй зүйл. Автобусанд 6000-7000 төрлийн эд анги байдаг. Монголд хийж болохыг нь хийгээд эхэлчихсэн. Автобус үйлдвэрлэнгүүт эд ангийг нь хийдэг үйлдвэрүүд нэмэгдээд ирнэ.

-“Камминс” гэж дэлхийн брэнд Монголд дизель хөдөлгүүр үйлдвэрлэх салбар үйлдвэрээ байгуулчихлаа. Тэгэхээр “Камминс” гэж хэн бэ, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь ямар давуу талтай юм бол гэх мэт асуулт олны сонирхлыг татаж таарна…?

-“Камминс” том машинуудын дизель хөдөлгүүрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Хөдөлгүүрийн хувьд дизель юмуу, байгалийн хий, газаар ажилладаг хоёр сонголттой үйлдвэрлэдэг юм. Дизель хөдөлгүүрийн давуу тал нь мушгих хүч өндөртэй. ”Horse power” буюу морины хүч нь арай бага. Хүнд нөхцөлд их юм чирч явна гэсэн үг. Морины хүч ихсэхээр засмал зам дээр илүү хурдтай давхих боломж нэмэгддэг. Дизель хөдөлгүүр бол бензин хөдөлгүүр шиг хурдтай давхиж чадахгүй. Арай удаан давхина. Хүнд даацын машин техникүүдэд илүү ашигладаг. “Камминс” дизель хөдөлгүүр үйлдвэрлэлээрээ дэлхийд номер нэг. 19 литрээс доошхи, 2.8 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг жижиг дунд гэж ярьдаг. 2015 онд яг ийм хөдөлгүүрийг нэг сая 200 мянгыг үйлдвэрлэсэн байх жишээтэй. Эхний аравт орсон компаниудыг харахаар хоёрт “Хино” гээд “Тоёото” орж байгаа юм. Дараагийн компаниудыг харахаар сая давсан тооны хөдөлгүүр үйлдвэрлэдэг компани дэлхий дээр нэг ч байхгүй. Гэтэл “Камминс” зөвхөн 19-2.8 литрийн багтаамжтай гэхэд сая гараад явчихдаг. 19 литрээс дээшээ гээд ярихаар 95 литрийн багтаамжтай хөдөлгүүр хүртэл бий. Ийм багтаамжтай хөдөлгүүрүүд дизель генератор, цахилгаан үүсгүүр, усан онгоц, Америкт шинээр тавигдаж байгаа хурдны галт тэргүүдэд суурилагддаг. “Камминс”-ийн ажиллаж эхэлсэн хугацаа гэвэл өнгөрсөн зууны эхэн үе. 1919 онд АНУ-д байгуулагдсан компани. Өнөөдрийн байдлаар 190 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн таван тивд үйлдвэрлэл явуулдаг. Дэлхий даяар 55 мянган ажилтантай аварга компани.

-190 гаруй орон гэхээр бараг л бүх улсад хүрч ажилладаг байх нь?

-Ер нь бол тийм. Үйл ажиллагаа явуулж болдоггүй орнууд гэхээр Хойд Солонгос, Иран гэх мэт онцлогтой улсууд байдаг юм. Учир нь “Камминс”-ын хөдөлгүүрийг зэвсэг техникт ашиглах боломжтой байдаг. Ийм онцлогтой, өндөр нууцлалтай технологи учраас гаргаж болохгүй улсууд гэж бий.

-Манай улсад нээсэн үйлдвэрийнх нь онцлогийг сонирхуулаач?

-“Камминс” үйлдвэрлэлийнхээ хувьд шинэ, дахин гэсэн хоёр хэсэгтэй. Шинэ үйлдвэрлэл гэдэг нь төмрөө цутгахаас эхлээд бүгдийг өөрсдөө хийж бүтээгдэхүүнээ гаргахыг хэлээд байгаа юм. “Камминс” –ын Монголд барьсан үйлдвэр нь дахин үйлдвэрлэл гэдэгт орно. Хуучин хөдөлгүүрийг үйлдвэртээ оруулж ирээд шинэ болгож гаргана гэсэн үг. Үйлдвэрээс бүтээгдэхүүн ямар стандартаар гардаг, хэр баталгаат хугацаа өгдөг яг л тэр жишгээр ажилладаг төв баригдсан гэж ойлгож болно. Уул уурхайн өндөр хүчин чадалтай хөдөлгүүрүүдийг дахин үйлдвэрлэх төв юм л даа. Монголд 19 литрээс 78 литрийн багтаамжтай “камминс” хөдөлгүүрүүд 440 орчим байдаг юм. Стратегийн ач холбогдолтой уурхайнуудаас эхлээд жижиг алтны уурхай хүртэл уул уурхайн бүх тоног төхөөрөмж “камминс” хөдөлгүүртэй. Тэр хөдөлгүүрт их засвар, дунд засвар хийх үйлдвэр ажиллаад эхэлсэн гэж ойлгож болно.

