Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн сүүлээр хүйтэрнэ

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд:

20-нд төв, зүүн зүгийн нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай, хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-22-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 23-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 20-нд төв, зүүн зүгийн нутгаар, 21-нд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл, 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 21-22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газар өмчлүүлэх цахим бүртгэл эхэллээ

Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/ зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг өмчлүүлэх юм.

Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө. Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна.

Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн банк: Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд оны хоёрдугаар хагаст ажиглагдана

Дэлхийн банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймоо өчигдөр танилцууллаа. Тус банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видеогоор товч мэдээлэл хийсэн юм.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тавны хоёрыг нь бүрдүүлсэн гэж Дэлхийн банк онцоллоо. Энэ нь бусад хөгжиж байгаа бүс нутгуудын үзүүлсэн нийт нөлөөллөөс бараг хоёр гаруй дахин их үзүүлэлт гэнэ. Тэд Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг харьцангуй тогтвортой байгаа хэмээн үнэлжээ. 2018 он хүртэл өсөлт ялимгүй саарна гэж таамагласнаа хуваалцав. Дэлхийн банкны үзэж байгаагаар өнгөрсөн жил 6.5 хувь байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жил 6.3 хувь руу уруудах нь. Хятадын эдийн засаг алгуур, илүү тогтвортой өсөлт рүү шилжиж байгаа учраас тэр гэнэ. Түрүү жил өсөлт нь 6.9 хувиар хэмжигдэж байсан урд хөршийн эдийн засаг энэ жил 6.7, ирэх онд 6.5 болж саарах таамаг гарчээ. Өндөр орлоготой улсуудад эдийн засаг төдийлөн сэргэхгүй, капиталын урсгал гадагшилсан хэвээр байгаа аж. Түүхий эдийн ханшийн нөлөөллөөс гадна Америкийн бодлогын хүүгийн өөрчлөлт нэлээд бэрхшээл бий болгож байгаа гэж ноён Судир Шетти онцлов.

Хятадыг хасч тооцвол хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт түрүү жилээс яльгүй өсөлттэй байх бололтой. Ноднин 4.7 хувьтай байсан бол өнөө жил 4.8, ирэх хоёр жилд 4.9 рүү өгсөх таамаг байна. Гэхдээ Хятадтай худалдаа, санхүү, зээлийн ямар харилцаатай, түүхий эдийн экспортын хэр хамааралтайгаас шалтгаалаад улс бүрд адилгүй нөхцөл үүсэх бололтой. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгуудаас Филлипин, Вьетнамын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байх нь. Энэ онд гэхэд л аль аль нь зургаан хувь давсан өсөлттэй байх төлөв ажиглагджээ. Индонези ч дажгүй байна гэж Дэлхийн банк харж. Харин Ардчилсан Лаос, Монгол, Папуа, Шинэ Гвиней зэрэг жижиг эдийн засагтай улсуудын тухайд түүхий эдийн үнийн уналт, гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна гэсэн гутранги таамаг гарчээ.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти “Өндөр орлоготой орнуудын эдийн засаг төсөөлснөөс удаанаар сэргэж, Хятадын эдийн засгийн идэвхжил хүлээгдэж байснаас илүү хурдтай суларч буй нь хөгжиж буй Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эрсдлийг нэмж байна. Бодлого боловсруулагчдын хувьд макро эдийн засгийн бодлогын орон зай хязгаарлагдмал байна. Энэ бүс нутгийн орнууд эрсдэлийг бууруулахуйц төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүтээмжийг нэмж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай” гэж зөвлөлөө.

Олон улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүүгээр саарах төлөв ажиглагдаж байгаа нь манайх шиг түүхий эдийн экспортоос хамааралтай улсуудад өндөр эрсдэл үүсгэнэ гэж Дэлхийн банкныхан анхааруулж байв. Хятад улсын тухайд зээл олголтоо зах зээлийн зарчимд илүү нийцүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж давамгайлсан салбаруудыг алгуураар нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэх зэрэг зөвлөгөөг Дэлхийн банкнаас өгч байна. Тус банк энэ бүсийн ихэнх орнуудад гадаад эрсдлийн эсрэг төсвийн сахилга батаа сайжруулбал эерэг нөхцөл үүснэ хэмээн сануулжээ.

Сингапураас мэдээлэл хийсэн Дэлхийн банкны ахлах эдийн засагчийн олон улсын сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.

-Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн эрсдэлтэйг нь онцлооч гэвэл…?

-Энэ бүс глобал амаргүй орчинд харьцангуй гайгүй явж өнөөдрийг хүрлээ. Мэдээж улс бүр адилгүй. Түүхий эдийн экспортоос хамааралтай улсууд илүү хэцүү нөхцөлд байх болно. Учир нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсөх төлөв ойрын хоёр, гурван жилдээ харагдахгүй байна. Бүгдэд нь хамаатай нэг асуудал бий. Бүх л улс савлагаатай байгаа.

-Хятадын эдийн засагт сүүлийн хоёр гурван сарын хугацаанд эерэг хандлагууд ажиглагдах болсон. Энэ хандлага түр зуурынх уу, эсвэл цаашид үргэлжлэх төлөв үү?

-Хятадын хувьд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйлсийг шууд сэргэлт гэж хэлэх аргагүй. Гуравдугаар сард капиталын гадагшаа урсах урсгал багассан, ханш өссөн гэх мэт давуу талууд бий. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт аядуу байдлаар удааширна гэдэг л зөв хүлээлт. Хятад улс үйлдвэржилтээс үйлчилгээ рүү илүү анхаарч эхэлсэн.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй гэсэн яриа, таамаг бий. Ийм шийдвэр гарвал бусад улсад үзүүлэх үр нөлөө нь ямар байх бол?

-Холбооны нөөцийн банкны шийдвэрийг хэт үүрэг рольтой мэтээр харах хэрэггүй гэж бодож байна. Бодлогын хүүгээ өсгөлөө гэхэд бусад улсуудад үзүүлэх нөлөө нь хүмүүсийн хүлээж таамаглаж байгаа шиг өндөр байхгүй болов уу.

-Хятадын эрэлт өөрчлөгдөж байгаа нь аль улсад илүү нөлөөлөх бол?

-Улс орнуудын тухайд Хятадтай хамгийн уялдаатай салбар гэвэл худалдаа. Индонези, Монгол гэх мэт түүхий эд экспортлогч улсад шууд нөлөөллөө үзүүлэхээр байна. Мөн хятадууд ихээр аялдаг улсуудын аялал жуулчлалын салбарт бууралт гарах болов уу.

-Энэ он сонгуулийн жил учраас төсвийн тодотгол хийж таарах байх. Тэр хэрээр төсөв тэлэх болов уу. Эдийн засаг дэлхий даяараа хэцүүдсэн энэ үед Монголын төсвийн бодлогод ямар зөвлөмж өгөх вэ?

-Сонгуулийн жилд төсвийн зарцуулалт их хийгддэг тал анзаарагддаг. Түүхий эдийн үнийн уналтаас болж төсөв хүндэрсэн энэ үед төсвийн тэлэх бодлого явуулж болохгүй. Зарцуулалт бүрээ нарийн хянах ёстой. Гадаад орчин амаргүй байгаа ч дотооддоо зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж хүндрэлийг хохирол багатай давна.

-Эдийн засаг ийм цагт Монгол шиг онцлогтой улсууд гадаадаас хөрөнгө босгох нь хэр зөв шийдэл вэ?

-Олон улсын зах зээл рүү хандах тааламжтай үе гэж харахгүй байна.

Дэлхийн банкны эдийн засгийн тайлангийн хуралд Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли, эдийн засагч Ш. Алтанцэцэг, Даваадалай нар оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн тэднээс асуусан асуултыг хариулттай нь тоймлоё.

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа нь эдийн засгийг аварна гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлт дээр байр сууриа хэлээч?

-Оюу толгойн хувьд багагүй хөрөнгө оруулалт хийнэ. Монголын эдийн засгийн өмнөх том сэргэлт түүхий эдийн үнийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаатай. Тэр утгаараа Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлнэ.

-Ийм цагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой вэ?

-Ганц Монгол ч биш бүс нутгийн хэмжээнд анхаарахаар нийтлэг асуудлууд байна. Эдийн засгийнхаа бүтэц, засаглал дээр анхаарах хэрэгтэй. Ингэж байж эерэг нөлөө гарна. Ганцхан гадаадын хөрөнгө оруулагчид л бодлогын тогтвортой байдлыг хүсээд байгаа юм биш. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч бодлогын тогтвортой орчныг хүсч байгаа. Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл макро эдийн засгийн бодлогоо тогтвортой байлгах учиртай.

