Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 22 дугаар хуралдаан маргааш буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1
“Дуу авиа бүхий дүрст бүтээл дэх тоглолтын тухай” Бээжингийн гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл*
Ц.ОЮУНБААТАР
2
Монгол наадам үндэсний спорт цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
С.БАЯРЦОГТ
3
Монгол Британийн Дугуй ширээний уулзалтын дүнгийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
4
Беларусь Улсын Шадар сайдын орлогчийн айлчлалын дүнгийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
5
Монгол Улсын Ерөнхий сайд Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай
Л.ПҮРЭВСҮРЭН
6
Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай*
Л.ПҮРЭВСҮРЭН
7
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2013 оны 171 дүгээр тогтоол)
Б.БОЛОР
8
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал
Б.БОЛОР
Д.ЭРДЭНЭБАТ
9
Хөтөлбөр батлах тухай*
Д.ЭРДЭНЭБАТ
10
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоол)
М.ЗОРИГТ
11
Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Г.БАЯРСАЙХАН
12
Журамд нэмэлт оруулах тухай
Г.БАЯРСАЙХАН
13
Бусад асуудал*
Ч.САЙХАНБИЛЭГ
Танилцуулах асуудал
14
Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн тухай*
Л.ПҮРЭВСҮРЭН
15
Ашигт малтмалын газрын саналын талаар*
Р.ЖИГЖИД
16
2016 онд авто замын салбарт хэрэгжих авто зам, гүүрийн барилгын ажлын талаар
М.ЗОРИГТ
17
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ажлын явцын тухай
М.ЗОРИГТ
Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голыг цэвэрлэв

Өчигдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ. Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдсан юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 400 гаруй алба хаагч их цэвэрлэгээнд нэгдэж, 100 айлын гүүрнээс хойш 500 метр газар буюу Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН генсекээ сольж, намуудтай эвсэх асуудлаа хойшлуулжээ

Өчигдөр ИЗНН-ын Үндэсний хороо хуралдаж УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн байна. Энэ үеэр намуудтай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч АН, МАН болон бусад намуудыг шийдвэрийг харахаар ирэх долоо хоног хүртэл хойшлуулжээ.

Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг хэлэлцжээ. Тэрээр Хэнтий аймагт нэр дэвших учраас бэлтгэлээ базааж, сонгуульд анхаарлаа хандуулна гэсэн байна. Түүний энэхүү хүсэлтийг хүлээн авч оронд нь БОНХАЖ-ын яамны дэд сайдаар ажиллаж байсан М.Хүрэлсүхийг томилжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Өөрийн итгэлт хүнээ олж сонгох нь чухал

Хан-Уул дүүргийн XV хорооны иргэн Г.Дашням

Монголчууд бид 1990 оноос хойш өөрийн итгэсэн хүнээ төрийн түшээгээр сонгодог чөлөөт ардчилсан сонгууль явуулж ирлээ. Гэтэл ард түмэн сонгосон хүндээ итгэл алдарч, элдвээр ярих, ардчилсан хувьсгалаар олсон ололтод сэтгэл нь ханамжгүй байх хандлага ажиглагдах боллоо. Тэгвэл бид төлөөллийн ардчиллыг төр, түмнийхээ өмнө хэрэгжүүлэгч УИХ-ын гишүүнээ яаж зөв таньж олох вэ? УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлэгчийн удам гарлыг судлах нь зүйтэй. Нэрээ дэвшүүлэгч удам гарлынхаа дүр төрхийг ямар нэг хэмжээгээр хадгалж байдгийг санах нь чухал. Удам сайтын угсаа сайн гэж монголчууд ярьдаг даа. Хөрөнгө чинээний хувьд нийгмийн дундаж давхаргад багтдаг, шударгаар хөдөлмөрлөж олсноо өөртөө болон үр хүүхдэдээ хүртээгээд, өөрийнхөө өсөх хойч үеэ зөв төлөвшүүлдэг байх учиртай. Гэнэт баяжих гэмтэй хэмээн монголчууд ярьдаг даа. Өөрийгөө магтдаггүй, үнэн үгтэй, чиг шулуун, төр болон түмэн олондоо дарамтгүй амьдарч чаддаг, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, боловсролтой, төгссөн сургууль нь тодорхой, мэргэжлийн ур чадвартай, дипломоор баталгаажсан байх нь зүй. Нийгэмд үүссэн шинэ бүхэн давтагдашгүй, шинжлэх ухааны мэдлэгт үндэслэн шинийг хүлээн авах чадварыг нь харгалзах учиртай. Шинэ үзэгдэл давтагдашгүй атлаа асар их саад бэрхшээлүүдтэй тулгардгийг 1990 оноос хойших түүх бидэнд харууллаа. Үеэ өнгөрөөсөн хуучин хүч, шинэ бүхнийг эсэргүүцэж, өөрийнхөө алдагдсан байр суурийг эргүүлэн авахын төлөө амьдралын үнэнийг гуйвуулах, шинэ бүхэнтэй үл эвлэрэх, хагалан бутаргах, нэр төрийг нь гутаах, гэрэл гэгээг нь бус сүүдэртэй талаас нь харж, олныг төөрөгдүүлэх зэрэг зохисгүй үйл явдал давтагдсаар байгааг анхаарах хэрэгтэй. Төрийн түшээг төгрөгөөр худалдан авахыг хүсэгчдийг төрийн хуулиар, түмний оролцоотой цээрлүүлье!

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашиныг дугаараар нь ялгаж хөдөлгөөнд оролцуулна

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд болно. Энэ уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцох юм. Энэ үеэр буюу ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 21-нд тэгш тоогоор төгссөн, дөрөвдүгээр сарын 22-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Өндөгтэй зраз

Орц (Хоёр хүний)

Өндөг-4-5 ширхэг

Үхрийн татсан мах-250-300 гр

Ургамлын тос-180-220 гр

Давс-1/2 цайны халбага

Сармис-нэг ширхэг

Сонгино-1/3 ширхэг

Хар перец-1/4 цайны халбага

Гоньд-1/4 цайны халбага

Хийх арга

Өөхгүй үхрийн махыг (хонь, тахиан мах эсвэл зайдас байж болно) махны машинаар нарийн ширхэгтэй болтол сайтар машиндана. Дараа нь давс, хар перец, үрж жижиглэсэн сармис, сонгино эсвэл нунтаг сармис, сонгино, гоньд, орегано зэргээр махыг амтална. Ингээд амталсны дараа 10-15 минут амраагаарай.

