Саяхан БНСУ-д болсон Дэлхийн аварга
шалгаруулах үсчин, гоо засалчдын тэмцээнд “Видал” салоны үсчин С.Мөнхнасан алтан
медаль хүртсэн билээ. Мөн манай эрэгтэй үсчдийн баг III байрт шалгарч, гоо засалчдын
баг хүрэл медаль хүртээд ирсэн. Ингээд Дэлхийн аварга үсчин С.Мөнхнасантай ярилцсанаа
хүргэж байна.
-Манай улс үсчин, гоо засалчдын
олон улсын тэмцээнд ийм өндөр амжилт гаргаж байсан удаагүй. Харин та дэлхийн аварга
боллоо. Сэтгэгдэл ямар байна?
-Үнэхээр их баярлаж байна. Олон
жилийн хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийн үр дүнд би өнөөдөр дэлхийд зөвшөөрөгдсөн
үсчин боллоо. Бас хариуцлага нэмэгдлээ.
-Та нутаг нэгт үсчин Г.Алтаншагайтай
өрсөлдсөн. Багийнхаа үсчинтэй өрсөлдөх хэцүү байв уу?
-Тэгэлгүй яахав. Энэ тэмцээнд Алтаншагай
маань дөрөвдүгээр байрт орсон. Алтаншагай манай багш. 2006 оноос хойш хамт байна.
Бас хамгийн сайн найз. Намайг үргэлж хурцалж, зоригжуулж байдаг.
-Таны орсон ангилалд нийт хэдэн
орны хичнээн үсчин өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд
40 гаруй орны мянга гаруй үсчин, гоо засалчид ирж оролцсон. Монголоос 29 үсчин,
гоо засалч, 11 моделийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байгаа. Миний хувьд 50 орчим
үсчинтэй ур чадвараараа өрсөлдсөн. Орон орноос ирсэн ийм мундаг үсчидтэй ур чадвараараа
өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг. Бас энэ мэргэжлийг эзэмшсэндээ бахархаж байна.
-Үс засалтын ур чадвараар аль улсын
үсчин илүү санагдсан бэ?
-Миний оролцсон төрөлд Япон, Польшийн
үсчин илүү хүчтэй. Мэдрэмж илүү өндөр санагдсан.
-Тэмцээний бэлтгэлийг хэрхэн хангасан
бэ. Тэмцээний турш ямар шалгуурыг давсан бол, манай уншигчдад энэ талаар дэлгэрэнгүй
мэдээлэл өгөхгүй юу?
-Би бэлтгэлээ маш богино хугацаанд
сайн хангасан гэж бодож байгаа. Яагаад ч юм тэмцээнд явахаасаа эхлээд сэтгэлд нэг
л буугаад байсан.
-Аварга болно гэдэгтээ тийм итгэлтэй
байсан хэрэг үү?
-Мэдээж тэмцээнд хожигдох гэж оролцдоггүй.
Оролцогч бүр л түрүүлэх сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байгаа нь ойлгомжтой. Миний
хувьд өмнө нь дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа оролцож байсан болохоор өөрийнхөө
хэмжээнд чамгүй туршлага хуримтлуулсан.
Хамгийн анх 2012 онд дэлхийн аваргын
тэмцээнд орж 16 дугаар байрт орж байлаа. Мөн 2014 онд дахин дэлхийн аваргын тэмцээнд
орж 10 дугаар байр эзэлсэн. Тиймээс энэ удаа надад боломж илүү ойрхон байсан болов
уу.
-Дэлхийн аваргын тэмцээнд гүйцэтгэсэн
даалгаврын тухайд…?
-Эрэгтэй, эмэгтэй гурван төрлийн
засалт гүйцэтгэсэн. Мэргэжлийн, сонгодог, үдшийн гоёлын засалтуудыг хийсэн. Мэргэжлийн
засалт хамгийн ажиллагаатай нь. Эмэгтэй үсийг богино тайрч сам, лакаар босгох, эрэгтэй
үсийг хээ гаргаж засах зэрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн. Тэнд байсан хүмүүс
манайхны ур чадварыг илүү сонирхож байсан.
-Та үсчний мэргэжлээр суралцсан
уу?
-Тэгсэн. Би ерөнхий боловсролын
сургуулиа төгсөөд л үсчний курст сурсан. “Абука” гээд сургалтад сурсан. Хэдий өнөөдрийнх
шиг үс засалт ийм өндөр түвшинд хөгжөөгүй байсан ч эмэгтэйчүүдийн үсний тайралт,
шинэ жилийн гоёлын засалт, ороолт зэрэг засалтууд надад урлагийн бүтээл шиг л санагдаж,
би энэ урлагийг төгс эзэмших ёстой гэж хүссэн. Одоо бол үс засуулахаар хүн үүдээр
орж ирэхэд л ийм царайтай хүнд ийм засалт, тайралт тохирох юм байна гээд үйлчлүүлэгчээ
хэлэхээс өмнө бодчихдог. Мэргэжлийн онцлог гэх үү дээ (инээв).
Гэхдээ бас хариуцлагатай байхгүй
бол хүмүүс бидэнд итгээд тэргүүндээ хүргэж байхад итгэлийг нь хөсөрдүүлж болохгүй
шүү дээ.
-Хичнээн жил ажиллаж байна вэ?
-Би 14 жил үсчин хийж байна. Анх
сургалтаа төгсөөд “Сор” салоноос ажлын гараагаа эхэлсэн.
-Одоо “Видал” салонд харьяалагдаж
байгаа биз дээ?
-Тийм ээ. “Видал” салонд 2006 оноос
хойш ажиллаж байна. Манай хамт олон их найрсаг, халуун дулаан уур амьсгалтай. Бас
чадварлаг. Та бүхний минь нөлөө байсан шүү гэж хэлмээр байна. Миний энэ амжилт бол
манай салбарын үе үеийн мундаг ах, эгч, багш нарын минь гавьяа.
-Мэргэжлийн хувьд заавар зөвлөгөө,
үлгэр дуурайл авдаг хүн бий юу?
-Анх үсчин болж байхдаа Монгол Улсын
мастер үсчин Ц.Хүрэлбаатар ах шиг мундаг үсчин болох юмсан гэж мөрөөддөг байлаа
шүү дээ. Лхамжав багш, үсчин Ч.Болдхуяг ах, мастер Хүрэлбаатар, Одонгоо, Довчинсүрэн,
Алтаншагай гээд олон сайхан мундаг хүний гараар дамжсан, шавь байхгүй юу. Ер нь
олон улсын уралдаан тэмцээнд ороход Монголын үсчин, гоо засалчдын холбоо маш их
тусалдаг. Энэ бүх боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа гэж “Өдрийн сонин”-оор
дамжуулж хэлмээр байна.
-Энэ жилийн дэлхийн үсний загварын
чиг хандлага ямар байна вэ?
-Энэ жилийн трэнд бол зөөлөн, байгалийн
өнгө ноёрхож байна. Хэдий трэнд гэж байгаа боловч ямар ч цаг үед өөрийн үсний өнгө
илүү үнэ цэнтэй, давамгайлах хандлагатай байдаг.
-Үсчний тариф мэргэжлийн зэргээсээ
хамаараад үнийн хувьд харилцан адилгүй байдаг. Дэлхийн аваргын тарифийг сонирхож
болох уу?
-Би эмэгтэй, эрэгтэй тайралтыг
30000-35000 төгрөгөөр хийдэг.
Д.Сүрэн