-Өмнө нь уул уурхайн компаниуд дизель хөдөлгүүрүүдээ яаж засуулдаг байсан юм бол?

-Оюу толгойгоор жишээлье. Ард нь “Рио тинто” гэдэг компани бий. “Рио тинто”, “Комацү”, “Камминс” гурав дэлхий даяар биенээ дэмжих гэрээтэй ажилладаг. Жишээ нь “Оюу толгой” дээр байгаа “камминс” хөдөлгүүрт “Камминс” өөрсдөө зардлыг нь засвар үйлчилгээ хийдэг. Өмнө нь бүх хөдөлгүүрийг Улаанбаатарт авчраад, хотоос Бээжин рүү явуулдаг байсан юм. Маш өндөр зардал гардаг байсан. Гэхдээ бид тэр ачааг хэрэглэгчдэдээ үүрүүлээгүй. “Камминс” өөрсдөө дааж байсан л даа. Монголд их засвар хийх үйлдвэр байхгүй нь бидний буруу гэдэг үүднээс хандахаас аргагүй. Хэрэглэгчдийн хувьд хүлээх асуудал л байсан. Харин одоо Монголдоо өөрсдөө хийх боломжтой болчихлоо. Эдийн засагт өгөөжөө үзүүлэхээр шийдвэр болсон. Манай үйлдвэрийн техникчид гэхэд л монгол залуус. Хөдөлгүүрийн их засвар хийсэн мөнгө Хятад руу явахаа больж, Монголд үлдэнэ гээд давуу тал их бий.

-Ер нь дизель хөдөлгүүрт их засвар хийхэд хэр хэмжээний мөнгө ордог вэ?

-Хөдөлгүүрийн өртгийн 50-70 хувь нь гээд ойлгочихож болно. Маш өндөр өртөгтэй гэсэн үг. Тэр тусмаа уул уурхайн том хөдөлгүүрүүд маань их өндөр өртөгтэй байдаг. Нэг удаа их засвар хийсэн хөдөлгүүр 2-3 жил зогсохгүйгээр 24 цаг ажилладаг. Бидний унадаг машины мотор шиг өдөрт ганц, хоёр цаг явдаг эд биш л дээ. Хүнд нөхцөлд 24 цаг ямар ч зогсолтгүйгээр явдаг онцлогтой.

-Танайх Монголд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна?

-2011-2016 он хүртэл сүүлийн тав орчим жил найман сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Монгол улсад, монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт гэсэн үг. Манай цехэд ажиллаж байгаа техникчид гэхэд л Бээжингийн үйлдвэрт сурцгаасан. Бүтэн жил тэнд амьдарч, ажиллаж дадлагажсан. Манай нэг онцлог гэвэл Америкийн стандартыг хангасан. Монгол стандартаар хийчихэд л болчихно гэдэг газар биш. Жишээ нь ус дахин цэвэрлэж ашиглах хэсэг манай үйлдвэрт бий. Америк стандартаар бол усаа хэрэглэчихээд бараг ундны устай дүйцэхээр цэвэрлэж байж бохирын хоолойд холбодог. Хөдөлгүүр цэвэрлэсэн бохир, тостой усаа шууд гаргаж болохгүй. Монголд ийм стандарт байхгүй ч “Камминс” барьдаг стандартаа л мөрдөнө. Сонирхсон компаниудад ус цэвэршүүлэх технологийнхоо талаар туршлага солилцоход бэлэн. Манай компанийн хийж байгаа бас нэг шинэ санаа сэдэл гэвэл цаасаа огт хаяхгүй байгаа. Монголд цаас боловсруулах төв баригдахад нийлүүлнэ гэсэн бодлоготойгоор цаасаа хадгалж байна. Манай компанийн ажилчид жилд хамгийн багадаа 16 цаг нийгмийн ажил хийх үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд гэхэд л бид Богд ууланд мод тарьсан. Асрамжийн төвийн байрыг засч, янзалж тохижуулсан. Мод тарих бол манай компанийн маш том ажлын нэг. Жил бүр мод тарина гэж байгаа.