-Ирэх оноос “Чингис” бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Саяхан гаднаас багагүй хэмжээний мөнгийг бонд гаргаж босголоо. Монголын өрийн асуудал дээр хэлэхээр зөвлөмж байна уу?

-Өр бол төсвийн бодлогын үр дагавар. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол маш сайн хууль. Гэвч хэрэгжилтэнд нь анхаарахгүй байна. Энэ хуулийг мөрдөж сахиулах хэрэгтэй. Өрийн тухайд Засгийн газрын өмнөөс ярихад хэцүү. Засгийн газрын саяхан гаднаас босгосон мөнгөний нэг хэсэг нь “Чингис” бондын эргэн төлөлтөд зарцуулагдах байх. Төсвийн ирэх хоёр жилийн орлогоос лав бондын эргэн төлөлтийг хийх боломжгүй. Хэрвээ хийнэ гэвэл төсвийн дийлэнх хэсэг нь бондод зарцуулагдаж таарна. Засгийн газар эргэн төлөлтдөө анхааръя гэвэл одооноос хөрөнгө санхүүгээ бэлдэх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын Засгийн газруудын тухайд өр зээлийн төлөлтөө хойшлуулдаг, дахин санхүүжилт хийдэг жишиг бий. Монгол ч тэгэх болов уу. Ер нь бол төсвийн бодлого зөв байж л асуудал эерэгээр шийдэгдэнэ. Засгийн газар бодлогын хувьд нэлээд анхаарч, зөв алхмууд хийж байгаа. Удахгүй сонгууль болно. Сонгуулиар гарч ирсэн нам энэ засгийн зөв явуулж байгаа бодлогыг алдахгүй үргэлжлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Монголын эдийн засгийн өсөлт энэ онд ямаршуу байх төлөв ажиглагдав?

-Өмнөх оны арваннэгдүгээр сард гаргасан таамаг энэ жилийн хувьд хэвээр хадгалагдана гэж үзлээ. Монголын эдийн засаг 0.7-0.8 хувиар өсөх болов уу. Өнгөрсөн зургаан сарыг аваад үзвэл эдийн засгийн гадаад орчин огцом өөрчлөгдөөгүй. Ирэх зургаа, долдугаар сар хүртэл өөрчлөгдөхгүй болов уу. Оны хоёрдугаар хагаст Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд ажиглагдах байх.

Categories
мэдээ цаг-үе

Шүдний өвчлөл хорт хавдрын нэг үүсгэгч болдог

Нэг л унасан, өвчилсөн бол насан туршдаа нөхөн сэргээгддэггүй эрхтний нэг нь шүд юм. Тиймээс шүдэндээ маш гамтай байх хэрэгтэй. Монгол Улсад сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл эрс нэмэгдэж, чимээгүй тахлын хэмжээнд хүрээд байгааг гадна дотнын эмч нар, судалгааны ажлууд харуулж байна. Тэр дундаа бага насны хүүхдийн дундах шүдний цоорол, өвчин чимээгүй тахлын хэмжээнд хүрчээ. 2014 онд хийсэн судалгааны дүнгээс харахад 3-5 настай хүүхдүүдийн дунд 79 хувь, 6-8 настнуудын дунд 85 хувь,12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байжээ.

Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга, түшилцэх гадарга, хацар талын гадарга, төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга, хэлэн талын хонхор гэсэн байрлалуудад үүснэ.

Халуун, хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд ажиглагддаг байна. Ямар нэг шалтгаангүйгээр шүд тань өвдөөд байвал цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед голдуу шөнийн цагаар өвддөг. Мөн халуун хүйтэн ундаа, хоол унд идэж уухад янгинаж өвдөнө. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална.

Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

∙шүд цоорох өвчин

∙шүдний зөөлцийн үрэвсэл

∙шүдний холбоос эдийн үрэвсэл

∙ясны хальсны үрэвсэл

∙буглаа, нэвчээс, эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүдний цоорлыг гүнээр нь:

Толбон цоорол-Энэ нь өвчтөнд зовиургүй, зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

Өнгөц цоорол – Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлт мэдрэгддэггүй. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

-Дунд цоорол-Дунд цоорол нь хурц болон архаг хэлбэрээр явагдана.

1. Хурц үед нь халуун хүйтэн, исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн, цагаан өнгөтэй байна.

