Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 21,22-нд тэгш, сондгойгоор хязгаарлана

Ази Европын парламентийн түншлэлийн уулзалт энэ сарын
21-22-нд Нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байгаа. Тэгвэл уг
өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж
хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.

  • 4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн,
  • 4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэжээ.
Categories
мэдээ нийгэм

“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк гарлаа

АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн
Маркийн газартай хамтран гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт
шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа ажиллагаа 4
дүгээр сарын 15-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Энэхүү үйл ажиллагааг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн
үгэндээ “Дээд түвшний уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж
буйгаараа ихээхэн онцлогтой. АСЕМ-ын 20 жилийн ойд зориулсан энэхүү марк
нь Монгол Улс Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулж буйг
илтгэсэн, Монгол Улсын дипломат харилцааны түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл
боллоо” хэмээн онцлов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны
дарга Д.Ганхуяг, “Монгол Шуудан” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан
нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалж, гарын үсэг зурж
баталгаажуулав. Ингэснээр “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк
үнэт цаас болж, Монгол Улсын шуудангийн маркийн музейн сан хөмрөгт албан
ёсоор орлоо.

“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн зураач дизайнераар
МУСГЗ Д.Эрдэмбилэг, зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг нар
ажилласан бөгөөд уг маркт АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын албан
ёсны лого, Чингис хааны морьт хөшөө, Монгол Улсын Төрийн ордон, орчин
үеийн Монгол Улсын өнгө төрхийг харуулсан Улаанбаатар хотын төвийн
барилга байгууламж болон энх тайвныг бэлгэдэж цагаан тагтааг дүрсэлжээ.

Мөн маркийн хэлхээнд Ази, Европын газрын зураг, Монгол Улсын төрийн
далбаа, АСЕМ-ын өмнөх 10 уулзалтыг зохион байгуулсан улс орнуудын төрийн
далбаа, хотын нэр, зохион байгуулсан оны хамтаар дүрсэлсэн байна.

Манай улс 1924 оноос анх марк хэвлэж эхэлсэн түүхтэй бөгөөд өнөөдрийг
хүртэл 1007 марк худалдаанд гаргажээ. Монгол маркын түүхэнд 1955 оноос
олон улсын байгууллагын түүхт ой, олон улсын томоохон чуулга уулзалт,
Монгол Улс гадаад орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, түүхэн
айлчлалын сэдвийг агуулсан нийт 78 сэдвийн 156 нэр төрлийн шуудангийн
марк гүйлгээнд гарсан байна.

“АСЕМ–ын 20 жилийн ой” сэдэвт энэхүү шуудангийн марк 20.000 ширхэг хэвлэгдсэн, тус бүр нь 1300-1500 төгрөгөөр худалдаалагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Баянмонгол хорооллын урд замыг түр хаана

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор энэ сарын 16-17-ны хооронд зам хаах юм. БГД 9-р хороо “Говь сауны баруун хойд талын урсгалыг хааж авто зам сэтлэн цэвэр бохир усны шугам татах юм байна. Мөн Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд дулааны шугам татна хэмээн албаныхан хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүлд шаардлага хүргүүллээ

“Эрхээ хамгаалья” төрийн бус байгууллага, БГД-ийн нэгдүгээр хорооны иргэд нэгдэн мэдээлэл хийлээ. Тэд сургууль цэцэрлэгийн талбайд орон сууц барих зөвшөөрөл олгосон захирамжаа цуцлах шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тавьж байгаа юм.

Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Богд Ар” хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр баригдах зураг төсөл 2000 онд батлагджээ. Уг хорооллын бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлсэн “Богда Холдинг” ХХК дээрх зураг төслийг зөрчин сургууль цэцэрлэгийн тохижилтыг орхидуулсан аж. Улмаар сургууль цэцэрлэг барих 3515 м2 талбайд айл өрхийн тоог 2 дахин нэмэгдүүлж 1500 гаруй болгожээ.