Энэ хооронд өндгөө чанана. Ингээд чанаж сойсон өндгийг хальсалж амталсан маханд орооно. Гарын алгандаа махыг жигд нимгэн нялж байгаад голд нь өндгөө тавьж гараараа базаж өндгийг махаар бүрнэ. Дараа нь миксэрдсэн өндгөнд махыг өнхрүүлэн норгоод хатаамалд өнхрүүлээрэй. Ингээд сайн халаасан ургамлын тосонд бөөрөнхий махыг хийж 10 минут орчим шарна.

Мах бор шаргал өнгөтэй болох болно. Эсвэл шарах шүүгээг 200 хэмд халааж махыг 15 минут шарахад л хангалттай. Амтат, чанасан өндөгтэй бөөрөнхий мах маань бэлэн боллоо.

ХАН БОРГОЦОЙТОЙ БЯЛУУ

Орц (Зургаан хүний)

Масло-180 гр

Элсэн чихэр-320 гр

Цөцгий-120 гр

Гурил-160 гр

Өндөг-Хоёр ширхэг

Хүнсний сода-1/4 цайны халбага

Нарийн боовны исгэгч-Нэг цайны халбага

Хан боргоцой-280 гр

Хийх арга

Хайруулын тавганд 65 гр масло болон 30 гр элсэн чихрийг хийж зөөлөн гал дээр хайлуулна. Элсэн чихэр уусч алга болтол хутгаж хайлуулаарай. Бор сахар, цагаан сахарыг хольж хэрэглэж ч болно. Ингээд дээрээс нь хэрчиж бэлтгэсэн хан боргоцойг жигд байрлуулан тавиарай. Өөр саванд тасалгааны температурт зөөлөрсөн 115 гр масло, 290 гр элсэн чихэр, өндгийг хольж хийгээд өндөгний шар задарч, элсэн чихэр хайлтал миксэрдэнэ. Дараа нь цөцгийг хийж дахин сайтар миксэрдэнэ. Ингээд гурил, хүнсний сода, нарийн боовны исгэгчийг нэмж хийгээд ахин миксэрдэнэ. Зуурмаг нялцгайвтар болох ёстой. Ингээд зуурмагийг жимсэн дээрээ жигд тараан хийгээд 180 хэмд сайтар халаасан шарах шүүгээнд хийж 40-50 минут хоёр талаас нь шарж болгоно. Кекс бүрэн болсон эсэхийг шалгахын тулд урт нарийн модоор хатгаж үзээрэй. Мод хуурай гарч ирвэл болсон байна гэсэн үг. Нойтон нялцгай гурилтай гарч ирвэл дахин болгоорой. Хан боргоцойн дээрээ өөр төрлийн жимс (үзэм, интоор зэрэг) нэмж хачирлаж болно шүү.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Миний худалдаж авсан нөхөр

Энэ удаагийнхаа “Ном ярьж өгье” буланд Орост төрсөн Английн алдарт зохиолч Айн Рэндийн “Миний худалдаж авсан нөхөр” зохиолыг онцолж байна.

1926 он. 21 настай чинээлэг айлын охин Иринэ аав, ээжийнхээ үлдээсэн үзэсгэлэнт эдлэн газар, тансаг байшинд амьдрахаар төрөлх хотдоо ирэх ба энэ хотын хамгийн сайхан залуу болох бизнесмэн Гэнри Стэффордтой танилцаж ухаангүй дурлана. Гэтэл гэнэт Гэнригийн компани дампуурч, их хэмжээний өрөнд унах нь тэр. Иринэ Гэнритэй гэрлэх шийдвэр гаргаж хамаг бүхнээ зарж өрийг нь дараад нэгэн жижигхэн байшинд амь зогоох болов. Гэнри мэргэжлийнхээ дагуу инженер хийж амьдралаа залгуулна. Иринэ түүний амьдралыг авраад зогссонгүй жинхэнэ романс болгож чадаж байлаа. Энэ романс дөрвөн жил үргэлжилнэ. Ингэж байтал энэ хотод Клэйр гэгч үзэсгэлэнтэй бүсгүй ирдэг…

Гэнри нэгэн үдэшлэг дээр Клэйртэй танилцаж үүнээс хойш Клэйрийн очсон бүх үдэшлэгийг алгассангүй. Тэр хоёрын харилцаа Иринэгийн нүдэн дээр дотно болж эр нөхөр нь яах ийхийн зуургүй эргэлт буцалтгүйгээр өөр бүсгүйд хайртай болжээ. Одоо Иринэд ганц л зам үлдсэн, нөхрийгөө хэзээ салъя гэж хэлэхийг хүлээх. Гэвч Гэнри дуугүй байсаар л, царай алдаж дуу нь дотогшоо орж бодлогошрон суух боллоо. Энэ хугацаанд Гералд Грей гэх 30 эргэм насны англи язгууртан залуу Иринэд татагдаж эхэлнэ. Клэйр Гэнритэй уулзах бүх нүх сүвийг хайж Гэнри харин түүнээс зугтах бүх боломжийг эрэлхийлж байлаа. Иринэ нөхрөө худалдаж авсан учраас нөхөр нь түүнийг орхиж чадахгүй байгааг гэнэт ухаарна. Нөхөр нь түүний мөнгөний золиос болохыг тэр хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс өөрөө түрүүлж алхам хийх хэрэгтэй боллоо. Нэг өдөр Иринэ нөхрөө Клэйртэй уулзах гэж байгааг олж мэдээд тэр газарт нь Грэйтэй уулзахаар товлоно. Төлөвлөгөө амжилттай хэрэгжиж Гэнри эхнэрээ өөр эртэй байгааг олж харан Клэйрийг тэндээс дагуулан гарна. Ингээд гэрлэлтээ цуцлуулахаар боллоо. Гэнри ихэнх цагаа Клэйртэй өнгөрүүлж харин хөөрхий эхнэр нь нөхрөө шинэхэн найз бүсгүйтэйгээ аз жаргалтай алхахыг холоос байнга ажиглана. Энэ хоорондоо Иринэ Грэйтэй үргэлжлүүлэн уулзаж бүр Америк руу хамт явахаар төлөвлөнө. Хүлээсэн өдөр ирж, энэ хорвоогийн хамгийн жаргалтай асан хосууд хоёр тийш болж, хувь заяагаа салгалаа. Гэртээ хоносон сүүлчийн шөнөө Иринэ унтаж чадахгүй холхин нэгэн цагт өөрийнх нь байсан орны хажууд зогсон нөхрийнхөө тайван унтаж байгаа царайг удтал ширтэнэ. Гарыг нь авч уруулдаа хvргээд “Гэнри… Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгүй…Мэдэх ч ёсгүй… Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. “Би Гэнрид хайртай байсан” гэж хэлэх тэр эрхийг би өөртөө үлдээнэ ээ. Чамайг үхэн үхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна” гэж зөөлхөн шивнээд гарч одно. Маргааш өглөө нь галт тэрэг 10:15-д хөдлөх ёстой байв. Тэр хоёр эцсийн удаа хамтдаа суун ярилцаж, 60 насандаа инээгээд уулзах байх гэсэн ерөөл тавин бие биедээ аз жаргал хүслээ. Гэнри хамгийн сүүлийн удаа эхнэрээ үнсээд үдэж өгнө. Яг энэ хэсгийг уншсан ямар ч хүний зүрх зүсэгдэхгүй байхын аргагүй. Ер нь та хайр гэж зүйлийг мэдэрсэн л бол энэхүү өгүүллэгийг уншаад нэг хэсэгтээ л сэтгэл хөндүүрлэж алхах болов уу.