2. Архаг үед өвчтөнд зовиургүй, тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

Гүн цоорол- Энэ үед шүд халуун хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд, мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон, цоорлын том хөндийтэй байна. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1.Тухайн хүний бие дэх кальци , фтор гэх мэт эрдсүүд аль нэг шалтгааны улмаас алдагдах. Тухайлбал, тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдсаны улмаас, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болдог.

2. Шүдний өнгөр, дутуу арчилгаа. Амны хөндийн ариун цэврийг муу сахисны улмаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил, хорт бүтээгдэхүүн үүсгэнэ. Үүссэн хүчил, хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

3. Шүлс түүний найрлага, хэмжээ-Амны хөндийн орчин буюу шүлс хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихэсч, эрдсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг.

4. Хооллолт , буруу дадал зуршил

Шүдний өвчлөл хүүхдийн биеийн хөгжил төдийгүй оюуны чадамжид муугаар нөлөөлдөг

Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54, уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 68 хувь нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Эдгээр эмгэг үүсэх магадлал нь өвчилсөн шүдний тоотой шууд хамааралтайгаар өсдөг аж. Түүнчлэн хүүхдийн өсөлт шүдний цоорол, өвчлөлөөс хамааралтайг АНУ, Японы эрдэмтэд баталжээ. Жишээлбэл зургаагаас дээш шүд нь цоорсон хүүхэд үеийнхнээсээ дунджаар хоёр кг-аар бага жинтэй байдаг аж. Учир нь нэг шүд хорхойтсон юм уу буйл нь үрэвссэн байвал зажлах чадвар буурдаг. Мөн шүдний цоорол их байх тусам сэтгэн бодох, оюуны чадамж мууддаг аж. Энэ нь зажлах үйл явц нь тархины эсийг сэргээдэг гэж үздэгтэй холбоотой юм. Иймээс хүүхдээ бүр нярай үеэс нь шүдийг нь арчилж байх нь чухал юм.

Хэрвээ та шүдээ хайрладаг бол эдгээр зөвлөмжийг дагаарай

Халуун, хүйтэн хосолсон хоол хүнсэнд шүдний паалан цочирдог. Ингэж гэмтээхгүйн тулд шоколад, кофе, зайрмагнаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр.

1.Кальци ихтэй бүтээгдэхүүн хэрэглэ

Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Иймд өдөр тутмын хүнсэндээ фтор кальци ихээр агуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэж занших хэрэгтэй. Тэр дундаа аарц, хатуу ааруулыг цайнд дэвтээгээд шүүсийг нь уух нь бэлэн кальцитай дүйцэхүйц их хэмжээний кальцийг өгдөг байна. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

2.Зажил бас дахин зажил

Хоолыг сайн зажилж буталж идэх нь хоолны шингэлт, цадахад дэмтэйгээс гадны шүдний бэхжилт, зөв ургалтад хамгийн чухал үүрэгтэй. Хүүхдийг ой хүрэнгүүт өөрөө хоолоо идэхэд сургах бөгөөд томрох тусам хоолыг нь бага багаар бүхэл болгох хэрэгтэй. Монголчууд эртнээс хүүхдүүддээ хатуу ааруул, бяслаг, ээзгий идүүлж шүдийг нь бэхжүүлдэг байсан ч сүүлийн жилүүдэд төв, суурин газар эл зуршил алдагдаад байна. Харин үүний оронд багаас нь чихэр жимс, хийжүүлсэн ундаа ихээр хэрэглүүлэх болсноор хүүхдийн шүдний өвчлөл ийнхүү гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Хоолыг сайн зажилж буталж идээгүйн улмаас цаашлаад эрүү нүүрний гажиг үүсдэг байна.