-“Камминс” төсөвт хэдэн төгрөгийг татвар хэлбэрээр оруулсан бэ?

-Сүүлийн хоёр жил гэхэд л 8.6 тэрбум төгрөгийг татварт төлсөн байгаа. Дизельт хөдөлгүүрийн төв нээгдсэн учраас өмнө төлдгөөсөө илүүг төлж таарах байх.

-Та түрүүн монгол залуус “Камминс”-т техникч хийж байгаа нь том давуу тал гэж онцолж байсан. Монголд дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь, хүний нөөц нь бүрджээ гэсэн утгаар хэлсэн үү?

-Гадаадад дахин үйлдвэрлэгдээд ирэх ёстой хөдөлгүүрүүдийг бүгдийг Монголд үйлдвэрлэнэ гэдэг манай улсын хувьд том давуу тал. Монгол техникчид ажиллана гэдэг үйлдвэрлэл хөгжих таатай боломж. Хувийнхаа бодлыг хэлье. Монгол техникчид “Камминс”-д ажиллаж эхэлсэн нь Монголд ирээдүйд дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь тавигдаж байгаа гэж ойлгож болно. Үйл ажиллагаа нь өргөжих хэрээр илүү олон техникч ажиллуулна. Тэгэхээр монгол техникчид маань хөдөлгүүр дахин үйлдвэрлэх биш илүү том ажил хийж болно. Монгол Улс гангаа хайлуулж цутгаад дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлээд эхэлвэл хүний нөөц талаасаа асуудалгүй болно гэдэг маш том давуу тал.

Categories
мэдээ цаг-үе

С.Наран: Шүүгчээр суухдаа хүмүүст хэлэхийг хүссэн зүйлийнхээ зах зухаас хүргэмээр санагдсан

Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллаж байгаа дуучин С.Нарантай ярилцлаа.

-“Universe Best Songs” наадмын шүүгчээр ажиллах саналыг яаж хүлээж авсан бэ, сэтгэгдэл ямар байна?

-Ер нь шүүгчээр ажиллана гэдэг маш хэцүү. Шүүгч гэдэг мэдлэгтэй, туршлагатай, хүн шүүх хэмжээний чадвартай байх ёстой гэж би боддог. Хамгийн гол зүйл залуучуудыг амьдралд хөл тавихад өөрийн туршлагаас хэлж өгөх, ойлгохгүй байгаа зүйлийг нь тайлбарлах, дараагийн шатанд өсч орж ирэх бололцоог нь хангах учиртай. Дуулна гэдэг зүгээр нэг дуу дуулахын нэр биш, маш их чадвар мэдрэмж мэдлэг шаардсан зүйл гэдгийг залууст ойлгуулах үүрэгтэй гэж бодсон юм. Шүүгч хийх дуртай биш. Цаг зав шаардсан хэцүү ажил л даа. Зарим нь уурлана, гомдоно. Миний хувьд ийм зүйлээс зайлсхийдэг. Гэхдээ энэ тэмцээн маш олон жил болсон, хүмүүс ч сайн мэддэг юм байна. Ер нь залууст ухамсарт нь нөлөөлөх ямар нэгэн зүйл хэрэгтэй гэж бодсон юм. Урлаг соёл гэдэг нийгэм хөгжих эхний шат байдаг л даа. Соёл урлагаар дамжуулж хүний ухамсарт нөлөөлдөг. Хятадуудын том бодлого бол 2000-2008 он хүртэл олимпийн өмнө найман жил урлаг соёлын том арга хэмжээ зохиосон. Бараг найман жил Хятадад урилгаар очиж дуулсан юм. Хөдөө орон нутагт ч бай том ододтой нь хамт шоунд оролцдог байлаа. Би эхлээд ойлгодоггүй байсан. Зүгээр л уригдаад дуулж байгаадаа баярлаж байсан ч сүүлдээ энэ айхавтар том бодлого гэдгийг мэдэрсэн л дээ. Янз бүрийн улс орны нэртэй том дуучид ирээд хамтарсан том шоу хийдэг. Тэр үед хятадууд бас бүдүүлэг байв. Наад захын “Hello” гэдгээ ч хүмүүс нь мэддэггүй байсан үе. Тэгэхэд маш олон том тоглолтуудыг хөдөө орон нутгаар бодлоготойгоор хийсэн. Миний ойлгосноор урлаг соёл, гадаад ертөнцөөр дамжуулж хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж эхэлсэн байгаа юм л даа. Хувцаслалт сурталчилгаанаас авахуулаад тоглолт хийхийн өмнөх бүх зүйл маш их бодлоготой явж байсан. Ингээд 2008 он гэхэд Бээжинд ч, хаа ч тэр наад захын “Hello” гэдэг үгээ мэддэг болсон, такси хүртэл соёлжсон. Нийтийн жорлон нь хүртэл сайжраад ирсэн юм. Энэ их соёлын түгээлтээр улс орноо хөгжүүлж, хүмүүсээ гэгээрүүлсэн. Гадагшаа явж чадахгүй байгаа хүмүүстээ, гаднын хүмүүсийг авчрах замаар нүдийг нь нээсэн байгаа юм л даа. Шүүгчээр сууна гэдэг хүүхдүүдийн олж харахгүй зүйлийг аль хэдийнэ мэдэрсний хувьд хэлж ойлгуулах, үүгээрээ дамжуулж хүмүүст хэлэх гээд байгаа зүйлийнхээ зах зухыг хүргэмээр санагдсан юм.

