Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Цэндоржийн хүү, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Ц.Энхтөртэй уулзаж ярилцлаа.
-Таны аав хөгжмийн зохиолч Г.Цэндоржийг ард түмэн “Хөөрхөн хүүхэн болж уу, би” дууг зохиосон гэдгээр сайн мэднэ. Аав тань аль нутгийн хүн билээ. Одоо хаана аж төрж байна?
-Миний аав Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул хүн. Аав минь Сэлэнгэ аймагт аж төрж байна. Ирэх жил ерэн насных нь ой болох юм. Аавын яриагаар бол ээжийгээ хүн болсоор хараагүй, айлын өргөмөл хүүхэд юм билээ. Гэндэн гэдэг айлын өргөмөл хүү нь болж бага насаа хөдөө нутагтаа үдсэн байдаг. Улаанбаатар хотын нэгдүгээр сургуульд суралцаж төгсөөд ЗХУ-ын Ленинградын хөгжмийн дунд сургуульд очиж Оросын их хөгжмийн зохиолч Шостаковичийн гарын шавь Г.Уствольскаяд шавиар орж хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн байдаг. Оросын аугаа их хөгжмийн зохиолч Шостакивич дэлхийд ямархуу зиндааны хүн билээ дээ. Тэр хүний гарын шавийн шавь байсан гэхээр аав минь нэг талаар азтай, бас тэр агуу хүний арга барилыг уран бүтээлдээ тусгасан хөгжмийн зохиолч юм.
-“Дуулим талын цэцэгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” дуугаа хэрхэн зохиосон бол?
-Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуай энэ дууныхаа талаар их сайхан дурсамж өгүүлсэн байдаг л даа. Нямаа найрагч Хүн эмнэлгийн техникум төгсөөд Дундговьд бага эмчээр ажиллаж байхдаа 1961 оны тавдугаар сарын эхээр “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” хэмээсэн үгтэй шүлэг бичиж. Ахынхаа шахалтаар эзэмшсэн эмчийн мэргэжлээсээ урваж, өөрийнхөө хүслийг дагаж ЗХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явахаар хөөцөлдөж явахдаа “Утга зохиол, урлаг” сонинд нөгөө шүлгээ өгсөн байж. Шүлэг наймдугаар сарын дундуур сонинд хэвлэгдэж, тэр үед Дорнод аймагт ажиллаж байсан миний аав, хөгжмийн зохиолч Г.Цэндорж автобусанд сууж яваад суудал дээр гээгдсэн “Утга зохиол, урлаг” сониноос уг шүлгийг олж үзсэн гэдэг.
Аав “Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд
Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд унштал ая нь сэтгэлд урсаад ирсэн гэдэг. Тэр дор нь аяа ноотолж Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин Г.Түмэндэмбэрэлтэй уулзаж дуугаа өгөөд явсан байгаа юм. Г.Түмэндэмбэрэл гуай авсан даруйдаа дуулж, Монголын радиогийн алтан фондод есдүгээр сард бичүүлжээ.
-Тэр дуу нь дорхноо л олон түмэнд түгсэн юм байх даа?
-Энэ тухай яруу найрагч Долгорын Нямаа “Би шүлгээ сонинд хэвлүүлчихээд хойшоо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явсан. Наймдугаар сарын 20-дын үед намайг явахад дуу болоогүй байсан. Сургуульдаа ороод удаагүй байхад “Шүлэг чинь дуу болчихож, радиогоор явж байна” гэсэн захиа ирсэн. Энэ мэдээ надад таатай санагдаагүй. Одоо хүн бүр дуу бичих гээд байдаг болж. Тэр үед яруу найрагчид дуу бичихийг хөнгөн шингэн, ойр зуурын ажил гэж үздэг байсан. Дууны үг бол тааруухан юм байдаг. Сайн шүлгэнд ая хийх нь хоёрын хооронд болгочихдог гэсэн ойлголттой. Тийм учраас хайран шүлэг болж дээ гэх ухааны юм бодож байлаа. Олон жилийн дараа бодоход энэ шүлэг дуу болоогүй бол одоо болтол “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд уншаад зогсож байх хүн байхгүй биз. Дуу болсон болохоор жараад жил хүмүүс аялж байна” гэж дурссан байна лээ. Аавын минь энэ дуу ямартаа ч их л хурдан олон түмэнд хүрсэн байгаа юм. Миний аав насаараа л урлагт зүтгэсэн хүн. Хийсэн бүтээсэн зүйл их шүү.