3.Шүдээ тогтмол арчил

Эцэг эхчүүдийн дунд нярай болон бага насны хүүхдийн шүдийг арчилдаггүй, сүүн шүд юм чинь солигдчихно гэж тоохгүй орхидог буруу ойлголт, зуршил ажиглагддаг. Гэтэл хүүхдийн сүүн шүд нь жинхэнэ шүд ургах суурь болдог. Сүүн шүд нь буруу ургалттай, цооролтой байсан бол жинхэнэ шүд нь ч тэр хэв маягаар буруу ургадаг байна. Хүүхдийг нярай үед нь марльтай хөвөн, зориулалтын хэлний өнгөр цэвэрлэгчээр амыг нь цэвэрлэж шүд нь ургаж эхэлсэн үеэс зориулалтын ам цэвэрлэгч юм уу цэвэр усаар байнга цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хоёроос дээш настай хүүхдийн шүдийг өдөрт хоёр удаа зориулалтын фтортой оогоор угаана. Фторын хэмжээ нь 500ppm байна. Мөн чихэрлэг зүйлс хэрэглэсний дараа ус уух, амаа угаах, зайлах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Шүдний завсар орсон мах хоолны үлдэгдлийг тухай бүрд авч байх нь чухал. Хүмүүс ихэвчлэн өглөөний цайны өмнө шүдээ угаадаг. Тэгвэл хоол хүнс хэрэглэсний ард буюу өглөөний цайныхаа дараа шүдээ угаах нь илүү зөв сонголт юм.

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оонд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтэхээс сэргийлдэг сонгодог арга юм. Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

4.Зургаан сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх

Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч, мэргэжлийн эмчид үзүүлэхэд дунд эсвэл гүн цоорсон байдаг. Учир нь шүдний паалан хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир, дотроо хөндий үүсэн цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтрэн унаж, цоорсон хөндий ил болдог байна. Энэ цоорол нь аль эрт эхэлсэн байдаг учраас зургаан сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.

5.Нэмэлтээр кальци хэрэглэх

Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3-витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй. Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3-витамин хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Хүний эрүү, нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдан гоо сайхны дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Иймд шүдийг аль болох авахуулахгүй, эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй.

Шүдний эмчилгээнд дэвшилтэт технологиудыг ашиглаж эхэллээ

Шүдний эмчид очих дуртай хүн гэж үгүй бизээ. Харин өнөө цагт шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд шүд эмчлэх арга улам бүр боловсронгуй, амар болсоор байна. Тухайлбал, Японы Казуэ Ямагиши нарын эрдэмтдийн шинэ синтетик материалаар бүтээсэн шүдний оо шүдийг нөхөн төлжүүлдэг аж. Энэхүү оо нь анхан шатны цоорлыг өрөмдөлгүйгээр нөхөж чадах юм. Химийн найрлагын хувьд шүдний паалантай ижил, сайжруулсан гидроксилапатитын талстаас бүтжээ.

Тэгвэл Их Британийн эрдэмтэд цахилгаан энергийн тусламжтайгаар шүдийг дахин эрдэсжүүлэх эмчилгээг амжилттай туршиж байгаа аж. “Реминова” фирмийн нэвтрүүлж буй энэхү технологи нь богино давтамжийн цахилгаан гүйдлийн тусламжтайгаар эрдсийн ионуудыг шүдний цоорлын гүнд нэвчүүлэн дахин эрдэсжүүлдэг аж. Энэ үйл ажиллагааг тусгай зориулалтын төхөөрөмжөөр гүйцэтгэх юм байна. Үүнийг хийлгэснээр хүний шүд яг өмнөх шигээ бүрэн бүтэн болох гэнэ.

АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачид ясны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах шинэ нано технологийг хөгжүүлж байгаа аж. Энэхүү технологиор шүдийг дахин ургуулах боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чинзориг: Хайр дурлал секстэй холбоотой, ичгүүр сонжуургүй асуудал биш

“Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар”, “Амьдралд тавтай морил”, “Кино шиг амьдрал” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдсан жүжигчин Б.Чинзоригтой ярилцлаа.

-“Lovers” кинонд тоглох саналыг анх хэн тавьсан бэ?

-Анх найруулагч Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг хоёр ах маань гол дүрийн санал тавьсан. Надад санал тавих үед киноны проб аль хэдийнэ дуусчихсан байсан юм билээ. Ер нь гоо зүйн мэдрэмж өндөртэй, эротик драмын кино гэж анх надад танилцуулж байсан. Секс сценүүд нэг хоёроор тогтохгүй. Гэхдээ бохир, үзэгч үзээд эвгүй сэдэл өгөхөөр биш. Ер нь тэгээд сексийн асуудлыг гоо зүйн, зөв талаас нь олж харах өнцгөөс хийх болно. Энэ тал дээр санаа зоволтгүй гэж хэлж байсан юм.