-Дуучин С.Наран хатуу чанга, зарчимтай шүүгч гэж харж байгаа хүмүүс байгаа болов уу. Гэхдээ та нэг их хатуурхая гэж бодоогүй биз дээ?

-Ер нь хатуу зөөлөндөө биш л дээ. Хэзээ, хэнд хатуурхах вэ гэдэг юм бий. Урлагийн замаар явж уран бүтээл хийх хүмүүст бид хатуу шаардлага тавьдаг л даа. Тэрийг ойлгохгүй, мэдрэхгүй дуулж байгаа хүнд хичнээн хэлээд нэмэргүй шүү дээ. Зарим үед хэлэх юм байсан ч хүлээцтэй өнгөрөхийг хичээж байгаа. Энэ бүгдийг ялгаж салгах хэрэгтэй л дээ. Энэ замаар явж магадгүй, авьяастай, тодорхой хэмжээнд ажиллаж болох хүүхдэд зарим үед хатуу хэлчихэж байна. Ойлгуулах гээд тайлбарлаж байна. Хүлээж авах хүнд нь хэрэгтэй зүйлүүдийг нь хэлж, хүлээж авахгүй хүнд хий дэмий цаг гарздах хэрэггүй л дээ. Цаашаа явах хүчийг хүүхдэд өгөх хэрэгтэй, дандаа урам биш хатуу үг сонсох хэрэгтэй болно. Ерөнхийдөө би тэгж л ажиллаж байгаа.

-Бүгд гингэнээд дуу хуур хөөгөөд явбал энэ улс хөгжих үү гэсэн шүүмжлэл байдаг. Эсвэл урлаг хүнийг гэгээрүүлж, зөөллөж байдаг гэсэн хандлага ч бий, яахав хүүхдүүд бол од байхыг хүсдэг ?

