Categories
мэдээ улс-төр

Баруун аймгууд руу хийх нислэг хэвийн үргэлжилнэ

“Шийдлийн цаг”-ийн өнөөдрийн уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, тус газрын дэд дарга Г.Ганболд нар оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайдын үүрэг даалгаврын биелэлт, үр дүнгийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, техникийн саатлын улмаас түр саатаад байсан баруун аймгуудын нислэгийг үргэлжлүүлэхээр болжээ. МИАТ компанийн “Боинг” онгоц энэ сарын 16-наас эхний нислэгээ хийхээр болжээ. Улаанбаатараас Ховдын чиглэлд “МИАТ” компани Бойнг-737 агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэнэ. Харин Ховдоос Увс, Баян-Өлгий аймгийн төвүүд рүү “Аэромонголиа” компани Фокер-50 онгоцоор зорчигчдод үйлчлэх юм байна.

Энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид ажилласан. Энэ үеэр яригдсан “Шинэ холболт” төсөл энэ сарын 15-наас хэрэгжинэ. Үүний үр дүнд цахилгаанд шинээр холбогдох хугацаа хоёр хоёр дахин буурна, өөрөөр хэлбэл, 80 хоногт гүйцэтгэдэг байсан ажлуудыг 40 хоногт хийж гүйцэтгэнэ. Системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох ажлыг энэ сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хотын зам, талбайг угааж байна

Улаанбаатар хотын төв замууд болон Чингисийн талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон. Чингисийн талбайг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байгаа бол Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин механизмаар угааж байна.

Тусгай зориулалтын машинаар зам, талбайг угаахдаа Cосa Cola үйлдвэрийн хаягдал ус буюу цэвэршүүлсэн саарал усыг ашиглаж байгаа юм. Замын хөдөлгөөний ачааллаас хамаарч зам угаах ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийдэг гэж Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээлж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байнагэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин: Намайг АТГ-ын дарга болно гэдэг цуурхал

Өнөөдөр өглөө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргыг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж, одоогийн дарга Н.Ганболдыг чөлөөлөхийг дэмжсэн. Үүнтэй зэрэгцэн АТГ-ын дараагийн даргын асуудал хэвлэлийнхний гол сэдэв болжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахимаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүүжинг АТГ-ын даргаар томилохоор хэлэлцэж байгаа талаар мэдээллээ.

Өмнө нь түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдохоор нэрээ өгсөн гэх мэдээлэл явж байсан ч тэрээр энэ асуудлыг үгүйсгэж байсан билээ. Түүнийг АТГ-ын даргаар томилогдож магадгүй гэсэн мэдээлэлд тэрбээр “Намайг АТГ-ын дарга болно гэдэг цуурхал” гэсэн хариулт өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Сонгууль, АСЕМ-ыг телевизүүд хэрхэн дамжуулах тухай мэдэллээ

Өнөөдөр Монголын телевизүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлаар тун удахгүй болох гэж байгаа АСЕМ болон Үндэсний их баяр наадам, сонгуулийн ажлыг хэрхэн дамжуулах талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол телевизүүдийн холбоонд өдгөө 16 телевиз харьяалагддаг. Өнгөрөгч 2015 оны үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөрийг дээрх телевизүүд хамтран нэг сигналаас дуу дүрсний өндөр чанартайгаар шууд дамжуулсан юм. Энэ туршлагадаа үндэслэн дараа дараагийн ажлуудаа илүү сайжруулан хийхээр төлөвлөжээ.

Мөн Монгол телевизүүдийн холбоо гишүүн телевизүүдийнхээ нэвтрүүлэг, контентыг үнэлэн тодорхой хэмжээний хураамжийг телевизүүдэд өгч байх хүсэлтийг олон сувгийн (IPTV) үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн тухайгаа хэллээ. Уг хүсэлтийг олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид нааштайгаар хүлээн авсан бөгөөд одоогийн байдлаар энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордны гол хаалгаар орохыг түр хязгаарлажээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн түүнтэй уулзахаар иржээ. Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Баттулгын байрласан Баянгол зочид буудалд цагдаа, тусгайгийнхны ажиллагаа явуулж, шалтгалт хийсэн билээ. Үүнээс үүдэн нутгийн иргэд нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн түгшүүртэйгээр хотод ирсэн ажээ. Иймээс ямар нэг эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд иргэдийн төлөөллийг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзаж дуусах хүртэл Төрийн ордны гол хаалгаар хүн орохыг түр хязгаарлаад байна.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчдын зөвлөгөөн болж байна

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан-Уул аймагт болж байна.

Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэллээ.

Үзэсгэлэн, худалдааг нээж ХХААЯамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үг хэлэв. Тэрбээр “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын онцлог, үйлдвэрлэлийн цар хэмжээнд тохирсон дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх явдал туйлын чухал юм.

Тиймээс зөвлөгөөн, үзэсгэлэнг зорин ирсэн тариаланчид та бүхэн үзэсгэлэнд тавигдсан техник, бүтээгдэхүүнийг биечлэн үзэж, үйлдвэрлэгч, борлуулагчийн зүгээс үзүүлж буй боломж, саналтай танилцан улмаар гэрээ, хэлцэл хийж үзэсгэлэндээ өндөр ач холбогдол өгч оролцохыг урьж байна” хэмээсэн юм.