Галт тэргэндээ суугаад Иринэ бүтэн хоёр цаг юу ч ярихгүй хөшөө шиг сууж явсаар эхний зогсоол дээр бууна. Нэг саятан өөрийг нь Сан Францискод хүлээж байгаа, нөхрөөсөө салахын тулд таныг зүгээр л ашигласан юм гэж Грэйд хэлдэг. Иринэ дараагийн галт тэргэнд сууж ямар ч байсан 24 цагаас илүү явсан гэдэг. Тэгээд зүгээр л таарсан буудал дээрээ орь ганцаараа бууж үлдэх болно.

Иринэ одоо тэр хотхонд ганцаардан, тарчигхан амь зууж байна. Хайртай хүнээ ганц удаа ч болов дахин харах байх гэсэн ганцхан итгэл л түүнийг энэ орчлонд тогтоон барьж байгаа. Өдөр бүр гудамжаар алхахдаа зөрөн өнгөрч буй хүмүүсийн царайг анхааралтай ажигладаг. Орой нь гэртээ ирээд Гэнригийнхээ зургийг харан “Өнөөдөр биш байна аа Гэнри минь, магадгүй маргааш байх…” гэж шивнэнэ. Гэнригийн баяртай инээмсэглэсэн тэр зургийн хүрээн дээр “Иринэдээ. Гэнри. Yүрд мөнх” гэж бичсэн байдаг юм.

Өгүүллэгийн зохиомж нь Иринэгийн захиас, дурдатгал маягтай. Амьдралдаа тохиосон цор ганц хайрын тухай юу ч нууж хаалгүйгээр танд зориулж ярьж өгч байгаа мэт. Иринэгийн сэтгэлийн тэнхээ хийгээд энэлэн, шаналлыг юутай ч харьцуулж боломгүйгээр зохиолч гаргасан байдаг. Унших бүрд зүрхний тань хаа нэгтээ хөндүүрлэж, зовлонтойгоор хөших вий.

Таны хүн байх мөн чанарыг гагц хайр л мэдрүүлж чадна…

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шарилжны харшилтай бол түүхий лууван идэж болохгүй шүү

“Таваас есдүгээр сар хүртэл хүн амын гуравны нэг нь ургамлын тоосны харшилд нэрвэгдэж байдаг” гэж Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, доктор С.Мөнхбаярлах хэллээ. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ба харшил түүний оношлогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын бага хурал “Чингис” зочид буудалд болсон юм. Энэ хурлын гол илтгэгч нь С.Мөнхбаярлах эмч байлаа. Тэрбээр “Ургамлын тоосны харшлын оношлогоо, эмчилгээний чиг хандлага” сэдвээр лекц уншсан юм. Ургамлын тоосны харшилтай хүмүүс маш хүчтэй, угсарсан байдлаар найтаадаг. Жолооч нар ялангуяа “Эмч ээ, харшил дарж өгөхгүй бол урд талын машины араас орчих гээд байна” гэсээр ирдэг гэнэ. Дэлхий нийтээр харшил залуужиж байгаа бөгөөд хүүхдүүд илүү ихээр харшилд өртөх болжээ. Дөрөвдүгээр сарын аравдаас бургас гөлөглөх үеэс авахуулаад харшил эхэлнэ. Зун удаан үргэлжлэх үед ургамлын тоосны харшил хоёр удаа ч үзэгдэх хандлагатай аж. Ургамлын тоосны харшил Монголд зонхилон тохиолддог нь цаг ууртай холбоотой. Монголын ургамлууд ихэвчлэн салхиар тоосоо хүртээдэг ажээ. Харшилтай хүмүүсийн хамраас гэнэт ус гоождог, угсруулан ханиалгах зэргээс болоод зарим нь ичиж хүнд байдалд ордог. Зарим тохиолдолд харшил нь сэтгэцийн шинж тэмдэгтэй хамт илэрдэг байна. Харшилтай хүмүүс ядрамтгай, ууртай болох, сэтгэл гутралд орох зэрэг нь сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой. Харшил болон астматай хүмүүс их учраас орчны хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж эмч зөвлөж байна. Харшилтай хүмүүсийн дэргэд тамхи татах нь тэднийг хэцүүхэн байдалд оруулдаг. Харшлын улирал эхэлсэн үед зөв цагтаа салхивчаа нээх учиртай. Өдрийн цагаар цахилгаан агаар шүүгчээр агаараа цэвэршүүлэх нь чухал. Үдэш өрөөндөө сайтар агаар оруулах хэрэгтэй. Харшилтай хүмүүсийн хувьд харшил төрүүлэгчээс өөрийгөө холдуулах нь хамгийн сайн арга. Япончууд гэхэд л харшлын улирал эхлэхэд бүгд ургамлын тоосноос хамгаалах нүдний шил, хамар дотроо хийчихдэг гаднаасаа харагддаггүй маск хэрэглэх болжээ. Энэхүү бичил маскыг нь манайхан оруулж ирж туршсан ч хамар битүүрээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг сул талтай аж.