-Дуучдын амьдрал маш хэцүү ертөнц. Тэвчээр ухаанаар энэ амьдралыг сонгож, үүний төлөө мятаршгүй тэмцэж байж хүмүүст хүндлэгддэг. Нэг л муу үйлдэл хийхэд бидэнд хүмүүс эргэлзээд ирэх жишээтэй. Хүн тайвшрах гэж хөгжим сонсдог, хөгжим байж л хүний амьдралд сайхан өнгө нэмэгддэг. Хүний зүрх сэтгэл зөөлөрч баясч хөөрч байж улс орон хөгждөг. Өдөр болгон улс төр, хэрүүл сонсоод та нар залхдаг биз дээ. Би бол заримдаа зурагтаа асаадаггүй. Тэрний оронд сайхан хөгжим сонсоод сэргэх хэрэгтэй. Тэртээ тэргүй энэ богинохон амьдралд ирлээ, буцлаа. Энэ хооронд хэтэрхий их зовж биенийгээ урж идэх ямар хэрэг байна. Шуналаас болж маш их зовлон үүсдэг шүү дээ. Урлаг сайн ойлгодог ард түмэн л бизнес сайн хөгжүүлнэ. Урлаг ойлгодоггүй хүн бизнес хийхэд хэцүү. Яагаад гэвэл тодорхой хэмжээний мэдрэмж нь дутуу байдаг. Урлаг ойлгодог, мэдрэмжтэй хүмүүстэй би ярилцах дуртай. Хөгжим сонсдог, урлаг мэдэрдэг маш олон бизнесмэнүүд байдаг. Тэд нь бусдаас илүү зөөлөн зөв, амжилттай байдаг. Би маш олон урлагийнхан, бизнесийнхэн, улс төрчидтэй ч уулздаг. Үхсэн ч бидний дуу үлддэг учраас би их бардам байдаг. Маш их тэвчээрээр энэ бүхний ард гардаг учраас тэр шүү дээ. С.Наран гэдэг нэрийг олон хүнд таниулахын төлөө би маш их ажилласан. Хөгжим мэдэрдэг, ном уншдаг, ертөнцийг өөр нүдээр харж чаддаг хүний бизнес амжилттай байдаг гэж санадаг. Яагаад гэвэл хүнийг мэдэрч чаддаг.

-Урлагийнхан хөнгөмсөг гэсэн үзэл бодол газар авсан ч дуучин С.Нарангийн хувьд илүү нухацтай мэдрэмж төрүүлдэг?

– Өнгөн талаас нь харахад нэг гоё хүн тайзан дээр гараад л дуулаад байдаг. Амар гоё амьдрал харагддаг байх. Гэхдээ тийм биш. Тайзан дээр нэг дуулахад нурууны хөлс тэр чигтээ асгардаг. Дуулахад ямар их хүч энерги зарцуулдаг гэж бодож байна. Хүний зүрх сэтгэлд очтол дуулж үлдээнэ гэдэг хэцүү.

-Хамгийн сүүлд өөрт чинь эргэцүүлэл, ухаарал хайрласан хүн эсвэл ямар нэгэн зүйл таарсан уу?

-Зөндөө шүү дээ. Би бол олон хүнтэй уулздаг. Хүн болгоны зүрх сэтгэл өөр өөр ертөнцтэй. Хүнтэй ярьж байхад олж мэдээгүй, уншиж ойлгоогүй үзэж хараагүй зүйлсээ хүмүүсийн амнаас сонсдог. Өглөө бүр би дасгал хийдэг. Хамт дасгал хийж байгаа эмэгтэйчүүд, багш нар амьдралын өнгийг ойлгуулж байдаг. Тэр “ангийхан”-тайгаа дасгал хийж хөлсөө гаргаж, тэдний яриаг сонсч бодол санаагаа солилцох дуртай. Саяхан бид ярьж байхдаа “Монголчууд ямар сайхан ард түмэн бэ” гэдэг дүгнэлтэд хүрсэн. Манай нэг хүүхэн Хөвсгөлийн мэхээртэй тос авчраад амсуулсан юм. Мэхээртэй тосны тухай ярьсаар байтал манай монголчууд байгальтайгаа холбоотой, ямар их гүн ухаанч хүмүүс гэдгийг мэдэрсэн. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж найзууд маань хэлдэг. Туулай үсчсээр түрүүлсэн ч юмгүй хоцорч байхад үхэр тэрэгтэй хүн замаасаа хазайхгүй явсаар байгаад зорьсондоо хүрэх нь байна. Логикийг нь бодоход байгаль дэлхийтэйгээ холбоотой, гайхамшигтай мэдрэмжтэй хүмүүс байжээ. Одоо бид дөрвөн ханан дунд хашигдаад, суурин амьдралын сул талыг амсаад энэ бүх мэдрэмжүүд нь багасаад ирж байна.

-Уртын дууны гүн ухаан бас агуу санагддаг. Ингэхэд та уртын дуу дуулдаг уу?

-Уртын дуу ер нь хэцүү ш дээ. Ер нь бүх төрлийн дууг дуулахыг хичээдэг. Би уртын дуу дуулж чаддаг гэж хэлэхгүй. Ямар ч байсан аялачихна аа.