-Таны хувьд киноны саналыг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Ж.Сэнгэдорж найруулагч бид хоёрын анхны хамтарч ажилласан уран бүтээл. “Lovers” кинонд хамт ажилласнаар хэн хэнийгээ таньж авсан болов уу гэж бодож байна. Зохиолоо уншаад яагаад ийм төрлийн кино Монголд байж болохгүй гэж, бас би яагаад үзээд алдаж болохгүй гэж бодоод тоглосон. Ж. Сэнгэдорж найруулагчийн аливаа бүтээлд уран бүтээлч талаас ханддаг хандлага нь таалагддаг. Энэ зан чанар нь кинонд тоглоход их түлхэц болсон гэж хэлж болно. Зохиолын хувьд их хөнгөхөн. Хоёр хүний хайр сэтгэлийн холбоог харуулсан кино юм.

-Эмэгтэй гол дүрийн жүжигчинтэйгээ хэрхэн гар нийлж ажиллаж байсан бэ?

-Найруулагчийн шийдлээр явж байгаа учраас сайн, муу байсныг дүгнэж ярьж болохгүй. Өмнө нь Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр номын дуу сонссон болохоор өөр мэргэжлийн хүнтэй хамтран тоглосноос илүү хялбар байсан.

-Гол дүрийн жүжигчний хувьд үзэгчдийн хандлага ямар байна гэж бодож байв?

-Миний хувьд үзэгчдийн саналыг сайн анзаарсангүй. Энэ талын асуудлыг “Prime pictures”-ийн хамт олон сайн мэдэж байгаа байх.

-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл гарч байсан уу?

– Нэг их сүрхий хүнд үе байсангүй. Уран бүтээлч хүн энэ нь хүнд байлаа, ийм байна тийм байна гээд шалтаг тоочоод байх зохисгүй байх. Мэдээж хүндрэлтэй зүйл байлгүй яахав. Ямар ч уран бүтээлд аз сорьсон, тэвчээр шалгасан үед байдаг. Тэр болгоныг чадварлаг хамт олонтой хамтран ажилласан учраас даваад гарсан.

-Өөрийнхөө бүтээсэн дүрийн талаар манай уншигчдад танилцуулбал?

-Одоогийн нийгмийн бизнесмэн залуусын төлөөлөл болсон Гарьд гэж залуу байгаа юм. Хүмүүжил, боловсрол нийгэмд биеэ авч явж буй байдал зэргээрээ манлайлдаг залуус манай Монголд их болжээ. Тэр залуусын төлөөлөл гэж би харсан. Ийм талаас нь ч харуулахыг зорьж тоглосон.

-Энэ киногоор үзэгчдэдээ ямар мессэж өгөхийг зорьсон бэ?

-Сүүлийн үед экшин, өшөө авалт, хорсол тээсэн утга агуулгатай кинонууд их гарч байна. “Prime pictures” Ж.Сэнгэдорж найруулагч нар “Нийгэм өөрөө бухимдалтай байж болно, өнөөгийн байгаа байдлыг хөндөж уран бүтээл хийж болно. Гэхдээ яагаад бид нэг ч гэсэн гэгээлэг киног хийж болохгүй гэж. Тэр тусмаа гэгээлэг зүйлийг эр эмийн сексийн амьдралаар төлөөлүүлж болохгүй гэж” хэмээн ярилцсан. Хайр дурлал гэдэг өөрөө сексийн амьдралтай холбоотой байдаг. Нийгэмд ичгүүр сонжуургүй асуудал биш байх гэж бодож байна.

-Насанд хүрэгчдэд зориулсан киноны санал хүлээн авахад гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ?

– Би өнөөдөр л энэ кинонд тоглочихсон болохоос хэзээ нэгэн өдөр тоглох л байсан. Тэгэхээр өнөөдөр тоглох ирээдүйд тоглох хоёрын хооронд ялгаа байхгүй байх гэж бодож байна. Манай эхнэр ч гэсэн өмнө нь ийм төрлийн кинонд тоглож байсан. Ийм төрлийн кино яаж бүтдэгийг, уран бүтээлч хүн тэндээс яаж хөглөгдөж суралцдаг вэ гэдгийг мэддэг учраас энэ кинонд тоглохыг дэмжиж байсан. Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Эхнэр маань миний дүр дээр хүртэл ажиллаж өгч байсан.

-Одоогийн байдлаар ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор хоёр, гурван киноны санал ирчихсэн байгаа. Яг алинд нь ажиллахаа хараахан шийдээгүй байна.

