Ардчилсан намын ҮЗХ-ны хурал ирэх бямба гаригт буюу энэ сарын 16-нд болно. Тэгвэл ИЗНН-ын Үндэсний хорооныхон мөн энэ өдөр “Корпрэйт” зочид буудлын хурлын танхимд хурлаа хийхээр товложээ. Энэ удаагийн хурлаар сонгуульд эвсэл байгуулан оролцохоор Хөдөлмөрийн үндэсний нам, МҮАН, Эх Орон намуудаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж. Харин МАН-ын Бага хурал энэ сарын 18-нд болох бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөр, мөн МАХН-тай эвсэх, нэгдэх асуудлыг ярилцах аж.
Month: April 2016
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сайд болсон учраас бүлгийн даргын албан тушаалаа өгөхөөр болж, шинэ дарга сонгох шаардлага тулгараад байгаа юм. Түүний оронд УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын нэр яригдаж байсан билээ. Гэвч О.Баасанхүүг намын дарга нь хүлээж авахгүй байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс бүлгийн дарга болох магадлалтай хүн бол Д.Тэрбишдагва аж. Тэрээр “Намаас бүлгийн дарга болох санал тавьсан. Энэ талаар яригдаж байгаа. Намаас бүлгийн дарга бол гэсэн шийдвэр гарвал бүлгийнхээ шийдвэрийг дагана” гэжээ. Өнөөдөр бүлгийн даргын асуудлыг эцэслэн шийднэ гэсэн ч тус бүлэг хуралдаагүй, зарим гишүүд нь энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” , “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тухай хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж хариулт авлаа. “Тариаланчид толгойдоо ногоон юм зүүчихээд баахан юм яриад, жагсаал цуглаан хийгээд яваад байх юм. Гудамжны жагсаалаар асуудлыг шийдэхгүй байх. Тариалалт эхлэхээс өмнө төлөвлөгөөгөө гаргаж ажилдаа ормоор юм. Тэрнээс гадна махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?” гэсэн Д.Тэрбишдавга гишүүний асуултад ХХАА-ын сайд Р.Бурмаа “Махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх хөрөнгө 2015 оны төсөвт суугаагүй. Гэсэн ч 14,5 мянган тонн бэлтгэж махны үнийг тогтвортой барих ажил хийсэн. Энэ ажлын төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Одоогийн байдлаар махны үйлдвэрүүдэд хараахан очиж чадаагүй байна. 2016 хавар нөөцийн мах бэлтгэх ажил УИХ-аас баталсан төсөвт суугаагүй. Тиймээс малчны зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Нөгөө талаар махны үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох ажил явагдаж байна. Өнөөдөр тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд холбогдох албаны хүмүүс, тариаланчид оролцож бэлтгэл ажил болоод тоног төхөөрөмжийн танилцуулга хийнэ. Өнгөрсөн жил ган гачигаас болж ургац алдсан. Иймд Тариалангийн тухай хуульд зохицуулалт оруулж өгсөн” гэсэн юм.
Ийнхүү асуулт асууж хариулт авсны дараа санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Харин дараагийн асуудал болох Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм. Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм.Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 270 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, 11 хүн бэртжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд “Эмсид” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын Хилчин хотхоны урд замд H.Sonata маркийн автомашины жолооч Г нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч гуван сартай Г нарын гурван хүүхэд гэмтжээ.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх хийж байсан З.Пагмажавыг өнгөрсөн оны наймдугаар сард баривчилсан. Түүнийг шүүхээс улсын нууц задруулсан нь тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж, 16 жилийн ял оноосон юм. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүх тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Одоогоор З.Пагмажав нь батлан даалтад гарч, гадуур байцаагдаж буй юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр түүний биеийн байдал нь хүнд байгаа аж. Тэрээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажилласан байдаг. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахууны үнэ буурсан талаар болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Олон улсын хэмжээнд газрын тосны үнэ буурч байгаатай уялдан импортлогдсон шатахууны үнэ буурах ёстой гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Тэгвэл иргэдийн хүлээлт биелэлээ олж, “Мон Суль”, “Петрожамп”, “ТЭс петролиум” компаниуд нефть бүтээгдэхүүний үнээ 80-100 төгрөгөөр бууруулжээ. Тухайлбал, АИ92 шатахууны үнэ 1500 төгрөг, дизель түлш..болсон байна. Иймд бусад “Сод Монгол”, “Шунхлай” зэрэг бусад томоохон шатахуун түгээх газруурд үнээ буулгах бүрэн боломжтой гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэлсэн юм.
Мөн тэрбээр DDISH, Skymedia, Univision зэрэг компаниуд шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, хэрэглэгчдийн эрх ашгийг боогдуулж байгаа талаар мэдээллээ. Нийслэл хот болон хөдөө орон нутгийн бүх хэрэглэгчдэд “TV8” “TV9” “MNB” “Eagle” тэргүүтэй арав гаруй сувгийг бүх кабелийн компаниуд үнэгүй цацах ёстой. Гэтэл дээрх байгууллагууд нь хэрэглэгчдийг төлбөрөө төлөөгүй хэмээн үндэсний телевизээс бусад сувгийг гаргахгүй байгаа юм. Энэ талаарх гомдол хэрэглэгчдээс тасрахгүй байгаа тул ШӨХТГ-аас дээрх албан газруудыг иргэдийн хохирлыг барагдуулж, дээрх сувгуудыг үнэгүй түгээх шаардлага тавьсан байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт албан бичиг илгээжээ. Тус албан бичигтээ ЦЕГ-ын дарга Р.Чингисийг шалгаж өгөхийг хүссэн байна.
Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Женко” группийн охин компани болох “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийн санхүүгийн тайланд хууль хяналтынхан нэгжлэг, шалгалт хийсэн. Харин Х.Баттулга гишүүн хууль хяналтынхан энэ ажиллагааг явуулахдаа хүч хэрэглэж, амь насанд нь халдахыг завдсан хэмээн үзсэн байна. Тэрбээр шаардлагагүй үед тусгай ажиллагаа явуулсан учраас ЦЕГ-ын даргыг шалгах ёстой хэмээн албан бичиг илгээжээ.
Сирийн засгийн газрын хяналтад байгаа бүс нутгуудад өнөөдөр парламентын сонгууль зохион байгуулагдах гэж байна. Энэ сонгуулийг Сирийн ерөнхийлөгч Башар Асадын намд л ашигтай үйл явдал хэмээн зарим улс орон, мөн Сирийн сөрөг хүчний босогчид шүүмжилж байгаа юм. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 12 мянган нэр дэвшигч бүгд Башар Асадын талыг баримтлагчид ажээ.
Үүнээс гадна Сирийн босогчид болон Исламын улс бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутгуудад сонгуулийн санал хураалт явагдахгүй юм. Сирийн нийслэл Дамаск хотын иргэд сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тэд өөрсдийгөө төлөөлөх улс төрчдийг Сирийн иргэд гадаад улс орнуудын оролцоогүйгээр бие даан сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна өнөөдөр болох парламентын сонгууль албан бус шинжтэй учраас санал өгөх хүсэлгүй иргэд заавал оролцох шаардлагагүй юм байна.
Гэхдээ өөрсдийгөө төлөөлөх улс төрчдийг сонгох сонгуулийн санал хураалтад оролцох нь иргэн бүрийн үүрэг гэж үзэж байгаагаа Дамаск хотын иргэд илэрхийлж байна. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн сард завсарласан Сирид энх тайван тогтоох хэлэлцээ өнөөдрөөс Швейцарийн Женев хотноо үргэлжлэх гэж байна. Сирийн засгийн газар ямар нэг урьдчилсан нөхцөл тавилгүйгээр энэ удаагийн яриа хэлэлцээнд оролцоно гэдгийг тус улсын гадаад хэргийн сайд мэдэгдээд байгаа юм. Яриа хэлэлцээний энэ үе шатанд Сирийн засгийн газар болон сөрөг хүчний босогчдын төлөөлөл шинэ үндсэн хууль боловсруулах талаар голлон хэлэлцэх юм байна.
Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотод болно.
Тус тэмцээнд манай улсын жүдо бөхийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор өнөөдөр хүлгийн жолоо заллаа.
Эрэгтэй
-60кг Д.Цогтбаатар
-66кг Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
-73кг С.Ням-Очир, Г.Одбаяр
-81кг О.Ууганбаатар
-90кг Л.Отгонбаатар
-100кг Н.Түвшинбаяр
+100кг Б.Тэмүүлэн
Эмэгтэй
-48кг М.Уранцэцэг
-52кг А.Цолмон
-52кг М.Бундмаа
-57кг Д.Сумъяа
-63кг Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг
-70кг Ц.Наранжаргал
-78кг П.Лхамдэгд
+78кг О.Жавзмаа
Амар тайван унтах гэдэг нь олон хосуудын хувьд томоохон асуудал болдог. Нэгэн сонирхолтой судалгаагаар Хойд Америкт л гэхэд 100 сая гаруй хүн хурхигдаг тухай гаргажээ. Тэгвэл Торонто болон Сан Францискогийн мэргэжилтнүүд уг асуудлыг шийдэхийн тулд “Нора” гэх анхны хурхиралтыг зогсоох ухаалаг төхөөрөмж зохион бүтээжээ.
“Нора” нь ширээн дээр байрлуулдаг хайрга хэлбэртэй жижиг төхөөрөмж юм. Үүнийг дэрэн доор байрлуулах нимгэн жийргэвчийн хамт хэрэглэдэг аж. Бидний гуурсан хоолой суларч хэл хойш унжсанаас агаар хоолойгоор дамжин өнгөрөхөд хоолойн хана чичирч хурхирах чимээ гардаг. Харин энэхүү төхөөрөмж хүмүүсийг хурхирч эхлэх үед мэдэрч, жийргэвчийн тусламжтайгаар толгойг зөөлөн хөдөлгөж улмаар хурхиралтыг зогсоодог юм байна.
Түүнчлэн “Нора” гар утасны аппликэйшинээр дамжуулан тухайн хэрэглэгч өөрийн хурхиралтыг хянах, унтаж буй байрлалаа харах зэрэг боломжтой гэнэ. Эрүүл мэндэд ямар нэг гаж нөлөөгүй энэхүү ухаалаг төхөөрөмж нь 239 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарчээ.