Зүүнээс төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од. “Бөхөн шарын нуруу” дуун суваргын өмнө. Завхан аймгийн Идэр сум Бөхөн шарын нуруу
Ерээд оны эхэн үеийн нийтийн дууны бүхий л наадмыг өнгөлж, “Сүүдэр цармын цэцэг”, “Бурхан бумбын орон” зэрэг хит дуунуудаараа хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Цэдэндоржийн Төвшинтөгстэй ярилцлаа.
-Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ та хэд хамтран аялан тоглолт хийх гэж байгаа сурагтай. Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?
-“Тавуулаа” гээд аялан тоглолт хийхээр бэлтгээд явж байна. Бид өнгөрөгч жил Дарханд тоглосон юм. Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат бид тав нийлээд хийж байгаа юм. Одоогооос хориод жилийн тэртээ нийтийн дууны чиглэлээр анх уран бүтээлээ туурвиж ирсэн бидний нөхөд ажил амьдрал, өөр өөрийн замыг хөөгөөд хамтран уран бүтээлийн тоглолт хийлгүй удсан байна. Биднийг гарч ирж байх үед үнэхээр чанартай сайн дуунууд төрдөг байлаа. Яагаад гэвэл тэр үеийн дууны үг ая цензуртай, хөгжмийн зохиолчдын холбоо, зохиолчдын хороогоор батлагддаг байсан юм. Тэрхүү уран бүтээлүүдээр хамтран тоглолт хийхээр төлөвлөж байна.
-Тоглолтын найруулга, тавилтыг Д.Сосорбарам гавьяат хийж байгаа юу?
-Тэгж байна. Бид нар л дэргэдэхээ мэддэггүй болохоос манай “Со”-г дэлхий үнэлчихээд байна. Ардын урлагийг дэлхийд таниулах ажил үйлсийг гардан хийж байгаа хүн. Улсын хэмжээний баяр наадам, ганц хүний жүжгээс эхлээд өөрийн тавилтаар олон сайхан ажил хийсэн л дээ. Энэ удаагийн тоглолт маань ч их өөр өнгө аястай болно.
-Тоглолтоо аль аймгаас, хэзээнээс эхлэх гэж байна?
-Дөрвөн сарын 9,10-нд Баянхонгор аймгаас эхэлнэ. Дараа нь Хэнтий, Сүхбаатарт тоглоно. Ажил төрлөө зохицуулчихаад л 18 аймгаараа явна даа. Манай хэдийн ажил их л дээ.
-Хэр удаан хугацаанд аялан тоглохоор төлөвлөж байна?
-Ер нь энэ жилжингээ явна аа. Жилдээ багтаана гэж ярилцаж байгаа. Сүүлд нь нийслэл хотноо хоёр удаа тоглох байх. Цаашаа Европын орнуудаар явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг газраа хоёр удаа тоглохдоо хоёр өөр хөтөлбөртэй. Нэгдүгээр хөтөлбөрөөр дуулсан дуу маргааш нь дахиж дуулагдахгүй.
-Таныг эрдмийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гэж дуулсан.
-Дарханы театрын даргаар ажиллаж байгаад сая гуравдугаар сард албан ёсоор дарга нь шинэчлэгдээд хүлээлгэж өгчихөөд ирлээ. Зургаан сарын хугацаанд докторын зэрэг хамгаалах гээд чөлөө аваад байна. Дуулах ур зүй гэдэг маш том сэдэв барьчихаад сууж байна. Судлах тусам маш их сурах, судлах шаардлагатай болох юм. Монголчууд уртын дууг зохиож чадсан ард түмэн. Би бусад орны дууг муу гэж байгаа юм биш. Гэхдээ үүн шиг яруу тансаг дуу хаана байна вэ гэдгийг харуулахын тулд судлах юм их. Уртын дуугаа дагаад монгол хүний хоолойны цараа, дуулах ур зүй гайхамшигтай юм л даа. Зарим судалгаан дээрээс харж байхад айзам уртын дууг 40 гарсан эр хүн дуулдаг, эмэгтэй хүн ховор дуулдаг байсан гэдэг нь ажиглагдсан.
-Яагаад эмэгтэй хүн дуулдаггүй байсан юм бол?
-Тийм л их бяр чадал ордог дуу байна. Дууны төрөл дотроо хамгийн том дуу. Айзам уртын дууг буруу дуулсан хүний хавирганых нь үе мултардаг гээд бод. Тэр дууг дуулахын тулд шавхагдашгүй амьсгалыг хуримтлуулж байх нь чухал. Монголчууд эртнээс уушгины багтаамжаа нэмэгдүүлэхийн тулд лонх тоолох, лаа үлээх гээд олон дасгал хийдэг байж.
