Монгол үндэсний бөхийн элэг бүс, сэнжигний барьц гэдэг нь иймэрхүү дүр зурагтай харагддаг. Өөд өөдөөсөө тулсан хоёр бөх нэгнийхээ элэг бүснээс зөрүүлж атгаад, нөгөө гараараа биенийхээ мөрний сэнжигнээс барьж, духаараа мөргөлдөж юм уу, эсвэл толгойгоо зөрүүлж зогсохыг хэлнэ. Ингэж зогсох нь их сэжигтэй, элдэв яриа хөөрөө хийдэг агшин болчихоод байгаа юм. Үзэгчид болохоор барилдаж байна гэж хардаг нь эмгэнэлтэй.
Ардын хувьгалын 90 жилийн ойгоор “Ажнай” гэдэг компанийн нэр дээрээс барилддаг, өмнийн говийн хоёр ч бөх элэг бүс, сэнжигний барьцан дор элдэв яриа хөөрөө өрнүүлсэн тухай өнөөдөр бөхийн хүрээнээс халин яригдсаар. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л жишээ нь. Юу болсон гэхээр ард түмний дунд жудаг намбатай бөх хэмээн хүндлэгддэг Булган аймгийн харьяат улсын гарьдын тухай юм. Тавын давааны ам эхэллээ. Мань гарьдын төрсөн дүү охиных нь нөхөр аймгийн арслан, сайн бөх залуу дөрөв давчихлаа. Дөрөв давахдаа энэ цагийн онц уян хатан бөх, жүдогийн улсын шигшээгийн тамирчин, улсын харцага, нутгийн найзаа хэвтүүлж аваад дөрвийн давааг гаталсан хэрэг. Ингээд хадам ахаа бараадасхийн ам хүлээж байтал ах нь өмнийн говийн, өнөө компанийн бөхийг амалчих нь тэр. Улсын гарьдтан өмнийн говийн өнөө аймгийн арслантайгаа өрлөө. Өрөх юу байхав дээ, элэг бүс сэнжигний барьцанд хүрлээ. Хоёр толгой нийлж доошоо тонгойж яриагаа өрнүүлж эхэллээ дээ. Үзэгчид үнэндээ цагаан цаас шүү дээ. “За гарьд ч залуу аймгийн арсланг нэг муу нухах байх аа” гэж яриад л, нөгөө нэг үзэгч нь “Хүргэн дүүгээ тав дээр авсангүй, тавыг нь хэн нэгэнд даатгаад нэг мөр зургаагийн даваанд гаргаж өгөхөөр шийдсэн юм шиг байна. Азтай байна шүү нэг мөсөн улсын харцага болох нь” гэж ярьж байгаа. Бодит байдал дээрээ бол элэг бүс, сэнжигний барьцан дор ямар яриа болж байв гэхээр гарьд өнөө аймгийн арсланг “Ханшаа өсгө, өсгөнө гэж бодоод л хүргэн дүүгээ хүртэл би амласангүй…” гэж. Ингээд тэдний эхний тохироо бүтэлгүй болов бололтой гарьд маань өөрийн дархан мэх болох гар таллаж урдуураа гүйлгэдэг мэхээ хийх оролдлого үзүүлж наадамчдыг шуугиулаад авлаа. Өөрөөс нь илэрхий илүү, аралтай, бяртай, барилдааны сурцтай гарьдад уначих вий гэж сандарсан өнөө аймгийн арслан 10 саяыг нэмлээ. Гарьд ханасангүй бололтой, ахиад зүүн мөрний сэнжигний барьцнаас хоёр гараараа сэгсэрч өмнүүрээ татахад өөртөө давна гэсэн сэтгэл зүйгүй, биеэ чангалчихсан өнөө залуу чинь түүдэг шиг л өмнүүр хөндөлдөж ирснээ “За та аядаарай, хоёулаа барьц тавилцъя, би нэг уулзаад ирье” гээд барилдаан зогсох. Аймгийн арслан хуруугаа амандаа хийж сэгсрээд эмч рүү алхахад савтай цай барьсан нутгийн ахмад бөхчүүд хийгээд, бөх биш бас нэг нөхөр эмч рүү очиж тэд бүгдээр хамтдаа түүнд эмчилгээ хийлээ. Ингээд эргэж ирээд тун эвтэй найртайгаар элэг бүс, сэнжигний барьцандаа шилжицгээв. Хоёр бөх нэлээн удаан толгойгоо тулан зогссоны эцэст (ярилцсаны эцэст гэмээр юм уу) гарьд сэнжигний барьцнаас ганцхан сэгсэрч