– Та хэдэн онд мэргэжлийн сургуулиа төгссөн бэ?

-Би 2006 онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Уг нь 2010 онд төгсөж байх ёстой байсан юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө тэр үеийн Захиалгат инээд хамтлагт сайн дурын уран сайханч хийдэг байсан. (инээв) Би ер нь багаасаа урлагт их хайртай байлаа. Тэр үедээ “DOZ entertain­ment”, (X tvts production)-д ажилладаг байсан. Уран бүтээлч хүн бүгдийг тэгээс нь эхэлдэг шиг л адилхан эхэлсэн. Одоо ч гэсэн эхнээсээ эхлээд суралцаж байгаа залуусыг харахаар миний багын дурсамж санагддаг. Ингээд гурван жил сайн дурын уран сайханчаар ажилласан. 2008 онд Соёл урлагийн их сургуульд элсээд 2012 онд төгссөн.

-Кино урлагийн салбартай амьдралаа холбосноос хойш хичнээн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бэ?

-Гол, туслах гэлтгүй зөндөө байгаа. Одоохондоо тодорхой тоог хэлж мэдэхгүй байна. Заримдаа телевизээр өөрийгөө хараад би нээрээ ийм зүйл дээр ажиллаж байсан бил үү ч гэх тохиолдол байдаг шүү.

-Гэр бүлийнхээ хүнтэй хамтарч уран бүтээл хийх бодол байгаа юу?

-Мэдээж байлгүй яахав. Бид хоёрт хамтдаа тоглох киноны санал их ирдэг. Гэхдээ бидэнд зөв өнцгийг харуулсан сайхан уран бүтээлд хамтдаа ажиллах юмсан гэсэн бодол байдаг. Ирж байгаа киноны саналууд ямар нэг талаараа бидний бодож буйгаас өөр байдаг болохоор ирсэн саналуудыг буцаах тохиолдол байдаг.

-“Улаан пальто” кинонд жүжигчин Долгортой хамт ажилласан гэж сонссон?

-Тийм. Миний эхнэр, охин хоёр хоёулаа гол дүрийг бүтээсэн. Зохиолч Б.Шүүдэрцэцэг эгч надад санал тавьсан юм. Эхнэр охин хоёр чинь гол дүрүүдэд тоглож байгаа учраас чи найруулагчаар нь ажиллаад үзвэл ямар вэ гэж надад маш их итгэл хүлээлгэсэн. Түүний дагуу “Улаан пальто” кинонд гэр бүлээрээ хамтдаа ажилласан. Түүнээс кинонд хамтдаа дүр бүтээгээгүй.

-Ер нь уран бүтээлч хүн юугаар хөглөгдөж урам авдаг юм бол оо?

-Урлагийн салбарт төрийн зохицуулалт дэмжлэг гэж байдаггүй. Тийм болохоор үзэгчдийнхээ урмаар л бид тэтгэгдэж байдаг. Та бүхэн минь дэмждэг болохоор л бид чинь уран бүтээлээ цааш хийх урам авдаг шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нүүрсчдийн нам, Шороочдын намын нүдэлдээн дундаас мордсон юмсан даа” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ч.Улааны “Эвсэл хэр сайн ажиллахаас алсдаа хоёр нам нэгдэх түүхэн үйл явдал хамаарна” ярилцлага хэвлэгдэн гарлаа. Тэрбээр “Улс оронд бий болсон нөхцөл байдалд нухацтай дүгнэлт хийгээд хоёр тал тус, тусдаа мөрийн хөтөлбөрийнхөө анхны саналуудыг боловсруулсан байгаа. Энэ саналуудаа нэгтгээд Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг гаргах нь зүйтэй юм гэж тохиролцсон” хэмээн ярьжээ. Түүний ярилцлагыг I, II, V нүүрнээс уншаарай. Мөн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар тодруулсан тодруулгыг өнөөдрийн дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт “Нүүрсчдийн нам, Шороочдын намын нүдэлдээн дундаас мордсон юмсан даа” нийтлэлийг хэвлэлээ.

Харин Баримт, үйл явдлын нүүрт “АН-ын сонгууль угтсан ТҮЦ ажиллагаа” сурвалжлага багтлаа. Уг сурвалжлагаар нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж Өмчийн харилцааны газрын албандаа үүрэг өгч ТҮЦ-үүдийг буулгах болсон тухай мэдээлжээ.