Ургамлын тоосны харшлыг хүнсний харшил дагадаг гэнэ. Тухайлбал шарилжны харшилтай бол түүхий лууван идэж болохгүй. Хөх тариа эсвэл үет ургамлын тоосны харшилтай хүмүүс гадил, тарваснаас харшлах гэх мэтээр солбих урвалд ордог байна.

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал С.Мөнхбаярлахаас харшлын талаар тодрууллаа.

-Харшлын оношлогоо эмчилгээнд ямар шинэ хандлага гарч ирсэн бэ. Харшил эмчлэгддэггүй өвчин гэсэн ойлголт хүмүүст нийтлэг байдаг?

-Харшил эмчлэгддэг өвчин. Харшлыг төгс эдгээж чадахгүй байна. Түүнээс биш эмчилж байгаа. Зовуурьгүй, эмнэл зүйн шинж тэмдэггүй болтол нь эмээр эмчлэх боломжтой. Мөн дархлаа эмчилгээ үр дүнтэй. Анагаах ухааны хөгжил өндөр түвшинд хүрчихсэн. Харшлын эсрэг биологийн бүтээгдэхүүнээр эмчилдэг болж байгаа. Манайд зарим газар хэрэглээд байгаа харшил төрөгчөөр нь эмчилдэг аргуудын дэвшилтэт хэлбэрүүд ч гарчихсан.

-Тэр нь яадаг эмчилгээ вэ?

-Хүнд тарихгүй, уулгахгүйгээр, арьсан дээр нь наагаад, арьсаар нь нэвтрүүлэх замаар эмчилгээ хийдэг болсон. Эмчилгээний ийм дэвшилтэт аргууд зөндөө гарсан.

-Таны яриад байгаа дэвшилтэт аргууд Монголд нэвтэрч байгаа юу?

-Монголд оношлогооны шинэ дэвшилтэт аргууд нэвтэрч эхэлсэн. Жишээлбэл, арьсанд сорил тавих нь багасч, цусанд тодорхойлдог болж байна. Ялангуяа Монголд хамгийн их харшил үүсгэдэг 40 төрлийн харшил төрөгчөөр нь бүрэн автомат анализаторын тусламжтайгаар юунд харшилтайг илрүүлдэг оношлогооны арга технологи нэвтэрсэн. Одоогоор ийм оношлогоог зарим хувийн эмнэлэгт хийж байна. Үүний зэрэгцээ харшлын үед хэрэглэдэг эмийн шинэ бэлдмэлүүд орж ирж байна. Өмнөх эмүүд нь харшлын эсрэг үйлчлэхдээ зөвхөн нэг чиглэлд үйлчилдэг байсан бол нэг эмийг уугаад гурван салаа үйлчилгээ үзүүлж байгаа учраас эмнэл зүйн шинж тэмдэг, зовуурь дарах шинж чанараараа давуу талтай. Хөгжил байна. Гэхдээ бидний хүсэн хүлээдэг, 100 хувь эдгээчихдэг, тийм бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр алга байна.

-Хавар боллоо, вакцинаа тариулаарай гэсэн зар яваад байсан. Вакцин хэр үр дүнтэй юм бэ?

-Би энэ талаар тодорхой юм яримааргүй байна. Бид нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлж байгаа. Хэрэв тэр эмчилгээ үр дүнтэй бол түүнийг нь нотолсон шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байх ёстой. Би тийм нотолгоо олж хараагүй байна.

-Харшил нь хөдлөхөөр уудаг нэг эмээ уугаад явдаг хүмүүс олон. Жил бүр тухайн өвчтөний байдал өөрчлөгдөх үү?

-Харшлын эмнэл зүйн шинж тэмдэг жил болгон өөр байна. Магадгүй нэг жил тухайн хүний хамар битүүрч, хамрын зовууриуд илүү их байсан бол дараа жил энэ зовуурь дээрээ нэмээд астмын шинж тэмдэг давхар илэрч болно. Зарим үед зөвхөн астмын шинж тэмдгүүд нь давамгайлж болно. Энэ бол тухайн жилийн онцлогтой холбоотой. Ямар шалтгаанаас үүссэнээсээ хамааралтай, харилцан адилгүй байдаг. Тийм учраас бие биенээсээ дуулсан ч юм уу. Эсвэл би энийг уугаад гайгүй болчихдог доо гэсэн эмчилгээг тааж битгий хийгээч ээ. Мэргэжлийн эмчдээ үзүүл. Тэр хүмүүсийнхээ зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгээрэй. Зөвхөн нэг эмээр эмчлэхээ больчихоод байна шүү дээ. Эмчилгээг цогцоор нь хийдэг болсон. Зөв зохицлыг олж хийнэ гэдэг нь мэргэжлийн ур чадвартай холбоотой.

-Харшилтай хүмүүс ямар шинж тэмдэг илэрвэл би астматай болж байна гэж үзэх вэ?

-Астмын үндсэн дөрвөн шинж тэмдэг байдаг. Нэгдүгээрт, хуурай ханиалгадаг. Хоёрдугаарт, амьсгаадна, гуравдугаарт, цээж давчидна. Дөрөвдүгээрт амьсгал нь шуугина, шуугиантай амьсгална. Ийм шинж тэмдэг илэрвэл астма болж байж магадгүй гэж үзээд эмчид хандах ёстой.

-Салхи мэдрэнгүүтээ ханиалгаад байдаг хүмүүс байдаг?

-Дээрх шинж тэмдгүүдийг сэдрээдэг хүчин зүйл нь хүйтэн агаар амьсгалах, утаа хиншүү, хурц үнэр, биеийн огцом ачаалал өгөх тохиолдолд сая хэлсэн шинж тэмдгүүд тод хурц илэрч болно.

Categories
мэдээ цаг-үе

Дууль мэт амьдрал буюу Данзаннямын Шагдарсүрэн

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Базарын Магсаржавын туурвисан Монголын яруу найргийн жараад оны гол төлөөлөл Данзаннямын Шагдарсүрэнгийн тухай дурдатгалыг хүргэж байна. Эл найрагчийг бид “Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл, хээр талын хэнзхэн сарнай, би…” хэмээн эхэлдэг “Үүрд хамт байгаач, ээж ээ” дуугаар нь сайн мэднэ. 2009 онд Д.Шагдарсүрэн найрагчийн 70 насны ойд зориулж “Зүрх мартахгүй”, “Уянгын цэнхэр давалгаа” яруу найргийн хоёр ботийг нь Б.Магсаржав доктор эрхлэн хэвлүүлж байв.

