Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын хурлуудын үеэр автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана

Ази Европын Парламентын түншлэлийн уулзалт энэ пүрэв, баасан гарагт болохтой холбоотойгоор автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг энэ онд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан бөгөөд энэ долоо хоногт анхны уулзалт эхэлж байгаа нь энэ юм.

Нийтдээ арван удаагийн хурал долдугаар сарын 16-ныг дуустал болох бөгөөд хурал болох өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлана гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

АСЕМ-ЫН ХУРАЛДААН ДОЛДУГААР САРЫН 16-НД ДУУСНА

Улаанбаатарт болох АСЕМ-ын хуваарийг танилцуулж байна.

Дээрх өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах юм.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ БОЛ ХӨДӨЛГӨӨН ТҮГЖРЭЛИЙН БАЙДАЛД ОРНО

Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оруулж байгаад иргэд бухимдалтай хандаж байна. Харин энэ талаар ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Энхбат дараах тайлбарыг өгч байна.

-Гаднын зочид төлөөлөгчид өндөр хэмжээний хамгаалалтыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө оронд авдаг хамгаалалтыг шаарддаг. Энэ нь А зэргийн хамгаалалт буюу зорчих хэсэгт хөдөлгөөнгүй болгодог учраас тодорхой замуудыг хаана.

Ингэхээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл гацаа үүснэ. Зам хааснаас болж уулзваруудын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, Улаанбаатар хотын хөдөлгөөн түгжрэлийн байдалд орох нөхцөл бүрддэг тул иргэдийг энэ зохицуулалтыг ойлгохыг хүсч байна.

Нэг гацчих юм бол буцаагаад хэвийн болгоход Улаанбаатар хотын зам их төвөгтэй. Нэг уулзвар гацахад дараагийн уулзварууд мөн л гацдаг. Хэрэв дугаарын хязгаарлалтаар зохицуулж өгөхгүй бол энэ мэтчилэн хаа, хаанаа хөдөлгөөнд оролцох боломжгүй болдог. Тиймээс ийм зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Цаашдаа долдугаар сарын сүүл хүртэл энэ төрлийн зохицуулалтыг хийнэ” гэсэн юм.

Зочдын явах зам одоогоор тодорхойгүй тул хаана, хэдэн минут хаах талаар мэдээлэл одоогоор өгөх боломжгүй гэдгийг тэрээр нэмж хэллээ.

Хуралдааны үеэр хөдөлгөөн хязгаарлах зам болон хөдөлгөөний ачааллыг Авто радиогоор мэдээлнэ. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ талаарх мэдээллийг өгөх юм байна.

ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭД НЭМЖ ДАРААХ ЗАМЫГ ОРУУЛЖЭЭ

Энэ удаагийн хуралдааны үеэр буюу 21-ний пүрэв гарагт тэгш, 22-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

Дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлсэн дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэл дээр нэмэгдэж Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг уруу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх зам мөн адил 08.00-20.00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтад орно.

Арав хүртэлх тонноос дээш хүнд даацын ачааны автомашины хөдөлгөөнийг 06.00-22.00 цаг хүртэл хөдөлгөөнд оролцохыг хориглохоор заажээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ хаалттай болж байна

Ардчилсан намын ҮЗХ хаалттай хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах юм. Нам, эвслийн бүлгүүд энэ сарын 20-ны дотор мөрийн хөтөлбөрөө батлах учиртай. Мөн өнөөдөр нийслэлийн АН хаалттай хуралдаж, мөрийн хөтөлбөр, сонгуульд эвсэж орох эсэх, намын сонгуулийн салбар хорооны бүрэлдэхүүнийг хэрхэн байгуулах талаар ярилцсан байна. Тэд 2016 оны ИТХ-ын сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргасан аж. Нийслэлийн АН-ын сонгуулийн салбар хороог Хотын дарга Э.Бат-Үүл ахлахаар болж, Ерөнхий менежерээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн АН-ын дарга П.Нүрлээд нар томилогджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Бүү март” нээлтээ хийлээ