-Аавынхаа анхны уран бүтээлүүдийн талаар яриач?
-Анхны уран бүтээл гэхээсээ илүүтэй аавын уран бүтээлүүдийг ерөнхийд нь базаад дүгнэхэд таван том симфони гээд хөгжмийн томоохон бүтээлүүд олон бий. Оратари, ари нэлээд олныг зохиосон. Билгүүн номч Бямбын Ринчен гуайн орчуулгын шүлгээр “Хүн ард аа, би та нарт хайртай” гэдэг оратари байна. Бас “Бэр цэцэг” найраглалаар хийсэн оротари байдаг. Аавын уран бүтээлүүдийн гармони буюу дуурьсахуй нь тухайн цаг үеэсээ түрүүлчихсэн билгүүн авьяастан байсан. Урлагийн нарийн нандин мэдрэмжтэй улс энэ тухай нь “Цагаасаа түрүүлээд төрчихсөн, цагаасаа түрүүлээд юмаа хийчихсэн хүн” гэж ярьдаг юм. Тухайн үед нь уран бүтээлийг нь ойлгоогүй. Харин одоо мэргэжлийн нүдээр харахад урлагт нэлээд зүйл хийсэн байгаа юм. Би судлаач хүн биш л дээ. Гэхдээ ари, романсын үндэслэгч гэж мэргэжлийн дуучид аавыг минь үнэлдэг. Найдалмаа багш маань ч тэгж хэлж байсан удаатай. Урлагт оруулсан аавын минь хувь нэмэр өндөр гэж хүүгийн хувьд ч, хөгжимчний хувьд ч бодож явдаг даа. Зундуйн Хангалын концертыг би тоглодог. Хангалын хөгжмийн суурийг анхлаад Монголд суулгасан хүн гэж аавыгаа би бардам хэлж чадна.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр “Г.Цэндорж хөгжмийн зохиолч бол хоортой симфонийг хөгжмийн урлагт оруулж ирсэн Монголын Бетховен яах аргагүй мөн” гэж байсан. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?
-Би наадах үгтэй чинь санал нэг байна. Симфони хэмээх хөгжмийн тэр том төрлийг найрал дуутай хослуулж чадсан нь гайхамшиг. С.Зориг агсныг харамсалтайгаар амь үрэгдэх үед зохиосон нэг симфони нь өнөөг хүртэл тоглогдоогүй байгаа. Намайг хүүхэд байхад нэг яриа яригддаг байсан л даа. “Сайн хөгжмийн зохиолч бол зохиолоо бичээд орхидог. Зохиолоо тоглуулах гэж гүйдэггүй юм. Харин сайн хөгжимчид зохиолыг нь тоглодог” гэсэн бичигдээгүй хууль ч гэх юм уу яригддаг байсан. Энэ зарчмын хувьд уг нь зөв л дөө. Гэхдээ Монголын өнөөгийн нийгэмд хэр зохилтой зарчмыг би хэлж мэдэхгүй. Би аавынхаа шударга зарчмыг л үргэлж хадгалж, үргэлжлүүлж явахыг хичээдэг. Манай аав өөрөө зөвхөн хөгжмийн зохиолч төдийгүй яруу найраг, онол, шүүмжлэл их бичдэг байсан. Тухайн үеийн урлагт болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шударга биччихдэг байсан хүн. Тэр зарчмыг нь л баримталж явахыг хичээдэг. Энэ нь жаахан өвлөгдсөн байж магадгүй юм.