“Нам гүм шөнийн тайванд

Ширээ тохойлж

Найргийн мөрөө холбох бүрий

Шатаж сууна.

Хар модны тайгад

Намар гарсан түймэр шиг

Халуун цусны минь нөөлөг

Шүлэг бүрд шингэж байна.

Гал үгүйлэх тасалгаа шиг

Хэн нэгний цээжинд

Гар цайлгах бэлэг шиг

Шүлэг минь чи очоорой.

Амь насны минь хэлтэрхийг

Мөр бүхэндээ шингээж

Ая дуун элчийг

Алаг зүрхэнд нь хүргээрэй.

Нам гүм шөнийн тайванд

Ширээ тохойлж

Найргийн мөрөө холбох бүрий

Шатаж сууна.

Хэн нэгний сэтгэлд

Илч гэрэл болох

Хэрэгцээ болж шүлгэндээ

Энэ биеэрээ шингэе”.

Энэхүү шүлгийг Данзаннямын Шагдарсүрэн хэмээх монгол найрагч 1970 оны орчим Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо аж төрж ахуйдаа бичсэн юм. Яруу найрагч шүлгээ бичихдээ сэтгэлийн ямар их эрчим зарцуулдаг, тэрхүү эрчим үнэндээ амь нас, амьсгалын тоог нь хэрхэн хэлтэлдэг, тэгээд шүлэг нь хүмүүст ямар их хэрэгтэй болдог тухай, эцэстээ яруу найрагч шүлэг найрагтаа хамаг бүхнээ өгөөд оддог тухай халуухан хэлчихсэн бүтээл дээ. Бас Монголын зохиолчид уран бүтээлээ зөвхөн хэдийд хийх боломжтой байсныг одоо үеийнхэн энэ шүлгээс харж болно. Тэр үед үнэндээ гэгээн өдрөөр шүлгээ бичээд суудаг яруу найрагч Монголд хэд байсан бэ гэж надаас асуувал хариулж мэдэхгүй юм байна. Өглөө эрт хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэх, улс төрийн сонсголд суух, ажилдаа хожимдолгүй очих, тэгээд л эцэс төгсгөлгүй, иш мухаргүй, бас заримдаа ямар ч хэрэггүй зүйлтэй талхнаасаа салахгүйн тулд ноцолдох, орой ажлын цаг дуусчихаад байхад …за, ингээд зогсъё. Тэр цагийн жирийн хүмүүс энэ түүхийг мартаагүй. Д.Шагдарсүрэн тэдний л адил амьдарч явсан. Тэгээд л үүрийн гэгээнээс гүн шөнө болтол албанд зүтгэчихээд сая л нэг юм “Нам гүм шөнийн тайванд ширээ тохойлж найргийн мөрөө” холбон шатаж суусан байнам. ХХ зууны Монголын зохиолчдын намтрыг судалж байхад бараг л бүгдээрээ наад зах нь гурван албан үүрэг гүйцэтгэсэн байдаг. Оросын яруу найрагч Евгений Евтушенко “Поэт в России больше чем поэт” гэж хэлснийг ХХ зууны Монголын зохиолчдод ч хамаатай үг гэж бодно. Их Нацагдорж, С.Буяннэмэх, Цэндийн Дамдинсүрэнгээс эхлээд өдгөө ахмад болсон үеийг хүртэл. Тэгээд л тэр цагийн зохиолчдыг бага бичсэн, тааруухан бичсэн гэж зарим нэгэн мунхаг өөлдөг байх. Лев Толстой шиг биеийнхээ чилээг гаргах гэж л үхэр шаранд анжис хөллөчихөөд газар хагалдаг байсан бол тэд маань ямар их бүтээл, дэлхийн сонгодогт бүртгэлтэй гайхамшигт зохиолууд бичих байсан бол оо?

Д.Шагдарсүрэнгийн намтрыг сөхвөл 1939 оны шороон туулай жилийн зун одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Ар гурван Хужирт гэдэг газар малчин ард Данзаннямын ууган хүү болон төрсөн юм билээ. Энэ тухайгаа тэр:

“Гишгээд гарахад минь

Хэнз цэцгийн дэлбээ гудайна

Гэрэлт орчлонд

Нэгийг тэгэхэд ухаарна гэж

Алтарсан шаргал талын

Эн тавиун зоон дээр

Асар хурмастаас

Аяархан унасан

Унасан газраасаа

Ургаж боссон

Хүний үр билээ.

Шарагдаж хүрэнтсэн

Эх нутгийнхаа хүрмэн чулуун дээр

Шалбарч шархдаагүй

Шалбалж, хад хагалж ирсэн гэж

Анх хүй цөглөсөн

Ар гурван Хужирт минь

Аяархан шивнэсэн

Аминчилж хэлсэн”

хэмээн бичсэн байдаг. Зохиолчдын эвлэлийг үүсгэн байгуулснаас яг арван жилийн дараа төрсөн байна. Явуу, Гайтав, Эрдэнэ гээд аваргууд Зохиолчдын эвлэлтэй чацуу байхад тэднээс арав дүү олон яруу найрагч байдаг юм. Д.Шагдарсүрэн цэл залуу насандаа урт насалж ихийг бүтээнэ хэмээн төлөвлөж явсан нь

“Өглөө мордсон юм

Үд болж байна

Оройхон буцна…” гэж бичсэнээс нь харагдана. Тэр дэндүү эрт буцчихсан билээ л. Тэгэхдээ тэр гайхамшигтай хүнтэй танилцаж үг сургаалыг нь сонсох, даган бишрэх богинохон боловч хугацаа өчүүхэн надад олдсон нь юутай завшаан. 1968 онд есдүгээр ангиа төгсчихөөд аравдугаар ангид орох жилийн наадмын маргааш нь би аймгийн “Сүхбаатарын зам” сониныг үзэж байтал “Наадмын маргааш намар” ч бил үү нэг нийтлэлийг Д.Шагдарсүрэн гэдэг хүн бичсэн байлаа. Лавлан үзвэл дөрөвдүгээр ангид байхдаа “Хүлгийн үүрсэх дуун” түүврийг нь олж үзсэн тэр яруу найрагч мөн.