“Бүү март” уран сайхны киноны ерөнхий продюсер болон зохиолчоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, яруу найрагч, зохиолч Ж.Мөнхбат ажиллажээ. Кино зураг авалтыг Монгол болон ОХУ-д авсан бөгөөд киноны 30 хувийг компьютер графикаар бүтээсэн төдийгүй Төрийн ордонг 1974 оны үеийнхээр нь мөн л компьютер графикаар бүтээжээ. Уг киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллаж, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, ерөнхий зураачаар Н.Батжаргал, гол дүрд МУСТА Н.Төмөрбат /Ж.Батмөнх/, Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар /Ю.Цэдэнбал/, Б.Билгүүн, О.Анужин нар тоглосон байна. “Бүү март” киноны дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар ажиллажээ. Харин Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайн дүрд МУГЖ Б.Тунгалаг тоглосон байна. А.Даариймаа гуайн хувьд ханийх нь тухай өгүүлсэн түүхэн киноны нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд кино багийнханд талархаж буйгаа илэрхийлсэн. Киноны гол дүр болох Ж.Батмөнх агсны дүрийг амилуулсан Соёлын тэргүүний ажилтан Н.Төмөрбат кино зураг авалт 80 хувьтай байхад зуурдаар таалал төгссөнийг нээлтийн үеэр уран бүтээлчид харуусан ярьж байлаа. Гэсэн ч кононы уран бүтээлчид Н.Төмөрбат агсны сүүлчийн дүрийг хүндэтгэн орлон тоглогч ажиллуулснаар уран бүтээлээ ийнхүү үзэгчдийн хүртээл болголоо.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн мастеруудын УАШТ-д өрсөлдөнө

Чөлөөт бөхийн мастеруудын УАШТ “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 25-нд болно.

Дөрвөн насны ангиллаар болох тус тэмцээнд 35-аас дээш насныхан өрсөлдөнө.

Олимпийн эрх олгох Дэлхийн анхдугаар тэмцээн болсон тэрхүү дэвжээнд 35-аас дээш насныхан залгуулан өрсөлдөхөөрөө онцлог юм.

Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Болд, О.Пүрэвбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Т.Сүхбаатар, ахмадын дэлхийн аварга Х.Цолмонбаатар, мөнгөн медальт Х.Нямдорж тэргүүтэй шилдгүүд оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Categories
мэдээ спорт

Э.Халиунболд ахин нэг түрүү авлаа

Монголын мото спортын тамирчин Э.Халиунболд энэ амралтын өдрүүдэд АНУ-ын Калифорниа мужын Кал сити хотод зохион байгууллагдсан алдарт “Loretta Lynn-2016” олон улсын уралдааны төв/баруун бүсийн финалын уралдаанд оролцон 25А ангилалд тэргүүн байр эзэллээ.

Мөн тус тэмцээний open professional ангилалд шагналт IV байр эзэлсэн амжилт гаргалаа.

Энэхүү уралдаан нь АНУ-д зохиогддог суперкросс уралдааны ДАШТ болон АНУ-ын АШТ-ий дараа эрэблэгддэг дэлхийн хамгийн олон оролцогчтой уралдаан юм Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН, МАХН хоёр эвсэж мандатаа хуваав

УИХ-ын сонгуульд МАН, МАХН-тай эвсэж оролцох эсэхийг МАН-ын Бага хурлаараа хэлэлцсэн. Хоёр намын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаан болон Ч.Хүрэлбаатар нараар ахлуулсан ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гарсан бололтой. Хэрвээ хоёр нам эвсэх тохиолдолд МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод 33.3 км авто замыг шинээр барина

Өнөөдөр Монгол орон даяар Авто зам барилгын ажлыг эхлүүлж, Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймаг болон нийслэлд автозам барилгын ажлын албан ёсны нээлтийг хийлээ.

Улаанбаатар хотын тухайд Хан-Уул дүүргийн Гандийн гудамжны Home plaza төвийн урд талбайд нээлтээ хийж, энэ онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдээ нийт иргэдэд танилцуулав.

Энэ онд Улаанбаатар хотод улсын төсөв, хөгжлийн банк, нийслэлийн төсөв, авто замын сан болон концессоор 33.3 км авто зам 745 у/м гүүр шинээр барьж , 61.3 км авто зам 84 у/м гүүр өргөтгөн шинэчилнэ.