татаад урдуураа таллаж гүйлгэх… ингээд л барилдаан түр завсарлаж эмч рүү залуу аймгийн арслан явна даа. Цаанаас нь өнөөх хүмүүс нь ирж бас л хамтарч эмчийн үзлэг хийцгээх. Ингээд л “эмчилгээ” хэрхэн хийх яриа хоромхон зуурт өрнөөд гараа лентээр боолгуулсан залуу бөх, гарьд руу ирээд элэг бүс, сэнжигний барьцандаа шилжиж ээлжит яриа хөөрөө бувар бувар хийтэл өрнөнө. Тэр яриа хөөрөө үзэгчдэд яаж мэдэгдэх вэ дээ. Наадамчин олон “За гарьд ч одоо нэг таллаад татахад аваад заларна даа” гэж өндөлзөөд л. Тэгэхнээ яасан юм бүү мэд гарьдын барилдаан огцом суларч барьц тавилцсанаар өнөө залуу бөх эмч рүү дахиад алхана. Элэг бүс, сэнжигний доорх элдэв яриа хөөрөө эцэслэгдэхгүй ингэж удах нь мэдэж байгаа мань мэтэд яршигтай. Тохирчихож болохгүй л байгаа юм байх даа гэж бөхийн хүрээнийхэн хоорондоо ярьсан шигээ харж зогсоцгооно. Ийм байдалтай элэг бүс, сэнжигний барьцнаас улсын гарьдтан 13 удаа алдартай гар таллаж татах мэхээ хийж “заналхийлсний” эцэст ханш 250 саяд хүрч барилдаан залуу аймгийн арслан давж төгсөв. Тэгэхээр нэг удаагийн урдуураа гар таллаж татах мэх нь 10 саяар үнэлэгдээд байсан юм билээ. Тэгээд тооцохоор компани нь, нутгийн зөвлөл нь 120 саяыг мань залууд төсөвлөсөн байж. Гэтэл хүргэн дүүгээ золионд гаргатлаа улайрсан том цолтон маань 250-д хүргэсэн нь элэг бүс сэнжигний доорх яриа этгээд амжилттай болсны шинж чанар юм.
Ингэхэд элэг бүс сэнжигний доорх яриа хөөрөө энэ цаг үед л гарч ирсэн зүйл үү. Үгүй юм билээ. Урьд нь байсан л юм билээ. Гэхдээ шинж чанарын хувьд өнөөдрийнхөөс газар тэнгэр шиг ялгаатай. Жишээ нь олон жилийн өмнөх түүхийг сөхье л дөө. Одоо энэ улсын заан Д.Мягмар ид гарч ирж, шуугиан тарьж байсан үе юм. Өнөөдрийн Ц.Содномдорж харцага шиг л онцгойрч, олны анхааралд байсан үе юм билээ. Тэр жилийн улсын наадмаар залуу улсын заан Мягмар яралзтал барилдаж давсаар тавын давааны аман дээр иржээ. Тэгсэн чинь тэр наадмаар нь Д.Хадбаатар гэж хөнгөн атлетикийн тамирчин залуу гэнэт гарч ирээд тавын даваа хүртэл учраа бөх бүрээ хүүхэдтэй барилдаж байгаа юм шиг ийш тийш нь авч шидсээр хүрээд иржээ. Хоёр Баянаагаас эхлээд өнөө нөхрөөс чинь бэргэж амлалгүй тойроод явчихлаа гэнэ. Бөхчүүд хэлж байна гэнэ дээ, “За Мягмар минь чи ид залуу, исгэлэн халуун байна. “Чамаас өөр энэ амьтныг тогтоох хүн энэ наадмаар байхгүй бололтой, чи л авч хая” гэж шургажээ. Яг үнэндээ Мягмар заан ч халгаад байж. Ингээд нэрээ бодон яах аргагүй амлажээ. Барилцаад авсан чинь базарваань хум пад яагаад ч хөдөлгөхөөргүй аймаар амьтан болохыг эхний атгалтаас нь мэдэрчээ. Ингээд л үзээд байж, жаахан юм нь дуусчээ. Газар тэнгэр хоёроо ялгахааргүй болтлоо ядарлаа гэнэ. Ёстой л нэрээ бодоод нэг юм дэнжигнэж зогслоо гэнэ. Баянаа аваргын хэлсэн зөвлөгөө болох “Ямар ч бяртай, хүчтэй, огцом түргэн хөдөлгөөнтэй бөхийг тогтоох ганц сайн арга бол элэг бүсдэх” гэсний дагуу сүүлдээ элэг бүс, сэнжигний яриандаа шилжжээ. “За чи шалавхан нэг мэх хийсэн бол би хэвтээд