Миний дотор баяр төрж байлаа. Саяхан “Газар усны үнэр” номыг нь олж аваад их л шимтэн байн байн уншсаар бараг бүх шүлгийг нь цээжилсэн боловч тэдгээрт чухам юу хэлээд байгааг нь гүнзгий ойлгохгүй байсныг ч хэлэх үү. Уулзана гэж хатуу шийдлээ. Дунд сургуулийнхаа уран зохиолын дугуйлангийн багш Навааншаравын Доржцэрэн багшаасаа өөр зохиолч бараг үзээгүй. Долдугаар ангид байхдаа Цэрэндоржийн Цэдэнжав гуайг аймагт ирэхэд нь сүүлд “Демьян Бедный” хочтой болсон Жамбалжамцын Төмөртогоо бид хоёр очиж хэдэн усан шүлэг шүү юмаа үзүүлсэн боловч олигтой нааштай үг сонсоогүй, яруу найргийн тухай их л мундаг бололтой юм ярихыг нь сонссон боловч ойлгохгүй байсан билээ. Гэтэл шүлэг шиг шүлэг бичих юмсан гэж бодогдоод байдаг. Бараг л маргааш нь өглөө эрт ажил цуглахаас өмнө аймгийн сонин руу гүйлээ. Сонины үйлдвэрийн намхан ягаан байшингийн гадаа үүдэнд зогсож байтал миний зүс үзсэн хүмүүс цувран ажилдаа ирсээр байв. Нэг хартал зуны богино ханцуйтай цагаан цамц, цэмцийтэл индүүдсэн трапец маягийн өмд, гялалзсан хар шаахайтай махлаг цагаан шар царайтай залуу хүн үүд зүглэв. Танихгүй хүн. Энэ л нөгөө Д.Шагдарсүрэн гэж би таалаа. Дагаад орлоо. Мэндэллээ. Намайг тогтуухан харцаар ажиглаж байна. Энгийн хүн бололтой. Би өөрийнхөө тухай жаахан ярилаа. “Бодол” нэртэй богинохон шүлгээ үзүүллээ. Уншиж үзээд хэсэг бодолхийлж байна. Их л тогтуухан хүн санагдлаа. “Утга зохиол урлаг” сонинд соёлын гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав гуай сонирхолтой олон зүйл ярьсны дотор “1960-аад онд Явуу багш МУИС дээр утга зохиолын нэгдэл байгуулахад анхны гишүүдийн нэг нь байлаа. Ш.Сүрэнжав, И.Цэрэнжамц, Д.Шагдарсүрэн, П.Пүрэвсүрэн, П.Бадарч бид чинь яах аргагүй шавь нь” гээд “Агуу их Д.Шагдарсүрэн найрагчийн тухай жаахан тодруулаач” гэсэн Авгаржин Жа.Баяраагийн асуултад “Цул авьяастай залуу халуун хүн байсан. Надаас хамаагүй түрүүн шүлэг бичсэн учраас би их хүндэтгэнэ. Шагдарсүрэн архи дарс их хүртэнэ. Тэр үед чинь уран зохиолын дугуйлан тараад л багш шавьгүй Сүхбаатарын талбай тойроод шөнөжин шүлгээ уншаад алхацгаана шүү дээ. Бүр өглөө болгоно…Гаадамба багш хүртэл нийлээд алхчихна. Шагдарсүрэн найрагч халуун шүлгээ бадрангуй уншина. Цэл залуугаараа өнгөрсөн дөө” гэсэн байна. Миний анхны сэтгэгдэл, нас барах хүртэл нь уулзаж учирч явахад биеэ авч явсан байдал нь дээрх дурсамжтай тохирохгүй байгаа юм. Гэхдээ “Хүлгийн үүрсэх дуун” номын нь шүлгүүдийг одоо уншихад сэтгэлийн халуун нь мэдрэгдэж байна.Тэрбээр омог зориг, сэтгэлийн халуунаа шүлгэндээ л шингээж байхыг эрхэмлэх болсон биз ээ. 60-аад онд дээрээс тавьсан дэгээнд бүдэрч яруу найрагчийн сэтгэл бэртсэн, тэр нь эмзэглүүлдэг байсан ч байж болох. “Хүлгийн үүрсэх дуун” бол авьяас ханхалсан ном. Явуу авьяасгүй хүний номыг эх барьж авдаггүйг би нэг хоёроос бусад тохиолд баталж чадна. Тэгвэл “Хүлгийн үүрсэх дуун” бол бараг л анхных нь байж магадгүй. Судалж батлах хэрэгтэй. Гэтэл тэр номыг “Хүлгийн үүрсэх дуун”-аас “Мөнгөн хазаарын чимээ” л сонсогдож байна. Хүний амьдралыг тэр чигээрээ бэрхшээл гэж. Монголын залуучуудыг эрэг мөргөж ухааждаг гэж үзэл сурталгүй шүлэг бичдэг Д.Шагдарсүрэн гэхчилэн Залуу зохиолчдын анхдугаар зөвлөлгөөний гол илтгэлд давшилсан нь түүний сэтгэлийг шархлуулсан болов уу. Ямар боловч намайг уулзахад тэр хөнгөн дэврүүн бус бодлогошронгуй, хүлээцтэй, бас үе үехэн гуниглангуй болчихсон байсан сан.

“Аяа, хүний сэтгэлд

Түмэн бодол бууна

Атар яваа сэтгэлд

Хашир аажуу сууна

Эрэг мөргөж явсаар

Аяндаа хүн ухаарна

Ийнхүү нэг өдөр

Аавын хүү томоожно” хэмээн аль хэдийнэ өөрөө биччихсэн нь биелсэн ч юм уу.