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, сэлбэг тоног төхөөрөмж, үр, бордоо ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 20 гаруй аж ахуйн нэгжүүд өөрсдийн худалдаалж буй техник бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцууллаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сорт, технологийг танилцуулж бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрхэн зохистой хэрэглэх талаар технологи арга зүйн зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ улс-төр

ЗХЖШ-ын үйл ажиллагаатай танилцжээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилтууд, зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зэвсэгт хүчний хөгжлийн хөтөлбөр, зэвсэг техникийн шинэчлэл, барилга инженерийн анги, салбаруудын үйл ажиллагаа, Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэж байгаа талаар асууж тодруулан мэдээлэл авав.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга танилцуулгадаа, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжээд дууссан, дараагийн шатны урт /2016-2030 он/ хугацааны хөтөлбөрийг боловсруулж Батлан хамгаалахын сайдын зөвлөлд оруулж хэлэлцүүлэх бэлтгэл хангаж байгаа, Энхийг дэмжих ажиллагаанд 1200 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэлт хэвийн байгаа талаар мэдээлэв. Мөн 2015 онд барилга инженерийн ангиудыг Архангай, Говь-Алтай аймгуудад нэмж байгуулсан бөгөөд эдгээр анги, салбарууд нь үе шаттайгаар бэлтгэгдэн НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд барилга инженерийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхээс гадна Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломж, чадавхийг дээшлүүлж байгааг онцлон тэмдэглэлээ гэж тус Байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

О.Магнайг тавьсан торгуулиа хүчингүй болгодог байсан гэв

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуучин дарга нар нэгнийгээ жийлцэж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр тус газрын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайгийн эсрэг мэдээлэл хийлээ.

Тус газрын даргаар ажиллаж байсан О.Магнай өнгөрсөн даваа гаригт “2012 онд НИК компани шатахууны хомсдолыг зохиомлоор үүсгэснээс үүдэн ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Улмаар гурван шатны шүүхээр ШӨХТГ ялалт байгуулсан. Гэвч шүүхээс эцсийн шатанд торгуулийг дахин тооцох хариу гаргасан. А-92, дизель түлшинд тооцоо хийж, торгуулиа дахин тавих шийдвэр гарсан юм. Миний хувьд их хэмжээний мөнгөн дүнд холбогдох асуудалд ганцаараа ажиллаж хэл ам гаргаад яах вэ гэж бодсоны дүнд таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Гэвч асуудлыг дуусгалгүй би ажлаа өгөхөөр болсон. Намайг ажлаа өгсний дараа Т.Аюурсайхан НИК-д тавьсан торгуулийг хүчингүй болгож, ажлын хэсгийнхнийг хууль бусаар халсан байсан” гэж мэдээлсэн юм.

Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Т.Аюурсайхан НИК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэх мэдээлэл худлаа гэв. Тэрбээр “Байцаагч Ж.Очирхуяг намайг ажлаа авахад торгуулийн дахин тооцооллын мэдээ ирээгүй гэж байсан. Гэвч Ж.Очирхуяг байцаагчид торгуулийн мэдээлэл, тооцоолол аль хэдийн ирчихсэн байсан юм билээ. Түүнийг нуун дарагдуулж байсан нь шалгалтаар илэрсэн. Хуулиараа бол шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлэн биелүүлэх ёстой. Гэтэл О.Магнай тэргүүтэй албаныхан зориудаар удаашруулсан болох нь үүгээр батлагдаж байгаа юм” гэлээ.

Мөн түүний ноцтой гэж нэрлээд байгаа баримт дунд О.Магнайгийн сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулиа эргүүлэн хүчингүй болгодог тухай ч багтсан гэж танилцууллаа. Тухайлбал, О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн их хэмжээний торгууль тавьдаг байсан ч үүнийгээ шүүхийн шатан дээр хүчингүй болгож, тохиролцдог гэж мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны цагийг сунган үргэлжлүүлж байна. Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Хууль сахиулах ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах зорилгоор Хууль сахиулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Тухайлбал, хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор зургаан цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол долоо хоног хүртэл прокурорын хяналт доор саатуулахаар тусгасан юм.

Энэхүү төслийг хэлэлцэхийн өмнө тус байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Монгол улсыг “Азийн Мексик” гэжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй бизнесмэн, тэрбумтан Дональд Трампын талаар “Huffingtonpost” сониныхон сонирхолтой зураглал хийжээ. Түүнийг дэлхийн улс орнуудын талаар ямар бодолтой явдаг талаар түүний хэлсэн үг, ярилцлагууд дундаас түүвэрлэн газрын зураг бүтээсэн байна. Энэ дунд манай улс ч багтсан бөгөөд тэрээр манай улсыг “Хятадтай төстэй улс” хэмээн үздэг талаараа нэг бус удаа ярьж байжээ. Түүнчлэн Монголыг “Азийн Мексик” хэмээн хэлсэн бөгөөд “Хятад улс тэднийг газар нутагтаа нэвтрүүлэхгүйн тулд Цагаан хэрмийг барьсан” гэсэн байна.