өгье. Арай ч өөрөө хэвтээд өгч болохгүй байна” гэжээ. Өнөөх чинь “Тэгье” гэж байна гэнэ. Ингээд өнөөх Хадаа чинь элэг бүсний барьцнаас нэг муу хавирсан боллоо гэнэ. Түүнийг нь далимдуулаад залуу заан Мягмар “Ашгүй ингээд хэвтээд өгье” гээд бие сул хаяад газар руу дөхөж явтал өнөө Хадаа чинь сэв хийтэл буцаагаад татаад босгочих юм гэнэ. Элэг бүс сэнжигний барьцан дор эргээд очингуутаа “Чи чинь яадаг хог вэ, дахиад нэг мэх хийсэн бол, би шууд уналаа” гэвэл “За тэгье” гээд сэнжигний барьцнаас дугтарсан боллоо гэнэ. За үүн дээр нь л ёстой өнхрөөд өгдөг хэрэг гээд биеэ суллаад нүүрэн дээр нь газар тулж явтал сэв хийтэл буцаагаад татаад босгоод ирлээ гэнэ. Өнөө алдартай, ид исгэлэн залуу байгаа улсын заан Мягмар чинь сүүлдээ эргэн тойрондоо юу болж байгаагаа ч мэдрэхээ байгаад, засуулынх нь үг ч дуулдахаа байж, ухаан санаанд нь “За би ямар ч л байсан өөрөө сөхөрч унаж түмний шившиг болохгүй, энэ муу мангар хар юм чинь яасан лайтай бяртай хог вэ” гэж бүүр түүрхэн бодоод дүүжигнээд байж дээ. Өнөө Хадаа чинь юун ядрах, хөлс нь ч гараагүй амьтан “Ах аа, одоо яах уу” гэж солиорч байна гэнэ. “Юу яасны чинь яахав гэж, шалавхан нэг мэх хийсэн болоотох, унах гэхээр татаж босгоод байх юм” гэж загнажээ. Тэгсэн өөдөөс нь “Харин тийм, та яг унах гэж байснаа босоод ирэх юм” гэжээ. Анх удаа барилдаж байгаа болохоор Хадаа унагах аргаа л олохгүй байсан юм билээ гэж Мягмар заан сүүлд ярьсан байдаг юм. Элэг бүс сэнжигний доорх яриа хөөрөө бол урьд ийм л утгатай байжээ гэдгийг энэ жишээгээр хэлж байгаа ухаантай.
Одоо эхний яриагаа үргэлжлүүлье. Бас л 90 жилийн ойн баяр наадмын тавын даваа. Өмнийн говийн нөгөө нэг залуу бөхийнх нь улсын цолонд зүтгэсэн тухай юм. Түүнийг Дундговийн энэ цаг үеийн хамгийн том цолтой бөх болох улсын харцага нэгэн амлажээ. Өндөр шар нөхөр бий дээ. Чацтай болохоор хөлөөрөө хашиж татдаг дархан мэхтэй бөх л дөө. Давхар шуудагнаас баргийн бөхийг нистэл татна даа. Нөхөр өнөө өмнийн говийн залуу бөхийг нистэл нистэл 15 удаа татаж тавьсан юм. Хариугүй л давчих бололтой харагдаад байсан хэрнээ болдоггүй дээ. Хоёр бөх өнөөх л элэг бүс сэнжигний барьцан дор таван минут орчим ярилцаад, тэгээд л ойлголцохгүй байгаа бололтой өнөө харцага юу болов гэмээр гэнэт бярдаад л, биеэ займчиж, сэгсчиж, хөдөлгөж өнөө муу залуугаа сандаргана. Тэгж хамаг барьцыг нь тавиулангуутаа шууд л давхар шуудганд хүрч зүүн хөлөөрөө хашиж татаад бараг тэнгэрт гаргах шахна. Наадамчин олон, үзэгчид шаагиад л… за энэ залуугийн даваа ингээд дуусав аа, начин цолноос мултарлаа даа гэхийн алдад улсын харцага маань гэнэт номхорч, элэг бүс, сэнжигний барьцандаа эвтэй найртайгаар шилжицгээнэ. Тэгж таван минут орчим болсны дараа залуу бөх эмч рүү гараа юм уу, хөлөө оролдоод алхана. Цаанаас нутгийн ахмад бөх хийгээд бас нэг бөх биш хүмүүн ирнэ. Хамт эмчийн үзлэг хийнэ. Эргэж ирээд элэг бүс сэнжигний барьцанд шилжээд тав орчим минут болоод өнөөх харцага чинь юу болов