-Докторын зэргээ Монголдоо хамгаалах гэж байна уу?
-Би СУИС-ийн докторант. Сургуульдаа дуулаачийн чиглэлээрээ дуулах ур зүй сэдвээр хамгаалах гээд явж байгаа. Миний анхны багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Рэнцэнсамбуу гэж хүн байсан юм. Одоо Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболд багштай хамтраад, удирдагч багш маань болоод явж байгаа.
-Таны үеийнхэн олон жил уран бүтээлээ туурвиад хийх юмаа хийчихсэн хүмүүс бүгд багшлаад явж байна. Харин та л сураад байх юм…
-Хүн насан туршдаа л суралцдаг юм байна. Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаад, дүр бүтээгээд явж байсан. СУИС-д найман жил, хөгжим бүжигт 3-4 жил багшиллаа. Дундуур нь Улаанбаатар чуулга, Дарханы театр гээд явахдаа үргэлж л суралцаж байсан. Ингээд харахад би өөрийгөө л олох гээд яваад байгаа юм. Дуурь бүжгийн эрдмийн театрт дүр бүтээж, сайхан хамт олны дотор байсандаа би баярладаг. Одоо харахад бусдын дүр бүтээх, хүний дүр бүтээх амархан юм. Өөрийгөө танина гэдэг хэцүү юм байна.
-Ойрын жилүүдэд ямар уран бүтээл гаргав. Сүүл үеийн уран бүтээлүүд тань олонд хүрэхгүй байх шиг?
-Яахав, одоо хүнд хүргээд байх сонирхол алга. Гуч хүрэх насандаа гавьяат цолыг хүртэж үзлээ. Гучин хэдэн насандаа сонгодог дуурийн хорь гаруй гол дүр, нийтдээ дөчөөд дүр бүтээчихсэн байна. Хүнд бас болох хэмжээ байх ёстой. Тийм учраас 2006 онд би Дуурь бүжгийн эрдмийн театрын ажлаа өгөөд гарч байсан юм. Одоо залуу уран бүтээлч, дуучдад орон зайгаа тавьж өгье гээд. Түүнээс би Монгол Улсын гавьяат жүжигчин байна гээд суугаад байж болох л байсан. Дуулж л байсан үе. Гэхдээ одоо бүтээл хийхгүй байгаа юм биш л дээ. Сонсох нэг нь сонсоод л явж байна. Заавал гадуур байнга тоглолт хийгээд яваад байх нь чухал биш. Энүүхэндээ гэж хэлэхэд морин хуурын шагналыг таван удаа хүртсэн надаас өөр уран бүтээлч байхгүй. Би онгирох гэж хэлсэндээ бус. Сайн уран бүтээлчдийн дууг түмэнд хүргэж чадсан учраас таван удаа энэ шагналыг хүртжээ. Тэгэхээр би уран бүтээл хийж байгаа гэж ойлгож байна. Нэг дуу дуулж хүргэж чадна гэдэг маш том уран бүтээл гаргаж байна гэж боддог.
-Дуучид хуучны хит болж байсан дуунуудаа дахин бичүүлж, хүргэдэг болж. Та дуунуудаа шинэчилж байна уу?
-Өөрт таалагдсан дуунуудаа ес есөөр багцлаад 81 болгоод CD гаргах гээд бэлдэж байна. Дууг дуулах тусам шингээд л байх юм. Зарим дуулсан дуугаа эргээд харахаар энийг ингэж дуулаад байхдаа яахав дээ, одоо ингээд дуулчихъя гээд улам сэтгэл хөдөлдөг. Тухайлбал, “Сүүдэр цармын цэцэг”-ийг миний хүү дуулж байгаа. Дуулаад сууж байхад Дашзэвэгийн Банзрагч ахдаа улам л хайр хүрээд байх юм. Үнэхээр л тодорхой хүмүүс нь тодорхой цаг хугацаанд уран бүтээлээ бичээд үлдээчихдэг. Тэр бүтээлээр нь өнөөдөр бид амьдарч байна шүү дээ. Дуулах тусам үг бүр нь нүдэнд харагдаад байх юм. “Сүүдэр цармын цэцэг”-ийг бичсэн Дашзэвэгийн Банзрагч гуай, аяыг нь зохиосон С.Мөнхбат хоёр хоёулаа одоо бурханы оронд оччихсон байна.
-“Сүүдэр цармын цэцэг” дуу явангуут таны нэр орж ирдэг. Энэ дуу хэрхэн бүтсэн бэ?
-Яаж бүтсэн, хүнд зориулсан үгүйг нь мунхаг хог чинь асууж байгаагүй л дээ. Муу Банзаа ахтайгаа таараад хааяа нэг юм мулталж явснаас тэр дууг ер нь хэнд зориулж зохиосон юм гэж асууж явсангүй. Гэхдээ энэ бол гайхамшигтай хайрын дуу л гэж хэлж байсан юм. Мөнхбат аяыг нь бичээд надад авчирч өгөөд л дуу болгож байсан. Хамгийн гоё тохиолдол нь Банзаа ах бид хоёр уулзалдахгүй явж байгаад манай гэрийн гадаа таарч, дөнгөж гэрт ороод байж байтал өглөө эртээ радиогоор анх удаа цацагдсан. Бид хоёр ч бэлгэшээж, Банзаа ах манай гэргийтэй танилцаж байсан түүхтэй.
-Таны залууд нийтийн дууны тэмцээн уралдаан их болж, та жил дараалаад л бүх шагналыг авдаг байсан гэдэг. Тэр алтан үеийнхээ дурсам¬жаас хуваалцахгүй юу?
-Ер нь сайхан сайхан уралдаанууд болдог байсан юм. Хит парад, хайрын дууны уралдаан гээд жигтэйхэн л юмнууд болдог байлаа. Бүгдийг нь л эдгээр дуунуудынхаа ач буянаар авсан. Монголын радиогоос зохион байгуулдаг цагаан лавайд “Аав ээж минь” дуугаараа хоёр удаа ч түрүүлсэн, “Сүүдэр цармын цэцэг “дуугаар тэр үед зохиосон Хит парадаас Гран при авсан. Анхны зурагтын шагналтай наадам гээд бөөн пижигнээн болж, төмөр зам дагуу Дархан, Эрдэнэт, Сэлэнгээр аялан тоглолт маягийн юм хийсээр Шандад очиж дүнгээ гаргаад гран при, зурагтаа аваад хөөрөөд л ирж байлаа. Гуч гаруйхан настай залуухан ч байж дээ. Дараа нь “Хонгорзул” сониноос гаргадаг байсан Хайрын дууны уралдаанд “Сүүдэр цармын цэцгээр” дахин түрүүлээд мобикомын утас бариад гэртээ очиж байсан. Симийг нь ч хийж мэдэхгүй, залгаж ч мэддэггүй л байлаа. Сайхан сайхан уралдаан болдог байсан юм аа.
-Одоо тэр үеийнх шиг нийтийн дууны уралдаан явахгүй байх шиг. Эсвэл явсан ч хүмүүст хүрэхгүй, сонсогч байхгүй болчихоод байна уу?
-Нийтийн дууны уралдаан гэж ерөөсөө сонсогдохгүй байна. Одоо нийтийн дууны уралдаан гэвэл “Морин хуур” уралдааныг л хэлэх байх. Нэлээд мэргэжлийн тал руугаа явчихдаг. Энэ уралдаан чанаржаад их сайхан болдог юм. Хөгжмийн зохиолчдын холбооны залуучууд толгойлж байгаа. Яваандаа ч их сайхан болох байх аа.
-Ид од болж байх үедээ орон нутгаар тоглолт хийгээд явахад үзэгчид хэр хүлээж авдаг байв. Одооных шиг гарын үсэг авъя гэх юм байсан уу?
-Тийм байгаагүй ээ. Монголчуудын бүрэг ичимхий зан байдаг байлаа. Одоо бол өөр л дөө. Их сайхан цаг үе байсан шүү дээ. Ямар ч зар сурталчилгаа гэж байдаггүй. Аймгийн төв дээр очоод төв дэлгүүрээр нэг тойроод алхаад ирнэ. Тэгээд л орой битүү үзэгчтэй. Бүр сэтгэлээрээ юмыг ойлгоно үзнэ, дууны утгыг ойлгоно.
-Таныг хүнсний үйлдвэрээс ажлын гараагаа эхэлж байсан гэж сонссон. Урлагт хэрхэн хөл тавьсан бэ?