Мөн сэтгүүлч Н.Гантулгын “Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг Өмнөд Монголын тэмдэглэл” өнөөдрийн дугаарт хэвлэгдэн гарлаа. Тэрээр Өмнөд Монголын нутаг Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунаа аяны дөрөө мултлаад ирсэн билээ. Түүний аян замын нийтлэлийг 12 дугаар нүүрнээс уншаарай. Түүнчлэн эрүүл мэндийн нүүрт нүдний эрүүл ахуйн талаар зөвлөсөн юм. Нүдний даралт ихсэх өвчний талаар болон нүдээ хэрхэн хамгаалах тухай мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Харин утга зохиолын нүүрэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Талын цэцгэн дөрвөлж дээр” өгүүлэл нийтлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирэх онд монголчууд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөнө гэв

МУИС-ийн
эрдэмтэн, судлаачид ирэх
онд сансарт өөрсдийн анхны хиймэл дагуулаа хөөргөх тухай мэдээлэл хийв. Ухаалаг хиймэл
дагуулыг бүтээж, хөөргөх зардалд 225 мянган долларын санхүүжилт шаардлагатай
байгаа аж. Ингэхдээ 50 мянган
долларыг нь олон нийтийн хандив, дэмжлэгээр цуглуулахаар болжээ.

Япон улсад сурч байгаа монгол оюутнууд хааш
хаашаа 10 см хэмжээтэй, 1 литрийн эзлэхүүнтэй бичил хиймэл дагуулыг бүтээж,
сансарт хөөргөхөөр төлөвлөжээ. 400 км өндрөөс 100 м нарийвчлалтай зураг авах,
агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох гээд олон мэдээллийг тэдний бүтээсэн
бяцхан хиймэл дагуул илгээх юм байна.

“NAMSUT 1 U” нэртэй хиймэл дагуулыг
бүтээх зардлыг задлаад үзвэл газрын станц байгуулах 125 мянган долларыг Засгийн
газар, харин үлдсэн 100 мянган долларын тал хувийг нь МУИС гаргана.
Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа 50 мянган долларыг олон нийтийн хандиваар босгохоор
болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Ядуугийн зовлон-2” энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гаригт бүх кино театруудаар гарч эхэлнэ. Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.

“Ядуугийн зовлон-1” УСК одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл болж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч улсын байцаагчаас сэрэмжлүүлэв

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг хууль бусаар ашиглан, өөрийгөө улсын байцаагч гэж танилцуулан иргэд, аж ахуйн нэгжийг залилан мөнгө авсан хэрэг удаа дараа гарсаар байна. Аж ахуйн нэгж, иргэдийн гомдлоор илэрсэн уг хэргийн талаар Цагдаагийн хэлтэст хандаад байгаа билээ. Харин МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгжид энэ мэт төрийн хяналтын байгууллагын нэр барьж, залилан хийж яваа гэмт этгээдүүдийн арга мэхэнд өртөхгүйн тулд доорхи сэрэмжлүүлгийг хүргэж байна Үүнд:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа заавал урьдчилан мэдэгддэг гэдгийг сана.

2. Аж ахуй нэгж байгууллагад торгууль шийтгэврийг тавихдаа Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч гар дээрээ бэлэн мөнгөөр торгууль шийтгэвэр авдаггүй. Харин мөнгө тушаасан баримтыг нь тухайн албан байгууллагаас аваад шийтгэврээ бичээд нэг хувийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэж өгдөг.

Иймээс мэргэжлийн хяналтын нэрийг барьж мөнгө нэхэж байгаа асуудлууд гарч, хувийн дансны дугаар өгвөл үйл явдлыг баталгаажуулж, МХЕГ-ын 1800-1286, 264786, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд яаралтай холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албанаас мэд

Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын дотоод асуудал шийдэгдлээ

Хөдөлмөрийн үндэсний намын хамтарсан Төв хорооны хурал өнөөдөр
хуралдаж, 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар Монгол Улсын Дээд
шүүхэд бүртгэлтэй байгаа С.Боргилыг хэвээр үлдээж, баталгаажууллаа.

ХҮН-ын залуучууд нэгдмэл байр сууринд хүрч, олон мянган гишүүн дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй эрч хүчтэй ажиллахаар боллоо.

Намын Төв хорооны хурлын шийдвэрийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн байна.