гэмээр дошгирч, дархан шуудагдаж татах мэхэндээ шилжиж үзэгчдийг шуугиулна. Тэгснээ элэг бүс сэнжигний барьц руу шилжинэ. Мэдэж байгаа хүнд бол ёстой лайтай жүжиглэлт, тохирч чадахгүй л байгаа байхгүй юу. Тоолсон чинь улсын харцага маань15 удаа давхар шуудагны барьцнаас татах мэхээ хийж сандаргасан байгаа юм даа. Энэ их сүржин барилдааны эцэст өнөө харцага маань хүүхэд шиг өнхрөөд өгвөл яахав. Тавын даваа дууссаны дараа юу сонсогдсон гэхээр бас л “250 сая” гэж. Юу болсон гэхээр өнөөх улсын харцагыг чинь амаа аваад засуул руу гарах үед хэн нэгэн шургасан байгаа юм. “За чи сайн сонс, улсын гарьд нөгөөдөхөд нь 250-иар унасан байна шүү дээ. Компани нь шууд өгч байна гэнэ. Гарьд 120-иос өсгөсөн байна лээ. Чамд 100-г л гэсэн юм биш үү” гэж. Тэгэхээр мань харцага давхар шуудагны барьцнаас 15 удаа шахаж татан давах шахан айлгаж, 15 удаа элэг бүс, сэнжигний барьцан дор яриа хөөрөө өрнүүлснээр 250-д хүргэжээ. Тооцоход шахаж татах мэх тус бүр нь 10 саяар үнэлэгдсээр 250 болжээ. Монгол бөхийн элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө гэдэг нь ийм л ид шидтэй, эдийн засаг, бүр том эдийн засаг болчихсон юм билээ.
Удахгүй улсын наадам болно. Энэ жилийн элэг бүс, сэнжигний барьцан доорх яриа хөөрөө хэдэд хүрэхийг мэдэхгүй. Эдийн засаг хямраад хэцүү байгаа тухай өнгөрсөн жилийн наадмаар ярьж л байсан. Мөнгө ч урьдынх шиг биш байх аа, Увсын… хэн гишүүний өнгөрсөн жил гаргасан 150 сая л хамгийн дээд ханш байж дээ хэмээн бөхийн хүрээнийхэн ноднингийн наадмаар гундуухан хүүрнэлдэж байсан юм. Тэгсэн 250 болж өссөн. Гараад ирдэг л мөнгө юм байна лээ. Энэ жил тэгэхээр элэг бүс, сэнжигний доорх элдэв яриа хөөрөө 350-д хүрэх юм болов уу. Цаг их л өөрчлөгдөж дээ, хөөрхий. Урьд бол монгол бөхийн орчноос инээд хөөр, наргиан наадаан, гэгээн сайхан яриа л сонсогдож байдагсан. Цаад Мөөеө аварга чинь ингэж ярьжээ, “Юу л даа, Кайёо гэдэг чинь сайхан эр гэсээн. Архи ч уувал уучихдаг, авгай ч эргүүлбэл эргүүлчихдэг гэнэлээ. Манай Даваажаргал л тэгсэн шүү” хэмээн ярьцгааж элгээ хөштөл инээлддэгсэн. Их аварга Даваажаргал л аавтайгаа тийм юм ярьж байв гэж дээ гээд л инээлдээд. Цаад улсын заан Цэнд-Аюуш чинь Хөвсгөлийн Мөрөнд цагдаа байхдаа сумынхаа нэг цуутай сахилгагүй нөхрийг архи ууж, амьтан үймүүлээд болохгүй болохоор нь түмэн амьтны нүдэн дээр барьж авч сугандаа хавчуулаад, өмдийг нь шувталж бөгсөн дээр нь алгадсан гэнэ. Бүр сумын дэлгүүрийн үүдэнд баахан хүүхэн шуухны нүдэн дээр алгаа шүлсдэж байгаад “Ингээд галзуур чи, бай бай” гээд алгадсан байна шүү гээд элгээ хөштөл инээлддэгсэн. Хүүхдүүдээ дүрсгүйтэхээр нь аав сугандаа хавчуулж байгаад бөгсөн дээр нь алгаддаг биз дээ. Яг л тийм юм болсон юмдагуу даа. Түүнээс хойш өнөө сахилгагүй нөхөр чинь гэрээсээ ч гарч чадахаа байсан гэсэн, ичээд хэмээн Цэнд-Аюуш зааныг ярин таатайяа инээлдэж байдагсан. Бөхийн орчноос ард түмэндээ өгч буй аз жаргал нэг иймэрхүү сайхан байж дээ. Тэгсэн одоо…
Б.ДОРЖСҮРЭН