Энэ талаар “Эрхээ хамгаалья” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Богд Ар” хорооллын оршин суугч Г.Нямдаржаа “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тус хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөнйи дагуу баригдах байсан сургууль, цэцэрлэгийн зураг төслийг эргэн харж, 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, сургалтын төв зэрэг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин баталсан. Гэвч “Богда Холдинг” ХХК-иас 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан н.Хүрэлбаатараар хууль бус зураг төслийг батлуулж, дээрх зураг төслийг хүчингүй болгуулсан. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Богда Холдинг” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн тус хорооллын сургууль, цэцэрлэгийн зориулалттай газрын захирамжийг хүчингүй болгосон. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар газрын захирамж гаргасан байна. Иймд иргэдийн зүгээс Нийслэлийн Засаг даргыг тус захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна. Бид “Богд Ар” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 3515 м2 газрыг сургууль, цэцэрлэг бариулах хүсэлтэй 500 орчим оршин суугчын гарын үсэг цуглуулаад байгаа” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Р.Анхнямын тоглосон кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

Жүжигчин Р.Анхням, Өвөрмонголын жүжигчин Сайшингаа нарын хамтран тоглосон “Хатан боолын төлөө” уран сайхны кино АНУ-ын Лос Анжелос хотод болсон олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна. Энэхүү уран бүтээл нь хоёр жилийн өмнө дэлгэцэнд гарсан бөгөөд энэ сарын 2-нд болсон олон улсын кино наадмаас хүндтэй шагналыг хүртжээ.

Дашрамд дурдахад, түүний тоглосон “Чонон сүлд” Оскарт өрсөлдөхөөр нэр нь дуулдаж байсан ч гадны найруулагчтай гэх зэрэг олон шалтгаанаар өрсөлдөж чадаагүй аж.

Categories
мэдээ спорт

Сумын заан Г.Бат-Эрдэнэ түрүүллээ

Хууль сахиулахын их сургуулийн нэрэмжит сумын заануудын ээлжит
барилдаанд Г.Бат-Эрдэнэ түрүүллээ. Тус барилдаанд Н.Ширчинхүү,
Ж.Бямбадоньд, Т.Дүгэрдорж, Б.Алтангэрэл нараар манлайлуулсан 176 хүчтэн
зодоглосон юм. Үзүүрт өмнөх сард 160 хүчтэн зодоглоход түрүүлсэн
А.Мягмаржав үлдэж, их шөвөгт Ж.Бямбадонид, дунд шөвөгт Б.Алтангэрэл,
Г.Батмөнх, Э.Лхамхүү нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжлээ

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн тээврийн
хэрэгслүүд дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжлээ. 2014 оны
12 дугаар сард Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг
удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь,
бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралдаанд санал оруулсан. Саналын дагуу Нийслэлийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор
улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт
оруулсан юм.

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын
цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж,
замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд
тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу 04 дүгээр сарын 15-наас 10
сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн иргэд замын хязгаарлалтыг дээрх
зурагт харуулсанчлан тэлсэн бүсчлэлд 08-20 цагийн хооронд замын
хөдөлгөөнд оролцохгүй боллоо.

zam

Categories
мэдээ нийгэм

Тодорхойгүй хугацаагаар зам хаажээ

Өнгөрсөн шөнө цас их орсны улмаас ОБЕГ-аас орон нутгийн зарим зам,
давааг хаажээ. Тухайлбал, Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр
хаажээ. Түүнчлэн зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал
байгааг онцолжээ. Тиймээс жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг
зорихгүй байхыг анхааруулж байна. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд
цаг агаарын нөхцөл байдлын улмаас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн
үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Равдандорж, М.Мөнхөө нарыг батлан даалтад гаргажээ

“ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, Ардчилсан намын гишүүн,
Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих
461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан билээ. Мөн МАХН-ын дарга
Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг Д.Шийлэгдамба, Н.Энхбаяр нарын
хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хорих анги буюу Төв
аймгийн мөрдөнд хориод байсан юм. Тэднийг өчигдөр орой 18.00 цагт батлан
даалтанд гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын
Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл хүлээн
авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгдэв. Үүнээс гэмт
хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн
гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн
тохиолдол гарчээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг
журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Нойтон цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа
үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул замын
хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд
тохируулан тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож, анхаарал болгоомжтой
байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.