-Цэргийн их сургуулд орох гэсэн ч хаврын шалгалтдаа орж чадаагүй. Цэргийн сургуулийн хуваарь ирээгүй Ойн аж ахуй гээд хуваарь ирэхээр нь ормооргүй санагдаад, илгээлтээр хүнсний үйлдвэрт ороод зургаан сар л ажилласан даа. Үйлдвэрт гурван сар ажиллаад байтал Хан Хэнтийн урлагийн их наадам эхлээд, сар гаруй хугацаанд урлагийн үзлэгт бэлдэж орсон. Урлагийн үзлэгээсээ “Бүх ард түмний урлагийн их наадам”-д оролцож мөнгөн медаль авлаа. Удаа ч үгүй мөнгөн мадальт гээд Хэнтий аймгийн тэргүүний уран сайханч болж, Хан Хэнтий чуулгад шалгуулаад тэнцэж орсон. Тэгтэл дуулаачийн сургуулийн шалгалт ирээд хойтон жилийн зургадугаар сард нь ороод тэнцэж байсан юм даа.
-Хамгийн анхны уран бүтээл тань юу байв?
-Хамгийн анхны уран бүтээл Хан Хэнтий чуулгад байхдаа хийж байсан “Алаг морь” гээд дуу байдаг юм. “Сэлбийг өгсөөд сэрүүхэн дээ”, “Жинчид ирлээ” гээд дуулдаг байлаа. Буриад дууны Ичинхорлоо гээд чуулгын дуучинтай их хамтарч дуулсан.
-Дуурийн урлаг руу хэрхэн оров?
-СУИС-ийг 1987 онд таван жил сураад төгслөө. Одоо Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач хийж байгаа Болд найруулагч тэр үед 18 аймгийн театрын, чуулгын дарга нарыг суулгаж байгаад Соёлын төв өргөөний наад талын урлагийн зааланд анх сургууль төгсч байгаа дуучдын дунд сонгон шалгаруулалт явуулж байсан. Надад тэр үед Дуурийн театр, Ардын дуу бүжгийн чуулга, Хан хэнтий, Дорнодын театр, Дарханы театраас ажиллах санал тавьсан. Би Үндэсний дуу бүжгийн чуулгадаа үлдэх илүү сонирхолтой. Гэтэл Дашням багш “Чи дуурийн дуучин болно. Дуурийн хүсэлтийг хүлээж ав” гээд 1992 оны зургадугаар сарын 15-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар анх орсон доо. Би их азтай л даа. Тэр үед дотоодын сургуулийг дуулаачаар төгссөн дуучдыг шууд солистоор авдаггүй, гадаад сургууль төгсөөд ирсэн дуучид ч ховор байдаг байсан.
-Дуурьд хичнээн дүр бүтээсэн бэ. Хамгийн сүүлд бүтээсэн дүр тань юу байв?
-Ерөнхийдөө хорь гаруй гол дүр байна. Хамгийн сүүлд 2006 онд “Чингис хаан” дуурийн Эзэн Чингис хааны дүрийг бүтээсэн. Тэр жилдээ бүх цэргийн дуу бүжгийн чуулгын тавьсан Рок Чингисийн дүрд мөн тоглосон. Хамгийн сүүлд “Виндзорын овжин авхай” дуурийн Фордын дүрд тоглосон юм байна.
-Та чамгүй жүжиглэх авьяастай юу?
-Би түрүүн хэлсэн. Хүний дүр бүтээнэ гэдэг амархан юм байна аа. Өөрийнхөө дүрийг бүтээх хэцүү гэж.
-Одоо Улаанбаатар чуулгын ой тохиох гэж байна. Энэ чуулгын суурийг тавилцаж, нэлээд хэдэн жил удирдсан хүний хувьд ойн арга хэмжээнд хувь нэмрээ оруулах болов уу?
-Чуулгын арван жилийн ой болох гэж байна. Уривал очиж л таарна. Чуулгынхантайгаа байнга холбоотой байдаг. Сая хоёрдугаар сард Булган багшийн маань анх тоглосон “Ай Нанаа” дуулалт жүжиг тавигдлаа. Булган багшийн маань бие чилээрхээд найруулгын ажил дээр нь ажиллаад явсан. Манай уран бүтээлчид сайн байна лээ. Анх үүсгэн байгуулахдаа дөнгөж уран бүтээл туурвиж яваа шижигнэсэн сайхан залуусыг цуглуулаад удирдаад явж байлаа. Эхний дөрвөн жил байр сав муутай явж байгаад залуучуудын байранд ирж сайхан төвхнөсөн. Нийслэл хот Монгол Улсыг төлөөлдөг юм. Тэр хотын урлаг уран сайхны ажил үнэхээр их. Залуус маань ч сайхан уран бүтээлүүд хийгээд авч явж байх шиг байна. Баярлаж явдаг л юм.