Өнөөдөр 12:00 цагт орон даяар нэгэн зэрэг Авто зам, гүүрийн барилгын ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамнаас авто замын ажлын нээлтийн арга хэмжээг 5 аймагт зэрэг зохион байгуулж байна. Арга хэмжээг МҮОНТВ, Eagle News, ETV, TV9, MNCтелевизүүд хамтран 5 аймгаасшууд дамжуулах бөгөөд МҮОНТВ-ийн “Студи 600”-д зам тээврийн салбарынхан болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ажиллах юм байна.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Завхан аймгийн Улиастай хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Ховд аймгийн Ховд хотуудаас зам барилгын ажлын нээлт үзэгчдэд шууд хүрэх юм. Түүнчлэн МҮОНР мөн орон даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулан хүргэнэ.
Зам тээврийн яам 2012-2015 онд нийт 3405.1 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгасан бөгөөд 2013 онд 3 аймаг, 2014 онд гурван аймгийг тус тус нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон юм.
Харин энэ жил Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Төр, хувийн хэвшил (концесс)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 1538 км улсын чанартай хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлнэ.
Нийт Монгол Улсын хэмжээнд 2016 онд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3203.55 км авто зам болон 7 байршилд 1346.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг хэрэгжүүлэхээр Зам тээврийн яамнаас төлөвлөөд байна.