-Би ротари клубынхэнтэй уулзаж байгаад таныг бас “Хүрээ” ротарид харьяалагдаг гэж сонслоо. Тэр шугамаараа Японд хог хаягдлыг дахин ашиглах төслийн чинь талаар яриа хөөрөө дэлгэсэн гэсэн үү?

-Тэгсэн тэгсэн. Ер нь бид нийгэмдээ хандсан ажил хийхгүй бол болохоо байжээ гэж боддог юм. Бидний сэтгэхүй ухамсар муу тал руугаа өөрчлөгдөөд байна. Зөвхөн өнөө маргаашийн төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй ёс суртахууны доголдолд их орж байна. Аргацаасан байдлаар амьдардаг хүн их байна. Хүн бүтээж байж юмханаар юм хийж орчинтойгоо зөв харьцаж байж улс орон хөгжинө гэж их боддог. Энэ талаар ажиллах юмсан гэж “ДЭКО” төсөл эхлүүлсэн. Тодорхой хэмжээгээр жижиг жижиг ажлууд хийгээд явж байна. Миний тоглолтын үеэр “ДЭКО” төслийнхөн маань юмханаар юу хийж болохыг харуулсан жижиг үзэсгэлэн гаргасан шүү дээ. Санаа зоволгүй, юу ч бодохгүй хогоо шууд хаячихдаг хүмүүс байна. Зарим нь үүдэндээ хогоо хаячихаж байна. Наад захын жишээ энэ.

-Та тийм хүмүүст шууд хэлчихдэг үү?

-Би шууд хэлдэг. Цахилгаан шатанд байгаа хогийг өшиглөөд хогийн савны ойролцоо шидчихдэг. Цахилгаан шатанд хогтой байх муухай. Би хогоо авч явж байгаад хогийн сав тааралдахгүй бол гэртээ авчирч хогийн саванд хаядаг.

-Өөр олон нийтийн ажилд хэр оролцдог вэ?

-Ротарид л байгаа. Ротарид тодорхой хэмжээгээр өөрийн салбарт амжилт гаргасан, тэмцэж ажиллаж байгаа туршлагатай хүмүүс байдаг. Тэднээс маш олон зүйлийг мэдэж авах боломж гардаг. Хүний ухамсарт нөлөөлөх тухай би хамгийн их ярьж байгаа. Ёс суртахуун дээр бид хамгийн их доголдож байна.

-Уран бүтээлийн ургац хэр их байна вэ?

-Энэ жилийн сүүлээс эхлээд шинэ уран бүтээл рүүгээ дайрна даа. “Никитон”ыы Бачка бид хоёр сүртэй дуу хийж байгаа. Саяхан тоглолт дээрээ хамт дуулсан. “Хурд”-ын Отгоо бид хоёр дуу хийж байгаа. Шинэ уран бүтээлүүд эхнээсээ гарч байна аа.

-Шүүгчид маш гоё үс толгойтой харагддаг. Өдөр болгон үсчинд суудаг байх даа гэж бодогдсон?

-Өдөр болгон үсчинд орох цаг байхгүй. Заримдаа малгайтайгаа орчихдог. Би байрныхаа доод талын үсчинд орчихдог юм. Гоо сайханд бараг л ордоггүй байсан. Гэхдээ одоо өөртөө цаг их зарцуулдаг болж байгаа.

-Өнөөдөр өглөө яаж эхлэв?

-Өглөө долоон цагийн үед сэрсэн. Найм гэхэд гэрээсээ машинтайгаа гараад дасгалд явлаа. Өглөө түгжирдэг учраас эрт гарахаас аргагүй. Есөн цагт дасгалаа эхлээд, шүршүүрт ороод гэртээ ирэхэд 11 цаг болж байлаа. Тэгээд үсчинд ороод сууж байна. Бусад үед төлөвлөсөн ажлаа хийнэ, заримдаа шөнөдөө орж ирнэ.

-Гэр бүлтэй болж байгаа юу?

-Энэ асуудлыг яримааргүй байна. Энэ бол миний хувийн асуудал. Бүх юмаа олон нийттэй хувааж болохгүй шүү дээ.

-Та багш болвол мундаг зохих юм биш үү?