Залуу зохиолчдын анхдугаар зөвлөлгөөний гол илтгэлд түүн рүү давшилсан нь “Гурван нуурын хөвөөнд” шүлгээс нь болсон ч байж магадгүй. Энэ тухай тусад нь бичих хэрэгтэй. Чингис хааныг ихэд хүндэтгэж явдаг нь нэг удаа надад “Тэр хүний ачаар л одоо алгын чинээ газартай байгаа шүү дээ” гэж хэлснээс нь мэдэгдэж байгаа юм. Тэр хүн намайг дэргэдээ авах гээд хүч хүрээгүй, шүлэг, өгүүллэг, нийтлэлүүдийг минь голдуу өөрийн эрхэлдэг сонин, бас “Утга зохиол урлаг” сонинд нийтлүүлж, Явуу зэрэг нэрт хүмүүст захидал бичиж тусалж дэмжихийг хүсэж байсан, анхны минь номыг Зохиолчдын хороогоор батлуулж, хэвлүүлэх эрхтэй болгочихоод тэнгэрт хальсан гээд олон явдлыг энэ бяцхан дурсамжид багтаан бичих аргагүй. Ер нь түүний тухай, уран бүтээлийн нь тухай нэг хэсэг өгүүлэл байтугай нэг боть номд ч багтааж бичих боломжгүй. Эхэлж байна гэж найдацгаая. Харин түүнийг бадарч явахад нь дэмжиж, багтарч явахад нь түшиж, өнгөрснөөс нь хойш номыг нь эмхэтгэн хэвлүүлж сайн сайхныг нь дурсан бичсэн П.Пүрэвсүрэн ах, Ш.Дулмаа гуай, Ш.Сүрэнжав гуай, П.Бадарч гуай, Д.Нямаа гуай, Амбасэлмаа гуай нартаа болон бусад зохиолч нөхдөд нь чин сэтгэлээс талархдаг билээ л.

“Буйдхан хээрийнхээ цэцгийг

Тормолзон ганхаад байхлаар

Булшин дээр чинь би

Цэцэггүй ирлээ, ах минь”. Энэ шүлгийг би вээр (1977 оны долдугаар сарын сүүлчээр шиг санаж байна) Улаанбаатарт ирээд Шагаа ахын шарилыг эргэхээр зэхэж байхдаа бичсэн юм. Түүний шарил дээр намайг Ш.Долгорлхам дагуулан очоод ихэд уйлж байсан юмсан. Булшны нь шорооноос атгыг авч уутанд хийгээд муу ээжид нь аваачиж өгсөн. Хөөрхий эх бас л уйлж байж билээ. Хожим Орост байхдаа “Хөдөөгийн агаар” тэргүүт шүлгүүдээ зориулж байлаа. “Мөчрөө чагнах үндэс” номонд минь орсон. Эх нутгаа санан уйтгарлах сэтгэлээс минь Шагаа ах гарахгүй л байсан.

“Найрагч Шагдарсүрэнгийн алхаж явсан газар

Намрын шар өдөр тогоруудын гунигтай нутаг” хэмээн О.Дашбалбар “Баруун-Урт минь” шүлгээ түүнд зориулж бичсэн. Балбар бид хоёр зарим асуудлаар санал нийлдэггүй боловч Шагаа ахын тухайд, уран бүтээлийн нь тухайд үргэлж санаа нэгтэй байсан. Балбар Шагаа ахыг мөн л над шиг хайрлаж байсан. Хотод нас барсныг нь дуулаад би Балбарыг эмнэлгээс дагуулаад ээж дээр нь гүйж очиж хамт уйлж байсан сан. Тэр намар ээжийн нь хадгалж байсан, нийтлүүлж амжаагүй шүлгийн дэвтрийг гуйж аваад дэргэд нь шөнө хугаслан хоёулаа бие биедээ ээлжлэн дуудаж өгч байж хоёр хувь хуулж авч байж билээ. Өвөл нь ч бил үү тэр шүлгүүдийг П.Пүрэвсүрэн ахыг ирэхэд өгсөн билээ. Пүүжээ ах заримыг нь “Уянгын цэнхэр давалгаа” номд нь оруулсан байдаг.

“Энхрий нөхөр минь ээ, чинийхээ тухай

Эмгэнэлээ тайлж шүлгээ бичье.

Анд нөхөртөө зориулж өөрийн л босгож чадах

Амьд хөшөөний суурийг бадгаараа өрье.

Орчлонгийн цэнгэлийн гашуун нуурт ганганаж байсан

Олон шувууны нэг минь ээ,

Амьдралын жолоог атгаж ч явсан, алдаж ч явсан

Арван хурууны нэг минь ээ,

Ийм болохоо мэдэлгүй сайдаж, муудаж явсан

Ихэр биеийн өрөөсөн минь ээ,

Холдоод удвал саналаа гээд сандарч явсан

Хос зүрхний нэг минь ээ!

Баяртай!

Бараагий чинь дахин харахгүй,

Яриагий чинь дахин дуулахгүй

Дэлхийн ямар ч шуудангийн захидал хүрэхгүй

Дэндүү холд чи минь явчихлаа…” гэж Р.Чойном харамсан бичиж байлаа. “Данзаннямын их Шагдарсүрэнгийн дурсгалд” шүлэг нь “Сүмтэй будрын чулуу” номонд хэвлэгдсэн билээ. Энэ мэт олон дурсамж дурдатгал, шүлэг найргийнх нь тухай ярьж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Их говийн үлэг гүрвэл эх нутгаа зорилоо

2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр, АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн прокурорын газар нэгэн чухал үйл явдал боллоо. АНУ-ын Засгийн газар Монгол Улсад үлэг гүрвэлийнх нь үнэт олдворыг буцаан өгөх ёслол болж, Монголын талаас Элчин сайд Булгаагийн Алтангэрэл, палентеологич Минжингийн Болорцэцэг, албаны бусад хүмүүс, АНУ-ын талаас тойргийн прокурор Роберт Кэйпэрс, Аюулгүй байдлын эрэн сурвалжлах газрын захирал Петер Эдж, Хил хамгаалал, гаалийн албаны удирдлагууд уг ёслолд оролцож, долоон үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөв.

Үлэг гүрвэлийн яс бүрийн цаана үүх түүх, гэмт хэрэг, шунал сэдэл, адал явдал, шинжлэх ухаан орших аж. Жишээлбэл, Алиорамусын толгойн хувьд Францаас нэгэн цуглуулагч И-Бэй хэмээх онлайн худалдаагаар заржээ. Үнэ нь 300 мянган доллар байсан аж. Ингээд 2014 онд, АНУ-ын хил дээр ирэхэд нь гаалийн ажилтнууд хураан авсан байна. Гарал үүслийг нь Франц гэж, мөн жинхэнэ биш, дуураймал хэмээн худал бичиг баримт бүрдүүлсэн байсан боловч мэргэжлийн хүмүүс Монголынх, жинхэнэ араг яс мөн гэдгийг нь тогтоосноор өдгөө эх нутагтаа буцах эрхтэй болоод байгаа юм.