-Аавын чинь “Дорнод Монголын магтаал” гэж алдартай дуу байдаг байх аа?
-Аавын үг, ая “Дорнод Монголын уудам тал минь юутай сайхан бэ” гэдэг энэ дууг “Нисванис” хамтлагийн ахлагч Энх-Амгалан сайхан дуулсан шүү.
-Цэндорж гуайг би гавьяатаа аль эрт авчихсан хүн гэж боддог. Гэтэл өдий ерэн насны босгон дээр ирсэн, өчнөөн алдартай дуунууд зохиосон, симфони зэрэг хөгжмийн томоохон бүтээлүүдтэй атлаа нийтийн дуучдын ганц дуу дуулаад авдаг соёлын тэргүүний ажилтны л тэмдэгтэй хүн гэхээр үнэндээ их гайхал төрж байна шүү?
-Соёлын тэргүүний ажилтан, дээр нь “Алтан гадас” одонтой хүн шүү, миний аав. Зарим хүн хэдээр нь бол хэдээр нь зүүчихсэн явдаг шагнал ёолкны тоглоом биш байх л даа. Шагнал бол шагнал юм. Жинхэнэ уран бүтээл хийсэн хүнд бол урмын ташуур яах аргагүй мөн. Нэг дуу аялчихаад арын хаалгаар авсан хүнд бол юу ч биш байх л даа. Аав их шударга хүн байсан. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг, “Учиртай гурван толгой” дуурийг хүртэл мэргэжлийн үүднээс хурцхан шүүмжилж байсан байдаг. Тэр хяхуугаар одоо хүртэл хавчаад өгөөгүй юм болов уу гэж санагддаг. Гавьяатыг нь өгсөн, өгөөгүй хийсэн бүтээл ихтэй хүн л дээ.
-Ээж чинь хаанахын хүн байна?
-Дорнодын Сүхбаатарын хүн. Дорнод аймгийн театрт байхдаа аавтай танилцаж ханилсан юм билээ. Аав энэ театрт ажиллаж байхдаа олон уран бүтээл хийсэн байдаг.
-Та эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Бид наймуулаа ч зарим нь орчлонгоос эрт буцсан даа. Аавын мэргэжлийг өвлөсөн гэвэл манай эгч, бид хоёр.
-Та аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн. Багаасаа л төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байв уу?
-Дөрөв, таван настайгаасаа л урлагт татагдсан даа. Аав минь хөгжмийн зохиолч. Гэрт ийм урлагийн орчин байсан болохоор нэг л мэдэхэд хүнээр заалгалгүй, сонсголоороо төгөлдөр хуур тоглоод сурчихсан байлаа. Тухайн үед найман настай хүүхдийг Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулдаг байлаа. Хамгийн анхны хөгжим заасан багш минь Монголын нэртэй төгөлдөр хуурч, ардын жүжигчин Т.Цолмон. Цолмон багш маань төгсөж ирээд хоёр гурван л жил болж байсан байх. Хөгжим бүжгийн дунд сургууль дүүргээд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерваторын сургуулийн дэргэдэх тусгай мэргэжлийн хөгжмийн академик сургуульд ОХУ-ын гавьяат жүжигчин Т.В.Галицкаягийн удирдлага дор суралцсан.
-Таныг Монголын тэргүүн зэргийн төгөлдөр хуурч гэдэг юм билээ. Үүнийг та магтаалын цаасан малгай гэж боддог уу, мэргэжлийн өндөр үнэлгээ гэж боддог уу?
-Хөгжимчний хувьд номер нэг, номер хоёр гэсэн зэрэглэл байхгүй л дээ.
-Паганин бол Паганин л байсан гэх гээд байна уу?