-Тэгж өөрийгөө ядраагаад яах вэ. Хувиа хичээх хэрэгтэй байна, бас (инээв)

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэмидийн үхэл

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтэдийн гарт очиж эргэлтэнд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрч нарын дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дах хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.

Зохиогч

Монголд тун удахгүй Японы талыг баримтлагчид төрийн эргэлт хийх гэж байна хэмээн Ежовоос Сталинд танилцуулсан нь ачир дээрээ маршал Дэмидийг хэлсэн бололтой. Зөвлөлтийн цэрэг Монголд ирж байрлахыг эсэргүүцэж байсан хүн нь Гэндэн, Дэмид нар. Гэндэн “эмчлүүлэхээр” Хар далай руу ачигдсан, Дэмид болохоор Монголын нийгэмд ихээхэн нэр хүндтэй нэгэн. Тэгээд ч Москвагаас томилогдсон Чойбалсантай түнжин муу, тиймээс ч “ажлыг” нь хийлгэдэггүй саад болж байдаг. Иймээс түүнийг замаас зайлуулах ёстой.

Зөвлөлтүүд ч ард олны дундахи Дэмидийн нэр хүндийг бодолцоод 1934 онд Кировыг хороосон жүжгээ давтан тоглохоор шийдэв бололтой. Маршал Дэмидийг Ворошилов цэргийн хээрийн сургуульд урьж оролцуулахаар дуудсан ёсоор 1937 оны долдугаар сарын 23-нд Улаанбаатараас хөдлөв. Дөнгөж Алтанбулаг хүрэнгүүт араас нь Чойбалсан, Лувсаншарав нарын гарын үсэгтэй яаралтай дуудлага иржээ. Дайчлан баривчилж хоморголон устгах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ямар нэг өөрчлөлт орж түр хойшлуулах хэрэгцээ гарсан бололтой. Юу гэвэл Дэмид үүнээс хойш бараг сарын дараа дахин хойшоо явсан ба энэ хооронд 1937 оны наймдугаар сарын 10, 11-нд Ленинградын Дорно дахины судлалын хүрээлэнд ажиллаж байсан Цэвээн Жамсрано, Хар далайн Форост “амарч” байсан Гэндэн, Ленинградад Жамсранотой хамт ажиллаж байсан мэргэн гүн Гомбожав нарыг зэрэг баривчиллаа. Мөн Дэмидийн зөвлөх Вайнер, Зөвлөлт Холбоот Улсаас Монголд суугаа Бүрэн эрхт төлөөлөгч В.Х.Таиров, сургагч Иванов, Тарханов, Аж үйлдвэрийн конбинатын дарга Пүрэв, Цэргийн тагнуулын газрын офицер Очирбат, Өлзий зэрэг хүн бараг зэрэг баригдав.

Дэмид 1937 оны наймдугаар сарын 18-нд Улаанбаатараас гарч 22-нд Сибирийн Тайга хэмээх төмөр замын өртөөнөө хоолны хордлогоор эгшин зуур үхжээ. Хамт явагсдын зарим нь үхэж зарим нь амь гарсан байна. Шарилыг Новосибирскт задлан шинжилгээ хийгээд “нууц үедээ байгаа хоёрдугаар үеийн тэмбүү, архаг хумхаа*, гол ба титэм судасны хатуурал, төрөлхийн жижиг дусал хэлбэртэй зүрхтэй байсан нь нас барахад нь голлон нөлөөлжээ” гэсэн акт тавьжээI. 37 настай цэргийн идэр хүнд яаруу сандруу акт тавихдаа ямар ч логик уялдаа бодож чадсангүй, ер нь ч хэрэгцээ ч байсангүй. Учир нь актыг цааш нь бүрмөсөн нууцалжээ.

Гэтэл сүүлд илэрсэн баримтаар Монголд томилолтоор мордсон Фриновский, Миронов нар очих замдаа Эрхүүд буудаллан Дэмидийг алах ажиллагааг зохион байгуулсан ажII. Дэмидийг Улаан-Үдээс Эрхүүд ирэхэд нь Фриновский, Миронов нар галт тэрэгний буудал дээр биечлэн угтаж авчээ. Богоон цааш хол явсанүй, Тайга өртөөнд ирэхэд маршал Дэмид, Бүх цэргийн их бууны газрын дарга Г.Жанцанхорлоо нар учир битүүлгээр үхсэн байв. Тэр үед ТАСС гаргасан мэдээндээ:

Галт тэргэнд лаазтай хоол идсэний улмаас Г.Дэмид, Г.Жанцанхорлоо нар нас барсныг шүүх эмнэлэгийн комисс тогтоов. Хамт явсан Москва дахь элчин төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Гомбосүрэн, хэлмэрч Доржиев, Дэмидийн эхнэр Навчаа нарт эмнэлэгийн тусламж үзүүлж амийг нь аврав. Ийнхүү хордсон бүх байдлыг илрүүлэн гаргах мөрдлөг зогсоогүй байнаIII.