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд хийгдэх ажлууд

АСЕМ-ын 11 дэх уулзалт ирэх долоодугаар сард Улаанбаатарт болно. Үүнтэй холбогдуулан хотын өнгө үзэмжийг нэмэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, зочид, төлөөлөгчид, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс тохижилт, шинэчлэлтийн хэд хэдэн ажлыг хийнэ. Тухайлбал, Яармагийн гүүрнээс Чингис хаан ОУНБ хүртэлх авто зам болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих бөгөөд зургаадугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

  • Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
  • Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
  • Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
  • Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт

2016 онд хэрэгжүүлэх бусад томоохон төсөл арга хэмжээнүүд

2016 онд Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих, Яармагийн шинэ гүүрийг барих, Найрамдал чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Өвөр Гүнтийн 11 км авто зам, Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлсэн 7.36 км авто зам зэрэг томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Засвар арчлалтын чиглэлээр хийгдэх ажлууд

2016 онд нийслэлийн гол гудамж талбайн засвар арчлалтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд замын сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн авто замын 69 гудамжны 17900 м2 талбайд нөхөөс, 23 гудамжинд 143800 урт метр хагарал засварын ажил /гагнаас/ хийнэ. Мөн авто замын тэмдэг тэмдэглэгээг 47 гудамжны 50000 м2 талбайд хийж, 9 байршилд гэрлэн дохио суурилуулж, 6 гүүр хоолой, туннелийг засварлахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай автомашин угаасан иргэдийн судалгаа гаргаж журамлана

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр
нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
холбогдох байгууллагуудад зарим үүрэг даалгаврыг өгсөн байна. Тухайлбал,
Нийслэлд ил задгай авто машин угааж, орчин тойрныг бохирдуулж байгаа
иргэдийн судалгааг гаргаж, журамлах ажлыг зохион байгуулж, нийслэлийн
Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын
газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн
үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үүрэгдсэн аж. Мөн Багахангай дүүргийн
нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг
хориглох, зогсоох ажлуудыг холбогдох газруудад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчний тархалтыг зогсоожээ

Он гарсаар нийт зургаан аймаг,
нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3640
хонь өвчилсний 3006 хонийг устгасан байна. Эрсдэл бүхий нутгийн
өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн
газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний
тархалтыг зогсоогоод байгаа аж.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймаг,
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хонины цэцэг өвчин оношлогдож,
өнөөдрийн байдлаар таван аймаг нийслэлийн 17 сум, дүүрэгт хорио цээрийн
дэглэмтэй байгаа юм.

Хонины цэцэг өвчний эхний цуврал
вакциныг өнгөрөгч гуравдугаар сарын 13-ны өдөр Төв, Говьсүмбэр аймаг,
нийслэл хотод хүргүүлж 374.5 мянган хонь вакцинжуулалтад хамруулан 99
хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж дуусчээ. Дараагийн цуврал вакциныг энэ
сарын 7-9-нд Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймагт
нийт 450,0 мянган тун вакциныг хуваарилан хүргүүлээд байгаа аж.

Цэцэг өвчний вакциныг Биокомбинат
ТӨААТҮГ-т захиалан, бэлтгүүлж байгаа бөгөөд цэцэг өвчнөөс сэргийлэх
дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 51.2 хувьтай үргэлжилж байгааг Хүнс
хөдөө аж ахуйн яамнаас мэдээллэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар хаваржилт хүндэрсэн малчдад хандив өргөжээ

Монгол улсын хэмжээнд өвөлжилт хаваржаа хүндэрсэн. Тиймээс хаваржилт
илүүтэй хүндэрсэн аймгуудын малчдад туслалцаа үзүүлэх ” Сайн үйлсийн нэг
сарын аян”-г Цагдаагийн ерөнхий газраас 2016.03.17-гоос 2016.04.17-ний
хооронд сарын хугацаанд зохион байгуулжээ. Энэхүү аянд цагдаагийн
байгууллагын алба хаагчид идэвхитэй хамрагдаж нийт 1.803.000 төгрөг
бэлэн мөнгөөр, хивэг 64 шуудай, нэмнээ, элгэвч зэрэг шаардлагатай
зүйлсийг цуглуулж чаджээ. Өнөөдөр сайн үйлчийн аянаар цугласан бэлэн
мөнгө болон эд зүйлсийг ЦЕГ-аас Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн
өгчээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.