Ёслолын үеэр АНУ-ын Тойргийн прокурор Роберт Кэйпэрс “Монгол бол үлэг гүрвэлийн арвин баялаг олдвороороо дэлхийд тэргүүлдэг улс. Монголын ард түмний өмч байх ёстой эдгээр палентеологийн нандин олдворуудыг хулгайч, ашиг хонжоо хайгчдын гараас салган авч, Монгол Улсад эргүүлэн өгч байгаадаа бид үнэхээр баяртай байна. Хойшид ч Монголын соёлын өвийг хил дамжуулан ингэж зарах аваас бид ямагт Монголын талд зогсох болно” хэмээн мэдэгдлээ.

Үлэг гүрвэлийн олдворыг судалж, Монголынх хэмээн баталдаг гол эрдэмтдийн нэг М.Болорцэцэг хэлсэн үгэндээ Алиорамусыг маш ховор үлэг гүрвэл болохыг, шинжлэх ухааны бүртгэл бүтээлүүдэд ердөө хоёрхон тэмдэглэгдсэн, тэр хоёр хоёулаа Монголоос олдсон болохыг тайлбарлав. М.Болорцэцэг өмнө нь алдарт Батаарын ясыг Монголынх болохыг анхлан судлан таньж, мэдээлж байсан палентеологич билээ. Ингээд ёслолын үеэр М.Болорцэцэгээс хэдэн зүйлийг тодруулан ярилцав.

Үлэг гүрвэлээ Монголдоо буцаах нь монгол палеонтологичийн хувьд миний үүрэг

-Өнөөдөр яг ямар нэртэй, хэдэн үлэг гүрвэлийн ясыг буцаав? Өмнө нь нөгөө алдарт Батаараас эхлээд нийт хэдэн олдвор буцааж байсан юм бэ?

-2013 оноос хойш Монголоос хууль бусаар гарсан нийт 23 үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын тал буцаагаад байгаа билээ. Өнөөдрийн үйл ажиллагаагаар долоон үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Энэ долоон олдвор нь таван төрлийн динозаврт хамаарагдана. Үүнд:

Алиорамус махчин динозаврын толгой

Нугасан хошуут Бактрозаврын бүтэн араг яс

Нугасан хошуут динозаврын араг яснууд

Протоцератопс өвсөн тэжээлтэн динозаврын бүтэн араг яс

Ситтакозавр өвсөн тэжээлтэн динозаврын бүтэн араг яс

Троодонтид динозаврын өндөгний үүр

-Монголоос олдсон гэдэг тэр гарал үүслийн баталгааг хэрхэн гаргадаг, яаж судалж тогтоодог юм бэ?

-Гарал үүслийн баталгааг мэргэжлийн палеонтологич гаргадаг. Гарал үүслийн баталгааг гаргахдаа эдгээр үлэг гүрвэлийн анатомийн бүтцийг нь нэн түрүүн судалж, ямар төрөл, зүйлийнх вэ гэдгийг тогтооно. Ихэнх тохиолдолд өмнө нь судлагдсан динозаврын төрөл зүйлүүд байдаг. Манай Монголын динозавруудын хувьд зөвхөн Монголоос олддог төрөл зүйлүүд гэж бий. Тиймээс эдгээр динозаврыг мэргэжлийн хүний хувьд таньж мэдэхэд төвөггүй байдаг. Түүнээс гадна хэрхэн хадгалагдсан байдал, үүнд ялангуяа ясны өнгө байдал болон агуулагдаж байгаа чулуулгийнх нь төрөл, өнгө мөн гарал үүсэл тогтооход чухал үзүүлэлт болно доо.

Миний хувьд өмнө нь Тарбозавр батаарын гарал үүслийн баталгаа хийж байсан. Энэ удаа Алиорамус махчин динозаврын толгойн гарал үүслийн баталгааг хийж өглөө. Ер нь шүүх дээр гарал үүслийн маргаан гарах тохиолдолд миний бие мэргэжлийн дүгнэлт гаргаж өгснөөр Монголынх гэдгийг нь эргэлт буцалтгүйгээр тогтоож, шүүхийн шийдвэр Монголын талд гарч, үлэг гүрвэлүүд маань Монгол руу буцах боломжтой болдог юм.

-Цаана нь өөр яс байгаа болов уу. Байгаа бол Монгол руу ахин шилжүүлэх үү?

-Одоогоор нэмж 11 динозавртай холбоотой эрүүгийн хэргүүд шалгагдаж байгаа. Удахгүй шийдэгдээд бас Монгол руугаа буцна. Энэ динозавруудын нэг нь та бидний мэдэх жүжигчин Николас Кэйжээс хураан авсан Тарбозаврын толгойн яс байгаа.

-Та энд явуулж буй үйл ажиллагаа, эрхэлж буй ажлаа танилцуулна уу?

-Миний хувьд 2012 онд анх Тарбозавр батаарын дуудлага худалдааг Монгол руу мэдэгдсэнээс хойш динозавруудаа буцаах гурван үйл ажиллагааг АНУ-д удирдан зохион байгуулах ажлыг сайн дураараа хийгээд байна. Мэргэжлийн палеонтологич, монгол хүний хувьд би үүнийг үүргээ гэж боддог.

Үлэг гүрвэлийг буцаах үйл ажиллагааны хувьд би шаардлагатай үед мэргэжлийн дүгнэлтийг хийнэ, мөн динозавруудыг хүлээн авах албан ёсны маягтууд дээр динозавруудыг шалган, хүлээн авч, гарын үсэг зурдаг. Монголын талд албан ёсоор хүлээлгэж өгсний дараа бол динозавруудын баглаа боодол хийдэг мэргэжлийн байгууллагыг яамтай холбож өгч, баглахаас нь өмнө бүртгэн баримтжуулж, баглаа боодол тус бүр дээр динозаврыг хэрхэн баглах дээр зөвлөгөө өгдөг. 2007 оноос Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ үүсгэн байгуулаад ажиллаж байгаа. Мөн одоогоор Америкийн Байгалийн түүхийн музейд Монголынхоо олдворуудыг судлах ажлыг хийдэг. Энэ долоон динозаврын олдворыг буцаах ажлын хувьд бол энэ удаад Боловсрол, соёл шинжлэх ухааны яамыг энд төлөөлөн ажиллаж байна.

-Баярлалаа, таны ажил судалгаанд өндөр амжилт хүсье.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