-Төгөлдөр хуурчийнхаа хувьд Цэндоржийн Энхтөр бол Энхтөр л байхгүй юу. С.Сансаргэрэлтэх бол Сансаргэрэлтэх, С.Саянцэцэг бол Саянцэцэг л юм. Үүнд нэг, хоёрдугаарт гэсэн гурил шиг дугаарлаад байх шаардлага огт байхгүй. Бид өөрсдийн гэсэн орон зайтай, онцлогтой л хөгжимчид. Ер нь төгөлдөр хуур тоглох нэг өөр хэрэг. Чайковскийн сургуульд гэхэд манай ангид гучин хүүхэд сурч байсан. Бүгдээрээ мэргэжлийн хөгжимчид болж чадаагүй.
-Та хаанахын тайзууд дээр тоглож байв?
-ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн Хөгжмийн дээд сургуулийн их, бага танхим, Одессын Филармони, Украйн, АНУ-ын Чикаго хотын хөгжмийн их танхим, Япон улсын Токио хотын “Сантори” концертын танхим, Ёкохама хотын төв концертын танхим, Хамамацу хотын “Шопен” концертын их танхим, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжмийн дээд сургуулийн концертын их танхим, ӨМӨЗО-ны Хөх хотын Урлагийн их сургуулийн концертын танхим зэрэг дэлхийн томоохон концертын танхимуудад тоглосон тоглолтуудыг дурдаж болох юм. Тоглосон бүтээлүүдийн хувьд гэвэл дэлхийн сонгодог хөгжмийн суутнуудын төгөлдөр хуурт зориулсан концертуудаас гадна Монголын хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Г.Цэндорж, Х.Билэгжаргал, З.Хангал нарын төгөлдөр хуурт зориулсан концертыг ДБЭТ-т тоглож, цомог болгон гаргаж байсан даа.
-Таны тоглож олны хүртээл болгосон ямар цомгууд байна?
-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын Монгол ардын дуунуудын найруулга болох “Түмний эх”, “16 цуврал бүтээл”-ээр бие даасан хоёр ч цомгийг гаргасан. Анх удаа Монголд симфони оркестрын тоглолт бичүүлж анхны цомгоо гаргаж байлаа. Түүх болоод л үлдэх байх.
-Анхны бие даасан тоглолтоо 1992 онд тоглож байж. Тухайн үед сонгодог хөгжмийн тоглолт хийхэд бэрхшээлтэй л байсан байлгүй?
-1992 оноос цэвэр бие даасан тоглолт хийж эхэлсэн. Тухайн үед биднийг тайзан дээр тоглоход хөгжмийн зэмсэг их ховор байлаа. Байсан хөгжмийн зэмсгүүдийнх нь хөг нь буучихдаг ч юм уу. Тиймэрхүү байдалтай л байсан. Би зөвхөн Европын хөгжим тоглоод байх биш, Монголын мэргэжлийн хөгжимчдийн бүтээлүүдээс бас тоглох шаардлагатай гэж боддог. Анхны тоглолтоо “Венийн сонгодог” нэртэйгээр тоглож байлаа. Венийн сонгодог хөгжмийн гурван сонат тоглож байсан санагдана. Сонат гэдэг чинь хөгжмийн том хэлбэрийн зохиол шүү дээ. Номоор бол роман гэсэн үг юм даа. Ингэж л анхны гараагаа эхэлсэн.
-Өнөө орой тоглогдох “Цэндоржийн Энхтөр-20 жил” төгөлдөр хуурын тоглолт чинь гайхамшигтай болох болтугай гэж уран бүтээлийн амжилт хүсье.
-Тоглолт маань Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 19 цагаас болно. Их хөгжмийн зохиолч В.А.Моцарт, Ф.Шопен, Э.Григ, С.Прокофьев, Монголын хөгжмийн зохиолч З.Хангал нарын төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн таван концерт тоглогдоно. Монголд анх удаа ийм том хэмжээний таван концерт тоглогдож байгаагаараа онцлог юм даа. Тоглолт 120 минут үргэлжилнэ. Тоглолтод А.Энх-Амгалан, Б.Золзаяа, М.Хүсэл нар оролцохоос гадна ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн Симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдсанаар тоглох юм.