Дэмид, Жанцанхорлоо нарыг нас барсан даруйд нь шарилыг нь үзсэн хүн бол эхнэр Б.Навчаа нь юм. Тэрээр “Дэмид нүүрэн тус газраа шарх олсон байв. Ямар нэг юман дээр унасан, эсвэл юмаар цохиулсан байх. Ер нь царай нь ихэд шаналж зовсон шинжтэй байсан”IV гэжээ.

Дэмидийг зориудаар хороосон гэх яриа тэр дороо цэргийн дарга нарын дунд ихээхэн тарав. Нас бараад ердөө гуравхан хоносны дараа Үнэн сонинд “Нөхөр Дэмид наснаас нөхчсөн нь ихэд сэжиглэлтэй”V гэж бичсэн байна. Дэмид нарын шарилыг цааш богоонд тээн явсаар 8 дугаар сарын 27-нд Москвад авчирхад галт тэрэгний буудалд Зөвлөлт, Монголын далбааг бөхийлгөн угтжээ. Угтагсад нь ГЯЯ, Батлан хамгаалах яамны дэд сайд нар болон иргэний дайны баатар маршал Будённый нар байлаа. Шарилыг буцааж Монгол руу аваачих хүсэлтийг эхнэр нь шаргуу шаардсан боловч зөвлөлтүүд яаравчлан чандарлаад чулуун савтай үнс хүлээлгэн өгчээ. Гашуудлын ёслолын тухай баримтат киног Зөвлөлтийн тал бүтээн Монголын талд нэг хувийг өгөхөөр амлав. Гашуудлын арга хэмжээ зэрэгцээд Улаанбаатар даяар болов. Гавъяат нөхрийн дурсгалыг байгуулах асуудлыг нэн даруй төлөвлөхийг Ерөнхий сайд Амарт МАХН-ын ТХ-оос даалгажээ.

Харин тун удалгүй 10 дугаар сарын 2-нд УБХ, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолд “Эх орноосоо урваж Монгол Улсыг Японы түрэмгий этгээдэд элсүүлэх гэсэн Гэндэн, Дэмид, Ёнзон хамба нарын хэрэг… гэсэн өгүүлбэр багтжээVI. Дэмидийг эсэргүү гэж зарлангуут мөнөөх чулуун савтай чандрыг хээр аваачиж хаялаа. Дэмидийн нэрэмжит газруудыг хүчингүй болгож, ном зохиолыг нь шатаасан төдийгүй хэдийнээ нас барсан түүнийг МАХН-ын гишүүнээс хөөвVII.

Дэмид Москваг зорьж явахаас өмнөхөн эсэргүү хэрэгт орон баривчлагдсан хүмүүсээс түүний эсрэг мэдүүлэг гаргуулсныг үзэхэд залуу маршал ирээдүйн “Гэндэн-Дэмидийн хэргийн” толгойлогчоор хэдийнээ “томилогдсон” байсан байж болох. Эсвэл ажилбарын төлөвлөгөө явцдаа өөрчлөгдсөн ч байж магадгүй л юм.

* Оросоор милария гэж бичжээ

I Агваан.Ш. Маршал Дэмид (Улаанбаатар 1994) х-66,71

II Павлюков.А.Е. Ежов: Биография (Москва 2007)

III Дашдаваа.Ч. Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов (Архивын ерөнхий газар 2014) х-21

iv Дашдаваа.Ч. Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов (Архивын ерөнхий газар 2014) х-22

v Үнэн сонин 1937.8.25 №95

viҮнэн сонин 1937.10.18 №117

viiДашдаваа.Ч. Бүрэн эрхт төлөөлөгч Сергей Миронов (Архивын ерөнхий газар 2014) х-29